Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2021/ДШМ/772

 

      2021             8              26                                     2021/ДШМ/772                                 

 

 

     Б.Тд холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Тэгшбаяр,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Буянжаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/444 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Тэгшбаярын бичсэн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаартай эсэргүүцлээр Б.Тд холбогдох эрүүгийн 2105003750248 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

          Шүүгдэгч Б.Т нь “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа буюу 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр гэрчээр, мөн оны 3 дугаар сарын 2-ны өдөр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тус тус тогтоогдож, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 107 тоотод гэрчээр, 221 тоотод хохирогчоор тус тус мэдүүлэг өгөхдөө “2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны Алтай хотхоны 26 дугаар байрны 2 тоотод гэрээс нь Интел загварын суурин компьютерыг Т.Эг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

          Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Тд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд зориуд худал мэдүүлсэн” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж, Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Тэгшбаяр бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дахь хэсэгт зааснаар хууль сануулан, тайлбарлаж гарын үсэг зуруулж баталгаажуулан, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн баталгаа гаргасныхаа дараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 15 цагийн үед ... гэртээ ирэхэд манай гэрт үеэл дүү Т.Э ... ирчихсэн байсан. Тэгээд манай гэрт хоносон. Харин би өөрийн эхнэр Энхсайханы хамт 2020 оны 2 дугаар сарын 25-ны өглөө 8 цагийн үед ажилдаа гарч явсан. Гэрт үеэл дүү Э болон манай 2 хүүхэд унтаад үлдсэн. Ингээд 13 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэхэд манай гэрийн суурин комьпютер байхгүй байсан. ... тэгээд Э рүү залгахад утсаа салгаад авахгүй болохоор би цагдаагийн байгууллагад хандсан . Миний хувьд тухайн компьютерыг янз бүрийн компьютерын хэрэгслээр босгож байсан. 2016 онд тухайн компьютерыг авч байсан. ... Би өөрийн компьютерыг авмаар байна. ...” гэж /хх 9-10/, 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дахь хэсэгт тус тус зааснаар хууль сануулан тайлбарлаж, гарын үсэг зуруулж баталгаажуулан, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн баталгаа гаргасныхаа дараа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “... 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед Баянгол дүүргийн 24 дүгээр хороо 26-2 тоот гэртээ ирэхэд манай гэрийн ай7-той /i7/ Интел брэндийн суурин компьютер алга болсон байхаар нь Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Гэрт байсан 10 настай охин болох Эгээс “суурин компьютер алга болсон байна, чи харсан уу” гэж асуухад Т.Э ах аваад гарч явахыг харсан гэсэн. Т.Э нь 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр манай гэрт ирж хоноод эхнэр бид хоёрыг ажилдаа явсны дараа суурин компьютерыг аваад явсныг мэдээд ах болох н.Э руу залгаад “дүү чинь манай гэрээс компьютер аваад явсан байна шүү” гэж хэлэхэд “одоо яахав дээ цагдаад мэдэгдээ” гэж хэлсэн.  Т.Эгийн өөрийн 95942531 дугаар луу өөрийн 94084200 дугаараас холбогдоход утсаа аваад салгаад утсаа унтраасан байсан. ... Э нь манай ээжийн эгчийн бага хүүхэд нь, манайхаар хааяа ирээд хоноод явдаг ..." гэж /хх 9-10/ тус тус мэдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Б.Т нь хулгайд алдагдсан эд хөрөнгө нь өөрийн өмчлөл, эзэмшлийнх, Т.Э гэгч нь хууль бусаар авч явсан болохыг мэдэнгүүтээ цагдаагийн байгууллагад бичгээр гомдол гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч, хохирогчоор оролцохдоо дээрх мэдүүлгүүдийг удаа дараа өгчээ.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хохирол учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд гэрч, хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гарган гарын үсэг зурж баталгаажуулсны дараа зориуд худал мэдүүлэг өгснөөр тухайн гэмт хэргийг бүрэн төгссөн гэж үзнэ. Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл гаргасан аливаа хүн өөрийн харсан, мэдсэн зүйлийг санаатайгаар худал мэдээллэвэл хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх хуульчилсан журмыг мөрдөгч нь гэрч, хохирогчид урьдчилан тайлбарлаж тэмдэглэлд тусган гарын үсэг зуруулж баталгаажуулдаг бөгөөд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байхад шүүхээс Б.Тын үйлдлийн улмаас хэний ч эрх ашиг зөрчигдөөгүй, ямар ч хохирол, хор уршиг учраагүй", Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж дүгнэн Б.Тд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Б Тын өгсөн худал мэдүүлгийн улмаас Т.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, улмаар яллах дүгнэлт үйлдэж гэм буруугийн асуудлыг шүүхээр хэлэлцүүлсэн үр дагавар гарсан болно.

Мөн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 444 дугаартай цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн “...Химийн бодис гэдэгт спирт орно. Хүний нүдний салст бүрхүүлд цочрол өгч өрөвсөж түлэгдэнэ. Хэдий хэр хэмжээний спиртийн зүйлээс болж цочрол өгч гэмтдэгийг тодорхойлох боломжгүй” гэх энэ хэрэгт авагдаагүй, хамааралгүй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна.

 Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/444 дугаартай цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэлэх тайлбаргүй.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Т.Э нь Б.Тын гэрээс компьютерийг хэлэлгүй авсан болохоо хүлээн зөвшөөрдөг. Т.Этэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Т.Э нь Б.Тд өгөх ёстой байсан өр төлбөрөө өгсөн учраас тухайн компьютер Т.Эгийн эзэмшлийнх гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Б.Тын зүгээс гэрээс нь компьютерийг авч яваагүй байхад нь “компьютерийг аваад явичхлаа, хулгайлчихлаа” гэж худал мэдүүлэг өгөөгүй. Хулгайн шинжтэй үйлдэл гарсан. Хэний эд хөрөнгө байсан бэ гэдэг дээр маргаан үүссэн. Өр зээлтэй холбоотой маргаан үүссэн. Өр зээлээ шүүх хурлаас өмнө дарсан учраас компьютер Т.Эгийнх болохыг Б.Т хүлээн зөвшөөрсөн байдаг. Шүүгдэгч Б.Тын үйлдэл нь хэлбэрийн төдий бөгөөд хуулиар хамгаалагдсан аливаа эрх ашиг хөндөгдөөгүй, хэн нэгэнд ямар нэгэн хохирол учраагүй. Хор уршиг учирсан талаар нотлох баримт байхгүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий болдог учиртай.

 

Прокуророос Б.Тыг “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа буюу 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр гэрчээр, мөн оны 3 дугаар сарын 2-ны өдөр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тус тус тогтоогдож, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 107 тоотод гэрчээр, 221 тоотод хохирогчоор тус тус мэдүүлэг өгөхдөө “2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны Алтай хотхоны 26 дугаар байрны 2 тоотод гэрээс нь Интел загварын суурин компьютерыг Т.Эг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “... шүүгдэгч Б.Тын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдийн агуулсан, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хуулиар хамгаалагдсан аливаа эрх ашигт бодит хохирол, хор уршиг учраагүй байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй ...” гэж дүгнэн, Б.Тд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т ”... дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримаар нотлогдохгүй байвал...”, 1.3-т “... дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол …” гэж тус тус заасан нөхцөл байдал нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх үндэслэлд хамаарна.

 

Худал мэдүүлэх гэмт хэрэг гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаа, хүний эрх, ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Түүнчлэн, дээрх гэмт хэрэг нь заавал хор уршиг учирсан байхыг шаарддаггүй, гэрч, хохирогч нь үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гарган гарын үсэг зурж баталгаажуулсны дараа зориуд худал мэдүүлэг өгснөөр тухайн гэмт хэргийг бүрэн төгссөнд тооцдог буюу хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байна.

 

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотлогооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлэх учиртай.

 

Өөрөөр хэлбэл, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, эдгээрээс аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заалгүйгээр нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоогоогүйгээр шүүгдэгчийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход онцгой ач холбогдолтой байж болохоор Б.Тын 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр гэрчээр өгсөн “... 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 15 цагийн үед ... гэртээ ирэхэд манай гэрт үеэл дүү Т.Э ... ирчихсэн байсан. Тэгээд манай гэрт хоносон. Харин би өөрийн эхнэр Энхсайханы хамт 2020 оны 2 дугаар сарын 25-ны өглөө 8 цагийн үед ажилдаа гарч явсан. Гэрт үеэл дүү Э болон манай 2 хүүхэд унтаад үлдсэн. Ингээд 13 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэхэд манай гэрийн суурин комьпютер байхгүй байсан. ... тэгээд Э рүү залгахад утсаа салгаад авахгүй болохоор би цагдаагийн байгууллагад хандсан . Миний хувьд тухайн компьютерыг янз бүрийн компьютерын хэрэгслээр босгож байсан. 2016 онд тухайн компьютерыг авч байсан. ... Би өөрийн компьютерыг авмаар байна. ...” /хх 9-10/,

 

2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хохирогчоор өгсөн “... 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед Баянгол дүүргийн 24 дүгээр хороо 26-2 тоот гэртээ ирэхэд манай гэрийн ай7-той /i7/ Интел брэндийн суурин компьютер алга болсон байхаар нь Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Гэрт байсан 10 настай охин болох Эгээс “суурин компьютер алга болсон байна, чи харсан уу” гэж асуухад Т.Э ах аваад гарч явахыг харсан гэсэн. Т.Э нь 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр манай гэрт ирж хоноод эхнэр бид хоёрыг ажилдаа явсны дараа суурин компьютерыг аваад явсныг мэдээд ах болох н.Э руу залгаад “дүү чинь манай гэрээс компьютер аваад явсан байна шүү” гэж хэлэхэд “одоо яахав дээ цагдаад мэдэгдээ” гэж хэлсэн. Т.Эгийн өөрийн 95942531 дугаар луу өөрийн 94084200 дугаараас холбогдоход утсаа аваад салгаад утсаа унтраасан байсан. ... Э нь манай ээжийн эгчийн бага хүүхэд нь, манайхаар хааяа ирээд хоноод явдаг ... ” /хх 7-8/ гэсэн мэдүүлгүүдээс тус тус үзэхэд Б.Т нь өөрийн эд зүйлийг Т.Эийг хулгайлсан гэдгийг мэдсэний үндсэн дээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байх бөгөөд мэдүүлгүүд буюу ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад хэргийн үйл баримттай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, тэдгээрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдийг ямар үндэслэлээр няцааж байгааг цагаатгах тогтоолд тодорхой заалгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх тодорхойлох хэсэгтээ энэ хэрэгт авагдаагүй, хамааралгүй шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Б.Тд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгүүдэд бодитой үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийсний эцэст гэм буруугийн талаар дүгнэлт хийх шаардлагатай байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгон Б.Тд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/444 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Тд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ