| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2023/01564/И |
| Дугаар | 101/ШШ2023/03533 |
| Огноо | 2023-07-26 |
| Маргааны төрөл | Уралдаант шалгаруулалт, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2023/03533
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч МА ХХК нэхэмжлэлтэй
Хариуцагч:ПЧДТ ХХК холбогдох
Авто машины түрээсийн үзүүлэгчийг сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, сонгон шалгаруулалт дахин явуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, *******, нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч МА ХХК нь хариуцагч ПЧДТ ХХК-д холбогдуулан Авто машины түрээсийн үзүүлэгчийг сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, сонгон шалгаруулалт дахин явуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. МА ХХК нь ******* аймгийн үйл ажиллагаа явуулдаг ПЧДТ ХХК-ийн зарласан машин түрээсийн тендер-т оролцсон ба тендерт зориулсан баримт бичгүүдээ 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өгч, оролцогчдоос ирүүлсэн баримтуудыг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээх тухай тендерийн зар болон баримт бичигт заасан.Манай компанийн үйл ажиллагаагаа Улаанбаатар хотод явуулдаг бөгөөд ПЧДТ ХХК-ийн 19 дүгээр талбайгаас /Улаанбаатар хотоос 900 км орчим зайтай/ тендерийн материалыг ******* аймгийн Хэрлэн сумд 8 дугаар сарын 19-ний өдөр ирүүлж, мөн өдрийн орой 20 цагт Улаанбаатар хот руу дайвраар явуулж 8 дугаар сарын 21-ний өдрийн Ням гарагт Улаанбаатар хотод хүлээн авсан. Улмаар 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Даваа ажил цуглан тендер хариуцсан менежер болон холбогдох хүмүүсийг цуглуулан тендерийн материалыг уншиж танилцан материал хүлээн авах хугацаа нь 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 09:00-18:00 цаг хүртэл байсан учир ажлаа төлөвлөн тендерийн материал бүрдүүлэн ажилдаа орсон. Гэтэл анх тендерийн материал авсан цагаас хойш ПЧДТ ХХК-ийн албан ёсны тендер зохион байгуулагчийн утас болох 99 гэсэн дугаараас тендер нээгдээгүй байхад манай компаниас тендер шалгаруулалтад чухал шаардлагатай баримт мэдээлэл нэхэж эхэлсэн. Уг баримтад 1.Тендерт оролцох машин, 2.Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 3. Тээврийн хэрэгслүүд тухай компанийн өмч мөн болохыг тодорхойлох.
Үүнээс гадна , тендерийн материал бүрдүүлэн ажиллах явцад тендерээр олгох ажлыг тодорхой хэдэн компаниудад хуваан өгнө гэсэн яриа гарсан байсан бөгөөд ямар шалгуураар хэрхэн тус компанийн урьдчилан шалгаруулсан нь тодорхойгүй байна. Ийнхүү уг тендерт 9 компани оролцож материалаа ирүүлсэн ба манай компани шалгараагүй тухай мэдээг утсаар авсан. Шалгаруулалтад оролцсон компаниас хэн нь хэдэн оноогоор, ямар үнийн саналаар шалгарсан, яагаад манай компани шалгараагүй тухай ямар ч мэдээлэл хэлэлгүйгээр утсаар залгаад шалгараагүй тухай хэлээд утсаа тасалсан байна.
ПЧДТ ХХК ийн албан ёсны тендер зохион байгуулагчийн зүгээс тендерт шалгаруулах хугацаа болоогүй байхад уг шалгаруулалтын үр дүнд чухал нөлөө үзүүлэх мэдээллийг манайхаас нэхэж, хугацаа заан шаардаж байгаа нь аливаа байдлаар бусдад давуу байдал үүсгэх нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд тендерийн баримт бичгийнхээ 3 дугаар зүйлд тусгайлан тендерт оролцож буй бүх компаниуд дараах агуулгын дагуу тендерийн баримт бичгийг үдэх шаардлагатай гэж зааснаар материалаа ирүүлэхдээ нууж үдэн битүүмжлэлтэйгээр ирүүлэхээр шаардсан шаардлагаа зөрчсөн нь тодорхой байна.
Үүнээс гадна дээрх хууль бус шаардлага манай компаниас биш бусад компаниас шаардан авсан байх боломжтой бөгөөд ямар үндэслэлээр оролцогч 9 компаниас хэдийг шалгуулсан нь тодорхойгүй тул ихээхэн хардлага төрүүлж байна.
Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.6-д уралдаант шалгаруулалт, дуудлага худалдаа, эсхүл төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцохдоо өрсөлдөгчөө тухайн үйл ажиллагаанд бодит нөхцөлөөс төөрөгдүүлэх, тэдэнд дарамт, шахалт үзүүлэх-ийг хориглосон байхад ПЧДТ ХХК ийн эрх зүйн бүхий албан тушаалтнууд худалдан авах ажиллагаа зарлаж, уралдаант шалгаруулалтын баримт материалын бэлтгэл үе шатанд хууль бусаар материал нэхэж дарамт шахалт үзүүлсэн нь энэхүү худалдан авах ажиллагаа угаас хууль бус болсныг харуулж байна.
Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1-д Ямар нэгэн ажлыг гүйцэтгэх тодорхой болзлыг хангаж шалгарсан этгээдэд шагнал буюу эрх олгохоор нийтэд зарласан иргэн, хуулийн этгээд нь зарласан болзол ёсоор шалгарсан этгээдэд тухайн шагнал буюу эрхийг олгох үүрэг хүлээнэ., энэ хуулийн 421.5.-д Уралдаант шалгаруулалтын болзолд орсон өөрчлөлтийг уралдаант шалгаруулалт зарласан журмаар зарлах бөгөөд ийнхүү зарлаагүй бол уралдаант шалгаруулалтын болзол өөрчлөгдсөн гэж үзэхгүй. гэж тус тус зааснаар манай зкомпаниас шаардаж буй шаардлага болох компанийн техникийн хүчин чадлыг зарласан хэлбэрээр бүх оролцогчдоос шаардаж урьдчилан авах гэдэг нөхцөлөө өөрчлөлт оруулах учиртай байсан.Гэтэл уралдаант шалгаруулалтын нөхцөлд өөрчлөлт оруулаагүй бөгөөд шалгаруулалтын журмын тендерийн бичиг баримт эн талаар огт тусгаагүй байна.
. Манай компанийн зүгээс тендерийн баримт бичиг англи, хятад хэл дээр орчуулга томилолтын зардал, машины түрээс тендерт оролцох техникийг Улаанбаатараас ******* аймаг хүргүүлэх, жолооч нарын зардал гээд нийт 12,000,000 төгрөгийн зардал гаргасан бөгөөд энэ хууль бус үйл ажиллагааны улмаас дээрх хэлбэрээр хохироод байна. Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1-д Ямар нэгэн ажлыг гүйцэтгэх тодорхой болзлыг хангаж шалгарсан этгээдэд шагнал буюу эрх олгохоор нийтэд зарласан иргэн, хуулийн этгээд нь зарласан болзол ёсоор шалгарсан этгээдэд тухайн шагнал буюу эрхийг олгох үүрэг хүлээнэ., энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д 9.1.Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна., 9.4.2.эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх; гэж тус тус заасны дагуу 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулагдсан ПЧДТ ХХК ийн 2022 оны авто машины түрээсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож дахин сонгон шалгаруулалт явуулахыг даалгаж өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ПЧДТ ХХК-ийн 2022 оны автомашины түрээсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах, сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин сонгон шалгаруулалт явуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. МА ХХК нь ******* аймагт үйл ажиллагаа явуулдаг ПЧДТ ХХК-ийн зарласан машин түрээсийн тендер-тендерт оролцсон ба тендерт зориулсан баримт бичгүүдээ 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өгч, оролцогчдоос ирүүлсэн баримтуудыг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээх тухай тендерийн зар болон баримт бичигт заасан байсан. Манай компани үйл ажиллагаагаа Улаанбаатар хотод явуулдаг бөгөөд ПЧДТ ХХК-ийн 19 дүгээр талбайгаас /Улаанбаатар хотоос 900 км-ийн зайтай/ тендерийн материалыг ******* аймгийн төв Хэрлэн сумд 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ирүүлж мөн өдрийн орой 20:00 цагт Улаанбаатар хот руу дайвраар явуулж 2022 оны 8 дугаар сарын 21-ний ням гарагт Улаанбаатар хотод хүлээн авсан. Улмаар 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн даваа гарагт ажил цуглан тендер хариуцсан менежер болон холбогдох хүмүүсийг цуглуулан тендерийн материалыг уншиж танилцсан материал хүлээн авах хугацаа нь 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 09:00-18:00 цаг хүртэл байсан учир ажлаа төлөвлөн тендерийн материал бүрдүүлэх ажилдаа орсон. Гэтэл анх тендерийн материал авсан цагаас хойш ПЧДТ ХХК-ийн албан ёсны тендер зохион байгуулагчийн утас болох 99 гэсэн дугаараас тендер нээгдээгүй байхад манай компаниас тендерт шалгаруулалтад чухал шаардлагатай баримт мэдээлэл нэхэж эхэлсэн. Уг баримтад Тендерт оролцох машины дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тээврийн хэрэгслүүдийг тухайн компанийн өмч болохыг тодорхойлох баримт зэргийг нэхэж эхэлсэн. Үүнээс гадна, тендерийн материал бүрдүүлэн ажиллах явцад уг тендерээр олгох ажлыг тодорхой хэдэн компаниудад хуваан өгнө гэсэн яриа гарсан байсан бөгөөд ямар шалгуураар хэрхэн тус компаниудыг урьдчилан шалгаруулсан нь тодорхойгүй байна. Уг тендерт 9 компани оролцож материалаа ирүүлсэн ба манай компани шалгараагүй тухай мэдээг утсаар хүлээн авсан. Шалгаруулалтад оролцсон компаниудаас хэн нь хэдэн оноогоор, ямар ч баримт мэдээлэл хэлэлгүйгээр утсаар залгаад шалгараагүй тухай хэлээд утсаа тасалсан. ПЧДТ ХХК-ийн албан ёсны тендер зохион байгуулагчийн зүгээс тендерт шалгаруулах хугацаа болоогүй байхад уг шалгаруулалтын үр дүнд чухал нөлөө үзүүлэх мэдээллийг манайхаас нэхэж, хугацаа заан шаардаж байгаа нь аливаа байдлаар бусдад давуу байдал үүсгэх нөхцөлийг бүрдүүлсэн байх бөгөөд тендерийн баримт бичгийнхээ 3 дугаар зүйлд тусгайлан тендерт оролцож буй бүх компаниуд агуулгын дагуу тендерийн бичиг баримтыг үдэх шаардлагатай гэж зааснаар материалаа ирүүлэхдээ нууж үдэн битүүмжлэлтэйгээр ирүүлэхээр шаардсан шаардлагаа зөрчсөн нь тодорхой байна. Үүнээс гадна дээр хууль бус шаардлагаа манай компаниас ч биш бусад компаниас шаардан авсан байх боломжтой бөгөөд ямар үндэслэлээр оролцогч 9 компаниас хэдийг нь шалгаруулсан нь тодорхойгүй тул ихээхэн хардлага төрүүлж байна. Монгол улсын Өрсөлдөөний тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.6-д уралдаант шалгаруулалт, дуудлага худалдаа, эсхүл төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцохдоо өрсөлдөгчөө тухайн үйл ажиллагааны бодит нөхцөлөөс төөрөгдүүлэх, тэдэнд дарамт, шахалт үзүүлэх-ийг хориглосон байхад ПЧДТ ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд худалдан авах ажиллагаа зарлаж, уралдаант шалгаруулалтын баримт материалын бэлтгэл үе шатанд хууль бусаар материал нэхэж дарамт шахалт үзүүлсэн нь энэхүү худалдан авах ажиллагаа угаас хууль бус болсныг харуулж байна. Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1-д Ямар нэгэн ажлыг гүйцэтгэх тодорхой болзлыг хангаж шалгарсан этгээдэд шагнал буюу эрх олгохоор нийтэд зарласан иргэн хуулийн этгээд нь зарласан болзол ёсоор шалгарсан этгээдэд тухайн шагнал буюу эрхийг олгох үүрэг хүлээнэ, мөн зүйлийн 421.5-д Уралдаант шалгаруулалтын болзолд орсон өөрчлөлтийг уралдаант шалгаруулалт зарласан журмаар зарлах бөгөөд ийнхүү зарлаагүй бол уралдаант шалгаруулалтын болзол өөрчлөгдсөн гэж үзэхгүй гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл өмнө дурдсан тендерт оролцох машины дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тээврийн хэрэгслүүдийг нэмэлтээр шаардаж байгаа бол яг анх ямар хэлбэрээр уралдаан шалгаруулалтыг зарлаж байсан. Тэр хэлбэрээр шаардах байсан. Өдөрт нь хэвлээд зарласан байсан. Энэ хэлбэрээр өдөрт нь хэвлээд зарлах байсан. Энэ баримтуудыг битүүмжилж нууцалж өгөх ёстой гэж бид үзэж байгаа. Магадгүй шалгарсан компаниудаас түрүүлээд материалаа авчихсан бол энэ шалгаруулалт нөхөж хийж байгаа ч гэх юм уу, хийсвэр уралдаан шалгаруулалт хийсэн мэт нөхцөл байдал үүсэж байгаа. Ингэж хууль бус болсноор Иргэний хуулийн 421.1-д зааснаар шалгарсан этгээдэд тухайн эрхийг олгох үүрэг хүлээнэ буюу ПЧДТ ХХК-аас үйлчилгээ үзүүлэх эрхийг хууль ёсоор авах боломжоо алдаад байгаа юм. Мөн 2022 оны автомашин түрээсийн зарын дагуу олон нийтэд зар хүргүүлж, 2022 оны автомашины түрээсийн тендерийн баримт бичгийг оролцогч нарт өгч уралдаан шалгаруулалтыг эхэлсэн. Ингээд бэлтгэлээ базаад баримт бичгийг бүрдүүлж байх хугацаанд шалгаруулалтын чухал шаардлагатай материалуудыг шаардсан. Өгөхгүй бол хүлээн авахгүй талаар хууль бус шаардлага тавьж эхэлсэн. Улмаар анх гаргасан хэлбэрээр бүх оролцогч нараас шаардаж авч байна уу эсэхийг шалгасан хэдий ч сүртэй өөрчлөлт оруулаагүй байсан учраас баримт бичгийг урьдчилж авах талаар тусгаагүй байсан. Энэхүү хууль бус сонгон шалгаруулалтаас болж хууль ёсоор сонгогдох боломжоо алдахаас гадна МА ХХК нэхэмжлэгч компани тендерийн баримт бичгийг Англи, Хятад хэл дээр орчуулах, томилолтын зардал, машин түрээслэх, тендерт оролцох техникийг Улаанбаатар хотоос ******* аймаг хүргэх жолооч нарын зардалд нийт 11,476,000 төгрөгийн зардал гарсан. Энэ зардал хууль бус уралдаан шалгаруулалтын улмаас манай компанийн хохирол гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.7-д зааснаар уралдаант шалгаруулалт зарласан этгээд энэ зүйлд заасан журмыг зөрчсөн бол түүний улмаас оролцогчдод учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан байдаг. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна. Мөн хуулийн 9.4.2-д эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх гэж заасны дагуу дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Хууль бус уралдаан шалгаруулалтын улмаас компанид учирсан 11,476,000 төгрөгийг гаргуулах, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн автомашины түрээсийн үйлчилгээ үзүүлэгчийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, автомашины үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулалтыг дахин гүйцэтгүүлэхийг ПЧДТ ХХК-д даалгаж өгнө үү гэв.
3.Хариуцагч ПЧДТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани газрын тосны хайгуулыг олборлох үйл ажиллагаа явуулдаг. ПЧДТ ХХК нь газрын тосны тухай хуулийн 11.2.5-д зааснаар өөрийн үйл ажиллагаанд шаардагдах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид тэргүүн ээлжинд давуу эрх олгох гэсэн заалтыг үндэслэн Монголын аж ахуйг дэмжин ажилладаг. 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Монголын хэвлэл мэдээллийн Өдрийн сонин болон Өнөөдөр сонин-д нээлттэйгээр зарласан. Энэ зарласан тендерийн материалыг 14 компани энэ зарын дагуу материалаа явуулсан. Үүнээс 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 9 аж ахуйн нэгжээс тендерийн материалыг хүлээн авсан. Үлдсэн ААН тендерт оролцоогүй. Тендерт оролцож байгаа компаниуд болон аж ахуйн нэгжийг үнэн зөвийг баталгаажуулахын тулд компанийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимаар хүлээн авна гэж нийтэд мэдэгдсэн. Тухайн тендерт оролцож байгаа байгууллагуудын тээврийн хэрэгсэл нь тухайн байгууллага дээр байна уу гэдэг мэдээллийг тодруулж байгаа юм. 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тендерт оролцож байгаа бүх компанийн төлөөлөл болон хяналт тавьж ажиллахаар төрийн байгууллагын төлөөлөл болон ашигт малтмал газрын тосны газрын мэргэжилтэн ******* нарыг ******* аймгийн ******* сумын тендерийн үйл ажиллагааг зохих хууль дүрэм журмын дагуу явуулсан. Тендерт оролцогчид битүүмжилсэн тендерийн материалыг үзүүлнэ. Ямар нэгэн санал гомдол эсэргүүцэх үйл ажиллагаа байгаагүй тул 9 дүгээр сарын 01-ний өдөр эхэлсэн. Тендерийн материалыг үзэж шүүж оноо өгөх хүмүүс нь манай компанийн хүмүүс байсан. Мөн тендерт оролцогч компаниудаас ирүүлсэн материалд газар дээр нь оноо өгч үнэлгээ гаргасан. 19 дүгээр талбайд пикап жийп автомашин тендерт ******* ХХК болон БС ХХК-ууд шалгарсан. Комиссын шалгалтаар МА ХХК гэрчилгээний скайнердсан хуулбар болон орчуулгын хуулбар хоорондоо таарахгүй байсан. Эх хувь нь орчуулах гээд байсан скайнердсан хувь хоорондоо таарахгүй байсан. Баримт бичгийн үнэлгээ байхгүй байсан. Ийм учраас 2022 оны 9 дүгээр сарын 01-ний үдээс хойш хариу тайлбарт МА ХХК-ийн төлөөлөгч ирээгүй. Ингээд тендерийн хариуг газар дээр нь өгөхөд бүх тал нь татгалзах үндэслэлтэй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч HUO HANFENG: Тухайн өдрийн тендерийн үйл ажиллагаанд би өөрөө оролцсон. Тухайн шалгаруулалтанд тендерийн материалын битүүмжийг танилцуулж байхад ямар нэгэн эсэргүүцэл байгаагүй. Тендер эхлэхэд бүх аж ахуйн нэгж байгууллагад тендерийн дүнг танилцуулах тул хол явахгүй шүү гэж хэлсэн. Ингээд яг хариуг танилцуулах болоход МА ХХК-ийн төлөөлөгч ирээгүй бөгөөд утас нь холбогдохгүй нөхцөл байдал үүссэн. Дээрээс нь бүх компаниудын төлөөлөл орж ирсэн хойно 15 минут хүлээж цаг хугацаа алдсан. Ингээд сонгон шалгаруулалтын үйл явц, үр дүнг танилцуулахад би өөрөө утсаар танилцуулсан. Үүн дээр хариу тайлбарыг сонсоогүй гэдгээр шалгараагүй зүйл болоогүй нөхцөл байдлыг тухайн үед нь танилцуулсан гэв.
5.Нэхэмжлэгчээс шүүхэд: итгэмжлэл(хх10), Хаан банкны депозит дансны хуулга (хх22-25), 2022.08.25-ны өдрийн тээврийн ажил гүйцэтгэх гэрээ(хх26-28), Б.С иргэний үнэмлэхийн хуулбар(хх29), зарлагын падаан(хх30), хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ(хх35)зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.
6.Хариуцагчаас шүүхэд: хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ(хх38), итгэмжлэл(хх39-40, 76,78), 2022.08.15-ны өдрийн №1557 дугаар Өнөөдөр сонины орчуулга(хх63-65), 2022 оны Автомашины түрээсийн тендерийн баримт бичиг(хх66-74), 0-ны өдрийн 00 дугар Өнөөдөр сонин(хх86-91) зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч МА ХХК нь хариуцагч ПЧДТ ХХК-д холбогдуулан Авто машины түрээсийн тендерийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, сонгон шалгаруулалт дахин явуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч ******* аймгийн ******* сумын 19 дүгээр талбайд ПЧДТ ХХКийн кемпийн хурлын зааланд 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тендерийн материал задалсан. Ашигт малтмал газрын тосны газар хяналтаар оролцсон, тендер зохих журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.
7.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо: ПЧДТ ХХК-ийн эрх зүйн бүхий албан тушаалтнууд худалдан авах ажиллагаа зарлаж, уралдаант шалгаруулалтын баримт материалын бэлтгэл үе шатанд хууль бусаар материал нэхэж дарамт, шахалт үзүүлж бусдад давуу эрх олгосон нь худалдан авах ажиллагаа хууль бус болсон гэж тодорхойлсон.
Хариуцагч ПЧДТ ХХК нь 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн манай компанийн 99 дугаараас тендерт оролцохоор бүртгүүлсэн компаниудад нь ижил мессэжийг явуулсан гэж тайлбарласан.
7.1.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: ПЧДТ ХХК нь 2022 оны Авто машины түрээсийн сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг зарлаж, тендерийн баримт бичиг боловсруулж баталжээ.(хх66-74)
7.2.Хариуцагч ПЧДТ ХХК нь 2022 оны Авто машины түрээсийн тендерийн зарыг өдөр тутмын хэвлэл Өнөөдөр сонины 2022 оны 0дугаар сарын 0-ны өдрийн 00 дугаар дугаарт хэвлэгдсэн хэрэгт баримтаар авагдсан.(хх86-90)
7.3.Дээрхээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1-д Ямар нэгэн ажлыг гүйцэтгэх тодорхой болзлыг хангаж шалгарсан этгээдэд шагнал буюу эрх олгохоор нийтэд зарласан иргэн, хуулийн этгээд нь зарласан болзол ёсоор шалгарсан этгээдэд тухайн шагнал буюу эрхийг олгох үүрэг хүлээнэ гэж заасан уралдаант шалгаруулалтын харилцаа үүссэн байна.
7.4.Хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон хариуцагч ПЧДТ ХХК-ийн 99 дугаараас ирүүлсэн мессежийг хуулбар хэлбэрээр шүүхэд ирүүлсэн. (хх119-21)
7.5.Нэхэмжлэгч нэхэмжлэлийг шаардлагын үндэслэл болгосон хариуцагчийн 99 дугаараас ирүүлсэн мессежийн эх хувийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно. , хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан эрхийг нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй гэж үзэв.
7.6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт ...Авто машины түрээсийн сонгон тендерт материал ирүүлсэн, манайх бүх компаниудад ижил мессежийг 99 дугаараас явуулсан гэж тайлбарлах боловч энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй болно.
7.7.Зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан тайлбараас үзэхэд Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.5.-д Уралдаант шалгаруулалтын болзолд орсон өөрчлөлтийг уралдаант шалгаруулалт зарласан журмаар зарлах бөгөөд ийнхүү зарлаагүй бол уралдаант шалгаруулалтын болзол өөрчлөгдсөн гэж үзэхгүй. гэж зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайларыг буруутгах боломжгүй юм.
7.8.Авто машины түрээсийн сонгон шалгаруулалт 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* сумын 19 дүгээр талбай ПЧДТ ХХК-ийн удирдлагын тав кемпийн хурлын танхимд болсон, нэхэмжлэгч талын төлөөлөл уг ажиллагаанд оролцсон талаар хэн аль маргаагүй.
7.9.ПЧДТ ХХК нь 2022 оны Авто машины түрээсийн тендерийн зарын 4.2-т Тендерийн баримт бичгийг хятад, англи хэлээр тус бүр үйлдэх ба агуулгын хувьд яг ижил байх ёстой хятад англи хэлийг тайлбарлах явцад ялгаатай зүйл гарч ойлголтын зөрүү болон эргэлзээтэй байдал үүссэн тохиолдолд Англи хэлийг гол болгон баримтална гэж дурджээ. (хх86-90)
7.10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт ...МА ХХК-иас ирүүлсэн тендер ирүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээнд нь барилгын засвар хийх, гадаад худалдаа гэсэн хоёр тусгай зөвшөөрөл зөвшөөрөлтэй, Англи хэл дээрх ирүүлсэн хуулбарт 5 тусгай зөвшөөрөл бичигдэж орчуулагдсан нь агуулгын хувьд зөрүүтэй, гэрчилгээний дугаар мөн зөрүүтэй байснаас тендерт шалгараагүй гэж тайлбарласан.
7.11.Нэхэмжлэгч МА ХХК нь хариуцагчаас зарласан тендерийн материалд хүргүүлсэн баримтуудыг, хариуцагч ПЧДТ ХХК нь нэхэмжлэгчээс тендерт ирүүлсэн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар тус тус гаргаж өгөөгүй тул зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт маргасан тайлбарт шүүхээс үнэлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.
8.Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.7.-д Уралдаант шалгаруулалт зарласан этгээд энэ зүйлд заасан журмыг зөрчсөн бол түүний улмаас оролцогчдод учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж заажээ.
9.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт ...Хууль бус уралдаан шалгаруулалтын улмаас компанид учирсан 11,476,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлах боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлээгүй, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болохыг дурдав.
10.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж маргасан маргааны гол үндэслэл болгосон баримтуудыг хуульд зааснаар шүүхэд гаргаж өгөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантайгаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, өмгөөлөгч нь төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдаан үргэлжлүүлэх, зохигчид орчуулагч оролцуулахгүйгээр шүүх хуралдаан үргэлжлүүлэх хүсэлтийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч МА ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ПЧДТ ХХК-д холбогдох Авто машины түрээсийн үзүүлэгчийг сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, сонгон шалгаруулалт дахин явуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсхэгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 , 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ