Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 135/ШШ2023/00859

 

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 135/ШШ2023/00859

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2023/00462

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******, ******* дүүргийн *** дугаар хороо, бага тойруу гудамж *** байрны ***а тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, ******* сумын *** дугаар баг, *** дугаар хороолол, *** дугаар байрны *** тоотод оршин суух, ******* овогт ******* холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. /цахимаар/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н. /цахимаар/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Д.тэй 2020 оны 04 сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг хүүгүй, 5 сарын хугацаатайгаар 2020 оны 09 сарын 21-ний өдрийг хүртэл зээлүүлсэн.

Гэрээ байгуулснаас хойш зээлийн төлбөр төлөх хугацаа болоход Д. нь удахгүй өгнө, өнөө маргааш гэж хоног хугацаа авч явсаар гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаагүй өнөөдрийг хүртэл хохирч байгаа тул эрхээ хамгаалуулах үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

..зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх үндсэн зээл 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг нийтдээ 30,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн үндэслэл нь М., Д. нар 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг хариуцагч Д. нь аймгийн сумын нутагт 18га газарт байгаль орчинд учруулсан нөхөн сэргээлтийн ажил авч ороход мөнгө хэрэгтэй байна. Энэ ажил бүтэхийн бол таны мөнгийг нэн даруй гаргаж өгнө тусалж дэмжээд та 20,000,000 төгрөг зээлдүүлээч гэж хүссэн. Үүнээс 15,000,000 төгрөгийг өөрийн дансаар авсан. Байгаль орчинд нөхөн сэргээлт хийх төлбөрийг үнэлгээний компанийн данс руу 3,000,000 төгрөг, мөн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр буюу зээлийн гэрээ байгуулсан өдөр бэлэн 2,000,000 төгрөгийг тус тус авч нийт 20,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дотор төлж барагдуулна гэж харилцан тохирсон. Хугацаандаа төлөөлгүй тохиолдолд хоногт 0.1 хувийн алданги төлнө гэж тохиролцоод Д. нь 20,000,000 төгрөгийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлийн гэрээний үүрэг 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөгийг хариуцагч Д.ээс нэхэмжилж байна. гэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Талууд гарын үсэг зурсан зээлийн гэрээ байдаг боловч энэ нь бодитоор мөнгө зээлсэн гэрээ биш юм. Нэхэмжлэгч 2,000,000 төгрөг өгсөн гэж нэхэмжилсэн. Гэхдээ бэлнээр мөнгө авсан зүйл байхгүй. М. гэх хүн нь надад тоног төхөөрөмж байгаа. Та ямар ч байсан газрын асуудлаа бүтээчих гэж хэлсэн. Зах зээлийн зарчмаар газрын асуудлыг бүтээсэн хүн 30 хувь авдаг, техник хэрэгслээ оруулсан хүн 70 хувь авч тохирсон. Тухайн үед аман хэлцлээр тохирч явагдсан. Явсаар байгаад газрын асуудал нь бүтээд 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр М.******* техник хэрэгсэл нь бүтээгүй учраас ажил зогссон. Ажил зогсонгуут бид нар оруулсан мөнгөөр хохирлоо гээд Д. зээлсэн болгоод зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. гэв.

4. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ /хх-ийн 3/, М.******* ХААН банкны дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 24-25/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагч Д.ээс 27,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 3,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч М.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...Ашигтай ажил байгаа боловч мөнгөгүй байна, мөнгө зээлбэл ашгаа гаргаад мөнгийг чинь хурдан буцаан өгнө, мөн ашгаасаа өгнө гэсний дагуу дансаар 15,000,000 төгрөгийг Д.ийн данс руу, бэлнээр 2,000,000 төгрөг өгөөд, түүний хүсэлтийн дагуу газрын нөхөн сэргээлтийн зориулалтаар өөр компанийн дансанд 3,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Тэгээд зээлийн гэрээг нотариат дээр хийсэн. Нотариат мөнгөө шилжүүлсэн эсэхийг биднээс асуугаад үлдэх 2,000,000 төгрөгийг бэлнээр нотариат дээр өгөөд гэрээг гэрчилсэн. Иймд гэрээний дагуу шаардлага гаргах эрхтэй гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Бодитоор хийсэн зээлийн гэрээ биш, гэрээн дээр гарын үсэг зурчих гэсний дагуу Д. зурсан байдаг. Харин энэ хүмүүс хамтран ажиллахаар тохирч, ажлыг нь Д. хөөцөлдөж, шаардлагатай мөнгийг М. шилжүүлдэг байсан тул зээлийн гэрээний дагуу шаардах эрхгүй гэж маргадаг болно.

4. Хэрэгт 2020 оны 04 сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд тус гэрээгээр 20,000,000 төгрөгийг 2020 оны 04 сарын 21-ний өдрөөс 2020 оны 09 сарын 21-ний өдрийг хүртэл 5 сарын хугацаагаар хүүгүй олгохоор зааж, гэрээг нотариатаар гэрчлүүлж, М., Д. нар гарын үсэг зурсан байна.

Мөн хэрэг авагдсан М.******* ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тоот дансанд 2020 оны 04 сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 04 сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөг, мөн өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 04 сарын 21-ний өдөр 9,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утга дээр , зээл гэж бичигдсэн, мөн дугаартай дансанд 2020 оны 04 сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөг, 1,000,000 төгрөгийг нөхөн сэргээлт гэсэн утгаар шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.аас дээрх дансны дугаар болон гүйлгээг тодруулахад тоот данс нь хариуцагч Д.ийн данс мөн болохыг, нөхөн сэргээлтийн төлбөр гэж нийт 3,000,000 төгрөгийг Д.ийн хэлснээр тухайн байгууллагын дансруу нь М. шилжүүлсэн гэдгийг тус тус хүлээн зөвшөөрч тайлбарлаж байна.

Харин бэлнээр өгсөн гэх 2,000,000 төгрөгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй, бэлнээр мөнгө аваагүй гэж тайлбарладаг болно.

5. Нэхэмжлэгч тал дээрх шилжүүлсэн дүнг зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээний дагуу биш хамтран ажиллах зорилгоор хөрөнгө оруулалт хийсэн гэж тус тус маргаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийг 2023 оны 05 сарын 15-ны өдөр гардан авсан боловч хуульд заасан хугацаанд бичгээр тайлбар өгөөгүй, шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шарадлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж буй үндэслэлээ дээрх байдлаар тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч тал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38.1-т заасан өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ тус тус биелүүлээгүй байна гэж үзнэ.

6. Дээрх үйл баримтаас дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т: Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө .... шилжүүлэх, зээлдэгч нь .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282.4-т: мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч М. нь гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар 2020 оны 04 сарын 17-ны өдрөөс 2020 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэл нийт 15,000,000 төгрөгийг М. нь хариуцагч Д.ийн дансанд шилжүүлсэн, мөн 2020 оны 04 сарын 21-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 3,000,000 төгрөгийг Д.ийн хүсэлтээр өөр дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдож байгаа тул нийт 18,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн гэж үзэхээр байна.

Харин бэлнээр өгсөн гэх 2,000,000 төгрөгийг хариуцагч тал аваагүй гэж татгалзаж байгаа бөгөөд энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул үүнийг шилжүүлэн өгсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

7. Нэхэмжлэгч нь алданги 10,000,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд талуудын байгуулсан гэрээний 2.6-д: зээлдэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэж заасан байна.

Гэрээний хугацаа 2020 оны 09 сарын 21-ний өдөр дуусгавар болсон байх бөгөөд хариуцагч тал гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгчийн алданги гаргуулах шаардлага үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д: Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 232.3-д: Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус хуульчилсан байгаа бөгөөд гэрээндээ төлбөрөө төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохоор тохиролцсон нь дээрх хуульд заасантай нийцсэн байна гэж үзнэ.

Гэрээний үндсэн үүргийг 18,000,000 төгрөг байна гэж үзсэн тул түүний 50 хувь болох 9,000,000 төгрөгөөр алдангийг тооцож гаргуулах үндэслэлтэй байна. Иймд гэрээний дагуу хариуцагч Д.ээс нийт 27,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.ээс 292,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Д.ээс 27,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 3,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.ээс улсын тэмдэгтийн хураамжид 292,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ