Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 157/ШШ2023/00027

 

2023        02         16                                         157/ШШ2023/00027

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У хот Б дүүрэг, 2 дугаар хороо, 26-00 тоотод оршин суух, Д овогт Д-ийн А-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух, Ху овогт П-ийн У-т холбогдох

“А-ы үнэд төлсөн 16,750,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч,   2022 оны 08 дугаар сарын      19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, түүний өмгөөлөгч С.Я нар цахимаар, хариуцагч П.У, түүний өмгөөлөгч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ  нь:

1.Нэхэмжлэгч Д.А нь П.У-т холбогдуулан автомашины үнэд төлсөн 16,750,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие 2022 оны 8-р сарын 04-ний өдөр П-ийн У (РД:СН000)-ын Mitsubishi Delica маркийн 2010 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг зарна гэх фэйсбүүк зарын дагуу холбогдож автомашиныг үзсэн бөгөөд П.У өөрийн машиныг эвдрэл гэмтэлгүй, мотор, хроп ямар ч асуудалгүй, хийх зүйл огт байхгүй гэж хэлснийх дагуу түүний хэлсэн үгэнд итгэн 17,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, мөнгөө шилжүүлэн (Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нисдэг машин гэх газар байхдаа мөнгөө шилжүүлсэн) машины гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Миний бие машин сайн мэддэггүй, шалгаж авч чадахгүй байсан учир оношлогооны газар очиж үзүүлье гэж хэлсэн боловч П.У ямар ч асуудалгүй, тэгэх шаардлагагүй, санаа зовох зүйлгүй гэж хэлсэн учир түүний үгэнд итгэж авах болсон. Автомашины гэрчилгээг шилжүүлэн авмагцаа гэрийн гадаа ирэх хооронд автомашины мотор буюу хөдөлгүүр нь чанга тачигнаж дуугарч байгаад унтарчихсан. Үүний улмаас П.У-ын зарсан автомашины хөдөлгүүр эвдрэлтэй байж болзошгүй байсныг мэдсэн тул шууд оношлогооны газар очиж үзүүлэхэд хөдөлгүүр эвдрэлтэй, удахгүй цохиж явах боломжгүй болно гэж оношилсон. П.У-ын автомашиныг тухайн өдрөө камертай газар байршуулан тавиад огт хөдөлгөөгүй болно. Үүний дагуу тэр даруй П.У-тай холбогдох гэсэн боловч утсаа авалгүй алга болсон. П.У-тай хамт явж байсан эмэгтэйтэй утсаар холбогдож машины мотор эвдрэлтэй байсныг хэлж мөнгөө авч автомашиныг буцааж өгөх тухайгаа хэлтэл П.У-ыг хөдөө явсан гэж хэлсэн. Дахин дахин холбогдсоны эцэст Б.У мөнгийг маань буцааж өгөхөө зөвшөөрч автомашинаа авахаар болсон боловч утсаа салгаад алга болсон. Гэтэл миний дансанд 250,000 төгрөгийг хийсэн байсан. Ямар учраас энэ мөнгийг хийсэн учрыг мэдэхгүй бөгөөд үлдэгдэл төлбөр болох 16,750,000 П.У-аас гаргуулах хүсэлтэй байх тул нэхэмжлэлийг зохих журмын дагуу хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. 

 1.2.Нэхэмжлэгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр П.У-аас Делика машин худалдаж авсан. Нэхэмжлэгч оношлогооны газар очиж үзүүлье гэхэд хариуцагч нь хол, түгжрэл ихтэй байна, бас оочер ихтэй гэх шалтгаанаар татгалзсан тул “Төгс”, “Эко” гээд хоёр оношлогооны газар оношлуулах гээд очиход оношилдог хүмүүс нь байгаагүй. Зогсоол дээр нь очоод л буцсан. Тэгээд итгээд машиныг худалдаж авахаар болоод мөнгөө шилжүүлээд машины нэрийг шилжүүлж авсан. Нэхэмжлэгч машиныг аваад унаад явж байхад доголдол илэрсэн тул маргааш нь “Сод” авто сервист үзүүлэхэд “мотор сольж таарна, их хэмжээний зардал гарна, худалдсан хүндээ ханд” гэж хэлсний дараа холбогдож хэлэхэд 250,000 төгрөг шилжүүлсэн байдаг. 8 дугаар сарын 05-ны өдөр машин асуудалтайг мэдээд 8 дугаар сарын 10-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан.

“Сод” авто сервисийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн үзлэгээр рулийн аппарат гэмтэлтэй дуу орсон гэж оношилсон. Шинжээчийн дүгнэлтээр рулийн аппарат гэмтэлгүй гарсан. Тиймээс 250,000 төгрөгийг рулийн аппарат засуулах гэж хариуцагч талаас гуйж авсан гэдэг нь үндэслэлгүй.

Хэрэгт 2 шинжээчийн дүгнэлт авагдсан. Эхний шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзээд дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Тиймээс эхний шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлж ярих нь учир дутагдалтай. Шинжээчийн дүгнэлтээр хорт хий стандартын шаардлага хангаагүй, зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэж гарсан. Улсын хяналтын үзлэгт энэ машин тэнцэхгүй болсон. Автотээврийн болон Зөрчлийн тухай хуулиар замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болж байна. Д.А-ийн хувьд доголдолтой гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Техникийн мэдлэггүй хүн мэдэх боломжгүй. Доголдолтой эд хөрөнгө худалдсан тул гэрээг цуцалж, 16,750,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.   

 

2.Хариуцагч П.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие өөрийн “Mitsubishi Delica” маркийн машинаа 2022 оны 08 дугаар сарын 04-нд Д.А гэх хүнтэй уулзаж харилцан тохиролцсны үндсэнд 17 сая төгрөгөөр худалдсан. Тухайн үед А-ийн нөхрийн таньдаг гэх Төгс автосервест доод эд ангийг, Эко автозасварт мотор кропоо шалгуулж ямар нэг асуудалгүй байна гэж үзээд бичиг баримтаа түүний нэр дээр шилжүүлж өгсөн. Тэгээд Аөөрөө машинаа унаад явсан. Маргааш өдөр нь утасдаж рулийн аппаратын уян солиулж байна засварын тал мөнгө болох 250,000 төгрөгийг шилжүүлж өгөөч гэж гуйсны дагуу шилжүүлсэн. Тухайн үед машин буцаах, мөнгө өгөх тухай яриагүй. Д.А нь өөрийн биеэр автомашинаа шалгаж, өөрийн сайн мэдэх 2 автозасварын газарт доод эд анги болон мотор кропоо шалгуулж, ямар нэгэн гэмтэлгүй гэж үзээд бичиг баримтаа шилжүүлж авсан тул нэхэмжилсэн 16,750,000 төгрөгийг төлж чадахгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.   

2.1.Хариуцагчийн өмөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Д.А, П.У нар 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг амаар хийсэн. Хоёр газар очиж оношлуулах саналыг Д.А өөрөө тавьсан бөгөөд очиж үзүүлсэн байдаг. Тэгээд худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар болж нэр шилжүүлсэн байдаг. П.У хөдөө байдаг тул утас нь холбогдохгүй. Тэгээд Д.А нь Улаанбаатар хотод байдаг эгч рүү нь холбогдоод рулийн уян засуулахад 500,000 төгрөг гэнэ, 250,000 төгрөг өгөөч гэж гуйсны дагуу шилжүүлсэн байдаг. Юу нь мэдэгдэхгүй 250,000 төгрөг биш юм. 7 хоногийн дараа машин буцаая гэдэг асуудлыг П.У-тай биш эгчтэй нь ярьсан байдаг. Шинжээчийн дүгнэлтийн хувьд 2 удаа гарсан. Эхний шинжээчийн дүгнэлт нь хөдөлгүүр бага зэргийн доголдолтой, ашиглах боломжтой гэж гарсан. 2 дахь дүгнэлт  бага зэргийн доголдолтой, ашиглах боломжгүй гэж гарсан. Шинжээчийн дүгнэлтээр техникийн мэдлэггүй хүн мэдэх боломжгүй гэж гарсан. Тиймээс П.У ч моторын гэмтлийн талаар мэдэхгүй. Худалдах үедээ мэргэжлийн засварын газар нь шалгуулаад худалдсан. Шилжүүлэх үед мотор асуудалгүй, доголдолгүй байсан. Эхний  шинжээчийн дүгнэлт гарсаны дараа 2022 оны 11 дүгээр сарын 03-нд “Сод” авто сервист үзүүлсэн байдаг. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

 

3.Нотлох баримт: Нэхэмжлэгч талаас:

-ХААН банкны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” 1 хуудас /хх-ийн 4 дүгээр хуудас/

-Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 5 дугаар хуудас/

-2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Э.Б, П.Унарын хооронд байгуулагдсан “Худалдах, худалдан авах гэрээ”, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 6-8 дугаар хуудас/

-П.У-ын “Автотээврийн төвд гаргасан хүсэлт” /хх-ийн 9 дүгээр хуудас/

-“Сод” автосервисийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн зарлагын баримт /хх-ийн 10 дугаар хуудас/

-“Сод” автосервисийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зарлагын баримт /хх-ийн 49 дүгээр хуудас/

-“Autopit” center 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Үзлэгийн хуудас” /хх-ийн 50 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргасан өгсөн байна.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр:

-2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Техникийн шинжээчийн дүгнэлт” /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

-2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт. /хх-ийн 65-75, 76-86 дугаар хуудас/ зэргийг шүүх бүрдүүлсэн байна.

  

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч тал нь “худалдан авсан автомашины хөдөлгүүр гэмтэлтэй тул гэрээнээсээ татгалзаж, автомашиныг буцаан өгөхөөр П.У-т мэдэгдсэн боловч утсаа авахгүй, миний шилжүүлсэн 16,750,000 төгрөгийг өгөөгүй гэх үндэслэлээр П.У-аас 16,750,000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “Автомашин эвдрэл, гэмтэлгүй, өөрийн 1 жил орчим хугацаанд унаж хэрэглэсэн зүгээр байсан автомашиныг худалдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргасан.

 

4. 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Д.А нь П.У-аас 3733 УНМ улсын дугаартай, “Mitsubishi.Delica-D:5” маркийн суудлын автомашиныг 17,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, автомашины үнийг П.У-ын ХААН банкны 5939037675 тоот дансанд шилжүүлж, П.У нь Д.А-ийн нэр дээр автомашин эзэмшигчийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргаж, автомашиныг шилжүүлэн өгсөн болох нь ХААН банкны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”, Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.

 

Талууд дээрхи гол нөхцлийн талаар тохиролцож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан “Худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулсан байх ба гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх,  ...худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг бөгөөд худалдагч П.У нь “Mitsubishi.Delica-D:5” маркийн суудлын автомашиныг Д.А-т хүлээлгэн өгч, автомашин эзэмшигчийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг түүний нэр дээр гаргаж өгсөн, худалдан авагч Д.А нь автомашины үнэ 17,000,000 төгрөгийг П.У-ын ХААН банкны 5939037675 тоот дансанд шилжүүлж талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн талаар зохигч маргаагүй.

 

5.Нэхэмжлэгч Д.А нь хөдөлгүүр нь гэмтэлтэй автомашиныг худалдсан гэж, хариуцагч П.У нь автомашин эвдрэл, гэмтэлгүй байсан гэж, талууд автомашин биет байдлын доголдолтой байсан эсэх талаар маргаж байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч П.У нь биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагч Д.А-ийн өмчлөлд шилжүүлэх үндсэн үүрэгтэй бөгөөд гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэхээр хуульд заасан.

 

Нэхэмжлэгч Д.А нь “худалдагч П.У-ыг өөрийн машиныг эвдрэл гэмтэлгүй, мотор, хроп ямар ч асуудалгүй, хийх зүйл огт байхгүй гэж тайлбарласан гэж байгаа боловч энэ нь автомашины чанарын талаар тусгайлан тохиролцсон гэж үзэх үндэслэл болохгүй байна.

 

Иймд талуудыг автомашины чанарын талаар тусгайлан тохиролцоогүй гэж үзэх бөгөөд зориулалтаар нь ашиглах боломжтой эд хөрөнгийг чанарын хувьд доголдолгүй гэж үзэхээр Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт заасан.

Д.А нь 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр П.У-аас 3733 УНМ улсын дугаартай, “Mitsubishi.Delica-D:5” маркийн суудлын автомашиныг худалдан авч, гэрчилгээг шилжүүлэн авмагцаа гэрийн гадаа ирэх хооронд автомашины  мотор буюу хөдөлгүүр нь чанга тачигнаж дуугарч байгаад унтарсан тул 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “Сод” автосервист 3733 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд компьютер оношлогоо, явах эд ангийн оношлогоо хийлгэсэн болох нь “Зарлагын баримт”-аар тогтоогдож байна. /хх-ийн 10-р тал/

 

Мөн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Сод” автосервист автомашинаа оношлуулахад “Мотор муудсан, солих шаардлагатай, 4,300,000 төгрөг, рулийн аппарат дуутай, хойд амаржин муудсан” гэж, “Autopit” төвийн үзлэгийн хуудсаар “Хөдөлгүүрийн дотоод даралт маш өндөр, компрессгүй болсон. Хөдөлгүүрийн дотор эд ангид ноцтой дуу орсон. Катализатор алдаа үүссэн” гэж тус тус дүгнэсэн, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлтээр “Уг автотээврийн хэрэгслийн ...нүүрс хүчлийн хий нь СО нь стандартын шаардлага хангахгүй хөдөлгүүрийн ажиллагаа доголдолтой, иймээс уг авто машиныг зориулалтын дагуу ашиглах боломжгүй” болох нь тогтоогдож байна. 

 

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд “хөдөлгүүрийн доголдлыг техникийн мэдлэггүй хүн гаднаас үзээд мэдэх боломжгүй, ...” гэж дүгнэсэн тул худалдан авагч Д.А нь автомашиныг хүлээж авах үедээ доголдлын талаар мэдээгүй бөгөөд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан гомдлын шаардлага гаргах хугацаанд доголдлыг илрүүлсэн байна.

 

Хариуцагч дээрх авто засварын газрын дүгнэлт болон шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх, автомашиныг чанарын шаардлага хангасан доголдолгүй байсан талаарх баримтыг шүүхэд гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Автомашиныг зориулалтын дагуу ашиглах боломжгүй, биет байдлын доголдолтой тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасны дагуу худалдан авагч Д.А нь гэрээг цуцлах тухай шаардлагыг нөгөө талдаа гаргах эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэн хариуцагч П.У-т автомашиныг буцаан өгч, төлсөн мөнгөө буцаан авах шаардлагыг гаргажээ.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” тул хариуцагч П.У нь Д.А-ийн автомашины үнэд төлсөн 17,000,000 төгрөгийг буцааж өгөх үүрэгтэй.

Иймд П.У-ын буцаан шилжүүлсэн 250,000 төгрөгийг хасаж, үлдэх 16,750,000 төгрөгийг П.У-аас гаргуулан Д.А-т олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

6.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Д.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241,700 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгон, хариуцагч П.У-аас улсын тэмдэгтийн хураамжид 241,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А-т олгож шийдвэрлэв.

 

7.Нэхэмжлэгч Д.А-ээс гаргасан 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Э.Б, П.У нарын хооронд байгуулагдсан “Худалдах, худалдан авах гэрээ”, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, П.У-ын “Автотээврийн төвд гаргасан хүсэлт” зэрэг хуулбар нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Техникийн шинжээчийн дүгнэлт” /хх-ийн 38-39 дүгээр хуудас/-ийг нэхэмжлэгч тал эргэлзээтэй гэж үзэн дахин шинжээч томилуулсан тул эдгээр нотлох баримтуудыг  шүүх үнэлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэг, 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, авто машины үнэд төлсөн 16,750,000 төгрөгийг хариуцагч П.У-аас гаргуулж, нэхэмжлэгч Д.А-т олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.У-раас улсын тэмдэгтийн хураамжид 241,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А-т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

          5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.БОЛОР-ЭРДЭНЭ