Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2023/03346

 

 

 

  Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Г.Бямбажаргал, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:МД ХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЦХК ХХК (рд:),

Хариуцагч: ЖӨ ХХК холбогдох

Гэм хорын хохиролд 854,985 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*, гэрч, А.*, нарийн бичгийн дарга Н.*нарыг оролцуулан, хариуцагчийн болон иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдааны тов мэдсэн байх боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул зохигчийн гаргасан хүсэлтээр тэдгээрийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч МД ХХК нь хариуцагч ЦХК ХХК, ЖӨ ХХКд холбогдуулан гэм хорын хохирол 854,985 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

МД ХК Орон сууцны даатгалын №*тоот гэрээл даатгуулагч Т.М өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 0дүгээр хороо, 0дүгээр хороолол, *хороолол хотхон 0 байр 0тоот орон сууцанд 2021 оны 12 дугаар сарын 21-ны-ий шөнө халаалтын колектор луу орсон буцах усны 1 ш шугам чангалгааны угаар тасарсны улмаас ус алдсан байна.Тус гэмтлийн улмаас даатгуулагчын паркетан шал залгаасны ирмэгээр хөөж хөвсийн нийт 854,985 төгрөгийн хохирол учирсан. Манай компани энэхүү ослын улмаас даатгуулагчид учирсан хохирол 854,985 төгрөгийн хохирлыг барагдуулж, Иргэний хуулийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8.7-д зааснаар буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг МД ХК нь Хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээний дагуу шилжүүлж авсан.

2. Барилгын тухай хуулийн 14.6-д Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна... мөн хуулийн 40.1.8-д барилга байгууламжын ашиглалтыг зүгшрүүлэх, тохируулах хугацаанд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан хохирлыг хариуцах үүрэгтэй гэж заасны дагуу сантехникийн гэмтлийн улмаас гарсан хохирлыг ЦХК ХХК хариуцагч үүрэгтэй тул Т.М ийн эд хөрөнгөд учирсан хохирол 854,985 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгч МД нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: МД ХК-ийн нэхэмжлэлтэй * ХХК-д холбогдох даатгалын тохиолдлын үүссэн гэх маргаан бүхий Цагаан хуаран хотхоны 0/0 байрны сантехникийн угсралт гүйцэтгэлийн ажлыг ЖӨ ХХК нь гүйцэтгэсэн байна. Барилгын тухай хуулийн 46.5-д заасны дагуу аль буруутай тус барилгын эвдрэл гэмтлийг хариуцах тул тус барилгын ерөнхий гүйцэтгэгч ЦХК ХХК, сантехникийн угсралтын ажлыг гүйцэтгэсэн ЖӨ ХХК нарын буруутай болохыг шүүхээр тогтоолгон гэм хорын хохирол 854,985 төгрөгийг хохиролд гарсан нөхөн төлбөрийг гаргуулж өгнө үү гэв.

4. Хариуцагч ЦХК ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Т.М ийн эд хөрөнгөд учирсан хохирол 854,985 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаж буй Барилгын тухай хуулийн 40.1.8-д захиалагч нь өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан хохирлыг хариуцах үүрэгтэй гэж заасан. Энэхүү учирсан гэх эвдрэлийг манай компани огт мэдээгүй бөгөөд тухайн эвдрэл үүссэн өдөр манай компанийн барилга байгууламжийн ашиглалтын зүгшрүүлэх, тохируулах хугацаанд албан ёсоор гомдол бүртгэн хүлээн авдаг ажилтан дээр ийм осол эвдрэл гарсан гомдол бүртгэгдээгүй. Ийм асуудал болсон гэдгийг шүүхийн нэхэмжлэлийг гардаж авсан өдрөө мэдсэн. Мөн тухайн эвдрэл гарахад нөлөөлсөн хүчин зүйлс захиалагчаас тодорхой хүчин зүйлс /оршин суугчийн өөрийн үйлдлээс, захиалагчаас, гүйцэтгэгчээс халуун хүйтэн усны хэт их даралтын нөлөөллөөс гэх мэт/ би бөгөөд яг ямар үйлчлэлийн улмаас би болсон эвдрэл, гэмтэл болох нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Хариуцагч ЖӨ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллага ЦХК ХХК-ийн ээлжийн төсөл болох 0/0 блокийн ХАС, БУ, УХАТ-ын дулааны шугам гэх ажилбарыг угсарч гүйцэтгэн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байнгын ашиглалтад өгсөн. 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0/0 байрны 78 тоот гарсан уг гэмтлийн мэдээгүй байсан. ЦХК ХХК-иас ямар нэгэн асуудал гарвал цаг тухайд нь мэдэгддэг тул тус хотхонд амьдардаг ЖӨ ХХК ийн ажилчид инженерүүд мэдэгдээд богино хугацаанд арга хэмжээ авдаг билээ. ОСНААн ашиглалт хариуцсан контор нь тус байрыг хүлээж аваад удаагүй байсан бөгөөд, уг гарсан гэмтлийг яг юунаас болж үүссэн гэж дүгнээд акт тогтоосныг манай байгууллага ойлгохгүй бас хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус гэмтлийг гарах нөхцөл талаас нь тодорхой дурдвал ЦТП /УДД төв/халаалтын 2 дугаар контор даралт ихэссэн тохиолдолд машинист ажлын байраа орхих, цахилгаан тасрах, сүлжээний насос унтарч асах, /тодорхой хугацаанд/ цахилгаан халаалтын активатор шатах, 1 дүгээр конторын горим нэмэгдэх үед /P,tо/ нэмэлт усны систем дээр даралтын тохиргоог хянахгүй үед гэх мэт зүйл бичиж болно. Иймд гарсан гэмтлийг шууд материалтай угсарсан байгууллагатай холбож болохгүй. Тус гэмтэл нь угсарсан байранд халаалт тавиад 3 жилдээ орж байна. ОСНАА-д хүлээлгэж өгөхөөс өмнө манай байгууллага ашиглалтыг хариуцлагатайгаар хариуцаж байсан. Ашиглалт хариуцна гэдэг амаргүй ажил шинэ барилга хуучин дээр ямар нэг байдлаар тодорхой гэмтэл гарч байдаг. Материалын чанаргүйгээс болсон манай ажлын чанаргүйгээс болсон гэдгийг мэргэжлийн шинжээч тогтоох ОСНАА байгууллага нүдээр хараад дүгнэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

6. Нэхэмжлэгчээс шүүхэд: 2019.11.13-ны өдрийн даатгалын гэрээ(хх6-8,175), ипотекийн гэрээ(хх9-12), даатгалын тохиолдлын тодорхойлолт(хх13), засвар үйлчилгээний гэмтлийн акт(хх14), хүсэлт(хх15-16), үнэлгээний тайлан(хх17-18),хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээ(хх19), шилжүүлгийн хуулга(хх20), СТНАА улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл(хх88-90)зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

7. Хариуцагч ЦХК ХХК-аас шүүхэд: компанийн дүрэм(хх25-28), улсын бүртгэлийн лавлагаа(хх39), 2019.01.10-ны өдрийн тушаал(хх56-57) зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

8. Хариуцагч ЖӨ ХХК-иас шүүхэд:2022.06.03-ны өдрийн тодорхойлолт(хх58-59), Силвер лайт ХХК-ийн 2023.06.27-ны өдрийн тушаал(хх201), гэрчээс асуух асуулт(хх200), Силвер лайт ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ(хх202-203) зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

9. Шүүхээс: гэрч А.Оюунбаатар, С.Баярсайхан, А.Ганбат, ОСНАА-ын шинжээчийн дүгнэлт(хх104-125),СТНАА-гийн засвар үйлчилгээний акт (хх176-181) зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч МД ХК нь хариуцагч ЦХК ХХК, ЖӨ ХХК-д холбогдуулан даатгуулагч Т.М т 854,985 төгрөгийн хохирол учирсан, уг хохирлыг даатгагч нөхөн төлсөн. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хорын хохирол шаардах эрхтэй, хариуцагч нар төлөх үүрэгтэй гэж тодорхойлсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч МД ХК нь хариуцагч ЦХК ХХК-д холбогдуулсан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.

Хариуцагч ЦХК ХХК тухайн эвдрэл гарахад нөлөөлсөн хүчин зүйлс захиалагчаас шалтгаалсан тодорхой хүчин зүйлс нөлөөлсөн нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж,

Хариуцагч ЖӨ ХХК нь тус барилга 2019 онд ашиглалтад орсон, халаалт тавиад 3 дахь жилдээ орж байна. ОСНАА-д хүлээлгэж бүрэн хүлээлгэж өгсөн. Усны даралтаас үүссэн байх боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус маргасан.  

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

10. Баянзүрх дүүрэг, 0дүгээр хороо, 0дүгээр хороолол, 0 хотхон 0/0 байрны 0тоотод оршин суугч Т.М ийн гэрт 2021 оны 12 дугаар сарын 22-ны шөнийн 03 цаг 40 минутад халаалтын колекторын буцах усны труба чангалгаагаар муфтын угаар тасарч ус алдсаны улмаас паркетан шал хөндийрсний улмаас эд хөрөнгөд хохирол учирчээ.

10.1. Нэхэмжлэгч МД ХК нь даатгуулагч Т.М тэй 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2049 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаагаар 30 жилийн хугацаатай байгуулж, даатгуулагчын Баянзүрх дүүрэг, 0дүгээр хороо, 0дүгээр хороолол, 0/0 байр 0тоот орон сууцны барьцаа хөрөнгийн үнэлгээ 55,900,000 төгрөг, барьцаа хөрөнгийн даатгал 0,12 хувь, зээлийн гэрээний графикийн дагуу сар тутам зээлийн үлдэгдэл дүнгээс тооцон төлөхөөр тохиролцож Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв.(хх6-13,175)

10.2. Дээрх гэрээгээр барьцаа хөрөнгийн даатгалын хамгаалалтад галын эрсдэл, сантехникийн эрсдэл, байгалийн эрсдэл, цахилгаан, эрчим хүчний эрсдэл, гуравдагч этгээдийн учруулсан санаатай болон санамсаргүй үйлдэл-ийг хамруулж, даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж тохиролцсон байх ба хариуцагч нар нь орон сууц зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй.

10.3. Орон сууц конторын СТНАА-гийн инженерийн үйлдсэн актад ...Баянзүрх дүүрэг,0дүгээр хороо,0дүгээр хороолол, 0/0 байр, 0тоотод байрлах айлын халаалтын коллекторын шугам чангалгааны угаар тасарсны улмаас ус алдсан. Тухайн холболт хийх үед трубаг огцом нугалах юм уу ором гарах үед тухайн хийсний дараа ус алддаггүй боловч хэсэг хугацааны дараа дотор талын хуванцрын нугалаасаар хагархай үүссэн томорсоор ул алдах эрсдэл хүрдэг. Тухайн үед халаалтын температур тохируулагч хаалтын тог тасарснаас хаалт хаагдаж халаалт зогссон тул өгөх буцах шугамаар эрэлт хийгддэг усны даралт нэг талын шугам хаагдсанаас буцах усны шугам дээрх усны даралт өссөнөөс болж тасарсан байна. Тус гэмтлээс шалтгаалан пракетан шал залгаасны ирмэгээр хөөж хөвсийсөн гэж тодорхойлжээ. (хх 14)

10.4 Хөрөнгийн үнэлгээний Вейннэр Вэй ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Т.М ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 0дүгээр хороо, 0дүгээр хороолол, 0/0 байр 0тоотод байрлах орон сууцанд халуун хүйтэн усны хоолой задарч ус алдсанаас үүдэж зочны өрөө, унтлагын өрөөний паркетан шал норж хөвсийж, зай завсар гарсан,паркет шахах, сэргээн засварлах,учирсан хохирлын дүн 1,222,000 төгрөг гэх үнэлгээний тайлан гаргажээ. (хх17-19)

10.5 Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дах заалтад зааснаар даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдсэн гэж үзэж даатгагч МД ХК нь даатгуулагчид 854,984.52 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хаан банкаар шилжүүлсэн, нэхэмжлэгчээс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээг байгуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. (хх19-20,)

10.6 Хариуцагч ЖӨ ХХК тус орон сууцыг 2019 онд ашиглалтад хүлээлгэн өгсөн, 3 жил халаалт өгсөн, усны огцом өндөр даралтаас осол гарсан байх магадалтай гэж маргаж байгаа боловч даатгалын тохиолдол 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үүссэн бөгөөд Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д "Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.8-д "барилга байгууламжийн ашиглалтын зүгшрүүлэх, тохируулах хугацаанд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан хохирлыг хариуцах үүрэгтэй... гэж заасны дагуу уг орон сууцны засан сайжруулалтыг хийх үүргийг хүлээжээ.  

10.7 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр орон сууц нийтийн аж ахуй удирдах газар /ОНӨААТҮГ/-ыг шинжээчээр томилсон.Шинжээчийн дүгнэлтэд ...тус орон сууцны барилга 2019 онд ашиглалтад орсон, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 2 жил хэвийн ажиллагаатай ашиглагдсан. Төвлөрсөн ус дулаан дамжуулах төвөөс хангагддаг, айл бүр коллекторын системтэй, халаах хэрэгслүүдийг коллекторт хуванцар шугамаар холбосон. Тухайн байрны ус, дулаан хангамжийн ашиглалт үйлчилгээг хариуцан ажилладаг СТНАА ХХК-ийн ээлжийн инженерийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэлд 0/0 дугаар байрны 78 тоотын паарны шугам хагарч ус адсан тухай, 12 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэлд коллекторын шугам мултарсныг засварласан тухай тус бүр тэмдэглэжээ. Ашиглалтын явцад хуванцар шугам холболтоосоо мултрах хэд хэдэг шалтгаан байдаг нь тухайн сүлжээний усны даралт өндөрших, температурын хэлбэлзлээс шалтгаалж хоолой тэлж агшсанаас хагарч цуурах,эсхүл холболтыг мөчид хийх зэрэг юм. Тухайн 78 тоотын шугам сүлжээг угсрах үеийн акт, фото зураг байхгүй, СТНАА ХХК-ийн тухайн өдрүүдийн халаалтын горим ажиллагааны параметрийн мэдээнүүд зөрүүтэй алдаатай, ойлгомжгүй, он, сар, өдөр нь тодорхойгүй, шөнийн цагуудын параметрийн мэдээг хянадаггүй зэргээс шалтгаалан дүгнэлт гаргах боломжгүй гэж дурджээ.(хх104-125)

10.8 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр ЦХК ХХК-ийн инженер Д.Оюунбаатар ...тухайн орон сууцыг 2019 оны 01 дүгээр сард улсын комисст хүлээн авсан.түүнээс хойш нэг жилийн дараа осол болсон.Дулааны үйл ажиллагааг манайх хариуцан ажилладаг.би сантехникийн инженер биш тул ослын талаар сайн мэдэхгүй гэж, СТНАА ХХК-ийн инженер С.*...2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 78 тоотод очоод коллекторыг хаасан байсан. Коллектор дээр хоолойгоор бөгжөөр түгждэг, тэр түгжирсэн шугам дээр гэмтэл гарсан. Чангалгаа дутуу байснаас, холболт хийхэд нугалдаг, нугалаасны гэмтлээс ус алдсан байх магадлалтай, бөгжнийхөө хэсгээр цуурсан байсан. Нугалаасаар цуурч ус алдсан. Хэрэв усны даралт өссөн бол бүх айлын ус алдана гэж, А.Ганбат .... гэж тус тус мэдүүлжээ.(хх62-66-5,101-166,... )

10.9 Дээрх үйл баримтаас үзэхэд даатгуулагч Т.М ийн эд хөрөнгөд хохирол учирсныг даатгагч МД ХК нь даатгуулагчид хохирлыг бүрэн төлсөн хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

10.10 Хариуцагч ЖӨ ХХК нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.8-д заасны дагуу уг орон сууцны засан сайжруулалтыг хийх үүргийг хүлээх үүргэтэй.

Иймд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ... гэж зааснаар даатгагч хохирлоо шаардах эрхтэй байх тул хариуцагч ЖӨ ХХК-иас 854,985 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч МД ХК-д олгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч МД ХК нь хариуцагч *консалтинк ХХК-д холбогдуулсан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан ЦХК ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Томилогдсон иргэдийн төлөөлөгч Т.Эшүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигч түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлтүүдийг гаргасан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдаан явуулсан болохыг дурдах нь зүйтэй. 

Нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,070 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЖӨ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 25,070 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЖӨ ХХК-иас 854,985 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч МД ХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч МД ХХК нь цагаан хуаран консалтинк ХХК-д холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,070 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЖӨ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 25,070 төгрөг гаргуулж  нэхэмжлэгч МД д ХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Т.ГАНЧИМЭГ

ШҮҮГЧИД  Г.БЯМБАЖАРГАЛ

Т.ЭНХЖАРГАЛ