Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2023/03088

 

 

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  НУЭ ХХК(рд:)-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ОЭӨ ХХК(рд:)-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 4,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.*******, хариуцагчийн төлөөлөгч Д.*******, нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч НУЭ ХХК нь хариуцагч ОЭӨ ХХК-д холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 4,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Манай компани архи, дарс, коняк, виски, брэнди, ликор зэрэг согтууруулах ундааг импортоор Монгол Улсын зах зээлд борлуулах үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Харилцагч компани нь Баянзүрх дүүргийн 00 дүгээр гудамж, Намянжүгийн гудамж, ******* байрны 0 дүгээр давхрын Э мини дэлгүүрийг ажиллуулдаг бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр манай компанитай Зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулан бүтээгдэхүүн худалдан авсан. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2.2-т зээлийн дээд хэмжээг 5,000,000 төгрөг байх бөгөөд хариуцагч нь төлбөрийг сар бүрийн 30-ны өдөр бэлнээр болон дансаар төлөх үүргийг хүлээсэн. Хариуцагч нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 4,019,000 төгрөгийн бүтээгдэхүүн худалдан аваад төлбөрөө гэрээний дагуу төлөх үүргээ биелүүлээгүй.Худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрөө 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөх хүсэлтийг 9 дүгээр сарын 20-ны өдөр гаргасныг хүлээн авч түүнд төлбөр төлөх боломжийг олгосон боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ гүйцэтгээгүй байна. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 6.6.-д гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд хариуцагчаас алданги 1,650,000 төгрөгийг үндсэн төлбөрийн хамт гаргуулах хүсэлтэй байна. Алдангийн хэмжээг ИРгэний хуулийн 232 дугаар зүйлийн232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож гаргалаа.Иймд хариуцагч ОЭӨ ХХК-иас худалдан авсан барааны бүтээгдэхүүний төлбөр 3,300,000 төгрөг, алданги 1,650,000 төгрөг нийт 4,950,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч ОЭӨ ХХК-ийн төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.******* миний бие ОЭӨ ХХК-ийн захирлын албан тушаал хашдаг. Манай компани 2018 онд байгуулагдсанаас хойш тухайн компанитай зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу бараа худалдан авч борлуулсаар ирсэн. Үйл ажиллагаа явуулж байсан байршил ковид 19 цар тахлын давагдашгүй нөлөөгөөр удаан хугацаанд доголдол үүсэж орлого ашиг муудан хүнд байдалд орсон. Үүнтэй зэрэгцээд манай Эрдэнэ супермаркетын талбай түрээслэгч солигдсон түрээсийн төлбөрийг даруй 50 хувь нэмсээр бидэнд түрээслэхээр хүндрэлтэй ямар ч ашиггүй болсноор талбайг чөлөөлж өгч 2с ар гаран хугацаанд өөр түрээсийн объектыг ажилгүй орлогогүй байснаас үүдэн хэд хэдэн харилцагч компанитай санхүүгийн хувьд өглөг авлагын асуудал үүссэн. Ингээд ажилгүй явсаар 2022 оны 10 дугаар сараас өөр объект гэрээ хийж түрээслэн ажиллуулж байгаа боловч дээр дурдсан нөхцөл байдлуудаас үүссэн компаниудад өгөх өр төлбөр болон банкны зээл ББСБ зээл зэрэг хуримтлагдсан өрийн дарамтад орсон хүнд хэцүү асуудлаасаа дорвитой ангижирч чадахгүй өнөөг хүрсэн.Иймд хэцүү байдалд байгааг харалзан үзэж НУЭ ХХК-д төлөх ёстой үнсдэн төлбөр болох 3,300,000 төгрөгийг төлнө, алданги 1,650,000 төгрөгийг төлөх боломжгүй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3.Нэхэмжлэгчээс шүүхэд:улсын бүртгэлийн гэрчилгээ(хх4),итгэмжлэл(хх5), 2020.06.10-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ(хх6-9), тооцооны үлдэгдлийн баталгаа(хх15), авлагын түүх(хх16-18), Д.*******ын хүсэлт(хх19) зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас шүүхэд: ОЭӨ ХХК-ийн дүрэм(хх28-31),хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ(хх32) зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

5. Нэхэмжлэгч НУЭ ХХК нь хариуцагч ОЭӨ ХХК-д холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 4,950,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч ОЭӨ ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 3,300,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги 1,650,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

4.Зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдсон.

5.Зохигчид харилцан тохиролцож 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, 5,000,000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг ОЭӨ ХХК нь зээлээр худалдан авч, төлбөрийг сар бүрийн 30-ны өдөр бэлнээр болон дансаар НУЭ ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсоноос үзэхэд талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.

5.1. Дээрх  гэрээнд   хуулийн этгээдийн хэн аль нь хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан бол бичгээр хэлцэл хийсэн гэж үзнэ,189 дүгээр зүйлийн 189.1 Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн хуулийн зүйл, заалтуудад нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр эсэхийн талаар талууд маргаагүй тул хариуцагчаас шаардах эрхтэй.

5.2. Зохигчдын хороонд байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээний:

2.2.-т Худалдагч худалдан авагчид бүтээгдэхүүнийг зээлээр борлуулахдаа зээлийн дээд хэмжээг 5,000,000 төгрөг байх ба сар болгон борлуулсан хэмжээгээр худалдан авагч нь төлбөрийг сар бүрийн 30-ны өдрийн дотор багтаан бэлнээр болон дансаар төлнө.;

2.4-д энэхүү гэрээн нь 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр байна. Гэрээний хүчинтэй хугацаа дуусгавар болохоос 30 хоногийн өмнө аль 1 тал гэрээг цуцлах талаар албан бичгээр мэдэгдээгүй тохиолдолд энэхүү гэрээ нь дахин нэг жилээр сунгагдана.;

6.1.-д худалдан авагчийн нягтлан бодогч болон эрх бүхий албан тушаалтан худалдагч талын эрх бүхий албан тушаалтантай сард хоёроос доошгүй удаа тооцоо нийлж, тооцоо нийлсэн акт үйлдэн бүтээгдэхүүний төлбөрийг худалдагчийн Худалдаа хөгжлийн банкны 0 тоот дансанд Хаан банкны 0 тоот дансанд ажлын 3 хоногт багтаан шилжүүлэх буюу бэлнээр төлнө.;

6.6.-д худалдан авагч гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй нөхцөлд гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг төлөх үүрэгтэй гэж тохиролцсон байна.(хх6-9)

6.Талууд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд худалдан авсан бараа бүтээгдэхүүний тооцооны үлдэгдлийг тулгаж хариуцагч нь нэхэмжлэгчид 3,589,600 төгрөгийг төлөх үүрэгтэйг хүлээн зөвшөөрч Тооцооны үлдэгдлийн баталгаа баримтыг үйлдсэнээс үзэхэд хариуцагч нь зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний үнийг төлөөгүй болох нь зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож, энэ талаар талууд маргаагүй. (хх15)

7.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ., 232 дугаар зүйлийн 232.6Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ заажээ.

7.1. Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч ОЭӨ ХХК-ийн төлөөлөгч ...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндсэн төлбөр 3,300,000 төгрөгийг төлнө.Харин алданги 1,650,000 төгрөгийг цах тахал ковид 19 той холбоотойгоор төлөх боломжгүй гэж тайлбарласан.

7.2.Зохигчдын хооронд байгуулсан 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 6.6.-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлээр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 3,300,000 төгрөгийн, алданги 1,650,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

7.3. Хариуцагч тус шүүхийн хэлэлцүүлэгт ....дэлхийн нийтийг хамарсан цар тахал Covid-19 улмаас зээлийн эргэн төлөлт нөлөөлсөн хэмээн тайлбарлах боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлаар Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрүүдээр өмчийн хэлбэр үл харгалзан зарим хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоосон хэдий ч зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлсөн хууль гараагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагчаас зээлээр худалдах хариуцагчаас зээлээр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 3,300,000 төгрөгийн, алданги 1,650,000 төгрөг нийт 4,950,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь үйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ОЭӨ ХХК-иас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,950,000 төгрөгийг гаргуулж НУЭ ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 94,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ГАНЧИМЭГ