2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар  2025/ШЦТ/2528

 

   

    2025       11           07                                        2025/ШЦТ/2528

 

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Золзаяа,

улсын яллагч П.Итгэл,   

шүүгдэгч Г , түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г-т холбогдох эрүүгийн 2403 00366 0917 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г, Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г  нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Галданбошигтын гудамж Дэнжийн 1000-н цагаан байрны зүүн хойд замд 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 23 цаг 26 минутын орчимд Тоёото Приус маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчиж зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б-ыг мөргөсний улмаас түүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

Хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Намайг 5 настай байх үед манай аав ээж хоёр маань гэр бүл салсан. Түүнээс хойш би аавыгаа хэд хэдэн удаа уулзаж байсан. Уулзаж байсан гэдэг нь 16 настайдаа салснаас нь хойш анх удаа уулзаж байсан. Түүнээс хойш 2012 онд мөн нэг удаа уулзаад түүнээс хойш утсаар хааяа холбогддог байсан. Сүүлийн 2 жил холбогдоогүй байсан. 2014 оноос хойш өөрийнх хэрэглэдэг байсан дугаар болохгүй байгаад өөрөө хааяа нэг над руу янз бүрийн утаснаас залгадаг байсан. Утсаар залгаад миний болон хүүхдүүдийн бие аж амьдрал талаар ярилцдаг байсан. 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өөрийн эгчээс аавыгаа осолд орсон тухай мэдсэн. Хамгийн сүүлд би аавтайгаа 2014 онд байх харж байсан. Түүнээс хойш царайг нь хараагүй утсаар холбогддог байсан. Миний 2007 оны орчим мэдэхээр архи тамхи хэрэглэдэггүй хүн байсан. Түүнээс өмнө ч хэрэглэдэггүй байсан. Харин түүнээс хойш архи согтууруулах ундаа хэрэглэдэг эсэх талаар мэдэхгүй. Хаана амьдардаг эсэх талаар сайн мэдэхгүй. 2007 онд уулзахад аав маань Нарантуул зах дээр манаач хийдэг гэж ярьж байсан. Түүнээс хойш хаана яаж амьдардаг талаар сайн мэдэхгүй. Үгүй. Угаасаа аав маань өнчин байсан гэсэн. Эцэг эхгүй 3 дүүгээ өсгөсөн гэж мэддэг. Намайг бага байхад манай гэрээр ирдэг байсан харин одоо бол ямар хүмүүс байсныг нь санахгүй байна. Аав ээж 2 ммань гэр бүл салсанаас нь хойш ямар нэгэн холбоогүй байгаа...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 20 дугаар хуудас),

Хууль ёсны төлөөлөгч Ц.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний ах  гэж байхад тэнд төрж байсан. Ховд аймгийн Булган суманд 1982 онд цэргийн алба хаагаад тэндээсээ Хэнтий аймагт засан хүмүүжүүлэх ангид хянагчаар 1983-1988 он хүртэл ажиллаж байсан. Манай ээж 1988 онд бие муудаад ах маань тэр жилдээ Булган аймгийн Рашаант суманд ээжийн хажууд ирээд тэндээ газар тариалангийн салбарт ажиллаж байсан. 1990 онд Баяраа гэдэг хүнтэй Булган аймгийн Рашаант суманд танилцаж гэр бүл болсоноос хойш 3 хүүхдийн эцэг, эх болсон. 1993 онд гэр бүл салаад түүнээс хойш ажил эрхэлдэггүй Улаанбаатар хот руу орж ирсэн. Тэгээд 1993 оноос хойш манай гэр манай төрсөн эгчийн гэр манай дүүгийн гэрээр хоноглоод ихэвчлэн манай гэрт амьдардаг байсан. Манай эгчийн хашаанд байж байгаад 2024 оны 04 дүгээр сард манай хашаанд гэр бариад амьдарч эхэлсэн. Энд тэнд ажил хийж байгаад ажпаасаа гарлаа гээд ирдэг байсан ба сүүлийн үед буюу 2017 оноос лааз түүж түүнийгээ тушааж хоолны мөнгөө олж амьдардаг байсан. Мөнгө олдвол дэнжийн 1000 орчмоор хааяа архи уудаг байсан. Хотын төвөөр ресторан баарны газруудын гадна талаар лааз түүгээд тушааж борлуулж амьдардаг байсан. Ах маань 2024 оны 06 дугаар сарын 03-ны орой гэртээ ирээд хоносон. Тэгээд 06 дугаар сарын 04-ний өглөө 06 цагийн орчим гараад явсан. Түүнээс хойш 06 дугаар сарын 08-ны өдөр осол гарсан тухай би мэдсэн” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 31 дүгээр хуудас),

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Э.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би энэ Тоёото Приус маркийн 00-00 УУУ улсын дугаартай автомашиныг 2023 оны 07 дугаар сард Улаанбаатар хотоос Да хүрээ худалдааны төвөөс 12.000.000 төгрөгөөр худалдан авч авсан. Тэгээд 8.000.000 төгрөгийг бэлнээр төлөөд үлдэгдэл 4.000.000 төгрөгийг ББСБ-с зээлээр авсан. Уг автомашиныг худалдан авсанаас хойш өөрийн хувийн хэрэгцээнд ажил гэрийн хооронд унаж хэрэглэж байгаа. Мөн манайх гэр бүлийн хэрэгцээнд унаж хэрэглэдэг ба манай хамтран амьдрагч унаж хэрэглэж байгаад жолоодох эрхээ хасуулаад унахаа больсон. Тэгээд унаж жолоодох хүн байхгүй байрны гадаа байж байх үед нь танил Г ирээд би унаж хэрэглэж байя гээд гуйгаад байхаар нь 2023 оны 10 дугаар сараас эхлээд Г-т өгч явуулаад хэрэглүүлдэг байсан. Осол гарсан талаар 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр утсаар хэлж мэдэгдсэн. Уг ослоос миний автомашинд 730.000 төгрөгийн хохирол учирсан байна. Уг хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилнэ... Тухайн үед уг автомашиныг би жолоодож яваагүй учир би энэ хэрэгт иргэний хариуцагчаар оролцохгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 65, 68 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2066 дугаар: “1.Амь хохирогч Ц.Б-ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр цээжний хэнхэрцэг зүүн 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга, баруун 2, 3, 4, 5, 6-р хавиргануудын шууд хугарал, зүүн нүдний ухархай, хоншоор ясны гадна хана зөрөөгүй хугарал, эрүү ясны зөрсөн хугарал, 2 атгал ясны хүзүу хэсгээр бяцарсан, баруун далны яс сэртэнгээр бяцарсан хугарал, баруун шаант, тахилзуур яс дээд 3/1-н хэсгээр, зүүн шаант, тахилзуур яс доод 1/3 хэсгээр ташуу сэлтэрхийт хугарал, элэгний эдийн няцрал, хэлийн хөндийд шингэн хуралдалт /500 мл/, баруун бөөрний өөхөн эдийн цус хуралт, хуйхны цус хуралт, баруун, зүүн хөмсөг, эрүүний язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн шуу, өвдөгний цус хуралт, зулгаралт, баруун нүдний дээд зовхи, шанаа, хэвлий, ташаа, цээжний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Гэмтэл авсан дарааллыг тогтоох боломжгүй. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.12, 4.1.13, 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Үхэлд хүргэхэд нөлөөлсөн болно. 4. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаач нь цээж, хэвлий, мөчдийн хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ. 6. Талийгаачийн цогцост анх хийсэн гадна үзлэгээр нас бараад 1-2 цаг болсон байх боломжтой гэжээ. 7. Талийгаачийн цус нь /0/ 1-р бүлгийн харьяалалтай байна. 8. Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна.” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 103-136 дугаар хуудас),

Автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч Н.Гунаасүрэнгийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 161 дугаар: “...Итали улсад үйлдвэрлэгдсэн 12999/L2/R маркийн гэрлийн багажаар шалгаж үзэхэд зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ 5600сd, ойр дээрээ 2500сd (стандарт 10000-225000сd), баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ Осd, ойр дээрээ Осd (стандарт 10000-225000сd) буюу зүүн болон баруун гар талын хол, ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна...” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 141-146 дугаар хуудас),

Цагаан шонхорын жигүүр НҮТББ-ын шинжээч Т.Түвшинбаатар, Ю.Батбаатар, Б.Цэндзэсэм нарын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 46/09 24/156 дугаар: “1. Тоуоtа Рrius маркийн 00-00 УУУ улсын дугаартай автомашины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүйбайхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Явган зорчигч Ц.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 “Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; д/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. З.Явган зорчигч Ц.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12.А, Д дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол хэний гарсан гэж үзэж байна” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 193-195 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер-Техникийн шинжилгээний газрын Автотехникийн шинжилгээ хариуцсан шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2973 дугаар: “1. Шинжилгээнд ирүүлсэн Тоёото Приус 20 маркийн, NHW20-7574329 арлын дугаартай, 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь эвдрэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. 2. Гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн, бүтэн байна. 3. Уг автомашины урд их гэрэл болон оврын гэрэл, арын оврын гэрлүүд асаж байна. 4. Зай хураагуурын цэнэг 12 вольт хүчдэл хүрэхгүй байна. 5. Ойрын гэрэл асаахад тусгалын зөв хэлбэр үүсгэхгүй байна. 6. Зориулалтын багаж, лабораторид үзлэг явагдаагүй, шинжилгээ хийх нөхцөлөөр хангаж өгөөгүй тул гэрлийн чадлын үзүүлэлт стандарт шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоох боломжгүй. 7. Тогтоох боломжгүй. 8. Ойрын гэрлийн тусгалын хэлбэр зөв биш, сарнилттай байгаа нь харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед хангалттай харах нөхцөлийг бүрдүүлж чадахгүй тул осол гарахад нөлөөлж болох үндэслэлтэй. 9. Үзлэг шинжилгээний явцад нэмэлт зүйл илрээгүй” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 244-250 дугаар хуудас),

ШУТИС Мехник тээврийн сургуулийн шинжээч И.Базаррагчаа, Н.Мөнхзул, Г.Удвал нарын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 08/95 дугаар: “Хариулт 1.Амь хохирогч Ц.Б нь МУ-ын ЗХД-ийн 5.6-р заалт буюу “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэснийг зөрчсөн байна... Хариулт 2. 00-00 УУУ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашин нь явган зорчигчийг мөргөж тодорхой зайнд шидсэн тул хурдыг энерги хадгалагдах хуулийг ашиглан тодорхойльё. Тухайн осол болох үед автомашин нь 40,78 км/цаг-аас бага хурдтай явж байсан байна. Жолооч Г  нь МУ-ын ЗХД-ийн 3.4 “а”-р заалт буюу “Жолооч ... энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах... үүргийг хүлээнэ” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Хариулт 3. Тухайн зам тээврийн ослын үед Тоёото Приус-20 маркийн 00-00 УУУ улсын дугаартай автомашины жолооч нь холын болон ойрын гэрлийн алийг ашиглаж явж байсан нь тогтоогдохгүй, автомашин урд хэсгээрээ явган зорчигчийг мөргөн гэрлийн тусгалд өөрчлөлт орсон байх магадлалтай байна. Тиймээс Тоёото Приус-20 маркийн 73-85 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М.Баярмагнай нь МУ-ын ЗХД-ын 3.4 “а”-р заалтыг зөрчин гэрлийн тусгалын чадал стандарт шаардлагад хүрэхгүй байгаа нь зам тээврийн осолд хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй байна. Хариулт 4. Энэ асуултад техникийн шинжээч хариулах боломжгүй.” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер-Техникийн шинжилгээний газрын Хэргийн газрыг сэргээн дүрслэх лабораторийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ЕГ0225/190, ЕГ0225/191 дугаар: “1. Хяналтын камерын төхөөрөмжөөс хөрвүүлсэн авсан дүрс бичлэг, Хавтаст хэрэгт авагдсан материал зэрэг дээр үндэслэн осол хэргийн газрын ЗД загварыг гаргаж тээврийн хэрэгслийн дотор талаас гадна орчны харагдах байдлыг гэрэл зургаар гаргав. 2. Мөрдөгчийн тогтоолд дурдсан 3301 УБВ гэх тээврийн хэрэгслийг харанхуй орчинд туршилтын бичлэг, хэмжилт хийхэд ойрын гэрэл: 15.2м, Холын гэрэл: 34,2м зайд тусаж байгааг гэрэл зураг, бичлэгээр харуулав. 3. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгээс осол болох үеийн гэрлийн тусгалын зайг хэмжих боломжгүй байна. Уг дүрс бичлэгт тээврийн хэрэгсэл нь цагаан өнгийн кабель бүхий зүйлээр халхлагдсан байх тул. 4. Тоёото Приус маркийн 3301УБВ гэх тээврийн хэрэгслийн туршилт хийх явцад урд гэрлийн хэсгийг жолоочийн удирдах хэсгээс шилжүүлэхэд хол, ойр, дохио хэсэг ажиллагаатай хэвийн байна. 5. Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэрэгт авагдсан 2024 оны 06 сарын 05-ны өдрийн шинжээч цагдаагийн ахмад Э.Гансүхийн үйлдсэн гэрэл зургийн үзүүлэлтэд оруулсан зураг №3,4 болон дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2024-06-04 23:23:39 секундээс 2024-06-04 23:23:40 хүртэлх секундэд дүрслэгдэх “3301 УБВ” гэх тээврийн хэрэгслийн зүүн талын гэрлийн тусгал байхгүй байгаа нь тогтоогдож байна. 6. Хавтаст хэрэгт авагдсан Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч үзлэгийн инженер Н.Гунаасүрэнгийн дүгнэлтийн 2 дугаар хуудсанд /хавтаст хэргийн 142 хуудас/ “зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ 5600сd, ойр дээрээ 2500 сd (стандарт 10000-225000 сd), баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ Осd, ойр дээрээ Осd (стандарт 10000-225000сd)” гэсэн гэрлийн чадлын үзүүлэлтийг ашиглан гэрлийн тусгалын зайг зургаар харуулав.” гэх дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 32-40 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер-техникийн шинжилгээний газрын Хэргийн газрыг сэргээн дүрслэх лабораторийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0225/432 дугаар: “1.Холын гэрлийн стандартын 10,000-225,000сd хүчин чадал нь онолын хувьд 100-474 метр хүртэл саадыг харах боломж олгодог. Орчны гэрлийн нөлөө, тээврийн хэрэгслийн гэрлийн бүрхүүлийн бохирдол, гэмтэл зэргээс шалтгаалан 10-20% бууруулан үзэхэд багадаа 80-100м, хамгийн ихдээ 400м хүртэл зайнд тусгал өгнө.” гэх дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 48-51 дүгээр хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас),

3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 6-11 дүгээр хуудас),

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 12 дугаар хуудас),

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 13-16 дугаар хуудас),

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 55 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

“Ж” ХХК-ийн тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 107 дугаар хуудас),

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 106 дугаар хуудас),

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 105 дугаар хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 103 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 93 дугаар хуудас),

Шийтгэх тогтоолын хуулбарууд (2 дугаар хавтаст хэргийн 96-100 дугаар хуудас), Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “гомдол, саналгүй” гэх гар бичмэл, “Медвик” эмнэлгийн тодорхойлолт (нийт 2 хуудас) зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас: “Шүүгдэгч Г  нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Галданбошигтын гудамж Дэнжийн 1000-н цагаан байрны зүүн хойд замд 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 23 цаг 26 минутын орчимд Тоёото Приус маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчиж зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б-ыг мөргөсний улмаас түүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоолгох саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г  болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г  нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Галданбошигтын гудамж Дэнжийн 1000-н цагаан байрны зүүн хойд замд 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 23 цаг 26 минутын орчимд Тоёото Приус маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б-ыг мөргөсний улмаас түүний амь нас хохирсон үйл баримт тогтоогдож байна.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2066 дугаар дүгнэлтээр амь хохирогч Ц.Б-т цээжний хэнхэрцэг зүүн 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга, баруун 2, 3, 4, 5, 6-р хавиргануудын шууд хугарал, зүүн нүдний ухархай, хоншоор ясны гадна хана зөрөөгүй хугарал, эрүү ясны зөрсөн хугарал, 2 атгал ясны хүзүу хэсгээр бяцарсан, баруун далны яс сэртэнгээр бяцарсан хугарал, баруун шаант, тахилзуур яс дээд 3/1-н хэсгээр, зүүн шаант, тахилзуур яс доод 1/3 хэсгээр ташуу сэлтэрхийт хугарал, элэгний эдийн няцрал, хэлийн хөндийд шингэн хуралдалт /500 мл/, баруун бөөрний өөхөн эдийн цус хуралт, хуйхны цус хуралт, баруун, зүүн хөмсөг, эрүүний язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн шуу, өвдөгний цус хуралт, зулгаралт, баруун нүдний дээд зовхи, шанаа, хэвлий, ташаа, цээжний зулгаралт” гэмтэл тогтоогдсон байх ба “үхэлд хүргэхэд нөлөөлсөн болно” гэх гэх шинжээчийн дүгнэлт гарсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан ба мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний  аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг зааж өгчээ.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн болгоомжгүй болон холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

Шүүгдэгч Г  нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заасныг тус тус зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, энэхүү үйлдлийн улмаас хохирогч  Ц.Б-ын амь нас хохирсон байх бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл, хохирогчийн амь нас хохирсон хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж тус тус заасан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “... миний төрсөн ах амь хохирсон юм. Миний бие Ц.Х нь талийгаачийн төрсөн дүү юм. Г т гомдол, санал байхгүй тул энэ хэргээс ял шийтгэлгүй гаргаж өгөөч гэж шүүхэд өөрийн биеэр хүсэлт гаргаж байгааг минь хүлээн авна уу” гэх гар бичмэлийг өгсөн байх тул шүүгдэгч Г ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулах саналтай байна...” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Энэ хэрэгт замын цагдаагийн газраас мөрдөгчийн магадалгаа гарсан байдаг. Тус магадалгаагаар замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн талаар тусгасан байдаг. Өмгөөлөгчийн зүгээс энэ хэрэгт хохирогчийн буруутай үйлдэл байгаа гэж харж байгаа. Учир нь замын хөдөлгөөний тухай хуульд зааснаар явган зорчигчийн гарцгүй газраар хэрхэн явах талаар хуульчилж өгсөн байдаг. Тус заалтыг зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэсэн хэдий ч миний үйлчлүүлэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байдаг. Мөн хувийн байдлын тухайд өрх толгойлсон эцэг хүн байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул гомдол саналгүй гэх бичгийг шүүхэд гаргаж өгсөн байдаг тул улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг дэмжиж байна. Иймд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтүүдийг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж,

мөн хуулийн ерөнхий 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийн хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба,

мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байх ба “хөнгөн” гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүхээс шүүгдэгч Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугийн хэлбэр болгоомжгүй болон холимог хэлбэрээр үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирол нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэх эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэх зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Г т тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж шийдвэрлэв.

Бусад асуудлаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Г   урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч Г т тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                            М.ТҮМЭННАСТ