| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2023/02511/И |
| Дугаар | 101/ШШ2023/02632 |
| Огноо | 2023-05-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2023/02632
| 2023 05 25 | 101/ШШ2023/02632 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г ХХК -ийн гаргасан,
Хариуцагч: Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,425,020.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, хариуцагч Б, нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай банк хариуцагч Бтэй 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зээлийн эрхтэй кредит карт эзэмших гэрээ байгуулж 2,500,000.00 төгрөгийг бэлэн мөнгө авч ашиглахад сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээнд ашиглахад сарын 2.0 хувийн хүү, мөн зээлийн эрх хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний бол нэмэгдүүлсэн хүү сарын 1.0 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлдүүлсэн.
Гэтэл хариуцагч тал кредит карт ашиглаж гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрийг гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 66 сар хугацаа хэтрүүлсэн бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 2,533,410.00 төгрөг, шимтгэл болон хураамжийн нийлбэр 71,200.00 төгрөг, үүнээс бэлэн гүйлгээний зарцуулалт 1,468,000.00 төгрөг, бэлэн бус гүйлгээний зарцуулалт 994,210.00 төгрөг, мөн зээлийн хүүний нийт төлбөр 4,909,675.41 төгрөг бөгөөд үүнд бэлэн гүйлгээний хүү 3,557,330.96 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 1,352,344.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,064,193.88 төгрөг, хугацаа хэтрүүлсэний хүү 5,763,559.02 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсэний хүү 6,300,634.86 төгрөг, нийт төлбөрт 19,507,279.29 төгрөгийг төлөөгүй байна.
Хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний 3.6-д ......сар бүрийн 15-ны дотор эргэн төлөлтийн доод дүнгээр төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс сарын 1 хувиар хугацаа хэтрүүлсэний хүү тооцно гэсэн нөхцөлийн дагуу 2017 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн 66 сард 5,763,559.02 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү нь гэрээний 3.5-д ...........зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүүг сарын 2 хувиар тооцно гэсэн нөхцөлийн дагуу 2017 сарын 12 сарын 01-ний өдрөөс эхлэн зээлийн эрх хэтэрч эхэлсэн тул энэ өдрөөс эхлэн 64 сард 6,300,634.86 төгрөг тус тус тооцогдсон болно.
Гэвч манай банк зээлдэгчийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүү болох эрх хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 6,300,634.86 төгрөгийг 100 хувь, хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 5,763,559.02 төгрөгийн хүүнээс 4,781.623.94 төгрөг, нийт 11,082,258.80 төгрөгийг хөнгөлж байна. Иймд, хариуцагчаас зээлийн үндсэн төлбөрт 2,533,410.00 төгрөг /бэлэн гүйлгээ 1,468,000.00 төгрөг, бэлэн бус гүйлгээ 994,210.00 төгрөг/, мөн шимтгэл болон хураамж 71,200.00 төгрөг, зээлийн хүүний төлбөр төлбөр 4,909,675.41 төгрөг /бэлэн гүйлгээний хүү 3,557,330.96 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 1,352,344.45 төгрөг/, түүнчлэн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 981,935.08 төгрөг, нийт 8,425,020.49 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие тухай кредит картыг өөртөө ашиглаагүй, харин Б гэж хүнд авч өгөөд түүнээс 500,000.00 төгрөгийг авсан. Тэр хүн надад хэлэхдээ гарын үсэг зураад болно, би өөрөө ашигласан зээлийг төлнө гэж хэлсэн учир үгэнд нь итгэж кредит картыг гаргаж өгсөн юм. Би, тэр хүнийг ашигласан мөнгөө төлж байгаа гэж итгэж байсан боловч үгүй байжээ. Гэрээнд гарын үсэг зурсан нь миний буруу. Гэвч Би, 2016 онд хүү Мыг төрүүлсэн боловч хүү маань хөгжлийн бэрхшээлтэй, Монгол Улсад эмчлэгдэхгүй байсан тул гадаад улс руу удаа дараа явж эмчлүүлсэн.
Энэ үед надад мөнгө хэрэг болоод байсан учир Боос 500,000.00 төгрөгийг авсан. Энэ хүн амьдралын боломж тааруу хүмүүсийг сонгон авч мөнгө зээлдэг байсан бөгөөд надаас гадна хохирсон 4-5 хүн байна гэж сонссон. Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан болохоор миний буруу болсон тул хариуцлагаа хүлээнэ. Гэхдээ миний бие хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх толгойлсон эх тул үүнийг харгалзаж зээлийн төлбөрийг тодорхой хэмжээнд бууруулж үндсэн зээлийг төлөх саналтай байна гэв.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
1. Улсын тэмдэгтийн хураамжид 149,751.00 төгрөг төлсөн баримт,
2. Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ,
3. Итгэмжлэл,
4. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
5. Голомт банкны гүйцэтгэх захирлын тушаал,
6. Иргэний үнэмлэхийн хуулбар,
7. Кредит карт эзэмших хүсэлтийн маягт,
8. Оршин суугаа хаягийн тодорхойлолт,
9. Кредит картын хуулга,
Хариуцагчаас өгсөн нотлох баримт:
1. Эмчилгээний гэрээ,
2. Комиссын шийдвэр,
3. Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт,
4. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд асрах тухай гэрээ,
5. Даатгуулагч, тэтгэвэр авагчийн мэдээлэл,
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК-иас хариуцагч Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,425,020.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлнэ гэж заажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Г ХХК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа .............. гэж бүртгэсэн байх тул нэхэмжлэгч нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1 /2001 он/, мөн Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д тус тус зааснаар банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байна /х.х-ийн 8 хуудас/.
Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ............ гэж, 189 дүгээр зүйлийн 189.2-т Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно гэж тус тус заасны дагуу талууд энэ талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг төрийн эрх бүхий байгууллагаас банкны үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Б тэй 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр кредит карт эзэмших тухай гэрээ байгуулж, нийт 2,500,000.00 төгрөгийг бэлэн төлбөр тооцоонд ашиглах тохиолдолд сарын 3.5 хувь, бэлэн бус төлбөр тооцоонд ашиглах бол сарын 2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон байна /х.х-ийн 4 хуудас/.
Тодруулбал, хариуцагч нь 2,500,000.00 төгрөгийн зээлийн эрх хэмжээтэй кредит картыг төлбөр тооцоонд ашиглахдаа тухайн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр хэдэн ч удаа авч, буцаан төлсөн тохиолдолд төлөгдсөн дүнгээр дахин зээлэх эрхтэй ажээ.
Энэ талаар Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.23-т "төлбөрийн хэрэгсэл гэж бэлэн мөнгө, мөнгөн хөрөнгө шилжүүлэх, хүлээн авах, төлбөр төлөх зориулалттай төлбөрийн карт, цахим мөнгө зэрэг Монголбанкны зөвшөөрөл бүхий биет, биет бус хэрэгслийг хэлнэ гэж, 5.1.26-т "төлбөр тооцоо гэж хоёр ба түүнээс дээш талын хооронд хийгдсэн мөнгөн хөрөнгө, үнэт цаасны төлбөрийг дансанд тусгах ажиллагааг хэлнэ гэж тус тус зааснаар хариуцагч Б нь бусад этгээдээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээний хөлс, төлбөрийг төлөхдөө 2,500,000.00 төгрөгийн зээлийн эрхтэй картнаас бэлнээр төлөхөд сарын 3.5 хувь, бэлэн бусаар төлөхөд сарын 2 хувийн хүүг тус тус авч ашигласан зээлийн хэмжээнээс тооцож төлөх үүргийг хүлээсэн байна.
3. Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 2,462,210.00 төгрөг болон шимтгэл 70,000.00 төгрөг, хураамж 1,200.00 төгрөгөөс гадна бэлэн гүйлгээний хүү 3,557,330.96 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 1,352,344.45 төгрөгийг хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 981,935.08 төгрөг, нийт 8,425,020.49 төгрөгийг нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зээлийн дансны хуулга, зээлийн хүүгийн тооцооллын 6, 7, 8 дахь баганад хариуцагч Бгийн ашигласан бэлэн гүйлгээний дүн, төлсөн хэмжээ, үлдэгдэл, мөн 9, 10, 11 дэхь баганад бэлэн бус гүйлгээний ашигласан дүн, төлсөн хэмжээ, үлдэгдэл зэргийг тус тус үзвэл хариуцагч нь өнгөрсөн хугацаанд бэлэн гүйлгээнд 2,343,000.00 төгрөг, бэлэн бус гүйлгээнд 994,210.00 төгрөг, нийт 3,337,210.00 төгрөгийг ашигласнаас бэлнээр ашигласан 2,343,000.00 төгрөгөөс 875,000.00 төгрөгийг төлсөн байна. Тодруулбал, хариуцагч нь нийт 3,337,210.00 төгрөг ашигласан бөгөөд үүнээс 875,000.00 төгрөгийг төлж, үлдэгдэл 2,462,210.00 төгрөгийг зээлийн шимтгэл 70,000.00 төгрөг, үйлчилгээний хураамж 1,200.00 төгрөг, нийт 2,533,410.00 төгрөгийг төлөх эсэх талаар маргаагүй.
Хэдийгээр хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тухайн зээлийн эрхтэй картыг өөрөө авч ашиглаагүй, бусад этгээдэд авч өгөөд тэр хүнээс 500,000.00 төгрөг авсан гэсэн боловч энэхүү тайлбараа баримтаар нотлохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-т Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гарган гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй боловч хариуцагч нь бусад этгээдээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээний хөлс, төлбөрийг төлөхдөө бэлэн гүйлгээнд 2,343,000.00 төгрөг, бэлэн бус гүйлгээнд 994,210.00 төгрөг, нийт 3,337,210.00 төгрөгийг ашиглаагүй гэсэн тайлбараа баримтаар нотлохгүй байна.
Иймд, хариуцагч нь бэлэн гүйлгээнд ашигласан 2,343,000.00 төгрөгөөс түүний төлсөн 875,000.00 төгрөгийг хасвал 1,468,000.00 төгрөг, бэлэн бус гүйлгээнд ашигласан 994,210.00 төгрөг, нийт 2,462,410.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй ба зээлийн шимтгэл 70,000.00 төгрөг, үйлчилгээний хураамж 1,200.00 төгрөгийн талаар маргахгүй байна.
4. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зээлийн дансны хуулга, зээлийн хүүгийн тооцооллоос үзвэл хариуцагч Бнь бэлэн гүйлгээнд ашигласан 2,343,000.00 төгрөгт сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээнд ашигласан 994,210.00 төгрөгт сарын 2 хувийн хүү төлөх үүргээ огт биелүүлээгүй байна. Тиймээс нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагчаас бэлэн гүйлгээний хүү 3,557,330.96 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 1,352,344.45 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй юм.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү гэх 981,935.08 төгрөгийг хангах үндэслэлгүй байна. Учир нь, зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д .................., зээлийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү 1 хувь гэж, 3 дугаар зүйлийн 3.6-д Төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын хувиар тооцно гэж тус тус заажээ.
Банк, эрх бүхий этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдэд зээлийг хүүтэй, аль эсхүл хүүгүй олгож болох бөгөөд зээлдэгч нь зээлийг хугацаандаа буцаан төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирч болно.
Энэ талаар Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж, 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно............... гэж, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.
Гэтэл нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Б тэй байгуулсан зээлийн гэрээнд хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцохдоо хуульд заасан хэмжээг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчаас хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгаа тохиолдолд бэлэн эсхүл бэлэн бус төлбөр тооцоонд хэрэглэснээс хамаарч хүүгийн хэмжээг 3.5x20%=0.7 хувь, 2x20%=0.4 хувиас илүүгүй хэмжээгээр тохирох ёстой байжээ.
5. Нөгөө талаар талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл тэдгээрийн байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ гэж зааснаар стандарт нөхцөл агуулсан гэрээ ажээ.
Стандарт нөхцөл нь олон тооны гэрээнд давтан хэрэглэхээр нэг талын урьдчилан тогтоосон нөхцөл бөгөөд үүнийг тайлбарлахдаа гэрээний талуудын хүсэл зоригоос ангид, хараат бус байж, тухайн заалт, тайлбарын хэвшмэл бодит агуулга, утга санааг илэрхийлэх агуулгатай. Гэвч зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлд зээлийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү 1 хувь гэж заасан нь хуульд заасантай нийцэхгүй байна.
Энэ тохиолдолд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. ................ гэж зааснаар тухайн тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж үзэх тул 201 дүгээр зүйлийн 201.1-д Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж заасныг үндэслэн зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиас хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр хариуцагч Бнь зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү гэх 981,935.08 төгрөгийг төлөх үүрэг хүлээхгүй.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 7,443,085.41 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 981,935.08 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Бгээс 7,443,085.41 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 981,935.08 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,751.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 134,039.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР