Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/01353

 

 

О.Жын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/01137 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.Жын нэхэмжлэлтэй, хариуцагч “Г” ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 13 823 766 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Наранбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч О.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Ж би “Г” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр сэндвичин хавтан дагалдах хэрэгслийн хамт худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний нийт үнэ 16 424 600 төгрөг байснаас урьдчилгаа төлбөр 5 000 000 төгрөгийг бараа, материал авах үедээ өгснөөс хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй. Иймд “Г” ХХК-иас гэрээний үдэгдэл төлбөр 11 424 600 төгрөгийг, Сэндвичин хавтан, шруп зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар буюу хоногт 57.123х42= 2 399 166 төгрөг, нийт 13 823 766 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1., 232 дугаарзүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Г” ХХК-иас 13.823.766 төгрөгийг гаргуулж нэхэмлэгч О.Жад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 227 070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч “Г” ХХК давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Манай компани “Шүрэн цамхаг” ХХК-тай 53 дугаар сургуулийн дээврийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулж сэндвичний төлбөрт 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 7 000 000 төгрөг, 40 000 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 20 000 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 5 850 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 7 000 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 3 800 000 төгрөг, нийт 83 650 000 төгрөгийг бүрэн төлсөн тухайгаа шүүхэд нотлох баримттай гаргаж өгсөн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч О.Ж нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн худалдах- худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн сэндвичин хавтан, шруфний үлдэгдэл төлбөр 11 424 600 төгрөг, үүргээ гүйцэтгээгүйгээс хугацаа хэтрүүлсний алданги 2 399 166 төгрөг, нийт 13 823 766 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Талууд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Сэндвичин хавтан, шруф зээлээр худалдах, худалдан авах гэрээ” гэх нэртэй гэрээ байгуулж худалдагч нь 476,6 мкв сэндвичин хавтан, 5 500 ширхэг шруфыг шилжүүлэх, худалдан авагч нь урьдчилгаа төлбөрт 5 000 000 төгрөг, үлдэгдэл 11 424 600 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлж дуусахаар харилцан тохиролцсон байна./хх-4/

 

Талуудын хооронд үүссэн дээрх харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлий 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Талууд өөрсдийн байгуулсан гэрээг “Сэндвичин хавтан, шруф зээлээр худалдах, худалдан авах гэрээ” гэж нэрлэх боловч энэ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй. Учир нь зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр талууд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар худалдаж авсан эд хөрөнгийн бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам зэргийг гэрээндээ тусгасан байхыг шаардана. Гэтэл талууд гэрээндээ энэ талаар тусгаагүй байна. /хх-4/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч үнийг төлөх үүрэгтэй бөгөөд талууд гэрээний зүйл хариуцагчийн өмчлөлд шилжсэн эсэх талаар маргаагүй тул нэхэмжлэгч нь төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг авсан, үлдэгдэл төлбөр болон алдангийг шаардсан. /хх-1/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж ирүүлээгүй тул хариуцагчийг худалдан авсан гэрээний зүйлийн үнийг төлөх үүрэгтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Талууд дээрх гэрээний 3-т гэрээнд заасан хугацаандаа төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5%-ийн алданги тооцохоор тохиролцсон байх тул хариуцагчаас нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр алданги тооцон шаардах эрхтэй. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан нийцсэн.

 

Иймд хариуцагчаас сэндвичэн хавтан болон шрупны үлдэгдэл төлбөр 11 424 600 төгрөг, алданги 2 399 166 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Харин анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хамаарах хуулийн зохицуулалтыг оновчтой баримтлаагүй байх тул шийдвэрийн тогтоох 1 дэх заалтад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримталсан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/01137 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “262 дугаар зүйлийн 262.1” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                ШҮҮГЧИД                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД