| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 1902007630171 |
| Дугаар | 2021/ДШМ/760 |
| Огноо | 2021-08-19 |
| Зүйл хэсэг | 22.4.4., 22.5.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэвдагва |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2021/ДШМ/760
2021 8 19 2021/ДШМ/760
Д.Х, Д.Д, Ж.У,
Д.Б нарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Пүрэвдагва,
шүүгдэгч Ж.Угийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/406 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Энхжаргалын бичсэн 2021 оны 7 дүгэр сарын 9-ний өдрийн 47 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч Д.Дийн гаргасан давж заалдах гомдлоор тус тус Д.Х, Д.Д, Ж.У, Д.Б нарт холбогдох эрүүгийн 1902007630171 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.Х нь Нийслэлийн Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “албан тушаалтан, өөрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно.”, 17.4 дэх хэсэгт “энэ хуулийн 17.2-т заасан хандив, санхүүгийн туслалцаа авсан албан тушаалтан, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага 2 жилийн хугацаанд хандивлагчтай холбоотой аливаа шийдвэр гаргахыг хориглоно.”, Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7 дахь хэсэгт “Суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно”, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1-т заасан “Боловсролын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах” гэсэн болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 2008 оны 56/64 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм”-ийг тус тус зөрчин Нийслэлийн боловсролын газрын даргын “Хамран сургах тойрог тогтоох тухай” тушаалын хавсралтаар баталсан Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгийн харьяаллын бус иргэдийн хүүхдүүдийг тухайн цэцэрлэгт элсүүлэн суралцуулах хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж,
2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр П.Уаас 100,000 төгрөгийн,
2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Х.Аоос 300,000 төгрөгийн,
2016 оны 9 дүгээр сард С.Чаас 100,000 төгрөгийн,
2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Д.Дээс 300,000 төгрөгийн,
2018 оны 9 дүгээр сард Д.Бээс 200,000 төгрөгийн,
2018 оны 10 дугаар сард Ж.Угаас 200,000 төгрөгийн хахууль авсан буюу 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын хооронд үргэлжилсэн үйлдлээр нийт 1,200,000 төгрөгийн хахууль авсан,
шүүгдэгч Д.Б нь өөрийн охин Ц.Эг Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгт элсүүлэн суралцуулах гэсэн давуу байдал бий болгох зорилгоор Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Хын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 9 дүгээр сард 200,000 төгрөгийн хахууль өгсөн,
шүүгдэгч Д.Д нь өөрийн охин Д.Ег Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгт элсүүлэн суралцуулах гэсэн давуу байдал бий болгох зорилгоор Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Хын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 300,000 төгрөгийн хахууль өгсөн,
шүүгдэгч Ж.У нь өөрийн ач охин Д.Үг Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгт элсүүлэн суралцуулах гэсэн давуу байдал бий болгох зорилгоор Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Хын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 200,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Д.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Д.Д, Ж.У, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хахууль авсан” гэмт хэргийг буюу шүүгдэгч Д.Д, Э.У, Д.Б нараас нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Д, Ж.У, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгсөн” гэмт хэргийг буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор шүүгдэгч Д.Хд түүний албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хын нийтийн албан томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д, Ж.У, Д.Б нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хын цагдан хоригдсон 74 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож торгох ялын хэмжээг 8,890 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,890,000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хын нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, шүүгдэгч Д.Д, Ж.У, Д.Б нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тус тус 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Хын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1,200,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Д давж заалдах гомдолдоо: “... миний бие хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн мэдүүлж ирсэн бусдад төлөх төлбөргүй билээ. Би бодит байдлыг буруу ойлгож, цэцэрлэгт хүүхдээ оруулахад хандив өгөх ёстой мэтээр ойлгон уг үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд бага насны хоёр хүүхэдтэй, эхнэр ажил, хөдөлмөр эрхэлдэггүй гэртээ хүүхдээ хардаг юм. Би ганцаараа дунд сургуулийн багшийн ажил хийж гэр бүлээ тэжээдэг. Иймээс миний хувийн байдлыг харгалзаж, шийтгэх тогтоолын надад холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авч өгнө үү.” гэв.
Прокурор А.Энхжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “... Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Хыг нийтийн албан тушаалтан буюу Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн түр орлон гүйцэтгэгчээр болон эрхлэгчээр томилогдон ажиллаж байх хугацаандаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7 дахь хэсэг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, сангийн сайдын хамтарсан 2008 оны 56/64 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм”-ийг тус тус зөрчин Нийслэлийн Боловсролын газрын даргын “Хамран сургах тойрог тогтоох тухай” тушаалын хавсралтаар баталсан Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгийн харьяаллын бус иргэдийн хүүхдүүдийг тухайн цэцэрлэгт элсүүлэн суралцуулах хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, П.Уаас 100,000 төгрөгийн, Х.Аоос 300,000 төгрөгийн, С.Чаас 100,000 төгрөгийн, Д.Дээс 300,000 төгрөгийн, Д.Бээс 200,000 төгрөгийн, Ж.Угаас 200,000 төгрөгийн хахууль авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Хыг 2015 оноос 2018 оны хооронд нэр бүхий 6 эцэг, эхээс үргэлжилсэн үйлдлээр 1,200,000 төгрөгийг хувийн дансаараа шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хахууль авах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцэж байна гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... Д.Хыг ... шүүгдэгч Д.Д, Ж.У, Д.Б нараас нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд ... тооцсугай.” гэж хахууль өгөх үйлдэлд яллагдагчаар татагдсан боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан гэх үндэслэлээр прокурорын шатанд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн П.У, Х.А, С.Ч нараас хахууль авсан үйлдлийг орхигдуулан бичсэн байна. Мөн эрүүгийн хариуцлагын талаар хийсэн дүгнэлтдээ “... шүүгдэгч Д.Д, Ж.У нар нь “хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон ...” гэж шүүгдэгч Д.Бийг орхигдуулан бичжээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлагын талаар хийсэн дүгнэлт болон Тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ж.Угийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон хариуцлага оногдуулсан. Ж.У нь мөрдөн байцаалтын шатнаас эхлээд үнэн зөв мэдүүлэг өгч байсан. Мөн анхан шатны шүүх хуралдааны үеэр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Д.Бийн нэрийг орхигдуулсан талаар дүгнэлт хэсэгтээ залруулга хийх боломжтой. Д.Дийн гомдол хууль зүйн үндэслэлгүй, хүлээж авах боломжгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Прокурор Д.Пүрэвдагва шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Хыг нэр бүхий 6 иргэнээс нийт 1,200,000 төгрөгийг хувийн дансаараа шилжүүлэн авч, хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. П.У, Х.А, С.Ч нарын 3 иргэний үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байгаа боловч Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа яллагдагчаар татсан байна гэж үзэн тухайн 3 иргэний үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүх нэр бүхий 6 иргэнээс хахууль авсан гэм буруутай байна гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүхэд шилжүүлсэн хэргийн холбогдогч, хахууль өгөгч 3 хүн нь буюу Д.Д, Ж.У, Д.Б нараас хахууль авсан байна бичсэн нь мөн П.У, С.Ч, Х.А нараас хахууль авсан хэргийг тогтоох хэсэгтээ орхигдуулан бичсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Д.Х нь Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа тухайн цэцэрлэгийн харьяаллын бус иргэдийн хүүхдүүдийг элсүүлэн суралцуулахаар хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр П.Уаас 100,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Х.Аоос 300,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сард С.Чаас 100,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Д.Дээс 300,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сард Д.Бээс 200,000 төгрөг, 2018 оны 10 сард Ж.Угаас 200,000 төгрөг буюу 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын хооронд нийт 1,200,000 төгрөгийн хахууль авсан,
Д.Б, Д.Д, Ж.У нарыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Хын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
гэрч Ж.Бийн “/2хх 14-16/, Б.Г-гийн /2хх 69-71/, С.Х-ын /2хх 72-73/, Н.Наранчимэгийн /2хх 75-76/, С.Б-ын /2хх 77-79, 3хх 239-240/, Х.М-ын /2хх 80-82, 3хх 230-231/, С.А-ийн /3хх 233-234/, Б.Б-ийн /2хх 83-84/, Б.Б-ийн /2хх 85-86/, Д.Ц-ийн /2хх 88/, Ш.А-ийн /3хх 241-243/, В.Г-ийн /2хх 89-91/, Б.Н-ийн /3хх 244-245/, Г.У-ийн /2хх 92-97, 3хх 227-229/, Д.Д-ийн /2хх 98-99/, Ц.Б-ийн /2хх 100-106/, М.Б-ийн /2хх 107-109/, Г.А-ийн /2хх 114/, Г.Н-ийн /2хх 115-116/, С.Ц-ын /3хх 235-236/, Ц.С-ийн /2хх 117-118, 3хх 237-238/, Б.Б-ийн /1хх 42/, Д.Д-ийн /1хх 67-68/, яллагдагч Д.Дийн /1хх 70/, Ж.Угийн /1хх 71/, Х.Аын /1хх 74, 161/, Д.Бийн /2хх 190/, П.Уын /2хх 180/, С.Чын /2хх 174/, Д.Дийн /2хх 149/, Ж.Угийн /2хх 168/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг мэдүүлгүүд,
Д-ийн Хын Хаан банкны депозит дансны хуулга /1хх 165-185/, шүүгдэгч Д.Хын Хаан банкны 5026236725 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 186-187, 4хх 7-8/, Хаан банкны 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 29/10000 дугаартай албан бичиг, лавлагаа /1хх 189/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /4хх 11/, эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 34/,
Нийслэлийн Боловсролын газрын даргын 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн Б/173 дугаартай “Д.Хыг цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” тушаал /1хх 144/, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Б/57 дугаартай “Д.Хыг 197 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилох тухай” захирамж /1хх 145/, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 2008 оны 56/64 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм”, Нийслэлийн Боловсролын газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А/68 /2хх 20-23/, 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/41 /2хх 24/, 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн А/40 /2хх 27-31/, 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/50 /2хх 32-36/, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/50 /2хх 37-41/ дугаартай “Хамран сургах тойрог тогтоох тухай” тушаалууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Хыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж “хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж, шүүгдэгч Д.Б, Д.Д, Ж.У нарыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан “хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Д.Хын Нийслэлийн Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “албан тушаалтан, өөрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно.”, 17.4 дэх хэсэгт “энэ хуулийн 17.2-т заасан хандив, санхүүгийн туслалцаа авсан албан тушаалтан, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага 2 жилийн хугацаанд хандивлагчтай холбоотой аливаа шийдвэр гаргахыг хориглоно.”, Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7 дахь хэсэгт “Суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно”, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1-т заасан “Боловсролын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах” гэсэн болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 2008 оны 56/64 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм”-ийг тус тус зөрчин Нийслэлийн боловсролын газрын даргын “Хамран сургах тойрог тогтоох тухай” тушаалын хавсралтаар баталсан Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгийн харьяаллын бус иргэдийн хүүхдүүдийг тухайн цэцэрлэгт элсүүлэн суралцуулах хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр П.Уаас 100,000 төгрөгийн, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Х.Аоос 300,000 төгрөгийн, 2016 оны 9 дүгээр сард С.Чаас 100,000 төгрөгийн, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Д.Дээс 300,000 төгрөгийн, 2018 оны 9 дүгээр сард Д.Бээс 200,000 төгрөгийн, 2018 оны 10 дугаар сард Ж.Угаас 200,000 төгрөгийн хахууль авсан буюу 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын хооронд үргэлжилсэн үйлдлээр нийт 1,200,000 төгрөгийг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч Д.Бийн өөрийн охин Ц.Эг Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгт элсүүлэн суралцуулах гэсэн давуу байдал бий болгох зорилгоор Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Хын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 9 дүгээр сард 200,000 төгрөгийг өгсөн, шүүгдэгч Д.Дийн өөрийн охин Д.Ег Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгт элсүүлэн суралцуулах гэсэн давуу байдал бий болгох зорилгоор Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Хын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 300,000 төгрөгийг өгсөн, шүүгдэгч Ж.Угийн өөрийн ач охин Д.Үг Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгт элсүүлэн суралцуулах гэсэн давуу байдал бий болгох зорилгоор Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Хын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 200,000 төгрөгийг өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүхээс Д.Хыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгож, шүүгдэгч Д.Д, Ж.У, Д.Б нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Шүүгдэгч Д.Д “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх арга хэмжээ авч өгнө үү” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.
Хэдийгээр шүүгдэгч Д.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаар давж заалдах гомдолд дурдсан хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.
Түүнчлэн, прокуророос “... анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Д.Хыг 2015 оноос 2018 оны хооронд нэр бүхий 6 эцэг эхээс үргэлжилсэн үйлдлээр 1,200,000 төгрөгийг хувийн дансаараа шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа прокурорын шатанд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн П.У, Х.А, С.Ч нараас хахууль авсан үйлдлийг орхигдуулан бичсэн, мөн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт хийхдээ хахууль өгсөн гэмт хэрэгт шүүгдэгч Д.Бийг орхигдуулан бичсэн ...” гэх үндэслэлээр бичсэн эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох”-ыг заахаар хуульчилсан байх бөгөөд прокурорын эсэргүүцэлд дурдсанаар заавал шүүгдэгчийн ямар гэмт хэрэг үйлдсэнийг үйлдэл бүрээр нэг бүрчлэн тусгах шаардлагагүй байх тул дээрх хуулийн заалтад нийцүүлэн зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй.
Түүнчлэн, анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт хийхдээ шүүгдэгч Д.Бийн нэрийг орхигдуулан бичсэн талаар дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Дийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, прокурор А.Энхжаргалын бичсэн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 47 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/406 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
1 дэх заалтад “Шүүгдэгч Цөөхөр овогт Даваасамбуугийн Хыг ... “хахууль авсан” гэмт хэргийг буюу шүүгдэгч Жааман овогт Довдонгийн Д, Боржигон овогт Жамъянгийн У, Майдар овогт Даланбаярын Б нараас ... нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, ...” гэснийг “Шүүгдэгч Цөөхөр овогт Даваасамбуугийн Хыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Дийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, прокурор А.Энхжаргалын бичсэн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 47 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ