| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/0361/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/384 |
| Огноо | 2025-11-13 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/384
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч Л.Б**********ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л*******ийн Б*********жид холбогдох эрүүгийн 2538003640426 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б*******н овогт Л*******ийн Б*********ж, 1975 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ***** дугаар баг *****гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн **********дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538003640426 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Л.Б**********ж нь 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн нутаг “********” гэх газар нутгийн ойгоос түлээ бэлтгэх зорилгоор, зохих зөвшөөрөлгүйгээр 3.02 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэж, 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Kia Bongo3 загварын ******улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан гарал үүслийн гэрчилгээгүйгээр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу тээвэрлэж явах замд эрх бүхий байгууллагын хяналтаар илэрсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б**********жийн өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн: “...Хөвсгөл аймаг Төмөрбулаг сумын **** гэх газар нь ертөнцийн зүгээр урд зүүн хэсэгт ой модоор хүрээлэгдсэн газар байв. Газрын байршил ********-г зааж байв. Хожуул тус бүрийг 1-4 дугаараар дугаарлаж хэмжилт хийхэд 1 дугаартай модны хожуул 46 см, 2 дугаартай модны хожуул 52 см, 3 дугаартай модны хожуул 46 см, 4 дугаартай модны хожуул 50 см диаметртэй байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-12 тал/,
Мөрдөгчийн 2025 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн модонд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 55-58 тал/,
Мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай санал /хх-ийн 86 тал/,
2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 127 дугаартай Прокурорын “Эд мөрийн баримт хураан авах тухай” зөвшөөрөл /хх-ийн 83 тал/,
Мөрдөгчийн эд зүйл, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, /хх-ийн 84 тал/,
Цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол хх-ийн 85 тал/,
Иргэний нэхэмжлэгч Ч.А********ын өгсөн: “... Миний бие Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын даргын энэ оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн **дугаартай албан бичгээр тус аймгийн Төмөрбулаг сумын **** дүгээр багийн нутаг **** гэдэг газар тус сумын 3 дугаар багийн иргэн Л.Б**********ж гэдэг хүн зохин зөвшөөрөлгүй хууль бусаар шинэс төрлийн 2 метрийн ****тай 27 ширхэг мод бэлтгэж аймгийн төв рүү тээвэрлэж яваад цагдаад баригдсан гэх хэрэгт иргэнмй нэхэмжлэгчээр оролцож байна. Иргэн Л.Б**********ж гэх хүн мод бэлтгэх эрхийн бичиг баримт надаас авсан зүйл байхгүй. Ойн тухай хуульд зааснаар мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан нөхцөл болзлыг зөрчихгүйгээр зөвхөн цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэх хуулийн зохицуулалт байгаа. Иргэн хүн босоо мод унагааж мод бэлтгэх эрх байхгүй зөвхөн Ойн даргын тушаалаар баталсан зааврын 3.4 зааснаарр уламжлалт бүтээгдэхүүн /гэрийн мод/ хийх зэргээр олгодог байгаа. Тухайн иргэний хувьд зөвхөн цэвэрлэгээний ажлаар унанги мод бэлтгэж түлшиндээ хэрэглэх ёстой байсан. Иргэн Л.Б**********ж гэх хүний үйлдлийн улмаас байгаль экологид учирсан хохирлын нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 тал/,
Гэрч Б.Б********ийн өгсөн: “...Би 2025 оны 08 дугаар сарын 12-ны шөнө 01 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар багийн нутаг ***тус аймгийн төв рүү орох замд хяналт шалгалт хийж байхад түлээ ачсан байдал тай Бонго маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тус аймгийн Төмөрбулаг сумын иргэн Л.Б**********ж нь тус сумын 1 дүгээр багийн нутаг “***” гэдэг газраас түлшний мод бэлтгээд аймгийн төв рүү оруулах гээд мод ачиж яваа талаар тухайн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Л.Б**********ж гэдэг хүн ярьсан. Би уг жолоочоос мод бэлтгэсэн эрхийн бичиг баримт /гоожин/ мод тээвэрлэх гарал үүслийн бичиг баримт зэргийг шалгуулахыг шаардахад тухайн иргэн Л.Б**********ж нь надад мод бэлтгэх эрхийн бичиг баримт байхгүй гэж мэдэгдсэн тул жолоодож явсан Бонго маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгслийг түр саатуулж иргэн Л.Б**********ж нь мод бэлтгэх эрхийн бичиг баримтгүй мод бэлтгэж тээвэрлэж явсан эсэх талаар тус цагдаагийн газрын хоногийн мэдээнд оруулсан. Бонго маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Л.Б**********ж нь өөрөө бэлтгэсэн модоо тээвэрлэж яваа талаар надад хэлсэн. Тэгэхдээ уг модыг ганцаараа Хөвсгөл аймгийн Төмөрбулаг 1 дүгээр багийн нутаг “***” гэх газраас бэлтгэсэн талаар ярьж байсан үүнээс надад мэдэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,
Гэрч Ц.Б*******ийн өгсөн: “...2025 оны 08 дугаар сарын эхээр гэсэн байхаа аймгийн төв Мөрөн сум руу ****улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр мод тээвэрлэж яваад цагдаад шалгуулаад бичиг баримтгүй мод тээвэрлэсэн гэх үндэслэлээр тээврийн хэрэгслийг нь саатуулсан байсан.
Иргэн Л.Б**********ж нь ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан. Мод бэлтгэсэн гэх газарт хэргийн газрын нөхөн үзлэг хийх ажиллагаанд миний бие оролцсон тэгэхэд иргэн Л.Б**********ж нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн нутаг **** гэх газарт босоо 4 ширхэг мод унагаасан гэж зааж байхад нь модны хожуул тус бүрд хэмжилт хийж хэргийн газрын үзлэгт тусгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,
*******ХХК-ийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 925-213421 дугаартай: “...***улсын дугаартай Kia Bongo3 маркийн тээврийн хэрэгсэлийн зах зээлийн үнийг 3.500.000 төгрөг, бензин хөдөлгүүртэй мустанг маркийн цахилгаан хөрөөний зах зээлийн үнийг 2025 оны 08 дугаар сарын байдлаар 100.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-36 тал/,
******улсын дугаартай Kia Bongo3 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 66 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Б**********жийн яллагдагчаар өгсөн: “...Би Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюун-Эрдэнийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, санал нийлж байна. 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн нутаг **** гэдэг газраас түлээний мод бэлтгэх зорилгоор очоод 4 ширхэг хуурай босоо мод унагааж 1 метр 50 см хэмжээтэй тайрч бэлтгээд өөрийн эзэмшлийн Киа Бонго маркийн ******улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад шууд Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу яваад шөнийн 00 цагийн үед Мөрөн сум руу орж ирэх замдаа постон дээр цагдаад шалгуулсан Би Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн нутаг **** гэдэг газраас бэлтгэж ачсан түлээний модыг өөрийн өндөр настай ээждээ түлээний намайг мод бэлтгэх эрхийн бичиг, гоожингүй түлээ бэлтгэж тээвэрлэсэн гэж миний мод ачсан машиныг саатуулж журмын хашаанд хийсэн. Тэгээд би ойгоос зохих эрхийн бичиг гоожингүй мод бэлтгэсэн хэргээр шалгуулсан. Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн нутаг **** гэдэг газраас бэлтгэж ачсан түлээний модыг өөрийн өндөр настай ээждээ түлээний мод буулгах гэж явсан. Миний мод тээвэрлэж унаж явсан Киа Бонго маркийн ***улсын тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийнх байгаа юм. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В,С,Е ангиллийн эрхийн үнэмлэхтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөөг таньж судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ гаргасан: “...Шүүгдэгч Л.Б**********ж нь 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн нутаг “****” гэх газар нутгийн ойгоос түлээ бэлтгэх зорилгоор, зохих зөвшөөрөлгүйгээр 3.02 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэж, Kia Bongo3 загварын *******улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн, байгаль экологид 509.338 төгрөгийн шууд хохирол учруулж өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр Төмөрбулаг сумын нутаг дэвсгэрээс Мөрөн сумын нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, иргэний нэхэмжлэгч Ч.А********ын мэдүүлэг, гэрч н.Б******ын мэдүүлэг, гэрч н.Б********лийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Б**********ж нь хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Б**********жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Л.Б**********ж нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ч.А*********лын өгсөн: “ иргэн Л.Б**********ж гэх хүн мод бэлтгэх эрхийн бичиг баримт надаас авсан зүйл байхгүй...” мэдүүлэг, гэрч Б.Б****ийн өгсөн: “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг **гүүрнээс тус аймгийн төв рүү орох замд хяналт шалгалт хийж байхад түлээ ачсан байдалтай Бонго маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тус аймгийн Төмөрбулаг сумын иргэн Л.Б**********ж нь тус сумын 1 дүгээр багийн нутаг “****” гэдэг газраас түлшний мод бэлтгээд аймгийн төв рүү оруулах гээд мод ачиж яваа талаар тухайн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Л.Б**********ж гэдэг хүн ярьсан. Би уг жолоочоос мод бэлтгэсэн эрхийн бичиг баримт /гоожин/ мод тээвэрлэх гарал үүслийн бичиг баримт зэргийг шалгуулахыг шаардахад тухайн иргэн Л.Б**********ж нь надад мод бэлтгэх эрхийн бичиг баримт байхгүй гэж мэдэгдсэн..” гэх мэдүүлэг, гэрч Ц.Б*********ийн өгсөн: “иргэн Л.Б**********ж нь ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан...” мэдүүлэг, түүний бэлтгэсэн мод нь шинэс төрлийн босоо хуурай мод байсан бөгөөд энэ модны үнэ 509.338 төгрөг болохыг тогтоосон Хөвсгөл аймгийн “***” Сум дундын ойн ангийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 29 дугаартай: “...Л.Б**********жийн модонд хэмжилт хийж хүснэгтийг ашиглан тодорхойлоход 3.02 метр күб хэмжээтэй ..түлээний хуурай мод байна.. модны экологи-эдийн засгийн үнэлгээг 509.338 төгрөг..” гэх дүгнэлт, бөөрөнхий модон материалын хэмжилт хийх хүснэгт, хохирлын үнэлгээ тогтоосон Хөвсгөл аймгийн мэргэжилтний 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 34 дугаартай: “..Экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ 1.528.014 төгрөг...” гэх дүгнэлт, хөрөнгийн үнэлгээг тогтоосон ****ХХК-ийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 925-213421 дугаартай: “...***улсын дугаартай Kia Bongo3 маркийн тээврийн хэрэгсэлийн зах зээлийн үнийг 3.500.000 төгрөг, бензин хөдөлгүүртэй мустанг маркийн цахилгаан хөрөөний зах зээлийн үнийг 2025 оны 08 дугаар сарын байдлаар 100.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэг учралын газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, *******улсын дугаартай Kia Bongo3 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөө зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Л.Б**********ж нь 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөрХөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн нутаг “****” гэх газар нутгийн ойгоос түлээ бэлтгэх зорилгоор, зохих зөвшөөрөлгүйгээр 3.02 метр куб хэмжээтэй шинэс төрлийн модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу бэлтгэсэн модоо тээвэрлэж, Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж, ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн “********” Сум дундын ойн ангийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 29 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө, ********шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт, шүүгдэгч Л.Б**********жийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээ авалгүйгээр тээвэрлэсэн, зориулалтын бус аргаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Л.Б**********ж нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүй, дур мэдэн ойгоос ургаа мод тайрч бэлтгэн, тээвэрлэсэн байна.
Шүүгдэгч Л.Б**********ж нь мод бэлтгэхдээ эрх бүхий албан тушаалтнаас зохих зөвшөөрөл авалгүйгээр ойн сан бүхий газраас ургаа мод тайрч бэлтгэж, тээвэрлэсэн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүрээлэн байгаа орчны эсрэг нийгэм аюултай үйлдэл гэж үзнэ.
Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт “иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед зохих зөвшөөрөлгүйгээр аялал, зугаалгаар явахыг хориглоно” гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Б**********жийн үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.
Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “Зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн зориулалтаар, түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийнхээ талбайд энэ хуулийн 3.1.15-д заасан ойн цэвэрлэгээ хийх замаар ... мод бэлтгэж болно”. 35.3-т зөвшөөрөл авсан иргэн ...энэ хуулийн 35.2-т зааснаас өөр зориулалт, арга замаар мод бэлтгэхийг хориглоно”. 35.4-т “Дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ”. 35.4.2-т “...зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэж тус тус заасан ба иргэнд босоо мод огтолж, ургаа мод бэлтгэхийг Ойн тухай хуулиар хориглосон тул шүүгдэгч Л.Б**********ж нь 3.02 м3 модыг зохих зөвшөөрөлгүй хууль бусаар бэлтгэсэн гэж үзэхээр байна.
Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно..” гэж заажээ.
Шүүгдэгч Л.Б**********ж нь 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн нутаг “****” гэх газар нутгийн ойгоос түлээ бэлтгэх зорилгоор, зохих зөвшөөрөлгүйгээр 3.02 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэж, бэлтгэсэн модоо 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Kia Bongo3 загварын *****улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан гарал үүслийн гэрчилгээгүйгээр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэж тээвэрлэж явсаныг илрүүлснийг гэрчилж өгсөн гэрч Б.Б******ж, Ц.Б ********л нарын мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Л.Б**********жийн өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Л.Б**********жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Л.Б**********жийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн нутаг “****” гэх газар нутгийн ойгоос түлээ бэлтгэх зорилгоор, зохих зөвшөөрөлгүйгээр 3.02 метр куб хэмжээтэй шинэс төрлийн мод бэлтгэж, 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Kia Bongo3 загварын *****улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан гарал үүслийн гэрчилгээгүйгээр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Б**********ж нь 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн нутаг “****” гэх газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 3.02 метр куб хэмжээтэй шинэс төрлийн мод бэлтгэн, 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Kia Bongo3 загварын *****улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан гарал үүслийн гэрчилгээгүйгээр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу тээвэрлэж, Ойн тухай хууль зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Л.Б**********жийн гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 509.338 төгрөгийн шууд хохирол /хх-ийн 45-46 тал/ учирсан нь Хөвсгөл аймгийн “*******” Сум дундын ойн ангийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 29 дугаартай хохирлын үнэлгээ тогтоосон байх бөгөөд ********улсын байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 34 дугаартай дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин өсгөж 1.528.014 төгрөгийн /хх-53-54 тал/ хохирол, нөхөн төлбөр тооцсон байна.
Иймд шүүгдэгч Л.Б**********жоос экологи эдийн засагт учирсан 1.528.014 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:908504/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгох нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Л.Б**********жийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас ой, экологи эдийн засагт 509,338 төгрөгийн шууд хохирол нийт 1,52,014 төгрөгийн хохирол учирсан. Энэ мөнгөн дүнг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүйг дурдаад, шүүгдэгч нь хөдөө мал маллаж эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, малынхаа ашиг шимийг хүртэж амьдарлаа залгуулж өрх гэрээ тэжээн тэтгэж авч явдаг зэрэг хувийн байдлуудыг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын саналтай байна. Энэ гэмт хэргийг үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хууль тогтоогчоор хуульчилж өгсөн байдаг. Шүүгдэгчийн хувьд үндсэн бүрэлдэхүүн буюу хууль бусаар мод бэлтгэсэн тээвэрлэсэн хэд хэдэн диспозит шинжийг хангаж байгаа учраас түүнд зорчих эрх хязгаарлах ялын санал гаргаж байна. Мөн хохирлоо нөхөн төлөөгүй байгаа эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзаад энэ саналыг гаргаж байна. Шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, урьдчилсан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг цахилгаан хөрөө, битүүмжлэгдсэн 3.02 м3 хэмжээтэй шинэс модыг улсын орлого болгуулах саналтай байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Kia Bongo3” загварын ******улсын дугаартай тээврийн хэрэгсэл ББСБ нэр дээр боловч хүчин төгөлдөр гэрээ хэлцлээр шүүгдэгчийн эзэмшилд очсон болох нь тогтоогдож байна. Иймд “Kia Bongo3” загварын *******улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгож улсын орлого болгосон үнийн дүнгээс Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирлыг төлүүлж үлдсэнийг улсын орлогод оруулах саналтай байна...” гэх санал дүгнэлт,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б**********ж өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “... санал байхгүй...” гэв.
Шүүгдэгч Л.Б**********жийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Л.Б**********жид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Б**********жид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б**********жийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын хилийн дээсээр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Л.Б**********жид тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж... гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан байна.
Энэхүү хэргийн тухайд 3.02 м3 мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, Мустанг маркийн ягаан өнгийн бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Kia Bongo3” загварын ******улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэрэг нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д тооцогдохоор байна.
Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгө эх үүсвэр нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т “хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого” -оос бүрдэнэ гэж заасан байна.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Kia Bongo3” загварын ******улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн ***ББСБ-ын өмчлөл, эзэмшлийнх болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б**********жийн өгсөн: “ ...Би ноднин хүнээс худалдаж авсан. Энэ машин банк бус дээр төлөлт нь явж байгаа гээд надад нэр шилжүүлж өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг, “Kia Bongo3” загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 79 тал/-д хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдож байна.
Иймд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан *****улсын дугаартай “Kia Bongo3” загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч эзэмшигч ***ББСБ-д үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ 3.500.000 төгрөгийг болон Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Прокурорын 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 3.02 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай мод зэргийг тус тус хурааж, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100.000 төгрөгийн үнэлгээ бүхий, “Мустанг” маркийн ягаан өнгийн бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөөг хурааж, улсын орлого болгож шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Л.Б**********ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Л.Б**********жид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б*******н овогт Л*******ийн Б*********жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л*******ийн Б*********жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сар 15 (арван тав) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б**********жийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын хилийн дээсээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Л.Б**********жид тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Л.Б**********жоос 1.528.014 ( нэг сая таван зуун хорин найман мянга арван дөрөв) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн (РД:9085084) Төрийн сангийн дахь 100900013040 тоот дансанд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан Прокурорын 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Kia Bongo3” загварын ****улсын дугаартай, тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч ***ББСБ-д өмчлөлд үлдээж, шүүгдэгчээс “Kia Bongo3” загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 3.500.000 төгрөг болон гэмт хэрэг үйлдэж олсон 3.02 м3 хэмжээтэй шинэс төрлийн мод зэргийг тус тус хурааж, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн 2538003640426 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Мустанг” маркийн ягаан өнгийн бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө 1 (нэг) ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б**********жид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэ хэрэгт шүүгдэгч Л.Б**********ж нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН