Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2023/03342

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.У нэхэмжлэлтэй

Хариуцагч: ЭЭЖФ ХХК/рд:/-д холбогдох

Гэрээ цуцалснаас учирсан хохиролд 2,118,070.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.У , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*, нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.У хариуцагч ЭЭЖФ ХХК-д холбогдуулан 2,118,070.58 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон.

Миний бие 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ЭЭЖФ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 15,200,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлсэн. ЭЭЖФ ХХК-иас цайвар ногоон өнгийн приус 20 маркийн 0 арлын дугаар бүхий орж ирсэн улсын дугаар аваагүй машиныг урьдчилгаа бэлэн 7,000,000 төгрөгийг төлж фидуцийн гэрээгээр 15,200,000 төгрөгийг зээлж автомашин худалдан авсан. Гэвч санхүүгийн /гэрээгээр/ чадваргүй болж ажлаас халагдсан тул гэрээг цуцалж зээлийн хүү, алдангийг төлж барагдуулсан.Би дүүдээ 22,000,000 төгрөгөөр бодож автомашиныг зарахаар тохирсон байсан ч шинэ ажилд ороод ээлжийн ажил тул хотоос хол олон хоног ажиллаж байгаад амралтаараа Улаанбаатар хотод орж ирж зарах гэж байсан. Гэтэл надаас асууж байж машинаа зарна гэж байсан мөртлөө асуухгүйгээр 20,000,000 төгрөгт автомашиныг зарсан хямд зарж буцаалт гэж 3,318,460 төгрөгийг олгосон нь шударга бус, миний авах ёстой байснаас хамаагүй бага буцаалт авсан болно.Урьдчилгааны болон өөрөөсөө нэмэлтээр гаргасан зардлыг Хаан банкны цалингийн зээлээр төлсөн болно. Надруу машин зарсан гэж утасдсан өдөөр хүү, алдангийн төлбөрийг суутгалыг бодож үзэхэд хүүгийн төлбөр сар сардаа 2023.01.20 /27 хоног/ 391,258.48 төгрөг, 2023.02.20/31 хоног/438,193.29 төгрөг, 2023.03.09 /18 хоног/ 248,817.65 төгрөг нийт хүүгийн төлбөр 1,078,269.42 төгрөг, нийт алдангийн төлбөр /27 хоног +31 хоног+18 хоног/х15,200 нийт 1,155,200 төгрөг нийт суутгал 2,233,469.42 төгрөг болсон байна.

Надаас бэлнээр урьдчилгаанд 7,000,000 төгрөг бусад төлбөрт 870,000 төгрөг авсан. Үүнд: jps-120,000 төгрөг, тээврийн хэрэгслийн даатгал-444,000 төгрөг, улсын дугаар 106,000 төгрөг шунхлай клонкоос аккумлятор 200,000 төгрөг, төлж авсан хэдий ч машиныг буцааж өгөхдөө бүгдийг хамт өгсөн. машин зарагдсан хойно тооцож өгнө гэж хэлсэн. Надаас гарсан төлбөр 7,870,000 төгрөг байснаас дүүдээ зарах байсан үнэ 22,000,000 төгрөг+870,000 төгрөг үндсэн төлбөр 15,200,000 төгрөг нийт суутгал 2,233,469.42 төгрөг=5,436,530.58 төгрөг буцааж авах байсан ч 3,318,460, төгрөг олгосон. Үлдэгдэл 2,118,070.58 төгрөгийг дутуу олгосон гэж үзэж байх тул хариуцагч ЭЭЖФ ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч ЭЭЖФ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллага 2022 оны 12 дугаар 24-ний өдөр Б.У д 15,200,000 төгрөгийн зээлийг сарын 2.9хувийн хүүтэй 30 сарын хугацаатай лизингийн зээлээр prius20 маркийн / 0/ загварын автомашиныг олгосон. Б.У нь машин аваад эхний төлөлт болох 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуваарь төлөлтөө хийхгүй хугацаа хэтэрч эхэлсэн. Манай байгууллагын ажилтан удаа дараа холбогдсоны дараа 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр уг машиныг хүлээлгэж, худалдан борлуулахыг хүлээж зөвшөөрч өргөдлөө өгсөн. 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр машиныг орон нутгийн хүн авахаар болж 02 дугаар сарын 19-ний өдөр урьдчилгаа 4,200,000 төгрөгийг манай байгууллага хүлээн авч харилцагчийн төлбөрт суутгасан.Үүний дараа худалдан авсан хүний зээл бүтэхгүй байна гээд үлдэгдэл мөнгийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөл орж ирээд Б.У гийн зээл хаагдсан. Энэхүү зээл хаагдаад үлдэгдэл мөнгийг Б.У д шилжүүлсэн Б.У гийн нэхэмжилсэн мөнгөн дүнг манайх хүлээн авах үндэслэлгүй байна.Зээл нь 16,581,540 төгрөгөөр хаагдсан. Тээврийн хэрэгслийн даатгал/Монре даатгал/ дээр машины үнийн дүнгээс 2 хувь буюу 100 хувийн даатгал 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1 жилийн хугацаатай хийлгэсэн. Энэхүү даатгалыг цуцлах үргэлжлүүлэх эрх харилцагчид нээлттэй байгаа. Тээврийн хэрэгслийн дугаар, гэрчилгээ авсан мөнгө нь гаальтай машин улсын дугаар авсан гэрчилгээний мөнгө нийлээд 106,000 төгрөг болсон. ЭНэ ямар ч машин худалдан авахад гардаг зардал. Мөн гаальтай автомашин улсын дугаар авсны дараа зах зээлийн ханш зайлшгүй унадаг, Гэтэл харилцагчийн нэхэмжлээд байгаа 22,870,000 төгрөгөөр борлуулах ямар ч боломжгүй бөгөөд манайх хамгийн боломжит дүнгээр борлуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв:

3.Нэхэмжлэгчээс шүүхэд:2022.12.24-ний өдрийн зээлийн гэрээ(хх4-5),фидуцийн гэрээ(хх6-8), Хаан банкны 5022357472 дансны депозит хуулга(хх9-11), даатгалын хуудас(хх12) зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас шүүхэд: итгэмжлэл(хх15),хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ(хх16),компанийн дүрэм(хх17-19) зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

5.Шүүхээс зохигчдын хүсэлтээр: ЭЭЖФ ХХК-иас ирүүлсэн сиди бичлэгт хийсэн үзлэг, тэмдэглэл(хх47-48), зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч ЭЭЖФ ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний дагуу цуцалснаас учирсан хохирол 2,118,070.58 төгрөг гаргуулахыг шаардсан.

Хариуцагч гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг зах зээлийн ханш буюу 20,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

6.Нэхэмжлэгч Б.У нь приус 20 маркийн тээврийн хэрэгслийн 22,200,000 төгрөгөөр худалдан авах зорилгоор хариуцагч ЭЭЖФ ХХК-тай харилцан тохиролцож 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр S3-01303 дугаар Зээлийн гэрээг байгуулжээ. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь худалдан авч буй авто машины урьдчилгаа болох 7,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 15,200,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Б.У уг мөнгөн дүнг гэрээнд заасан хүүг буцаан төлөх нөхцөлийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.4-д заасан шаардлагыг хангасан байна.(хх4-8)

6.1. Талуудын гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд зохигчид хүсэл зоригийн илэрхийлсэн, гэрээний хүчин төгөлдрийн талаар талууд маргаагүй.  

6.2. Зээлдүүлэгч ЭЭЖФ ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 15,200,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээлдэгч Б.У гийн дансанд шилжүүлж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлжээ. (хх10-11, 27)

6.3. Улмаар зохигчид Зээлийн гэрээний үргэлжлэл болгон 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр S3-01303 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх Фидуцийн гэрээ-г байгуулж, үүргийн гүйцэтгэлд 2007 онд үйлдвэрлэгдсэн, Монгол Улсад 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр орж ирсэн, тоёота приус/Toyota prius XW20/маркийн 0 арлын дугаартай цайвар ногоон өнгийн авто машиныг барьцаалжээ. (хх6-8)

6.4. Нэхэмжлэгч нь тоёота приус/Toyota prius XW20/маркийн 0 арлын дугаартай тээврийн хэрэгсэлд 00-00 УБЦ улсын дугаарыг, жолоочийн хариуцлагын даатгалыг, автомашины гэрчилгээг хариуцагч ЭЭЖФ ХХК-ийн нэр дээр шилжүүлэх, авто машины хэрэглэгдэхүүн/jps, амортизатор/-ийг худалдан авч тээврийн хэрэгсэлд сэлбэн тавих зэрэг холбогдон гарах 870,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж дуусгасан байна. Тухайн 870,000 төгрөгийн зардлыг нэхэмжлэгч гаргаж хохирсон гэх тайлбар үндэслэлгүй байх бөгөөд хохирол гэж үзэхээргүй байна.(хх12, 28-30)

6.5. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ ,  208 дугаар зүйлийн 208.1.-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зааснаар нэхэмжлэгч Б. У нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдов.

6.6. Зохигчдын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 5.3.1-д зээлдэгч гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй, үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлийн эргэн төлөх хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, 5.3.4-д зээлдэгчийн төлбөрийн чадвар доройтсон буюу чадваргүй болсон, 6,2-т энэхүү гэрээний хавсралтууд , фидуцийн гэрээ, батлан даалтын гэхээ гэх мэт зээлтэй холбоотой баримтуудын салшгүй хэсэг болно. гэж тохиролцжээ.

6.7. Улмаар талуудын хооронд байгуулсан 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрээнээс татгалзаж, хариуцагчаас худалдан авсан /Toyota prius XW20/маркийн 0 арлын, 00-00 УБЦ улсын дугаартай цайвар ногоон өнгийн авто машиныг буцаан ЭЭЖФ ХХК-ийн мэдэлд шилжүүлэх хүсэлтийг гаргаснаар хариуцагч тээврийн хэрэгслийг өөрийн зогсоолд байршуулж, худалдан борлогдсоны дараа зөрүү төлбөрийг шилжүүлэхээр тохиролцсон нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар нотлогдож байна.(хх-ийн 31,47-48)

6.8. Дээрх үйл баримтаас үзэхэд ЭЭЖФ ХХК нь 2023 оны 02 сарын 01-ний өдөр уг автомашиныг хураан авч, бусдад худалдан борлуулсан зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулагджээ.

6.9. Хариуцагч ЭЭЖФ ХХК нь 00-00 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өөрийн зогсоолд байршуулж 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр гуравдагч этгээдэд 20,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, зээлийн хүү 1,013,800.96 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 467,738.56 төгрөгийг суутган үлдэгдэл 3,318,460 төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банкны 0 дугаар дансанд 2023 оны 3 дугаар сарын 09-ны өдөр машины буцаалт утгатайгаар шилжүүлсэн талаар талууд маргаагүй.(хх 9,27)

6.10. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6.Иргэний хуулийн 159.2-т заасны дагуу барьцаалуулагч шаардсан бол барьцааны зүйлийг худалдахын өмнө түүний үнэлгээг шинжээчээр тогтоолгож болох бөгөөд холбогдох зардлыг барьцаалуулагч хариуцна. гэж заажээ.

6.11. Шүүхийн хэлэлцүүлэгч хариуцагчийн төлөөлөгч ....нэхэмжлэгчийн худалдан авсан авто машин гаальтай машин байсан, гаальтай машинд улсын дугаар зүүхээр 1,000,000 төгрөгөөр үнэ буурч байдаг. Тухайн үед приус 20 маркийн авто машины зах зээлийн ханш 20,000,000 төгрөг байсан Бид тухайн авто машиныг бусдад 20,000,000 төгрөгөөр худалдсан. гэж тайлбарлах атлаа энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй, нотлох эрхээ хэрэгжүүлээгүй болно.

6.12. Мөн хариуцагч тал барьцааны зүйл болох хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахдаа хуульд зааснаар шинжээч томилж, эд хөрөнгийг үнэлүүлэх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байна гэж үзэв.

6.13. Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч талтай байгуулсан гэрээнээс татгалзаж, тээврийн хэрэгслийг буцаан хүлээлгэн өгсөн атлаа шүүхийн хэлэлцүүлэгт ...би дүүдээ 22,000,000 төгрөгөөр худалдан борлуулах байсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

6.14. Хариуцагч ЭЭЖФ ХХК нь /Toyota prius XW20/маркийн 0 арлын, 00-00 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 20,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан гэж маргах боловч энэ талаар баримтаар нотлоогүй тул хариуцагчаас 1,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,118,070.56 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үдлээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасныг баримтлан хариуцагч ЭЭЖФ ХХК-иас 1,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.У д олгож нэхэмжлэлээс үлдэх 1,118,070.56 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ