Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 135/ШШ2023/00871

 

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 135/ШШ2023/00871

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2023/00808/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Дархан баг, ** дугаар байр, ** тоотод оршин суух, утас: 9939****, ТЯ63****** регистрийн дугаартай, Б овогт Сын Рийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Хайрхан багт байрлах, 9973****, 90***** регистрийн дугаартай, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Т************ ******* Газарт холбогдох,

32,780,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.Р,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Р нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие 1987 онд Анагаах ухааны дээд сургуулийг төгсөж, ********** сумын эмнэлэгт хүүхдийн эмчээр томилогдон ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлж байлаа. Түүнээс хойш хүүхдийн эмчээрээ 3 жил ажиллаад 1990 оноос хүүхдийн халдвартын эмч олгох курст суралцан ирээд мөн ******** эмнэлэгт хүүхдийн халдвартын эмчээр ажиллаж, 2000 оноос 2005 он хүртэл сумын эмнэлгийн хүний нөөцийн менежер, 2005 оноос 2011 онд сумын эмнэлгийн дарга, 2011 оноос 2020 онд сумын мэргэжлээс шалтгаалах өвчний ************ сувиллын захирал 2020 оноос одоог хүртэл ********** сувиллын сэргээн заслын их эмчээр ажиллаж хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад нийтдээ 35 жил тасралтгүй тогтвор суурьшилтай ажиллаж байна. Би 2022 оны 05 дугаар сард тэтгэврээ тогтоолгосон бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг үндэслэн 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг авахаар хүсэлт тавьсан боловч миний асуудлыг шийдвэрлэж өгөхгүй маш их удаж байна. Иймд хуулийн заалтын дагуу би дараах мөнгөн тэтгэмжээ авахаар нэхэмжилж байна. Миний 3 жилийн дундаж цалинг 2017 оны 05 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сар хүртэлх 3 жилийн хугацаагаар бодоход 32,780,284 төгрөг болж байгаа юм. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтад Төрийн өмчийн эрүүл мэндийн... байгууллагад 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн тэтгэвэрт гарахад 36 сарын...цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг тэтгэвэрт гарах үед авч байсан үндсэн цалингаас нь тооцон ажиллаж байгаа байгууллагаас авах эрхтэй гэж заажээ. Иймд би 2022 оны 05 сард тэтгэвэрт гарсан ба тэр үед авч байсан цалингаасаа тооцон нэхэмжилж байгаа билээ. Би энэ талаараа олон жил хөөцөлдөж сувиллынхаа захиралд хүсэлтээ тавьсан боловч тэтгэмжийг өгөх ямар ч боломжгүй гэсэн тул арга буюу шүүхэд хандаж байна. Иймд 2017 оноос 2020 онд авч байсан цалингийн дундаж 32,780,000 төгрөгийн тэтгэмжийг Тулга сувиллаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Хариуцагч Т*********** *******Г нь Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ** дугаар тогтоолын дагуу өөрчлөн зохион байгуулагдсан тул төрийн өмчит аж ахуйн нэгж биш, харин орон нутгийн өмчит хуулийн этгээд байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан мөнгөн тэтгэмж олгох тухай зохицуулалт манай байгууллагад хамаарахгүй нь Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 4-10/*** дугаартай албан бичиг, Дархан-Уул аймаг дахь төрийн аудитын газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн *** тоот албан бичгээр тогтоогдож байна.

Нэхэмжилж байгаа мөнгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар 100*** дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 2-3 дахь тал/, 037*** дугаартай нийгмийн даатгалын гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 4-6 дахь тал/, Нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацаанд хөдөлмөрийн хөлс, төлсөн шимтгэл /хавтаст хэргийн 7 дахь тал/, 750*** дугаартай нийгмийн даатгалын гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 8-9 дэх тал/, 00005**** дугаартай нийгмийн даатгалын гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 10-12 дахь тал/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 13 дахь тал/, Их эмч С.Рийн 3 жилийн дундаж цалин /хавтаст хэргийн 14 дэх тал/, С.Рийн Т*************-ын захиргаанд гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 15 дахь тал/, Эрүүл мэндийн яамны 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 5/**** дугаартай албан бичгийн хуулбар /хавтаст хэргийн 16 дахь тал/, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2/*** дугаартай албан бичгийн хуулбар /хавтаст хэргийн 17 дахь тал/, итгэмжлэл /хавтаст хэргийн 18 дахь тал/, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 19 дэх тал/ зэргийг,

хариуцагчийн итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартайгаа холбогдуулан Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 4-10/*** дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 36 дахь тал/, Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаартай Дүрэм батлах тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 37 дахь тал/, Тулга сувилал орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 38-39 дэх тал/, Дархан-Уул аймаг дахь төрийн аудитын газрын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай албан бичгийн хуулбар /хавтаст хэргийн 41 дэх тал/ зэргийг тус тус шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч С.Р нь хариуцагч Дархан-Уул аймгийн Т************ ******* Газарт холбогдуулан 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 32,780,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Нэхэмжлэгч С.Р нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг ...1987 оноос ******* сумын эмнэлэгт хүүхдийн эмчээр томилогдон улмаар халдвартын эмч, 2000 оноос 2005 он хүртэл сумын эмнэлэгийн хүний нөөцийн менежер, 2005 оноос 2011 онд сумын эмнэлгийн дарга, 2011 оноос 2020 онд сумын мэргэжлээс шалтгаалах өвчний Т********** захирал, 2020 оноос одоог хүртэл Т***********-ын сэргээн заслын их эмчээр ажиллаж хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад нийтдээ 35 жил тасралтгүй тогтвор суурьшилтай ажиллаж байна. 2022 оны 05 дугаар сард тэтгэвэр тогтоолгосон бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг үндэслэн 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг авахаар хүсэлт тавьсан боловч шийдвэрлэж өгөхгүй удаж байна. Иймд миний 03 жилийн дундаж цалинг бодоход 32,780,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан гэж тайлбарласан.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь татгалзлын үндэслэлийг ...Хариуцагч Дархан-Уул аймгийн Т*************** ******* Газар нь Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ** дугаар тогтоолын дагуу өөрчлөн зохион байгуулагдсан тул төрийн өмчит аж ахуйн нэгж биш, харин орон нутгийн өмчит хуулийн этгээд байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан мөнгөн тэтгэмж олгох тухай зохицуулалт манай байгууллагад хамаарахгүй нь Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 4-10/*** дугаартай албан бичиг, Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн *** тоот албан бичгээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч С.Р нь тангараг өргөсөн төрийн албан хаагч биш бөгөөд төрөөс цалинждаггүй тул Эрүүл мэндийн тухай хуулийн дээрх заалтад хамаарахгүй гэж татгалзлын үндэслэлийг тайлбарласан.

4. Хэрэгт авагдсан 100*** дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 037*** дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 750*** дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, А 00005**** дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, даатгуулагч С овогтой Р нь Шарын гол эрүүл мэндийн төвд нийгмийн даатгалд шимтгэл төлж ажилласан хугацаанд хөдөлмөрийн хөлс, төлсөн шимтгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг нотолгооны хэрэгслүүдээр С.Р нь 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Шарын гол сумын Нэгдсэн эмнэлэгт их эмч, халдвартын эмч, сумын хүний нөөцийн менежерээр 2005 он хүртэл, 2005 оноос 2011 онд сумын эмнэлгийн дарга, 2011 оноос 2020 он хүртэл сумын мэргэжлээс шалтгаалах өвчний Т*************-ын захирал, 2020 оноос одоог хүртэл Т*************-ын сэргээн заслын их эмчээр ажиллаж байсан байдал тогтоогдож байна. /хавтаст хэргийн 2-13 дахь тал/

5. Хариуцагч Т*************-ыг Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ** дугаартай тогтоолоор Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон хариуцлагын хэлбэрийг өөрчилж, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаар тогтоолоор Т************* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийг баталсан байна. /хавтаст хэргийн 36-39 дэх тал/

6. Т********* ******* Газрын дүрмийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад ...өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар мөн, дүрмийн 1.4-д үйлдвэрийн газрын үүсгэн байгуулагч, өмчлөгч нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал байна, 1.5-д ...өөрийн тусгаарласан эд хөрөнгөтэй бие даан тайлан тэнцэлтэй үндсэн зорилго нь орлогоороо зарлагаа нөхөж ашигтай ажиллах бөгөөд өөрийн нэрийн өмнөөс эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 6.1-д Үйлдвэрийн газрын орлого нь ажил, үйлчилгээнээс олсон бүх орлого, хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн бусад эх үүсвэр, хандив болон буцалтгүй тусламжаар олгосон эх үүсвэрээс бүрдэнэ гэж заажээ.

7. Нэхэмжлэгч нь би 2011 онд *********** сумын эмнэлгийн даргын тушаалаар Т*************-ын захирлаар томилогдон ажилласан, төрөөс цалин хөлс авдаг байсан гэж тайлбарлаж байгаа боловч дээрх баримтуудаар Т************* нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болсон болох нь тогтоогдож, уг сувиллын ажилтнууд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Т************* ******* Газрын дүрмийн 5.5.5-д зааснаар эрх бүхий байгууллагаас тогтоосон цалингийн сүлжээнд дүйцүүлэн, цалингийн сангийн хэмжээнд цалин хөлсийг тогтоосны дагуу цалин хөлсөөр ажиллаж байсан байна.

8. Нэхэмжлэгч С.Р болон сувиллын хамт олноос 2011 онд Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Монгол Улсын Эрүүл мэндийн яаманд хандан Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан тэтгэмжтэй холбоотой хүсэлт гаргасныг ...сувиллын төсвөөс шийдвэрлэх арга хэмжээ авах талаар хариу өгч байсан, мөн Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газар нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр уг хуулийн заалт нь сувиллын сэргээн засах эмчилгээний эмчид олгогдохгүй талаар албан бичгээр хариу өгсөн байна. /хавтаст хэргийн 16-17, 41 дэх тал/

9. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2."төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг; 57 дугаар зүйлийн 57.1-д Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно гэж заасан ба мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалтад ...эрүүл мэнд, ...зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх,туслах албан тушаал төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарахаар заасан болно.

10. Гэтэл Т************* нь 2017 оны 11 дүгээр сараас Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болж, үйлчилгээнээс олсон орлогоороо төрийн албан хаагчийн цалинд дүйцүүлэн цалин хөлс олгодог бие даасан орон нутгийн өмчит байгууллага бөгөөд түүнд ажиллаж байсан эмчийн албан тушаал нь дээрх хуулинд зааснаар төрийн албан тушаалд хамаарахгүй тул төрийн албан хаагчид төрөөс нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор зохицуулсан Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтад хамрагдахгүй байна.

11. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-д нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага нь, аж ахуйн нэгж, байгууллага нь эмнэлэгийн мэргэжилтэнд урамшуулал олгох, нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг хуульчилсан байх ба энэ дагуу орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот байгууллага нь ажилчидынхаа нийгмийн баталгааг сайжруулах талаар арга хэмжээ авч хэрхэн зохицуулсан байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч С.Рийн хариуцагч Дархан-Уул аймгийн Т************* ******* Газарт холбогдуулан гаргасан 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 32,780,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар нэхэмжлэгч С.Рийн хариуцагч Дархан-Уул аймгийн Т************* ******* Газарт холбогдуулан гаргасан 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 32,780,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНТУЯА