Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 135/ШШ2023/00801

 

 

2023 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 135/ШШ2023/00801

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2023/00472/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ** дугаар хороололд байрлах, утас: 9998****, 27***** регистрийн дугаартай, Д********** ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, ****** тоотод оршин суух, утас: 9935****, ************* регистрийн дугаартай, Б овогт Сын Бт холбогдох,

11,422,249.60 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н,

Хариуцагч С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д***** ХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Дархан-Уул аймаг, Дархан сум, 09 дүгээр баг, 04 дүгээр хороолол, ** дугаар байр, ** дугаар орцны ** тоот оршин суух Ц.Т нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний 130,044.90 төгрөгийн төлбөртэй. Үүнээс хойш 2018 оны 01 дүгээр сарын 31-нийг хүртэл цэвэр бохир усны төлбөр 1,175,730 төгрөгийн үлдэгдэлтэй. 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1,352,240.79 төгрөгийн үлдэгдэлтэй. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай байгууллагад хүсэлт өгсний үндсэн дээр сахилгын зөвлөлийн хурлаар 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/*** тушаал 438,049 төгрөгийг хасаж, эзэнгүй байсан хугацааны төлбөрийг хөнгөлсөн. Нийт үнийн дүнгийн 50 хувийг чөлөөлж, дээр нь эзэнгүй хугацааны 41 сарын суурь хураамж авах болсон. 2018 оны 10 сарын байдлаар 573,129 төгрөгийн үлдэгтэй. Үүнээс хойш суурь хураамж 33,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 25-нд 168,000 төгрөгийг Хаан банканд тушааж, 2019 оны 11 дүгээр сарын 28-нд сард 40,000 төгрөгийг төлсөн. 770,257.92 төгрөг үлдсэн. 2019 оны 11 дүгээр сарын 30-нд 33,593 төгрөг нэмэгдээд 803,851.91 мөнгө болсон. 2019 оны 12 дугаар сарын 26-нд дахин 40,000 төгрөг төлсөн. Ингээд 763,851.91 мөнгө болсон. 12 дугаар сарын төлбөр 33,593 төгрөг нэмэгдээд 12 сарын 31-ний өдрийн байдлаар 797,445.90 үлдсэн. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс суурь хураамж нэмэгдээд 2021 онд төрөөс хөнгөлөлт үзүүлсэн төлбөрийн үнийн дүнг хассан. 2023 оны 4 дүгээр сарын 01-ний сарын байдлаар 1,422,249.60 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн гэв.

Хариуцагч С.Б нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Уг байрыг худалдан авснаас хойших төлбөрийг хариуцна. 2018 оны 08 дугаар сараас өмнөх төлбөрийг бүхэл бүтэн байгууллага байж 2015 оноос 2018 оныг хүртэл өрийг хуримтлуулж байсан бэ? гэдгийг асуумаар байна. Байгууллага жилийн эцэст тайлан тооцоогоо хийгээд аудитаар шалгуулдаг. Өр төлбөрийг тухайн үед яагаад нэхэмжилж аваагүй бэ? гэдгийг асуумаар байна. Миний бие үүн дээр гомдолтой байна. Анх байрыг худалдаж авахад 00 тоот гээд авсан. Гэтэл танай байгууллага мөнгө нэхэмжлэхдээ 02 тоот гээд өр нэхэмжлээд байгааг асуумаар байна. 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс хойших 470,009 төгрөгийн төлбөрийн асуудлыг иргэн хүний үүргийг биелүүлж төлнө маргах зүйлгүй гэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 2 дахь тал/, итгэмжлэл /хавтаст хэргийн 3 дахь тал/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 4 дэх тал/, байцаагч Б.Цийн тодорхойлолт /хавтаст хэргийн 5 дахь тал/, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хавтаст хэргийн 6, 55-56 дахь тал/, төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан /хавтаст хэргийн 7, 57 дахь тал/, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн **** дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хавтаст хэргийн 8-9 дэх тал/ зэргийг,

хариуцагч талаас нотлох баримтаар 0067**** дугаартай Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 23 дахь тал/, 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хугацааны харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хавтаст хэргийн 25-26 дахь тал/, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаартай Худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувь /хавтаст хэргийн 27 дахь тал/, С.Бийн иргэний үнэмлэх, Э.Сийн иргэний үнэмлэхийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 28 дахь тал/, 2019 оны 06 дугаар сарын 11-ний дөрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 29 дэх тал/, С.Бын Д********* ХК-ийн хуулийн зөвлөхөд гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 30 дахь тал/ зэргийг тус тус шүүхэд ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 36 дахь тал/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д********* ХК нь хариуцагч С.Бд холбогдуулан 2014 оны 12 дугаар сараас 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх цэвэр, бохир усны төлбөрт 1,422,249.6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дархан-Уул аймаг, Дархан сум, 09 дүгээр баг, 4 дүгээр хороолол, ** дугаар байр, ** тоот нь С.Бийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийг солих хүсэлт гаргаж, хариуцагчаар С.Бийг татан оролцуулсан байна.

3. Хариуцагч С.Б нь уг 00 тоотыг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Э.Сгээс худалдаж авсан, худалдан авахдаа усны өр төлбөртэй эсэхийг асуухад тухайн үед байхгүй талаар мэдэгдсэн. Гэтэл одоо түүнээс өмнөх буюу 2014 оны 12 дугаар сараас хойших төлбөрийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Харин 2018 оны 08 дугаар сараас хойших төлбөр буюу 470,009 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэж маргажээ.

4. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-д хэрэглэгч гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг, 3.1.14-д хангагч гэж цэвэр усыг олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйлчилгээг бүхэлд нь, эсхүл аль нэгийг нь үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан тусгай зөвшөөрөл бүхий хангагч, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн байна.

5. Нэхэмжлэгч Д******** ХК нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар хэрэглэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, учирсан хохирлоо төлүүлэхийг шаардах эрхтэй байна.

6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагатай холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээг ирүүлсэн байна. /хавтаст хэргийн 55-57 дугаар тал/

7. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заажээ.

8. Нэхэмжлэгч Д************ ХК нь хариуцагч С.Бийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх ашигласан цэвэр, бохир усны төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд 2014 оноос хойш гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан талаар нотлох баримт ирүүлээгүй байна.

9. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Иргэний хуулийн 78 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах зэрэг нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Гэвч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 08 дугаар сараас хойш 2023 оны 04 дүгээр сар хүртэл хугацааны төлбөр болох 470,009 төгрөгийг хүлээн зөвшөөрч маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэх нь зүйтэй.

Харин хариуцагч нь 2014 оноос 2018 оны 08 дугаар сарын 08-наас өмнөх үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан талаар болон цэвэр, бохир усны төлбөрийг төлөх талаар, нэхэмжлэгч Д********* ХК нь хариуцагч С.Бт мэдэгдэх хуудас, мэдэгдэл өгч байсан эсэх талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 952,240.6 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар Д********** ХК-ийн С.Бт холбогдуулан гаргасан 952,240.6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч С.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас 470,009 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,706 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 470,009 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 14,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНТУЯА