| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 195/2025/0902/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1039 |
| Огноо | 2025-04-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1039
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,
улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,
хохирогч Б.Э ,
шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.М-д холбогдох эрүүгийн 2508009000318 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр ************** аймгийн *********** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, *******мэргэжилтэй, “***” ХХК-нд ******* ажилтай, ам бүл **, *** хамт Улаанбаатар хот, ********** дүүргийн ** дугаар хороо ** гудамж ** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Д овогт О-ийн М (РД:***************).
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч О.М нь 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уулын 16 дугаар гудамж 77 тоотод хамтран амьдрагч Б.Э ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь зүүн гарын долоовор хуруунд тархмал цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт зулгаралт, зүүн шуунд цус хуралт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч О.М нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй оролцсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно гэдгээ бичгээр илэрхийлсэн.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав:
3.1. Хохирогч Б.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хүүхдүүдийнхээ эцгүүдтэй ер нь холбоогүй байдаг. Тэр үед хамт гадуур явдаг хүүхнүүдтэйгээ хонож өнжин архи ууж байгаад ирсэн. Тэгээд ирэхдээ халамцуу ирсэн хэр нь гаднаас 2 ширхэг пиво ууж байгаад ирсэн. Намайг бие өвдөөд хэвтэж байхад хоол хийсэнгүй гээд уурлаад байсан. Хамт уусан хүмүүсийнх нь над руу явуулсан зураг, бичлэг нь байгаа. Би энэ хүнээс маш их айдастай байна. Хэзээ орж ирээд намайг алчих бол гэсэн маш их айдастай байна. Архи уухаараа жоохон муухай зантай. Гараас маань утас булааж авахдаа гарыг арагш нь хөшөөд авсан. Тэр өдөр надаас архины мөнгө нэхсэн. Тэгэхээр нь би үгүй гэсэн. Маргааш нөгөөдрөөс нь ажилдаа явах байсан болохоор нь одоо болно гэж хэлсэн. Тэр өдөр маргалдах юм байхгүй байхад чи хоол хийж өгсөнгүй гэдгээс өөрөөр маргаан үүсээгүй. Намайг хардаж, сэрддэг. Надад анхны тусламж үзүүлж байгаагүй. Гэрт түлээ, нүүрс авсан нь үнэн. Эм тарианы мөнгө аваагүй. Ер нь гомдолтой байна. Тэрнээс хойш зөндөө ирж зодсон. Тэрнээс хойш хоёр хүүхэдтэй маань ирж зодсон. Авч явсан утасны лизингийн төлбөрийг төлж байна. Энэ хүнээр лизингээ төлүүлмээр байна. Яагаад намайг зодож нүдээд ажил хийлгэхгүй орлого хаагаад байдгийг нь ойлгохгүй байна. Тэр нь хэцүү байдаг байсан...
...Намайг өөрийн гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уулын 16-77 тоотод байж байхад 2025 оны 01 дүгээр сарын 12-ны 21 цагийн үед хамтран амьдрагч О.М гаднаас согтуу орж ирээд хоол унд хийж өгсөнгүй гэх шалтгаанаар уурлаад намайг хараасан. Тэгээд миний утсыг шүүрч аваад ямар юмтайгаа чатлаад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь цагдаагийн байгууллагад хандах гэтэл миний гараас О.М миний утсыг булааж авах гээд миний зүүн гарын долоовор хурууг арагш нь нугалаад дарсан. Тэгээд миний хуруу гэмтсэн... Тэгээд миний зүүн шанаа хэсэгт 1 удаа цохиод, үснээс зулгаасан...” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл, хавтаст хэргийн 20-22 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлээс),
3.2. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2276 дугаартай “...Б.Э ийн биед зүүн гарын долоовор хуруунд тархмал цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт зулгаралт, зүүн шуунд цус хуралт, дагз, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),
3.3. Аюулын зэргийн “дунд” гэсэн үнэлгээ (хавтаст хэргийн 65-66 дахь тал),
3.4. Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 68-70 дахь тал),
3.5. Шүүгдэгч О.М-гийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Анх хоол унд гэж хэрүүл хийгээгүй. Өглөө босоод байж байсан чинь том охиных нь нөхөр гэх хүн залгаад өмнөх нөхрөө нас барсан гэж хэлсэн чинь гэнэтхэн нөгөө хүн нь гараад ирсэн. Тэгээд байж байсан чинь дахиад өөр хүн гарч ирснээ Эрдэнэт рүү 2 хүүхдийг нь аваад явчихсан. Тэгээд би сууж байгаад нэг нь өнгөрчихсөн гэсэн яасан юм гэсэн чинь гадаадад байж байгаад сая ирсэн байна лээ гэсэн. Маргаан үүнээс болж эхэлсэн. Дэлгүүр орж 2 пиво аваад гадаа ууж байгаад гэр рүүгээ орсон. Тэгтэл цагдаа дуудаж байсан. Тэгэхээр нь чи бид хоёр хэрэлдээгүй байж яагаад ингэж байгаа юм бэ гэсэн. Тэгээд гарыг нь эвгүй болгочихсон. Энэ миний буруу...
...Тухайн өдрийн өглөө нь Э бид хоёр муудалцсан байсан юм. Тэр уурандаа орой нь ороод Б.Э тэй дахин муудалцаад би Э-ийн өмнөх явдлуудыг нь яриад элдэв янзын хүмүүс рүү харьцдаг, хавь ойрын хүмүүс рүү шалдан нүцгэн зургаа явуулдаг өөдөөс уурлаад чи яахлаараа миний утсыг оролддог юм би чамайг цагдаа дуудаж өгнө гээд цагдаагийн байгууллага руу мессеж бичиж байхаар нь би утсыг нь булааж авах гэж байгаад зүүн гарын долоовор хурууг нь хойш нь нугалсан юм. Тэгээд над руу орилоод хөлөөрөө өшиглөөд байхаар нь би 4-5 удаа нүүр хэсэг рүү нь алгадсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлээс) зэргийг шинжлэн судлав.
4. Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийг яллах үндэслэл болгосон нотлох баримтууд нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй тогтоож чадсан байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
5. Гэм буруугийн талаар.
5.1. Хэргийн үйл баримтуудаас дүгнэхэд: Шүүгдэгч О.М нь 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хамтран амьдрагч Б.Э ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь зүүн гарын долоовор хуруунд тархмал цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт зулгаралт, зүүн шуунд цус хуралт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь: хохирогч Б.Э ийн мэдүүлэг /хх-20-22, шүүх хуралдааны тэмдэглэлээс/, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2276 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-27-28/, Аюулын зэргийн үнэлгээ /хх-65-66/, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-68-70/, шүүгдэгч О.М-гийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тэгээд гарыг нь эвгүй болгочихсон. Энэ миний буруу” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн .... дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлээс) зэргээр нотлогдон тогтоогдож байна.
6. Хууль зүйн дүгнэлт.
6.1. Шүүгдэгч О.М нь Б.Э ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.
6.2. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн обьектив талын шинж нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдэл байх ба энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байна.Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг хохирол учирсан байхыг шаардсан гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч О.М-гийн үйлдлийн улмаас хохирогч Б.Э т хөнгөн хохирол учирсан болох хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.
Уг хохирол нь 2024 оны А/225/,А153,/А85 дугаартай Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан тушаалын хавсралтаар баталсан журмын 3 дахь хэсгийн 3.1.1-т зааснаар хөнгөн хохиролд хамаарч байгаа болох нь Шүүх шинжилгээний ерөнхийн газрын 1330 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 18-19 х/-ээр тогтоогдсон. Хохирогч Б.Э ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч О.М-гийн үйлдлээс үүссэн хохирол тул шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой.
6.3. Шүүгдэгч О.М өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж хөнгөн хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Тухайлбал, хохирогчийн зүүн гарын долоовор хурууг мушгих, нүүр, толгой, биеийн хэсэгт нь гараар цохих зэрэг үйлдлээр зүүн гарын долоовор хуруунд тархмал цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт зулгаралт, зүүн шуунд цус хуралт, дагз, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нь энэ гэмт хэргийн субьектив талын санаатай байх шинжийг хангасан.
6.4. Энэ гэмт хэргийн субьект нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, хувь хүн байх нийтлэг шаардлагыг хангасан. Сэтгэцийн талаар заавал шинжилгээ хийлгэх хуульд заасан нөхцөлд хамаарахгүй, түүний хэрэг хариуцах чадвартай эсэхэд эргэлзэх үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
6.5. Хууль тогтоогч уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хуульчилсан.
Шүүгдэгч О.М-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.
6.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан Хууль ёсны зарчимд энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална хэмээн хуульчилсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэх нэр томьёог Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан нэр томьёоны тодорхойлолтоор тайлбарлаж ойлгох нь хууль ёсны зарчимд нийцнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг зааж өгсөн ба мөн зүйлийн 3.1.1.эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарахаар хуульчилсан.
Мөн хуулийн 5.1.1."гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;
5.1.6."хамтран амьдрагч" гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг; ойлгоно хэмээн тус тус тодорхойлсон.
6.7. Тухайлбал, хохирогч Б.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн хүнтэй 2019 онд анх зүс таньдаг байсан. Тэгээд 2024 оны 5 сараас хойш дахин уулзаад хамтран амьдрах болсон...” гэсэн мэдүүлэг (хх-21) авагдсан ба шүүгдэгч О.М энэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч байгаа, энэ хоёрын хооронд гэр бүлийн бүртгэл байхгүй тул хамтран амьдрагчийн тухай дээрх хуулийн нэр томьёоны тодорхойлолтод нийцэж байгаа.
6.8. Шүүгдэгч О.М-гийн хамтран амьдрагч Б.Э ийн эрүүл мэндэд үл ялих зүйлээр шалтаглан халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос О.М-гийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь уг хэргийн бодит байдалтай нийцэж байгаа, хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
7. Хохирол-хор уршиг.
7.1. Хохирогч Б.Э нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирол тогтоолгохоор шинжээч томилуулж шинжилгээ хийлгэхгүй, тухайн асуудал болсноос хойш ямар нэгэн байдлаар эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй /хх-22/ гэх мэдүүлгийг өгсөн хэдий ч шүүх хуралдаан дээр дээрх хохирол, хор уршгийг нэхэмжилнэ гэсэн саналыг илэрхийлсэн боловч энэ талаар хэрэгт цугларсан нотлох баримтгүй тул эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, уг асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3-т зааснаар иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг тогтоолд зааж, хохирлын хэмжээний тухай асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэхээр шилжүүлэх нь зүйтэй.
8. Эрүүгийн хариуцлагын талаар.
8.1. Улсын яллагчаас: Шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгож, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.
8.2. Шүүгдэгч О.М-гээс: “ял шийтгэлийн талаар хэлэх зүйл байхгүй” гэсэн.
8.3. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
8.4. Шүүгдэгч О.М-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, энэ гэмт хэргийн улмаас үүссэн сэтгэл санааны болон эд хөрөнгийг хор уршиг арилаагүй, хувийн байдлын хувьд гэмт хэрэг үйлдэхдээ архидан согтуурсан байсан, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний 2,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэсэн.
9. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Д овогт О-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.М-г 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг О.М-д үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Э нь эд хөрөнгийн болон сэтгэл санаа, бие махбодын хохирлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ