| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2023/00132И |
| Дугаар | 157/ШШ2023/00164 |
| Огноо | 2023-06-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 157/ШШ2023/00164
2023 06 28 157/ШШ2023/00164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “Б ” Төрийн байгууллага, албан газар улсын төсөвт үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй /цаашид ТБАГУТҮГ гэх/,
Хариуцагч: .Ч.Б-ид холбогдох “Орц цэвэрлэгээ болон бохир ус татан зайлуулж цэвэршүүлсний төлбөр 538,860 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагч Ч.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ Б” ТБАГУТҮГ нь хариуцагч Ч.Б-ид холбогдуулан орц цэвэрлэгээ, бохир ус татан зайлуулж, цэвэршүүлсний төлбөр 538,860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 “Хэнтий аймгийн ... тоотод оршин суугч Ч.Б- нь 2018 оны 01 дүгээр сараас 2023 оны 04 дүгээр сарыг дуустал бохир ус татан зайлуулж цэвэршүүлсний болон орц цэвэрлэгээний төлбөр 538,860 төгрөгийг удаа дараа төлөхийг шаардаж байсан боловч төлөхгүй байгаа тул хуулийн дагуу энэхүү төлбөрийг гаргуулж өгнө үү” гэжээ.
1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллагаас 45-87 тоотод оршин суух Ч.Б-оос 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны бохир ус татан зайлуулж цэвэршүүлсний болон орц цэвэрлэгээний төлбөр 538,860 төгрөгийг удаа дараа шаардаж түүний гар утас руу мессеж илгээж байсан боловч дээрх төлбөрийг төлөөгүй. Миний хувьд Б-той уулзаж өмнөх өр төлбөрөө төлөх ёстойг хэлж байсан. Мөн гэрээний 6.1 дүгээр зүйлд орон сууц худалдан авахдаа өмнөх хэрэглэгчийн төлбөрийг төлүүлж тооцоог дуусгах ёстойг анхааруулсан заалт байгаа. Б-ийн хувьд өөрийн амьдарсан хугацааны төлбөр 157,140 төгрөгийг төлсөн, гэхдээ бид үлдэгдэл төлбөрийг Б-оос нэхэмжилж байна. Манай байгууллага ажилчдын цалин үйл ажиллагааны зардал зэргээ энэ төлбөрөөр барагдуулж явдаг. Одоо зардал хэтэрч нийгмийн даатгал, татварт өртэй болоод байгаа юм. Бид арга ядаад өртэй айл өрхүүдийг шүүхэд өгч өр авлагаа нэхэж байгаа. Иймд Б-оос төлсөн 157,140 төгрөгийг хасаж үлдсэн төлбөрийг нь гаргуулж өгнө үү” гэв.
2. Хариуцагч Ч.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие энэ байрыг 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Норжмаа гэх иргэнээс худалдан авч нүүж орсон. Орсноос хойш 10, 11 сарын үед нэг эгч орж ирээд гэрээ байгуулж байна гээд гарын үсэг зуруулсан, би гэрээг нэг бүрчлэн уншилгүй гарын үсэг зурсан. Тэр гэрээнд өмнөх айлын өр төлбөрийг хариуцна гэсэн заалт байсан юм байна лээ. Миний хувьд өмнөх айлын гурван зуу гаруй мянган төгрөгийг төлөхөд хэцүү байна, би банкны зээл төлдөг. Миний бие нь 2022 оны 07 дугаар сараас 2023 оны 04 дүгээр сарыг хүртэлх хугацаа буюу өөрийн амьдарсан хугацааны төлбөр 157,140 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгийг Геологийн 1807 тоотод оршин суух 95261080 дугаартай Батбаяр, Норжмаа нараас авна уу.” гэв.
3. Нэхэмжлэгчээс ... тоот орон сууцны төлбөрийн дэлгэрэнгүй задаргаа /хх-н 2-3 хуу/, Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагатай хийх гэрээ /хх-н 5-6 хуу/, Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-н 7 хуу/, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/91 дугаартай “Орон сууцны цэвэрлэгээ, үйлчилгээний тухай” гэх захирамж /хх-н 8 хуу/,
Хариуцагч Ч.Б-оос Хэнтий аймгийн ....тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-н 18 хуу/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “Хариуцагч нь үйлчилгээ үзүүлэх гэрээний 6.1 дүгээр зүйлд заасан заалтын дагуу өмнөх орон сууц өмчлөгчийн үүсгэсэн өр төлбөрийг тухайн орон сууцыг худалдан авсан өмчлөгч хариуцах ёстой учир ...тоот орон сууцны орц цэвэрлэгээ, бохир ус татан зайлуулж цэвэршүүлсний төлбөр болох 538,860 төгрөгийг Ч.Б- нь хариуцаж барагдуулах ёстой” гэж
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “Өмнөх айлын өр төлбөрийг хариуцан төлөх нь шударга бус байна. Тухайн айлын хаяг, утасны дугаар байгаа тул тэр хүмүүсээс өр төлбөрийг нэхэмжлэх ёстой” гэж
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, 45-87 тоот орон сууцны төлбөрийн дэлгэрэнгүй задаргаа, Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагатай хийх гэрээ, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/91 дугаартай “Орон сууцны цэвэрлэгээ, үйлчилгээний тухай” захирамж, 45-87 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч “Б ” ТБАГУТҮГ нь 2018 оны 01 дүгээр сараас 2023 оны 03 дугаар сарыг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 45 дугаар байрны 87 тоот орон сууцны өмчлөгчид орц цэвэрлэгээ болон бохир ус татан зайлуулж цэвэршүүлэх үйлчилгээ үзүүлсний төлбөр болох нийт 538,860 төгрөгийг тус орон сууцны өмчлөгч Ч.Б-оос нэхэмжилжээ.
5. Талуудын маргааны зүйл нь хариуцагч 45-87 тоот орон сууцыг худалдан авахдаа өмнөх өмчлөгчийн ашиглалтын зардлаас үүссэн өр төлбөрийг шалгаж аваагүйгээс тус орон сууцны 2018 оны 01 дүгээр сараас 2022 оны 07 дугаар сарыг хүртэлх орц цэвэрлэгээ, бохир ус татан зайлуулж цэвэршүүлсний төлбөр нэхэгдэж маргаан үүссэн бол зохигч үйлчилгээ үзүүлсэн талаар болон төлбөрийн үнийн дүн дээр маргаагүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 157,140 төгрөгийг төлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн болно.
Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 45 дугаар байрны 87 тоот орон сууцны өмчлөгч нь Ч.Б болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа болон сууцны ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллага буюу “Б ” ТБАГУТҮГ-т төлөх үүрэгтэй.
Хариуцагч Ч.Б нь энэ үүргийн дагуу орон сууцыг худалдан авсан 2022 оны 06 дугаар сараас хойших хугацааны төлбөрийг төлж харин үүнээс өмнөх хугацааны төлбөрийг өмнөх өмчлөгч нь хариуцна гэх үндэслэлээр маргаж байна.
Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт “Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна” гэж, талуудын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан гэрээний 6.1 дүгээр зүйлд “Хэрэглэгч тал орон сууц худалдан авсан тохиолдолд өмнөх хэрэглэгчийн бохир усны үйлчилгээний төлбөрийг төлүүлж тооцоогүй болсны дараа тус байгууллагад ирж бохир усны үйлчилгээний гэрээг шинээр байгуулна. Хэрэв өмнөх төлбөрийг барагдуулж дуусаагүй тохиолдолд хэрэглэгч өөрөө хариуцах болно” гэж тус тус заажээ.
Хариуцагч нь тус гэрээг байгуулсан үндэслэлээ гэрээ байгуулахаар ирсэн хүнийг хүлээлгэхгүй гэснээс гэрээг бүрэн уншиж чадаагүй гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар нь түүнийг төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй буюу нэхэмжлэгч талаас хууль зөрчсөн, тулган шаардаж гэрээ байгуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд хариуцагч Ч.Б-оос орц цэвэрлэгээ болон бохир ус татан зайлуулж цэвэршүүлсний төлбөр 381,720 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ТБАГУТҮГ-т олгохоор шийдвэрлэлээ.
Хариуцагч нь орон сууцны өмнөх өмчлөгчөөс дээрх мөнгийг нэхэмжлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,816 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Ч.Б-оос 16,816 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б ” ТБАГУТҮГ-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР