| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2022/03940/И |
| Дугаар | 181/ШШ2023/01765 |
| Огноо | 2023-06-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 181/ШШ2023/01765
| 2023 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 181/ШШ2023/01765 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.А
Хариуцагч: ТДБ ХХК холбогдох
Орон сууц захиалгын гэрээг цуцалсны 78,837,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, орон сууцны захиалгын гэрээг цуцалсны торгууль 3,941,850 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунзаяа тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.А би ТДБ ХХК-тай 2022 оны 04-р сарын 04-ний өдөр Орон сууц захиалах гэрээ байгуулан 47,78м.кв 2 өрөө байрыг 78,837,000 төгрөгийг 2 хуваан 2022 оны 04-р сарын 21-ний өдөр 100% бүрэн төлж захиалсан. Тус байр нь 2023 оны 1-р улиралд ашиглалтанд орох товтой гэрээ хийгдсэн боловч 2023 оны 3-р улирал болж хойшлогдсон учир 2022 оны 08-р сарын 22-ны өдөр гэрээгээ цуцлах өргөдөл өгч, 30 хоногийн дотор буюу 2022 оны 09-р сарын 22-нд захиалгын төлбөр 100% буцаан олгоно гэсэн бичиг бичүүлж авсан. Тухайн товлосон өдрөөсөө хойш 7 хоног сунгах бичиг авсан ч төлбөр буцаан олгоогүй өнөөг хүрч байна. Иймд 78,837,000 төгрөгийг хариуцагч ТДБ ХХК-аас гаргуулан өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ТДБ ХХК-аас шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхээр хянагдаж буй Л.Аийн нэхэмжлэлтэй ТДБ ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах тайлбарыг гаргаж байна. Манай компани нь 2022 оны 04-р сарын 04-ний өдөр Орон сууц захиалах гэрээг нэхэмжлэгч Л.Атэй байгуулж Сүхбаатар дүүрэг 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Green ville А блок 10 давхар 1004 тоот 47,78м.кв 2 өрөө орон сууцыг нэг м.кв 1,650,000 төгрөг буюу нийт 78,837,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Тус гэрээгээр манай компани нь барилгыг 2023 оны 01-р улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн билээ. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаа болоогүй байхад гэрээг захиалагчийн саналаар гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 78,837,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т ...Захиалагч гэрээг дангаар цуцалж байгаа тохиолдолд гэрээний дагуу төлсөн төлбөрийн 5 хувьтай тэнцэх торгууль ногдуулах бөгөөд орон сууцыг гуравдагч этгээдэд борлуулсны дараа тухайн төлбөрөөс суутгаж, үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно гэж тодорхой заасан. Иймд захиалагчийн саналаар гэрээг цуцалж байгаа учраас торгууль 5 хувь болох 3,941,850 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргана. Мөн үлдэгдэл төлбөрийг тухайн орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулсны дараа нэхэмжлэгчид төлөхөөр гэрээнд заасан. Нэхэмжлэгч нь ИХШХШТХ-ийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-д заасан хүсэлтийг гаргасан бөгөөд манай компани тухайн Green ville А блок орон сууцыг барьж буй туслан гүйцэтгэгч нар болон харилцагч байгууллагуудад гэрээний дагуу төлөх ажлын хөлс болон компанийн ашиглалтын зардал, бараа материал худалдан авалт, ажилчдын цалин хөлс гэх мэт төлбөрийг сар бүр тогтмол төлдөг билээ. Хэрвээ тус арга хэмжээг авах бол манай компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж бүрэн зогсох эрсдэлтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5-д заасны дагуу хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч ТДБ ХХК-аас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тус шүүхээр хянагдаж буй Л.Аийн нэхэмжлэлтэй ТДБ ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Манай компани нь 2022 оны 04-р сарын 04-ний өдөр Орон сууц захиалгын гэрээг Л.Атэй байгуулж Сүхбаатар дүүрэг 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Green ville A блок 10 давхар 1004 тоот 47,78м.кв 2 өрөө орон сууцыг нэг м.кв 1,650,000 төгрөг буюу нийт 78,837,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Тус гэрээгээр манай компани барилгыг 2023 оны 01-р улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн билээ. Гэтэл Л.А нь тус шүүхэд орон сууц захиалгын гэрээг цуцлах нэхэмжлэл гаргасан байна. Талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т ...Захиалагч гэрээг дангаар цуцалж байгаа тохиолдолд гэрээний дагуу төлсөн төлбөрийн 5 хувьтай тэнцэх торгууль ногдуулах бөгөөд орон сууцыг гуравдагч этгээдэд борлуулсны дараа тухайн төлбөрөөс суутгаж, үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно гэж тодорхой байдаг. Иймд Л.А нь өөрийн саналаар орон сууц захиалгын гэрээг цуцалж байгаа тул орон сууц захиалгын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан 5 хувийн торгууль болох 3,941,850 төгрөгийг Л.Аээс гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч Л.А сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Аийн нэхэмжлэлтэй ТДБ ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн зүгээс орон сууц захиалгын гэрээний үүрэгт 3,941,850 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Л.А нь нэхэмжлэгч ТДБ ХХК-ийн Сүхбаатар дүүрэг, 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Green ville хотхонд 47,78 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 78,837,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиолцож, 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр Орон сууц захиалах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу орон сууцны төлбөрийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр бүрэн төлж барагдуулсан. Нэхэмжлэгч ТДБ ХХК нь Green ville хотхоны барилга угсралтын ажлыг 2022 оны 09 дүгээр сарын дотор бүрэн гүйцэтгэж дуусгаж, улмаар барилгын гадна, дотоод засвар, тохижилтын гүйцэтгэлийг 2023 оны 03 дугаар сарын дотор эцсийн байдлаар дуусгах үүрэг хүлээсэн. Гэтэл нэхэмжлэгч компани нь 2022 оны 08 дугаар сарын байдлаар буюу хариуцагч Л.Атэй гэрээ байгуулсан цаг хугацаанаас хойш ямар нэгэн ажил үүрэг огт гүйцэтгээгүй байсан болно. Захиалагч Л.А нь 2022 оны 08 дугаар сард нэхэмжлэгч ТДБ ХХК-ийн эрх бүхий этгээд нартай уулзахад Green ville хотхоны барилга угсралтын ажил тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон тул орон сууц захиалах гэрээний дагуу төлсөн төлбөрийг бүрэн буцаан олгох хүсэлтийг гаргуулан, орон сууц захиалах гэрээний эх хувийг Л.Аээс авсан болно. Нэхэмжлэгч ТЦД ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн орон сууц захиалах гэрээний үүргээ зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрч, орон сууцны төлбөрийг бүрэн буцаан олгох баталгааг удаа дараа гаргаж байсан болно. Иймд ТДБ ХХК-ийн орон сууц захиалгын гэрээний үүрэгт 3,941,850 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
5. Нотлох баримт:
Нэхэмжлэгч талаас: 2022.08.22-ны өдрийн гэрээ цуцлах тухай өргөдөл /Хх9/, иргэний үнэмлэхийн лавлагаа /Хх10/, төлбөр буцаан олгох тухай бичиг /Хх11-12/, нэхэмжлэгчийн дансны хуулга /Хх13-14/, иргэний үнэмлэхийн лавлагаа /Хх31/-г гаргасан.
Хариуцагч талаас: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Хх22/, нэхэмжлэгч Л.Атэй байгуулсан Орон сууц захилагын гэрээ /Хх57-59/-г гаргасан.
Шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Орон сууц захиалах гэрээ-г хариуцагч байгууллагатай байгуулж, төлбөрийг бүрэн төлсөн боловч хариуцагч тал орон сууцыг ашиглалтанд оруулах гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тул гэрээнээс татгалзаж, орон сууцны төлбөрт төлсөн 78,837,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардлага гаргасан.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаа болоогүй байхад захиалагчийн саналаар гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 78,837,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т ...Захиалагч гэрээг дангаар цуцалж байгаа тохиолдолд гэрээний дагуу төлсөн төлбөрийн 5 хувьтай тэнцэх торгууль ногдуулах бөгөөд орон сууцыг гуравдагч этгээдэд борлуулсны дараа тухайн төлбөрөөс суутгаж, үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно гэж тодорхой заасан. Иймд захиалагчийн саналаар гэрээг цуцалж байгаа учраас торгууль 5 хувь болох 3,941,850 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргана. Мөн үлдэгдэл төлбөрийг тухайн орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулсны дараа нэхэмжлэгчид төлөхөөр гэрээнд заасан гэж маргасан.
4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т ...Захиалагч гэрээг дангаар цуцалж байгаа тохиолдолд гэрээний дагуу төлсөн төлбөрийн 5 хувьтай тэнцэх торгууль ногдуулах бөгөөд орон сууцыг гуравдагч этгээдэд борлуулсны дараа тухайн төлбөрөөс суутгаж, үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно гэж тодорхой байдаг. Мөн дайн байлдаан, үнийн өсөлт зэрэг хүнд байдлаас шалтгаалж орон сууц хугацаандаа ашиглалтанд ороогүй, хүндэтгэн үзэх шалтгаантай. Иймд Л.А нь өөрийн саналаар орон сууц захиалгын гэрээг цуцалж байгаа тул орон сууц захиалгын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан 5 хувийн торгууль болох 3,941,850 төгрөгийг Л.Аээс гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.
5. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хариуцагч байгууллага барилгыг ашиглалтанд оруулах хугацааг хожимдуулсан, гэрээ байгуулснаас хойш ямар нэгэн ажил үүрэг огт гүйцэтгээгүй байсан. 2022 оны 08 дугаар сард хариуцагч байгууллагын удирдлагуудтай уулзахад барилга угсралтын ажил тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон гэж сонсоод, орон сууц захиалах гэрээний дагуу төлсөн төлбөрийг бүрэн буцаан олгох хүсэлт гаргасан. ТДБ ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн орон сууц захиалах гэрээний үүргээ зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрч, орон сууцны төлбөрийг бүрэн буцаан олгох баталгааг удаа дараа гаргасан. Мөн хүнд нөхцөл байдал үүссэн гэдгээ нотлох баримт гаргаагүй, цар тахал, дайн байлдааны асуудал нь орон сууцыг ашиглалтанд оруулах цаг хугацаатай хамааралгүй байна. Иймд ТДБ ХХК-ийн орон сууц захиалгын гэрээний үүрэгт 3,941,850 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэх үндэслэлээр няцаасан.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
- Талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, гэрээгээр хариуцагч талаас Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Green ville A блок, 10 давхар, 1004 тоот 2 өрөө, 47,78 мкв талбайтай орон сууцыг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан барьж, ашиглалтанд оруулж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч талаас орон сууцыг хүлээн авч, орон сууцны үнэ болох 78,837,000 төгрөгийг хариуцагчид төлөхөөр талууд харилцан тохиролцжээ.
- Нэхэмжлэгч талаас 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр барилгын ажил хойшлогдсонтой холбоотойгоор орон сууц захиалгын гэрээг цуцалж, төлбөрөө бүрэн авах талаар өргөдөл гаргасныг хариуцагч байгууллагаас олгохыг зөвшөөрөв гэсэн цохолт хийсэн баримт авагдсан байна.
- Л.А нь хариуцагч байгууллагын Хаан банкны дансруу 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 19,280,000 төгрөг, тус оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 59,557,000 төгрөг нийт 78,837,000 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна.
- Талууд гэрээний хүчинтэй байдал болон гэрээний дагуу төлсөн төлбөрийн талаар маргадаггүй, харин гэрээний заалтын дагуу захиалагч гэрээг дангаар цуцалж байгаа тохиолдолд гэрээний дагуу төлсөн төлбөрийн 5 хувьтай тэнцэх торгууль ногдуулах бөгөөд орон сууцыг гуравдагч этгээдэд борлуулсны дараа тухайн төлбөрөөс суутгаж, үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно, мөн орон сууцыг хугацаанд нь ашиглалтанд оруулаагүй нь цар тахал, дайнаас үүдэлтэй үнийн өсөлтөөс хамаарсан хүндэтгэн үзэх шалтгаантай гэж маргаж байна.
- Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан шаардлагыг хангасан, 43 дугаар зүйлийн 43.1.1-т зааснаар хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон, худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
- Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч Л.А нь үнэ төлөх үүргээ хэрэгжүүлсэн ч нөгөө талаас хариуцагч байгууллага гэрээнд заасан хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн байна. Орон сууцыг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулахаар тохирсон, мөн энэ хугацаа хойшилсон гэдэг дээр талууд маргаагүй.
- Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, хуулийн 225.5-т Гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус заасан. Талуудын байгуулсан гэрээний 1.6-д Гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулна гэж заасан боловч барилгын ажлыг 2023 оны 3 дугаар улиралд оруулахаар хойшлуулсан үйл баримт байна. Энэ тохиолдолд захиалагч нь нэмэлт хугацаа тогтоолгүйгээр гэрээнээс татгалзах эрхтэй.
- Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.Аийн төлсөн 78,837,000 төгрөгийг ТДБ ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
7. Захиалагч өөрийн санаачилгаар орон сууц захиалгын гэрээг цуцалж байгаа тул орон сууц захиалгын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан 5 хувийн торгууль болох 3,941,850 төгрөгийг Л.Аээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд:
- Иргэний хуулийн үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах зохицуулалтын хүрээнд захиалагч нь гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөрөө эргүүлэн авах эрхтэй бөгөөд гэрээнд заасан өөрийн санаачилгаар цуцалсан тохиолдолд 5 хувийн суутгал төлөх заалтаар төлбөр төлөх үндэслэлгүй байна. Учир нь аль нэг талын гэрээний зөрчлөөс үүдэж нөгөө тал гэрээнээс татгалзах нь талуудад хуулиар олгосон эрх бөгөөд гэрээгээр зохицуулсан өөрийн санаачилгаар гэрээнээс татгалзаж байгаа ойлголтод хамаарахгүй байна.
- Хариуцагч тал гэрээний 3.8-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан болох хил хаах, бараа материалын үнийн өсөлт гэх мэт гүйцэтгэгчээс шалтгаалаагүй, урьдчилан мэдэх боломжгүй хүндэтгэн үзэх нөхцөл байдал, шалтгаанаар захиалсан орон сууцны байрыг хүлээлгэн өгөх хугацаа болон ажлын гүйцэтгэл хойшлогдсон, гэрээгээр ийм тохиолдлыг гэрээний үүргийн зөрчилд тооцохгүй гэж заасан гэж тайлбарладаг боловч энэ тайлбараа дэмжих аливаа баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, гэрээнд заасан ямар хүнд нөхцөл үүссэн талаар нотлоогүй тул эдгээр үндэслэлээр хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
8. 7 угаа 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1- зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 552,135 төгрөг, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ 78,019 төгрөг төлөх үүрэгтэй байсны дагуу хураамжийг төлсөн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 552,135 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 552,135 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн төлсөн 78,019 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1 дүгээр зүйлийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч ТДБ ХХК-иас 78,837,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Ат олгосугай.
2. Хариуцагчийн нэхэмжлэгчээс 3,941,850 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 552,135 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,019 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТДБ ХХК-иас 552,135 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Ат олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ