Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 239

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                          

                       

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Нямжав,

шүүгдэгч: Х.Эрдэнэбаясгалан,

шүүгдэгч: П.Цог-Эрдэнэ,

шүүгдэгч: Б.Түвшинбаяр,

шүүгдэгч: Г.Төрболд, тэдгээрийн өмгөөлөгч Г.Наранбаатар /0342/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Торгууд овогт Батболдын Түвшинбаяр, Боржигон овогт Хишигжаргалын Эрдэнэбаясгалан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мэргэн овогт Пүрэвжалын Цог-Эрдэнэ,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Галсанцэдэнгийн Төрболд нарт холбогдох эрүүгийн 2017 2602 0458 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Алтан тэвш” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл
3, эхнэр, дүүгийн хамт, Сэлэнгэ аймгийн Жаргалант сум, 1 дүгээр баг, Бумбат,
Бумбат гудамж, 2-1 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Улаанбаатар хот, Баянгол
дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Наранд нийтийн байрны 3 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар МУ 92071818, Торгууд овогт Батболдын Түвшинбаяр,

 

Монгол улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 6-8 насны 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Зүүнсалаа 7 дугаар гудамж 15 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЧЙ 87010517, Боржигон овогт Хишигжаргалын Эрдэнэбаясгалан,

Монгол улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Архангай
аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 6-13 насны 2 охины хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Мандал овоо 17 дугаар гудамж 14 тоотод оршин суух,

урьд Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шүүхээс тус хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар ФБ 74021277, Мэргэн овогт Пүрэвжалын Цог-Эрдэнэ,

 

Монгол улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн
Дэлгэрхаан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,
цахилгаанчин мэргэжилтэй, “Порст гоулд майнинг” ХХК-д жолооч ажилтай, ам бүл
4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойт 89 дүгээр гудамж 6 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЧЕ 83022011, Боржигон овогт Галсанцэдэнгийн Төрболд.

 

Шүүгдэгч Б.Түвшинбаяр, X.Эрдэнэбаясгалан нар нь урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, агуулах саванд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч П.Цог-Эрдэнэ нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд зөвлөж, учрах саадыг арилгах, мэдээлэл өгч гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр хамтран оролцсон,

шүүгдэгч Г.Төрболд нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч, худалдаж, борлуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Түвшинбаяр мэдүүлэхдээ:

Би 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажиллаж байхдаа орой Эрдэнэбаясгалантай цайны газар тааралдсан. Урьд өдөр нь манай эхнэр өвдөөд, надад мөнгө хэрэгтэй болсон байсан. 1 сарын өмнө Цог-Эрдэнэ ах надаас витамин С хямд олдох уу гэж асууж байсан болохоор нь би Эрдэнэбаясгаланд энэ талаар хэлсэн. Тэгээд бид хяналтын камерыг унтрааж, бэлэн бүтээгдэхүүний агуулахаас 3 хайрцаг витамин С авсан. Тэгээд Цог-Эрдэнэ ахын 88091358 дугаар руу залгаж “Эрдэнэбаясгалан бид хоёрт витамин С байна, та зараад өгөөч, чадах уу” гэж асуусан. Тэгээд 1 цагийн дараа Цог-Эрдэнэ ах манай ажил дээр ирсэн. Эрдэнэбаясгалан бид хоёр 3 хайрцаг витамин С-гээ Моносын эмийн агуулахын узелийн урд хашааны жижиг нүхээр витаминаа Цог-Эрдэнэ ахад өгсөн. Өөр зүйл хулгай хийгээгүй. Анх Цог-Эрдэнэ ах бэлэн бүтээгдэхүүний агуулахад витамин С байдаг, камераа унтраагаад, агуулах руу орж ав, би зараад өгье гэхээр нь бид 2 хулгай хийсэн. Эрдэнэбаясгалан бид 2 камерийн тэжээл салгаж, тусгаарласан төмрийг нь бахиар тасадсан. Энэ бахь нь миний ажлын багаж байсан. Цогоо ах бидэнд 300 000 төгрөг өгсөн тул хувааж авсан. Би өөрт ногдох хохирлоо төлсөн. Хойшид дахин ийм асуудал гаргахгүй. Ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж байна гэв.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Х.Эрдэнэбаясгалан мэдүүлэхдээ:

Тэр орой би ээлжинд гарч байхдаа Түвшинбаяртай цайны газар тааралдсан. Биднийг агааржуулалтын системийг шалгаж байхад бэлэн бүтээгдэхүүний агуулахад хайрцагтай витамин С харагдсан. 1 сарын өмнө Цог-Эрдэнэ ах “витамин С хямдралтай үнээр олдох уу” гэж асууж байсныг санаад бид хяналтын камерыг унтрааж байгаад 3 хайрцагтай витамин С авсан. Тэгээд витаминаа Моносын эмийн үйлдвэрийн узелийн урд хашааны доор байх нүхээр Цог-Эрдэнэ ахад гаргаж өгөөд, буцаж ажлаа хийсэн. Камерыг салгачихаад байж байтал хангамжийн менежер надтай холбогдоод “яагаад сүлжээгүй болчихов оо” гэхээр нь би камерыг залгасан. 3 хайрцаг витамин С авсан. Өөр зүйл аваагүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Цаашид эхнэр, 2 хүүхдээ халамжлаад амьдарна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-П.Цог-Эрдэнэ мэдүүлэхдээ:

2016 оны 12 дугаар сарын дундуур Төрболдтой тааралдахад надаас “витамин С хямдралтай үнээр олдох уу” гэж асуусан. Тэгэхээр нь би түүнд эмийн үйлдвэрт ажиллахаа больсон гэдгээ хэлсэн. Дараа Эрдэнэбаясгалантай тааралдаад түүнээс “С витамин хямд үнээр олдох уу” гэж асуусан. Тэгтэл 2017 оны 01 дүгээр сарын 26-ны орой намайг гэртээ байж байтал Эрдэнэбаясгалан над руу 99070732 дугаарын утсаар яриад “витамин С авах уу” гэж асуусан. Тэгэхээр нь би Төрболдтой 88096070 дугаарын утсаар холбогдож витамин С хэрэгтэй эсэхийг нь асуухад “аваад ир” гэж хэлсэн. Тэгээд би такси бариад эмийн үйлдвэр ороход Эрдэнбаясгалан, Түвшинбаяр нар замын хажууд 3 хайрцагтай юм тавьсан байсан. Би хайрцагтай юмнуудыг аваад 22 цаг өнгөрч байхад 5 шарын автобусны буудалд дээр Төрболдтой уулзаад, витаминаа өгч, ахынх нь гэрийн гадаа буулгасан. Би Төрболдод витамин С зарж өгвөл мөнгө өгнө гэж хэлээгүй. Би Төрболдод витамин С олж өгнө гэж хэлээгүй. Харин витамин С олдох эсэхийг хүнээс асууж өгье гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэбаясгаланг эмийн үйлдвэрт ажилладаг болохоор асуусан. Би тархиндаа цус харваад 4 жил болж байна. Миний өрөөсөн тал мэдээгүй эмнэлгийн хяналтанд байдаг. Бас би айж цочдог, даралт ихэсдэг. Хааяа ухаан алдаж унадаг. Би хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм зүйл хийхгүй. Надад оногдуулах хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.Төрболд мэдүүлэхдээ:

  Би 12 дугаар сард “Цэцүүх” нэртэй дэлгүүрээс 100 гр-ын минзүрк гэж багаж авсан. Тэгэхэд витамин С тасарсан, хаанаас олох уу гэж хүмүүс хоорондоо ярьж байхаар нь 2016 оны 12 дугаар сарын дундуур Цог-Эрдэнэ ахтай уулзаад “витамиан С олдох уу” гэж асуухад “ах нь эмийн үйлдвэрт ажиллахаа больсон. Монос дээд сургуульд ажиллаж байгаа” гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын дундуур Цог-Эрдэнэ ах над руу яриад “витамин С байна, зараад өгөөч” гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд витамин С-г аваад 5 шард байдаг ахындаа аваачиж тавьсан. Тэр нь нунтаг витамин С байсан. Энэ нь бөөрөнхий витамин С хийдэг түүхий эд юм. Маргааш нь Цог-Эрдэнэ ах “мөнгө хэрэгтэй байна, витамин С-г хурдан зараад өгөөч” гэхээр нь 10 дугаар хорооллын “Цэцүүх” худалдааны төвийн урд 600 000 төгрөгөөр зарсан. Тэгээд зарж өгсөн болохоор 150 000 төгрөг аваад үлдэх 450 000 төгрөгийг нь өгсөн. Би тэр витаминыг тухайн үед хулгайн юм гэж мэдээгүй. Сүүлд цагдаагийн газраас дуудахад хулгайн юм байна гэж ойлгосон.  Би Монос ХХК-иас хямд үнээр витамин С аваад, зарж ашиг олох бодолтой байсан. Би тэр хайрцагнууд дотор юу байгааг хараагүй. Ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна. Дахин ийм үйлдэл хийхгүй. Надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Ганзориг мэдүүлэхдээ:

...2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Монос фарм эмийн үйлдвэр дээр хулгай гарсан гэж дуудагдсан шинээр баригдсан Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монос эмийн үйлдвэрт очсон. Үйлдвэрийн захирал М.Одгэрэл, мөн хангамж үйлчилгээ хариуцсан дарга Наранбаатар нар түүхий эдийн агуулахаас 25 килограммаар 3 хайрцаг витамин С буюу /аскорбины хүчил/, мөн Магнийн стеарат 10 килограмм алдагдсан байна гээд энэ нь нярав Дэлгэржаргал хариуцдаг байсан. Дэлгэржаргал 5 хоног чөлөөтэй хөдөө яваад ирэх үед алдагдсан байсан. Үүнийг камерын бичлэгээр шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 20 цагийн үед камерын тэжээл тасраад 22 цагт камерын тэжээлийг залгахад бичлэг цааш хийгдсэн байдаг. Энэ хугацаанд дээрх 3 хайрцаг нийт 75 килограмм витамин С буюу /аскорбины хүчил/, магнийн стеарат 10 килограмм алдагдсан байсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгсөн...нийт хохирол 1 349 653 төгрөг болж байгаа юм...гэжээ. (хэргийн 13 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

П.Цог-Эрдэнэ урьд нь Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэжээ. (хэргийн 84 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Г.Төрболд ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 85 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Түвшинбаяр ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 86 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Х.Эрдэнэбаясгалан ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 87 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Түвшинбаяр, X.Эрдэнэбаясгалан нарыг урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, агуулах саванд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар,

шүүгдэгч П.Цог-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд зөвлөж, учрах саадыг арилгах, мэдээлэл өгч гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд  ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.1-д захиалагч, зохион байгуулагч, хатгагч, гүйцэтгэгч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогч гэж заасан бөгөөд дээрх хамтран оролцогч нар гэмт хэрэгт хамтран оролцохдоо бүлэглэн гүйцэтгэх, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл гэсэн хэлбэрээр хэрэгт оролцдог байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан ... гэж заасан тул П.Цог-Эрдэнийг уг хэрэгт зөвлөж, учрах саадыг арилгах, мэдээлэл өгч гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг давхардуулан журамлах шаардлагагүй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь мөрдөн байцаалтад манай компаниас 3 хайрцаг, 75 килограмм витамин С, магнийн стеарат 10 килограмм алдагдаж, нийт 1 349 653 төгрөгийн хохирол учирсан гэж мэдүүлжээ.

Гэтэл шүүгдэгч нар магнийн стеарат 10 килограммыг тухайн өдөр хулгайлсан талаар шалгаагүй, энэ талаар яллах дүгнэлтэд дурдаагүй атлаа шүүхийн хэлэлцүүлэгт тэднийг 95 128 төгрөгийн үнэ бүхий 10  килограмм магнийн стеаратыг хулгайлсан гэж яллаж байгаа нь үндэслэлгүй тул уг үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 95 128 төгрөгийг хохирлын хэмжээнээс хасаж тооцлоо.

 

Шүүгдэгч Б.Түвшинбаяр, X.Эрдэнэбаясгалан, П.Цог-Эрдэнэ нар 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос” эмийн үйлдвэрээс урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, агуулах саванд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж 1 254 526 төгрөгийн үнэ бүхий бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Г.Төрболд нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Ганзоригийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь бүрэн шалгажээ.

 

Иймд шүүгдэгч Б.Түвшинбаяр, X.Эрдэнэбаясгалан, П.Цог-Эрдэнэ нарыг урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, агуулах саванд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Г.Төрболд нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэстэй байна.

 

П.Цог-Эрдэнэ урьд нь Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй, ялгүй болсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

 

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.  

 

Шүүгдэгч Б.Түвшинбаяр, Х.Эрдэнэбаясгалан, П.Цог-Эрдэнэ нарын хувийн байдал, хохирогч гомдолгүй байгаа зэрэг байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзав.

Харин гэмт хэрэгт хамтран оролцогчийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон үүрэг, үйлдлийн шинж чанар, хэр хэмжээг ял оногдуулахдаа харгалзсан ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.