Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1360

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ч-гийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00931 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Ч-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М” ХХК-д холбогдох

           

          Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээж, няцаалт хийхийг даалгаж, эдийн бус гэм хорын хохиролд 13 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

          Нэхэмжлэгч Б.Ч- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:           Б.Ч- нь 2011 оны 6 дугаар сард Сингапур улсын Моссак Фонсека нэртэй хуулийн этгээд байгуулах үйл ажиллагаа эрхэлдэг компаниар дамжуулан Олон улсын хууль, дүрмийн дагуу “Стратежик майнс инк” ХХК /Strategic Mines Ing/-ийг байгуулсан цагаасаа хойш өөрийн харилцах дансыг нээлгээгүй, үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр татан буугдсан. Мөн “Эйри инвестмент холдингс“ ХХК /Eyrie Investment Holding/ нь байгуулагдсан цагаасаа хойш өөрийн харилцах дансыг нээлгээгүй, үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр татан буугдсан. Энэхүү үйл ажиллагаа ямар нэгэн Олон улсын болон Монгол Улсын хууль, дүрэм, гэрээ хэлэлцээрийг зөрчөөгүй, ямар нэг татвараас зайлсхийх, хээл хахуулийн болон хууль бус мөнгөн хөрөнгийг эргийн цаана нуух гэсэн санаа зорилго байхгүй ба ердөө Монгол улсад уул уурхайн болон махан бүтээгдэхүүн боловсруулах бизнест гадаадаас хөрөнгө оруулалт татах зорилгоор гадаадын бизнесийн хамтрагч нараас тавьсан саналын дагуу Их Британийн Виржинийн арлуудад байгуулагдсан компаниуд юм. Тус компаниуд Виржинийн арлуудын хуулийн дагуу байгуулагдсан ба компанийн нэр дээр ямар нэг банкны данс огт нээлгээгүй.

          2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Монгол HD телевизийн 21:00 цагийн Оргил цаг нэвтрүүлгээр “Монгол телевиз олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой хамтран Панамын баримтууд дээр ажиллаж байгаа билээ. Олон сар үргэлжилж байгаа энэхүү хамтын ажиллагаанд олон орны хэдэн зуун сэтгүүлч улс төрчид, олон нийтийн албан тушаалтан болон тэдгээрийн гэр бүл, найз нөхдөөрөө дамжуулан татвараас зайлсхийх гэсэн оролдлого, авлига хээл хахуулийн мөнгөө эргийн гадна байлгах гэсэн оролдлогуудыг эдгээр сая сая баримт бичиг дундаас хайн ирүүлэн, тодруулж олон нийтэд мэдээлэх үйл ажиллагаа үргэлжилсээр байна. Тухайн үед хийсэн тайлбарыг бид үзлээ. Гэвч бидэнд байгаа баримтууд түүний хэлж байгаагаас өөр дүр зургийг харуулж байна. Бидэнд байгаа дараагийн баримт нь Б.Ч-г оффшор компани ашиглаж гүйлгээ хийсэн болохыг нотолж байна. Б.Ч- болон түүний аав гүйлгээ хийгээгүй гэдгээ олон нийтэд удаа дараа хэлж байсан” гэх мэт бодит байдалд огт нийцээгүй, худал, онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн мэтээр гуйвуулсан мэдээлэл тарааж Б.Ч-н нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж, тухайн мэдээлэл нь 2016 оны 6 дугаар сард болсон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуульд нэр дэвшин сонгуульд өрсөлдсөн эцэг Э.Бат-Үүлийн нэр хүндийг гутаасан үйлдэл болсон гэж үзэж байгаа юм.

Монгол телевиз нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу нийтэлж буй мэдээ, мэдээллийг бүрэн гүйцэд мэдээлээгүй, мэдээллийг мушгин гуйвуулж мэдээлсэн. Иймд Б.Ч-тай холбоотой мэдээллийг олон нийтэд мэдээлэхдээ Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3 дах хэсэгт заасныг зөрчиж бүрэн гүйцэд мэдээлээгүй, мэдээллийг мушгин гуйвуулж мэдээлсний улмаас нэхэмжлэгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээж, няцаалт хийхийг даалгах, гэм хорын хохиролд 13 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төгсбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол телевиз 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн Бүгд Найрамдах Панам Улсын Моссак Фонсека & Ко хэмээх хуулийн фирмийн алдагдсан мэдээлэл буюу “Панамын Бичиг Баримт”-тай холбоотой мэдээллийг цувралаар хүргэж эхэлсэн. Тус мэдээллийг бид ХБНГУ-ын Зюддойче Цайтунг (Sueddeutsche Zeitung) болон Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум (International Consortium of Investigative Journalists)-с хүлээн авсан юм. 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 21.00 цагийн Оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр “Панамын бичиг баримт”-тай холбоотой ээлжит мэдээллийг хүргэсэн ба хөтөлбөрийн эхний хэсэгт “Монгол телевиз Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой хамтран панамын баримтууд дээр ажиллаж байгаа билээ. Олон сар үргэлжилж байгаа энэхүү хамтын ажиллагаанд олон орны хэдэн зуун сэтгүүлч улс төрчид, олон нийтийн албан тушаалтан болон тэдгээрийн гэр бүл, найз нөхдөөрөө дамжуулан татвараас зайлсхийх гэсэн оролдлого, авлига хээл хахуулийн мөнгөө эргийн гадна байлгах гэсэн оролдлогуудыг эдгээр сая сая баримт бичиг дундаас хайн илрүүлэн, тодруулж олон нийтэд мэдээллэх үйл ажиллагаа үргэлжилсээр байна” гэж цуврал мэдээллийн ерөнхий агуулгыг товч танилцуулсан ба энэ хэсэгт Б.Ч-г нэр цохож, түүнийг татвараас зайлсхийсэн, онц ноцтой гэмт хэрэг хийсэн, хээл хахууль, хууль бус мөнгөн хөрөнгө эргийн гадна буюу оффшор дансанд нуусан гэх зүйл хэлээгүй болно.

Мэдээллийн хөтөлбөрийн хоёрдугаар хэсэгт нэхэмжлэгчийн оффшор буюу эргийн гадна бүсэд бүртгүүлсэн компани өмнө нь илэрсэн тухай, тус мэдээ олон нийтэд ил болсны дараа нэхэмжлэгч болон түүний эцэг Э.Бат-Үүл нар мэдэгдэл хийсэн талаар мэдээлсэн. Тус “Стратежик майнс инк” ХХК /Strategic Mines Inc/-ийг Б.Ч- нь Сингапур улсын иргэн Элтон Пинг Мэнг Кионг гэгчтэй хамтран байгуулсан талаар тодруулга мэдээлэл хийсэн ба эдгээр мэдээллийн үнэн худлын талаар нэхэмжлэгч маргаагүй байна.

 Мэдээллийн хөтөлбөрийн гуравдугаар хэсэгт дээрх оффшор компаниас гадна “Стратежик майнс инк” ХХК /Strategic Mines Ing/ болон “Эйри инвестмент холдингс“ ХХК /Eyrie Investment Holding/-иудтай түүний нэр холбогдож байгаа талаар мэдээлсэн. Энэ талаар нэхэмжлэгч маргаагүй ба нэхэмжлэлд дурдсанаар “Эйри инвестмент холдингс“ ХХК /Eyrye Investment Holdings Ltd/-ийг үүсгэн байгуулсанаа хүлээн зөвшөөрсөн байна.

Мэдээллийн хөтөлбөрийн дөрөвдүгээр хэсэгт буюу 05 минут 36 секундээс эхлэн дараах мэдээллийг хүргэсэн. Бидэнд байгаа дараагийн баримт нь Б.Ч-г оффшор компани ашиглан гүйлгээ хийсэн болохыг нотолж байна. Харин Б.Ч- болон түүний аав гүйлгээ хийгээгүй гэдгээ олон нийтэд удаа дараа хэлж байсан. Б.Ч- нь “Стратежик майнс инк” ХХК /Strategic Mines Ing/-ийг эзэмшиж байсан бөгөөд тэр үед өөр нэгэн оффшор компанийн хувьцаа худалдаж авсан баримтыг яг одоо үзэгч та бүхэн харж байна. Энэ бүхэн хоорондоо яаж холбогдож уялдаж байна вэ? олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны сүлжээнд ажиллаж байгаа сэтгүүлчдийн эрэн сурвалжлах үйл явцдаа ашиглаж байгаа мэдээллийн санг ашиглаж одоо та бүхэнд холбоос дүрслэлийг тайлбартай хүргэе. Бат-үүлийн Чулуудай нь хятад гаралтай Сингапур улсын иргэн Элтон пинг мэнг кионг-тай хамтран “Стратежик майнс инк” ХХК /Strategic Mines Ing/ нэртэй оффшор компани байгуулсан. Уул уурхайн 12 лиценз эзэмшдэг Монголын сод газар компанийн захирал Саруулбаяр тус golden masters mining inc гэх нэртэй оффшор компанийг Чулуудайн компанитай ижил хаяг дээр байгуулжээ.  Английн иргэн Найжел франсис оукс болон хятад ба английн иргэн Жэкон лю-тай хамтран thunder tree ltd оффшор компанийг байгуулав. Энэ компани нь Б.Ч-гийн Strategic mines inc компанитай хамтран 40/60 харьцаатайгаар “Эйри инвестмент холдингс“ ХХК /Eyrie Investment Holding/ нэртэй дахин нэг оффшор компанийг байгуулжээ.

 

Нэхэмжлэлд сүүлийн дөрөвдүгээр хэсгийн мэдээллийг буруу тайлбарлаж, Оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр түүнийг оффшор дансаар дамжуулж гүйлгээ хийсэн гэж мэдээлсэн мэтээр мэдээний агуулгыг гуйвуулжээ. Дээрх мэдээллийг хийх үед хөтөлбөрийн 05 минут 48 секундээс эхлэн “Стратежик майнс инк” ХХК /Strategic Mines Ing/-ийг ашиглан Б.Ч- нь ямар гүйлгээ хийсэн талаар тайлбарладаг ба үүнд “Эйри инвестмент холдингс“ ХХК /Eyrie Investment Holding/-ийн 40 ширхэг энгийн хувьцааг нэг бүрийн 1 ам.доллараар худалдан авсан тухай баримт гардаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Ч- нь өөрийн “Стратежик майнс инк” ХХК /Strategic Mines Ing/-ийг 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулснаас хойш түүгээрээ дамжуулан 2011 оны 8 дугаар сарын 4-ний өдөр “Эйри инвестмент холдингс“ ХХК /Eyrie Investment Holding/-ийн 40 хувьцааг худалдан авсан талаар мэдээлсэн. Энэ нь болж өнгөрсөн бодит үнэн явдал бөгөөд нэхэмжлэлд дурдсанаар “Эйри инвестмент холдингс“ ХХК /Eyrie Investment Holding/-ийг байгуулж хувьцааг 40 ам.доллараар авснаа нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Бидний зүгээс өөрөөр нэхэмжлэгчийг оффшор бүсд банкны данс нээсэн тэрхүү оффшор данснаар гүйлгээ хийсэн гэх мэт зүйл огт дурдаагүй. Нэхэмжлэгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг Оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр гутаасан мэдээлэл тараагаагүй бөгөөд Монгол телевиз ХХК-иас Б.Ч-г өөрийн “Стратежик майнс инк” ХХК /Strategic Mines Ing/-иар дамжуулан “Эйри инвестмент холдингс“ ХХК /Eyrie Investment Holding/-ийн 40 хувьцааг худалдан авсан талаар мэдээлсэн ба энэ нь үнэн зөв болсон явдал. Иймд хариуцагч талыг буруутгах эрх зүйн үндэслэл байхгүй.

Нэхэмжлэгч эдийн бус гэм хорын хохиролд 13 000 000 төгрөг нэхэмжилсэн. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээдэг. Нэхэмжлэгчээс 13 000 000 төгрөгийн эдийн бус гэм хор учирсан гэдгээ баримтаар нотолж чадаагүй. Мөн хариуцагчаас хийсэн мэдээлэл нь бодит байдалд нийцэж байгаа тул гэм хорын хохирол арилгах ямар нэгэн үүрэг хүлээхгүй. Тухайн үед Б.Ч-гаас сэтгүүл зүйн тэнцвэртэй байдлыг хангах ёс зүйн хэм хэмжээний хүрээнд утсаар холбогдож түүний нэр дээрээ бүртгүүлсэн болон нэр холбогдсон тус компаниудын талаар мэдээлэл авах гэж оролдлого хийсэн боловч Strategic mines inc компаний талаар тайлбар өмнө нь өгч, бусад мэдээллийн талаар мэдэхгүй гэсэн хариултыг өгсөн, түүний тайлбарыг бид мэдээндээ оруулан олон нийтэд хүргэсэн. 

“Панамын Бичиг Баримт”-ын оффшор бүстэй холбоотой мэдээлэл 2016 оны 5 дугаар сард илэрч Дэлхий нийтийг хамарсан үйл явдал болсон нь 2016 оны 6 дугаар сарын УИХ-ын сонгуультай ямар ч холбоогүй. Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө нь ардчилсан нийгмийн суурь зарчмуудын нэг бөгөөд тухайн үед үнэн бодит мэдээ олон нийтэд хүргэснээс болж хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боомилсон, үнэн бодит явдлын талаар мэдээлэхийг хязгаарласан, дарамталсан аливаа үйлдэл хэн ч гаргаж болохгүй.

“М” ХХК нь Үндсэн хуулиар баталгаажсан хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хүрээнд мэдээлэл хийсэн, мөн ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй, эдийн бус гэм хорын хохиролд 13 000 000 төгрөг нэхэмжилсэн нь баримтаар нотлоогүй болно. Иймээс Үндсэн хуулиар баталгаажсан хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн үнэн бодит зүйлийг мэдээлсэн учраас Б.Ч-н гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 21.3, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар хариуцагч Монгол телевиз ХХК-д холбогдох 2016.06.10-ны өдрийн Оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр Б.Ч-н талаарх мэдээллийг бүрэн гүйцэд мэдээлээгүй, мэдээллийг мушгин гуйвуулж мэдээлсний улмаас түүний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж няцаалт хийлгүүлэх, эдийн бус гэм хорын хохиролд 13 000 000 төгрөг гаргуулах тухай Б.Ч-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ч-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293 150 төгрөгийг улсын төсвийн төвлөрсөн дансанд хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.4-д зааснаар хэрэгт зохигчдоос гаргаж өгсөн 4 /дөрөв/ ширхэг CD-ийг хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж шийдвэрлэсэн байна.

 

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчив давж заалдах гомдолдоо:

          Бодит мэдээллийг мушгин гуйвуулж буруу ташаа, худал мэдээлсэн тухайд: “М” ХХК олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох Монгол HD телевизийн 21:00 цагийн Оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Монгол телевиз, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо үзүүлж байна гэх нэрийн дор нэхэмжлэгч Б.Ч-н нэр, нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндийг гутаасан болно. Үүнд: 1-д Мэдээний “...олон орны хэдэн зуун сэтгүүлч улс төрчид, олон нийтийн албан тушаалтан болон тэдгээрийн гэр бүл, найз нөхдөөрөө дамжуулан татвараас зайлсхийх гэсэн оролдлого, авилга хээл хахуулийн мөнгөө эргийн гадна байлгах гэсэн оролдлогуудыг эдгээр сая сая баримт бичиг дундаас хайн илрүүлэн, тодруулж олон нийтэд мэдээлэх үйл ажиллагаа үргэлжилсээр байна...” гэх энэхүү агуулгаас үзвэл улс төрчид болон олон нийтийн албан тушаалтнуудын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль бусаар олсон мөнгөө эргийн гадна буюу татваргүй бүсэд байлгаж буй хууль бус үйлдлийг олон нийтэд хүргэж байгаа хэмээн ойлгогдож байна. 2. ...эдгээр мэдээлэл ил болсны дараа Монгол улсын 40 гаруй хүн оффшор компани хэрэглэдэг, байгуулсан мөн тухайн компаниараа дамжуулан гүйлгээ худалдаа хийсэн мэдээлэл, сошиал медиа орчинд хэлэлцүүлэг үүсгэж, олон нийтийн албан тушаалтан, улс төрчдийн гэр бүлийн мэдээлэл хамгийн их хүмүүсийн анхаарлыг татаад байна. Эдгээр хүмүүсийн дунд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн хүү Чулуудай оффшор компанитай болох нь тогтоогдсон билээ... мэдээний эхний хэсэгтэй харьцуулж үзвэл Б.Ч- улс төрч аавынхаа хууль бусаар олсон мөнгийг оффшор компани байгуулан эргийн гадна байршуулсан гэх ойлголтыг төрүүлж байгаа болно. Нэхэмжлэгч Б.Ч- болон түүний аав Э.Бат-Үүл нар оффшор компанийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгсөн тайлбарыг хариуцагч 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 21:00 цагийн Оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр дараах байдлаар хүргэсэн. ...Б.Ч- тус мэдээллийг гарсан даруй дараах тайлбарыг өгсөн юм. Энэ компани 2011 онд байгуулагдсан. 2013 онд хаагдсан компани ...үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад хаагдчихсан. Данс нээгээгүй учраас нэг ч долларын гүйлгээ хийгдээгүй..., ...Энэ асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тус асуудалд хэд хэдэн удаа тайлбар хийсэн бөгөөд түүний өгсөн тайлбарыг одоо хүргэе. ...“Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа “Б.Ч-н дансаар нэг мөнгөний гүйлгээ хийсэн байдаг юм бол, чиний хэлснээр заавал их мөнгө гэх албагүй. Үнэхээр Б.Ч-н хэлсэн оффшор компани байгуулагдаад данс нээж амжилгүй хаагдсан гэдэг нь худлаа байгаад тэр дансаар ямар нэгэн гүйлгээ хийгдсэн байвал тэр мөнгөн дүнгээс хамаарахгүйгээр би шууд чөлөөлөгдөх, огцрох хүсэлтээ өөрөө гаргана гэж мэдэгдсэн ...

Б.Ч- уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт татах зорилгоор Стратежик майнинг инк компанийг 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулж 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр дампуурсан, Эйри инвестмент холдинг лиммитед гэх нэртэй компанийг 2011 оны 8 дугаар сарын 4-ний өдөр байгуулж 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр дампуурсан, тус хоёр компанийн нэр дээр данс нээлгээгүй эргийн гадна Монгол улсаас хууль бусаар мөнгө гаргасан зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн түүний аав Э.Бат-Үүл хүү Б.Ч-н хэлсэн худлаа байвал хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэгдсэн байдаг.

Гэтэл Монгол телевиз 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 21:00 цагийн Оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр ...тухайн үед хийгдсэн тайлбарыг бид үзлээ. Гэвч бидэнд байгаа баримтууд түүний хэлж байгаагаас өөр дүр зургийг харуулж байна ..., ...Элтон пинг минг кионг гэгч нь Б.Ч-гийн хамт “Стратежик майнс инк” ХХК /Strategic Mines Ing/-ийг 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан байна... Бидэнд байгаа дараагийн баримт нь Б.Ч-г оффшор компани ашиглаж гүйлгээ хийсэн болохыг нотолж байна. Харин Б.Ч- болон түүний аав гүйлгээ хийгээгүй гэдгээ олон нийтэд удаа дараа хэлж байсан ...Монгол улсын иргэн Бат-Үүлийн Чулуудай эдгээр оффшор буюу эргийн гадна компаниудыг ашиглаж ямар наймаа хийсэн бэ?... гэх мэдээллийг олон нийтэд хүргэсэн нь нэхэмжлэгч Б.Ч- түүний аав Э.Бат-Үүл худал хэлсэн оффшор компаниараа дамжуулан эргийн гадна мөнгө гаргасан мэдээллийг олон нийтэд хүргэж нэхэмжлэгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болно. Энэ нь Монгол HD телевизийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 21:00 цагийн Оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн СД бичлэг, хэргийн 9-11 дүгээр талд авагдсан бичвэр зэргээр тогтоогдож байгаа болно. Гэтэл анхан шатны шүүх “...Хариуцагч “М” ХХК-ийн Монгол HD телевиз 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 21:00 цагийн “Оргил цаг” мэдээллийн хөтөлбөр нэвтрүүлгээр “Панамын бичиг баримт”-тай холбоотой буюу оффшор бүст компани байгуулсан нэхэмжлэгч Б.Ч-н талаарх мэдээллийг дамжуулсан болох нь зохигчийн тайлбар, уг мэдээллийн талаарх сиди бичлэг, текст хэлбэрээр авагдсан баримт, сидинд хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргүүдээр тогтоогдлоо...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байна. Хариуцагчаас олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж олон нийтэд хүргэсэн дээрх мэдээний агуулга нь хууль бусаар олсон мөнгөө эргийн гадна гаргасан албан тушаалтан тэдгээрийн төрөл, найз нөхдийн хууль бус үйлдлийг мэдээлж байгаа гэж олон нийтэд хүргэсэн болохыг шүүх анхааралгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн хариуцагч Монгол телевиз ХХК, нэхэмжлэгч Б.Ч-г оффшор бүст компани байгуулсан талаарх мэдээллийг дамжуулсан гэж дүгнэсэн нь шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай талаас нь үнэн зөв үнэлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Дээр дурдсанчлан хариуцагч нь нэхэмжлэгч Б.Ч- түүний аав Э.Бат-Үүл нарын хэвлэл мэдээллийн байгууллагад өгсөн ярилцлага, тайлбарыг иш татаж олон нийтэд үзүүлэхдээ “тухайн үед хийгдсэн тайлбарыг бид үзлээ. Гэвч бидэнд байгаа баримтууд түүний хэлж байгаагаас өөр дүр зургийг харуулж байна. Бидэнд байгаа дараагийн баримт нь Б.Ч-нг оффшор компани ашиглаж гүйлгээ хийсэн болохыг нотолж байна. Харин Б.Ч- болон түүний аав гүйлгээ хийгээгүй гэдгээ олон нийтэд удаа дараа хэлж байсан ... Монгол улсын иргэн Бат-Үүлийн Чулуудай эдгээр оффшор буюу эргийн гадна компаниудыг ашиглаж ямар наймаа хийсэн бэ?” гэх тайлбартай хүргэснийг анхан шатны анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ.

Бүрэн гүйцэд мэдээлээгүй мэдээллийг дутуу мэдээлсэн тухайд: Нэхэмжлэгчийн үүсгэн байгуулсан “Стратежик майнс инк” ХХК /Strategic Mines Ing/ нь 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдөр үүсгэн байгуулагдаж 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр дампуурсан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 5-6 дугаар талд авагдсан сертификат, 153-154 дүгээр талд авагдсан Моссак фонсекаас ирүүлсэн албан бичгээр данс нээгээгүй, гүйлгээ хийгээгүй, 2 дугаар хавтаст хэргийн 59-60 дугаар талд авагдсан орчуулгын баримтаар, “Эйри инвестмент холдингс“ ХХК нь 2011 оны 8 дугаар сарын 4-ний өдөр үүсгэн байгуулагдаж 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр дампуурсан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 145, 151 дугаар талд авагдсан сертификат, 146, 152 дугаар талд авагдсан Моссак фонсекааас ирүүлсэн албан бичгээр данс нээгээгүй, гүйлгээ хийгээгүй, 2 дугаар хавтаст хэргийн 125 дугаар талд авагдсан орчуулгын баримт зэргээр тус тус тогтоогдож байгаа болно. Гэтэл хариуцагч нь 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийн талаар мэдээлэхдээ түүний үүсгэн байгуулсан хоёр компани 2013, 2014 онуудад дампуурсан, тус хоёр компани данс нээсэн, дансандаа их хэмжээний мөнгө байршуулаагүй талаар бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс нэхэмжлэгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан болохыг шүүх дүгнэхгүй орхигдуулсан. Түүнчлэн “М” ХХК-ийн Оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр нэвтрүүлсэн мэдээлэлд “...нэхэмжлэгч Б.Ч-г оффшор данстай, тус дансаар дамжуулж гүйлгээ хийсэн гэх үг үсэг тусгагдаагүй байна... Иймд хариуцагч Монгол телевиз ХХК нь эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны оффшор мэдээллийн сангаас олж авсан мэдээллийг үндэслэсэн гэх ба уг нэвтрүүлгийн утга, агуулга бүхэлдээ нэхэмжлэгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Мөн анхан шатны шүүх “...нэхэмжлэгч Б.Ч-н нэрийг хариуцагч талаас хууль бусаар ашигласан байдал тогтоогдохгүй, тэрээр өөрийн нэр төр, алдар хүндийн хувьд нийгэмд ямар үнэлэмжтэй иргэн байсан тухай, мөн бизнес эрхэлдэг гэх боловч бизнесийн ямар салбарт ямар үйл ажиллагааг хэрхэн явуулдаг байсан зэрэг ажил хэргийн нэр хүндэд хэрхэн нөлөөлсөн, үнэлэмж яаж доройтсон зэргээр гутаагдсаныг сэргээлгэх шаардлагатай болсон талаарх холбогдох нотлох баримтаа ирүүлээгүй болно” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэг хянан шидвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Ч- нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаасныг сэргээж, няцаалт хийхийг даалгаж, эдийн бус гэм хорын хохиролд 13 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч “М” ХХК-ийн Монгол HD телевизийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 21.00 цагийн “Оргил цаг” мэдээллийн хөтөлбөрөөр “Панамын бичиг баримт”-тай холбоотой буюу оффшор бүсд компани байгуулсан нэхэмжлэгч Б.Ч-н талаар мэдээллийг дамжуулсан болох нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч Б.Ч- нь “Стратежик майнс инк” ХХК /Strategic Mines Ing/-ийг 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд уг компани 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр дампуурсан мөн “Эйри инвестмент холдингс“ ХХК /Eyrie Investment Holding/-ийн 40 хувийн хувьцааг худалдан авч, уг компанийг 2011 оны 8 дугаар сарын 4-ний өдөр байгуулж, 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр улсын бүртгэлээс хасагдаж дампуурсан /1 х.х-ийн 5-6, 145-146 дугаар тал/ талаар хүлээн зөвшөөрч, тайлбарласан бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчивын “Монгол HD телевизийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 21.00 цагийн Оргил цаг мэдээллийн хөтөлбөрийг бэхжүүлсэн цахим баримт болох сиди бичлэгт үзлэг хийлгэх” хүсэлтийг анхан шатны шүүх хангаж, 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр уг сиди бичлэгт үзлэг хийсэн нь нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн бичвэр, хариуцагч талаас гаргаж өгсөн бичвэрүүдтэй тохирч байгаа талаар үзлэгийн тэмдэглэлд тусгасан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /1 х.х-ийн 9-11, 25-29 дүгээр тал, 2 х.х-ийн 5-6 дугаар тал/

 

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчивын “хариуцагч мэдээллийг үнэн зөв бүрэн гүйцэт мэдээлсэн эсэхийг тогтоохын тулд offshoreleaks.icij.org сайтад үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр үзлэг хийж, тэмдэглэлээр баримтжуулсан нь хэрэгт авагджээ. /2 х.х-ийн 71-72 дугаар тал/

 

Дээрх үзлэгийн тэмдэглэлүүд, хэрэгт авагдсан бусад баримт болон талуудын тайлбартай харьцуулан үзвэл хариуцагч “М” ХХК-ийн Олон улсын сэтгүүлчдийн холбооны оффшор мэдээллийн сангаас олж авсан мэдээлэлд үндэслэсэн уг нэвтрүүлгийн агуулга нь оффшор бүсэд компани байгуулсан талаарх байдлыг мэдээлсэн агуулгатай байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчив “оффшор бүсэд компанитай талаар мэдээлж, энэ компаниудын дансаар гүйлгээ хийгээгүй, мөн татан буугдсан талаар мэдээлээгүй орхисноос нэр төр алдар хүнд гутаагдсан” гэх давж заалдах гомдол гаргасан бөгөөд уг үндэслэлээр нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан гэж үзэх боломжгүй юм.

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч Б.Ч-н нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх байдал болон эдийн бус гэм хорын хохиролд 13 000 000 төгрөг гаргуулах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шйидвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00931 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                          Т.ТУЯА

 

                                                                                                   Ц.ИЧИНХОРЛОО