Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/373

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  2        15                                                                              2019/

    Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

   Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

   Шүүгдэгч Д.Б********н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д******ын Б********нд холбогдох эрүүгийн 2538000000456  дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний  өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, Т*******л овогт Д******ын Б********н, 1974 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ** дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн /********* / дугаартай,

  Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Д.Б********н нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багийн нутаг “******” гэх газарт 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч Ц.Л*******жтой бэлчээрийн маргаан үүсгэж, улмаар зодож биед төвөнхийн зөөлөн эдийн гэмтэл, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538000000456  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

           Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

           Шүүгдэгч Д.Б********н нь 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багийн нутаг “******” гэх газарт Ц.Л*******жтой малын бэлчээрийн маргаан үүсгэж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож,  толгойн тус газар нь цохиж, хоолойг нь боож унагаан биед нь  төвөнхийн зөөлөн эдийн гэмтэл, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл учруулсан, үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

            Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б********ны өгсөн: “...13-ны өглөө усанд явж байхад өвөлжөөн дээр хонь байсан. Доош нь тууж байтал машинтай хүн давхиж ирээд яах гэж байгаа юм гээд хөөгөөд нутаггүй хар цагаач гэсэн юм. Намайг хулгайч гэсэн. Мотоциклтой татаж унагаасан. Эхлээд намайг цохисон. Тэгэхээр нь нүүр рүү нь түлхэж нүүрэн дээр нь алгадсан. Мотоцикл татаж унагаад байхаар нь энгэрээс нь барьж татсан. Ийм зүйл болсон..” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч  Ц.Л*******жийн өгсөн: “...2025 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө 11 цагийн үед Нөмөр жалга гэх газар хонь бэлччихсэн байсан. Тэгээд хонио харахаар араас эхнэртэй машинтай очиж явахад унаатай хүн хонь хөөгөөд байхаар нь очсон хөрш айлын Н********г гэх хүнтэй хамтран амьдарч байгаа Б*******а гэх залуу урдаас ирж зогсоод гараа атгаад цохих гээд байхаар нь машинаасаа буугаад очсон толгой руу гараараа 2 удаа цохиж боож унагаасан. Тухай өдрийн шөнө нь бороо орж хоносноос болоод манай хонь өглөө эрт бэлччихсэн байсан. Бэлчихдээ Ба******гийн хашааны урд ууланд нь гарчихсан байснаас болж намайг хонио тийш нь бэлчээлээ гэж дайрч хэрүүл маргаан үүсгэж цохисон. Энэ Б***г ирэхээс өмнө айл саахалт яваад малаа бэлчээгээд яваад болоод байсан. Энэ залуу ирснээр адуу мал байнга хөөж тууж хээл их хаяулдаг болсон. Манай тэр нутгаар нутаглаж байгаа иргэд бүгд л мэдэж байгаа. Энэ Б******а манай нутагт ирээд 2 жил болж байгаа. Ийм асуудал гарч байгаагүй. Манайхаар орж гараа л явдаг байсан. Одоо мал хөөж тууж сүүлдээ бүр зодож байна. Гараараа баруун зүүн шанаа хэсэгт нэг нэг удаа цохиж боож унасан. Өөр цохисон асуудал байхгүй. Манай эхнэр л машин дотроо сууж байсан. Харвачихсан бууж сууж, чаддаггүй асаргааны хүн байгаа. Тиймээ би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлээ тогтоолгоно... Надаас уучлалт гуйсан. Одоо бид хоёр харилцан тохиролцсон. Би сумын Эрүүл мэндийн төвд дээр очиж тусламж үйлчилгээ авсан юм. Би сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэхгүй. Одоо миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  8, 63 тал/,

          Гэрч  А.Н*******гийн  өгсөн: “...Ах дүү, төрлийн харилцаа холбоо байхгүй. Хөрш саахалт байдаг айлууд. Тухайн өдөр усанд явна гээд гэрээсээ гарсан. Тэгээд цаг орчмын дараа гэртээ ирэхдээ хүзүү хоолой нь шалбарч дээл нь урагдчихсан ирсэн. Унааных нь толгой хагарсан байсан. Юу болсон талаар асуухад урд өвөрт байдаг манай хашааны урд Л**********жийн хонь гарсан байхаар нь тууж явсан Л*******ж эхнэрийн хамт ирээд хэрүүл маргаан боллоо л гэж хэлсэн. Яг юу болсон талаар мэдэхгүй байна. Бэлчээрийн асуудлаас л болж хэрүүл маргаан болсон байсан. Өөрөө хэлэхдээ унаанаас зууралдаад салахгүй болохоор нь 2 удаа хацар руу нь түлхсэн гэж хэлсэн. Урд тийм зүйл болж байгаагүй ээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,

           Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/,

           Хохирогч Ц.Л*******жийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл /хх-ийн 5 тал/,

           Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны  09 дүгээр сарын 19-ний өдрийн 419 дугаартай: “...Л**********жийн биед төвөнхийн зөөлөн эдийн гэмтэл, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт, эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 16-17, 18-19 тал/,  

          Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн нэхэмжлэл /хх-ийн 55, 61 тал/,

           Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.Б********ны  өгсөн: “...Би одоо Баянзүрх сумын *****-р багт мал маллаж амьдардаг. Миний амьжиргааны эх үүсвэр мал аж ахуй юм. Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 10 цагийн үед Арбулаг сумын 6 дугаар багт “********” гэх газар усанд явж байхад манай өвөлжөөн дээр айлын хонь бэлчиж байхаар би очоод өвөлжөөнөөс гол руу чиглэлтэй хонийг нь тууж явсан чинь нутгийн ах Ц.Л*******ж эхнэрийн хамт ирэхээр нь малаа битгий өвөлжөө рүү бэлчээгээд байгаарай чангахан дуугаар хэлсэн юм. Тэгсэн Ц.Л*******ж хувхай дархад минь чиний нутаг юм уу, чи миний нутгаас зайл гэхээр нь энэ чинь миний нутаг ш дээ гэсэн чинь чи миний 5 үхрийг хулгайлж идээ биз дээ гээд хэл амаар доромжлоод байсан юм. Тэгээд эхнэр нь болох А********ш гээд хүн наад хувхай дархадыг алаад өг гээд шургаад байхаар нь би ч юм дуугарахгүй явах гэж байсан чинь Ц.Л*******ж явуулахгүй мотоциклоос татаж унагаад дэвсээд байхаар нь уур хүрээд босож ирээд нүүр рүү нь түлхээд явах гэсэн дахиад татаад унагаад болохгүй болохоор нь би очоод хацар хэсэгт нэг алгадаад дахиад алгадсан чинь хий алгадаад оноогүй юм. Ер нь намайг явуулахгүй мотоцикл унагаагаад дэвсээд байхаар нь заамдаж аваад цааш нь метр гаруй чирчихсэн юм. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр нэг нутгийн саахалт айлын хүн байгаа юм. Ц.Л*******ж ах бид хоёрын хувьд бол ямар нэгэн таагүй харилцаа өш хонзон, өр авлагын асуудал байхгүй. Тухайн үед манай өвөлжөөний газарт малаа бэлчээгээд хоорондоо маргалдаж үл ойлголцол үүсэж биед нь халдсан юм. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би өөрийн үйлдлээ бүрэн хянах чадвартай байсан. Надад учирсан мотоциклийн эвдрэл гэмтэлд шинжээч томилуулахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалснаар  нотлогдон тогтоогдлоо.

           Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

            Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

            Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Үүрийнтуяа гаргасан санал дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Б********н нь Арбулаг сумын 6 дугаар багийн нутаг *******гэх газар 2025 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч Ц.Л*******жтой бэлчээрийн маргаан үүсгэж улмаар биед нь зөөлөн эдийн гэмтэл, хүзүүнд зулгарал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэсэн санал дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч  Д.Б********н нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.

            Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч  Ц.Л*******ж, гэрч  А.Н*********г нарын өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,  Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны  09 дүгээр сарын 19-ний өдрийн 419 дугаартай дүгнэлт, эмчийн үзлэгийн тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн нэхэмжлэл болон  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Д.Б********ны   өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад  шүүгдэгч Д.Б********н нь 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багийн нутаг “********” гэх газарт Ц.Л*******жтой малын бэлчээрийн маргаан үүсгэж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож,  толгойн тус газар нь цохиж, хоолойг нь боож унагаан биед нь  төвөнхийн зөөлөн эдийн гэмтэл, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл учруулан,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

          Шүүгдэгч Д.Б********ны хохирогч  Ц.Л*******жийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

           Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Б********н нь хохирогч  Ц.Л*******жийн нүүрэн тус газарт нь цохиж,  хоолойг нь боож, газар унагаан, бие эрх чөлөөнд нь халдаж, биед төвөнхийн зөөлөн эдийн гэмтэл, хүзүүнд зулгаралт  бүхий гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдаж шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, зодуулсны улмаас хохирогчид хохирлыг хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь  Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны  09 дүгээр сарын 19-ний өдрийн 419 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

          Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Д.Б********ны үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

          Шүүгдэгч  Д.Б********ны гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

           Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Б********ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

           Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

  Шүүгдэгч Д.Б********ны гэм буруутай үйлдлийн улмаас Ц.Л*******жийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны  09 дүгээр сарын 19-ний өдрийн 419 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч  Ц.Л*******ж нь: “...гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 63 тал /-д хэрэгт  авагдсан байх тул шүүгдэгч Д.Б********ныг хохирогч  Ц.Л*******жид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан байна.

 Иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын газар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан  53.900 төгрөгийг шүүгдэгч нэхэмжилсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б********н нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 53.900 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг гаргаж өгч байх тул  шүүгдэгч Д.Б********ныг иргэний нэхэмжлэгч  Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзлээ.

    Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:  

    Шүүгдэгч Д.Б********ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    Шүүгдэгч Д.Б********ны хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч  Б.Үүрийнтуяа гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Шүүгдэгч Д.Б********н нь үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй. Хохирогчтой хохирол төлбөрийн талаар харилцан тохиролцсон. Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 53,900 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Д.Б********нд хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй...” гэсэн санал дүгнэлт,

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б********н нь өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...Би уул нь гэмтэл учруулаагүй. Торгууль бууруулах арга байна уу. Торгуулийг буруулж өгөөч...” гэв.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Б********нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

  

    Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндийн байдал/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас шүүгдэгч Д.Б********ны эрхэлсэн ажил, орлогын байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч  Д.Б********ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   таван зуун гучин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 530.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

         Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 530 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 530.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож,  шүүгдэгч  Д.Б********н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

  Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б********н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон  

                                                    ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Т*******л овогт Д******ын Б********ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Шүүгдэгч Д******ын Б********ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 530 (таван зуун гуч) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 530  (таван зуун гучин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б********нд оногдуулсан 530 (таван зуун гуч) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 530 (таван зуун гучин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер)  хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б********н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

   5. Энэ хэрэгт шүүгдэгч  Д.Б********н нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

   6.   Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б********ны урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН