| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2023/00343/И |
| Дугаар | 101/ШШ2023/03002 |
| Огноо | 2023-06-13 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2023/03002
| 2023 06 13 | 101/ШШ2023/03002 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О ,
Нэхэмжлэгч: У нарын гаргасан,
Хариуцагч: Нт холбогдох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У, өмгөөлөгч Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З, Б, нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2020/16224 тоот захирамжаар О, У нараас 53,213,200.00 төгрөг гаргуулж А-нд олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч Н нь дээрх төлбөрт барьцаалуулсан ... тоот хаягт байрлах ... м.кв талбайтай орон сууцны үнийн талаар бид нараас санал авсан боловч талууд тохиролцоонд гэсэн үндэслэлээр 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ФХХК-иар үнэлүүлэхэд 52,600,000.00 төгрөгөөр үнэлсэн.
Гэвч өнгөрсөн 2020-2021 онуудад дэлхий даяар цар тахал гарснаас эдийн засгийн нөхцөл байдал хязгаарлагдмал, иргэдийн худалдан авах чадвар муу байсан зэргээс шалтгаалан орон сууцны үнэлгээ хэт бага тогтоогдсон байдаг. Харин одоо эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сайжирч, ердийн дэглэмд шилжсэн ба барилгын бараа материалын хомсдол, импортын хязгаарлалт зэргээс үүдэн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ өссөөр байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нэг өрөө байрны үнэ 100,000,000.00 төгрөгөөр үнэлэгдэж байна. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь барьцаа хөрөнгийг 2021 оны 06 дугаар сард үл хөдлөх хөрөнгө үнэлүүлээд улмаар албадан дуудлага худалдааг 2022 оны 10 дугаар сард явуулсан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д “үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос хойш 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж заасныг үндэслэн бид нар энэ талаар гомдол гаргахад хүлээж аваагүй.
Иймд, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр анхны албадан худалдаагаар худалдсан үйлдлийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоосноос хойш бүтэн 1 жил 4 сар өнгөрсөн, мөн бараа материал, орон сууцны үнэ өссөн тул дахин үнэлгээ тогтоолгох хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Хариуцагч бидний хөрөнгийг үнэгүйдүүлж албадан дуудлага худалдаа явуулсан байна. Манай гэрийн хаягаар 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Нын 2022 оны 10 дугаар сарын 11, 2022 оны 10 дугаар сарын 17-ны бичгүүд ирсэн. Уншиж танилцахад анхны дуудлага худалдааг бидэнд огт мэдэгдээгүй явуулсан бөгөөд 2 дахь албадан дуудлага худалдаа явагдах гэж байгаагаа мэдэгдсэн. Бид нар энэ талаар гомдол гаргасан бөгөөд хариуцагч Н нь өөрөө анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгосон” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 101/Ш32020/16224 тоот захирамжаар О, У нараас 53,198,200.00 төгрөгийг гаргуулж А-нд олгохоор, хэрэв гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
Манай байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч О, У нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгч, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч эдгээр хүмүүс шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Ийм учир төлбөр төлөгч Оийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 20380922/01 тоот тогтоолоор битүүмжлэн шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгч, хуульд зааснаар тэмдэглэл хөтөлсөн. Ингээд төлбөр төлөгч нар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй тул 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 20380922/02 тоот тогтоолоор хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан тухайн хөрөнгийг хураан авч, талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч У, О нар тус орон сууцыг 280,000,000.00 төгрөгөөр үнэлсэн ба, харин төлбөр авагч А-ны зүгээс шинжээч томилох хүсэлт ирүүлсэн. Бид, шинжээчээр хөрөнгийн үнэлгээний Ф ХХК-ийг шинжээчээр томилон үнэлгээ тогтоолгоход орон сууцыг 52,600,000.00 төгрөгөөр үнэлсэн байсан.
Тус шинжээчийн тайланг төлбөр авагч, төлбөр төлөгч нарт мэдэгдсэн бөгөөд төлбөр төлөгч нар үүнийг хүлээн зөвшөөрөөгүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэвч тус шүүхийн 2021 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2021/03677 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 270 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 592 тоот тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Иймд, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон үнийн 70 хувиар тооцож 36,820,000.00 төгрөгөөр барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр оруулах талаар төлбөр төлөгч, авагч нарт 2022 оны 11 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэн ба дуудлага худалдаагаар худалдан борлуулагдсан. Гэвч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШЗ2023/01951 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй байна. Төлбөр төлөгч нар хуульд заасан хугацаанд төлбөрийг төлөх талаар хугацаатай мэдэгдэл өгсөн боловч төлөөгүй, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөр авагчид мөнгө төлсөн гэдэг боловч нөгөө талд дуудлага худалдааны ялагчийн эрх зөрчигдөх тул албадан дуудлага худалдаа хүчингүй болгох үндэслэл байхгүй. Тиймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2020/16224 тоот захирамжаар О, У нараас 53,213,200.00 төгрөгийг гаргуулж А-нд олгохоор шийдвэрлэжээ. Наас барьцаа хөрөнгө болох ...тоот хаягт байрлах ... м.кв талбайтай орон сууцыг хууль журмын дагуу худалдан борлуулах ажиллагаа явуулсан. Гэтэл төлбөр төлөгч тал үнэлгээнд гомдол гаргасан бөгөөд уг үнэлгээтэй холбоотой маргаан үүсэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 1 жил гаруй хугацаанд түдгэлзсэн.
Монгол Улсын Дээд Шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 592 тоот тогтоолоор төлбөр төлөгч Уын гаргасан үнэлгээний маргаантай холбоотой гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс дээрх тогтоолыг хариуцагч Нт 2022 оны 09 дүгээр сард хүргүүлсэн. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэвийн үргэлжилж барьцаа хөрөнгийг 2 шатны дуудлага худалдаагаар худалдан борлуулсан байдаг. Гэтэл төлбөр төлөгч талаас шүүхэд хууль зүйн үндэслэлгүй гомдол гаргаж төлбөр авагч мөн дуудлага худалдааны ялагчийн эрх ашгийг хохироож байна. Төлбөр төлөгч О, У нар нэхэмжлэлийн агуулгадаа барьцаа хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-т зааснаар дахин үнэлүүлэх хүсэлт өгсөн ч хариуцагчийг үндэслэлгүй хангаагүй гэж тайлбарлажээ.
Гэвч тус хуулийн заалтыг үзвэл талуудын хүсэлтийг үндэслэж шийдвэр гүйцэтгэгч дахин үнэлгээ тогтоож болно гэсэн байгаа бөгөөд аль нэг талын хүсэлтийг хүлээн авч дахин үнэлгээ тогтоолгох үүрэгтэй гэж заагаагүй байна. Нөгөөтэйгүүр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тухайн цаг үед хууль ёсны дагуу явагдаад дууссан бөгөөд төлбөр төлөгч О, У нарын хууль зүйн үндэслэлгүй гомдлоос үүдэж тухайн ажиллагааг түдгэлзэж байгааг зөвшөөрөхгүй. Мөн ажиллагаатай холбоотой гомдол, санал, хүсэлт нь өөр хоорондоо ялгаатай бөгөөд ажиллагааны оролцогчийн хүсэл зоригийн илэрхийллээр тодорхойлогдоно. Төлбөр төлөгч О, У нар хариуцагч Нт хүсэлт гаргасан үйлдлээ гомдол гаргасан мэтээр ойлгоод байгаа нь харамсалтай. Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.2-т “Дуудлага худалдаагаар худалдсан зүйлийн үнийг бүрэн төлсөн үеэс худалдан авагч тухайн зүйлийн өмчлөгч болно” гэж заасан. Тухайн хөрөнгийн албадан дуудлага худалдааны ялагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-т заасан хугацааны дотор тухайн орон сууцны үнийг бүрэн төлж хөрөнгийн хууль өмчлөгч болсон бөгөөд төлбөр төлөгч О, У нар бусдын хууль ёсны өмчлөх эрхэнд бүдүүлгээр халдаж байгааг шүүх харгалзан үзнэ гэдэгт итгэж байна. Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хуулийн дагуу явагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломж нөхцөлөөр хангаж өгнө үү” гэв.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
Хариуцагчаас өгсөн нотлох баримт:
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн шүүхэд ирүүлсэн баримт:
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,
2. Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн
2105/02 дугаар тогтоол,
3. Хариу тайлбар,
4. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О, У нараас хариуцагч Нт холбогдуулан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох, дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар бусдын эрх зөрчигдсөн шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тодруулбал, өргөдөл гаргагч А-оос уригдагч О, У нарт холбогдуулан үндсэн зээл 42,000,000.00 төгрөг, зээлийн хүү 9,332,000.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,866,200.00 төгрөг, нийт 53,198,000.00 төгрөгийг шаардсан ба талууд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад эвлэрч, уригдагч нар дээрх төлбөрийг 8 сарын хугацаанд төлөхийг зөвшөөрч, хэрэв төлбөрийг төлөхгүй бол ... тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ... тоот дугаартай ... м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, ... хороонд байрлах ... тоот гэрчилгээний дугаартай зуслангийн зориулалттай 700 м.кв газар, мөн ... хороонд байрлах №... гэрчилгээний дугаартай зуслангийн зориулалттай 700 м.кв газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрчээ.
Гэтэл зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зээлдэгч буюу уригдагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2020/18707 тоот захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 101/ГХ2020/01546 тоот дугаартай гүйцэтгэх хуудас олгосон байна /х.х-ийн 42, 45 хуудас/.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өгсөн баримтаар тус байгууллага нь төлбөр төлөгч нараас 53,198,000.00 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн захирамжийг албадан биелүүлэхээр 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 20380922 тоот тогтоол гаргаж, энэ талаар төлбөр төлөгч нарт мэдэгдэж, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг авч, тэдгээрт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгөх, уулзах, хөрөнгийн тухай лавлагааг бусад этгээдээс авах болон эд хөрөнгийг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагааг гүйцэтгэсэн эсэх талаар зохигчид маргаагүй /х.х-ийн 46-55 хуудас/.
Тодруулбал, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг уг худалдааг явуулахаас өмнө төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй тохиолдолд хариуцагч Наас хараат бус, мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн ийнхүү хөрөнгийн үнэлгээг тогтоох үндэслэл бий болдог.
Хэрэгт авагдсан баримтаар төлбөр төлөгч О, У нар ... тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ... тоот дугаартай ... м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 280,000,000.00 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч А-ны зүгээс үл хүлээн зөвшөөрч тухайн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргажээ /х.х-ийн 56-60 хуудас/.
Тус хүсэлтийг үндэслэн хариуцагч Нын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 6/104 тоот тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Ф ХХК-ийг шинжээчээр томилж, барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгоход тус компанийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар дээрх орон сууцны зах зээлийн үнэлгээг 52,600,000.00 төгрөг гэжээ /х.х-ийн 64-74 хуудас/.
Гэтэл төлбөр төлөгч төлбөр төлөгч О, У нар хөрөнгийн үнэлгээний Ф ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг үл хүлээн зөвшөөрч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2021/03677 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 00270 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснийг Улсын Дээд Шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2022/00592 тоот тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзсан байна /х.х-ийн 84-91 хуудас/.
Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар Ф ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан гарах хүртэлх хугацаанд хариуцагч Нын үйл ажиллагааг хуульд нийцсэн эсэхийг хянах шаардлагагүй.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/ тоот захирамжийн дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг авч, төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгөх, тэдгээртэй уулзах, хөрөнгийн тухай лавлагааг бусад этгээдээс авах болон эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээний саналыг авах, хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулах гэх зэрэг ажиллагааг зохих ёсоор явуулсан эсэхийг дахин хянахгүй.
Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй” гэж заасан байдаг.
Тайлбарлавал, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч болон төлбөр төлөгч нарын харилцан тохиролцсон үнэлгээ, аль эсхүл шинжээчийн тайлангаар тогтоогдсон үнэлгээнд тийнхүү тогтоосон өдрөөс хойш гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон болох нь үндэслэлтэй байх тохиолдолд тэдгээрийн хүсэлтээр дахин үнэлгээ тогтоож болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар төлбөр төлөгч О, У нараас хариуцагч Нын Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Бд барьцаа хөрөнгийг дахин үнэлүүлэх тухай хүсэлт гаргасныг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа О нь үндэслэлтэй гэсэн хариуг төлбөр төлөгч нарт өгчээ /х.х-ийн 7, 8, 102, 103, 118-120 хуудас/.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно” гэж, мөн 44.4-д “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нар тийнхүү дахин үнэлгээ тогтоолгох талаар ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасны дараагаар шүүхэд хандаж болно.
Гэвч төлбөр авагч болон төлбөр төлөгч нарын харилцан тохиролцсон үнэлгээ, эсхүл шинжээчийн тайлангаар тогтоогдсон үнэлгээнд гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэдгийг нотлох үүргийг гагцхүү хүсэлт гаргагч нь хүлээнэ. Учир нь, тус хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасныг үзвэл талуудын дахин үнэлгээ тогтоолгох хүсэлтэд анхны үнэлгээнд өөрчлөлт орсон гэдэг нь тодорхой баримтаар тогтоогдсон байх ёстой ба тийм баримт байгаа тохиолдолд Н нь хүсэлт гаргасан талын зардлаар хөрөнгийн үнэлгээг дахин тогтоох ажиллагааг явуулж болно.
Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд талууд дахин үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт гаргасан нь хангалттай биш бөгөөд төлбөр авагч, төлбөр төлөгч нар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ашиг сонирхлын зөрчилтэй оролцогч этгээд болохын хувьд хүсэлтийнхээ үндэслэлийг бага ч атугай нотлох ёстой.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “захиалагч гэж энэ хууль болон гэрээнд заасан тохиолдолд өөрийн болон бусдын өмнөөс хөрөнгө үнэлүүлэх захиалга өгсөн этгээдийг хэлнэ” гэж, 3.1.4-т “үйлчлүүлэгч гэж хууль тогтоомжид заасны дагуу, эсхүл захиалагчийн санаачилгаар өөрийн эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийг үнэлүүлж байгаа хуулийн этгээд, хувь хүнийг хэлнэ” гэж, 5 дугаар зүйлийн 5.1.1-д “үнэлгээчин болон үнэлгээний хуулийн этгээд нь үйлчлүүлэгч, эсхүл захиалагчтай харилцан бичгээр тохиролцсон”-оор хөрөнгийн үнэлгээг хийнэ гэж тус тус заасан.
Тайлбарлавал, хөрөнгийн үнэлгээг зөвхөн үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсэн шүүхийн захирамж болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоолоор хийх ёстой гэж ойлгохгүй ба иргэн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хөрөнгийн үнэлгээчинд хүсэлт гаргаж, харилцан тохиролцон дүгнэлт гаргуулах боломжтой юм.
Гэтэл нэхэмжлэгч О, У нар барьцаалуулсан хөрөнгийн анхны үнэлгээнд өөрчлөлт орсон гэдгээ нотолсон тодорхой баримтыг өгөөгүй, энэ талаар хөндлөнгийн байгууллагын хөрөнгийн үнэлгээний талаарх тайлан, холбогдох зах зээлийн үнийн талаарх мэдээллийг нотлох баримтаар өгөх боломжтой байхад тийнхүү өгөөгүй тул хариуцагч Н нь тэдгээрийн гомдлыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-т “Дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд танилцуулна. Энэ хугацаа нь 14 хоногоос хэтрэхгүй байна” гэж, мөн 71.11-д “Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчийн шийдвэрт дуудлага худалдааны ялагчийн овог, нэр, дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнэ, хөрөнгийн үнийг бүрэн төлсөн болон өмчлөх эрх үүсэх, эд хөрөнгө чөлөөлөх хугацааг заана” гэж тус тус заажээ.
Тодруулбал, энэ нь дуудлага худалдаанд оролцогч болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад барьцаа хөрөнгийг хэн, хэдэн төгрөгөөр худалдан авсан талаар мэдэгдэх тухай үйл ажиллагаа бөгөөд дуудлага худалдааны ялагч этгээд үнийг нь бүрэн төлсөн тохиолдолд түүнд өмчлөх эрх үүсэх, эсхүл төлөхгүй бол өмчлөх эрх үүсэхгүй байх ойлголтыг агуулахын зэрэгцээ төлбөр төлөгч этгээд нь тодорхой хугацаанд төлбөр авагчийн төлбөрийг төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэхгүй байх боломжийг олгосон зохицуулалт юм.
Үүнийг тус хуулийн 71 дүгээр зүйлийн 71.12-т “Дуудлага худалдааны ялагч худалдаж авсан эд хөрөнгийн үнийг энэ хуулийн 71.10-т заасан хугацаанд төлөөгүй бол дэнчинг улсын орлого болгоно” гэж, 71.13-т “Энэ хуулийн 71.10-т заасан товлон тогтоосон хугацаанаас өмнө төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэхгүй” гэж тус тус заасан байдаг.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Н нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч О, У нарт 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дотор төлбөр авагч А-нд төлбөрийг төлсөн тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрхийг шилжүүлэхгүй талаар мэдэгдсэн байна /х.х-ийн 109 хуудас/.
Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд хариуцагч Ныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-71.14-т заасан зохицуулалтыг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй ба төлбөр төлөгч барьцааны зүйлийн өмчлөх эрхийг өөртөө үлдээх хуульд заасан тэрхүү боломжийг олгосон байна. Гэвч нэхэмжлэгч О, У нар албадан дуудлага худалдааг чухам ямар үндэслэлээр хүчингүй гэж үзэж байгаа талаар тодорхой тайлбар гаргаагүй, энэ талаар нотлох баримт өгөөгүй болно. Иймд, хариуцагч Н нь хууль зөрчсөн үйлдэл гаргасан нь тогтоогдохгүй байх тул шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
.