| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/0309/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/337 |
| Огноо | 2025-11-12 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Хилчинбаатар |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/337
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул
Улсын яллагч Э.Хилчинбаатар
Хохирогчийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хилчинбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******эд холбогдох эрүүгийн 2521002200232 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “******* *******” ХХК-д засварчин ажилтай, Дорнод аймаг, ******* сумын 1 дүгээр баг, *******ын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт *******ы *******. /РД: /
Шүүгдэгч ******* овогт *******ы ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-ны өдөр шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг, Гарден хотхоны хойд талын зам дээр ыг машин мөргөөд зугтаалаа гэх шалтгааны улмаас зодож, нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж биед нь хамрын хянга яс, хоншоор ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 2025 орны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө 0000 цагийн орчимд Гарден хотхонд байдаг найзыгаа буулгах гээд зогсож байхад хажуугаар нэг машин шүргээд тэр чигээрээ явсан. Би араас нь очоод сигналдахад зогсохгүй байсан. Тэгэхээр нь гүйцэж түрүүлээд замыг нь хааж зогссон юм. Гэтэл арын суудлаас нь хоёр залуу бууж ирсэн. Та нар яаж байгаа юм бэ ,машин тэрэг мөргөөд зугтаалаа гэхэд чи өөрөө цагаан шугам давж зогссон байсан гэж хэлсэн. Тэгээд сүүлд нь жолооч болон нар бууж ирсэн. Би цагдаа дуудаад яах вэ гэхэд чи өөрөө уучихсан байгаа биз дээ гэсэн. Намайг эхлээд нэг залуу нь мөргөх гээд байсан. Тэгээд би нэгийг нь түлхсэн. Тэд намайг үстээд доош нь дарж унагаасан. Миний нүүр амнаас цус гоожоод, цагдаа дуудсан гэхээр нь би явсан. Машингүй явганаар нөгөө хэдэн залуугийн араас гүйхэд надад гүйцэгдээгүй. Тэгээд эргээд машин дээрээ ирэхэд цагдаа нар ирсэн байсан” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2025 оны 04 сарын 12-ны орой 2100 цагийн орчим ******* сумын 7 дугаар баг 39 дүгээр байрны гадна талд "Шүүдэр" гэх дэлгүүрийн зүүн талд найз , , нартай уулзаад машиндаа Агар нэртэй 0,75 грамын 2 шил архи уусан. Тэгээд найз ийг дуудаж дахин 1 шил Агар нэртэй 0,75 граммын архи уусан. Тухайн үед манай найзууд нэлээн согтоод ирсэн бөгөөд Бат-эрдэнэ, хоёр унтаад өгсөн. Тэгээд шөнө 0000 цагийн орчим найз ийг гэрт нь хүргэж өгөх гээд тэндээс хөдөлсөн. Тэгээд 39 дүгээр байрны зүүн талаас хөдлөөд Бэйби дэлгүүрийн хойд талаар зүүн тийшээ яваад төв зам руу орох гээд урагшаа эргэхдээ Бэйби дэлгүүрийн зүүн хойд буланд зам дээр зогсож байсан цагаан өнгийн приус 30 маркийн машиныг шүргэсэн. Тухайн үед манай найзууд надад машин шүргэчихлээ зогс гэхээр нь би архи уучихсан байсан болохоор зогсолгүй чигээрээ явсан чинь араас шүргүүлсэн машин ирээд урд гараад зам хааж зогссон. Тэгэхээр нь би машинаасаа буухад манай найз , хоёр надтай хамт машинаас буугаад шүргүүлсэн машин руу очиход шүргүүлсэн машины жолооч залуу үгийн зөрөөгүй шууд миний зүүн нүд рүү 1 удаа цохиж намайг унагаасан. Миний зүүн нүд доод хэсэгтээ бага зэрэг хөхөрсөн. Хянга яс, хоншоор ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан. Эмчилгээний төлбөр нэхэмжилнэ. Сэтгэцэд учирсан гэм хорын дүгнэлт гаргуулахгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэжээ. /хх-ийн 20, 22-25 тал/
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2025 оны 04 сарын 12-ны орой 2100 цагийн орчим найз Одмандах, , нартай уулзаад Мянгатын 39 дүгээр байрны зүүн талд найз Одмандахын машинд сууж 2 шил архи уусан. Тэгээд хэсэг ууж байгаад найз ийг дуудсан. Удалгүй манай найз ирээд бид нартай хамт 1 шил архи уусан. Тухайн үед тэндээс яах гэж хаашаа хөдөлдсөнийг би мэдээгүй, согтоод унтаад өгсөн байсан бөгөөд машин хөдлөх чанга чимээгээр сэрсэн. Тухайн үед манай найзууд Одмандахыг машин шүргэчихлээ зогс гээд байсан. Тэгсэн чинь Одмандах зогсохгүй чигээрээ явсан чинь араас цагаан өнгийн приус 30 маркийн машин ирээд урдуур орж зам хааж зогссон. Тухайн үед Одмандах, бид 3 машинаасаа буугаад очиход шүргүүлсэн машины жолооч шууд Одмандахыг цохиж унагаагаад, намайг түлхэж унагаасан. Тухайн үед шүргүүлсэн машины жолоочийг тэврээд авсан чинь ыг бас газар унагаасан. Тухайн үед ирээд шүргүүлсэн машины жолоочийн үснээс зулгаагаад доошоо дараад газар унагаасан. Тэгээд Одмандах, бид 3 нийлээд шүргүүлсэн машины жолоочийн дээрээс хэд хэдэн удаа дэвсэж өшиглөсөн чинь хэн нэг нь цагдаа дуудлаа гэхээр нь бид нар зугтаасан” гэжээ. /хх-ийн 31тал/
Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2025 оны 04 сарын 12-ны орой 2100 цагийн орчим найз Одмандах, Бат-эрдэнэ, нартай уулзаад Мянгатын 39 дүгээр байрны зүүн талд найз Одмандахын машинд сууж 2 шил архи уусан. Тэгээд хэсэг ууж байгаад найз ийг дуудсан. Удалгүй манай найз ирээд бид нартай хамт 1 шил архи уусан. Тэгээд шөне 0000 цагийн орчим архиа ууж дуусаад ийг хүргэж өгөх гээд 39 дүгээр байрны зүүн талаас хөдлөөд Бэйби дэлгүүрийн хойд талаар яваад төв зам руу орох гээд урагшаа эргэхдээ Бэйби дэлгүүрийн зүүн хойд талын буланд зам голлоод зогсож байсан цагаан өнгийн приүс 30 маркийн машины хажуугаар гарахдаа шүргэсэн. Тухайн үед бид нар Одмандахыг машин шүргэчихлээ зогс гэсэн чинь Одмандах зогсохгүй чигээрээ явсан чинь араас шүргүүлсэн машин ирээд урдуур орж зам хааж зогссон. Тухайн үед Одмандах машинаасаа буугаад очиход шүргүүлсэн машины жолооч шууд Одмандахыг цохиж унагаасан бөгөөд араас нь бид хоёр явж очиход тэр машины жолооч Бат-Эрдэнийг түлхээд унагаахаар нь би шүргүүлсэн машины жолоочийг тэврээд авсан чинь тэр намайг бас хавсарч газар унагаасан. Тухайн үед ирээд шүргүүлсэн машины жолоочийн үснээс зулгаагаад газар унагаасан. Тухайн үед би нэлээн согтуу байсан болохоор босох гээд босож чадахгүй байж байхад манай найзууд болох Одмандах, , гурав жолооч залуутай зодолдоод байсан. Тухайн үед жолооч залуу наашаа хүрээд ир үзэлцье гээд орилоод манай гурван найзтай зодолдоод байсан. Тэгж байхад нэг нь цагдаа ирлээ гэхээр нь , хоёр намайг аваад урагшаа Гарден хотхоны чигтээ зугтаасан бөгөөд Одмандах, хоёр машиндаа суугаад явсан” гэжээ. /хх-ийн 33, 38-40 тал/
Гэрч О. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2025 оны 04 сарын 12-ны орой 2100 цагийн орчим найз Одмандах, , нартай уулзаад Мянгатын 39 дүгээр байрны зүүн талд найз Одмандахын машинд сууж 2 шил архи уусан. Тэгээд хэсэг ууж байгаад найз ийг дуудсан. Удалгүй манай найз ирээд бид нартай хамт 1 шил архи уусан. Тэгээд шөнө 0000 цагийн орчим архиа ууж дуусаад би машиндаа унтаад өгсөн байсан. Тэгээд машин юм шүргэх чанга чимээгээр би сэрэхэд манай найзууд Одмандахыг машин шүргэчихлээ зогс гэсэн чинь Одмандах зогсохгүй чигээрээ явсан. Тэгэхэд араас шүргүүлсэн машин ирээд урдуур орж зам хааж зогссон. Тухайн үед Одмандах, , гурав машинаас буугаад явсан бөгөөд араас нь буугаад явсан. Тэгэхэд би хэсэг байж байгаад машинаас буухад Одмандах миний өөдөөс ирээд машинд суу гэхээр нь би буцаж машинд суусан. Тэгээд Одмандах бид хоёр машинтай хөдлөөд явсан” гэжээ. /хх-ийн 35-37 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би ******* сумын 7 дугаар баг, тоотод аав ээжтэйгээ хамт амьдардаг юм. 2025 оны 04 дүгээр 13-ны шөнийн 0020 цагийн орчим би ******* сумын 7 дугаар баг 40 дүгээр байрны гадна найз залуугийнхаа ДОА улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй зогсож байхад улсын дугаартай цагаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч манай найз залуугийн машиныг шүргээд яваад өгөхөөр нь би найз залуугийн хамт араас нь очоод урд талд нь гарч зогсоод тэд нарт хандаж “та нар яагаад хүний машин шүргэчихээд зогсохгүй яваад байгаа юм бэ" гэж хэлтэл уг машины арын суудлаас нэг залуу, урд талаас жолооч нь бууж ирээд *******эд хандаж чи өөрөө цагаан зураас даваад зогссон байсан биздээ гэж хэлэхэд нь манай найз залуу уг согтуу залууст хандан та нар юу яриад байгаа юм бэ? Хүний машин мөргөчихөөд зогсдоггүй юм уу гэж хэлтэл уг залуусын дундаас нэг залуу нь чи юу гээд байгаа юм бэ гээд уг машины жолооч залуу нь манай найз залууг цохисон. Удалгүй цагдаа дуудсан бөгөөд тэр залуучууд байшингийн булан тойроод зугтаж явсан” гэжээ. /хх-ийн 43-44 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би тухайн өдөр өөрийнхөө приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг засуулчихаад шөнийн 0100 цагийн орчимд гэртээ ирэхэд гэрийн гадна талд буюу байрны хамгийн урд талын орцны гадна цагдаагийн алаг машинаас Одмандах бууж байгаа харагдсан. Би тэдний хажуугаар өнгөрөөд гэр лүүгээ буюу 3 давхрын тоот руу орсон. Манай тус тоот 3 өрөө байр ба 3 айл амьдардаг бөгөөд нь манай хажуу талын өрөө болох ынд орж ирж байгаа харагдсан. Тус тоот нь 3 айл амьдардаг болохоор дуу чимээ ихтэй, манайх бага насны хүүхэдтэй учир тэнд байсан , , , нарт шаардлага тавьж харьж амарцгаа гэж хэлээд гаргасан бөгөөд удалгүй манай ангийн цэргийн цагдаа а/х Төгөлдөр ирж аваад гарсан. Тухайн үед тэр хүмүүс согтуу байсан бөгөөд хоорондоо машин тэрэг шүргэсэн талаар яриад байх шиг байсан. Би тухайн үед учрыг нь сайн ойлгоогүй хэрүүл маргаан болсон зүйлгүй. Миний өмнөөс эсэргүүцэж, тиймэрхүү үйлдэл гаргаагүй, гараад явцгаасан. Би тай маргалдаагүй, түүний биед халдаж цохисон зүйл байхгүй” гэжээ. /хх-ийн 43-44 тал/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ДОР0725/230 дугаар дүгнэлтэд:
“...1. *******ийн биед баруун дээд зовхи, эрүү, өгзөг хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. 4. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй” гэжээ. /хх-ийн 63-65 тал/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ДОР0725/229 дугаар дүгнэлтэд:
“...1. ын биед хамрын хянга яс, хоншоор ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг ба түүнээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх-ийн 72-73 тал/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ДОР0825/048 дугаар дүгнэлтэд:
“...1. овогтой Одмандахын сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан хор уршиг учраагүй байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учир уршгийн зэрэглэл тогтоогдохгүй” гэжээ. /хх-ийн 140-141 тал/
******* яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... надтай харилцан зодолдох үед намайг нэг удаа духаараа мөргөсөн, хамт байсан нэг өндөр залуу нь миний үснээс зулгаасан бөгөөд хэн гэдгийг нь би танихгүй. Би түүний биед гар хүрч цохиж зодоогүй. Тухайн үед тэнд байсан гэх нөхөр машинаас бууж ирээд салбаганаад байхаар нь цаашаа бай гээд түлхэхэд цаашаа унаж ойчсон. Мөн тэнд байсан этгээдүүд намайг замын хашлаганы урд талын зүлгэн дээр гаргаж авчирч үсдэж дараад миний нүүр лүү өшиглөсөн” гэжээ. /хх-ийн 81 тал/
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 10 тал/
Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харьяаллын дагуу шилжүүлэх тухай Эрх бүхий албан тушаалтны санал /хх-ийн 9 тал/
Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 124 тал/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******эд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* овогт *******ы ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-ны өдөр шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг, Гарден хотхоны хойд талын зам дээр ыг машин мөргөөд зугтаалаа гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж биед нь хамрын хянга яс, хоншоор ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч болон гэрч Б., М., М.Болор-Эрдэнэ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ДОР0725/229 дугаар дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******эд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь“ хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “би шүүх хуралдаанд оролцохгүй, өмгөөлөгчөө оролцуулна” гэж мэдэгдсэн тул түүнийг шүүх хуралдаанаас чөлөөлсөн ба хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******ээс жич нэхэмжлэх эрхтэй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ