Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сономпилын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 125/2023/0005/З |
Дугаар | 125/ШШ2023/0014 |
Огноо | 2023-04-11 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2023 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 125/ШШ2023/0014
НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ
ТАТГАЛЗСАНЫГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ
ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл би Ш.Е-ын Ховд аймгийн ......... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн ............ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ........... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2023 оны 01 сарын 30-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Ш.Е нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ш.Е миний бие Ховд аймгийн .......... сумын Иргэдийн төлөөлөгчийн хуралд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Ш.Е нь Ховд аймгийн ........... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн ............. сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ........... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн хүсэлтийг Ховд аймгийн ............ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 04 дүгээр “Ш.Е-ыг ажилд томилох тухай” захирамжийн хамт шүүхэд ирүүлжээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй ...” гэж заасан ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлж маргаанаа дуусгавар болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Е-ын Ховд аймгийн ........... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн ............ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ........... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.
ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ