| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2023/01039/И |
| Дугаар | 101/ШШ2023/03205 |
| Огноо | 2023-06-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2023/03205
| 2023 06 23 | 101/ШШ2023/03205 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У-ын гаргасан,
Хариуцагч: У ,
Хариуцагч: О нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М, О, У нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч У нь хариуцагч У О нартай 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 3,000,000.00 төгрөг зээлдүүлсэн бөгөөд 10 хоногийн хугацаатай зээл чөлөөлөх зорилгоор өдрийн 1 хувийн хүүтэй өгсөн юм. Гэвч зээлдэгч нар тохиролцсон хугацаандаа огт мөнгөө төлөөгүй учир харилцан тохиролцож гэрээг сунгаж явсаар байгаад 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулж дээрх зээл, зээлийн хүүгийн төлбөрт 12,000,000.00 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл хариуцагч нар зээлийг буцаан төлөх үүргээ үл биелүүлж одоог хүртэл нэг ч төгрөг эргэн төлөөгүй тул нэхэмжлэгч нь зээл, зээлийн хүүгийн төлбөр 12,000,000.00 төгрөгөөс 8,000,000.00 төгрөгийг хариуцагч нараас шаардаж байна.
Учир нь, өнгөрсөн хугацаанд хаа сайгүй л эдийн засгийн байдал хүнд, өвчин цар тахал, хөл хориотой байсан тул ийнхүү багасгаж байна. Иймд хариуцагч У О нараас төлбөр барагдуулах гэрээний үүрэг 8,000,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү. Энд төлбөр барагдуулах гэрээнд заасан алданги тооцоогүй.
Ерөнхийдөө нэхэмжлэгч нь хариуцагч нарт 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 3,000,000.00 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй 10 хоногийн хугацаатай зээлсэн ба хариуцагч нар үүнээс хойш 650,000.00 төгрөгийг төлсөн бөгөөд зээлийн гэрээг сунгаад явж байсан. Ингээд зээл, зээлийн хүүнд 12,000,000 төгрөг боллоо гэдэг байдлаар 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Одоо шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрийн үзэмжээр 8,000,000.00 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд үндсэн зээл 3,000,000.00 төгрөг, зээлийн хүү 5,000,000.00 төгрөг тус тус багтсан.
Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд нийт 5 удаа зээлийн гэрээ байгуулагдсан. Хамгийн анх 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 3,000,000.00 төгрөг зээлж аваад хэд, хэдэн удаагийн төлөлтөөр 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хүүгийн хамт 6,740,000.00 төгрөг төлсөн. Дараа нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 500,000.00 төгрөг зээлээд 10 дугаар сарын 03-ны өдөр 550,000.00 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 2,000,000.00 төгрөгийг зээлээд 4,210,000.00 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 3,000,000.00 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 25 өдөр 300,000.00 төгрөг зээлээд 500,000.00 болгож буцааж төлсөн гэв.
Хариуцагч нараас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид, нэхэмжлэгч Уын гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Учир нь, ямар учир шалтгааны улмаас 3,000,000.00 төгрөгийг зээлээд 12,000,000.00 төгрөг төлөх үүрэг хүлээх болов гэдэг асуулт чухал байна. Нэхэмжлэгч нь бид хоёртой зээлийн гэрээ байгуулаад мөнгийг нь буцааж төлсөөр байхад алданги, хүү гэсэн дарааллаар зээлийг төлүүлж, дарамт шахалт үзүүлж тооцоо нийлэх, төлбөр барагдуулах гэрээ зэргийг байгуулдаг, энэ хүн мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс хяналт шалгалт хийлгэх хүсэлтэй байна. Ер нь нэхэмжлэгч тал иргэдэд өндөр хүүтэй мөнгө зээлдүүлж их хэмжээний хүү, алданги нэхэмжилдэг бөгөөд хувиараа зээлийн гэрээ гэгч дээр гарын үсэг зуруулж, уг гэрээгээ нотариатаар батлуулж хугацаа нь болонгуут нотариатын нэхэмжлэл бичүүлж зээлдэгчийг шүүхэд өгдөг. Нэхэмжлэл бичиж өгөөгүй нотариатчийг хоолноос нь салгана гэж заналхийлдэг.
Яг энэ асуудлаар тус шүүхэд шүүх хурлаар орсон нотариатч байдаг. Бид хоёр нэхэмжлэгчээс авсан бүх зээлийн өндөр хүүгийн хамт төлсөн, одоо төлөх ямар нэгэн төлбөр өр байхгүй, тус төлбөр барагдуулах гэрээг хүлээн зөвшөөрөхгүй, иргэдийг хууль, эрх зүйн мэдлэггүйг далимдуулж маш их хэмжээний мөнгө нэхэмжилж байна гэв.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
1. Улсын тэмдэгтийн хураамжид 142,950.00 төгрөг төлсөн баримт,
2. Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,
3. 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээний хуулбар,
4. 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар,
5. Депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
6. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр,
7. 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ,
8. 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ,
9. Иргэний үнэмлэхийн хуулбар,
10. 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт гэрээ,
11. У О нарын 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлт,
12. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн гэрээ,
13. Депозит дансны хуулга,
14. 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ,
15. У О нарын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хүсэлт,
16. У О нарын 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлт,
17. 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тооцоо нийлсэн гэрээ,
18. Депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
19. 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ,
20. Депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
21. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ,
22. Зээлийн эргэн төлөх хуваарь,
23. Депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
24. 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээ,
25. 2019 оны 10 дугаар сарын 09, 2019 оны 12 дугаар сарын 09, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний сунгалт, өөрчлөлт,
26. 2019 оны 10 дугаар сарын 09-ний ЗГ201910-01 дугаар зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт сунгалт,
27. У О нарын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хүсэлт,
28. 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн тооцоо нийлсэн гэрээ,
29. Депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
30. 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн бараа хүлээн авсан тэмдэглэл,
31. Депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
Хариуцагчийн өгсөн нотлох баримт нь:
1. Хариу тайлбар,
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:
1. Х ХХК -ийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 29/5656 тоот албан бичиг,
2. Депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Уаас хариуцагч О, У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийг үзвэл Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хариуцагчаас хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч У нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч О, У нартай төлбөр барагдуулах гэрээ байгуулж 12,000,000.00 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр тохиролцсон ба үүнээс нэхэмжлэгч нь 8,000,000.00 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна /х.х-ийн 25 хуудас/.
Гэтэл хариуцагч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчээс 3,000,000.00 төгрөгийг зээлсэн бөгөөд тухайн төлбөр барагдуулах гэрээнд түүний дарамт, шахалтын улмаас гарын үсэг зурсан, бид нар ямар үндэслэлээр 3,000,000.00 төгрөгийг зээлээд 12,000,000.00 төгрөгийг төлөх үүрэг хүлээж байгаагаа ойлгохгүй байна, нэхэмжлэгчээс урьд өмнө зээлсэн бүх зээлийг төлж дуусгасан бөгөөд одоо нэхэмжилж байгаа 8,000,000.00 төгрөгийн маргааныг шийдвэрлэхэд өмнөх зээлүүдийг заавал шалгах ёстой гэж маргасан.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч У нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч О, У нарт 3,000,000.00 төгрөгийг зээлдүүлээд 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 6,740,000.00 төгрөг, мөн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 500,000.00 төгрөгийг зээлдүүлж улмаар 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 550,000.00 төгрөг, түүнчлэн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 2,000,000.00 төгрөгийг зээлдүүлж 4,210,000.00 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 300,000.00 төгрөгийг зээлдүүлээд 500,000.00 төгрөгийг тус тус авсан бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй /х.х-ийн 51, 52, 57, 59, 62, 65 хуудас/.
2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.
Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зохигчид 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулахаас өмнө хариуцагч нар нэхэмжлэгчээс нийт 5,800,000.00 төгрөгийг зээлж 12,000,000.00 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар маргаагүй бөгөөд мөн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 3,000,000.00 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, тус мөнгийг хүлээж авсан байна /х.х-ийн 6, 7 хуудас/.
Тодруулбал, талууд 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч У нь хариуцагч О, У нарт 3,000,000.00 төгрөгийг зээлдүүлсэн, үүний дараа 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлбөр барагдуулах тухай гэрээг байгуулсан боловч хариуцагч нар 12,000,000.00 төгрөгийг төлөх үүрэггүй гэж маргаж байна. Энэ тохиолдолд зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 3,000,000.00 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
3. Нэхэмжлэгч У нь хариуцагч О, У нараас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зээлдүүлсэн 3,000,000.00 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээний дагуу 12,000,000.00 төгрөгийг төлөх ёстойгоос 8,000,000.00 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн.
Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагч нар түүнээс 3,000,000.00 төгрөгийг зээлсэн байхад чухам ямар үндэслэл, шалтгаанаар буцааж 12,000,000.00 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн талаар үндэслэл бүхий тайлбар өгсөнгүй. Иргэний хуулийн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, түүнчлэн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, зохигчид зээлийг үнэтэй буюу хариу төлбөртэй өгөхөөр харилцан тохиролцсон бол гэрээг бичгээр байгуулах ёстой бөгөөд энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар талуудын зээлийн хүүгийн талаарх тохиролцоо нь хуульд нийцсэн байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчид 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 3,000,000.00 төгрөгийг 1 /нэг/ хоногийн 1 /нэг/ хувийн хүүтэй 10 хоногийн хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сарын 30 хувь, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сарын 20 хувийн хүүтэй ашиглуулахаар тус тус зээлийн гэрээний хугацааг сунгасан байна /х.х-ийн 26 хуудас/.
Хэдийгээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар зохигчид зээлийн хүүгийн хэмжээг харилцан тохиролцох эрхтэй боловч энэ нь зээлдэгчид хэт ашиггүй байх нь шударга байх гэсэн зарчимтай нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хоногийн зээл гэж хариуцагч нарт өндөр хүүтэй мөнгө зээлдүүлж, мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа нь шударга бус, тэрээр тусгай зөвшөөрөлтэй буюу банк, эрх бүхий хуулийн этгээдийн нэгэн адил хариуцагч нарт тогтмол зээл олгодог, ийнхүү зээлийг олгохдоо бага хугацаатай боловч зээлийн гэрээний ашиглах хугацааг сунгах байдлаар хоногийн хүүгийн хэмжээг өндөр тогтоож, улмаар хариуцагч нарт хэт өндөр хүү төлөх үүрэг хүлээлгэх байдлаар мөнгө хүүлэх харилцаа үүсгэж байна.
4. Хэрэгт авагдсан баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагч нарын төлсөн төлбөрөөс эхлээд алданги, дараа нь хүү, эцэст нь үндсэн зээлийг суутгах зарчмаар зээлийн төлбөрийг барагдуулдаг ажээ. Гэтэл Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан байхад нэхэмжлэгч тал хариуцагч нарыг зээлийг төлөх үүргээ биелүүлэхгүй, тийнхүү биелүүлэхгүй болох нь илэрхий тодорхой байхад өндөр хүүтэй зээлийн гэрээний хугацаа сунгах байдлаар зээлдэгч нараас их хэмжээний төлбөр шаардаж байгаа нь зээлийн гэрээний талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэсэн агуулгатай зарчмын хувьд нийцэхгүй байна.
Нөгөө талаар зохигчдын 3,000,000.00 төгрөгийг 10 хоногийн хугацаатай хоногийн 1 /нэг/ хувийн хүүтэй зээлсэн тухай гэрээний гол нөхцөл болох зээлийн хүү, зээлийг ашиглах хугацаа зэрэг нь тийнхүү зээлийн гэрээний хүүг өөрчлөх, хугацааг сунгах бүр хэдэн хувь, хэдэн сараар сунгасан болох нь тодорхойгүй, энэ талаар гэрээний талууд нэгдмэл ойлголтод тулгуурлаж хүсэл зоригоо илэрхийлсэн болох нь ойлгомжгүй, тооцоо нийлсэн гэрээ, төлбөр барагдуулах гэрээнд заасан 3,000,000.00 төгрөг нь ямар үндэслэлээр 12,000,000.00 төгрөг болсон нь тус тус тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийг хариуцагч нараас 8,000,000.00 төгрөгийг шаардах эрхтэй гэж шууд дүгнэхэд учир дутагдалтай байна.
Тодруулбал, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээ, түүнчлэн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн акт зэрэгт хариуцагч нарын төлсөн болон төлөөгүй хүүгийн хэмжээ, мөн зээлийн хүүг хэзээнээс аль хүртэлх хугацаанд ямар хувь хэмжээгээр тооцсон болох нь тус тус тодорхойгүй байна.
5. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нар өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгчид 3,000,000.00 төгрөгөөс бэлэн мөнгөөр 650,000.00 төгрөг болон 590,000.00 төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүн оролцуулаад нийт 1,240,000.00 төгрөгийг төлсөн байна /х.х-ийн 55 хуудас/. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагч нараас тэдгээрийн төлөөгүй 1,760,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,240,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг үндэслэн хариуцагч О, У нараас 1,760,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Уд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,240,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 43,110.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР