Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2023/02201

 

 

 

 

 

 

2023 05 02

101/ШШ2023/02201

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  П СӨХ -ны гаргасан,

Хариуцагч:О,

Хариуцагч: Ц нарт холбогдох 8...,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т, хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай П СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5.3 дахь хэсэгт заасны дагуу 2021 оны 11 дүгээр сард ...хорооны нутаг дэвсгэрт байрлах П хотхоны оршин суугчдын бүх гишүүдийн хурлын санал шийдвэрээр үүсгэн байгуулагдаж, тус дүүргийн сууц өмчлөгдчийн холбоо, татварын албанд бүртгүүлж гэрчилгээ, тамга, харилцах данс нээлгээд 2021 оны 11 дугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Бид, ийнхүү үйл ажиллагаа явуулж эхлэхдээ сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн тогтоол, бүх гишүүдийн хурлаар сууц өмчлөгдчийн төлөх төлбөрийн хэмжээг тогтоосон юм. Гэтэл тус сууц өмчлөгчдийн холбоонд харъяалагддаг ... тоотын оршин суугч нь сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлдөггүй, төлөхийг удаа дараа мэдэгдэж, шаардахад огт төлөхгүй өнөөдрийг хүртэл явсаар байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9.1 дэх хэсэг хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гаргасан шийдвэрийг хуралд оролцоогүй эсрэг санал өгсөн оршин суугчид гишүүд биелүүлэх үүрэгтэй гэж заасан.

Түүнчлэн дээрх оршин суугч нар сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөхгүй байгаа нь манай хотхоны ... дугаар байрнуудын нийт 180 айл өрхийн эрх ашгийг хөндөж байна. Өөрөөр хэлбэл, эдгээр оршин суугч нар төлбөрөө төлөхгүй байгаагаас үүдэн сууц өмчлөгчдийн холбоо хэвийн үйл ажиллагаа явуулж чадахгүй нөхцөл байдалд хүрч төлбөрөө төлж байгаа оршин суугч нар хохирч байна. Иймд, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12.4.4 дэх хэсэг болон иргэний хуулийн 148.2, мөн хуулийн 149.2 дахь хэсэгт заасны дагуу ... тоотод оршин суугчаас 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сар дуустал хугацааны төлбөр болох 8...,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид тус нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн эс зөвшөөрч байна. учир нь, мэдээж байранд оршин сууж байгаагийн хувьд нийтийн эзэмшлийн цахилгааны зардал, цэвэрлэгээний зардал, хог тээврийн мөнгийг төлөх ёстой. Гэтэл ямар тоолуур, шалгуураар хөлс мөнгийг тогтоосон нь тодорхойгүй байна. Мөн сууц өмчлөгчдийн холбоог төлөөлөн нэхэмжлэл гаргаж буй Т нь сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын хувьд бидний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас өнөөдрийг хүртэл сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийн асуудал шийдэгдээгүй байгаа. Тодруулан хэлбэл, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Ц, О бид хоёр П хотхоны ... тоот хаягт байрлах ... м.кв талбайтай орон сууцыг гүйцэтгэх захирал гэх Таас Х ХХК-ийн 6 хувийн орон сууцны зээлээр худалдаж авсан.

Гэтэл тэрээр анх гэрээ байгуулах үед дутуу зүйлийг удахгүй дуусгана гэж хэлж байсан боловч уг үүргээ биелүүлээгүй, дотоод засал хагас дутуу байснаас ванны өрөөний угаалтуур, суултуур ч ирээгүй байсан. Бид өөрсдийн хэмжээнд засвараа хийж 00-ын суултуур, ванн зэргийг худалдан авч тохижуулан нүүж орсон. энэ Т гэж хүн байр хүлээлцсэн акт үйлдээгүй бөгөөд бүх дутуу зүйлийг нөхөж хийлгэе гэж санал гомдол гаргахаар өөдөөс байнга маш бүдүүлгээр хэл амаар дайрч доромжилдог байсан. Нөхөр бид хоёр хэрүүл маргаан хийж, нэг нэгээр дутуу заслуудаа жил дамнан хийлгэж явсаар хамгийн сүүлд гадаа хаалганы асуудал үлдсэн. Тус байрны хаалгыг буруу ачиж, тээвэрлэн авч ирсэн учир ихэнх хаалга нь гэмтэж, суулгах явцад гажаа үүссэн. Манай гэрийн хаалгыг суулгасан залуу хаалгыг шалгаад танайх угаасаа засвар авахгүй юм байна, хаалгаа шинээр солих хэрэгтэй гэж хэлсэн.

Бид гүйцэтгэх захирал гэх Тт хандаж сууц өмчлөгчдийн холбоо хариуцсан, энэ байрыг зарж борлуулах асуудал хариуцсаны хувьд манай хаалгыг сольж өг гэхээр намайг элдвээр доромжилж явсаар өнөөдрийг хүрч байна. Манай байрны зарим айлууд хаалгаа солиулаад, эсвэл Таас мөнгө аваад хаалгаа шинээр сольсон. Манай хаалга код түгжээтэй бөгөөд одоо шинээр авахад хуучин хаалгыг буулгаж, шинэ хаалга суулгасан өртөгтэй нийлээд 1,000,000.00 орчим төгрөг болно. Анхнаасаа Т гуайд таниас байр авсан нь үнэн учир бүх зүйлийг бүрэн бүтэн хүлээж авчихаад сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлнө гэж, мөн манай хаалгыг солиод өгвөл би яг одоо сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг өгье гэж удаа дараа хэлж байсан.

Манай гэр бүл байрны урьдчилгаа төлбөрөө арай ядан цуглуулж, банкны зээлээр орон сууцтай болсон залуу гэр бүлийн төлөөлөл. Гэтэл Т гэж хүн намайг оршин суугчдын хажууд танай гэр бүлийг бид өрөвдөж байрандаа оруулсан, банкны зээлийг чинь бүтээж өгсөн гэх мэт ор үндэслэлгүй худал зүйл ярьж доромжилдог байсан. Мөн энэ хүний нөхөр гэх Е хэлэхдээ би танай байрны эзэн, та нар манай байрнаас зайл, чамайг ална, муу сайн гуйлгачид, нөхөртэй чинь уулзана гэх мэтээр утсаар айлган сүрдүүлсэн.

Шинэ байр худалдаж авсан тул гэрийн гадна хаалганы чанар ядаж л 5 жил асуудалгүй байх ёстой байтал байрандаа ороод л хаалганд асуудал үүсч эхэлсэн. Бид хоёрт шинэ байр худалдаж авчихаад дахиад шинэ хаалга худалдаж авах боломж бололцоо байхгүй. Эцэст нь хэрэв Т нь хүнтэй зөв ярьж, хүнийг дорд үзэлгүйгээр тооцоо үндэслэлээ танилцуулаад, хаалгыг шинээр сольж өгсөн бол би тооцоо нийлээд цаашид сууц өмчлөгчдийн холбооны зардлыг төлөөд явах бүрэн эрх, үүрэгтэй гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

1.            Улсын тэмдэгтийн хураамжид 25,382.00 төгрөг төлсөн баримт,

2.            П СӨХ-ны мэдэгдэх хуудас,

3.            ПСӨХ-ны төлбөрийн нэхэмжлэл,

4.            Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, үлгэрчилсэн дүрэм

5.            П СӨХ-ны 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэл,

6.            П хотхоны ... дугаар байрны бүх гишүүдийн 2021 оны 10 дугар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэл,

7.            П СӨХ-ны удирдах зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэл,

8.            Нэхэмжлэлийн задаргаа,

9.            П СӨХ-ны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлын тогтоол,

10.         Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан,

Хариуцагчийн өгсөн нотлох баримт нь:

1.            Итгэмжлэл,

2.            Хариу тайлбар,

3.            2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц захиалгаар барих гэрээ

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

1.            ... хорооны засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 21 тоот албан бичиг,

2.            П СӨХ-ны гэрчилгээ,

3.            ... хорооны ... дүгээр байрны оршин суугчдын хурлын тэмдэглэл,

4.            2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2018/7 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт,

5.            2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай ... хорооны ... дүгээр байрны оршин суугчдын хурлын тогтоол,

6.            Сууц өмчлөгчдийн холбооны үлгэрчилсэн дүрэм,

7.            2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ... хорооны ... байрны П СӨХ-ны удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл,

8.            2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай ... хорооны ... дүгээр байрны П СӨХ-ны удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл,

9.            2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай ... хорооны ... дүгээр байрны удирдах зөвлөлийн хурлын тогтоол,

10.         2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ... хорооны ... дүгээр байрны П СӨХ-ны хяналтын зөвлөлийн хурлын тэмдэглэл,

11.         Удирдах зөвлөлийн гишүүн ..... нарын анкет,

12.         2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай ... хорооны ... дүгээр байрны П СӨХ-ны хяналтын зөвлөлийн хурлын тэмдэглэл,

13.         Гүйцэтгэх захирал ......., хяналтын зөвлөлийн гишүүн ..... нарын анкет,

14.         СӨХ-г байгуулах хуралд оролцогчдын ирцийн бүртгэл,

15.         2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн СӨХ-ны ирцийн бүртгэл,

16.         2021 оны 11 дүгээр 01-ний өдрийн 01 дугаартай П хотхоны ... дугаар байрны бүх гишүүдийн хурлын тогтоол,

17.         2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн П хотхоны ... дугаар байрны бүх гишүүдийн хурлын тэмдэглэл,

18.         2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай ПСӨХ-ны удирдах зөвлөлийн хурлын тогтоол,

19.         2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн П СӨХ-ны удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл,

20.         Бүх гишүүдийн хуралд оролцож П СӨХ-нд нэмж бүртгүүлэхийг зөвшөөрсөн ... дүгээр байрны оршин суугчдын жагсаалт,

21.         Бүх гишүүдийн хуралд оролцож П СӨХ-нд нэмж бүртгүүлэхийг зөвшөөрсөн ...дугаар байрны оршин суугчдын жагсаалт,

22.         Бүх гишүүдийн хуралд оролцож П СӨХ-нд нэмж бүртгүүлэхийг зөвшөөрсөн ... дугаар байрны оршин суугчдын жагсаалт,

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П СӨХ -ноос хариуцагч Ц, О нарт холбогдуулан 8...,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ хэрэгт шүүхээс иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна. 

1.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар ...дүүргийн Засаг дарга ... нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар нэхэмжлэгч П СӨХ -нд 321 тоот дугаартай гэрчилгээ олгож, тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэжээ /х.х-ийн 51 хуудас/.

Уг баримтаас үзвэл нэхэмжлэгч П СӨХ -ны гүйцэтгэх захирлаар Тийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр томилсныг бүртгэсэн байх бөгөөд энэхүү сууц өмчлөгчдийн холбоо нь ...хороо, П ... дугаар байрыг хариуцдаг эсэх талаар зохигчид маргаагүй.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид орон сууцны байшин гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ гэж заасан.

Өөрөөр хэлбэл, сууц өмчлөгчдийн холбоо нь хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэвийн ашиглалт, хамгаалалтыг хариуцдаг орон сууц өмчлөгчдөөс бий болгосон хуулийн этгээдийн эрхгүй холбоо юм.

Хэдийгээр сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй боловч Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцох бөгөөд тус харилцаанд оролцогчийн хувьд гэрээний болон гэрээний бус үүргийн харилцаанаас үүссэн маргаанд түүнчлэн тус хуулийн 149 дүгээр зүйлд зааснаар сууц өмчлөгч хуульд заасан үүргээ биелүүлэхгүй, зөрчил гаргасан тохиолдолд өөрийн төлөөлөгчөөр дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцох эрхтэй этгээд болно.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд холбооны гүйцэтгэх захирлын эрх хэмжээг зохицуулсан ба гүйцэтгэх захирал Т нь тус хуулийн 12.4.4-т зааснаар энэ хууль болон Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан үүргээ биелүүлээгүйгээс бусдад учруулсан хохирлыг барагдуулахыг сууц өмчлөгч нараас шаардах, тухайн шаардлагыг сайн дураар биелүүлээгүй бол уг хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2-т заасны дагуу холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

2.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар эдгээр ... дугаар байрны оршин суугчдын 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хэд, хэдэн асуудлыг хэлэлцэж, сууц өмчлөгчдийн холбооны гишүүн буюу оршин суугч нараас авах дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлыг сарын 56,000.00 төгрөгөөр тогтоосон ба нэхэмжлэгч П СӨХ нь хариуцагч Ц, О нарт холбогдуулан дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөрт 8...,000.00 төгрөг нэхэмжилсэн /х.х-ийн 13-23, 128 хуудас/.

Тодруулбал, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн ...хороо, ... дүгээр байрны оршин суугчид 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өдөр хуралдаж, П нэртэй сууц өмчлөгчдийн холбоог байгуулсан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хурлаар ..., ...дугаар байрыг хариуцахаар болж дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлыг сарын 48,000.00 төгрөг, автогараж айлын хувьд 25,000.00 төгрөг болон засвар, үйлчилгээний хуримтлалд нэмж м.кв тутамд 200 төгрөг байхаар тус тус баталжээ /х.х-ийн 51-51-57, 62, 96-99 хуудас/.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна гэж, 7.2Дараахь асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ гээд 7.2.11хууль, дүрэмд заасан бусад асуудал гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, сууц өмчлөгчдийн холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байдаг тул хууль болон дүрэмд заасан асуудлыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэх бөгөөд 9 дүгээр зүйлийн 9.5Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ гэж зааснаар шийдвэр нь хүчин төгөлдөр болох учиртай.

3.            Гэтэл хариуцагч Ц, О нар дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 8...,000.00 төгрөгийг төлөөгүй гэсэн боловч нэхэмжлэгч П СӨХ -ны гүйцэтгэх захирал Таас худалдан авсан орон сууц нь доголдолтой гэсэн үндэслэлээр төлөхөөс татгалзсан утгатай хариу тайлбар өгчээ /х.х-ийн 37-40 хуудас/.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Орон сууц өмчлөгч нь .................дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж, 148 дугаар зүйлийн 148.2.3-д орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж, мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох гэж тус тус заасан.

Тодруулбал, хэдийгээр хариуцагч Ц, Оболон П СӨХ -ны гүйцэтгэх захирал Т нарын хооронд худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргаан байгаа гэх боловч хариуцагч нар тус сууц өмчлөгчдийн холбооны гишүүн бөгөөд оршин суугчын хувьд үүнээс үл хамаарч дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлыг тогтоосон хэмжээгээр төлөх үүрэгтэй.

Нөгөө талаар энэхүү сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага нарыг тухайн барилгыг барьсан хуулийн этгээдтэй холбоотой, ашиг сонирхлын зөрчилтэй гэж маргаж байгаа бол уг асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх учиртай бөгөөд энэ нь нэгэнт сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаар баталсан дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлыг тогтоосон хэмжээгээр төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д зааснаар заавал гишүүнчлэлтэй тус холбооны эрх барих дээд байгууллага болох бүхий гишүүдийн буюу нийт өмчлөгчдийн хурлаар ийнхүү засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлох асуудлыг хэлэлцэх бөгөөд тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар хуралд оролцсон боловч эсрэг санал өгсөн гишүүн тухайн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

4.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч П СӨХ нь хариуцагч Ц, О нараас дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлыг 2019 оны 09 дүгээр сарын төлбөрийг 28,000.00 төгрөгөөр тооцож, бусад буюу мөн оны 10 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд сарын 56,000.00 төгрөгөөр тооцсон байна.

Гэвч хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлыг төлөөгүй цаг хугацааны хувьд маргаагүй боловч Ковид-19 цар тахлын улмаас айл өрх, албан байгууллагын цахилгаан, цэвэр, бохир ус болон дулаан, хог хаягдлын төлбөрийг төрөөс төлсөн тул эдгээр төлбөрийг төлөхгүй гэсэн.

Нэхэмжлэгч П СӨХ -ны оршин суугчдын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хурлаар дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлыг сарын 48,000.00 төгрөг /баримт, засвар үйлчилгээний хуримтлал нэмэгдэх/-өөр тогтоосон байсан бол 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар 56,000.00 төгрөг гэж тогтоосон байна. Ингээд талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нар 2021 оны 09 дүгээр сард 28,000.00 төгрөг, 2021 оны 10 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын дуустал хугацаанд 145,500.00 төгрөг /48,000.00 төгрөг дээр баримт, засвар үйлчилгээний хуримтлал 500 төгрөг нэмэгдсэн гэсэн/ буюу нийт 173,500.00 төгрөг, мөн 2022 оны дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 672,000.00 төгрөгийг тус тус төлөх ёстой байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221 тоот тогтоолоор Ковид-19 цар тахлын улмаас айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс тооцож 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төрөөс хариуцан төлөхөөр шийдвэрлэсэн боловч тухайн айл өрхөд хамааралтай.

Гэвч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хог 2,500 төгрөг, дундын хог 3,500 төгрөг гэсэн зардлууд чухам ямар учиртай болох талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь тодорхой тайлбарлаагүй бөгөөд 22,500.00 төгрөгийн хувьд нотлогдохгүй байна. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагч нараас 845,500.00 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т тус тус заасныг үндэслэн хариуцагч Ц, О нараас дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардалд 845,500.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П СӨХ -нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22,500.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,382.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 24,842.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР