2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2475

 

 

     2025         10           29                                         2025/ШЦТ/2475

 

           

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тойргийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сувд-Эрдэнэ,

улсын яллагч Б.Цэцэгмаа,

хохирогч А.Ө , түүний өмгөөлөгч П.Ганбилэг,

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-т холбогдох эрүүгийн 2406 08253 2147 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.О-, Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр, ... хашаанд А.Ө тай үл ялих зүйлээр маргалдан зодож, түүний биед ухархайн доод болон дотор ханын хугарал, зүүн зовхинд цус хуралт, хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хохирогч А.Ө  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Том машинтай жолоо барьж байгаад ачаагаа буулгаад машинаа ухраах гэсэн чинь гэрлээ тусгаад би ухарч чадахгүй. Гэрлээ шилжүүлчих, би ухрах гээд байхад гэрлээ тусгаад байна гэж хэлсэн. Толгой руугаа төмрөөр цохиулсан. Үүнийг шарх гэж яриад байна. Язралт үүсээд оёдол тавиулсан. Ухархайн хэсэгт гэмтэл авсан болохоор яаралтай хагалгаанд ор гээд хувийн эмнэлэгт орсон. Ар гэр надаас хамааралтай би ганцаараа ажилдаг байсан. Үүнээс болж ар гэр минь хэцүү байдалд орсон. Ядаж хагалгааны мөнгөө авчмаар байна гэхэд 12 дугаар сард 800.000 төгрөг өгсөн. О-тай ярилцахаар ойлголцохгүй. Би хууль сайн мэдэхгүй болохоор сүүлдээ өмгөөлөгч хэргээ шийднэ гэсэн. Хүн чанартай бол бие чинь гайгүй юу гэж залгаад асуух байсан байх. Гэтэл нэг ч залгаж яриагүй. Би толгойн  дагзанд гэмтэл авсан болохоор доошоо харж хэвтэж чадахгүй, дээшээ харж хэвтэж чадахгүй. Ажилгүй эхнэр минь намайг асарч хүүхдүүд минь ч гэсэн хичээлдээ явж чадахгүй 2 сар гаран хүнд хэцүү байдалтай байсан. Шүүх хуралдаан болох гэж нэг жил болсон. Одоо намайг хохиролгүй болгоод өгөөч гэж хүсэж байна. Би Оюу толгойд ажиллаж байгаад цалингийн зээл аваад хувиараа юм хийх гэж ачааны машин аваад Замын-үүд, Эрээн, Улаанбаатар хотын хооронд ирис хийгээд явж байсан. Энэ хэрэг болсноос хойш ажилдаа явж чадахгүй. Олсон орлого байхгүй зогссон. Тухайн үед нэг ирисийг 4,200,000-4,700,000 төгрөгөөр ачдаг байсан. Машин авахдаа байнгын ачаатай явдаг гэрээ байгуулж авсан. Намайг ирэхгүй болохоор байнгын ачаагаа өөр машин руу шилүүлчихлээ гэсэн. Би яаж зээлээ төлөх юм бэ? Надад байнгын ачаатай машин хэрэгтэй гэхэд яваагүй олон сар болсон гэж хэлсэн. Банкны зээлээ төлөхийн тулд жижиг тээврийн хэрэгслээ зарж арай гэж хавартаа золгож, хавраас ажилдаа явж эхэлсэн. Ажилдаа явж эхлээд удаан хугацаанд явахад хагалгаа хийлгэсэн нүд маань аргаад урьдынх шиг явж чадахгүй байгаа.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар   

Хохирогч А.Ө ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 09-ний шөнийн 22 цагийн орчимд би 22 дугаар авто бааз дээр байрлуулж тавьсан тээврийн хэрэгслээ очиж авах гээд очсон юм. Тэгээд миний зогсож байсан тээврийн хэрэгслийн хойд талд том оврын шаланз загварын тээврийн хэрэгслийн хажуу талд гэрэл тусгаад засвар хийж байсан портер машин зогсож байхаар нь би тэнд байсан хүнд гэрлээ шилжүүлэх талаар хэлэхээр нь би та машин жолоодож байгаа бол гэрлээ яагаад шилжүүлэхгүй байгаа юм бэ гээд хэлтэл тэр залуу гартаа борток, дамкорад барьж зогсож байснаа тэр залуу пиздаа минь чамайг энүүгээр шаачихана шүү гээд хэлсэн юм. Тэгээд тэр залуу цаашаа эргээд том машины доогуур орох гэж байгаа бололтой байхаар нь би өөрөө бодохдоо холын замд явах гэж байж хүнтэй хэрүүл маргаан хийгээд явах вэ гэж бодоод хоёр алхаад явж байтал миний араас бордок, төмрөөр цохисон юм. Тэр залуу намайг цохиж авахдаа дахиад цохиж авах гээд дайраад байхаар нь би боль хөгшөөн чи миний толгой хагалчихлаа гэж хэлээд толгойгоо дарж хэсэг сууж байгаад нэг хартал тэр залуу /.../ том оврын тээврийн хэрэгслийн доогуур ороод хэвтэж байхаар нь би гараад ирээч гэж дуудаад чи яагаад намайг төмрөөр цохиж байгаа юм бэ гээд хэлтэл тэр залуу дахиж миний нүүрэн тус газарт цохиж авсан юм. Тэгээд би хэсэг сууж байгаад цагдаад дуудсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14822 дугаар: “А.Ө ын биед зүүн ухархайн доод болон дотор ханын хугарал, зүүн зовхинд цус хуралт, хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагпйн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой, уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдсон бөгөөд цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас),

Шүүгдэгч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...миний өөдөөс хэний машин бэ гээд нэр усын мэдэхгүй залуу /А.Ө / уурлаад гараад ирсэн юм. Тэгээд надад уурлаад гэрлээ шилжүүлэх талаар хэлээд уурлаад байхаар нь би барьж явсан дамкорат, дамкоратны иш хоёроо дугуйны хажууд аваачиж тавиад эргээд хартал машины гэрэлд хүн сүүдэгнэж гарч ирхээр нь би сандарч эргэж харахдаа тэр залууг дамкоратны ишээр цохиж авсан юм. Тэгээд би цагдаа дуудах талаар хэлээд машин доогуур орж дугуй дамкортаар өргөөд байж байхад хөөе чи гараад ир гээд хэрүүлийн чанартай зүйл ярьж байхаар нь би тэр залуу зогсож байсан газрын нөгөө талаар нь тойрч гараад өөрийн машин дээрээ очиж багаж авах гэж байхад тэр залуу миний өөдөөс тулаад хүрээд ирхээр нь намайг цохих гэж байна гэж бодоод би тэр залууг гараараа нэг удаа нүүрэн тус газарт нүд рүү нь цохиж авсан байсан юм. Тэгээд би цагдаа дууд гэж хэлээд тэр залууд ойртоогүй, би ажилаа хийж байхад цагдаа нар ирж байсан юм. Тэгээд би тэр залуугаас уучлалт гуйсан юм. Миний биед халдаж зодоогүй, миний араас дагаж яваад хэрүүл хийгээд байсан юм. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний төрсөн дүү Ц , тээврийн хэрэгслийн дугуй засуулах талаар дуудлага мэдээлэл өгсөн жолооч байсан юм. Утас  гэсэн дугаартай байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

Хохирогч А.Ө-аас гаргаж өгсөн хохирлын баримтууд (хавтаст хэргийн 90-93 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 14/5035 дугаар “Шинжилгээ хийхээс татгалзах тухай” тоот (хавтаст хэргийн 97 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас), 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58 дугаар хуудас),

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 65 дугаар хуудас), Бүртгэлийн 1175 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, А.Ө ын нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны  дугаар дансны хуулга (нийт 58 хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.О нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр, ... хашаанд А.Ө тай үл ялих зүйлээр маргалдан зодож, түүний биед ухархайн доод болон дотор ханын хугарал, зүүн зовхинд цус хуралт, хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.О нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр, ... хашаанд А.Ө тай үл ялих зүйлээр маргалдан зодож гэмтэл учруулсан байна.

Хохирогч А.Ө д Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14822 дугаар дүгнэлтээр “зүүн ухархайн доод болон дотор ханын хугарал, зүүн зовхинд цус хуралт, хуйханд шарх” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Б.О нь хохирогч А.Ө ыг зодож, түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хохирогч А.Ө д Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14822 дугаар дүгнэлтээр “зүүн ухархайн доод болон дотор ханын хугарал, зүүн зовхинд цус хуралт, хуйханд шарх” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.О нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Б.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,

513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан баримтаар хохирогч А.Ө ын эрүүл мэндэд учирсан хохиролд 3.792.400 төгрөг тогтоогдсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгч нь хохирогчид 800.000 төгрөгийг төлсөн тул шүүгдэгчээс нийт 3.325.200 төгрөгийг гаргуулан 2.992.400 төгрөгийг хохирогчид, мөн Эрүүл мэндийн даатгалын санд 332.800 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь хохирлыг нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан бөгөөд тус хугацаанд хохирогчид 2.000.000 төгрөгийг төлсөн учраас шүүгдэгчээс 992.400 төгрөгийг хохирогчид олгохоор болохыг дурдав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа бусдад учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үйлдсэн гэм хэргээ хүлээн зөвшөөрч байгаа эсэх байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, дээрх ялыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар хязгаарлах, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Хохирол төлбөрийн хувьд үлдэгдэл 992.400 төгрөгийг гаргуулан хохирогчид олгуулах, эрүүл мэндийн даатгалын санд төлөгдөөгүй 332.800 төгрөгийг төлүүлэх саналтай байна” гэх санал,

Хохирогчийн өмгөөлөгчөөс “Хохирлыг бүрэн төлөх 5 хоногийн хугацаа авсан боловч бүрэн төлөөгүй. Хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаанд хохирол төлбөр төлөх сэдэл санаачилга, гэмшиж байгаа байдал хангалтгүй байна гэж үзэж байна. Зэвсгийн чанартай зүйл ашиглаж маш хүнд байдлаар гэмтээсэн. Хөнгөн гэж зүйлчлэгдсэн боловч эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд өмгөөлөгчийн зүгээс биед нь мэдрүүлэх хэрэгтэй юм байна гэдэг агуулгаар торгууль гэхээр төлбөрийн чадвар муутай юм шиг байна тиймээс албадан ажил хийлгэх ялыг энэ зүйл ангийн хамгийн дээд хэмжээгээр олгож өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид зүүн ухархайн доод болон дотор ханын хугарал, зүүн зовхинд цус хуралт, хуйханд шарх гэмтэл учирсан, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.      

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-аас нийт 1.325.200 төгрөгийг гаргуулан 992.400 төгрөгийг хохирогч А.Ө д, 332.800 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчид 2.000.000 төгрөгийг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                             М.ТҮМЭННАСТ