| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Сарангэрэл |
| Хэргийн индекс | 119/2023/0009/з |
| Дугаар | 119/ШШ2023/0010 |
| Огноо | 2023-04-14 |
| Маргааны төрөл | Орон сууц хувьчлах, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 119/ШШ2023/0010
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч.Ч,
Хариуцагч: ОАЗД,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарын хоорондын
Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг ДЦС-ын 5-р байрны .. тоот орон сууцыг Ч.Ч миний өмчлөлд өгөх шийдвэр гаргахыг ОАЗД-д даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Ч нь ОАЗД-д холбогдуулан “Орон сууц өмчлөх шийдвэр гаргуулахыг даалгах”-аар маргажээ.
2. Нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “...1985 оноос хойш амьдарч буй орон сууцаа өмчилж авахаар ОАЗД-д хандсан[1] ба хариуг эс зөвшөөрч, шүүхэд хандсан[2] байна.
3.Нэхэмжлэгч нь анх 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд:
3.1. “Баянцагаан багийн ДЦС-ын 5-р байрны ... тоот орон сууцыг өмчлөлд минь өгөх тухай ЗД-аас шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү”, /хх-ийн 1-рт/,
3.2. 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа /хх-ийн 9 дүгээр тал/ тодруулж “Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг ДЦС-ын 5-р байрны .. тоот орон сууцыг Ч.Ч миний өмчлөлд өгөх шийдвэр гаргахыг ОАЗД-д даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
4.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
4.1. Миний бие Ч.Ч Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг ДЦС-ын 5 дугаар байрны .. тоотод оршин суудаг, 58 настай өндөр насны тэтгэвэрт байдаг. Манайх уг байранд 1986 оноос хойш 36 жил амьдарч байна.
4.2.Миний бие 1985 онд сургуулиа төгсөж Эрдэнэтийн хивсний үйлдвэрт томилогдож ирэхэд үйлдвэрээс уг байранд оруулсан. Тэндээ өдий хүртэл амьдарч байна. Уг байрны бичиг баримт хаана ч байдаггүй. Байрыг бидэнд өмчлүүлэх талаар удаа дараа Хивсний үйлдвэрийн захиргаанд ажилчид хүсэлт гаргаж байсан ч судалж үзээд “манай үйлдвэрийн байр биш” гэж хэлсэн. Бичиг баримтыг хөөцөлдөж аймгийн Архив, эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар, ЗД зэрэг олон газраар хөөцөлдөн явсан боловч мэдэх, шийдэх хүнгүй байсаар өдий олон жил боллоо. Уг 5-р байранд манайх шиг 9 айл одоо амьдарч байна.
4.3.ОАЗД-д хандаж 2023.01.25-ны өдөр өргөдөл гаргахад Б гэдэг хүнд цохолт хийсэн байсан ба Б нь надад амаар “та шүүхэд ханд” гэсэн хариу өгсөн. Мөн аймгийн архивт уг байрны хувьчлалын талаар ямар нэг бичиг баримт байхгүй гэсэн хариу албан бичгээр өгснийг би нэхэмжлэлдээ хавсаргаж шүүхэд өгсөн. Иймд уг байрыг миний өмчлөлд өгөх шийдвэр гаргахыг ОАЗД-д даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Ч шүүх хуралдаанд гаргасан талбартаа: “Би 1985 онд сургуулиа төгсөж ирээд Эрдэнэтийн хивсний үйлдвэрт томилогдож ирсэн. Уг үйлдвэрээс намайг энэ байранд оруулсан. Энэ байрандаа одоог хүртэл амьдарч байна. Уг байрны бичиг баримт хаана ч байдаггүй. Байрыг бидэнд өмчлүүлэх талаар удаа дараа Хивсний үйлдвэрийн захиргаанд ажилчид хүсэлт гаргаж байсан ч судалж үзээд манай үйлдвэрийн байр биш гэж хэлсэн. Бичиг баримтыг хөөцөлдөж аймгийн Архив, Улсын бүртгэлийн хэлтэс, ЗД зэрэг олон газраар хөөцөлдөн явсан боловч мэдэх, шийдэх хүнгүй байсаар өдий олон жил боллоо. Уг 5-р байранд манайх шиг 9 айл одоо амьдарч байна.
ОАЗД-д хандаж 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өргөдөл гаргахад Б.Б гэдэг хүнд цохолт хийсэн, надад амаар та шүүхэд ханд гэсэн хариу хэлсний дагуу шүүхэд хандсан. Мөн аймгийн архивт уг байрны хувьчлалын талаар ямар нэг бичиг баримт байхгүй гэсэн хариу албан бичиг ирсэн. Иймд уг байрыг миний өмчлөлд өгөх шийдвэр гаргахыг ОАЗД-д даалгаж шийдэж өгнө үү” гэв.
Хариуцагч ОАЗД С.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Ч.Ч-ийн орон сууцны өмчлөлийн асуудлыг шийдвэрлэхийг даалгах шийдвэр гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Орон сууц хувьчлах тухай хуулийн 5.1-д “энэ хууль төрийн өмчийн орон сууцыг хувьчлахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад үйлчилнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэлд дурдаж буй Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг ДЦС-ын 5 дугаар байр нь өнөөдрийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчлөлд бүртгэлгүй, хувьчлах орон сууцанд хамаарахгүй байна.
Түүнчлэн мөн хуулийн 7.1-д “Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ч.Ч-д тухайн сууцыг эзэмших эрхийн бичиг /ордер/ байхгүй болно.
Орон сууц хувьчлах тухай хуульд заасан холбогдох шаардлага хангагдаагүй байхад хууль тогтоомж зөрчиж Ч.Ч-ийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг ДЦС-ын 5 дугаар байр .. тоот орон сууцны өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх хуулиар олгогдсон эрх аймгийн ЗД-д байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Орон сууц хувьчлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д энэ хуулийн зохицуулах харилцаа, үйлчлэх хүрээг заасан байдаг. Нэхэмжлэгчийн одоо амьдарч байгаа байр нь төрийн болон орон нутгийн өмчлөлд ямар ч бүртгэлгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэл дээр дурдагдаад байгаа Хивсний үйлдвэрт мөн бүртгэлгүй, хаана ч бүртгэлгүй ийм байр байгаа. Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-т “хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй” гэж заасан байдаг. Тэгэхээр нэхэмжлэгчид маань тухайн орон сууцны ордер болон эзэмших эрхийн бичиг, орон сууц хөлслөх гэрээ байдаггүй.
ЗД нь орон сууцыг өмчлөх асуудлыг ганцаараа шийдэх эрх бүхий субьект нь биш, хуулиараа Орон сууц хувьчлах товчоо гээд бүрэлдэхүүнээр орж шийддэг. Тухайн хуралдаанаар орох байр нь төрийн болон орон нутгийн өмчлөлд бүртгэлтэй, хувьчлагдах шаардлагыг хангасан, хүн амьдрах боломжтой ийм нөхцөл шаардлагыг хангасан байр байх ёстой. Тухайн байранд амьдарч байгаа иргэн нь тухайн байрны ордер болон эзэмших гэрчилгээ, орон сууц хөлслөх гэрээтэй байхыг шаарддаг. Гэтэл нэхэмжлэгчид ийм баримт бичиг ерөөсөө байдаггүй. Мөн энэ байр нь ямар нэгэн газарт бүртгэлгүй байсан.
Энэ хүн над дээр ирж зөвлөгөө авсан тэгэхээр нь та Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар татаад шүүхэд хандах боломжтой шүү гэж хэлсэн. Манайхыг хариуцагчаар татсан гэхээр нь өмгөөлөгч нь ингэж шийдсэн юм байлгүй гэж бодсон чинь өмгөөлөгч аваагүй байсан юм байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд “шүүгч эсвэл нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн тохиолдолд жинхэнэ хариуцагчийг сольж болно” гэсэн байдаг. Манайхаас дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогч нарын тайлбар зэрэгт үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч нь ОАЗД С.Б-д холбогдуулан “Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг ДЦС-ын 5-р байрны .. тоот орон сууцыг Ч.Ч миний өмчлөлд өгөх шийдвэр гаргахыг ОАЗД-д даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд энэ шаардлагаа бүрэн дэмжиж оролцов.
3. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр маргасан.
1/ Миний бие Ч.Ч Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг ДЦС-ын 5 дугаар байрны .. тоотод оршин суудаг, 58 настай өндөр насны тэтгэвэрт байдаг. Манайх уг байранд 1986 оноос хойш 36 жил амьдарч байгаа,
2/ Миний бие 1985 онд сургуулиа төгсөж Эрдэнэтийн хивсний үйлдвэрт томилогдож ирэхэд үйлдвэрээс уг байранд оруулсан. Тэндээ өдий хүртэл амьдарч байна. Уг байрны бичиг баримт хаана ч байдаггүй. Байрыг бидэнд өмчлүүлэх талаар удаа дараа Хивсний үйлдвэрийн захиргаанд ажилчид хүсэлт гаргаж байсан ч судалж үзээд “манай үйлдвэрийн байр биш” гэж хэлсэн. Бичиг баримтыг хөөцөлдөж аймгийн Архив, эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар, ЗД зэрэг олон газраар хөөцөлдөн явсан боловч мэдэх, шийдэх хүнгүй байсаар өдий олон жил боллоо. Уг 5-р байранд манайх шиг 9 айл одоо амьдарч байна,
3/ ОАЗД-д хандаж 2023.01.25-ны өдөр өргөдөл гаргахад Б гэдэг хүнд цохолт хийсэн байсан ба Б нь надад амаар “та шүүхэд ханд” гэсэн хариу өгсөн. Мөн аймгийн архивт уг байрны хувьчлалын талаар ямар нэг бичиг баримт байхгүй гэсэн хариу албан бичгээр өгснийг би нэхэмжлэлдээ хавсаргаж шүүхэд өгсөн. Иймд уг орон сууцыг миний өмчлөлд өгөх шийдвэр гаргахыг ОАЗД-д даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэж,
4. Хариуцагч ОАЗД-аас
1/ Орон сууц хувьчлах тухай хуулийн 5.1-д “энэ хууль төрийн өмчийн орон сууцыг хувьчлахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад үйлчилнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэлд дурдаж буй Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг ДЦС-ын 5 дугаар байр нь өнөөдрийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчлөлд бүртгэлгүй, хувьчлах орон сууцанд хамаарахгүй,
2/ мөн хуулийн 7.1-д “Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ч.Ч-д тухайн сууцыг эзэмших эрхийн бичиг /ордер/ байхгүй,
3/ Орон сууц хувьчлах тухай хуульд заасан холбогдох шаардлага хангагдаагүй байхад хууль тогтоомж зөрчиж Ч.Ч-ийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг ДЦС-ын 5 дугаар байр .. тоот орон сууцны өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх хуулиар олгогдсон эрх аймгийн ЗД-д байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус маргажээ.
5. Нэхэмжлэгч Ч.Ч нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг ДЦС-ын 5 дугаар байрны .. тоотод оршин суудаг, 1986 оноос хойш 36 жил амьдарч байгаа болох нь хэрэгт авагдсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн ЗД-ын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 215 тоот албан бичгээр /хх-ийн 5 дахь тал/ нотлогдож байна.
6. Хэдийгээр нэхэмжлэгч маргаан бүхий дээрх орон сууцанд 1986 оноос хойш амьдарч байгаа нь маргаангүй боловч Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгчид тухайн орон сууцыг эзэмших эрхийн бичиг, орон сууц хөлслөх гэрээ байхгүй, нэхэмжлэгч нь энэ тухайгаа шүүх хуралдаанд тайлбарласан тул түүнд шууд өмчлүүлэх боломжгүй гэж ОАЗД-аас тайлбарласныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.
7. Түүнчлэн, тухайн орон сууц нь орон нутгийн өмчид бүртгэлгүй /хх-ийн 23 дугаар тал/, тус байрыг хувьчилсан тухай шийдвэр Орхон аймгийн Архивын тасагт байхгүй /хх-ийн 3, 6 дугаар тал/ талаарх баримтууд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.
8.Иймд Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар иргэн Ч.Ч-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
9.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 /Эзэнгүй эд юмсыг илээр, шударга аргаар олж авснаас хойш өөрийн өмчлөлийн зүйлийн адил 5 жил тасралтгүй илээр эзэмшсэн этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг олж авна/, 104.2 /Хуульд өөрөөр заагаагүй бол эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан өмчлөгч бус этгээд уг эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 15 жилийн хугацаанд уг эд хөрөнгийг өмчлөгчийн адил эзэмшиж байсан бол дээрх хугацаа дууссанаар уг этгээд өмчлөх эрхийг олж авна/ дахь хэсэгт тус тус зааснаар ердийн журмаар Иргэний хэргийн шүүхэд хандах эрх нээлттэй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Ч-ийн ОАЗД /С.Б/-д холбогдуулан гаргасан “Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг ДЦС-ын 5-р байрны .. тоот орон сууцыг Ч.Ч миний өмчлөлд өгөх шийдвэр гаргахыг ОАЗД-д даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ