Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2021/ДШМ/773

 

   2021             8             26                                         2021/ДШМ/773                                 

 

 

     Б.Ат холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энэрэл,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл, Н.Төгсбаяр,  

хохирогч Л.И,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Л.Баатар, С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/465 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Ат холбогдох эрүүгийн 2008027970328 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

           

          Шүүгдэгч Б.А нь 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 10 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 18-49 тоотод байх гэртээ хамтран амьдрагч Л.Иыг “гэртээ хонохгүй архи ууж гадуур хонолоо” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн Л.Иын хэвлийн тус газарт нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь “хэвлийн урд хананд хэвлий рүү хатгагдаж зүсэгдсэн элэгний зүүн дэлбэнг гэмтээсэн шарх, хэвлийн хөндий дэх цус алдалт” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Цэнхэр овгийн Бямбадоржийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 33 см урттай, 14 см төмөр иштэй хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.А давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, өөрийн нөхөр болох Л.Иын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. Миний бие хэргийг шалгах, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн бүхий л шатанд үнэн зөв мэдүүлэг өгч, хэргийг шалгах явцад ээдрээ төвөгтэй байдал үүсгэхгүйгээр гэм буруутай үйлдэлдээ маргахгүйгээр оролцож ирсэн. Миний бие тухайн хэрэг болох үйл явцад хохирогчийн эрүүл мэндэд цаг алдалгүй тусламж үзүүлсэн. Одоогоор хохирогчийн эрүүл мэнд сайн бөгөөд ажлаа хэвийн хийж байна. Эрхэм хүндэт шүүгчид та бүхэн Б.А миний тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэж биеэр эдлэх ялыг минь багасгаж өгнө үү. Миний бие 5 насны хүүхэдтэй, 3 сар гарантай жирэмсэн хоригдож байгаа билээ. Шүүгчид та бүхэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар оногдуулсан ялыг багасгаж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Аийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд оролцохдоо зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцдог бөгөөд үндэслэл нь миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө сэтгэцийн эмнэлэгт гурван удаа хэвтэн эмчлүүлж байсан. Сэтгэцийн эмчийн дүгнэлтээр Б.А нь хэрэг үйлдэгдэх үед болон үйлдсэний дараа “F25 0 эмгэгтэй байсан” гэх дүгнэлт мөн хохирогчийн өгсөн мэдүүлэг, Б.Аийн мэдүүлэг, цагдаагийн байгууллагаас авсан дуудлага мэдээллийн лавлагаа зэргээс харахад хохирогч Л.Иын зүгээс эхнэртээ гар хүрдэг, агсам тавьдаг, зүй бусаар харьцаж байж болзошгүй нөхцөл байдлыг харуулсан нотлох баримтууд хэрэгт авагдсан. Мөн “F25 0” гэх сэтгэцийн өвчний талаар шинжээч эмч Л.Баттулгын өгсөн мэдүүлгээс харахад дээрх сэтгэцийн өвчин нь “уур бухимдал, амьдралын хэв маяг солиорлоос шалтгаалан илэрдэг” гэх дүгнэлтээс үзэхэд өмгөөлөгч нарын хувьд тухайн сэтгэцийн өвчин нь ямар ч цаг хугацаанд, хэдийд ч илрэх боломжтой гэдэг дүгнэлтэд хүрч зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьнаас оролцсон. Миний үйлчлүүлэгч Б.А нь хууль, эрх зүйн мэдлэггүйгээс түүний эрх зүйн байдал нь өмгөөлөгчийн зааж зөвлөснөөр тодорхойлогдож байгаа бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд бусдын биед хүнд гэмтэл учруулсан үйлдлийг хийгээгүй мэтээр эсхүл мөрдөн шалгах ажиллагаатай холбоотойгоор хэн нэгнийг буруутгаж мэдүүлэг өгдөггүй болно. Миний үйлчлүүлэгч Б.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлах бүрэн боломжтой бөгөөд эрх зүйн ухамсрын хүрээнд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж оролцож байгаа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй илрэл юм. Гагцхүү хэрэгт авагдсан баримтаар эргэлзээ бүхий нөхцөл байдал байсан учраас зүйлчлэлийг хөнгөрүүлж өгөх байр суурьнаас оролцсон. Б.А нь тохиолдлын шинжтэй ана удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид эрүүл мэндийн тусламж үзүүлсэн. Одоогоор хохирогчийн эрүүл мэнд сайн байгаа бөгөөд ажлаа хийж байгаа болно. Б.А нь дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, эмнэлгийн байгууллагад тасралтгүй 10 гаруй жил ажилласан. Гэмт хэрэг үйлдэгдэх үед Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт Эрчимт эмчилгээний тасагт ажиллаж байсан болно. Шүүгдэгч бага насны буюу 4 настай хүүхэдтэй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх үед 6 долоо хоногтой жирэмсэн байсан бөгөөд одоо 409 дүгээр хорих ангид хүүхдээ тээж байна. Гомдлыг хүлээн авч, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Аийн өмгөөлөгч Н.Төгсбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч Б.Мөнхгэрэлтэй санал нэг байна. 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хорих ялаас хасах боломж байгаа тул Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж өгнө үү.” гэв.

 

Хохирогч Л.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эхнэр маань Корона вирусээр өвдсөн. Эдгэрсэн байна. Одоо 5 сартай жирэмсэн, хүүхэд маань над дээр байдаг. Хүүхэд ээжийгээ санаад бэтгэрээд болохгүй байна. Биднийг элэг бүтэн байлгаж, Б.Аийн ялыг нь хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Прокурор Б.Энэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугийн талаар огт маргаагүй. Анхнаасаа мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсээр ирдэг боловч анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудлаар маргасан байр суурьтай оролцсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар зүйлчлэлийг болуул хөнгөрүүлэх байр суурьтай, боломжгүй бол гэм буруугаа хүлээсэн байдлаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх асуудлыг ярьж байсан. Прокуророос гэм буруу дээрээ маргасан гэж үзсэн. Учир нь өмгөөлөгч нарынх нь байр суурь хөнгөрүүлэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэрэглэдэг. Шүүгдэгч өөрөө “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн боловч өмгөөлөгч нар нь өөр байр суурьтай оролцож байгаа нь шүүгдэгч ч мөн адил өмгөөлөгчтэйгээ нэг байр суурьтай оролцсон гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй байна гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.А нь 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 10 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 18-49 тоотод байх гэртээ хамтран амьдрагч Л.Иыг “гэртээ хонохгүй архи ууж гадуур хонолоо” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн Л.Иын хэвлийн тус газарт нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь “хэвлийн урд хананд хэвлий рүү хатгагдаж зүсэгдсэн элэгний зүүн дэлбэнг гэмтээсэн шарх, хэвлийн хөндий дэх цус алдалт” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Л.Иын “... тэгээд хоол хийх гээд байгаа юм уу гэмээр тогоо сав түжигнээд байсан. Тэгэх хооронд надтай гар утсаа авах гээ хэрэлдээд байсан. Би орондоо хэвтээд хэрэлдэж байхад гэнэт хутга бариад над руу чиглээд ирэхээр нь би “яаж байгаа юм бол” гэж бодох зуураа орноос босоод өндийсөн чинь над руу хутгаа чичихэд миний хэсэг рүү зүсэгдэж цус гарч эхэлсэн. Тэр үед Б.А айж сандраад, алчуур барьж гүйгээд байхаар нь “намайг өөрийгөө хутгалчихлаа гэж хэлээд түргэн тусламж дууд гэж хэлэхэд түргэн дуудсан. ... миний хэвлий хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх үүссэн, одоо ямар нэгэн зовиургүй болж, ажлаа хэвийн хийж байна. ... надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /1хх 18-19/,

 

гэрч Б.Бийн “... намайг 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ байж байхад 10 цагийн үед А өөрийнхөө гар утаснаас миний гар утас руу залгаад “би Иыг хутгалчихлаа” гээд уйлаад байхаар нь “түргэн тусламж дуудсан уу” гэж асуухад “дуудсан, түргэний эм ирээд аваад явсан” гэж хэлсэн. Тэгээд Аийг “гэртээ байж бай” гэж хэлээд шууд гэрт нь явж очсон чинь цагдаа нар ирээд явчихсан байсан. ... тэгээд гэмтлийн орох замдаа юу болсон талаар асуухад “би юу хийснээ сайн мэдэхгүй байна” гээд уйлаад байсан. ...” /1хх 80-81/,

 

гэрч Л.Цийн “... намайг 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 11 цагийн орчимд ажил дээрээ байж байхад дүү Б миний гар утас руу залгаад “А асуудалд орсон байна” гэж хэлсэн бөгөөд “би гэр лүү нь очиж явна” гэж хэлсэн. Тэгээд “та гэрт нь очих уу” гэхээр нь би зөвшөөрч ажлаасаа гараад Аийн гэр лүү явж байхад Б над руу дахин залгаад “би Атэй дахин ярилаа, цаадах чинь Иыг хутгалсан юм шиг байна. Та ажлаа бод, цагдаа, түргэн нар ирээд явсан байна, би тэгээд тань руу ярина аа” гэхээр нь ажил ихтэй байсан болохоор буцаж ажил руугаа явсан ...” /1хх 84-85/,

 

гэрч С.Уын “... намайг ажил дээрээ байж байхад өглөө 10 цагийн орчимд төрсөн эгч Жавхлантамир миний гар утас руу залгаад “чи гэмтлийн эмнэлэг дээр хүрээд ир, асуудал гарсан байна” гэж хэлсэн. Тэгээд юу болсон талаар сайн мэдээгүй яарсаар очих үед И хутгалуулсан байдалтай имрай зураг авахуулах өрөөний гадна дугутай тэрэг дээр сууж байсан. Дэргэд нь цагдаа мэдүүлэг аваад сууж байсан бөгөөд ар гэрийн зүгээс А болон эгч Жавхлантамир нар байсан. ...” /1хх 158-159/,

 

гэрч Д.Тын “... 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр охин У миний гар утас руу залгаад “Иыг А хутгалсан тул одоо хагалгаанд орох гэж байна” гэж хэлсэн. Би юунаас болоод ийм зүйл болсон талаар асуухад мэдэхгүй байна гэж хэлсэн. ...” /1хх 162-163/,

 

шинжээч эмч Л.Баттулгын “... Б.Аийн уг эмгэг нь сэтгэл засралын сайжралын байдалтай байгаа тул хэрэг хариуцах бүрэн чадвартай байна. Б.Аийн сэтгэцийн эмгэгийг засрал сайжралын болон сэдрэлийн байдал гэж ангилна. Сэтгэцийн хувьд дээрх эмгэг арилахгүй бөгөөд хэдий хугацаанд эдгэрэх нь тогтоогдох боломжгүй юм. Уг сэтгэцийн эмгэг нь ямар хүчин зүйлээр үүсгэгдсэн нь тодорхойгүй буюу дотоод шалтгаантай юм. Тодорхой сэдрээх хүчин зүйлийн нөлөөлөл болон сэдрээх хүчин зүйл нөлөөлөөгүй үед ч уур бухимдал, сэтгэл хөөрлийн болон солиорлын шинж тэмдгээр илэрнэ. Б.Аийн эмгэг нь засрал сайжралын байдалтай байгаа тул өөрийгөө илэрхийлэх, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, мөн хэрэг хариуцах чадвартай байна. Хэрэв Б.Аийн эмгэг нь сэдрэлийн байдалтай бол хэрэг хариуцах чадваргүй гэж дүгнэгдэнэ. ...” /1хх 141-142/,

 

Б.Аийн яллагдагчаар өгсөн “... 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 11 цагийн үед Л.Иыг халамцуу орж ирсэн болохоор нь би ажил хийсэн гэдэгт нь итгээгүй. ... тэгээд хашаандаа хэсэг зогсож байгаад буцаж гэрт ороод Итой дахин гар утсаа авахаар ноцолдох үед И миний хоолойг гараараа боогоод тавихаар нь би түүнд ингэж дээрэлхүүлнэ гэж байхгүй гэж бодоод түүнийг айлгах зүйл хайж тогооны сав ухсан нь цохичихоор зүйл харагдаагүй. Энэ үед И намайг тэвчихийн аргагүйгээр элдвээр хэлээд байсан. Харин гал тогооны савны шүүгээнд төмөр иштэй хутга харагдахаар нь аваад Иыг орон дээр хэвтэж байхад нь айлгахаар очих үед тонгойхоор нь худлаа намайг айлгаж байна гэж бодоод хүүгээ дагуулан гэрээс гараад явсан. Тэгээд хашааны үүд ороод жинхнээсээ хутгалсан юм биш байгаа гэж бодоод гэрт орох үед орны урд цус дуссан байсан. Тэр үед гар нүүрний алчуур шууд аваад хэвлийг нь дарж анхан шатны тусламж үзүүлсэн. ...” /1хх 150-152/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 10732 дугаартай “... Л.Иын биед хэвлийн урд хананд хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн элэгний зүүн дэлбэнг гэмтээсэн шарх, хэвлийн хөндий дэх цус алдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” /1хх 32-33/ дүгнэлт,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1015 дугаартай “... Б.А нь сэтгэцийн хувьд F25.0. Шизоаффектив эмгэгийн сэтгэл хөөрөх хэлбэртэй байна. Б.Аийн дээрх эмгэг нь засрал сайжралын байдалтай байна. Б.А нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай, өөрийн насны түвшинд тохирсон сэтгэцийн хөгжилтэй байна. Хэрэг үйлдэгдэх үед болон үйлдсэний дараа F25.0 эмгэгтэй байсан бөгөөд дээрх эмгэг нь одоо засрал сайжралын байдалтай байна. Б.А нь хэрэг үйлдэгдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож, удирдах чадвартай байсан байна. Б.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байх бөгөөд хэрэг үйлдэх үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх баримт, шинж үгүй байна. Б.Ат эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” /1хх 67-70/ дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Аийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

 

Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Б.Ат 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байх бөгөөд өмгөөлөх тал гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх хуулийн нөхцөл хангагдаагүй гэж үзжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэлийн шүүхэд бичгээр гаргасан “... анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан баримтаар эргэлзээ бүхий нөхцөл байдал байсан учраас зүйлчлэлийг хөнгөрүүлж өгөх байр суурьнаас оролцсон. Б.А нь тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчоос гомдол, саналгүй гэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн хуулийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах;” гэж тус тус заажээ.

 

Түүнчлэн, прокурор Б.Энэрэл нь “...анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу, зүйлчлэл дээр маргаж байсан...” гэх тайлбарыг гаргаж байх боловч шүүгдэгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөх эрх нээлттэй.

 

Шүүгдэгч Б.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирол төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн гомдол, саналгүй байдал зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй хэмжээгээр буюу 4 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Аийн үйлдсэн гэмт хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэх хугацаанд Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарагдаж байх тул түүнд оногдуулсан 4 жилийн хугацаагаар  хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 жил болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/465 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Аийг 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Аийг 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон 99 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай. 

 

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А болон түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ

 

                                 ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧ                                                              Б.БАТЗОРИГ