| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2022/00129/И |
| Дугаар | 157/ШШ2023/00166 |
| Огноо | 2023-07-03 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 157/ШШ2023/00166
2023 07 03 157/ШШ2023/00166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х аймгийн Б сумын 4 дүгээр баг У 7-718 тоотод оршин суух, Х овогт Б-ын Б /РД:СЭ0000/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хаймгийн Б сумын 4 дүгээр баг Ө-ийн 2-8 тоотод оршин суух хаягтай, одоогоор Х аймгийн Б сумын 1 дүгээр баг, Х гэх газарт ажиллаж, амьдарч байгаа гэх, Б овогт Н-ын Э /РД:ЕВ0000/, Б овогт Э-ийн Э /РД:СО000/ нарт холбогдох,
“9,800,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Л.Н нар цахимаар, хариуцагч Н.Э, Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ нар оролцов.
Хамтран хариуцагч Ц.Б нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Н.Э, Э.Э нарт холбогдуулан “9,800,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
“...2021 оны 6 сарын 7-ны өдрөөс 07 сарын 7-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатайгаар 8,000,000 төгрөгний цалин өгнө гэж утсаар 2021.6/5-6-нд эхнэр болох Надмид овогтой Энхболд буюу авгайлдаг нэр Т нь хамгийн их эрх мэдэлтэй бүх ажлыг зохион байгуулан удирддаг хүн дуудан “Б ахаа хүрээд ир” гэж Н.Э нь тэр үед 971144.. /одоо энэ дугаарыг барьдаггүй дугаар нь солигдсон/ 951158..дугаартай утсуудаар олон дахиж ярьж “та яаралтай хурдан ирээ, эксковатор цагаар түрээсэлсэн цагийн мөнгө явж өгөх нь машин хэрэгтэй байна, хурдан ирээ цалин асуудалгүй яг өгнө” гэхээр нь “очих түлш яах юм бэ? түлшний мөнгө явуул” гэсэн чинь “та өөрөө аргалаад ир цалин хангалттай авах юм чинь” гэхээр нь би өөрөөсөө очих түлш 200 л түлш 500,000-аар авч банктай түлшин дээрээ хийчээд байж байтал дахин Т залгаж та өнөө шөнөдөө хоног алдахгүй гар би тосоод авна гээд дуудсан. Тээврийн хөлсийг ажил гүйцэтгэж дууссаны дараа шууд дансанд хийж төлөхөөр аман хэлбэрээр тохиролцсон учраас би очиж ажил хийх болсон. Би 6 сарын 6-нд гарч яваад Бэрхийн уурхайд шөнийн 00 цаг өнгөрч байхад очсон З,Т хоёр кантартай тосч аваад урд гарч дагуулаад явсан. Өглөө 04 цагт хөлийн холбоон дээр очоод өглөө 08 цагт машиныхаа түлшийг Э-ийн хүү С-д шалгуулахад миний банктай түлш тал дундуураа байсан. Түлшний банк маань 280 летрийн багтаамжтай хүү нь банкинд маань 140 л түлш хийж өгч ажилдаа гарсан. Миний хийх ажил карераас жонштой шороо гаргаж отвал дээр асгаж хүмүүс жоншийг нь ялгаж дуусахаар нь дахин агуулгатай шороог ачуулан отвалдан овоолго хийж буулгаж байсан. Энэ хугацаанд зарим шөнө өглөөнөөс шөнийн 12-03 цаг хүртэл ч ажиллах шаардлага гардаг байсан.
2021.06.06-2021.07.07 ажиллаж байх явцад би өөриин хийж гүйцэтгэж байсан ажлуудаа өөрийн тэмдэглэл тооцооны дэвтэрт бичсэн тэмдэглэлээ бичлээ.
Үүнд: 2021.06.07 өдөр Өглөө 8:00 цагт ажилдаа гарсан карераас жонш ялгах талбай руу жонштой шороо 45 ресс буусан. Өдөр хоолонд 12:00-13:00 орсон. Хоолны дараа 13 цагаас шөнийн 00 цаг хүртэл ажиллаж буусан.
2021.06.08 өдөр өглөө 8 цагаас ажилд гарч карераас жонштой хүдэр 12 реис, өдөр 12:00-13:00 цайндаа, үдээс хойш Отвал ялгалтын талбайгаас агуулгатай шороо 5 рейс, Карераас-9 рейс 19:00-20:00 оройн хоолонд орж 21 цагаас буусан.
2021.06.09. Өглөө 8:00 ажилдаа гарч Карераас жонштой хүдэр 9 рейс, Карераас хар шороо 12 рейс зөөж орой 20 цагаас буусан.
2021.06.10. Өглөө 8:00 ажилд гарч Карераас хөрс 11 рейс, Карераас жонштой хүдэр 7 рейс, Агуулгатай шороо 10 рейс өдөр цай хоолондоо цагтаа орсон. Орой 20 цагаас буусан.
2021.06.11. Өглөө ажилдаа гарч Карераас хөрс 10 рейс, Карераас жонштой хүдэр 9 рейс зөөж, орой 20 цагаас буусан.
2021.06.12. Өглөө 8 цагаас ажилд гарахдаа түлш 180 л түлш хийж гарсан Ялгалтын талбайгаас агуулгатай шороо талбайд 13 рейс хийж 20 цагаас буусан.
2021.06.13. Өглөө 8 цагаас ажилд гарч, Агуулгатай шороо талбайд 6 рейс хийж 20 цагаас буусан.
2021.06.14. Карераас жонштой хүдэр 3 рейс
2021.06.15. Жонштой хүдэр З рейс
2021.06.16. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас 91-90 ХЭҮ чиргүүлтэй Хово маркийн машин ирж миний хийж гүйцэтгэсэн ажлын талбайгаас 2021.06.16-ны өдрийн хийсэн ажил агуулсан карераас ялгаж талбайруу жонштой шороо 132 ресс карераас хөрс шороонд 147 ресс отвал дээрээс ялгасан агуулгатай шороо 67 ресс Карераас ялгалтын талбайд буулгаад хүмүүс гараар жоншыг нь ялгадаг 1 рессийг 30 тн-р бодоход-3960 тн.
Карераас ялгадаг отвал руу 132 рейс-30тн Карераас хар шороо 147тн*30тн-4410тн. Жоншийг нь ялгаж авсан агуулгатай шороо өөр талбайруу 67ресс*30-2010тн З, Т хоёр 2021.06.16-нд 80 тн жонш ачуулж явуулсан уг машин буцах замдаа шаварт сууж би очиж татаж гаргах гээд ачаа их шаварт лав суусан учир гаргаж дийлээгүй машиндаа хоноод 6.17-нд Ковш авч очиж хамтран цуг зэрэг татаж гаргаж явуулсан. Энэ өдөр эхнэр С.С хамт ажилладаг багш С.А хоёр Бор-Өндрөөс 22 цагийн үед Т-ийн төрсөн эгч Н-ийн Э /Жагайдай/ хүү,охин хоёртойгоо бас найз хүүхэн А нартай тус тусдаа 2 приус машинтай ирж гаргасан жонш ялгана гэж ирсэн. Энд ажиллаж байсныг минь тогооч А нөхөр 2 хүү нь ковшны жолооч Т эхнэртэйгээ, эксковаторьн 2 жолооч, ахлаж яваа хүн нь, З,Т хоёрын хүү С, бэр нь, охин М болон миний эхнэр С-ын С-тэй хамт ажилладаг багш, Сэ овогтой Ариунтуяа нар мэднэ.
2021.06.17-ноос хойш ялгуулсан жоншоо өөрсдийнхөө кантараар Бэрхийн уурхайруу өдөрт нэг 5тн ачаатай явдаг байсан.
2021.06.18. Өглөө 8 ажилд гарсан. Агуулгатай шороо 1 рейс, Карераас хөрс 28 рейс хийж шөнийн 04 цагт ажлаас буусан.
2021.06.19. Карераас хөрс 25 рейс хийж шөнийн 04 цагт ажлаас буусан. 2021.06.20. Карераас хөрс 20 рейс
2021.06.21. Карераас хөрс 13 рейс
2021.06.22.Карераас хөрс 13 рейс
2021.06.23 өглөө 8:00 ажилд гарсан. Карераас жонштой хүдэр 10 рейс, Агуулгатай хүдэр 4 рейс
2021.06.24 өглөө 8:00 ажилд гарсан Карераас жонштой хүдэр 14 рейс
2021.06.24-25 Экскаватор засвартай
2021.06.28 Агуулгатай хүдэр 5 рейс
2021.06.29. Карераас хөрс 16 рейс
2021.07.01 Карераас хөрс 5 рейс
2021.07.03 Агуулгатай шороо 2 рейс
2021.07.06-ны орой Хөлийн холбооноос агуулгатай шороо ачиж яваад Д-ийн зүүн цагаан дэлд ирж ачаагаа буулгахад 34тонн ачаа байсан энэ тээврийн хөлс нь Хөлийн холбоогоос Дорноговийн зүүн цагаан дэл ачаа тээвэрлэхэд 1,000,000 сая төгрөгний хөлстэй байсан. Энэ тээврийн хөлс нь Э-ийн Э, эхнэр Н овогтой Э нарын дансанд орсон.
2021.07.07-нд Бор-Өндөрт ирсэн. Ажлыг гэрээнд тохиролцсон ёсоор 7 сарын 7-ны өдөр хүртэл Б.Б миний бие ажил цалгардуулах ямар нэгэн доголдолгүй гүйцэтгэж дууссан боловч өнөөдрийг хүртэл 2022 оны 08 сарын 08 хүртэл ажлын хөлсийг төлөөгүй утсаар залгахаар утсаа авахгүй аль эсвэл холбогдох боломжгүй гээд байдаг юм. 2021оны 7 сард эхнэр С.С-ээр уурхай дээр нь очуулан нэхүүлсэн цалинг маань өгөөгүй, харин эхнэрт маань Б ах ядаргаатай 10, 20 удаа байн байн залгаад байхаар нь утсаа аваачгүй унтраагаад А эгчийн утсаар ярьж жоохон ажил амжууллаа шдээ, мөнгө байхгүй шороогоо зараад өгнө дөө гэж хэлсэн байсан.
...Ажлын хөлсийг 2021 оны 07 сарын 07-ны өдрөөс хойш төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй, аргаа бараад би өөрөө нэхээд өгөхгүй юм байна, хуулийн байгууллагад хандлаа гэж намайг хэлэхэд Эхнэр Э нь өг, тэг тэг, тэгж л байхгүй юу гээд ам бардам үл тоож басамжилсан байдалтай хэлээд дахиж нэг ч удаа яриагүй. Нөхөр болох Э-ийн Э, эхнэр Н овогтой Э нар нь аман гэрээг зөрчин залилан мэхлэх зорилготойгоор тэтгэвэрт гарсан өндөр настан намайг хуурч мэхлэн аваачиж ажил хийлгэсэн, намайг хохироосоор байгаа учир би гомдолтой байна. Иймд ажиллах гэрээний үүрэг болох 8,000,000 төгрөг дээрээ мөн Б сумаас Б сумын хөлийн холбоо орохдоо хийж явсан 200л түлшний мөнгө 500,000 мянган төгрөг, Дорноговийн зүүн цагаан дэл рүү тусдаа ачаанд явсан тээврийн хөлс 1,000,000 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү...” гэжээ.
2.Хариуцагч Н.Э, Э.Э нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Н.Эминий бие Ц.Б ахлагчтай “Нутгийн а” нөхөрлөлд тус нөхөрлөлийн ахлагч Ц.Б-өөс олгосон итгэмжлэлийн дагуу гэрээ байгуулах ажлыг хийдэг, харин миний нөхөр Э.Э нь тус нөхөрлөлд ажилладаггүй, нэхэмжлэгч Б.Б-тай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, миний бие нэхэмжлэгч Б.Б-тай түүний эзэмшлийн Fotoy маркийн 40 тонны даацтай 16-61 ХЭҮ номерын машиныг нь Б сумын Хөлийн холбоо гэх газарт үйл ажиллагаа явуулж буй “Нутгийн а” нөхөрлөлд карераас жонштой шороо гаргаж отвал дээр асгаж, хүмүүс жоншийг нь ялгаж дуусахаар нь дахин агуулгатай шороог ачуулан отвалдан овоолго хийж буулгах ажлыг хийлгэхээр нөхөрлөлийн ахлагч Ц.Б-ийн өмнөөс надад олгосон итгэмжлэлийн хүрээнд гэрээ хийсэн. Би өөрийн хувийн ажлаа хийлгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие хариуцах үүрэг хүлээгээгүй гэж үзэж байна.” гэжээ.
3.Хамтран хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “2021 оны 4 дүгээр сард нөхөрлөл болох жоншны газрыг ажиллуулж чадахгүй байсан тул эхнэр болох Н овогтой Э, нөхөр болох Э-ийн Э 2 “танай газар дээр ажиллая, бүх гарах зардал бүх зүйлээ бид 2 хариуцна” гэж ажил эхлүүлсэн. Тухайн ажил явуулахад Ц.Б миний бие оролцдоггүй байсан. Бид 3-ын дунд хуулийн гэрээ хийгээгүй, бид 2 чадна гэсэн итгэлцлээр ажил эхэлсэн. Тухайн газрыг энэ 2 хүнд ашиглуулаад мөнгө төгрөг аваагүй, энэ 2 ажиллуулсан, энэ 2 хүнтэй мөнгөний тохиролцоо хийгээгүй, ямар ч мөнгө аваагүй. Би тус нэхэмжлэгч Б.Б-ыг танихгүй, энэ хүн Э, Э 2-той гэрээ хийж ажилласан тул миний талаас мөнгө төлөх боломжгүй тул хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.
4.Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1 сар ажиллаад 8 сая төгрөг гэж тохиролцсон. Хийсэн ажлаар гэж тохиролцоогүй. Одоо л сонсож байна. Өдөр шөнөгүй ажилласан. Би бүтэн сар ажиллаад л буцсан. Мөн гадагшаа тээвэр хийхээр тохироогүй. Намайг ажлаа дуусгаад буцахад поошигны тал буюу 100-аад литр түлш өгсөн. Энэ нь Дорноговийн Зүүн цагаан дэлрүү тээвэр хийхэд зарцуулсан түлш юм. Түүнээс миний ажил хийх гэж очихдоо хийсэн 200 литр түлшийг болон түлшний 500,000 төгрөгийг өгөөгүй. ...Н.Э, Э.Э нараас нийт 9,500,000 төгрөг гаргуулж өгнө үү. Энд Ц.Б гэж хүн ямар ч хамааралгүй...” гэв.
5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх 8 сая төгрөгөөр тохиролцсон. Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан. Тохиролцсоны дагуу 500,000 төгрөгний түлш хийгээд очсон. 1 сар ажиллуулсан талаар талууд маргаагүй. Хариуцагч нь би уурхайг ажиллуулаагүй, Ц.Б-ийн итгэмжлэлээр ажилласан гэдэг тайлбар өгч байсан. Нэхэмжлэгчийн хувьд Ц.Б гэж хүнтэй биш Н.Э, Э.Энартай тохиролцож ажилласан гэдгээ анхнаасаа тайлбарласан. Гэрч С.С-ийн мэдүүлэг, хамтран хариуцагчаар татагдсан Ц.Б-ийн тайлбар зэргээр хөлсөөр ажилласан болох нь нотлогдсон. Хариуцагч Н.Э нь итгэмжлэлийн дагуу ажиллаж байсан гэж тайлбарладаг боловч өөрөө жоншны уурхайг ажиллуулж байсан нь гэрч Х-ын мэдүүлэг, гэрч Д-ийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан Н.Э, Э.Э нарын ХААН банкны дансны хуулгуудаар нотлогдоно. Шүүх хуралдаанд тайлбарлахдаа Ц.Б-ийн ажилтан мэт тайлбарлаж буй нь мөн эдгээр нотлох баримтуудаар няцаагдаж байна. Хэрэгт итгэмжлэл авагдсан байдаг ба огноо нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр буюу нэхэмжлэлийн шаардлагын хугацаатай хамааралгүй, юунд зориулж, ямар зорилгоор Ц.Б-өөс Н.Э-д олгосон итгэмжлэл вэ гэдэг нь тодорхойгүй. Итгэмжлэлээр ажилладаг гэдэг нь үндэслэлгүй байна. 8 сая төгрөгөөр тохиролцсоныг хариуцагч хүлээн зөвшөөрч тайлбарласан. Энэ нь нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч С.С, Х нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа юм.
-500,000 төгрөгний түлшний шаардлагын хувьд хариуцагч тал маргаагүй. Яаралтай гараад ир, ирэхээр чинь түшний мөнгө өгье гэхээр нь өөрөөсөө 500,000 төгрөгөөр 200 литр түлш хийгээд явсан. Үүнийг үгүйсгэсэн тайлбар, баримт хэрэгт авагдаагүй.
-Б.Б гуай 1 сар ажиллаад буцахдаа 34 тонн шороо ачаад Дорноговь явсан. Н.Э, Э.Э нар нь шороо ачаад явчих, таньд тээврийн хөлс өгнө гэсэн боловч өгөөгүй. Энэ талаар гэрч Д “...Заяа машин явуулсан, тээврийн хөлс З надаас авсан...” гэж мэдүүлсэн. 2021 оны 7 дугаар сарын 09-нд Э.Э-ийн дансанд 1 сая төгрөг орсон байдаг. Үүгээр нотлогдож байна.
-Хариуцагч нар 1 өдрийн 266,000 төгрөг, 315 рейс гэсэн асуудлыг өмнө нь огт ярьж байгаагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш мөнгийг өгнө гээд хүлээн зөвшөөрөөд явж байсан. Тиймээс 9,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.
6.Хариуцагч Н.Э, Э.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх утсаар яриад 8 сая төгрөгөөр тохиролцсон. Гэхдээ 30 хоног ажиллаад 8 сая төгрөг өгнө гэж тохирсон. Б.Б ах 20 хоног ажилласан байна лээ. Энэ талаар нэхэмжлэл дээрээ бичсэн бөгөөд миний тэмдэглэгээтэй яг тохирч байгаа юм. 10 хоног огт ажил хийгээгүй. 30 хоног ажиллахдаа 1 өдөрт 30 рейс хийхээр тохиролцсон. Гэтэл зарим өдрүүдэд 3, 6 рейс хийсэн байгаа юм. Бүтэн ажиллаагүй хүнд яаж 8 сая төгрөг өгөх билээ дээ, өдөрт гуравхан рейс хийлгээд өдрийн 266,000 төгрөг өгнө гэж байхгүй. /8 саяыг 30 өдөрт хуваахаар 1 өдрийн 266,000 төгрөг/ Уурхай алдагдалд орно, би хүний юман дээр тэгж дураараа хүнд цалин өгөөд ажиллах боломжгүй. Хийсэн ажлын хөлсийг нь тооцохоор 3,750,000 төгрөг л болж байгаа юм. Намайг энэ жоншны уурхайг ажиллуулсан гэж яриад байх юм, би “Нутгийн а” нөхөрлөлийн ажилтан. Би ахлагч Ц.Б-тэй гарал үүсэл хэрэгтэй болоод итгэмжлэл хийгдсэн байдаг.
-200 литр түлшний тухайд гэвэл түлшийг түлшээр өгөхөөр тохиролцсон. Манайх түлш хангалттай байсан. Тиймээс Б ахыг буцахад нь ачсан шороон дээр нь 200 литрийн поошиг дүүрэн түлш ачаад, мөн машины банкийг нь дүүргэж өгөөд явуулсан. Үүнийг манай нөхөр Э.Э хариуцаж хийсэн.
-Б.Б ахын ажилласан хоног нь 19 хоног, тэгээд ажилласан 1 хоногт нь тооцохоор тохиролцоод 34 тонн шороог ачуулаад Дорноговийн Зүүн цагаан дэлийн уурхай руу явуулсан. Тэр шорооны үнэ 1 сая төгрөгийг Б ах авах ёсгүй юм...” гэв.
7.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч 1 сарын ажлын хөлс 8000,000 төгрөг гэж тохиролцсон. Нэхэмжлэл дээрээс 20 хоног ажилласан болох нь харагдана. 10 хоног ажиллаагүй. Нэхэмжлэгчийн хийсэн ажлыг дундажлаад тооцвол өдөрт 10-15 рейс болж байгаа юм. 6 дугаар сарын 26, 27, 7 дугаар сарын 02, 04, 05-ны өдрүүдэд огт ажил хийгээгүй нь нэхэмжлэл дээр тодорхой байгаа. Өдөрт 30 рейс явах ёстой гэж тохирсон. 20 өдөр ажиллахдаа өдөр бүр 30 рейс яваагүй, 3-4 рейс хийсэн өдрүүд байдаг. Тэгэхээр өдөрт 266,000 төгрөг өгөх боломжгүй юм. Хариуцагчийн тайлбар үндэслэлтэй. Хариуцагч Н.Э-ын тооцоогоор ажилласан хөлс тооцоход 2,775,000 төгрөг болж байгаа ба 200 литр түлшний 500,000 төгрөг, нийт 3,275,000 төгрөгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байгаа юм. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242.3-т зааснаар шаардаж байгаа боловч хариуцагч нар нь нөхөрлөлд ажиллаж байсан тул 3,275,000 төгрөгийг хариуцагч нар болон хамтран хариуцагч Ц.Б нарт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.11-т зааснаар тэнцүү хэмжээгээр хувааж гаргуулж өгнө үү.
...Бичгийн гэрээ байхгүй. Гэрээний агуулга тодорхойгүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байна. Энэ гэрээг заавал бичгээр байгуулахыг шаарддаг. Бичгээр гэрээ хийгээгүй тул хариуцагч Н.Э, Э.Э нарт гэрээгээр хүлээсэн үүрэггүй. Тиймээс зөвшөөрсөн хэмжээнд шийдвэрлэж өгнө үү...” гэв.
8.Нотлох баримт:
8.1.Нэхэмжлэгч Б.Б-аас: “...нөхөрлөлийн олборлосон ашигт малтмалд олгосон гарал үүслийн гэрчилгээний хуулбар, ажилласан өдрүүдийн тэмдэглэлийн хуулбар, Foton.B13258 маркийн 1661ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Хөлийн холбоон дээр гэх гэрэл зураг, 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн гэрэл зураг /8-12 дугаар хуудас/,
-Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /38 дугаар хуудас/
8.2.Хариуцагч Н.Э, Э.Э нараас: 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Ц.Б-өөс Н.Э-д олгосон итгэмжлэл /83 дугаар хуудас/
8.3.Шүүхээс: хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу: Нутгийн а” нөхөрлөлийн гэрчилгээний хуулбар,
-Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу гэрч С.Д /66-69 хуудас/, гэрч Г.Х /70-72 хуудас/, гэрч Г.Х /95-96 хуудас/, гэрч С.С /108-109 хуудас/ нарын мэдүүлэг, “Нутгийн а” нөхөрлөлийн дэлгэрэнгүй лавлагаа /132-135, 141-144 хуудас/, Н.Э, Э.Э нарын 2021, 2022 оны ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 1-57 хуудас, 71-115 хуудас/ зэргийг тус тус бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч Б.Б нь “...Хариуцагч Н.Э, Э.Э нар нь 2021 оны 6 дугаар сарын 07-ноос 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатайгаар хөлсөөр ажиллуулсны 8,000,000 төгрөг, Б сумаас Б сумын хөлийн холбоо орохдоо хийж явсан 200 литр түлшний 500,000 төгрөг, Д-ийн Зүүн цагаан дэл рүү тусдаа ачаанд явсан тээврийн хөлс 1,000,000 төгрөг зэргийг өгөөгүй тул нийт 9,500,000 төгрөгийг Н.Э, Э.Э нараас гаргуулж өгнө үү...” гэж шаардах эрхээ тодорхойлсон.
3.Хариуцагч Н.Э, Э.Э нар нь:
3.1.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Уг нөхөрлөлийн ахлагч нь Ц.Б бөгөөд миний хувьд нөхөрлөлд итгэмжлэлээр ажиллаж, Ц.Б-ийн өмнөөс гэрээ байгуулан ажиллаж байсан тул Б.Б-ы нэхэмжлэл надад хамааралгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж,
3.2.шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Б.Б-ыг 1 сар буюу 30 хоног ажилуулж 8,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон нь үнэн боловч тэрээр 30 хоног бүтэн ажиллаагүй, ажилласан өдрүүддээ өдрийн 266,000 төгрөгний хөлс авахаар ажил хийгээгүй буюу 1 өдөрт 30 рейс хийхээр тохиролцсон боловч хийгээгүй, Хаймгийн Б сумын Хөлийн холбооноос Дорноговийн зүүн цагаан дэл рүү ачсан ачааны 1 сая төгрөг Б.Б-д хамааралгүй, тээврийн хөлсийг 1 өдрийн ажилласан хөлс буюу 266,000 төгрөгөөр тохирсон...”,
3.3.“Ц.Б-тэй хамтран ажилласан тул ажлын хөлс 2,775,000 төгрөг, түлшний үнэ 500,000 төгрөг, нийт 3,275,000 төгрөгийг Ц.Б-тэй хувааж төлөхийг зөвшөөрч байна...” гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үгүйсгэж тайлбарлав.
4.Хамтран хариуцагч Ц.Б нь “...Н.Э, Э.Э нар нь танай газар дээр ажиллая, бүх гарах зардал бүх зүйлээ бид 2 хариуцна” гэж ажил эхлүүлсэн. Тухайн ажил явуулахад Ц.Б миний бие оролцдоггүй байсан. Бид 3-ын дунд хуулийн гэрээ хийгээгүй, бид 2 чадна гэсэн итгэлцлээр ажил эхэлсэн. Тухайн газрыг энэ 2 хүнд ашиглуулаад мөнгө төгрөг аваагүй, энэ 2 ажиллуулсан, энэ 2 хүнтэй мөнгөний тохиролцоо хийгээгүй, ямар ч мөнгө аваагүй. Би тус нэхэмжлэгч Б.Б-ыг танихгүй, энэ хүн Э, Э 2-той гэрээ хийж ажилласан тул миний талаас мөнгө төлөх боломжгүй тул хүлээн зөвшөөрөхгүй...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж мэтгэлцэв.
5.Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрчүүдийн мэдүүлэг, ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар:
5.1. Нэхэмжлэгч Б.Б нь 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд Х аймгийн Б сумын “Хөлийн холбоо” гэх газарт 8,000,000 төгрөгийн хөлсөөр ажиллахаар Н.Э, Э.Э нартай амаар тохиролцон ажилласан,
5.2. Тэрээр 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 6 дугаар сарын 24-ний өдрийг дуустал 19 хоног, 6 дугаар сарын 28, 29, 7 дугаар сарын 01, 03, 06-ны өдрүүдэд ажилласан 5 хоног, нийт 24 хоног ажилласан,
5.3. Х аймгийн Б сумаас Х аймгийн Баян-Адарга сумын “Хөлийн холбоо” гэх газар руу 500,000 төгрөгний 200 литр түлшийг өөрийн зардлаар хийж явсан,
5.4.Хэнтий аймгийн Б сумаас Д-ийн Зүүн цагаан дэлийн уурхай руу 34 тонн ачаа ачиж явсан гэх үйл баримтууд тогтоогдож байна.
6.Талууд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 30 хоног бүтэн ажилласан эсэх, ажилласан өдрүүддээ өдрийн 266,000 төгрөгний хөлс авахаар ажил хийсэн эсэх, Х аймгийн Б сумын Хөлийн холбооноос Д-ийн зүүн цагаан дэл рүү ачсан ачааны 1 сая төгрөг Б.Б-нд хамааралгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт маргаж байх ба 1 сар буюу 30 хоногийн ажлын хөлсийг 8,000,000 /найман сая/ төгрөгөөр тохирсон болон 200 литр түлшний үнэ 500,000 төгрөгийг төлөх талаар маргаагүй.
7.Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийх бөгөөд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 359.2 дахь хэсэгт “Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно.” гэж заажээ.
Талууд 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд Х аймгийн Б сумын “Хөлийн холбоо” гэх газарт карьераас жонштой шороо гаргаж, отвал дээр асгаж, жоншийг нь ялгаж дууссаны дараа дахин агуулгатай шороог ачин отвалдан овоолго хийж буулгах ажлыг хийлгэхээр, ажлын хөлсийг ажил хийж дууссаны дараа төлөхөөр харилцан тохиролцсон зэргээс дүгнэхэд талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Тодруулбал: Хөлсөөр ажиллах гэрээний хүрээнд ажиллагч Б.Б нь Н.Э, Э.Э нартай тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч Н.Э, Э.Э нар нь ажиллагч Б.Б-нд тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд Б.Б нь үүргээ зохих ёсоор биелүүлсэн, харин Н.Э, Э.Э нар нь түүнд хөлс төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна гэж шүүх дүгнэлээ.
8.Хариуцагч Н.Э, Э.Э нар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үгүйсгэсэн тайлбараа 3 янзаар буюу “Нутгийн а” нөхөрлөлийн ахлагч Ц.Б-өөс олгосон итгэмжлэлийн хүрээнд ажилласан гэж, мөн Ц.Б-тэй хамтран ажилласан гэж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Б.Б-ыг 1 сар буюу 30 хоног ажилуулж 8,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон нь үнэн боловч тэрээр 30 хоног бүтэн ажиллаагүй, ажилласан өдрүүддээ өдрийн 266,000 төгрөгний хөлс авахаар ажил хийгээгүй буюу 1 өдөрт 30 рейс хийхээр тохиролцсон боловч хийгээгүй...” гэж тус тус тайлбарласан боловч энэхүү тайлбаруудаа бичгийн нотлох баримтаар нотлоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч энэхүү үүргээ биелүүлээгүй байна.
Тодруулбал: Нэхэмжлэгч Б.Б нь 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд ажилласан байх ба хариуцагч нар нь итгэмжлэлийн дагуу ажилласан гэдгийг нотлоогүй, Ц.Б-өөс Н.Э-д 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр олгосон итгэмжлэлийг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн боловч энэхүү итгэмжлэл нь нэхэмжлэгч Б.Б-ыг хөлсөөр ажиллуулснаас хойш буюу хэрэгт хамааралгүй байгааг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн хариуцагч нар нь Ц.Б-тэй хамтран ажилласан болохыг мөн 1 өдөрт 30 рейс хийхээр тохиролцсон зэргийг бичгийн нотлох баримтаар нотлоогүй байна.
9.Хариуцагчийн өмгөөлөгч нь талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд гэрээг бичгээр байгуулаагүй тул хариуцагч нарт ямар нэгэн үүрэг үүсэхгүй гэж тайлбарлав.
Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт “Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.
Тээвэрлэлтийн гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний нэг төрөлд хамаардаг ба тодорхой үр дүн бий болгох буюу ачааг тодорхой газарт хүргэх үүрэг хүлээсэн гэрээ байдаг. Харин хөлсөөр ажиллах гэрээний хүрээнд ажиллагч нь эцсийн үр дүнг хариуцдаггүй, гүйцэтгэх ёстой үүргийн агуулга нь тоо болон чанарын ямар нэгэн шаардлагыг хангасан ажлын үр дүн байдаггүйгээрээ ажил гүйцэтгэх гэрээнээс ялгагддаг.
Талууд гүйцэтгэх ёстой үүргийн агуулгыг тоо болон чанарын ямар нэгэн шаардлага хангасан байхаар харилцан тохиролцоогүй, хариуцагч нарын “1 өдөрт 30 рейс хийхээр тохиролцсон” гэх тайлбар бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэсэн.
10.Хариуцагч нар нь нэхэмжлэгч Б.Б нь 315 рейс хийснийг тооцоход 2,775,000 төгрөг, түлшний үнэ 500,000 төгрөг, нийт 3,275,000 төгрөгийг хамтран хариуцагч Ц.Ба-тэй хувааж төлөхийг хүлээн зөвшөөрнө гэж тайлбарласан боловч Ц.Б-тэй хамтран ажиллаж байсан болох нь бичгийн баримтуудаар нотлогдоогүй байна.
Талууд 1 сар буюу 30 хоног ажиллаад 8,000,000 төгрөг өгч, авалцахаар тохиролцсон, энэ талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Б.Б-ны нэхэмжлэлд дурдсан ажилласан хоногийг тооцоход 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 6 дугаар сарын 24-ний өдрийг дуустал 19 хоног, 6 дугаар сарын 28, 29, 7 дугаар сарын 01, 03, 06-ны өдрүүдэд ажилласан 5 хоног, нийт 24 хоног ажилласан байх бөгөөд үүнийг 1 өдрийн 266,667 төгрөгөөр (8,000,000 төгрөг/30 хоног=266,667 төгрөг) тооцоход 6,400,008 төгрөг байна.
Хариуцагч нарын “Нутгийн а” нөхөрлөлийн ахлагч Ц.Б-тэй хамтран ажилласан, түүний нөхөрлөлд итгэмжлэлээр ажилласан гэх тайлбарыг хамтран хариуцагч Ц.Б үгүйсгэж тайлбарласантай холбогдуулан хариуцагч нар нь шүүхэд гаргасан тайлбараа бичгийн нотлох баримтаар нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй, хариуцагч нар нь Ц.Б-тэй хамтран ажиллаж байсан болох нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч Б.Б нь тохиролцсоны дагуу Н.Э, Э.Э нараас 9,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан зэргийг үндэслэн ажлын хөлсөнд 6,400,008 төгрөг, хүлээн зөвшөөрсөн түлшний үнэ 500,000 төгрөг, нийт 6,900,008 төгрөгийг хариуцагч Н.Э, Э.Э нараас гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-нд олгохоор шийдвэрлэв.
11.Харин Х аймгийн Б сумын “Хөлийн холбоо” гэх газраас Д-ийн Зүүн цагаан дэлийн уурхай руу ачаанд явсан тээврийн хөлс 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Учир нь: Дээрх нэхэмжлэлийн шаардлагын талаар талууд маргаж байх бөгөөд нэхэмжлэгч Б.Б нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, хуульд заасан нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Гэрч С.Д “...тэр үед З /Э/ л надаас тээврийн хөлс авсан. Үнийн дүнг нь сайн санахгүй байна...” гэж мэдүүлсэн /66-67 дугаар хуудас/ байх ба нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Н.Э, Э.Э нар тээврийн хөлсийг хэрхэн, хэдэн төгрөгөөр тооцсон нь тодорхойгүй, энэ талаар бичгийн баримт хэрэгт авагдаагүй байна.
12.Нэхэмжлэгч Б.Б-аас гаргасан “...нөхөрлөлийн олборлосон ашигт малтмалд олгосон гарал үүслийн гэрчилгээний хуулбар, ажилласан өдрүүдийн тэмдэглэлийн хуулбар, Foton.B13258 маркийн 1661ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Хөлийн холбоон дээр гэх гэрэл зураг, 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн гэрэл зураг /8-12 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй /хуулбарыг нотариатаар гэрчлүүлээгүй/ тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
13.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгч Б.Б нь улсын тэмдэгтийн хураамжид 9,800,000 төгрөгт ногдох 171,750 төгрөг төлж баримтыг нэхэмжлэлд хавсаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 171,750 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Н.Э, Э.Э нараас 6,900,008 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 125,350 төгрөгийг хуваан гаргуулж нэхэмжлэгч Б.Б-нд олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.
14.Хамтран хариуцагч Ц.Б нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу хариуцагч Э.Э, Э.Э нараас 6,900,008 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-нд олгож, үлдэх 2,599,992 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 171,750 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Н.Э, Э.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 125,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ