2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2540

 

 

  2025           11            10                                          2025/ШЦТ/2540

 

                       

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч М.Билгүүтэй,

хохирогч Б, түүний өмгөөлөгч Б.Буянжаргал,

шүүгдэгч Н  нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н-т холбогдох эрүүгийн 2503 00000 0403 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Н, Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, Юү Си эмнэлгийн баруун замд 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 19 цаг 50 минутын орчимд Тоёота хая люкс маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 4 дүгээр хавсралт Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно: 5.3. Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н  нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Хохирогч Б нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Зам гарч байгаад машинд шүргүүлсэн. Сэтгэл санааны хохирол төлүүлэх, хөдөлмөрийн чадвараа алдаад, машин барьж чадахгүй болсон. Том тэрэг түрээсээр барьдаг байсан. Хэвтэрт байсан 2 сарын хугацааны хөлсөө нэхэмжилмээр байна. Хохирлоо төлж барагдуулвал гомдол, санал байхгүй.  Хөл доголон, хавиргаа гэмтээсэн бүрэн эдгээгүй байгаа” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

Хохирогч Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдрийн орой 19 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн Салхитын буудлын ертөнцийн зүгээр замын баруун талд хүнсний дэлгүүр орчхоод буцаад гараад замын зүүн талд байх эмнэлэг орохоор явган хүний зохицуулдаггүй гарцаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй гарч явахад ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй явж байсан автомашин зогсолгүй явсаар миний баруун талаас мөргөөд би зам дээр унасан. Ослын дараа юу болсоныг мэдэхгүй байна хэсэг манарсан, тэгээд бие гайгүй юм шиг байна жолоочийг яв яв гэж хэлээд замын зүүн талын эмнэлэг рүү орсон. Дараа нь цагдаа нар эмнэлэгт орж ирээд мэдээлэл аваад хаана мөргүүлсэн газрыг заалгаж үзлэг хийсэн.... Ослын улмаас миний хавирганууд хугарсан, нуруунд хугаралтай толгойнд оёдол тавиулсан. Мөн баруун хөлний тахилзуур яс хугарсан гэж хариу гарсан... Миний эрүүл мэндтэй холбоотой хэдэн төгрөгийн хохирол гарсаныг хэлж мэдэхгүй байна, хохирлын баримт байгаа.... Би эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна, эрүүл мэндтэй холбоотой гарсан хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0725/3978 дугаар: “Б-ийн биед баруун 6,7,8,9-р хавирганы зөрүүтэй, бүсэлхийн 2,3-р нугалмын хоёр талын хөндлөн сэртэн, баруун тахилзуур ясны толгой хэсгийн хугарал, зүүн зулай, дагзны хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо... дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч Г.Батмөнхийн гаргасан 41225943 дугаартай “...Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 9900ссd, хол дээрээ 11000 сd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 1100 сd, хол дээрээ 3600 ссd байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 39-42 дугаар хуудас),

2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудас),

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Дэмбэрэлийн гаргасан 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 453 дугаартай Мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 58 дугаар хуудас),

Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дугаар хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дугаар хуудас),

Жолочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 53 дугаар хуудас), хохирлын зардлын баримт, “Э” ХХК-ийн Гэрээ цуцлах мэдэгдэл, техник хэрэгсэл түрээслэх гэрээ, Лазер мед эмнэлгийн шинжилгээний хариу болон гар бичмэл (нийт 12 хуудас) зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “Шүүгдэгч Н нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, Юү Си эмнэлгийн баруун замд 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 19 цаг 50 минутын орчимд Тоёота хая люкс маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 4 дүгээр хавсралт Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно: 5.3. Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Бийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтууд хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлтэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Н нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, Юү Си эмнэлгийн баруун замд 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 19 цаг 50 минутын орчимд Тоёота хая люкс маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч Б-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. 

Хохирогч Б-ийн эрүүл мэндэд Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн №3978 дугаар дүгнэлтээр “баруун 6,7,8,9-р хавирганы зөрүүтэй, бүсэлхийн 2,3-р нугалмын хоёр талын хөндлөн сэртэн, баруун тахилзуур ясны толгой хэсгийн хугарал, зүүн зулай, дагзны хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан ба мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг зааж өгчээ.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

Шүүгдэгч Н нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, Юү Си эмнэлгийн баруун замд 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 19 цаг 50 минутын орчимд Тоёота хая люкс маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 4 дүгээр хавсралт Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно: 5.3. Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Бийн эрүүл мэндэд Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн №3978 дугаар дүгнэлтээр “баруун 6,7,8,9-р хавирганы зөрүүтэй, бүсэлхийн 2,3-р нугалмын хоёр талын хөндлөн сэртэн, баруун тахилзуур ясны толгой хэсгийн хугарал, зүүн зулай, дагзны хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Н  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 4 дүгээр хавсралт Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно: 5.3. Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон гэсэн заалтыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл буюу хохирол учирсан хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ анхаарал болгоомжгүй байсны улмаас уг гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж,

511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж,

230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж,

513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан баримт болон талуудаас гаргасан зардлын баримт зэргээр хохирогчид учирсан бодит хохиролд 1.871.364 төгрөг тогтоогдсон.

Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 3013 дугаар Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээгээр хохирогчид “гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн Хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт гарсан.

УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №25 дугаар тогтоолын хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын Хоёрдугаар зэрэглэл 4-8% Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гэсэн байна.

Гэмт хэрэг нь 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гарсан байх ба, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Улсын хэмжээнд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792.000 төгрөгөөр тогтоосон байх тул өмнө нь мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй.

Шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг түүнд гэмт хэргийн улмаас учирсан гэмтэл, түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргийг харгалзаад 6.600.000 /660.000*10/ төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.

 Иймд шүүгдэгч Н аас нийт 8.471.364 төгрөгийг гаргуулан хохирогч Бөд олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг,т зааснаар шүүгдэгч Н  нь дээрх хохирлыг барагдуулахаар шүүх хуралдааныг ажлын 5 хүртэлх хоногийн хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргасан бөгөөд уг хугацаанд хохирогч Бөд 8.471.364 төгрөгийг төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.    

Мөн хохирогчоос ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн бөгөөд уг нэхэмжлэлтэй холбогдуулан Гэрээ болон гэрээ цуцалсан баримтыг тус тус гаргасан, шүүхээс хэргийг хянан хэлэлцээд хохирол төлбөрийг тогтоохдоо гагцхүү холбогдох баримтад үндэслэх ба, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг нэхэмжлэхийн тул бусад баримт буюу Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, эмнэлэгт хэвтсэн гэх лист зэрэг бусад баримтууд шаардлагатай тул хэлэлцэхгүй орхив.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Н т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “... Шүүгдэгч Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгж буюу 3.000.000 төгрөг торгох ял оногдуулан 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэх саналыг гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.

Хэдийгээр шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид хохирол төлбөрийг барагдуулсан байх боловч түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хохирогчид учирсан гэмтэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлдэлдээ хандаж байгаа хандлага зэргийг харгалзаж эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилтод нийцүүлэн ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Н ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчид баруун 6,7,8,9-р хавирганы зөрүүтэй, бүсэлхийн 2,3-р нугалмын хоёр талын хөндлөн сэртэн, баруун тахилзуур ясны толгой хэсгийн хугарал, зүүн зулай, дагзны хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт гэмтэл учирсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н  нь оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.      

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар эрх хасах ялыг торгох ялыг оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолохоор шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав

Шүүгдэгч Н т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н  нь оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар эрх хасах ялыг торгох ялыг оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Бөд 8.471.364 төгрөгийг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

                                       ДАРГАЛАГЧ

 ШҮҮГЧ                           М.ТҮМЭННАСТ