Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/486

 

 

 

 

 

 

2025       10         16                                         2025/ШЦТ/486

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга А.Т

Улсын яллагч Э.Г

Хохирогчийн өмгөөлөгч А.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М 

Шүүгдэгч М.Х   нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Х-д холбогдох эрүүгийн 2525002500332 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б овгийн М-гийн Х

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч М.Х нь 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Жаргалант багийн үйлдвэрчний *** тоот хохирогч М.И-н монгол гэрийг өс хонзонгийн сэдэлтээр шатааж 5 770 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Х-г бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Х   мэдүүлэхдээ “миний буруу” гэв.

 

Хохирогч М.И   “шүүх хуралдаанд оролцохгүй, өмгөөлөгч маань оролцоно” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Орхон аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 39/63 дугаартай “тус аймгийн Жаргалант сумын нугаг дэвсгэрт 2025 оны 03 дугаар сарын 04,06-ны өдрүүдэд обьектын гал түймрийн 2 удаагийн дуудлага мэдээллийн дагуу гал түймрийг унтраах ажиллагаа зохион байгуулсан. Дээрх гал түймрийн хэрэг зөрчилд хэргийн газрын үзлэг хийхэд гэмт хэргийн шинжтэй байх нөхцөл илэрсэн тул харьяаллын дагуу шилжүүлэв” гэх албан бичиг. /хх-ийн 13-р тал/

2. Эрх бүхий албан тушаалтны “Хэргийн газрын үзлэгээр 5 ханатай гэр эд хогшлын хамт бүрэн шатсан. Цахилгаан дамжуулагч утас гадна кабель тасалсан байсан. Дамжуулагч утсанд богино холбоо илэрсэн шинж тэмдэг байхгүй. Гал унтраах тасаг хүрэлцэн ирэхэд объект бүрэн шатсан. Гэмтэж бэртсэн хүн байхгүй. Галлагааны зууханд гал түлсэн нөхцөл байдал илрээгүй, хүйгэн” гэх тэмдэглэл, гал түймрийн дараах үеийн гэрэл зурууд. /хх-ийн 14-16- р тал/

3. Гал түймрийн зөрчлийн нотломж. /хх-ийн 8-22-р тал/

4. Гар утасны бичлэгт үзлэг хийсэн “хохирогч И-н  охин О-с  гаргаж өгсөн 2025 оны 04 сарын 04 ний өдөр худаг дээр Х-тай  таараад маргалдсан гэх бичлэгийг үзэхэд 4 минут 15 секундийн бичлэг байх ба Х худаг дээр үхэр усалж байгаа дүрс байх бөгөөд Х нэг эрэгтэй хүнтэй маргалдах ба тухайн эрэгтэй гэр яагаад шатаасан юм, цаашлаад хүн амины хэрэг болбол яах юм гэж хэлэхэд Х яадгийн та нарыг ойлгох болов уу гэж бодоод шатаасан юм гэж хэлж байгаа дүрс байна. Х хажуудаа байгаа хүмүүстэй маргалдах бөгөөд бичлэг хийж байгаа залуу яахаараа аавын гэр шатаадаг юм танай аавын гэрийг шатаасан бол яах вэ гээд маргалдах бөгөөд бичлэгийн төгсгөлийн 20 секундэд Х яадгийн би шатаасын шатаасын гэж хэд хэдэн удаа хэлж маргалдаж байгаа бичлэг байна” гэх тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 24-25-р тал/

5. Хохирогч М.И-н “Манай охин Н-н нөхөр болох Х гэх залуу 2018 оноос хойш манайхыг ална голомтоор чинь самарна гэж сүрдүүлдэг Яагаад тэгээд сүрдүүлээд байдаг вэ гэхээр манай охинтой маргалдахаараа тэгээд байдаг юм. Манай охин Н сална гээд шүүхэд өргөдөл өгсөн байгаа 2025 оны 03 сарын 04-ний орой 20 цагийн үед миний гэр шатахаас өмнө манай охин О руу чи хүрч ирж надтай уулзаарай. Би гэрийг чинь шатааж голомтоор чинь самарна гэж хэлсэн байсан мөн хэрэг гарсны маргааш нь манайхан худаг дээр байхад очиж уулзахад би гэрийг чинь шатаасан нь үнэн, хүн байхгүй байгааг харж байгаад шатаасан, та нар явдаг газраараа яв гэж хэлсэн байна лээ” гэх мэдүүлэг. /хх-ийн 28-29-р тал/

6. Гэрч Л.Б-н “Орхон аймгийн хэмжээнд одоогийн байдлаар газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчаар би ганцаараа ажиллаж байгаа. Би Орхон аймгийн нутаг дэвгэрт гарсан гал түймрийн дуудлагад очиж шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажилладаг. 2025 оны 03 дугаар 04-ний өдөр 21 цагийн орчимд 7035101 дугаарт Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багт айлын гэр шатаж байна гэх дуудлага мэдээллийн дагуу би Онцгой байдлын газрын гал сөнөөгч, жолооч, салаан дарга нарын хамт хэргийн газар болох Жаргалант сумын Улаантолгой баг үйлдвэр хорооны *тоот хашаанд очиход Монгол гэр бүрэн шатаж дууссан байсан. Тэгээд гал сөнөөгч нар галын уугьсэн хэсгийг задалж бүрэн унтраасан. Хэргийн газар очиход Жаргалант сумын олон нийтийн цагдаа Т , гэрийн эзэн М.И   гэх хүний төрсөн хоёр охин нь хүүхдүүдтэйгээ байсан. Гэрийн эзнээс нь юу болсон талаар тодруулахад М.И   гэх хүний төрсөн охины сэтгэцийн өвчтэй нөхөр нь гар утсаар гэрийг чинь шатааж ална гээд байсан. Хашаандаа байдаг байшиндаа байж байхад гэр нь шатаж байхаар нь гүйж гарч ирээд унтраах гэж оролдоод дийлээгүй Онгой байдлын газар хандсан гэж хэлсэн Үзлэгээр цахилгааны утасны гэмтэлгүй, гал түлсэн нөхцөл байдалгүй байсан. “Гэр өдөр хэн шатаасныг нь мэдэхгүй хүргэнээ хардаж байсан. Тэгээд бид нар буцаад хэрэг болсон өдрөөс хойш хоёр хоногийн дараа би дахин очиж гэрийн эзэнтэй уулзаж юу болсон талаар нь тодруулахад манай олон жил сэтгэцийн өвчтэй явсан хүргэн шатаасан байна лээ, өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 31-32-р тал/

7. Гэрч И.О-ийн “2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр би гэртээ амарч байтал манай төрсөн эгч Н-н нөхөр болох Х 20 цагаас хойш 3 удаа над руу залгасан. Би утсаа аваад ярьтал эгчийг чинь Эрдэнэтэд Д  гэдэг айлд хаячихсан шүү, одоо би ааваар чинь оролдоно, гал голомтоор чинь аав, ах хоёрын чинь гэрийг шатаана, эгчийг нь ална гэх зэрэг юм яриад байхаар нь би чи тэгээд үзээрэй та нар хоорондоо учраа ол гэж хэлээд утсаа салгасан. Удалгүй 21 цаг 16 минутад манай төрсөн ах Х-н  эхнэр Т  над руу залгаад аавын гэр шатаад дуусчихлаа, даралт нь ихсээд байна та нар яаралтай ирээрэй гэж хэлсэн. Маргааш нь Х над руу залгаад урьд өдөр нь утсаар аав, ахын чинь гэрийг шатаана гээд байсан болохоор Х-ыг хардаж гар утас руу нь залгаад аавын гэр шатчихлаа чи шатаасан уу хүрж ирээд уулз гэтэл тэгсэн би аавын чинь гэрийг шатаасан юм, хөдөө дүүгийнхээ цайллагад явж байна өдөр 15 цагаас гэж хэлсэн. Тэгээд би 15 цаг хүлээгээд ирэхгүй болохоор нь хойно байдаг гэр лүү Н эгч дүү Ц-н  хамт очиж явтал, Х худаг дээр ус аваад зогсож байхаар нь очоод уулзтал би аавын чинь гэрийг шатаасан та нар яах юм явдаг газраараа яв дараагийн удаа би хүн ална шүү эгчийгээ надаас салгаад ав, эгчээс нь салмаар байна гээд орилоод байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 37-38-р тал/

8. Гэрч И.Н-н “Тэгээд тэр өдөр аавынхаа байшинд хоносон маргааш нь би дүү нарын хамт гэр лүү орж явахад Х худаг дээр үхрээ усалж байсан аавын гэр шатсан талаар хэлэхэд би шатаасан юм та нар яах юм гээд дайраад орилоод байсан би одоо нөхөртэйгөө хамт байхаас айж байна, зан байдал нь улам хэцүү болж байгаа учраас” гэх мэдүүлэг. /хх-ийн 40-41-р тал/

9. Гэрч И.Х-н  “20 цаг өнгөрч байхад гадаа хүүхэд орилж чимээ гарахаар нь би хартал манай аавын Монгол гэр шатаж байсан. Бид нар унтраах гээд дийлээгүйгээр шатаж дууссан” гэх мэдүүлэг. /хх-ийн 43-44-р тал/

10. Гэрч Б-н "Х бол эхнэр хүүхэдтэйгээ маргаантай байх шиг байдаг, Х малтай, мал малладаг, ногоо тарьж амьдардаг. Эхнэр нь бага ангийн багш хүүхэн байдаг. Амьдрал ахуйн их гайгүй амьжиргаатай хүмүүс байдаг. Х өөрөө сэтгэц нь жоохон өөрчлөлттэй сэтгэцээрээ группэд байдаг гэж байсан. Ер нь хүнтэй харилцахдаа их эвгүй эвтэйхэн харилцахгүй бол балай балай юм яриад дайраад буруугаа хүлээхгүй өөрийгөө өмөөрөөд байдаг хүн байгаа юм. Шатсан гэр нь Х-ы хадам аавынх нь гэр байгаа юм шатсан гэр нь Хы гэрээс *гудамжны цаана байдаг. Шатсан гэрийн хажууд том хүүгийнх нь гэр байдаг, гэрт хүн амьдардаг И өөрөө тэр хашаандаа байшинд амьдардаг Тухайн үед И өөрөө байхгүй байсан юм байна лээ. Ер нь бол Х шатаасан гэж бодож байна" гэх мэдүүлэг. /хх-ийн 47-р тал/

11. Орхон аймгийн онцгой байдлын газрын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 06/31 дугаартай “Гал түймэр гарсан үндсэн шалтгаан нь санаатай болон санамсар болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас үүдэлтэй бөгөөд татсан тамхи, лаа, дэн, шүдэнзээс буюу ил гал гаргаснаас гал түймэр гарсан байх магадлалтай байна. Тус гал түймэр нь хэргийн газрын үзлэгээр Гал түймэр унтраах аврах анги хүрэлцэн очиход бүрэн шатсан байсан ба цахилгаан дамжуулагч утсанд богино холбоо, хэт ачаалал үүссэн шинж тэмдэг илрээгүй. Гадны хүчин зүйл нөлөөлсөн байх магадлалтай. Цахилгаан техник, угсралт, ашиглалтын буруугаас гал түймэр гарсан байх боломжгүй нөхцөл байдал илэрсэн тул хүн шатаасан байх боломжтой байх магадлалтай” гэх дүгнэлт. /хх-ийн 57-58-р тал/

12. Шүүх сэтгэц эмгэг судлалын 36 дугаартай “Магадлуулагч М.Х   нь төрөлхийн хөнгөвтөр хэлбэрийн оюун ухааны хомсдол өвчний учир сэтгэцийн эмчийн хяналтад ХЧТА-ийн 60% байдаг. Хяналтад үзүүлж шинж тэмдгийн эмчилгээ хийлгэдэг байсан. М.Х   нь болсон үйл явдлыг зөв тусган ойлгох чадвартай. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Хэрэг хариуцах чадвартай” гэх дүгнэлт. /хх-ийн 59-60-р тал/

12. “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №ОРХ- 911877 дугаартай “эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр 5 ханатай монгол гэр 3,000,000 төгрөг гэр доторх эд зүйлс нийт 5,770,000 төгрөг” гэх дүгнэлт. /хх-ийн 83-70-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Э.Г дүгнэлтдээ “Шүүгдэгч М.Х   нь 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Жаргалант баг үйлдвэрчний *** тоот хохирогч М.И-н монгол гэрийг өс хонзонгийн сэдэлтээр шатааж 5 770 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 12 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Шүүгдэгч нь хохирлыг төлж барагдуулсан байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч А.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч хохирлыг төлж барагдуулсан, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох нь зүйтэй. Эрүүгийн хариуцлагын хувьд саналгүй” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М дүгнэлтдээ “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хуулийн зүйлчлэлийн талаар мэтгэлцэхгүй, хохирлыг төлсөн. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан Орхон аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 39/63 дугаартай “тус аймгийн Жаргалант сумын нугаг дэвсгэрт 2025 оны 03 дугаар сарын 04,06-ны өдрүүдэд обьектын гал түймрийн 2 удаагийн дуудлага мэдээллийн дагуу гал түймрийг унтраах ажиллагаа зохион байгуулсан. Дээрх гал түймрийн хэрэг зөрчилд хэргийн газрын үзлэг хийхэд гэмт хэргийн шинжтэй байх нөхцөл илэрсэн тул харьяаллын дагуу шилжүүлэв” гэх албан бичиг,Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гал түймрийн дараах үеийн гэрэл зурууд, гал түймрийн зөрчлийн нотломж, гар утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч М.И-н “2025 оны 03 сарын 04-ний орой 20 цагийн үед миний гэр шатахаас өмнө манай охин О руу чи хүрч ирж надтай уулзаарай. Би гэрийг чинь шатааж голомтоор чинь самарна гэж хэлсэн байсан мөн хэрэг гарсны маргааш нь манайхан худаг дээр байхад очиж уулзахад би гэрийг чинь шатаасан нь үнэн, хүн байхгүй байгааг харж байгаад шатаасан, та нар явдаг газраараа яв гэж хэлсэн байна лээ” гэх мэдүүлэг, гэрч Л.Б-н “Тэгээд бид нар буцаад хэрэг болсон өдрөөс хойш хоёр хоногийн дараа би дахин очиж гэрийн эзэнтэй уулзаж юу болсон талаар нь тодруулахад манай олон жил сэтгэцийн өвчтэй явсан хүргэн шатаасан байна лээ, өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч И.Огийн “Х худаг дээр ус аваад зогсож байхаар нь очоод уулзтал би аавын чинь гэрийг шатаасан та нар яах юм явдаг газраараа яв дараагийн удаа би хүн ална шүү эгчийгээ надаас салгаад ав, эгчээс нь салмаар байна гээд орилоод байсан” гэх мэдүүлэг, гэрч И.Н-н “Тэгээд тэр өдөр аавынхаа байшинд хоносон маргааш нь би дүү нарын хамт гэр лүү орж явахад Х худаг дээр үхрээ усалж байсан аавын гэр шатсан талаар хэлэхэд би шатаасан юм та нар яах юм гээд дайраад орилоод байсан би одоо нөхөртэйгөө хамт байхаас айж байна, зан байдал нь улам хэцүү болж байгаа учраас” гэх мэдүүлэг, гэрч И.Х-н  “...20 цаг өнгөрч байхад гадаа хүүхэд орилж чимээ гарахаар нь би хартал манай аавын Монгол гэр шатаж байсан. Бид нар унтраах гээд дийлээгүйгээр шатаж дууссан” гэх мэдүүлэг, гэрч Б-н "Хы хадам аавынх нь гэр байгаа юм шатсан гэр нь Хы гэрээс *гудамжны цаана байдаг. Шатсан гэрийн хажууд том хүүгийнх нь гэр байдаг, гэрт хүн амьдардаг И өөрөө тэр хашаандаа байшинд амьдардаг Тухайн үед И өөрөө байхгүй байсан юм байна лээ. Ер нь бол Х шатаасан гэж бодож байна" гэх мэдүүлэг, Орхон аймгийн онцгой байдлын газрын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 06/31 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 36 дугаартай дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №ОРХ- 911877 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч М.Х   нь 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Жаргалант баг үйлдвэрчний *** тоот хохирогч М.И-н монгол гэрийг шатааж 5 770 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч М.Х   нь бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэргийг орон байрыг галдан шатааж буюу олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Х-г  яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч М.И-д 5 770 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч хохирлыг төлсөн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хохирол төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Шүүгдэгч М.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн М-ийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч М.Х-г 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-д оногдуулсан 10 000 000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч М.Х-д оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар 437-р нээлттэй хорих ангид даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А