Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 238

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Хатанцэцэг,

иргэдийн төлөөлөгч: С.Цэрэндагва,

хохирогч: Д.Нямдорж,

шүүгдэгч: У.Батбилэг, түүний өмгөөлөгч Ч.Ням /0097/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жанжин гүн овогт Ууганцэцэгийн Батбилэгт холбогдох эрүүгийн 2017 2602 0514 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй, “Lof” цахим тоглоомын газарт админ ажилтай, ам бүл 3, эмээ, ах нарын хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Буянт Ухаа хороолол, 712 дугаар байрны 52 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УХ 92032576, Жанжин гүн овогт Ууганцэцэгийн Батбилэг.

 

Шүүгдэгч У.Батбилэг нь согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэн танхайрах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, догшин авирлаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-У.Батбилэг мэдүүлэхдээ:

            Намайг цонхон дээр тамхи татаж байхад Д.Нямдорж ах “цонхоо хаа, доошоо хог хаяхаа боль” гэж хэлж байсан ба манайх ганцхан цонхтой юм. Үүний дараа эхнэр маань аягаа угааж байхад нь Д.Нямдорж ах “гэрлээ унтраа, усны мөнгө их гараад байна” гэх зэргээр хэлсэн байсан. Мөн намайг худгийн тэнд явган явж байхад өөрөө машин жолоодож явахдаа цонхоо буулгаад “машин дагаад яв” гэж хэлсэн ч би тэр үед ажил руугаа яарч байсан учраас ажил руугаа явсан. Бас манай эхнэртэй бие засах өрөөний асуудлаас болж муудалцаж байсан болохоор би түүнд гомдож байсан. Би найз бүсгүй болон 1 найзтайгаа бичил хорооллын тэнд байдаг караокед орсон. Дараа нь тэндээс гараад 2.5 литрийн пиво авч, гэртээ эхнэртэйгээ хамт уусан. Тухайн үед манай эхнэр Солонго надад “чи намайг ч хамгаалж чаддаггүй” гэж хэлж, бид 2 муудалцсан. Тэр өдөр миний цалин буусан болохоор Д.Нямдорж ахад түрээсийн мөнгө төлж, тооцоо хийх гэж байсан. Тэгээд дээшээ гарч, тооцоогоо хийх гэтэл хаалгаа онгойлгож өгөөгүй. Тэнд би орилсон байх. Тэгээд би доошоо бууж, гэртээ орсон. Тэгтэл надад тэдний хаалгыг хутгаар хөшиж онгойлгох санаа төрж, хутга бариад дээшээ гарсан. Миний урьд нь амьдарч байсан байрны 00-ын өрөөний хаалга гацдаг байсан тул хутгаар хөшиж онгойлгодог байсан тул хаалгыг нь хутгаар хөшсөн. Тэгтэл Нямдорж ах хаалгаа онгойлгосон. Би түрээсийн төлбөрөө төлөөгүй 14 хоног өнгөрсөн байсан болохоор тооцоогоо хийх гэж хохирогчийн гэрт орсон. Хохирогчийн хаалгыг хутгаар гэмтээсэн нь үнэн. Би гэрт нь ороод үүдэнд нь Д.Нямдорж ахтай хэрэлдэж байснаа санаж байна, бусдыг нь мэдэхгүй байна. Би Б.Батбаяртай урьд нь ямар нэгэн байдлаар муудалцаж байгаагүй, тэр өдөр ч бид хоёр маргалдаагүй. Би түүнд гэмтэл учруулаагүй. Д.Нямдоржийн гэрт орсон боловч хутга хэрэглээгүй. Хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй. Өөрийн үйлдэлд харамсаж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Д.Нямдорж мэдүүлэхдээ:

У.Батбилэг “одоохондоо түрээс төлөх мөнгөгүй байна, орсон хойно төлье” гэж гуйж байгаад манай нийтийн байранд орсон. Би 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ хийж, барьцаа авалгүйгээр түүнд итгээд, нийтийн байранд оруулж, эхнэрт нь нийтийн байрны 9 айл дундаа нэг угаалтууртай шүү анх байранд ороход нь хэлсэн. Тэгтэл эхнэр нь тэнд толгойгоо угаагаад байхаар нь “толгойгоо угаахад муухай, хүмүүс нус цэрээ хаядаг” гэж хэлсэн. Би У.Батбилэгээс түрээсийн төлбөрөө нэхсэнээс түүнийг хэл амаар доромжлоогүй. Хэрэг гардаг шөнө унтаж байтал гэнэт хүмүүс пижигнэлдээд, шатны төмөр так так гэж дуугаараад байхаар босоод юу болсон юм бол гэж бодоод гартал Батбилэг гартаа урт цагаан хутгатай манай гэрт орж ирсэн. Тэгээд “ална, би Баянгол дүүрэгт том” гэх зэрэг зүйл яриад над руу хутга барьж дайрсан. У.Батбилэгийг гэрт орж ирэхэд манай ээж Долгоржав, эхнэр Цэцэгсайхан нар хамт байсан. Манай ээж Батбилэгийг аргадаад гаргасан. Манай эхнэр цагдаа дуудсан. Цагдаа ирэх хооронд манай хаалгыг эвдэлж орж ирээд, гал тогооны чулуун текийг зүссэн. Хутгаар цохисны улмаас чулуу нь ойролцоогоор 3-4 см урт, 2-3 мм гүн хэмжээтэй хагарсан байсан. Араас нь галч Б. Батбаяр орж ирэхэд түүнийг аваад гарсан. Ингээд цагдаа ирсэн. Батбилэгийг согтуудаа л ийм үйлдэл гаргасан гэж бодож байна. Би хаалганы мөнгө 500 000 төгрөг, чулуун текний 300 000 төгрөг болон түрээсийн төлбөрөө бүгдийг авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Батбаяр мэдүүлэхдээ:

            ...У.Батбилэг нь согтуугаар хутга бариад “би чамайг ална, чи яагаад ингэж харьцдаг юм бэ” гээд дайраад байхаар нь араас нь тэвэрч аваад гарт нь байгаа хутгыг салгах санаатай булаацалдаж байгаад гараа зүссэн. Эхлээд У.Батбилэг өрөөндөө шуугилдаад эхнэртэйгээ хэрэлдээд чанга, чанга орилоод байхаар нь би У.Батбилэг рүү ороод “чимээгүй байгаарай, хүмүүс унтаж байна” гэж хэлээд буцаад хэвтэхээр гэртээ орсон. Тэгтэл 2 давхарт гэнэт хүмүүс орилолдоод У.Батбилэгийн дуу гараад байхаар нь гараад хартал Батбилэг нилээд согтсон байдалтай “та нарыг ална, яагаад хүн дээрэлхээд байгаа юм бэ” гээд орилоод байсан.  Нямдорж, Батбилэгийн найз гээд нэг хөл муутай залуу, бид 3 Батбилэгийг тайвшруулаад гэрт нь оруулсан. Дараа нь би 2 давхарт Д.Нямдорж ахын гэрт байж байтал дахиад У.Батбилэг гарч ирээд “та нар юу юм бэ, яахаараа хүнийг дээрэлхэж байдаг юм бэ, ална шүү” гээд гартаа хутга барьчихсан орилоод байхаар нь хаалгаа хаагаад түгжсэн боловч тэр өшиглөсөөр байгаад орж ирээд Д.Нямдорж ах руу дайрахаар нь би араар тойрч байгаад хойноос нь барьж авсан. Миний баруун гарын жижиг хуруу хавдаад, ядам хуруун дээр жаахан зүсчихсэн гэжээ. (хэргийн 24-26 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Цэцэгсайхан мэдүүлэхдээ:

...9 тоотын өндөр туранхай У.Батбилэг гэх залуу гартаа хутга барьчихсан “та нар надаас түрээс нэхдэг хэн бэ” гээд хутгаа байдгаараа чанга атгачихсан зогсож байхаар нь би айгаад буцаад гүйсэн. Ээж, нөхөр, бид 3 сандраад “та юу болж байгаа юм бэ, одоо боль” гэж хэлэх үед нөгөө залуугийн эхнэр, бас 1 хөл муутай найз нь орж ирээд аваад гарахаар нь би гүйж очоод хаалга түгжээд цагдаа дуудсан. Тэгтэл цагдаа ирэх хооронд нөгөө залуу манай өрөөний хаалгыг өшиглөсөөр байгаад, хаалга эвдээд орж ирээд манай нөхөр лүү 1-2 удаа хутгаараа далайж байгаад манай гал тогооны текийг хутгаараа зүссэн. Нилээд их согтуу, гартаа хутга барьчихсан, нүд нь их том болчихсон, чангаар “та нарыг ална” гэж  орилсон. Бид их айсан, их түгшүүртэй байсан. У.Батбилэг хутгаараа хэн нэгнийг гэмтээчих гээд байсан гэжээ. (хэргийн 32 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Л.Долгоржав мэдүүлэхдээ:

...шөнийн 04 цагийн үед би өөрийн гэртээ хүү, бэрийн хамт унтаж байх үед гэнэт хаалга нүдээд, хүн орилоод байхаар нь босоод хаалга онгойлготол манай нийтийн байрны нэг давхарын 09 тоотын өндөр, туранхай Батбилэг гэх залуу гартаа хутга барьчихсан, манай гэрт орж ирэхээр нь бид нар бүгд хойшоо болох үед “та нар надаас түрээс нэхдэг хэн бэ” гээд хутга барьчихсан зогсож байсан. Тэр үед би “миний хүү юу болж байгаа юм бэ, юун хутга вэ, миний хүү наад хутгаа тавь” гэж хэлж аргадаж байхад У.Батбилэгийн эхнэр болон нэг хөл муутай найз 2 нь орж ирээд аваад гарсан. Тэгэхээр нь манай бэр Б.Цэцэгсайхан гүйж очоод хаалга түгжээд, цагдаа дуудсан. Тэгтэл цагдаа ирэх хооронд У.Батбилэг манай өрөөний хаалгыг өшиглөсөөр байгаад хаалга эвдэж, орж ирээд гал тогооны текийг хутгаараа зүссэн. Тэр үед манай галч хийдэг Б.Батбаяр араас нь орж ирээд 2 гарыг араас нь барьж аваад хутгыг салгасан. Тэгээд хүү Д.Нямдорж, галч Б.Батбаяр нар түүнийг шалан дээр хэвтүүлсэн. Манай гэр бүлийн хувьд Батбилэгийн уг үйлдлээс их айсан, их л түгшүүртэй байсан. Батбилэг хутгаараа хэн нэгнийг гэмтээчих вий гэхээс санаа зовж байсан. Галчийн гар нь гэмтсэн байсан. Яг юунаас болж гэмтсэн гэдгийг хараагүй, гэхдээ У.Батбилэгтэй ноцолдож байх үед л гэмтсэн гэжээ. (хэргийн 35 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-С.Мягмаржав мэдүүлэхдээ:

...унтахаар хэвтэх үед Батбилэг, Солонго нар хоорондоо муудалцаад байхаар нь би “та 2 одоо болиоч дээ, Батбилэг чи маргааш эрт ажилтай биз дээ, унтаж амар” гэж хэлсэн. Тухайн үед бас галч гэх хүн орж ирээд “та нар чимээгүй бай, бид нар унтаж амармаар байна” гэж хэлж байсан. Тэгтэл манай найз Батбилэг энэ байрны эзэн яах гэж манай эхнэрийг дээрэлхээд байдаг юм гэж хэлээд шууд 2 давхар луу гарч гүйхээр нь Солонго араас нь гүйсэн. Тэгтэл Батбилэг нийтийн байрны эзний гэрийн хаалгьг нүдээд “чи гараад ир, хөөе” гэж орилоод байхаар нь би босоод хувцасаа өмсөх хооронд Батбилэг буцаж гэртээ орж ирээд мах хэрчдэг хутга авахаар нь би “хүүе, чи одоо наад хутгаараа яах гэж байгаа юм бэ” гэж хэлэхэд Батбилэг миний урдаас “би хаалгыг нь хөшиж онгойлгох хэрэгтэй байна” гэж хэлээд 2 давхар луу гарахаар нь би араас нь гарах гэж байхад галч залуу миний хажуугаар дээшээ 2 давхар луу гарч гүйсэн. Манай найз Батбилэг нэг их архи уугаад байдаггүй, өмнөх шөнүүдэд нойргүй, ажилтай явсан. Уг нь караокед 1 шил пиво, гэртээ 2.5 литр пиво эхнэртэйгээ хувааж уусан гэжээ. (хэргийн 42-44 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-П.Баянмөнх мэдүүлэхдээ:

...үүрэг гүйцэтгэж байх үед Тайшир 10-аас Баянгол дүүргийн 11 хороо, Баруун Ард Аюушийн 2-37 тоотод согтуу хүн хутга барьж агсам тавиад байна гэсэн дуудлагын дагуу уг хаягаар очиж, нийтийн байрны 2 давхарт гарахад 1 согтуу залууг газар хэвтүүлсэн, эзэн гэх залуу дээрээс нь дарчихсан байсан. Тэгээд уг агсам тавьсан гэх залууг аваад цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр авчирч эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн. Тухайн үед шөнийн 04 цаг болж байсан, уг нийтийн байрны 2-37 тоотын хүмүүс сэрчихсэн “энэ хүнийг аваад яв, хүн амьтан гэмтээчих гээд байх юм” гэж байсан. Тэгээд би дэслэгч Д.Ариунболдын хамтаар уг хүнийг аваад явж байхад уг залуу энэ нийтийн байрны эзэн нь их муухай ааштай, надтай байнга дээрэнгүй харьцдаг болохоор нь жаахан айлгах санаатай хутга барьсан юм гэж ярьж байсан гэжээ. (хэргийн 48 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2381 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Батбаярын биед зүүн гарын ядам хурууны 1 дүгээр үений зүсэгдсэн шарх, баруун гарын чигчий хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо, ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 51 дүгээр хуудас)

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд: 

У.Батбилэг ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 66 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч У.Батбилэг нь архи ууж согтуурсан үедээ 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 хороо, Баруун Ард Аюушийн 2-37 тоот нийтийн байранд “түрээсийн мөнгө нэхлээ, манай эхнэр болон биднийг дээрэлхлээ” гэж үл ялих зүйлээр шалтаглан түрээсийн байрны эзэн хохирогч Д.Нямдоржийг гэртээ унтаж байхад хаалгыг нь нүдэж, гэрт нь хутга барьж орж, түүний эхнэр хохирогч Б.Цэцэгсайхан, ээж Л.Долгоржав нарыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэн танхайрахдаа хутгыг зэвсэг болгон хэрэглэж, улмаар хохирогч Б.Батбаярын бие махбодид зүүн гарын ядам хурууны 1 дүгээр үений зүсэгдсэн шарх, баруун гарын чигчий хурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж, догшин авирласан нь хохирогч Д.Нямдорж, Б.Батбаяр, Б.Цэцэгсайхан, Л.Долгоржав, гэрч С.Мягмаржав, П.Баянмөнх нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2381 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цагдаагийн илтгэх хуудас, зөрчил гаргасан этгээдийг захиргааны журмаар албадан саатуулсан тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгчийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоосон байна.

 

Иймд У.Батбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах нь зүйтэй.

            Хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх,

   согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцов.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлт, хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь түүний ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Өмгөөлөгч Ч.Нямын хүсэлтийн дагуу ярианы бичлэг бүхий СиДи-г мөрдөн байцаагч Х.Батхишиг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хураан авч, үзлэг хийн, эд мөрийн баримтаар тооцож шүүхэд хэргийн хамт ирүүлснийг улсын яллагч Г.Хатанцэцэг мөрдөн байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол”-ыг прокурорын тогтоолоор хүчингүй болгосон тул уг СиДи-г өмгөөлөгч Ч.Нямд буцаан олгох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.