Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/231

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

улсын яллагч Ө.Манзушир,

шүүгдэгч Ч.Бийн өмгөөлөгч О.Аюурзана,

шүүгдэгч Ч.Б, З.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх   хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Б, З.Ч нарт холбогдох  2516000000229 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн *********** сумын ********** багийн ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *********** регистрийн дугаартай, Д овогт Ч-н Б.

Монгол Улсын иргэн, халх, ***** оны *** дугаар сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл сумд төрсөн, 56 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 3, нөхөр, хүүхдийн Говь-Алтай аймгийн ********* сумын ******** багийн ***** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай, Б овогт З-н Ч.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.Б, З.Ч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт олборлох ажиллагаа явуулах” гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Ч.Б, З.Ч нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ********** багийн нутаг ********** гэх газарт 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмал олборлолт явуулахаар газрын хэвлийд халдахаар завдсан болох нь: 

1.Шүүгдэгч  Ч.Б-н  шүүх хуралдаан өгсөн “... Би 08 дугаар сарын 14-ний өдөр ******** гэх газар очсон. Бид нар 4 машинаар явсан. Тэнд эхнэр багажаа буулгаад байж байсан. Би хайгч бариад нүх рүү орсон байсан. Удаагүй цагдаа ирсэн. Тэгээд баригдсан ... Багаж хэрэгсэл бэлдээд хайхаар очсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/

2.Шүүгдэгч З.Ч-н шүүх хуралдаанд өгсөн “... 08 дугаар сарын 14-ний өдөр ********* гэх газар очсон нь үнэн. Багаж хэрэгслээ буулгаж байхад цагдаа ирсэн. Эргээд харахад машинууд бүгд явсан бид хоёр хоёулаа үлдсэн байсан. Тэгээд цагдаа ирээд зураг дараад явсан ... Бид хоёр алт олборлох зорилгоор Приус-20 машинаар явсан ... Ухаж хөндсөн зүйл байхгүй. Олборлохоор очсон үйлдлээ зөвшөөрч байгаа  ...  Аймгаас 4 цагийн үед гарсан ... Цагдаа нар 6 цагийн үед очсон. Бид нар очоод багажаа буулгаад пункер буулгаад мотор буулгаж амжаагүй байсан ...” гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/

3.Хохирогч   Э.Э-н  мөрдөн  шалгах  ажиллагааны  үед  өгсөн “... Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ********* багийн нутаг дэвсгэрт байх ********* гэх газар нь орон нутгийн тусгай хамгаалалтад байдаг. 2013 оноос анх эхэлж хууль бусаар алт олборлолт явагдаж эхэлсэн хуучин эвдэрсэн газруудтай ... Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/

4. Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Есөнбулаг сумын ******* баг нь хуучин алтны илэрц бүхий газар байгаа юм. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын *********** гэх газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан хүмүүсийг танихгүй. Би тухайн газарт очиж үзээгүй. Б гэх хүний явна гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн газарт дуудлага өгсөн ... Би Ч.Б гэх хүнийг танихгүй. Есөнбулаг сумын ***** багийн ******* гэх газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан эсэхийг мэдэхгүй байна. Би тухайн газарт өөрийн биеэр очиж үзээгүй. Цагдаад дуудлага өгөх үедээ аймгийн төвд байсан ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/

5. Мөрдөгчийн 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт./хавтаст хэргийн 10-17 дугаар хуудас/

6. Мөрдөгчийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ***** ГАО улсын дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт./хавтаст хэргийн 18-25 дугаар хуудас/

7. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашиглахаар бэлтгэсэн багаж хэрэгслийг хураан авсан ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол./хавтаст хэргийн 26-30 дугаар хуудас/

8. Нуман-Алтай ХХК-н 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 13/088 дугаартай “Экологи-Эдийн засгийн хохирлын үнэлгээ хэсэгт 1. Эдэлбэр газарт учруулсан хохирол: Иргэн Ч.Б, З.Ч нарын эвдсэн газар нь урьд өмнө нь эвдрэлтэй газар байсан учир эдэлбэр газарт учирсан хохиролд тооцох боломжгүй байна. 2. Газрын хэвлийд учруулсан хохирлын үнэлгээ: Иргэний Ч.Б, З.Ч нарын үйл ажиллагаагаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ********** багийн нутаг, ********** нэртэй газарт газрын хэвлийг эвдсэн бөгөөд газрын хэвлийд учруулсан хохирлын үнэлгээг техникийн 6 шатны нөхөн сэргээлтийн зардлын дүнгээр тооцож гаргалаа. Үүнд 8м3 хоосон орон зайд нөхөн сэргээлт хийхдээ ухаж ачих, тээвэрлэх, хэлбэржүүлэх, тэгшлэх, шимт хөрсөөр хучих, нягтруулах ажлын зардлаар тооцож үзэхэд 2,301 төгрөгийн хохирол учирсан байна. 3. Хөрсөн бүрхэвчийн хохирлын үнэлгээ:   Иргэн Ч.Б, З.Ч нарын эвдсэн газарт урьд өмнө нь эвдрэлтэй газар байсан учир хөрсөн бүрхэвчид учирсан хохирол тооцох боломжгүй байна. 4. Ургамлан нөмрөгийн хохирлын үнэлгээ: Иргэн З.Б, Ч нарын эвдсэн газар нь урьд өмнө нь эвдрэлтэй газар байсан учир ургамлын нөмрөгт учирсан хохирол тооцох боломжгүй байна. 5. Усан орчинд учруулсан хохирлын үнэлгээ: Иргэн Ч.Б, З.Ч нарын эвдсэн талбай технологийн хэрэгцээнд ус ашиглаагүй учир усан орчинд учирсан хохиролд тооцох боломжгүй байна. 6. Амьтны аймагт учруулсан хохирлын үнэлгээ: Иргэн Ч.Б, З.Ч нарын эвдсэн газар нь урьд өмнө нь эвдрэлтэй газар байсан учир амьтны аймагт учирсан хохиролд тооцох боломжгүй байна...” гэх агуулгатай шинжээчийн дүгнэлт/хавтаст хэргийн 55-64 дүгээр хуудас/

9. Хэрэгт ирсэн эд  мөрийн баримтууд гэсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэв.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан...” бол гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч Ч.Б, З.Ч нар нь газрын хэвлийд халдахад шаардлагатай металл хайгч төхөөрөмж, төмөр малтуур, цахилгаан мотор, баригч гэх нэршилтэй төхөөрөмж гэх мэт багаж хэрэгслийг цуглуулан, Приус-20 загварын **** ГАО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачин өмнө нь хүмүүс алт олборлож байсан гэх Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ******** багийн  ********* гэх газарт очиж, хуучин ухсан нүхэн дээр багаж хэрэгслээ буулгаж, металл хайгчийг ажиллуулах гэсэн боловч зайг нь мартаж явсны улмаас ажиллуулж чадаагүй, бусад төхөөрөмжийг угсрах явцад цагдаагийн алба хаагч нар ирж үйлдлийг нь таслан зогсоосон үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж хуульчилсан.

Завдалт нь гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нь тодорхой гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн, нэгэнт эхэлсэн, халдлагын объектод хор уршиг учрах бодит заналхийлэл буй болсон, гэмт хэргийн объектив талыг шууд хэрэгжүүлж эхэлсэн боловч гэмт хэрэг төгсөөгүй, гэмт хэрэг төгсөөгүй нь гэмт этгээдийн хүсэл зоригоос гадуур түүний үйлдлийг таслан зогсоосон, дохиолол ажилласан, баригдах аюул тулгарсан, хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл нь ашиглах боломжгүй байсан, хөндлөнгийн хүмүүс саад болсон зэрэг объектив шалтгааны үйлчлэлтэй холбоотойгоор төгсөөгүй байхыг ойлгоно.

Шүүгдэгч Ч.Б, З.Ч нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулах зорилгоор тодорхой үйлдлийг эхэлж хор уршиг учрах бодитой аюул, заналхийллийг бий болгосон боловч тэдгээрийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал буюу металл хайгчийн зайг мартсан тул ажиллуулах боломжгүй, газрын хэвлийд халдахаар багаж хэрэгслийг угсарч дуусахаас өмнө цагдаагийн алба хаагч нар ирсний улмаас таслан зогсоогджээ.

Мөн хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь газрын хэвлийд халдсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх буюу тухайн хэрэг учрал болсон гэх газарт хуучин ухсан нүхнүүд байсан бөгөөд хэргийн газрын үзлэг, байгаль экологид учирсан хохирлын үнэлгээгээр газрын хөрс шинээр хөндөгдсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүгдэгч Ч.Б, З.Ч нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулах гэмт хэргийг бүлэглэн үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсэж үйлдсэн байдаг. Шүүгдэгч нар нь металл хайгч, төмөр малтуур ашиглан алт олборлох зорилгоор 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн ********* сумын *************** гэх газарт очсон боловч  цагдаагийн байгууллага үйлдлийг таслан зогсоосон тул хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийг үйлдэхээр бэлтгэсэн шинжийг хангах бөгөөд энэ үйлдлээ хамтран хэрэгжүүлсэн тул гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр болох бүлэглэн гүйцэтгэх шинжийг хангана гэж үзсэн болно.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “З.Ч нь газрын хэвлийг ухаагүй боловч эд мөрийн баримтаар хураагдсан зүйлүүдийг угсрах  байдлаар гэмт хэрэгт оролцсон. Ч.Б нь тухайн хэргийн газарт очоод малтуур, хүрз, илжгэн  чих гэдэг багаж хэрэгслийг ашиглаад газрын хэвлийд халдчихсан байсан. Халдчихсан байхад нь мөрдөгч нар иргэний гомдол мэдээллийн дагуу очоод энэ гэмт хэргийг таслан зогсоосон болох нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна...” гэх дүгнэлт нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч нар нь анх хуучин эвдрэлтэй газарт очсон бөгөөд металл хайгчийг ажиллуулах гэхэд зайг нь орхиж явсны улмаас ажиллуулах боломжгүй болж, ухаж олборлохоор багаж хэрэгслийг угсарч байхад цагдаагийн алба хаагч нар ирж үйл ажиллагааг нь зогсоосон талаар тогтвортой мэдүүлж байх бөгөөд энэ нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, багаж хэрэгслийг хураан авсан тэмдэглэл, байгаль экологид учирсан хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд эд мөрийн баримтаар хураагдсан металл хайгчид үзлэг хийхэд зай нь байхгүй байсан зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Мөн Нуман-Алтай ХХК-н 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 13/088 дугаартай шинжээчийн дүгнэлтээр цагдаагийн алба хаагч нар очиж шүүгдэгч Ч.Б, З.Ч нарын үйл ажиллагааг зогсоох үед байрлаж байсан газар нь урьд өмнө нь эвдрэлтэй газар байсан тул хохирол тооцох боломжгүй бөгөөд тухайн эвдрэлийг нөхөн сэргээх зардал нь 2,301 төгрөг болохыг тодорхойлжээ. Иймд шүүгдэгч нарыг газрын хэвлийд халдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлтийнхээ үндэслэл болголоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, учирсан хохирлын хэмжээ түүнчлэн хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авах үндэслэлийг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 114-115 дугаар хуудас/, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжид үнэлгээ тогтоосон Ашид Билгүүн  хөрөнгийн үнэлгээний компанийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ШД-725-913449 дугаартай дүгнэлт/хавтаст хэргийн 73-78 дугаар хуудас/, экологид учирсан хохирлыг тогтоосон гэх Нуман-Алтай ХХК-н 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 13/088 дугаартай  дүгнэлт/хавтаст хэргийн 55-64 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Үүний үндсэн дээр шүүгдэгч Ч.Б, З.Ч нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч нарын хувьд тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Ч.Б, З.Ч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 10 (арав) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд ашигт малтмал эрэн хайх, олборлох ажиллагаа явуулахыг хориглох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

1. Нуман-Алтай ХХК-н 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 13/088 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “газрын хэвлийн нөхөн сэргээлтийн зардлыг тооцож, 2,301 төгрөгийн хохирол учирсан байна” гэж тодорхойлсон боловч тухайн нөхөн сэргээлт хийх газар нь шүүгдэгч Ч.Б, З.Ч нарын гэм буруутай үйлдлийн улмаас эвдэгдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй буюу шүүгдэгч нар газрын хэвлийд халдсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй гэж дүгнэлээ.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилсан.

Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгсэл” гэдэгт гэмт хэрэг үйлдэх бүхий л үе шатанд буюу гэмт хэрэгт завдах болон гэмт хэрэг төгс үйлдэхэд ашигласнаас гадна гэмт хэрэгт бэлтгэх үе шатанд гэмт үйлдэлдээ ашиглахаар бэлтгэсэн техник, хэрэгслийг мөн адил хамааруулан ойлгоно.

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашиглахаар завдсан металл хайх зориулалт бүхий Gold monester-1000 гэх бичиглэлтэй 1 ширхэг металл хайгч, цахилгаан үүсгүүрийн мотор 1 ширхгийг хурааж улсын орлого болгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн зохицуулалтад нийцнэ.

Харин хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан баригч 1 ширхэг, цэнхэр өнгийн тайрсан сав 1 ширхэг, төмөр сав 1 ширхэг, хүрз 1 ширхэг, малтуур 1 ширхэг, шигшүүр нэг ширхэг, илжгэн чих гэх нэршилтэй төмөр малтуур 1 ширхэг, нарийн төмөр 4 ширхгийг нь газар ухахад зориулагдсан ашигт малтмал хайх зориулалттай багаж хэрэгсэлд хамаарахгүй, үнэлгээ бага учраас улсын орлогод оруулах нь хууль зүйн ач холбогдолгүй байх тул устгах нь зүйтэй гэж  үзлээ.

3. Шүүгдэгч нарын Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ******** багийн  **********  гэх  газар  хүртэл  жолоодож  ирсэн ****** ГАО улсын дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгслийг ашигт малтмал олборлох зориулалтаар тусгайлан бэлтгэсэн техник хэрэгсэл гэж шууд дүгнэх боломжгүйгээс гадна шүүгдэгч нар уг ердийн зориулалт бүхий тээврийн хэрэгслийг хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, эсхүл ашиглахаар завдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн тээврийн хэрэгслийг хураан авах, битүүмжлэх ажиллагаа хийгдээгүй, өмчлөгчийн эзэмшил ашиглалт байгаа тул шүүх тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой шийдвэр гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол учраагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д овогт Ч-н Б, Б овогт З-н Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулах” гэмт хэргийг бүлэглэн үйлдэхээр завдсан гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Б, З.Ч нарт мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 10 (арав) сарын хугацаагаар тэнссүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Ч.Б, З.Ч нарын ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалттай холбоотой үйл ажиллагаа явуулах, оролцох эрхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

4.Шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч нарт сануулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхээр завдахдаа ашигласан Gold monster-1000 загварын металл хайгч 1 ширхэг, цахилгаан мотор 1 ширхгийг улсын орлого болгосугай. 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол учраагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан баригч 1 ширхэг, цэнхэр өнгийн тайрсан сав 1 ширхэг, төмөр сав 1 ширхэг, хүрз 1 ширхэг, малтуур 1 ширхэг, шигшүүр нэг ширхэг, илжгэн чих гэх нэршилтэй төмөр малтуур 1 ширхэг, нарийн төмөр 4 ширхгийг устгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.ОЮУНБИЛЭГ