Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 125/ШШ2023/0013

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээллттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн ............... сумын Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: 1. Ховд аймгийн .............. сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/43 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,  

2. Ховд аймгийн .............. сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/149 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б ,  хариуцагч Ж.Д , гуравдагч этгээд Ж.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

            1. Нэхэмжлэгч Б.Б 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн ....... сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/43 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн .......... сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/149 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан.

 

            Хоёр. Хэргийн үйл баримт:

2.1. Нэхэмжлэгч Б.Б нь Ховд аймгийн ......... сумын Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/102 дугаар захирамжаар Ховд аймгийн ..........сумын ............баг, ............... тоотод байрлах 5.48 га газрыг тариа ногоо тарих, ойжуулах зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшиж, газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулан, газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байна.

2.2. Ховд аймгийн ............. сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/05 дугаар захирамжаар сумын хэмжээнд газрын тооллого хийх, шинэчлэн бүртгэж, баталгаажуулах, зөрчлийг арилгах, нэгдсэн судалгаа гаргаж иргэдийн газрыг мэдээллийн нэгдсэн санд оруулах зорилго бүхий ажлын хэсэг байгуулжээ.

2.3. Ажлын хэсэг 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрүүдэд газрын нэгдсэн тооллого хийж, холбогдох зөрчлийг ирүүлэн .................. сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 3 дугаар хуралдаанд тайлангаа танилцуулсан ба уг хуралдаанаар ажлын хэсгийн тайланг баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг даргад даалгажээ.

2.4. Улмаар Ховд аймгийн ............... сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/43 дугаартай захирамжаар зөвшөөрөлгүй татсан тор, их хэмжээгээр хашиж хамгаалсан газар, зориулалтын дагуу үйл газар эзэмшиж ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй, нийтийн эзэмшлийн зам талбай хаасан зөрчил гаргасан нэр бүхий иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон ба уг захирамжийн 8 дугаар хавсралтын 1 дэх хэсэгт “Б.Б-ын 7.9 га газраас 5.2 га газрыг буулгах” гэж шийдвэрлэжээ.

2.5. Б.Б нь Ховд аймгийн ................... сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/43 дугаартай захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Ховд аймгийн Засаг даргад 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргасан хэдий ч Ховд аймгийн Засаг даргаас Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан хугацаанд хариу өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Ховд аймгийн ............... сумын Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/102 дугаар захирамжаар тус сумын .............. багийн нутагт байх "............  уулын хажуу" буюу ............, ................нэгж талбарын дугаар бүхий 5,48 га газрыг тариа ногоо тарих, ойжуулах зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар надад эмших эрх олгож гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000644460 дугаартай гэрчилгээ олгосон.

Миний бие нь тэрхүү газраа торлон хамгаалж тариа тариалж зохих хэмжээний мод тарьж, байгалийн унаган төрхийг алдагдуулахгүйгээр ашиглаж эзэмшиж ирсэн бөгөөд энэ жил тэрхүү газартаа жимсний тод тариалах зорилготой байсан.

Гэтэл 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр тус сумын Засаг даргын Тамгын газраас 2021 оны 03 дугаар сарын 20-ны дотор 5 га газар чөлөөл гэсэн утга бүхий мэдэгдэх хуудас авч ирж манай эхнэрт үлдээсэн байсан. Ингээд миний бие ямар учир шалтгаанаар миний эзэмшлийн газрыг чөлөөлөх болсон талаар удаа дараа асууж, албан ёсны шийдвэр байгаа эсэх талаар лавлаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ болон Засаг даргын шийдвэрийг холбогдох албан тушаалтнуудад үзүүлсэн боловч “...наадах чинь ямар ч хэрэггүй зүйл, хүчин төгөлдөр биш, төр газраа мэддэг учраас газраа хурааж авч байна гэдэг тайлбарыг өгч байсан ба надад газар хураах талаар албан ёсны шийдвэр хэн ч өгөөгүй.

Харин миний жимсний мод тарих бэлтгэл хийж байсан газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан нэрийдлээр сумын Засаг дарга хүмүүст эзэмшүүлэхээр хувиарлан төрийн нэр барьж хүч түрэмгийлэн кадастрийн зураг хийлгэж миний хууль ёсны эзэмших эрхэд халдаж байна. Миний төрсөн дүү Б.Б  миний энэ байдлыг мэдээд учрыг нь олох үүднээс сумын Засаг дарга, газрын даамал болон бусад холбогдох албан тушаалтнуудтай удаа дараа уулзсан боловч ямар нэгэн үр дүн гараагүй бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга А.Б  гэдэг хүнтэй уулзаж 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай Иргэдийн төлөөлөгчдийн хурлын "Газрын зөрчил арилгах" тухай тогтоол гарч түүний хавсралтаар миний хууль ёсны эзэмшлийн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэрлэснийг мэдэж тэрхүү тогтоолыг хавсралтын хамт хуулбарлан авч ирж надад танилцуулсан юм.

Ингээд миний бие нь дээрх 03 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч тэрхүү шийдвэр нь миний газар эзэмших эрхэнд хууль бусаар халдаж, газрыг орон нутгийн хэрэгцээнд авах тухай журам зөрчсөн гэж үзэж .............. сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай тогтоолын миний эзэмших эрх бүхий газартай холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан ба тэрхүү гомдол шийдвэрлэгдэх явцад тус сумын Засаг дарга Ж.Д нь 2021 оны 03 дугаар сарын 24-ны өдөр А/43 дугаартай "Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай" захирамжаар миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр албан ёсоор мэдэж, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар Ховд аймгийн Засаг даргад хандаж гомдол гаргасан боловч миний гомдлыг шийдвэрлээгүй.

............... сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/43 дугаартай захирамжаар миний газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хүний эрхэд ноцтойгоор халдсан гэж үзэж байна.

Үүнд: 1. Захирамжид зөвшөөрөлгүй тор татсан, их хэмжээгээр хашиж хамгаалсан, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр төлөөгүй, нийтийн эзэмшлийн талбай хаасан зэрэг үндэслэл байгаа тул газар эзэмших эрхийг хүчингүйд тооцсугай гэжээ. Миний бие дээрх захирамжид дурдсан зөрчлүүдийн алийг нь ч гаргаагүй болно.

            Гэтэл .............. сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/149 дүгээр захирамжаар миний эзэмшлийн газрыг нэр бүхий 6 иргэнд эзэмшүүлсэн шийдвэр гаргасан байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахаа: Ховд аймгийн .............. сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/43 дугаартай захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус захиргааны хэргийг анхан шатны шүүхэд гаргасан.

Хариуцагч Ховд аймгийн ............. сумын Засаг дарга нь танил тал, өөрийн эрх мэдлээ ашиглан 15 жилийн хугацаагаар эзэмших гэрчилгээтэй, эцэг эхийн минь үе удмаараа эзэмшүүлж ирсэн газрыг хураан авахаар захирамж гаргасан явдалд гомдолтой байна. Засаг дарга нь тус газрыг хураах болсон үндэслэлээ тайлбарлахдаа “...Газрын төлбөр төлөөгүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй” гэх шалтгаанаар хүчингүй болгосон гэж байна.

Нэхэмжлэгч Б.Б нь 2017-2019 он хүртэл газрын төлбөрийг төлсөн. Тус газар маргаантай мөн улсын хэмжээнд Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор 2020-2021 оны газрын төлбөр төлөөгүй. Учир нь нэхэмжлэгч нь .............. сумын газрын даамал С.Г гэх хүнтэй уулзаж газрынхаа төлбөрийг төлөх гэхэд “...манай сумын газар Ховд аймгийн газрын нэгдсэн санд орж байгаа тул газрын төлбөрийг хийлгүйгээр түр хүлээж бай” гэсэн тайлбар хэлсний улмаас газрын төлбөр төлөөгүй байсан.

Зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд уг газар усгүй цөлжсөн газар байхад нь миний эцэг сэргээж бургас тарьж мөн тариа тариалж хэрэгцээндээ ашиглаж ирсэн газраа үр хүүхдүүддээ өвлүүлсэн юм. Урьд эцгийг минь байхад үе үеийн Засаг дарга газрын татвараас чөлөөлдөг байсан.

2017 оноос хойш Б.Б тус газрыг эзэмшиж бургас тариалж ахуйн хэрэгцээний ашиглаж ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү гэв.

 

3.3. Хариуцагч Ховд аймгийн ............. сумын Засаг дарга Ж.Д шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: .......... сум сүүлийн 30 жилд хүн ам 4500, өрх 1200-аар нэмэгдэн өсөж шинэ гэр бүлүүдэд газрын асуудал тулгамдаж, аав ээж, ах дүүгийн хашаанд, эсвэл асар өндөр үнээр газар худалдаж авч байгаа нь иргэдийн хувьд нэн тэргүүний тулгамдсан асуудал болж байгааг судлан үзэж сумын хэмжээнд газрын тооллого, үзлэг, бүртгэл, хэмжилтээр эзэмшил, өмчлөлийн газраасаа илүү газар зөвшөөрөлгүй дур мэдэн ашиглаж байсан, нийтийн эзэмшлийн зам талбайн орц, гарцыг хаасан, бэлчээрийн газрыг дур мэдэн хашиж торлосон зөрчлийг илрүүлэн хуулийн хүрээнд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх арга хэмжээг эргэн авч үзэж, бүрэн эрхийнхээ хүрээнд газар зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан.

Сумын газар зохион байгуулалтын ажлын талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 тоот тогтоолоор газар зохион байгуулалт, тор хашааны нэгдсэн үзлэг хяналт шалгалт хийх ажлын хэсгийг сумын Засаг дарга надаар ахлуулан томилон ажиллуулсан.

Сумын Засаг дарга сумын хэмжээнд 10 ажлын хэсэг томилон нутаг дэвсгэрийн хэмжээнд газар /хашаа, торны/ тооллого хэмжилт бүртгэлийн ажлыг 3 үе шаттайгаар зохион байгуулан ажилласан.

Энэ арга хэмжээний 2 дахь үе шат нь 2021 оны 02 дугаар сарын 23-24-ны өдрийн хуралдаанаар сумын Засаг даргын саналаар газрын зөрчлийн асуудлыг хэлэлцүүлж гуравдугаар хуралдааны шийдвэр гаргасан. Тухайн 3 дугаар хуралдааны 03 тоот тогтоолын 8 дугаар хавсралтын 1-д батлагдсан иргэн Б.Б-ын газрыг Б.Д-аар ахлуулсан ажлын хэсгийн хэмжилтээр 7.9 га газар хэмжигдэж 2.8 га газар гэрчилгээтэй үүнээс 5 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар оруулж хуралдаанд оролцсон Төлөөлөгчид бүрэн дэмжиж шийдвэрлэсэн болно.

Иргэн Б.Б-ын газрыг газрын даамал С.Г-той ажлын хэсэг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дахин нягталж хэмжилт хийснээр 9.46 га газар байгааг тогтоосон. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3. Газрын тухай Монгол улсын хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3, 40.1.5, 40.1.6, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 3 дугаар хуралдааны 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 24-ний А/43 тоот захирамж гарган, хэрэгжилтийг ханган ажилласан.

Б.Б-ын газрыг хүчингүй болгосон үндэслэл нь нэгдүгээрт тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй, хоёрдугаарт газрын төлбөр сүүлийн 4 жил буюу 2016, 2018, 2019, 2020 онуудад төлөөгүй.

Сумын хамгийн үржил шимтэй жимс жимсгэнэ, ногоо тариалах боломжтой суурьшлын энэхүү газарт огт мод бургас нэмж тариагүй, үхэр маллах, хадлан авах, жилийн дөрвөн улирал торлон хашаалж, нэг хүний монопол эрх үүсгэсэн.

Мөн бусад иргэдийн хөдөлгөөнд оролцох эрх, орж, гарах гудамж талбайг, жимс ногооны аж ахуй эрхлэх боломжийг хязгаарласан зэрэг зөрчил илэрсэн.

Тухайн газар зохион байгуулах ажлыг сумын хэмжээнд зохион байгуулснаар газаргүй 420 өрхөд өрхийн хэрэгцээний болон жимс ногоо тариалах газар олгогдож, түүнээс өрх толгойлсон эцэг, эх-25, залуу гэр бүл-150, бусад 240 өрхөд, үр тарианы зориулалтаар 128 өрхөд тус бүр 1,0-3,0 га газар олгож, бэлчээр торлосон 1500 гаруй га газрыг чөлөөлөөд байна.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэв.

 

3.4. Гуравдагч этгээд Ж.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: .........сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/149 дүгээр захирамжаар ............сумын ............багийн нутагт жимс жимсгэнэ хүнсний ногоо тариалах зориулалтаар 0.4 га газрыг эзэмших эрхтэй болсон. Б.Б-д буюу нэг айлд ийм их хэмжээгээр газар эзэмшүүлэх нь буруу гэж үзэж байна. Шүүхэд маргаан үүссэн учраас 0.4 га газраа эзэмшиж чадахгүй байна. Иймд Б.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 0.4 га газрыг миний эзэмшилд үлдээж өгнө үү гэв.

 

3.5. Гуравдагч этгээд Л.Ч , Х.Х , Р.Д , Д.Б , Б.М  нар шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Ховд аймгийн ............... сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн А/149 дүгээр захирамжаар ..............сумын ..................багийн нутагт жимс, жимсгэнэ, хүнсний ногоо тариалах зориулалтаар газар эзэмших эрхтэй болсон. Иймд Ховд аймгийн ............сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн А/149 дүгээр захирамжийг хэвээр үлдээж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

   3.6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х.  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Х миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б-ын өмгөөлөгчөөр оролцож байна.  Хариуцагчаас нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийнхээ газрыг ойжуулаагүй гэх тайлбарыг удаа дараа өгч байна. Шинжээчийн дүгнэлтээр тус газраа ойжуулсан гэдгийг нотолсон. Мөн тариа ногоо тариалсан буюу шан татсан гэх ул мөр одоог хүртэл байна гэдгийг үзлэгийн тэмдэглэлд тодорхой тусгагдсан.

Газрын төлбөрийн тухайд 2019 онд газрын төлбөрөө бэлэн мөнгөөр тушаасан гэх баримтыг нотлох баримтаар өгсөн. 2020-2021 онуудад газрын төлбөрийг төлөөгүй гэх шалтгааныг гэрч нарын мэдүүлгээс харж болно. Учир нь Г.Г  гэх тус сумын газрын даамал гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Б.Б нь 2020 онд газрын төлбөрөө төлөхөөр ирж байсан. Манай сумын газар газрын нэгдсэн санд орж байсан тул нэхэмжлэх үүсгэж болохгүй байсан иймээс төлбөрөө төлөлгүйгээр түр байж байгаарай гэж хэлээд явуулсан... 2021 оноос газрын нэгдсэн санд бүрэн орсон” гэх тайлбар хэлсэн байна. Уг мэдүүлгээс үзэхэд газар эзэмшигчийн өөрийн буруугаас тухайн эзэмшлийнхээ газрын төлбөрийг төлөөгүй гэж үзэх боломжгүй юм.

Хариуцагчийн тайлбарлаж буй газаргүй иргэдийг газартай болгох нийгмийн шаардлага бий гэдгийг ойлгож байна. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар газар эзэмших эрх иргэн бүрд байх ёстой. Сумын Засаг дарга нь эрх хэмжээний хүрээнд захирамж гаргаж 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээтэй, газар эзэмших эрхтэй хүний газар эзэмших эрхэд халдаж болохгүй.

Маргаан бүхий захиргааны акт нь үндэслэл бүхий хууль ёсны байх ёстой. Ажлын хэсэг буруу ажиллагаа явуулж Засаг даргыг зөв мэдээллээр хангаагүйн улмаас тус асуудал бий болсон.

Иймээс ....... сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/43 дугаартай захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг, 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/149 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн ....... сумын Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн ............. сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/43 дугаартай захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн ............ сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/149 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн /хх1-67-69/.

2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар Ховд аймгийн Засаг даргад гомдол гаргаж, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4/1496 дугаартай албан бичгээр хариу авсан нь Захиргааны Ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлээгүй байна.

3.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

........... сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/43 дугаар захирамжийн нэхэмжлэгч Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4. Маргаан бүхий захирамжийн үндэслэлийг тодруулбал ............. сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/05 дугаар захирамжаар газрын тооллого хийх, зөрчлийг арилгах, нэгдсэн судалгаа гаргах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж /хх1-178/, уг ажлын хэсэг ............... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 3 дугаар хуралдаанд тайлангаа танилцуулж, хуралдаанаар ажлын хэсгийн тайланг баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг даргад даалгажээ. /хх1-200-228/

5. Улмаар Ховд аймгийн ............ сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/43 дугаар захирамжийн 1 дэх заалтаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт, .............. сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг үндэслэн нэр бүхий иргэдийн газар эзэмших эрхийг захирамжийн хавсралтад заасан хэмжээгээр хүчингүй болгосон ба уг захирамжийн 8 дугаар хавсралтын 1 дэх заалтаар нэхэмжлэгч Б.Б-ын газраас 5.2 га буулгах гэж шийдвэрлэжээ./хх1-33-34, 48/

6. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2018-2019 онуудын газрын төлбөрөө төлсөн, 2020 онд газрын төлбөрөө төлөх гэхэд газрын даамал сумын газар татварын нэгдсэн системд орж байгаа учир төлбөрөө төлөлгүй түр байж байгаарай гэж хэлсний улмаас  төлөөгүй, 2021 онд газрыг Засаг дарга хүчингүй болгосон тул би шүүхэд хандсан. Иймд 2021 оны газрын төлбөрөө төлөөгүй,  эзэмшлийн газартаа зориулалтын дагуу тариа тарьж, мод тарьж ашигласан...” гэж,

7.Хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлээ анх  “...сумын хэмжээнд хийсэн газрын тооллого, бүртгэл, хэмжилтээр эзэмшлийн газраасаа илүү газрыг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн тор татсан, нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг хаасан, газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй зөрчлийг илрүүлсэн ба Б.Б-ын хувьд газрын төлбөрөө төлөөгүй, эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй тул түүний 5.2 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон гэж тайлбарласан ба шүүх хуралдаанд маргаан бүхий актын үндэслэлийг  тодруулж тайлбарлахдаа “... Б.Б  нь 2020, 2021 онуудад  газрын төлбөрөө төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр  эзэмшил газрыг нь хүчингүй болгосон...” гэж тайлбарлан маргажээ.

8. Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д зааснаар сумын Засаг дарга нь эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд нийцүүлэн захирамж гаргах бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдвол уг асуудлыг захирамж гарган шийдвэрлэхээр байна.

9. Дээрх хуулиудаар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хариуцагч ........ сумын Засаг даргаас гаргасан маргаан бүхий захиргааны акт болох 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/43 дугаар захирамжийн нэхэмжлэгч Б.Б-д холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дараах үндэслэлүүдээр зөрчсөн байна.

10. Нэхэмжлэгч Б.Б нь анх 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн .........сумын Засаг даргад маргаан бүхий газрыг эзэмших тухай хүсэлт гаргаж /хх1-197/, Ховд аймгийн ............... сумын Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/102 дугаар захирамжаар Ховд аймгийн .......... сумын ..........баг,  ......... тоотод байрлалтай 5.48 га газрыг тариа ногоо тарих, ойжуулах зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшиж, гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон  тус газрын хууль ёсны эзэмшигч байна./хх1-54-59/

11. Уг гэрээ байгуулагдсанаар нэхэмжлэгч Б.Б газраа зориулалтын дагуу ашиглах боломжтой болсон ба Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д  Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө, 35.3.1-д газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.3-т газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх гэж заасан газар эзэмшигчийн хүлээх үүрэг үүссэн.

12. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэж, мөн нэхэмжлэгч Б.Б-тай байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний газар эзэмшүүлэгчийн хүлээх үүрэг гэх хэсгийн 4.4-д газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх гэж тус тус заасан байхад нэхэмжлэгч Б.Б-тай байгуулсан газар эзэмшүүлэх тухай гэрээг газар эзэмшүүлэгчээс  дүгнээгүй атлаа хариуцагчийн “...Б.Б нь эзэмшил газрын төлбөрөө төлөөгүй, зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг нутгийн ард иргэд  мэдэх ба би газар дээр нь очиж үзэхэд ашиглаагүй байсан....” гэх тайлбараар  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар  эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус болжээ.

13. Тодруулбал: Нэхэмжлэгч Б.Б-ыг газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлийн тухайд: Хариуцагчаас “...анх Б.Б-ын хувьд газрын төлбөр төлсөн эсэхийг татварын нэгдсэн сангаас шүүж үзэхэд татвар төлсөн талаарх мэдээлэл байхгүй байсан тул  2016-2020 онуудын газрын  төлбөрийг төлөөлөөгүй гэж үзсэн. Хэрэгт цугларсан материалаас харахад Б.Б нь 2017, 2018, 2019 онуудын газрын төлбөрөө төлсөн баримтууд хэрэгт байгаа тул 2020, 2021 онуудын газрын төлбөрөө төлөөгүй гэж үзэж байна...”  гэж үндэслэлээ тайлбарласан.

14. Дээрх тайлбараас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчийг 2017, 2018, 2019 онуудад газрын төлбөр төлсөнтэй маргахгүй, түүнийг хүлээн зөвшөөрсөн мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан  2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Бэлэн мөнгөөр албан татвар, торгууль хураасан тасалбар №3035472 баримтаар 48000 төгрөг /хх2-111/, Хаан банкны 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар 117000 төгрөгийг тус тус төлсөн /хх2-94/ болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгч Б.Б-ыг 2018, 2019 онуудыг газрын төлбөр төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

15. 2020 оны газрын төлбөрийн тухайд: гэрч О.Г-ийн “...Б.Б нь 2020 оны 12 сард надтай ирж уулзсан, эзэмшлийн газар нь мэдээллийн санд ороогүй байна, мэдээллийн санд орсны дараа төлбөрөө төлөөрэй гэж хэлээд явуулсан. Газрын мэдээллийн санд орсон иргэн, аж ахуйн нэгжийн төлбөрийн даалгавраар нэхэмжлэл үүсгэж байж газрын төлбөрөө төлөх боломжтой...” гэх мэдүүлэг /хх1-103/, гэрч Г.Э-ын “...Б.Б  2020 оны 12 сард надтай ирж уулзаад газрын төлбөр төлөх талаар асуусан, тухайн үед газрын төлбөрөө нэхэмжлэлийн дугаараар төлнө, газрын даамалтай уулзаад, нэхэмжлэлийн дугаар авч банкинд очиж төлөөрэй гээд явуулсан...” гэх мэдүүлэг /хх1-99/, гэрч А.Е-ын “...Татварын программаас шүүж үзэхэд Б.Б-ын газрын төлбөр төлсөн талаарх мэдээлэл харагддаггүй. 2021 оноос газрын даамлын үүсгэсэн нэхэмжлэлийн дугаараар газрын төлбөр төлдөг болсон...” гэх мэдүүлгээс /хх1-155/ үзэхэд Б.Б-ын эзэмшлийн газар нь мэдээллийн  санд ороогүйн улмаас газрын төлбөр төлөх боломжгүй байдал үүссэн нөхцөл байдал тогтоогдох бөгөөд үүнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.

16. 2021 оны газрын төлбөрийн тухайд: нэхэмжлэгч нь “...шүүхэд тус газрын маргаан үүссэн гэх үндэслэлээр төлөөгүй...” гэж тайлбарладаг ба  Б.Б-ын эзэмшлийн 5.2 га  газрыг сумын засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн ба уг засаг даргын захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээр дээд шатны засаг дарга /хх1-4/, тус захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан /хх1-1-3/ байх тул 2021 онд газрын төлбөр төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй. 

17. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан ба “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, ...мөн зүйл, хэсэгт заасан ...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй... гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл болзол, зориулалтын дагуу тариа ногоо тарих, ойжуулаагүй байхыг ойлгоно.

18. Өөрөөр хэлбэл  нэхэмжлэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх1-54-56/ байгуулсан ба  энэ өдрөөс хойш хоёр жилийн хугацаанд эзэмшил газраа зориулалтын дагуу ашигласан эсэхийг, нэхэмжлэгчийг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг  заавал харгалзан үзэж, нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоосны үндсэн дээр дээрх хуулийн заалтыг хэрэглэх зохицуулалттай.

19. Хариуцагчаас “...маргаан бүхий газарт ажлын хэсэг очиж ажилласан  газар эзэмших захирамжийг хүчингүй болгохдоо ажлын хэсгийн дүгнэлтийг мөн үндэслэл болгосон гэж тайлбарладаг.

20. Ажлын хэсгийн ахлагч гэрч Б.Д-ын “...ажлын хэсэг захирамжид заасан газарт иргэд эзэмшүүлсэн газрын хэмжээгээрээ хашаалсан эсэх, газар эзэмших эрхтэй эсэхийг шалгаж ажилласан. Б.Б-ын хувьд 9.3 га газрыг торлож авсан байсан ба Б.Б-ын хүүхдүүд, ах дүү нарт өмчлүүлсэн газрыг үлдээж илүү торлосон 5 га газрыг бусад иргэдэд эзэмшүүлэх санал гаргасан. Б.Б  5.48 га газар эзэмшдэг байсан гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх1-152-153/, гэрч С.Г-ийн “...Газар эзэмших эрхгүй хэрнээ газар торлон авсан, зөвшөөрсөн хэмжээнээс илүү хэмжээнд газар торлон авсан зэрэг зөрчлийг илрүүлэх, арилгах зорилго бүхий ажлын хэсэг байгуулагдсан...”  гэх мэдүүлгүүдээс /хх1-149-150/ үзэхэд ажлын хэсэг нь тухайн газрыг зориулалтын дагуу ашигласан эсэхэд бус  газар эзэмших гэрчилгээнд заасан хэмжээнээс илүү газар эзэмшиж, тор татсан эсэхэд шалгалт хийсэн болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

21. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн заалт нь гэрээнд заасан зориулалтын дагуу гэрээ байгуулагдсанаас хойш газраа 2 жил дараалан ашиглаагүй байхыг ойлгохоор байх боловч “газрыг гэрээнд заасан зориулалтаар ашигласан эсхүл ашиглаагүй” эсэхийг тогтоох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчид мөн үүнийг нотлох баримт байхгүй Б.Б-ыг газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж буруутгасан нь тодорхойгүй, маргаан бүхий актын үндэслэл нь нотлогдохгүй байна.

22. Нэхэмжлэгчээс “... газар эзэмшиж эхэлснээс хойш тус газарт тариа тарьж байсан, Ковид-19 цар тахалтай холбоотой 2020, 2021 онуудад тариа тарьж чадаагүй...” гэж тайлбарласан ба шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх1-180-188/, шинжээчийн 2022 оны 5 сарын 19-ний өдрийн 21-04-026/46 дугаартай дүгнэлтээр /хх1-115-116/ нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт шан татаж, тариа тарьж байсан болох нь тогтоогдож байна.

23. Дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахлын улмаас Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сараас эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хорио цээрийн дэглэм тогтоосон, энэ байдал маргаан бүхий акт гарах хүртэл буюу 2021 оны 03 дугаар сар хүртэл үргэлжилсэн  бөгөөд цаг үеийн энэхүү нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд орох бөгөөд энэ байдлыг хариуцагчаас харгалзан үзээгүй байна.  

24. Сонсох ажиллагаа явуулсан тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ, 27 дугаар зүйлийн 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ, 27.2.1-д Хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд  шууд хүргүүлэх гэж сонсох ажиллагаа, түүнийг явуулах журмыг зохицуулсан.

25. Хариуцагчаас 2021 оны 03 дугаар сарын 03-ны  өдрийн 90 дугаартай “Мэдэгдэх хуудас”-аар нэхэмжлэгч Б.Б-д  мэдэгдсэн талаарх мэдэгдэх хуудсыг нотлох баримтаар ирүүлсэн, мэдэгдэх хуудсын агуулгаас үзэхэд “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хууль бусаар газар эзэмшиж, ашиглаж газрын тухай хуулийн 57.3 дугаар зүйлийг зөрчсөн” тул 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор уг газрыг чөлөөлөхийг мэдэгдсэн мэдэгдэх хуудас  байна./хх1-240/

 26. Өөрөөр хэлбэл уг мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг  хүчингүй болгосон үндэслэлүүд буюу газрын төлбөр төлөөгүй, зориулалтын  дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгох гэж байгаа талаар мэдэгдээгүй, сонсох ажиллагааг  хуульд заасан журмын дагуу бүрэн гүйцэт хийгээгүй гэж үзнэ.

27. Дээрх бүгдээс дүгнэвэл  хариуцагч ........ сумын Засаг даргаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо  зориулалтын дагуу ашиглаагүй нь “хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх”, газрын төлбөрөө төлсөн эсэхийг нягтлан шалгах, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, 24.2-д Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасан үүргээ биелүүлэлгүйгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан  нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус  байх тул маргаан бүхий акт болох Ховд аймгийн ......... сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн  А/43 дугаар “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.  

28. Ховд аймгийн .......... сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/149 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Ховд аймгийн ............ сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/43 дугаартай захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгосонтой холбоотой тус хүчингүй болгосон 5.2га газар дээр гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэх эрх олгож маргаан бүхий акт болох А/149 дугаар захирамжийг гаргажээ.  /хх1-58-59/

29. Нэгэнт  Ховд аймгийн ........... сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/43 дугаартай захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй  болгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж, А/43 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Ховд аймгийн ............. сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/149 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн  гэж үзэж хүчингүй болгох нь зүйтэй байна.

30. Нэхэмжлэгч Б.Б-ын эзэмшлийн хүчингүй болгосон гэх  5.2 га газарт  давхцуулж гуравдагч этгээд нарт газар олгосон болох нь хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар тогтоогддог ба  давхцуулж олгосон  байршлын тухайд хариуцагч, гуравдагч этгээд нар маргаагүй болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2,  26 дугаар зүйлийн 26.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн ........ сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/43 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/149 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Ховд аймгийн ............ сумын Засаг даргын тамгын газраас/ 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д зааснаар энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасан хугацаанд гардаж аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан  өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.ЯНЖИНДУЛАМ