Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2023/03337

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, Ерөнхий шүүгч Д.Цэрэндулам, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.Б

Нэхэмжлэгч: Д.З нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц.Б олбогдох

Гэм хорын хохирол 3,420,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.З , хариуцагч Ц.Б , иргэдийн төлөөлөгч С.М, нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Б , Д.З нар хариуцагч Ц.Б д холбогдуулан Гэм хорын хохирол 3,420,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Миний бие 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр М.Б гийн өмчлөлийн Toyota Volts маркийн  00-00 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 3 хүүхдийн хамт сургуульд хүргэж өгөхөөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт, Дарь эхийн замд явж байх үед зам тээврийн осолд өртөж Toyota prius маркийн00-00 УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Тухайн үед би осолд жолооны үнэмлэхгүй байсан болохоор их сандарч, айсан байсан. Мөн бага охины маань уруул язарсан байсан болохоор тухайн үед юу болоод байгааг ойлгоогүй хүүхдүүддээ санаа зовж байсан. Toyota prius маркийн 00-00 УАС улсын дугаартай авто машины жолооч Ц.Б нь бууж ирээд орилж хашхичаад ...чиний буруу, даатгалаа дууд гэсэн. Удалгүй замын цагдаа ирээд зохицох юм уу яахын гээд байсан. Тухайн үед миний буруу юм байх гэж бодож байсан. Замын цагдаа тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон бичиг баримтыг аваад явсан бөгөөд хэрэв ээ хоорондоо тохиролцох бол цаашаа явахгүйгээр бичиг баримтыг өгөөд дуусгана гэж хэлсэн. М.Б Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, хошууч цолтой цагдаагийн хүн байсан болохоор миний буруу юм байна гэж бодоод хохирлыг төлж өгөөд бичиг баримтаа авъя гэж бодсон. Тухайн үед М.Б нь 2.300.000 төгрөг өгвөл тохиролцъё гэж хэлсэн.Ингээд өөрийн Хаан банкны 00 тоот данснаас 2,000,000 төгрөгийг өөрийн танил М.Д Хаан банкны 00 данснаас 300,000 төгрөгийг Ц.Б ийн 00тоот дансанд шилжүүлж мөн машинд нь 100,000 төгрөгөөр амортизатор авч өгч, солиулж тавихад 30,000 төгрөг төлсөн. Дараа нь Замын цагдаа дээр очиж бичиг баримтаа аваад гэртээ ирж нөхөртэйгөө ярихад зам тээврийн осол М.Бийн буруу байж магадгүй гэдэг нь мэдэгдсэн. Улмаар тээврийн цагдаагийн газар өргөдөл гаргасан бөгөөд тээврийн цагдаагийн газар нь ослын газарт дахин үзлэг, хэмжилт хийж жолооч М.Бийн нь замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш эргэх буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг осол үйлдэгдсэн нь тогтоогдсон болно. Өөрийн тээврийн хэрэгсэлд хохирлын үнэлгээ хийлгэхэд 860,000 төгрөгийн хохирол учирсан байсан. Үнэлгээний хөлсөнд 60,000 төгрөг нийт 920,000 төгрөг болсон.Хариуцагч Ц.Б нь зам тээврийн осол гаргасан, мөн миний мөнгийг авч, машинаа засуулсан мөртлөө одоо хүртэл миний хохирлыг барагдуулахгүй байна. 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Тээврийн прокурорын газрын 652 тоот тогтоолын тогтоох хэсгийн 6-д М.Б , Д.З нар өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан. Иймд хариуцагч М.Бээс тээврийн хэрэгслийн хохиролд 920,000 төгрөг, хариуцагчид дансаар шилжүүлсэн 2,300,000 төгрөг, Toyota prius маркийн 00-00 УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шинэ амортизатор авч суурилуулсны хөлсөнд 130,000 төгрөг, шүүхэд эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг нийт 3,420,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус гарсан зам тээврийн осолд миний буруу байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нар худал гомдол гаргаж намайг гүтгэн мөрдөх байгууллагад намайг 4 удаа шалгуулахдаа дандаа зөрүүтэй мэдээлэл өгч шалгуулсан ч миний буруутай үйлдэл тогтоогдоогүй болно. Баянзүрх дүүрэг дээр зөрчлийн хэрэг нээгдээд явсан. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн захирамжаар тус осолд намайг буруугүй гэж үзэж надад оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгосон.Осол гаргасан асуудал дээр 2022 оны 5 дугаар сарын 24-ний өглөө өглөө ажилдаа би энгийн хувцастай байсан. Өглөө болгон Дарь-Эхийн хойш чиглэлд ачаалал багатай урагшаа чиглэлдээ ачаалал ихтэй байдаг. Би эхний эгнээндээ зогсоод урагшаа хараад хойшоо хараад зогсоход энэ хүн ирээд мөргөсөн. Түүнийг тухайн үедээ хүлээн зөвшөөрөөд миний машины торомз ажиллахгүй. Би 110 км цагийн хурдтай явж байсан. Гүйцэд төрүүлэх үйлдэл хийгээд нөгөө эгнээндээ орж чадахгүй мөргөсөн асуудал.Би тухайн үед цагдаа дуудсан. Гэтэл эдний нөхөр М.Б хүрээд ирсэн, бид хамт ажилладаг, тэтгэвэртээ гарсан. М.Б ах чи цагдаагаар яваад яах юм ах нь наа чинь эрхгүй жолоо барьсан гээд 300,000 төгрөгөөр торгуулна. Тэрний оронд ах нь засварын мөнгөнд нь гаргаж өгье чи гомдолгүй гээд хэлчих гэсэн. М.Б г иртэл хэн ч намайг цагдаа гэж мэдээгүй. Хэрвээ буруутай хүн байсан бол миний амортизаторыг засварчинд өөрөө мөнгөө төлөөд миний амортизаторыг солиулаад энэ хүн мөнгөө өгсөн асуудал. Даатгалаа дуудаад шийдүүлж болох байсан. Энэ хүний буруу байсан болохоор тэр үед даатгалаа дуудаагүй. Ийм л асуудал болсон. Гэтэл гэнэт сарын дараагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулаад би бараг тэнд цагдаа хувцастай явж байгаад дээрэм хийсэн хүн шиг л хагас жил энэ асуудлаар шалгагдсан. Миний машин 100 хувийн даатгалтай. Би даатгалаар явахад хохироод байх зүйл байхгүй. Миний буруу байсан бол би мөнгийг нь гаргаад өгөх байсан. Тэгээд цагдаагийн байцаагчид нь мөнгө өгье гээд яриад явж байсан шүү дээ. Мөнгө өгье больчхооч гээд гуйгаад явж байсан. Одоо гэтэл намайг дарамталсан болгоод намайг цагдаа байсны мэдсэн юм шиг яриад байна. Миний машиныг аймар эвдэрсэн, хаалга, крело, гупер, амортизатор хугараад цөмөрсөн, булан нь хугараад чихэгдээд орсон. Аргаа бараад явахаа болихоор нь тэр машиныг төмөрт өгөөд задалсан. Миний ажил албан тушаалаар маш их оролдсон гүтгэсэн. Тэгээд хийгээгүй хэргийнхээ төлөө өнөөдрийг хүртэл явлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Иргэдийн төлөөлөгч С.М дүгнэлтдээ: нэхэмжлэгч П.З жолоо барих эрхгүй байж авто машин жолоодож зам тээврийн осол гаргасан буруутай байх тул нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд: 202209.13-ны өдрийн УТХ төлсөн баримт(хх4),Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан тоот(хх5), Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.08.31-ний өдрийн 10884 дугаар захирамж(хх6-7), зарлагын баримт (хх10),Тээврийн Прокурорын газрын Прокурорын тогтоол(хх11),Хаан банкны 5003405475 дугаар дансны депозит хуулга(хх12),Арвижих эстимейнт ХХК-ийн үнэлгээ(хх14-16), иргэний үнэмлэхийн хуулбар(хх16-17) зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

Хариуцагчаас шүүхэд:зам тээврийн осол дээр тогтоосон акт (хх40), мөрдөгчийн магадлагаа(хх41-43),тээврийн хэрэгслийн гэрчилгээ(хх44), Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.11.18-ны өдрийн 3461 дугаар захирамж(хх66-70), Мөрдөн байцаах албаны 2022.08.16-ны өдрийн 9/1-4166 тоот хариу мэдэгдэх тухай(хх71) зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

Шүүхээс зохигчийн хүсэлтээр:Цагдаагийн Ерөнхий газрын 2022.08.02-ны өдрийн 6/6278 тоот(хх102-104),Тээврийн прокурорын газрын Прокурорын 2022.07.18-ны өдрийн 652 дугаар тогтоол(хх105-106),Арвижих эстимейт ХХК-ийн үнэлгээ(хх107-108), мөрдөгчийн санал(хх109),Мөрдөн байцаах албаны 2022.08.04-ний өдрийн 9/1-3935 тоот(хх110), М.Бийн тайлбар(хх11-115), Д.З гаас авсан тэмдэглэл(хх116-118), Мөрдөн байцаах албаны 2022.08.16-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас(хх119), Мөрдөн байцаах албаны 2022.08.16-ны өдрийн 9/1-4169 албан тоот(хх120-122), Тээврийн Прокурорын газраас ирсэн баримтууд(хх127-138) зэрэг баримтыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Б , Д.З нар хариуцагч Ц.Б д холбогдуулан гэм хорын хохиролд 3,420,200 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны М.Бийн буруутай гэж тогтоосон тул түүнд үүрэг үүсгээгүйгээр шилжүүлсэн 2,300,000 төгрөгийг гаргуулна гэж шаардлагаа багасгасан.

1.Хариуцагч М.Б зам тээврийн ослын үед өөрөө сайн дураараа буруугаа хүлээж надад 2,300,000 төгрөгийг , машинд сэлбэг авч тавьж өгсөн. Дараа нь гомдол гаргаж нөхөн үзлэг хийлгэж, надад зөрчлийн тухай хуулиар оногдуулсан шийтгэлийг шүүхээр хүчингүй болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон болно.

Нэхэмжлэгч Д.З тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь эхийн нутаг дэвсгэрийн замд 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр нөхөр М.Б гийн эзэмшлийн Toyota Volts маркийн 00-00 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ хариуцагч М.Бийн эзэмшлийн Toyota prius маркийн 00-00 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргажээ.

Уг ослын улмаас зохигчид харилцан тохиролцож нэхэмжлэгч Д.З нь Хаан банкны 0тоот данснаас 2,000,000 төгрөгийг, М.Дэлгэрнямын Хаан банкны 0данснаас 300,000 төгрөгийг Ц.Б ийн 0тоот дансанд нийт 2,300,000 төгрөгийг шилжүүлсэн, улмаар хариуцагчийн Toyota prius маркийн 00-00 УАС улсын дугаартай авто машинд 100,000 төгрөгөөр амортизатор худалдан авч, засварын хөлсөнд 30,000 төгрөгийг нийт 130,000 төгрөгийн сэлбэг хэрэгслийг сольсон талаар шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч тайлбарласан. (хх12)

1.1. Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүлйийн 3.6. Зам тээврийн ослын үед хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, осолд холбогдсон жолооч нарын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй, ослоос үүдсэн эд хөрөнгийн хохирлыг жолооч нар өөр хоорондоо буюу даатгалын байгууллагатай харилцан маргаангүй шийдвэрлэхээр тохиролцсон бол энэ дүрмийн 3.5-ын г-д заасан үүргээс чөлөөлөгдөж болно. гэж зааснаар зохигчид харилцан тохиролцож, 102-ын дуудлагаар хүрэлцэн ирсэн цагдаагийн албан хаагчид хэргийн газрын үзлэг, зам тээврийн ослын актыг тогтоолгоогүй нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн талуудын тайлбараар тогтоогдож байна.

1.2. Хэрэгт: нэхэмжлэгч Д.З гийн Хаан банкны 0дугаар дансны депозит хуулга, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол, 6 дугаар сарын 13-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний Арвижих-Эстимейнт ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Toyota Volts маркийн 00-00 УНХ улсын дугаартай авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, 6 дугаар сарын 29-ний өдрийн №7 дугаар Мөрдөгчийн магадалгаа,Тээврийн прокурорын газрын Прокурорын 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №652 дугаар тогтоол, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын18-ны өдрийн 2022/ЗШ/3461 дугаар Шитгэлийг хүчингүй болгох тухай захирамж нотлох баримтаар авагдсан. (хх10-18,66-70, 105-109,128-138)

1.3. Дээрх хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.З нь Тээврийн Цагдаагийн газарт гомдол гаргаснаар 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Зам тээврийн осол болсон гэх газарт хэргийн газрын үзлэгийг нөхөн хийсэн тэмдэглэл, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, Зам тээврийн осол дээр тогтоосон акт зэргийг үйлдэж, хариуцагч М.Бийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.9-д заасан заалтыг зөрчсөний улмаас уг осол үйлдэгдсэн гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасны дагуу 100,000 төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулж, Тээврийн прокурорын газрын Прокурорын 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №652 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолын 1 дэх заалтаар Бүртгэлийн 937 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ.(хх128-138)

1.4. Улмаар М.Б нь Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Зөрчил шалгах хэлтсийн байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0028551 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх заалтад зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай гомдлыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг шүүхэд гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ЗШ/3461 дугаар Шийтгэлийг хүчингүй болгох тухай захирамжаар Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Зөрчил шалгах хэлтсийн байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0028551 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон байна.(хх32-36)

2.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заажээ.

Тодруулбал, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг нь бусдын хөрөнгийг шилжүүлж авсан этгээд нь хөрөнгийн эзний зөвшөөрлийг үүргийн суурь хэлцлийн замаар аваагүй, зөвшөөрөл олгосон ч энэ нь хүчин төгөлдөр бус байгаа тохиолдлыг ойлгоно.

2.1. Маргааны үйл баримтаас үзэхэд 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Дарь Эхийн нутаг дэвсгэрт нэхэмжлэгч Д.З тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Toyota Volts маркийн 00-00 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ М.Бийн эзэмшлийн Toyota prius маркийн 00-00 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж, тухайн осолд Замын хөдөлгөөний дүрмийн 3.6.-д зааснаар зохигчид харилцан тохиролцож, 102-ын дуудлагаар хүрэлцэн ирсэн цагдаагийн албан хаагчид зам тээврийн ослын актыг тогтоолгоогүйгээр хариуцагчид гэм хорын хохирол учруулсан гэж үзэж 2,300,000 төгрөгийг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан Хаан банкны депозит хуулга, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар нотлогдож байна.

2.2. Шүүх, тухайн цаг үеийн зохигчдын тохиролцсон асуудлыг нөхөн тогтоох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн зам тээврийн осолд Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хэн алиныг буруутай үйлдлийг тогтоосон үйл баримт нотлогдоогүй байхад хариуцагч М.Бээс гэм хорын хохирлыг нэхэмжлэгч нар шаардах эрхгүй.

2.3. Хариуцагч М.Бд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх заалтад зааснаар 100,000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудсыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ЗШ/0 дугаар Шийтгэлийг хүчингүй болгох тухай захирамжаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагч М.Бийг гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна.

2.4. Нэхэмжлэгчээс 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн зам тээврийн осолд өөрийн гэм бурууг сайн дураараа ойлгож, хариуцагч М.Бтэй харилцан тохиролцож 2,300,000 төгрөгийг, авто машинд 100,000 төгрөгөөр амортизатор худалдан авч сольж тавих засварын хөлсөнд 30,000 төгрөгийг төлсөн нэхэмжлэгч Д.З үйлдлийг Замын хөдөлгөөний дүрмийн 3.6-д зааснаар осолд холбогдсон жолооч нар, ослоос үүдсэн эд хөрөнгийн хохирлыг жолооч нар өөр хоорондоо харилцан маргаангүй шийдвэрлэхээр тохиролцсон гэж үзэв.

2.5. Иймд хариуцагч М.Бийг үндэслэлгүйгээр нэхэмжлэгч Д.З гаас 2,300,000 төгрөгийг авсан гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Баянзүрх дүүргийн иргэдийг төлөөлж, шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн төлөөлөгч ...нэхэмжлэгч П.Золзаяа жолоо барих эрхгүй байж авто машин жолоодож зам тээврийн осол гаргасан буруутай байх тул нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэсэн санал нь шийдвэрийн үндэслэл болох боломжтой гэж шүүх бүрэлдэхүүнд дүгнэв.

 

1.    Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч М.Бээс гэм хорын хохиролд 2,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч М.Б , Д.З нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69,674 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР