Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 135/ШШ2023/00740

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 135/ШШ2023/00740

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2023/00473/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Дархан баг, Уурхайчид ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, утас: 9921****, ************* регистрийн дугаартай, Ш овогт Мы Жийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Дархан баг, ** дугаар байр, ** тоотод оршин суух, утас: 9939****, МЗ76****** регистрийн дугаартай, Б овогт Нын Мт холбогдох,

1,399,800 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.Ж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

Хариуцагч Н.М,

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр эхнэр хүүхдүүдтэйгээ Дарханд ирээд ***************** ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж ************** цахилгаан барааны дэлгүүрээс лизингээр Самсунг загварын 50 инчийн зурагтыг 2,390,900 төгрөгөөр, лисва загварын плиткийг 1,300,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд хариуцагчийг өглөө дуудаж юм ачуулъя гэхэд за гэсэн. Тухайн үед би тус дэлгүүрийн хоёр ажилтны хамт зурагтаа шалгаж үзэж аваад хайрцагт нь хийлгэсэн. Түгээгч нь намайг гараад машинаа ойртуул гэхээр нь би дэлгүүрийн ард машинаа дуудаж авчруулаад эхлээд плиткийг арын суудал дээр тавиад зурагтаа хойд хаалгаар орохгүй болохоор нь сандлыг нь буулгаж байгаад урд хаалгаар плиткийн дээр тавьсан. Би 3 хүүхэд эхнэрийн хамт явж байсан учраас та аваачаад өгчих би араас чинь яваад очно гээд явуулсан. Ингэхдээ би 50,000 төгрөгийн тээврийн хөлс төлсөн. Би орой 5 цаг өнгөрч байхад гэртээ очоод зурагтаа хайрцгаас нь гаргаж хананд тогтоогоод зурагтаа асаахад дэлгэц нь цуурсан, цууралт нь гол хэсэгтээ байсан. Тэгээд худалдаж авсан газар руугаа эхлээд залгасан, тэгэхэд ажил тарсан та маргааш ирэх боломжтой юу гэсэн. Би дахиад энэ ах руу залгаж хэлсэн тэгэхэд би хагалаагүй гэж хэлсэн. Зурагтыг авчирч буулгахад манай хадам ээж, аав хоёр хүлээж авч гэрт оруулсан. Тэр оройдоо би 7 цаг өнгөрч байхад Дарханд зурагтаа авч ирээд өглөө 10 цагт дэлгүүр онгойход зурагтаа авч очоод энэ ахыг дуудсан, энэ ах ирээд зурагт хагарсан байхыг харсан. Буудай центерээс авахдаа үзэж харж авсан, гэрт очоод асааж үзэх гэхэд зурагт хагарсан байсан. Тэгэхээр энэ жолооч ширүүн явсан уу? хажуудаа хүн авч явсан байж магадгүй гэж бодож байгаа. Зурагтыг 1,399,800 төгрөгөөр засагдана гэж Самсунгийн засварын газар хэлсэн учраас хариуцагчаас 1,399,800 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Н.М нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Тухайн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 12 цаг өнгөрч байхад М.Ж цахилгаан бараа ачуулъя гэж намайг дуудсан. Би тухайн үед хүнгүй байсан, учраас очсон. Тэгэхэд 1 том лисва плитка, 50 инчийн зурагт зэргийг ачих гэсэн юм гэхээр нь багтах юм уу гэхэд багтах байх гэсэн. Тэгээд багтахаар бол ачаад явъя гэж зөвшөөрсөн. Тэгээд тухайн худалдааны төвийн араар очиход доор зоорины давхар юм уу, В1 давхраас М.Ж нэг залуугийн хамт тэргэнцэр дээр түрж, өргөж гарч ирээд миний машинд ачсан. Зурагтыг нь хойгуур нь ачих гэтэл орохгүй байхаар нь урд хаалгаар оруулж ачсан, бүгд хайрцаг савтай, хөөсөн хамгаалалттай байсан. Тухайн өдөр манай эхнэр мөн Дарханд ирчихсэн байсан ...чи явах юм уу гэхэд явахгүй гэсэн тэгээд би ганцаараа яваад 13 цаг өнгөрч байхад Шарын голд очихдоо манай Шарын гол наанаа 26 км засмалтай, цаанаа 18 км засмалтай, голдоо 8,3 км сайжруулсан замтай. Тухайн өдөр цастай донсолгоо мэдрэхгүй явсан. Энэ хоёрын хооронд 30-40 минут явдаг. Ингээд очоод М.Ж хадам ээжийнхээ дугаарыг өгсөн байснаар нь залгахад хадам ээж, аав хоёр нь гарч ирээд даахгүй юм байна усны тэргэн дээр тавья гээд тэрэг авч ирээд дээр нь ачаад аваад орсон. Би хаалгыг нь онгойлгож хааж өгөөд М.Ж руу залгаад авчирч өглөө шүү гэж хэлээд явсан. Маргааш орой нь над руу залгасан санагдаж байна. Маргааш нь та хүрээд ирээч гээд залгахаар нь би завгүй очоогүй. Дахиад маргааш нь та хүрээд ирээч гээд залгаад байхаар нь очиход зурагт нь гарахгүй цэхэлзээд байсан. Ж хэлэхдээ 10 орчим секунд дүрс нь гарч ирээд алга болсон гэж яриад байгаа. Миний машин дотор дэлгэц хагарсан гэж итгэхгүй байна. Би урьд нь зурагт багаажиндаа хүртэл авч явж байсан. Мэдээж том компани хагархай зүйл өгөөгүй байх. Гэхдээ би эвдрэлгүй байсан эсэхийг мэдэхгүй, хайрцаг савтай байсан. Аваачиж өгсний дараа энэ хүн оруулахдаа ч юм уу эвдэлсэн байх гэж бодож байна. Ачаатай машинаар авч явсан бол хагалсан байхыг үгүйсгэхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 3-4 дэх тал/, Нью динамик ХХК нь М.Жээс 1,399,800 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэхийн хуулбар /хавтаст хэргийн 5 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 6 дахь тал/, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02/23-000116 тоот Зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 7-9 дэх тал/, 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 10 дахь тал/, ************** ХХК-ийн 31306 дугаартай албан бичгийн хуулбар /хавтаст хэргийн 37 дахь тал/, *************** ХХК нь М.Жээс 1,399,800 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэх /хавтаст хэргийн 38 дахь тал/, хяналтын камерын бичлэг бүхий сиди 1 ширхэг зэргийг,

Хариуцагч нь хариу тайлбартай холбогдуулан нотлох баримтаар Дархан-Уул аймгийн ************** ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 09 дугаартай, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 010 дугаартай тодорхойлолтууд /хавтаст хэргийн 21, 39 дэх тал/, 6*-2* ДАА улсын дугаартай Sonata-LF маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хавтаст хэргийн 42 дахь тал зэргийг тус тус шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч М.Ж нь хариуцагч Н.Маас Самсунг загварын 50 инчийн зурагт тээвэрлэж хүргэхдээ дэлгэцэнд гэмтэл учруулсан үндэслэлээр зурагтын дэлгэц засварлуулах үнэ 1,399,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Нэхэмжлэгч М.Ж нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ************* ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, *********** ХХК-ийн цахилгаан барааны дэлгүүрээс Самсунг загварын 50 инчийн зурагтыг 2,390,900 төгрөгөөр, Плитка 1 569,900 төгрөгөөр худалдан авч хариуцагч Н.Мын Соната маркийн автомашинаар Дархан сумаас Шарын гол суманд байрлах өөрийн гэртээ хүргүүлэхээр харилцан тохиролцож, тээврийн хөлсөнд 50,000 төгрөг өгсөн үйл баримт зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ, барьцааны гэрээ, СД бичлэг, гэрч ************** ХХК-д инженер ажилтай Б.Аийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 7-10 дахь тал/

3. Талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн байна.

4. Хариуцагч Н.М нь Дархан-Шарын гол, Шарын гол-Дархан чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг талаар *********** ХХК-ийн тодорхойлолтыг, 6*-2* ДАА Соната маркийн автомашин нь ************** ББСБ-ийн эзэмшилд бүртгэлтэй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгч талд эзэмших эрхийг шилжүүлсэн талаар тайлбар гаргаж, нотлох баримтыг ирүүлжээ. /хавтаст хэргийн 39-42 дахь тал/

5. Нэхэмжлэгч М.Ж нь нэхэмжлэлийн үндэслэлийг шүүх хуралдаанд ...цахилгаан барааг шалгаж аваад бүрэн бүтэн ачуулсан. Өөрөө Дарханд үлдээд орой гэртээ очоод зурагтаа хайрцгаас нь гаргаад хананд өлгөөд залгатал дэлгэцийн дээд талын гол хэсгээр цуурч хагарсан байсан ба цагаан зураас гараад дэлгэц нь нээгдээгүй. Тэгээд тэр дор нь худалдан авсан газар руугаа болон тээвэрлэсэн жолооч руугаа ярьсан. *************** дэлгүүрээс маргааш ир гэсэн, өглөө нь би Дарханд ирээд 10 цагт онгойход нь оруулж өгсөн. Жолоочийг дуудахад ирээд үзсэн. Самсунг засварын газарт очиход 1,399,800 төгрөгөөр дэлгэц солих засвар хийгдэнэ гэсэн тул уг төлбөрийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан.

6. Хариуцагч Н.М нь татгалзлын үндэслэлийг ...2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 12 цаг өнгөрөөгөөд намайг дуудсан, 1 дэх өдөр байсан, эндээс юм ачаад явна гэсэн тэгээд том лисва плиткийг машины арын суудал дээр тавьж, урд хаалгаар хайрцагтай 50 инчийн зурагтыг дээр нь тавьсан. Тэгээд хөдлөөд 1 цаг өнгөрч байхад Шарын гол суманд очсон. 26 км замын 17 км нь засмалтай, 8.5 км нь сайжруулсан замтай 30-50 минут явдаг. М.Ж нь хадам ээжийнхээ утсыг өгсөн тул утсаар ярихад хашааныхаа гадаа 2 хүн усны тэрэгтэй гарч ирсэн. Уг тэргэнд ачихад би хаалгыг нь онгойлгож өгөөд оруулсан. Тэгээд тэр өдрийн маргааш орой нь зурагт гардаггүй гэж хэлсэн. Маргааш нь яваад очиход зурагт дүрс байхгүй байсан. Зурагтын дэлгэцийн дээд өнцөгт дэлгэц хагарсан байсан. Би тээвэрлэж байхдаа эвдэрсэн гэдэгт итгэхгүй байна, хайрцагтай, дотроо хамгаалалтын хөөцсөнцөртэй. Зурагтыг оруулахдаа, буулгахдаа, өлгөхдөө унагаасан байх боломжтой гэж тайлбарласан.

7. Нэхэмжлэгч М.Жийг ************ ХХК-ийн Дархан салбараас 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр UE50AU7100UXCE загварын 2,390,900 төгрөгийн үнэтэй зурагтыг худалдан авахад нь тухайн байгууллагын зүгээс цахилгаан хэрэгслийг түүний хажууд шалгаж, асааж, эхний тохиргоог хийж, хайрцаг саванд нь боож, баглаж хүлээлгэн өгч, гадаа байгаа тээврийн хэрэгсэлд нь хэрхэн ачиж тээвэрлэх талаар зааварчилгаа өгч ачуулсан талаар гэрч Б.Ариунбүүвэй шүүх хуралдаанд мэдүүлсэн ба зурагтыг бүрэн бүтэн ачуулсан талаар талууд маргаагүй болно.

8. Ачааг Шарын гол суманд нэхэмжлэгчийн аав, ээж 2 хүлээн авсан гэж талууд тайлбарлаж, нэхэмжлэгч нь зурагтын гадна хайрцгийн дээд хэсэгт нугалаа үүссэн, цоороогүй байсан гэж маргаж байгаа боловч ачааг хүлээн авахдаа хайрцгийн гадна хэсэгт үүссэн гэмтэл байсан эсэхийг уг ачааг авахдаа тээвэрлэгчийн хамт шалгаж, хүлээн авсан эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь тээвэрлүүлсэн орой нь ирээд зурагтаа өлгөхдөө дэлгэцийн дунд хэсэгт цуурсан байсан тэгээд тэр орой нь жолоочид мэдэгдсэн гэж, хариуцагч нь бид 2 цуг ажилладаг маргааш орой нь надад нөгөө зурагт гардаггүй гэж хэлсэн, тэр орой нь яриагүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч нь зурагтыг шалгаж хүлээн авсан, хайрцаг саванд учирсан гэмтэл болон зурагтын гэмтлийн талаар утсаар ярьсан, мэдэгдсэн байдлыг баримтаар нотлоогүй байна.

9. Нэхэмжлэгч нь дэлгэц солиулахад гарах зардал 1,399,800 төгрөг гэсэн ********* ХХК-ийн нэхэмжлэх ирүүлсэн боловч гэрчийн мэдүүлгээр зурагт нь *********** ХХК-ийн агуулахад байгаа, уг байгууллагаар дамжуулан цаад засварлах компанид нь шилжүүлдэг, дэлгэц солиход 1,600,000 төгрөг болох талаар мэдэгдсэн, зурагтын эзэн нь төлбөрөө төлөх үүрэгтэй талаар мэдүүлсэн зэргээс зурагтын дэлгэцийг засварласан улмаар засварласны хөлс нэхэмжилсэн байдал үгүйсгэгдэж байна.

Нэхэмжлэгч буюу ачааг хүлээн авагч нь ачааг хүлээн авахдаа тээвэрлэгчтэй хамт түүнийг шалгаагүй, ачааны илэрхий гэмтэл, дутагдлын талаархи шаардлагыг ачаа хүлээн авсан өдөр тээвэрлэгчид мэдэгдэж гомдлын шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байх тул Иргэний хуулийн 394 дүгээр зүйлийн 394.1, 394.2-т зааснаар ачааг хүлээн авсанд тооцож, гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

10. Тодруулбал, нэхэмжлэгч нь ачааг хүлээн авсан 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гадна сав, баглаа боодол буюу зурагтын хайрцагт гадны нөлөөлөлөөр гэмтэл үүссэн эсэх талаар тээвэрлэгчийн хамт хүлээлцээгүй, тээвэрлүүлсэн барааны тодорхой хэсэгт чанарын өөрчлөлт гарсан талаар мэдсэн атлаа тухайн өдөр гомдлын шаардлагыг тээвэрлэгч талд мэдэгдээгүй нь уг гэмтэл тээвэрлэлтийн улмаас үүссэн эсэхийг илрүүлэх боломжийг алдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 395 дугаар зүйлийн 395.1 дэх хэсэгт зааснаар тээвэрлэлтийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жилийн дотор шүүхэд гомдлын шаардлагаа гаргасан боловч ачааны илэрхий гэмтэл, дутагдлын талаарх гомдлоо тухайн өдөр нь тээвэрлэгчид гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 394 дүгээр зүйлийн 394.2-т тус тус зааснаар хариуцагч М.Жийн нэхэмжлэлтэй Н.Мт холбогдох 1,399,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,502.80 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА