Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 173

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Т.Оюунжаргал,

Шинжээч Б.Ундармаа,

Гэрч Д.Цэрэндаваа,

Хохирогч О.Ган-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Баттулга /0921/,

Шүүгдэгч С.Аюурзана, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар /1514/ нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Боржигин овогт Гомбосүрэнгийн Аюурзанад холбогдох эрүүгийн 201626022505 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 15-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ээж, эгч, дүүгийн хамт амьдрах Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Букийн 6 дугаар гудамж 07 тоотод оршин суух Боржигин овогт Гомбосүрэнгийн Аюурзана /РД:УШ91031116/ гэв.

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Г.Аюурзана нь 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шарсан тахиа” гэх хоолны газарт үйлчлүүлж байсан иргэн О.Ган-Эрдэнэтэй түүний биеэ авч явах байдал бүдүүлэг үйлдлийн улмаас таарамжгүй харилцаа үүсэн маргалдаж улмаар түүнийг цохиж бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулах хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Аюурзана мэдүүлэхдээ: “2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шарсан тахиа” гэх хоолны газарт би худалдагч хийдэг ба бие засаад ирэхэд хооронд гаднаас орж ирсэн залуу шилэн нүүртэй хөргөгч налаад байхаар нь битгий нал хагарах аюултайг хэлсэн боловч үг аваагүй. Тэгээд дахин налж болохгүйг сануулсан бөгөөд өндөг худалдаж авсан ба гарахдаа хэл амаар доромжилж худалдаж авсан өндөгөө над руу шидээд заамдаж аваад хана руу шахсан ба дотор муухайрч унах гэж байхад тогооч Цэрэндаваа орж ирээд салгах гэсэн боловч дийлээгүй ба цагдаа дуудсан. Энэ үед хохирогч намайг боосон хэвээрээ байсан. Тэгээд арай гэж боолтноосоо салах үед тогоочийг хөөгөөд текний араар орж цохих гээд дайраад байсан. Тухайн үед миний хүзүүнд байсан гинж тасарч, цамцны зах урагдаж сунаад боолт суларсан байсан. Тэгээд дахин намайг боож колонк хүртэл чирсэн. Тэгээд би гараараа цохихоор нь хоёр гараараа хамж барьсан. Тэгтэд намайг мөргөөд байсан. Хохирогч тухайн үед их согтолттой байсан. Дахин намайг боож ажлын өрөө рүү чирж оруулах үед цагдаа ирсэн. Тухайн үед хохирогчийн нүднээс нуламс гоожсон байсан ба би боолгож байх үедээ цохьсоноо мэдээгүй. Цагдаагийн хажууд намайг цохих гээд дайраад байсан. Нүдэнд ямар нэг гэмтэл байхгүй торлог бүрхэвч гэмтсэн гэж байсан. Гэмтэлд очиход эмч байхгүй гээд нэг дүгээр эмнэлэг яв гэсэн. Тэгээд би цагдаад очиж өргөдөл өгсөн” гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ган-Эрдэнэ мэдүүлэхдээ: “2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр дүүгийн гэрт пиво уугаад “Шарсан тахиа” түргэн хоолны газар орж 2 мөч авч идсэн. Тэгээд тооцоогоо хийгээд өндөг идээд зогсож байсан шүүгдэгч залуу орж ирээд наад хөргөгчийг чинь налдаггүй юм гээд хэл амаар доромжлоод байхаар нь идэж байсан өндөгөө санаандгүй шидсэн чинь нүүр ам руу цохиж багалзуурдсан. Цагдаад дуудлага өгөхөд ирээгүй ба гараад колонкийн зүг явж байхад араас ирээд цохьсон. Цагдаа ирээд үзээд нүдний чинь болор гоожоод байх шиг байна гэсэн. Тэгээд эмнэлэг явсан. Нүдний эмчилгээний зардал 14.966.815 төгрөгийг нэхэмжилж байна гэв. 

 

Хохирогч О.Ган-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 20 цагийн үед би өөрийн дүү болох Мөнхтэмүүжингийн гэрт 3 шил 500гр-ийн пиво уусан. 22:00 цагийн үед дүүгийнхээс гараад явж байгаад замд байдаг түргэн хоолны газар, шарсан тахиа гэх газарлуу ороод 2 ширхэг мөч авч идээд, тооцоогоо төлөөд гарах гээд шүдний чигчлүүр авахаар хөргөгч налаад зогсож байтал гаднаас 25 орчим насны залуу орж ирээд чи хөргөгч налж байгаад шилийг нь хагалчихлаа. Наашаа зогс гээд намайг загнаад, тэгж зогсдоггүй юм пизда минь гээд л эхэлсэн. Тэгэхээр нь би тэр залуутай юун сүртэй юм гээд маргалдаад ирдэж байсан өндгөө нөгөө залууруу шидээд, гараад явах гэсэн чинь араас татаад подволк ураад миний гинжийг татсан. Мөн миний эрүүний зүүн талруу гараараа нэг удаа цохисон. Тэгээд байж байхад л нэг мэдэхэд миний баруун нүдрүү хуруугаа хийчихсэн, нүдийг маань хумсаараа урснаас болоод нүдний маань цөцгий гоожсон. Энэ үйл явдал маш түргэн хугцаанд болсон, удалгүй цагдаа ирээд тэр залууг аваад явсан. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор энэ залуу миний хаана хаана яаж цохисон гэдгийг сайн санахгүй байгаа юм. Гартаа эд зүйл барьсан байсан талаар нь сайн анзаараагүй юм.

Миний баруун талын нүд маань харахгүй байгаа, Энэтхэг улс яваад эмчилгээ хийлгээд ирсэн гэхдээ л хараа маань хэвийн болоогүй, эмч нар хэлэхдээ дотор талын болор нь цагаанаараа тогтчих бол хараар будна гээд байгаа юм. Би хугацаа алдаж Энэтхэг явсан болохоор мэс засал хийх боломжгүй байна гэсэн. Энэ хүнээс болоод хайран мөнгө төгрөгөө гарздаад ирсэн.

Би 1995 онд баруун нүдээ хайчаар хатгуулсан бөгөөд Эх нялхасын эмнэлэгт ирж хэвтэн эмчлүүлсэн, хагалгаа хийлгүүлж баруун нүдний болороо солиулсан, үүнээс хойш миний хараа муудах нь муудсан, гэхдээ өрөөн доторх болон ойрын зайны том эд зүйлсийг харчихдаг байсан. Би ямар нэг байдлаар эмчийн хяналтанд орж байгаагүй, яг хэзээ үзүүлсэн гэдгээ санахгүй байна. 2010 онд Сонгодо эмнэлэгт үзүүлэхэд миний баруун нүдийг энэ чигээрээ байна гэсэн юм...” гэжээ.  /хх 5-6/  

 

Хохирогч Г.Аюурзана мэдүүлэхдээ: “2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр би ээжийнхээ түрээслэдэг шарсан тахианы газарт ажиллаж байхад оройн 21:00 цагийн үед гаднаас согтолтын зэрэг өндөртэй эрэгтэй орж ирсэн, тэр эрэгтэй хоол байна уу гэхээр нь би ширхэгийн хоол өгсөн чинь нөгөө эрэгтэй чинь идэж сууж байснаа намайг хэл амаар доромжлоод манай ажлын шилэн хөргүүрийг налаад хагалах гээд байхаар нь би наад хөргөгч чинь хагарчихдаг юм налахаа больчих гээд хэд хэдэн удаа шаардлага тавьсан чинь биелүүлэхгүй, тоохгүй намайг хэл амаар доромжилж байгаад гарсан. Би араас нь “та одоо чимээгүй гарчихаач гэхэд хэл амаар доромжилж байгаад намайг заамдаад авсан, тэгээд намайг боогоод би гарыг нь тавиулах гэхэд эсэргүүцэл үзүүлж байгаад намайг мөргөсөн. Үүнээс нь болоод миний 2 шид суларч гэмтсэн. ...уруул хавьцаа хөндүүртэй байсан. Мөн намайг боогоод хоолой хүзүүг маань боосон юм аа.

О.Ган-Эрдэнэ надаас хушуур авъя гээд 2 хуушуур, нэг ороомог аваад ширээн дээр суугаад хоолоо идчихээд босоод тооцоогоо хийх гээд зогссон. Би тооцоогоо аваад нөгөө ах чинь гарахдаа дахиад л шилэн хорго налаад зогсоод байхаар нь би азнаад л байгаад байсан. Тухайн үед нь би юм дуугараа ч үгүй. ..зогсож байснаа гарахын алдад гэнэт манайг есөн шидээр хараагаад байхаар нь та яасан сонин юм бэ, чимээгүй гарч болдоггүй юм уу гээд хэлтэл надаас худалдаж авсан өндөгөө надруу шууд шидээд, чи тэгээд яах гээд байгаа юм, чамайг алнаа гээд дайраад, мөнгө гинжээр минь намайг боосон, мөн модон хаалгаруу шахсан, би гарыг нь тавиулж дийлэхгүй боогдоод байж байхад миний гинж тасраад арайх гэж хоолой сулраад иртэл дахиад л футволкны захаар үргэлжлүүлээд боосон юм. Намайг боолгуулж байхад тогооч эгч орж ирсэн. Юу болсон талаар тогооч эгч маань гэрчлэх юм.

О.Ган-Эрдэнэ толгойгоороо нүүрлүү маань мөргөчихсөн юм аа.. Надад учирсан гэх шүдний гэмтэл нь одоо эдгэрсэн юм. Одоо надад санал хүсэлт нэхэмжлэх зүйл алга байна...” гэжээ. /хх 8-9/

 

Гэрч Д.Цэрэндаваа мэдүүлэхдээ: “...2016 оны 9 дүгээр сарын эхээр билүү өдрийг сайн санахгүй байна, ард байрлах исүсийн сүм орчихоод бие засчихаад ороод иртэл Цээгий эгчийн хүү болох Аюур нэг залуутай зууралцаад, тэр залуу нь боочихсон зогсож байсан. Тухайн үед нь манай хоолны газарт 1-2 хүн хоол идэж байсан. Би хүүеээ болиочээ гэсэн чинь чи юу юм гээд тэнд байсан хүн болгон руу л үсчээд байсан. Тухайн үед нь Аюур намайг цагдаа дууд, миний гинж тараад, хоолой боолоо гээд байхаар нь цагдааруу залгаад дуудлага өгсөн. Тэр залуу нилээн том биетэй бөгөөд огт гараа тавихгүй Аюурыг боогоод байсан. Би нөгөө залуугийн боосон гарыг нь тавиулах гэхэд огт тавихгүй байсан юм. Намайг цагдаа дуудсан гэдгийг мэдчихээд нөгөө залуу чинь гарах гээд байсан бөгөөд Аюур цагдаа ирэх гэж байна, чи битгий яв гээд байсан. Тэр хавиар өндөг шидээд газраар хагарсан өндөг байсан ба би дотор үлдээд тооцоогоо аваад үлдсэн.

...миний хажууд л лав Аюурзана Ган-Эрдэнийг цохиж зодож байгаа харагдаагүй. Цагдаа ирлээ гээд нөгөө залуу гараад явсан, араас нь Аюур гараад явсан, би бас сайн санахгүй байгаа юм. Хүмүүс хоол захиалчихсан байсан тул би хүмүүст үйлчилж байсан юм...” /хх 10-11/

 

Гэрч П.Энхмаа мэдүүлэхдээ: “Би Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэгт нүдний эмч хийдэг бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын ..-ны өдөр гэртээ байж байгаад О.Ган-Эрдэнэд хагалгаа хийх зорилгоор дуудагдаад ирсэн. Намайг О.Ган-Эрдэнэд хагалгаа хийхэд одоо санахад зүүн нүдэнд бишээ баруун нүдэнд нь хагалгаа хийсэн. Уг нүдэнд эвэрлэг урагдсан шархтай, шархаар нь өмнөд камер болор гоожсон, солонгон бүрхүүл хавчигдсан, гоожсон нүд хавчигдаж шалчийсан байдалтай байсан. Би уг өвчтөнд хагалгаа хийхэд архи согтууруулах ундаа маш их үнэртсэн нилээн согтуу байсан. Тухай өвчтөний өвчний түүхийг жижүүрийн эмч нээдэг тул анх ирэхдээ ямар байдалтай байсан талаар жижүүрийн эмчээс асуухад болох байх.

Би хагалгаа хийхдээ зовхи тэлэгч нүдэн дээр тавьж нүдийг нээж харахад эвэрлэг бүрхүүл нь хуучин цагаа унаж, судалжчихсан харагдсан. Би өвчтөнөөс “чиний энэ нүд хуучин харж байсан уу чи гэмтэл авч байсан уу гэхэд багадаа гэмтэл авч байсан, юунд ч билээ үзүүртээ зүйлд хатгуулсан гэж хэлж байсан.

Хагалгааны явцад үзүүлэхгүй орилж хашгираад байсан. Нүднийх нь гэмтсэн байдлыг харахад шархны ирмэг нь жигд биш нийлүүлж оёход хэцүү байсан. Би уг хүний нүдий гэмтэл болон эмнэлгийн карт зэргээс уншихад хуучин гэмтэлтэй, харааны байдал хүнд байсан гэж хэлэхээр байна. Эмнэлгийн нэр томъёогоор “Бельмо” гэдэг үг нь цагаа гэж орчуулагдах бөгөөд О.Ган-Эрдэнийн нүдэнд цагаа унасаныг бичиж тэмдэглэж байна. Цагаа унаж судасжсан байдал нь хуучин гэмтэл байх бөгөөд шинэ гэмтэл байх ямар ч боломжгүй юм.

Хэрэв өвчтөн Ган-Эрдэнэ нь өмнө нь хэвийн хараатай байсан бол дээрх баруун нүдний гэмтэл хараагүйдэлд хүргэж болох гэмтэл мөн, харин өвчтөн О.Ган-Эрдэнэ нь хуучин гэмтлийн улмаас хараагүй болчихсон юм уу харааны байдал ойлгомжгүй байсан бол уг гэмтлийн улмаас хараагүй болчихсон гэж хэлэхэд хэцүү юм....” гэжээ. /хх 12-13/

 

Гэрч Я.Цээванжид мэдүүлэхдээ: “ ...миний хувьд өвчтөний хагалгаа хийлгэх хэсгийн талбайг ариутгахад нүдэнд мэдээгүйжүүлэх эмийг туслах сувилагчаар заавал дусаалгахыг шаарддаг тул туслах сувилагчдаа хандаад “Сүрэнжаваа мэдээгүйжүүлэх эм дусаа гэсэн. Үүний дагуу туслах сувилагч О.Ган-Эрдэнийн –нүдээ хараад өгдөө та, би эм дусаах гэсэн юм гэхэд өвчтөн уцаарласан байдалтай “наад нүд чинь тийм сайн хардаггүй нүд” гэж хэлэх шиг болсон. Яг юу гэж хэлснийг нь бас сайн санахгүй байна. Би тэр үед нь “нүд чинь харах харахгүй хамаагүй, зовхио нээгээд өгөө гэж хэлээд эм ээ дусаасан. Хагалгаа цаашаа үргэлжилсэн...” гэжээ.  /хх14-15/

 

Гэрч Ж.Баттуяа мэдүүлэхдээ: “Би Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлгийн нүдний мэс заслын эрхлэгч хийдэг бөгөөд О.Ган-Эрдэнэ гэх өвчтөнийг үзэхэд нүдний эвэрлэг бүрхэвчинд дээр оёдолууд тавигдсан байсан, эвэрлэг бүрхэвчээс цааших деталь тодорхойгүй, мэс заслын анхдагч цэгцэлгээ ажилбар хийгдсэн байх үеийг нь санаж байна. Тусламж үзүүлсэн эмчлэгч эмч Энхмаа нь мэс заслын анхдагч нүдний нэвт гэмтэл, шархны анхдагч цэгцэлгээ хийгдсэн, талаараа надад мэдээлэл өгсөн. Би тасгийн эрхлэгчийн хувьд эмч нарынхаа хийсэн эмчилгээг мэдэж байх ёстой. Тухайн өдөр манай дотоод журмаар дуудлагын эмчээр Энхмаа эмч яаралтай дуудагдаж ирсэн юм.

Ган-Эрдэнийн нүдэнд учирсан гэх гэмтэл нь шинэ, хуучин гэмтэл байсан талаар огт мэдэхгүй, энэ талаар сайн мэдэх хүн нь манай эмч Энхмаа юм өөрөөр хэлбэл эмч хүн үзсэн өвчтөндөө үнэлгээ онош тавина...” гэжээ. /хх 16-17/

 

Гэрч З.Сүрэнжав мэдүүлэхдээ: “..Ган-Эрдэнэ өвтөнийг хагалгаанд орохын өмнө мэдээ алдуулах дусаалга дусаасан бөгөөд их өвдөлттэй байна гээд нүдээ нээж өгөхгүй байсан тул би зовхийг нь доош нь дусааж байгаад дусаалгаа дусаасан нүднийх нь байр байдал нь анзаарагдаагүй юм. Тэгээд хагалгаа эхэлсэн юм. ...юу ярьж байсан гэдгийг нь санахгүй байна...” гэжээ. /хх 18-19/

 

Шинжээч эмч А.Амгаланболд мэдүүлэхдээ: “..2011.11.28-ны өдөр О.Ган-Эрдэнийг үзэж дүгнэлт гаргасан. Өмнөх шинжээч эмчийн гаргасан №12811 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байсан. Нүдний эвэрлэгт үүссэн цагаа буюу Бельмо сорвижил нь нүдний хараанд нөлөөлөхгүй бөгөөд уг хуучин сорвижил нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах юм. Бельмо буюу сорвижил нь нэр томъёоны хувд нүдний эвэрлэг бүрхэвч буюу хамгийн гадна салстын гэмтлээс үүссэн сорвийг хэлнэ. Энэ сорви нь нүдний эвэрлэгийн хаана ч байрлаж болох ба хүүхэн харааг таслаж байрласан тохиодолд эд юмс бүрсийж харагддаг, гэхдээ нүдний Оптикийн систем буюу гэрлийн хугарлыг дамжуулах бүтэц нь хэвийн байдаг зөвхөн гадна салстын сорвижлоос үүсч хараа өөрчлөгддөг. Харин О.Ган-Эрдэнийн хувьд 2016.9.10-ны өдөр учирсан гэх гэмтэл нь нүдний Оптикийн системийн бүтцийг алдагдуулж хараагүй болгосон гэмтэл байна.

Ган-Эрдэнэ 2016.9.10-ны өдрөөс өмнө баруун нүдний хараа нь тодорхойгүй байсан учир түүний зүүн нүдний хараанаас хараа бууралтыг тогтоож гэмтлийн зэргийг нь тогтоосон юм. Тэгэхээр 1477 дугаартай дүгнэлтэд тусгагдсан баруун нүдний эвэрлэгийн урагдсан шарх, солонгон бүрхүүлийн хавчигдалт, болорын гоожилт, хараагүйдэл салстын улайлт, баруун талын хацар ясны далд хугарал, нүүр, хүзүү хоолой хэсгийн зөөлөн эдэд цус хуралт зөөлөн эдийн няцрал нь тухайн цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна.

Дээрх гэмтэл нь нэг удаагийн цохилтын улмаас үүсэх боломжтой гэмтэл бөгөөд нүдрүү хуруугаа хийх зэргээс үүсэх боломжгүй гэмтэл юм. Дээрх дүгнэлтэд тусгагдсан баруун нүдний эвэрлэгийн шарх, солонгон бүрхүүлийн хавчигдалт, болорын гоожилт, хараагүйдэл, салстын улайлт зэрэг нь гэмтлийн хүнд зэрэгт, баруун талын хацар ясны далд хугарал нүүр хүзүү хоолой хэсгийн зөөлөн эдийн цус хуралт зулгаралт зэрэг нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх 30-31/

 

Шинжээч эмч Б.Ундармаа мэдүүлэхдээ: “...үзүүлэгчийн өмнө эмчлүүлж байсан гэх амбулаторийн картнаас үзэж дүгнэлт гаргахад 2006.10.25-ны өдрийн байдлаар 0,05% буюу их муу, ойрын зайны юмыг ялгах төдий хараатай байсан байна. Одоо бол гэрэл мэдрэх төдий гэсэн үг юм. Их муу хардаг байснаа 2016.9.10-ны өдөр учирсан гэх гэмтлийн дараа хараа алдалтын хувь нь ерөнхий хөдөлмөр чадвар алдалтын тогтонгид 10%-иар нөлөөлсөн нь баруун нүдийг хараагүйдэлд хүргэсэн байна. Хэрвээ дээрх хөдөлмөрийн чадвар алдалтын хувь нь 35% нөлөөлсөн бол гэмтлийн хүнд зэрэгт хамаарах байсан юм. Одоо бол О.Ган-Эрдэнийн баруун нүдэнд учирсан гэх гэмтэл нь ГЗТЖ-н ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 34.11-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтанд тогтонгид 10% нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах юм...” гэжээ.  /хх 136-137/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 12811 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1.О.Ган-Эрдэнийн биед баруун нүдний эвэрлэгийн урагдсан шарх, солонгон бүрхүүлийн хавчигдалт, болорын гоожилт, хараагүйдэл, салстын улайлт, баруун талын хацар ясны далд хугарал, нүүр, хүзүү хоолой хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэжээ. /хх 22-23 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ний өдрийн 13527 дугаартай дүгнэлтэд: “1.Г.Аюурзанын биед дээд баруун 1-р шүдний эмтрэл, дээд зүүн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэзээ үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна” гэжээ. /хх 25 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1477 дугаартай дүгнэлтэд: “1.Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12811 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Нүдний эвэрлэгт үүссэн цагаа /Бельмо/ буюу сорвижил нь нүдний хараанд нөлөөлөхгүй. Уг хуучин сорвижил нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.О.Ган-Эрдэнийн биед учирсан баруун нүдний эвэрлэгийн урагдсан шарх, солонгон бүрхүүлийн хавчигдалт, болорын гоожилт, хараагүйдэл, салстын улайлт, баруун талын хацар ясны далд хугарал, нүүр, хүзүү хоолой хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ. /хх 28-29 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дугаартай дүгнэлтэд: “1.О.Ган-Эрдэнэ нь 1995 онд баруун нүдэндээ гэмтэл авсны улмаас хараагүйдэлд хүрээгүй болно. 2.4.1995 оны 049493, 1996 оны 059374 тоот өвчний түүхийг үндэслэн харааны байдлыг тодорхойлох боломжгүй бөгөөд мэс заслын дараа хараа тогтворжсон үед харааг шалгасан эмнэлгийн бичиг баримт үгүй байна. 3. 2016.09.10-ны өдрийн гэмтлийн улмаас хараагүйдэлд хүрсэн болно. 5.1996 онд мэс засал эмчилгээ хийлгэсний дараа хараа тогтворжсон үед харааг шалгасан эмнэлгийн бичиг баримт үгүй байх тул хараа бууралтыг тодорхойлох боломжгүй байна” гэжээ. /хх 124-126 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн 220 дугаартай дүгнэлтэд: “1.О.Ган-Эрдэнэ нь 1995-2006 онд эмчлүүлсэн гэх амбулаториор эмчлүүлэгсдийн картаас үзэхэд баруун нүдний хараа 2006.10.25-ны байдлаар 0,01 байжээ. 2. О.Ган-Эрдэнэ нь 2016.09.10-нд баруун нүдэнд гэмтэл авахаас өмнө баруун нүдний хараа нь 0,01 байсан ба 2016.09.10-ны гэмтлийн дараа баруун нүд хараагүйдэлд хүрсэн бөгөөд хараагүйдлийн улмаас ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид 10% нөлөөлнө. 3.Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувьд хэмжээг тогтоох хүснэгтийн 34.11-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид 10% нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. /хх 132-135 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 298 дугаартай дүгнэлтэд: “1.О.Ган-Эрдэнийн биед учирсан баруун нүдний эвэрлэгийн урагдсан шарх, солонгон бүрхүүлийн хавчигдалт, болорын гоожилт, хараагүйдэл, салстын улайлт, баруун талын хацар ясны далд хугарал, нүүр, хүзүү хоолой хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирсан байна. О.Ган-Эрдэнийн биед учирсан баруун нүдний гэмтлээс бусад гэмтэл болох баруун хацар ясны далд хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, нүүр, хүзүү, хоолой хэсгийн цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. /хх 141-144 хуу/

 

Өвчний түүх, эмнэлгийн тодорхойлолтууд /хх 45-55, 56-61/

Шүүгдэгч Г.Аюурзана иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 64, 63, 68/

Өвчний түүх /хх 45-55/

Компьютерт Томографийн шинжилгээ /хх 56/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Аюурзана нь 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шарсан тахиа” гэх хоолны газарт үйлчлүүлж байсан иргэн О.Ган-Эрдэнэтэй түүний биеэ авч явах байдал бүдүүлэг үйлдлийн улмаас таарамжгүй харилцаа үүсэн маргалдаж улмаар түүнийг цохиж бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулах хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Ган-Эрдэнэ /хх 5-6/, гэрч Д.Цэрэндаваа /хх 10-11/, П.Энхмаа /хх 12-13/, Я.Цээванжид /хх14-15/, Ж.Баттуяа /хх 16-17/, З.Сүрэнжав /хх 18-19/, Г.Одгэрэл /хх 20/, шинжээч эмч А.Амгаланболд /хх 30-31/, шинжээч эмч Б.Ундармаа /хх 136-137/ нарын мэдүүлэг, өвчний түүх, эмнэлгийн тодорхойлолтууд /хх 45-55, 56-61/, шүүгдэгч Г.Аюурзана иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 64, 63, 68/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 12811 /хх 22-23/, 2016 оны 9 дүгээр сарын 30-ний өдрийн 13527 /хх 25/, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1477 /хх 28-29/, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 90 /хх 124-126/, 2017 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн 220 /хх 132-135/, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 298 /хх 141-144/, Компьютерт Томографийн шинжилгээ /хх 56/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогчийн өмгөөлөгч “хохирогчийн гэмтлийн зэргийг буруу тогтоосон тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэх хүсэлтийг хангах үндэслэлгүй байна.

 

Учир нь: Хүүхдийн клиникийн төв эмнэлэгийн 1995 оны 049493, 1996 оны 059374 тоот хохирогч О.Ган-Эрдэнийн өвчний түүх,

Шинжээч эмч Б.Ундармаагийн: “...үзүүлэгчийн өмнө эмчлүүлж байсан гэх амбулаторийн картнаас үзэж дүгнэлт гаргахад 2006.10.25-ны өдрийн байдлаар 0,05% буюу их муу, ойрын зайны юмыг ялгах төдий хараатай байсан байна. Одоо бол гэрэл мэдрэх төдий гэсэн үг юм. Их муу хардаг байснаа 2016.9.10-ны өдөр учирсан гэх гэмтлийн дараа хараа алдалтын хувь нь ерөнхий хөдөлмөр чадвар алдалтын тогтонгид 10%-иар нөлөөлсөн нь баруун нүдийг хараагүйдэлд хүргэсэн байна. Хэрвээ дээрх хөдөлмөрийн чадвар алдалтын хувь нь 35% нөлөөлсөн бол гэмтлийн хүнд зэрэгт хамаарах байсан юм. Одоо бол О.Ган-Эрдэнийн баруун нүдэнд учирсан гэх гэмтэл нь ГЗТЖ-н ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 34.11-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтанд тогтонгид 10% нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах юм...” гэх тайлбар  /хх 136-137/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дугаартай: “1.О.Ган-Эрдэнэ нь 1995 онд баруун нүдэндээ гэмтэл авсны улмаас хараагүйдэлд хүрээгүй болно. 2.4.1995 оны 049493, 1996 оны 059374 тоот өвчний түүхийг үндэслэн харааны байдлыг тодорхойлох боломжгүй бөгөөд мэс заслын дараа хараа тогтворжсон үед харааг шалгасан эмнэлгийн бичиг баримт үгүй байна. 3. 2016.09.10-ны өдрийн гэмтлийн улмаас хараагүйдэлд хүрсэн болно. 5.1996 онд мэс засал эмчилгээ хийлгэсний дараа хараа тогтворжсон үед харааг шалгасан эмнэлгийн бичиг баримт үгүй байх тул хараа бууралтыг тодорхойлох боломжгүй байна” гэсэн дүгнэлт /хх 124-126/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн 220 дугаартай: “1.О.Ган-Эрдэнэ нь 1995-2006 онд эмчлүүлсэн гэх амбулаториор эмчлүүлэгсдийн картаас үзэхэд баруун нүдний хараа 2006.10.25-ны байдлаар 0,01 байжээ. 2. О.Ган-Эрдэнэ нь 2016.09.10-нд баруун нүдэнд гэмтэл авахаас өмнө баруун нүдний хараа нь 0,01 байсан ба 2016.09.10-ны гэмтлийн дараа баруун нүд хараагүйдэлд хүрсэн бөгөөд хараагүйдлийн улмаас ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид 10% нөлөөлнө. 3.Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувьд хэмжээг тогтоох хүснэгтийн 34.11-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид 10% нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 132-135/ зэргээс үзэхэд хохирогч О.Ган-Эрдэнэ нь хэрэг болохоос өмнө баруун нүдний хараа нь 0,01 байжээ.

 

Өөрөөр хэлбэл хохирогч О.Ган-Эрдэнэ өмнө нь баруун нүдэндээ гэмтэл авч байсан ба хүний нүдний харааг 100 хувь гэж үзвэл хохирогч 1 хувийн хараатай байсан ба 99 хувийн хараатай, нүдний болор цайралт үүссэн байсан байна.

 

Шүүх бүрэлдэхүүн Хүүхдийн клиникийн төв эмнэлэгийн 1995 оны 049493, 1996 оны 059374 тоот хохирогч О.Ган-Эрдэнийн өвчний түүхийн баримтыг үндэслэж гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 90 /хх 124-126/, 2017 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн 220 /хх 132-135/ дугаартай дүгнэлтүүдийг үндэслэлтэй гэж үзсэн ба дээрх шинжээчийн дүгнэлтийг үнэлсэн болно.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих зүйлүүд нотлогдсон байх тул шүүгдэгч Г.Аюурзана бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Аюурзана нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдлаа.

 

 Хохирогч О.Ган-Эрдэнэ нь эмчилгээний зардалд 14.966.815 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэргийн 80-83 хуудсанд авагдсан 5000 төгрөг, 500.000 төгрөг, 125500 төгрөг, 18000 төгрөг, 90 хуудасны 2.086.800 төгрөг, 93 /хх 148 хуудасны адил баримт/ хуудасны 180.000 төгрөг, 150 дугаар хуудасны 91.300 төгрөг, 175 хуудасны 13.000 төгрөг, 176 хуудасны 2.691.000 төгрөг, 250.000 төгрөг, 177 хуудасны 245.500 төгрөг буюу нийт 6.206.100 төгрөгийн баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх тул хангах, үлдэх 8.760.715 төгрөгийн хохирлын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хангахгүй орхих, хохирогч дээрх нэхэмжлэлтэй холбоотой баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Гомбосүрэнгийн Аюурзана нь бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овогт Гомбосүрэнгийн Аюурзаныг 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар шүүгдэгч Г.Аюурзана нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг анхааруулсугай.  

 

            4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурьдсугай.

           

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн хавтас бүхий 1-19 хүртэл дугаартай амбулаторийн карт дэвтэр 1 ширхэгийг хавтаст хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Г.Аюурзаны нэр хөрөнгөөс 6.206.100 төгрөгийг гаргуулж Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 4-37 тоотод суух хохирогч О.Ган-Эрдэнэ /ГМ90042413/-д олгох, хохирогчийн 14.966.815 төгрөгийн нэхэмжлэлээс үлдэх 8.760.715 төгрөгийг хангахгүй орхих, хохирогч дээрх нэхэмжлэлтэй холбоотой баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Аюурзанын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ