Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2021/ДШМ/774

 

      2021             8             26                                      2021/ДШМ/774                                 

 

 

     Г.Х, Б.Т, Л.Онарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Батбаяр,

шүүгдэгч Г.Хын өмгөөлөгч А.Базар, А.Кадирбек,

шүүгдэгч Б.Т, Л.Онарын өмгөөлөгч Г.Буянбадрал,   

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 2021/ШЦТ/314 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч С.Энхбат, Б.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлоор Г.Х, Б.Т, Л.Онарт холбогдох эрүүгийн 1710007880102 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

          Шүүгдэгч Г.Х нь “М” ХХК-д гадаад харилцааны менежерээр ажиллаж байхдаа тус компанийн салбар компанийн ажилтан Л.Оэ, Б.Т нартай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр өөрийгөө “Ажлаас чөлөөлөх тухай” 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 01 дугаартай тушаалыг 2 хувь хуурамчаар үйлдсэн, дээрх “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хуурамч гэдгийг мэдсээр байж 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ажлаас үндэслэлгүй халсан” нэхэмжлэлийн хамт гаргаж өгсөн,

            шүүгдэгч Б.Т нь “М” ХХК-д гадаад харилцааны менежерээр ажиллаж байсан Г.Х, тус компанийн салбар компанийн ажилтан Л.Онартай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Г.Хыг “Ажлаас чөлөөлөх тухай” 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 01 дугаартай тушаалыг 2 хувь хуурамчаар үйлдсэн,

            шүүгдэгч Л.Онь “М” ХХК-д гадаад харилцааны менежерээр ажиллаж байсан Г.Х, тус компанийн салбар компанийн ажилтан Б.Т нартай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Г.Хыг “Ажлаас чөлөөлөх тухай” 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 01 дугаартай тушаалыг 2 хувь хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

             Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Х, Б.Т, Л.Онарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Т, Л.О нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Б.Т, Л.Онарыг бүлэглэн үүргээс чөлөөлсөн баримт бичгийг бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг, Г.Хыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Б.Т, Л.Онарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Хыг 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгч Г.Хд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Хд мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Х давж заалдах гомдолдоо: “...намайг “М” ХХК-иас ажлаас халсны нөхөн олговор болгон 10,500,000 төгрөгийг нэхэмжлэх зорилгоор ажлаас халах тушаалыг санаатайгаар бусадтай нийлж хуурамчаар үйлдэн шүүхэд гаргаж өгсөн гэж буруутгадаг. Гэвч би тухайн тушаалыг бусдаар үйлдүүлээгүй, хуурамч гэдгийг нь үнэхээр мэдээгүй учраас шүүхэд өгсөн бөгөөд дээрх хэмжээний мөнгийг нэхэмжлээгүй, харин ажилдаа эргүүлэн томилогдох хүсэлтийг шүүхэд гаргасан. Дээрх 10,500,000 төгрөгийн нэхэмжлэл нь тухайн компанид ажиллаж байхдаа үндсэн ажлаас гадна толгой компани болох “Монгол микрон кашмир” ХХК-д гадаад харилцааны менежерийн ажлыг цалингүйгээр 7 сарын хугацаанд хавсран гүйцэтгэж байснаа баримтаар нотолсны үндсэн дээр нэхэмжилсэн асуудал юм. “М” ХХК-ийн зүгээс энэ хоёр нэхэмжлэлийг хольж хутган шүүхэд зориудаар буруу ойлголтыг өгч намайг санаатайгаар мөнгө нэхэх зорилгоор тушаал хуурамчаар үйлдсэн болгож төөрөгдүүлсээр ирсэн. Тухайн тушаалыг хуурамч гэдгийг мэдсэн бол би шүүхэд нотлох баримт болгон өгч өөрийгөө асуудалд оруулахгүй байх байсан бөгөөд энэ талаар мэдээгүй 6 сар явсны дараа тус компани хавсран гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөхөөс зайлсхийж гэнэт цагдаад хандаж, компани дээр хадгалагдаж байсан гэх хуурамч тушаалыг бэлтгэн шүүхэд хандсан байдаг. Миний Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн тушаал нь шүүх ажиллагааны явцад гарч ирсэн нь тухайн хэргийг үйлдсэн гэх Л.Оэ, Б.Т нарын өмнөх бүх мэдүүлгийг худлаа байсныг нотолж, тушаал нэг биш хоёр хувь үйлдэгдсэн байсныг, мөн нэг хувь нь тус компанид хадгалагдаж байсан учир захирлууд дээрх тушаалыг үйлдэгдсэнийг мэдэж байсныг нотолж байдаг. “М” ХХК-ийг төлөөлөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож буй Б.А захирал нь шүүхэд удаа дараа зөрүүтэй худал мэдүүлгүүдийг өгч, компанийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад миний гарын үсгийг дуурайлган зурсан, албан тушаал, огноо зэрэг нь буруу буюу хуурамч хөдөлмөрийн гэрээ, тушаал зэргийг гарган өгсөн нь тус компани өөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэнийг нотолж байна. ... Би тухайн ажлаас халах тушаалыг хуурамч гэдгийг мэдээгүй, энгийн хүний нүдээр хараад хуурамч гэдгийг тогтоох боломжгүй байсан учир хуурамч гарын үсэгтэй тушаалыг хүлээн авсан юм. Тушаалыг хуурамчаар бусдаар үйлдүүлж, гарын үсгийг өөрөө дуурайлгах гэж оролдолгүй хэн нэгнийг гуйж, шүүхэд хандаж эргүүлж ажилдаа орохыг хүсэх нь өөрөө логик зөрчилдөөнтэй байна. Тиймээс миний зүгээс тус хэргийг санаатайгаар үйлдэх ямар ч учир шалтгаангүй байгаа нь илэрхий ба, хэргийн бүрдэлгүй байгаа нь илт байгаа тул Б.Т, Л.Онар нь компанийн захирлуудын хүсэлт шаардлагаар намайг шүүхэд хандаж ажилдаа эргэн орох хүсэлт тавих үед тушаал нь хуурамч гэж татгалзах боломжийг өөрсдөдөө бүрдүүлэхийн тулд зориудаар надад хуурамч тушаал үйлдэж гаргаж өгсөн байна. ... Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч Г.Хын өмгөөлөгч С.Энхбат давж заалдах гомдолдоо: “... Шүүгдэгч Г.Х нь “М” ХХК-ийн захирлын ажлаас чөлөөлөх тушаал гарсныг огт мэдээгүй бөгөөд уг тушаалыг шүүгдэгч Б.Т бэлтгэж, тамга дарж улмаас шүүгдэгч Л.Онь тус компанийн захирал Ч.Бгийн гарын үсгийг дууриалган зурж хуурамчаар үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүгдэгч Г.Хын удаа дараа өгсөн мэдүүлгүүдээр нотлогддог. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 5729 дугаартай, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 154 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр Л.Оийг хуурамчаар гарын үсгийг зурсан болох нь тогтоогддог бөгөөд Г.Х нь түүнийг энгийн нүдээр хараад хуурамч болохыг таних боломжгүй юм. Тийм учраас Г.Х нь уг тушаалыг авч ажлаас үндэслэлгүй халагдсан гэж иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний шүүх уг тушаалыг компанийн зүгээс хуурамч талаар хэлэхэд мэдсэн бөгөөд ийм асуудал үүснэ гэж мэдэж байсан учир тушаалыг Л.Оэ, Б.Т нараар хийлгэсэн. Шүүгдэгч Л.Онь “... би өмнө нь огт өөр зүйл дээр гарын үсэг зурж байгаагүй бөгөөд анх удаа Г.Хын тушаал дээр зурсан, би гаалийн газарт явуулсан бичигт огт гарын үсэг зураагүй ...” гэж мэдүүлдэг боловч 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 17/21 дугаартай Гаалийн газарт хүргүүлсэн баримт бичигт гарын үсгийг хуурамчаар үйлдсэн нь нотлогддог. “М” ХХК-иас шүүгдэгч Г.Хыг гүтгэж, буруутан болгох бүхий л арга хэрэгслийг ашиглаж байсан бөгөөд мөрдөн байцаалтын явцад гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээг хуурамчаар үйлдэж, Г.Хын гарын үсгийг дуурайлган зурсан, “М” ХХК-ийн захирлын ажилд авсан, ажлаас гарсан тушаалуудын он, сар, өдөр буруу, хуурамчаар /1хх 82-85/ үйлдсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Хын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч Г.Хын өмгөөлөгч Б.Батжаргал давж заалдах гомдолдоо: “... хэрэгт авагдсан шүүгдэгч нар, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд зөрүүтэй, нотлох баримтууд эргэлзээтэй байхад анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлыг анхаарч, тодруулаагүй, эргэлзээг арилгахгүйгээр шүүгдэгч Г.Хыг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасан “нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болохгүй” гэснийг зөрчсөн байна. Тухайлбал, Л.Оийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх 76/, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэрчээр өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй байдаг. Үүнээс гадна Л.Онь байгууллагын албан бичигт Б.Бгийн гарын үсгийг анх удаа дуурайлган зурсан гэж мэдүүлдэг ч хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 154 дугаартай шинжээчийн дүгнэлтээр өөр бусад албан бичгүүдэд гарын үсэг зурж байсан нь тогтоогддог. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А нь 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Г.Хыг ажлаас халсан ба 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Г.Х ажлаа хүлээлцэж тойрох хуудсаа зуруулж байх үед компанийн нягтланд Г.Хын амралтын мөнгийг бодож олгох зөвшөөрөл өгч, ажил хүлээлцэх үйл явдлыг хянаж байсан хэрнээ хянаагүй мэтээр мэдүүлэг өгсөн байна. Энэ нь Б.А нь зөрүүтэй, худал мэдүүлэг санаатайгаар өгч байгааг илэрхийлж байна. Гэрч Ч.Б нь “М” ХХК-ийн захирал бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Агийн нөхөр юм. Мөн шүүгдэгч Б.Т нь хохирогчийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн бөгөөд эдгээр хүмүүсийн мэдүүлэгт үндэслэн Г.Хыг гэм буруутай гэж дүгнэсэн нь анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй буюу тухайн гэмт хэргийг Г.Х үйлдсэн болох нь тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 1.15 дугаар зүйлд заасан гэм буруугүйд тооцох зарчмыг зөрчсөн байна.

Гэмт хэргийн бүрэлдэхүүний тухайд, анхан шатны шүүх Г.Хыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзжээ. Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцоход зайлшгүй шаардлагатай объектив болон субъектив шинжүүдийн нийлбэрийг гэмт хэргийн бүрэлдэхүүн гэдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид прокурорт, шүүхэд гаргаж өгсөн бол” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцно гэж тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлсон. Энэ гэмт хэрэгт зайлшгүй байх субъектив шинж бол гэм буруугийн санаатай хэлбэр буюу нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн сэтгэхүйн хандлага юм. Санаатай гэм буруу гэх ойлголтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, санаатай гэмт буруу гэдэг нь гэмт санаа, мэдэх, хүсэх элементийн нийлбэрээр тодорхойлогддог. Гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, ямар нэг зорилго, үр дүнд хүрэхийг хүсэх төдий бус өөрийн дотоод хүслийг биелүүлэхээр шийдсэн үйлдлээр илэрхийлэгддэг. Гэвч Г.Хын үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив шинжийг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл, ажлаас халах тухай тушаалыг хуурамч гэдгийг мэдээгүй байсан тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй юм. Учир нь, Б.А 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Г.Хыг ажлаас халсан. Тэрээр “Ажлаас халах тухай” тушаал гарсны дараа ажлаа хүлээлцдэг гэдгийг мэдэх ба 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Г.Х тойрох хуудсаа зуруулж ажлаа хүлээлцэх үед тухайн үйл явдлыг хянаж байсан ч тушаалын талаар дурдаагүй байдаг. Үүнээс үзвэл, Б.А нь Б.Т, Л.Онарын хуурамч баримт бичиг үйлдсэн гэдгийг мэдсэн ч энэ талаар Г.Хд мэдэгдэлгүй өгч явуулсан нь түүнийг уг тушаалыг хүчин төгөлдөр гэж хүлээн зөвшөөрсөн гэдгийг илэрхийлж байна. Г.Х нь ажлаас чөлөөлсөн гэх тушаалыг хуурамч гэдгийг мэдээгүй, уг баримт бичгийг компанийн ажилтан Б.Т, Л.Онар хуурамчаар үйлдэж Г.Хд өгсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог боловч анхан шатны шүүхээс гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаагүй үйлдлийг гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Хд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч Г.Хын өмгөөлөгч А.Базар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Дараах хоёр ерөнхий үндэслэлээр тайлбар гаргана. Нэгдүгээрт, шүүгдэгч Г.Х нь нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн гэдэг үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байгаа. Хоёрдугаарт, анхан шатны шүүх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Энэ хэргийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байсан гэх үндэслэлээр тайлбар хэлнэ. Нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн үйл баримт яагаад нотлогдохгүй гэж үзээд байна вэ гэхээр шүүхийн зүгээс 1 дүгээр хавтас хэргийн 27, 28 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон байдаг. Шинжээчийн дүгнэлт “уг тушаалд захирлын гарын үсэг зурагдаагүй” гэдэг байдлаар гарсан. Гэхдээ тухайн тушаал бол Г.Хын Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт биш байсан. Нэгэнт Г.Хын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт биш учраас тухайн тушаал хуурамч байсан ч гэсэн Г.Х нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн гэх үйл баримтыг нотлохгүй. Г.Хын Иргэний хэргийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтад шинжээчийн дүгнэлт хийгээгүй гэдгийг юугаар нотлох вэ гэхээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх эсхүл шүүхийн Тамгын газраас тэр тушаалыг аваагүй энэ талаар ямар нэгэн баримт байхгүй. Нэгдүгээр хавтас хэргийн 70 дугаар хуудсанд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид мөрдөгчөөс ирүүлсэн албан тоот байдаг. Тухайн албан тоотод баримт хавсаргаж ирүүлсний нэг нь Г.Хын шүүхэд гаргаж өгсөн тушаалын хуулбар хувь байдаг. Уг албан тоот ирсэн огноо нь 2018 оны 2 дугаар сарын 7-ний өдөр буюу шинжээчийн дүгнэлт хийгдсэний дараа шүүхээс баримт ирээд байдаг. Тухайн баримтыг ирүүлэхдээ тушаалын хуулбарыг өгөөд байна гэдэг бол 2018 оны 2 дугаар сарын 7-ний өдрийн байдлаар тушаалын эх хувь буюу Хын гаргаж өгсөн тушаалын эх хувь, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд байсан гэдгийг нотолж байна. Шүүхээс аваагүй байж хохирогч талаас гаргаж өгсөн тушаал дээр шинжээчийн дүгнэлт хийсэн байна гэдгийг нотолж байна. Хохирогч талын гаргаж өгсөн хувийг Г.Х шүүхэд гаргаж өгөөгүй. Шинжээчийн дүгнэлт хийгдсэн өдөр 2017 оны 11 дүгээр сарын 7-ний өдрийн байдлаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байсан. Хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж түүнийг хэвээр үлдээсэн тогтоолын огноог харахад энэ үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байсан учраас шүүхээс Г.Хын гаргаж өгсөн нотлох баримтыг буцааж авсан байх боломжгүй байдаг. Хоёрдугаар хавтас хэргийн 72 дугаар талд авагдсан 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл байгаа. Тэмдэглэлийн асуулт, хариулт хэсгийг унших юм бол Г.Х тухайн өдөр өөрийнхөө шүүхэд гаргаж өгсөн тушаалын эх хувийг аваад ирсэн байдаг. “Энэ таны шүүхэд гаргаж өгсөн тушаалын эх хувь мөн үү” гэхэд “мөн” гэх байдлаар үзүүлж харуулсан. Тэгэхээр асууж тодруулсан болох нь тэмдэглэлд тусгагдсан байгаа. Тухайн шүүх хуралдаанаар хэргийг прокурорт буцаасан. Үндэслэл нь Г.Хын шүүхэд хуурамчаар гаргаж өгсөн гэх тушаал дээр шинжилгээ хийгдээгүй байна. Тухайн тушаал Г.Хд өөрт нь байна гэх байдлаар дүгнэж хэргийг буцаасан. Энaэ талаар 2 дугаар хавтас хэргийн 76 дугаар хуудсанд байх захирамжид тодорхой бичигдсэн байна. 4 дүгээр хавтас хэргийн 1 дүгээр хуудсанд авагдсан 2021 оны 6 дугаар сарын 7-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 16 дугаар хуудсанд өнөөдрийн хэлэлцэж байгаа анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл байгаа. Тухайн тэмдэглэлд хоёр дахь шинжээчийн дүгнэлт мөн адил Г.Хын шүүхэд гаргасан нотлох баримт биш, эргэлзээтэй гэдэг талаар тайлбарласан байдаг. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2015 оны хуулийг хэрэглэх нь шүүгдэгч Г.Хын эрх зүйн байдлыг дээрдүүлэх байсан. 2015 оны хуулийг хэрэглэх үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Шүүгч 2002 оны хуулийг хэрэглэх үндэслэлтэй гэсэн боловч 2002 оны Эрүүгийн хууль яагаад шүүгдэгч Г.Хын эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа талаар дүгнэлт хийгээгүй. Хоёрдугаарт шүүхийн тогтоолын 10 дугаар талд 2015 оны Эрүүгийн хууль Г.Хын эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэх өөрийнхөө дүгнэлтийг няцаасан дүгнэлт хийсэн байсан. Иймд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга буюу 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаатай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасны дагуу 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь үндэслэлтэй. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь заалтад заасныг хэрэглэсэн нь үндэслэлгүй. Хэрвээ хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй гэвэл хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Өмнө нь прокурор хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоод шүүгдэгч Г.Х гагцхүү гэм буруу дээр маргасан учраас хэргийг ердийн журмаар шүүхэд шилжүүлсэн.”гэв.

 

Шүүгдэгч Г.Хын өмгөөлөгч А.Кадирбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Зүйлчлэл дээр өөрчлөлт оруулж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн хоёр дахь заалтад прокурорын яллах дүгнэлт болоод шүүхийн дүгнэсэн хэсгийг харахад Г.Хыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд тооцсугай гэсэн байдаг. Нотлох баримт гаргаж өгсөн үйлдлийг анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлд зааснаар зүйлчилсэн. Энэ зүйл анги нь нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх гэсэн байдаг. Уг гэмт хэргийн объект болон объектив тал нь нотлох баримтыг шинээр бий болгосон, өөрчилсөн, засварласнаар гэмт хэрэг төгсөж байдаг. Шүүх болон прокурорын дүгнэж байгаа хуурамчаар үйлдсэн нотлох баримтыг ашиглаж байгаа үйл баримт нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэг буюу нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглах гэмт хэрэг гээд тусдаа заасан байгаа. Прокуророос болон шүүхээс Г.Хыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэдгээр буруутгахгүй байгаа. Нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн хүмүүс нь Т, Огэх хоёр хүмүүс байдаг. Энэ хүмүүс нотлох баримтыг хуурамчаар үйлдээд Г.Хд өгсөн. Г.Х нотлох баримт хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан үйл баримт хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Хуурамч нотлох баримт ашиглаж байгаа үйлдлийг анхан шатны шүүх дүгнэхдээ нотлох баримтыг Г.Х хуурамчаар бүрдүүлсэн байна гэдэг байдлаар дүгнээд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлд зааснаар зүйлчлээд, гэмт хэргийн ангилалын хувьд хүндэвтэр гэмт хэрэгт хамаарч байгаа. Гэтэл 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн зэргийн гэмт хэрэг байна гээд 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж ял оногдуулсан. Эрх зүйн байдлыг нь дээрдүүлж буй хууль нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйл байдаг. Учир нь энэ гэмт хэрэг нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгдсэн байдаг. Энэ нөхцөл байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлд зааснаар зүйлчлэлийг өөрчилж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Г.Х нь ёс зүйгүй үйлдэл гаргасан байдаг. Зүгээр ажлаа хийгээд явж байсан хүмүүсийг хуурч мэхлэн гарын үсэг зуруулж, тамга даруулсан. Тухайн өдөр би болон манай нөхөр ажил дээрээ байсан. Г.Хыг ажлаас халсан тушаал гаргаагүй. Алдаа гаргахаар нь шүүмжилсэн. Тэрийг халагдсан гэж бусад ажилтнуудад ойлгуулж бичиг баримт хуурамчаар бүрдүүлж шүүхэд гаргаж өгсөн. Г.Х нь өөрийн хууль бус үйлдэлдээ ажлаа хийж байсан хүмүүсийг хуурч, татан оролцуулсан. Ажил хийхгүй амар хялбар аргаар мөнгө олох, шүүхэд хандаж хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөнд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн, хэргийн бодит байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн гэм буруугийн хэлбэрт тохирсон ял шийтгэл оногдуулсан. Хохирогчийн зөрчигдсөн эрхийг зөв тодорхойлж чадсан. Зөв зүйтэй шийдвэр гарсан. Г.Х нь өөрөө захиалаад байдаг. Хамт нэг өрөөнд ажиллаж байсан Б.Тад “гадаа хүүхэд, ээж маань хүлээгээд байна. Чи надад туслаад өгөөчээ. Би өөр зүйлд хэрэглэхгүй” гэж итгэл төрүүлсэн байдаг. Энэ байдал нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэж авсан бичгийн нотлох баримтууд болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдсон. Г.Х нь мөрдөн шалгах ажиллагааны явцад санаатай саад учруулж оргон зайлсан байдаг. Гэм буруугаа огт ухамсарладаггүй. Бусад хамт ажиллаж байсан хүмүүсээ энэ хэрэгт татан оролцуулсан гэдгээ огт ойлгохгүй. Өөрийгөө буруутай гэдгийг мэдсээр байж өөрийгөө зөвтгөөд зүтгээд байгаа нь ёс зүйгүй, өөртөө дүгнэлт хийж чадахгүй байна. Өөрийнхөө гэм бурууг хүлээгээд явж байсан бол бидний зүгээс гомдолтой гэх шаардлага байхгүй байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Т, Л.Онарын өмгөөлөгч Г.Буянбадрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч нарын үйлдэл холбогдлыг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Б.Т, Л.Онар нь шүүгдэгч Г.Хд туслах зорилгоор нэг нь тухайн тушаалын эх хувийг бэлтгэх, нэг нь гарын үсэг зурах байдлаар тушаалыг гаргаж Г.Хд өгсөн байдаг. Г.Х тухайн цаг хугацаанд хуурамч тушаал гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нотлогдсон. Уг хэргийг дахин прокурорт буцаах шаардлагагүй, эцэслэн шийдвэрлэх боломжтой. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Прокурор Г.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... 1 дүгээр хавтас хэргийн 71-72 дугаар хуудсанд Г.Хаас иргэний шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэл, мөн шийдвэрлэсэн шийдвэр, тушаалын хуулбарууд байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтаар үнэлж дүгнээд, мөн анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалсан. Уг тушаал, нэхэмжлэлийг шүүхэд Л.Оэ, Б.Т нар гаргаж өгөөгүй. Хуурамч тушаал, нэхэмжлэлийг Г.Х өөрийнхөө эрх ашгийн үүднээс шүүхэд гаргаж өгсөн. Л.Оэ, Б.Т нарын үйлдлийг 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин шүүгдэгч Г.Хын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа боловч тухайн хэрэгт холбогдогчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэн анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. 2002 оны Эрүүгийн хуулиар Г.Хын үйлдсэн гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд орно. Уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байдаг. Мөн эрүүгийн хариуцлагын хувьд 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн санкцаас илүү байсан. Эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр Г.Хд 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна  .” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч Г.Х нь “М” ХХК-д гадаад харилцааны менежерээр ажиллаж байхдаа тус компанийн салбар компанийн ажилтан Л.Оэ, Б.Т нартай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр өөрийгөө “Ажлаас чөлөөлөх тухай” 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 01 дугаартай тушаалыг 2 хувь хуурамчаар үйлдсэн, дээрх “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хуурамч гэдгийг мэдсээр байж 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ажлаас үндэслэлгүй халсан” нэхэмжлэлийн хамт гаргаж өгсөн,

 

            шүүгдэгч Б.Т нь “М” ХХК-д гадаад харилцааны менежерээр ажиллаж байсан Г.Х, тус компанийн салбар компанийн ажилтан Л.Онартай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Г.Хыг “Ажлаас чөлөөлөх тухай” 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 01 дугаартай тушаалыг 2 хувь хуурамчаар үйлдсэн,

 

шүүгдэгч Л.Онь “М” ХХК-д гадаад харилцааны менежерээр ажиллаж байсан Г.Х, тус компанийн салбар компанийн ажилтан Б.Т нартай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Г.Хыг “Ажлаас чөлөөлөх тухай” 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 01 дугаартай тушаалыг 2 хувь хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Агийн “... манай ажилтан Халиунаа ирээд “Г.Х бүх зүйлээ үлдээгээд явсан байна” гэхээр нь ширээ рүү нь харахад байгууллагын зөөврийн компьютер, өрөөний түлхүүрээ үлдээгээд өөрийн ус буцалгагч гэх мэт зүйлээ аваад явчихсан байсан. ... 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэл ирэхээр нь гайхаад нэхэмжлэлтэй танилцахад Г.Хыг ажлаас нь халсан тушаал гаргачихсан байхаар нь Б.Т, Л.Онарыг дуудаж асуухад Г.Х ажил дээр ирж уулзаад Б.Таас гуйж байгаад тушаал гаргуулж гарын үсэг зурах эрхгүй Л.Оээр гарын үсэг зуруулж хувьдаа хэрэглэх гэж байгаа юм гэж итгүүлэн тушаалыг гаргуулсан байсан. Манай байгууллагаас цалин 10,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа ...” /1хх 10-11/,

 

гэрч Б.Бгийн “... намайг эзгүй үеэр 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр өөрийгөө “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын загвар үйлдэж тухайн үед төслийн менежерээр ажиллаж байсан Б.Таар байгууллагын тэмдэг даруулж, хүний нөөцийн менежер Л.Оээр миний гарын үсгийг дуурайлгаж зуруулж авсан байдаг. Тухайн үед Г.Х нь ажлаас чөлөөлөгдөх тухай тушаалыг янз бүрийн зүйлд ашиглахгүй гэсэн байдаг. 2017 оны 3 дугаар сарын дундуур Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гээд манай байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс гээд 1 сарын цалин 1,500,000 төгрөг гээд нийт 10,500,000 төгрөг нэхэмжилж байгаа. Л.Оэ, Б.Т нар нь намайг төлөөлөх эрхгүй юм. ...” /1хх 13/,

 

Б.Тын яллагдагчаар өгсөн “... 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 12 цаг 30 минутын үед намайг ажил дээр байхад төслийн менежерээр ажиллаж байсан Г.Х “ажлаас халагдах тушаал гаргаад өгөөч” гэхэд нь “би тушаал гаргадаг хүн биш” гэхэд “энэ тушаалыг онцын юманд хэрэглэхгүй” гэж дахин дахин гуйгаад байхаар нь компьютерийн ард суугаад Г.Хтай хамт ажлаас халагдах тушаалыг бичсэн. Тэр үед тушаалыг өөрийн хүсэлтээр гэж бичихэд би өөрийн хүсэлтээр гараагүй, байгууллагын хүсэлтээр ажлаас халж байгаа гээд биччих гэж хэлээд үндэслэл болсон зүйл заалтыг легал инфо сайт руу орж Хөдөлмөрийн тухай хуулиас харж байгаад тушаалыг гаргасан. Тэгээд тушаалыг авч хамт захирлын өрөөнд ороход захирал байхгүй байхаар нь тэмдэг дарчихаад захирлыг хайгаад шатаар бууж байгаад Л.Оэгчтэй тааралдахаар нь “захирлын гарын үсгийг зураад өгөөч” гэж гуйхад “би гарын үсэг зурдаг хүн биш” гээд зурж өгөхгүй гээд хэлэхэд “онцын зүйлд хэрэглэхгүй, зураад өгчих л дөө, гадаа ээж, охин хоёрыг машинд хүлээлгэчихсэн байгаа” гээд гуйхад нь Л.Оэгч тушаалд нь гарын үсэг зурж өгч явуулсан. ... Гэтэл удаагүй хэд хоногийн дараа компани дээр нэхэмжлэл гаргасан бичиг ирсэн. Тэр үед захирал тухайн үеийн зүйлийг мэдээгүй учраас тэр шүүхээс ирсэн бичгийг хараад Л.Обид хоёроос асууж энэ зүйлийн талаар мэдсэн. Миний мэдэж байгаагаар Л.ОГ.Хын тушаал дээр гарын үсэг зурсан ...” /1хх 105-106, 3хх 72-73/,

 

Л.Оийн яллагдагчаар өгсөн “... 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр цайнд орчихоод байж байхад Б.Т, Г.Х нар ирээд Б.Т надад хандаж “та Г.Хын ажлаас халагдах тушаал дээр гарын үсэг зураад өгөөч, Ч.Б захирал харагдахгүй байна” гэхээр нь “би тушаал дээр гарын үсэг зурах эрхтэй хүн биш ээ” гэхэд “Хонгороо эгч яараад байна, гадаа ээж, хүүхэд хоёр нь хүлээгээд байна гэнээ, өөр ажилд орохдоо хэрэглэх гээд байгаа, дараа нь ямар ч асуудал гаргахгүй” гэж хэлэхэд хажуугаас нь Г.Х мөн адил гуйгаад байхаар нь Ч.Б захирлын гарын үсгийг дуурайлган зураад өгчихсөн. ...Г.Х нь тухайн үед ажлаас чөлөөлсөн хоёр ширхэг тушаалыг Б.Таар бичүүлж ирээд хоёр хувь дээр нь надаар гарын үсэг дуурайлгаж зуруулчихаад эх хувь 1 хувийг нь өөрөө авч явсан. Харин үлдсэн 1 эх хувь байгууллагад үлдсэн. Ямар нэгэн байдлаар бүртгэлийн дэвтэр дээр бүртгэж аваагүй. Г.Х энэ тушаалаа гаргуулахад өөрөө байсан хэрнээ Б.Т бид хоёрыг хийгээд өгсөн мэтээр яриад байдаг. Г.Хын тушаал дээр анх удаа захирлын гарын үсгийг зурсан талаараа хүлээн зөвшөөрч байна. ... “ /1хх 110-11, 2хх 162, 3хх 74-75/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 5729 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 01 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд зурсан шинжилж буй гарын үсэг харьцуулах загварт ирүүлсэн Ч.Бгийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна. Харин уг шинжилж буй гарын үсэг нь харьцуулах загварт ирүүлсэн Л.Оээр Ч.Бгийн гарын үсгийг дуурайлган бичүүлж авсан гэх туршилтын загвартай тохирч байна” гэх дүгнэлт /1хх 27-28/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 3804 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн “2017.03.06” гэсэн огноотой, 01 дугаартай “М” ХХК-ийн захирлын тушаал, “Ажлаас чөлөөлөх тухай” гэсэн баримтын “Захирал” гэсний ард, “Ч.Б” гэсний урд зурагдсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Л.Оийн “Ч.Б”-ийн гарын үсгийг дуурайлган зурсан гэх бичгийн хэвийн туршилтын загваруудтай тохирно. ...” дүгнэлт /2хх 113-115/,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэл болон хуурамчаар үйлдсэн 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 01 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын эх, хуулбар хувь, “М” ХХК-иас гаргасан хариу тайлбар, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж /1хх 30, 71-72, 73-75, 84-85, 241-243, 2хх 124/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, үйл баримтыг нотолж чадсан байна.

 

         Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Т, Л.Оэ, Г.Х нарыг бүлэглэн “2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Г.Хыг “Ажлаас чөлөөлөх тухай” 01 дугаартай тушаалыг 2 хувь хуурамчаар үйлдсэн” гэмт хэрэгт, мөн шүүгдэгч Г.Хыг “хуурамчаар үйлдсэн нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн” гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Т, Л.Онарын 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байх үед үйлдэгдсэн гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар шүүгдэгч Б.Т, Л.Онарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улмаар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

 

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Хын дээрх үйлдлийг зүйлчлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас хөнгөн байна гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.Хд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт “... гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ...” гэж заасан эрүүгийн хариуцлага нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ...” гэж заасан эрүүгийн хариуцлагаас хөнгөн гэж үзэх үндэслэлтэй байхад анхан шатны шүүх энэ талаар буруу дүгнэлт хийж шүүгдэгч Г.Хд холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ялтай гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь шүүгдэгч Г.Хын эрх зүйн байдлыг дордуулсан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийн хэрэглээгүй байна гэж үзлээ.

 

          Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Хын үйлдсэн гэмт хэргийг зүйлчлэхдээ  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн  зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хууль болох 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Хын “М” ХХК-д гадаад харилцааны менежерээр ажиллаж байхдаа тус компанийн салбар компанийн ажилтан Л.Оэ, Б.Т нартай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр өөрийгөө “Ажлаас чөлөөлөх тухай” 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 01 дугаартай тушаалыг 2 хувь хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар, дээрх “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хуурамч гэдгийг мэдсээр байж 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ажлаас үндэслэлгүй халсан” нэхэмжлэлийн хамт гаргаж өгсөн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт “... иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогчид нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн ...” заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч Г.Хын 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд прокуророос шүүгдэгч Г.Хд холбогдуулан 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж шийдвэрлэсэн байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүний үйлдсэн энэ хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Харин шүүгдэгч Г.Хын “М” ХХК-ийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 01 дугаартай өөрийг нь ажлаас чөлөөлсөн тушаалыг Б.Тыг эх хувийг бэлтгэж, Л.Огарын үсэг зурж хуурамчаар үйлдсэн болохыг мэдсээр байж 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ажлаас үндэслэлгүй халсан” гэх нэхэмжлэлийг гаргаж улмаар нотлох баримтаар өгсөн үйлдлийг дээр дурьдсан үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн өөрчилж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12,240,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч С.Энхбат, Б.Батжаргал нар “... мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй, Г.Хын гэм буруутай эсэхийг эргэлзээгүй байдлаар тогтоолгүйгээр түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлуудыг заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгөх хүмүүсийг олж тогтоон, улмаар тэднээс мэдүүлэг авсан, шинжээчийн дүгнэлт гаргуулжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд буюу хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтэд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн үйл баримтыг зөв тодорхойлсон байх бөгөөд шүүгдэгч Г.Хын гэм буруутай эсэхэд эргэлзээ төрүүлэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах байдлаар нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийлгэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

 

Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

 

Шүүгдэгч Г.Хын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх тул түүнд оногдуулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12,240,000 төгрөгийн торгох ялаар шийтгэснийг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иймд, дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийтгэх тогтоолд хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байх тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч С.Энхбат, Б.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтыг “Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Т, Л.Онарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.” гэснийг “Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Т, Л.Оэ, Г.Х нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Т, Л.Оэ, Г.Х нарт холбогдуулан мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар, мөн шүүгдэгч Г.Хд холбогдуулан мөн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсүгэй.” гэж,

 

2 дахь заалтыг “Ийнжгадан овогт Баатарын Т, Боржигин овогт Лувсаншаравын Онарыг бүлэглэн үүргээс чөлөөлсөн баримт бичгийг бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг, Олгонуд овогт Галсангийн Хыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Ийнжгадан овогт Баатарын Т, Боржигин овогт Лувсаншаравын Оэ, Олгонуд овогт Галсангийн Х нарыг бүлэглэн үүргээс чөлөөлсөн баримт бичгийг бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг, Олгонуд овогт Галсангийн Хыг иргэний шүүн таслах ажиллагаанд нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

 

3 дахь заалтыг “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Т, Л.Онарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэснийг “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Т, Л.Оэ, Г.Х нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэж,

 

4 дэх заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Хыг 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэснийг “2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Хыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12,240,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Г.Хд 2002 оны Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12,240,000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээн шүүгдэгч Г.Х болон түүний өмгөөлөгч С.Энхбат, Б.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ