| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 194/2025/2222/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2530 |
| Огноо | 2025-11-07 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Дашням |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2530
2025 11 07 2025/ШЦТ/2530
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч Б.Дашням,
шүүгдэгч Х.М нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.М-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2311 01130 1277 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х.М, Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.М нь Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... төвд үйл ажиллагаа явуулдаг үнэт эдлэлийн дэлгүүрт худалдагчийн үүргийг гүйцэтгэж байхдаа Л.Э-ын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох мөнгөн тоногтой эмээлийг 2022 оны 04 дүгээр сард бусдад худалдан 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд тухайн эмээлийн үнэ буюу мөнгийг эзэмших эрхийг үргэлжилсэн үйлдлээр завшиж Л.Э-ын эзэмших эрхэд 22.000.000 төгрөгийн хохирлыг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч Л.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрөө алт, мөнгөөр эмээлийн хэрэглэл хийж зардаг бөгөөд Тайван төв дээр 4-5 жилийн өмнөөс сууж, гар хийцийнхээ эд зүйлсийг зарж эхэлсэн. Харин М гэх залуутай тухайн үедээ танилцаж байсан бөгөөд М нь миний юмыг зарж өгөөд, өөрөө дундаас нь ашиг гаргадаг байсан юм... Би 2022 оны эхээр Батноров хийцийн, луут эмээлийг иж бүрэн буюу сургүй хазаар, сургүй хударга, ташуур зэргийг хийж байсан. Ингээд тухайн эмээлийг иж бүрнээр нь 22.000.000 төгрөгт зарна гэж хэлж байсан. Гэтэл М нь 2022 оны 04 дүгээр сард намайг байхгүйд тухайн эмээлийг аваад явчихсан байсан. Би тэр үед эмнэлэгт хэвтэж байсан юм. Би эмнэлгээс гараад лангуун дээрээ иртэл эмээл байхгүй болохоор нь М-тай утсаар ярьж асуухад “би эмээлийг 22.000.000 төгрөгөөр зарчихсан, мөнгийг нь өгнө” гэж хэлж байсан. Би тэр үедээ юм бодоогүй. Учир нь М миний юмыг зараад, мөнгийг нь өгдөг, миний итгэлийг олсон хүн байсан юм... Гэтэл тэр өдрөөс хойш М надтай дахиж биечилж уулзаагүй. Хааяа утсаар ярихаараа “би мөнгийг чинь өгнө... машин тэргээ зараад ч хамаагүй мөнгийг чинь өгнө...” гэж хэлдэг байсан. Тэгээд сүүлдээ бүр ярихаа болиод, миний утсыг авахаа больчихсон... М-д лангууны 1 илүү түлхүүр байсан юм. Би түлхүүрээ хувилаад өгчихсөн байсан. Голцуу М лангуун дээр суудаг байсан. Би хааяа нэг очиж шалгадаг л байсан... Би шинээр эд зүйл хийгээд, лангуун дээрээ тавьдаг байсан. Тавихдаа М-д тухайн эд зүйлийг тэдэн төгрөгт зарна гэдгээ хэлдэг байсан. Мөн М лангуун дээрээ сууж байгаад эд зүйл хүн худалдаж авахаар болбол над руу залгаад “энэ зүйлийг дээр зарах вэ, хүн авъя гэж байна” гэж асуудаг байсан. Эд зүйлээ зарсныхаа дараа худалдан авсан хүн нь мөнгөө бэлнээр өгсөн бол бэлнээр өгчихдөг. Дансаар хийсэн бол миний данс руу шилжүүлээд өгчихдөг байсан... М надад тэр эмээлийг зарах гэж байгаа талаараа хэлээгүй. Зарсан гэдгээ ч бас хэлээгүй. Би өөрөө асууж байж мэдсэн. Надад хэлэхдээ нэг найздаа өгчихсөн, мөнгийг нь удахгүй өгнө л гэж хэлж байсан. Яг хэн гэж хүнд, яаж зарсан талаараа хэлээгүй. Ер нь бол авч яваад, энд тэнд очиж зардаг байсан... ...Би М-д тухайн эмээлийг 22.000.000 төгрөгт зарахыг зөвшөөрсөн байсан... М миний төв халх эмээлийг бусдад зараад надад түүнээс 1.600.000 төгрөгийг өгсөн. Би өөрөө ингэж зарахыг нь зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43, 103-104 дүгээр хуудас),
Гэрч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сардаа байх, манай гэрийн шүүгээн дээр нэг эмээл байгаад байсан. Би М-аас асуусан чинь “Э ахын эмээл, хүнд зарах гэсэн чинь авахаа больчихлоо” гэж хэлж байсан. Тэгэхэд нь би “хүний юм хурдан буцааж өгөөрэй, үнэтэй цайтай юм гэр оронд байлгаад яах гэсэн юм” гэхэд “аваачаад өгчихнө өө” гэж хэлж байсан. Тэгээд нэг их удалгүй эмээл нь байхгүй болсон. Тэгэхээр нь би эмээлийг нь буцаагаад аваачаа өгсөн юм байна гэж бодсон... М өөрөө Э ахын эмээлийг Т гэдэг хүнд өгчихсөн байгаа гэж хэлж байсан. Э ахад ч тэгж хэлсэн байдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас),
Шүүгдэгч Х.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Т гэдэг хүнтэй өмнө наймаа хийж байсан юм. Э ахын алтан бөгж, эмээлийн тоног зэргийг Т-д зарж байсан юм. Тэгээд Т Э ахын уг эмээлийг сонирхъё, үзье, аваад ирээч гэж хэлж байсан. Ингээд 2022 оны 04 дүгээр сарын үед Т гийн гэрийн гадаа, 25 дугаар эмийн сангийн орчим уг эмээлийг Т д үзүүлж байсан. Т эмээлийг үзээд авахаар болоод 14 хоногийн дараа мөнгийг нь өгье гээд авсан. Энэ талаар Э ахад “эмээлийг чинь зарсан, 14 хоногийн дараа мөнгийг нь өгнө гэж байна” гэж хэлж байсан. Тэгээд Т гээс мөнгөө авч чадахгүй хэсэг яваад, жил гаран болж байж мөнгөө авсан. Тэгээд би 2023 оны 10 дугаар сарын үед Говь-Алтай аймгийн Бигэр суманд очоод, жил гаран хугацаанд алтны уурхайн нөхөн сэргээлтэн дээр “Бигэр Есөн Эрдэнэ” нөхөрлөлд ажилласан юм. Тэгээд хүнээс унагалдай буюу экскаватор худалдаж аваад тал мөнгийг нь өгөөгүй байж байгаад Т ээс авсан эмээлийн мөнгөнөөс 10 сая төгрөгийг нь тухайн хүнд өгчихсөн юм. Тэгээд энэ дээр ашиггүй болчхоод Э ахад мөнгийг нь өгч чадаагүй юм... Т д би Э-ын эмээлийг 25 сая төгрөгөөр зарсан. Хамгийн эхэнд орж ирсэн 3 сая төгрөг нь Э ахын төв халх эмээлийн тоног зарсан мөнгө байгаа юм. Уг тоног нь эмээлийн модтойгоо байсан бөгөөд мод нь миний мод, тоног нь Э-ынх байсан. Тоногны мөнгө болох 1.800.000 төгрөгийг бол Э ахад дансаар нь шилжүүлээд өгчихсөн. Харин уг эмээлийг зарсан мөнгөний 22 сая төгрөгийг нь Э ахад өгөх ёстой байсан. Э ахад 10 сая төгрөгийг нь өгсөн байгаа. Одоо 12 сая төгрөгийг өгөх дутуу байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 98-100 дугаар хуудас),
“Дамно Үнэлгээ ХХК”-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 56-59 дүгээр хуудас),
Х.М-ын эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, тус хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 75-80 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Гэрлэсний бүртгэлтгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 84 дүгээр хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 83 дугаар хуудас),
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 82 дугаар хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 85 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч Х.М нь Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... төвд үйл ажиллагаа явуулдаг үнэт эдлэлийн дэлгүүрт худалдагчийн үүргийг гүйцэтгэж байхдаа Л.Э-ын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох мөнгөн тоногтой эмээлийг 2022 оны 04 дүгээр сард бусдад худалдан 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд тухайн эмээлийн үнэ буюу мөнгийг эзэмших эрхийг үргэлжилсэн үйлдлээр завшиж Л.Э-ын эзэмших эрхэд 22.000.000 төгрөгийн хохирлыг учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруу дээр маргаагүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Х.М нь Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... төвд үйл ажиллагаа явуулдаг үнэт эдлэлийн дэлгүүрт худалдагчийн үүргийг гүйцэтгэж байхдаа Л.Э-ын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох мөнгөн тоногтой эмээлийг 2022 оны 04 дүгээр сард бусдад худалдан 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд тухайн эмээлийн үнэ буюу мөнгийг завшиж Л.Э-ын эзэмших эрхэд 22.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлд “Завших” гэмт хэргийг хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хөрөнгө завших гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж,
3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж,
мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тус тус заасан.
Хэргийн үйл баримтаас шүүгдэгч Х.М нь хохирогч Л.Э-ын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох мөнгөн тоногтой эмээлийг худалдан борлуулж олсон мөнгөн хөрөнгийг завшсан болох нь тогтоогдсон.
Харин улсын яллагчаас мөнгөн тоногтой эмээлийг худалдан борлуулсан мөнгийг 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 10.000.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 5.000.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Х.М өөрийн ХААН банкин дахь дансандаа авснаар “үргэлжилсэн” үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн.
Шүүгдэгч Х.М-ын үйлдэлд үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн шинж тогтоогдохгүй байна.
Учир нь тухайн гэмт хэргийн обьект нь хохирогч Л.Э-ын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох мөнгөн тоногтой эмээл байх бөгөөд тухайн эд хөрөнгийг бусдад худалдан борлуулсан төлбөрийг анхнаасаа шүүгдэгч Х.М өөрийн дансандаа хуваан авч байгаа нь “завших” гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн гэж үзэх үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.М-ын үйлдэл нь хохирогч Л.Э-ын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох мөнгөн тоногтой эмээлийн төлбөрийн завшсан гэж үзэх бөгөөд төлбөрийн хуваан шилжүүлж түүнийг авсан нь нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй.
Мөн уг шүүгдэгчийн үйлдэлд хууль буцаан хэрэглэх үндэслэл үүсээгүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлах, мөн 3 дахь хэсгийг буюу гэмт хэрэг үйлдсэн хугацааг тооцож тогтоох үндэслэл шаардлага үүсээгүй байна.
Шүүгдэгч Х.М нь Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... төвд үйл ажиллагаа явуулдаг үнэт эдлэлийн дэлгүүрт худалдагчийн үүргийг гүйцэтгэж байхдаа Л.Э-ын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох мөнгөн тоногтой эмээлийг 2022 оны 04 дүгээр сард бусдад худалдан борлуулж, тухайн эмээлийн үнэ буюу 22.000.000 төгрөгийн хохирол учруулсан байгаа нь бага хэмжээнээс дээш буюу 300.000 төгрөгөөс дээш хохирол учруулсан байх тул “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Х.М нь хохирогч Л.Э-ын мөнгөн тоногтой эмээлийг хувьдаа завшсан идэвхтэй үйлдэл болон уг үйлдлийн улмаас бусдад учирсан 22.000.000 төгрөгийн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Х.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,
510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Хохирогч Л.Э-т учирсан хохирлоос төлөгдөөгүй гэх 12.000.000 төгрөгийг түүнд 9 дүгээр сарын 18-ны өдөр Х.М-аас барагдуулсан байх ба хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “хохирлоо барагдуулсан, суухгүй, гомдолгүй” гэжээ.
Иймд шүүгдэгч Х.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Х.М-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4.100.000 төгрөг торгох ял оногдуулж уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн саналтай байна...” гэх саналыг гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн үйлдэлээ дүгнэлт хйисэн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзаж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Х.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Х.М-ын дансны хуулга бүхий нэг ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргав.
Шүүгдэгч Х.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Х.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Х.М-ын дансны хуулга бүхий нэг ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Х.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ