Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 245

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: З.Бат-Амгалан,  

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Оюунжаргал,

хохирогч Х.Мядагбадам, түүний өмгөөлөгч Л.Азжаргал, /0113/

шүүгдэгч: Д.Алтан-Өлзий, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл /0086/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж, ирүүлсэн Алтангэрэл овогт Дүгэржавын Алтан-Өлзийд холбогдох эрүүгийн 2017 2602 0541 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймагт төрсөн, 40 настай, эмэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, оёдлын технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 6-17 насны 3 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн 7-725 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ИО 77101703, Алтангэрэл овогт Дүгэржавын Алтан-Өлзий.

 

Шүүгдэгч Д.Алтан-Өлзий нь 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны 0 тоотод Х.Мядагбадамыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодож, бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (сэжигтнийг яллагдагчаар татах тухай тогтоолд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.Алтан-Өлзий мэдүүлэхдээ:

С.Амгаланбаатар нь “би эхнэрээсээ салаад 1 жил болж байна” гэж надтай анх танилцахдаа хэлж байсан. 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 13 цагийн үед тэр намайг “хүрээд ирээч” гэж дуудаад байхаар нь би очсон. Намайг очиход С.Амгаланбаатар архи уусан байхаар би гараад явах гэтэл “чамтай ярих юм байна” гээд намайг явуулахгүй байсан. Намайг жижиг өрөөнд нь сууж байхад Өнөрцэцэг гэдэг охин “том эгч ирж байна, та нуугдаарай” гэж хэлэхээр нь би 00-ын өрөөнд орж, 10-15 минут болсон. Тэгээд эгч нь ирээд, гараад явахаар нь би 00-ын өрөөнөөс гараад явах гэтэл С.Амгаланбаатар араас гарч ирээд “чи намайг унтуулчихаад яв” гэхээр нь би буцаж ороод С.Амгаланбаатарын орны хажууд утсаараа оролдоод сууж байтал түүний эхнэр нь гаднаас орж ирээд намайг цохисон. Х.Мядагбадам миний үснээс татаж, гал тогооны өрөө хүртэл чирээд явсан. Бас сэрээгээр миний хүзүү рүү хатгаж, урсан. Намайг үсдэж дараад ширээ мөргүүлээд үснээс тавихгүй байхад С.Амгаланбаатар ирж, биднийг салгасан. Тэр эхнэрээ түлхэж унагаан, алгадаж хоорондоо зодолдсон. Намайг гэрээс нь гарах гэтэл Х.Мядагбадам миний цүнхийг булааж аваад дотор нь байсан виза карт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэргийг урж хаясан. Тэгээд би тэр чигтээ явсан. Үүний дараа С.Амгаланбаатар над дээр ирээд уучлалт гуйгаад байсан болохоор нь би Х.Мядагбадамын талаар гомдол гаргаагүй. Би тэр өдөр Х.Мядагбадамд зодуулаад гэмтлийн эмнэлэгт очиж гэмтлээ үзүүлэхдээ санаа зовоод бусдад дээрэмдүүлсэн  гэж худлаа ярьсан. Сүүлд би энэ талаар гомдол гаргасан боловч шалгаагүй. Би С.Амгаланбаатар, Х.Мядагбадам нарт гомдолтой байна. Надад хохирол төлөх төлбөрийн чадвар байхгүй тул төлөхгүй. Х.Мядагбадамаас уучлалт гуйж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Мядагбадам мэдүүлэхдээ:

2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр би хадам аавын гэрийн хажуу талын сургуульд тэмцээнд орсон. Манай хүүхэд хадам аавын гэрт байсан болохоор нь түүнийг авахаар гэрт нь ортол жирэмсэн хүүхэн, эгчийнх нь охин нар байсан. Би ариун цэврийн өрөөнд орох гэтэл дүү нь “00-д манай найз охин байгаа” гэхээр нь 30 минут хүлээсэн боловч хүн гарч ирэхгүй тэндээс гарч явсан. Тэдний хажуу талын сургуульд утсаа цэнэглээд орхисон тул түүнийгээ аваад хүүхдээ авахаар  буцаад ортол С.Амгаланбаатар, Алтан-Өлзий хоёр нэг хөнжилд орсон хэвтэж байсан. Би хөнжлийг нь сөхөөд “юу болж байгаа юм бэ” гэхэд Амгаланбаатар босож ирээд “чамд хамаагүй” гэхээр нь би Амгаланбаатарыг нүүр рүү нь алгадсан. Тэр босож ирээд намайг түлхэж унагааж, бид хоёр хоорондоо зодолдсон. Гэтэл Алтан-Өлзий орны буланд утсаараа оролдоод суугаад байхаар нь би утсыг нь булааж аваад халаасандаа хийсэн. Алтан-Өлзий тамхи татаад надтай хэрэлдээд байсан. Манай нөхрийн эгчийнх нь хүүхэд түүнд автобусны мөнгө гэж 1000 төгрөг өгөөд “одоо яв” гэтэл явахгүй надтай хэрэлдээд байхаар нь түүний цүнхийг нь булааж аваад дотор нь байсан эд зүйлсийг нь шидээд, бичгийг нь урсан. Гэтэл С.Амгаланбаатар намайг түлхэхэд би унах гээд байсан болохоор Алтан-Өлзийгөөс татахад тэр “чи яах гээд байгаа юм бэ” гээд намайг үсдээд авсан. Тэгээд бид хоёр үсдэлцсэн. Тэр миний нүүрийг хумсаараа урж, миний нүүрнээс цус гарсан. Д.Алтан-Өлзий миний нүүрийг урснаас түүний хумсных нь мөрөөр нүүрэнд 5 ширхэг гүн сорви үүссэн тул би  цалингийн зээл авч, гоо сайхны газраар сорви арилгуулах эмчилгээ хийлгэж 2 800 000 төгрөгийн төлсөн. Иймд хохирлоо төлүүлнэ. Миний хохирлыг төлбөл гомдол, саналгүй. Түүнийг заавал ял шийтгүүлнэ гэхгүй гэв.

 

      Хэрэг бүртгэлтэд гэрч-Д.Болортуяа мэдүүлэхдээ:

     ...Би тэр өдөр гэртээ манай нөхөр Зоригоогийн урд нь хамт ажилладаг
байсан танил ах Амгаланбаатартай байж байсан ба Амгаланбаатар ах өглөө 09 цагийн үед Алтан-Өлзий гэдэг эмэгтэйтэй хамт манайд орж ирсэн ба Амгаланбаатар ах манайд 2-3 сар амьдарч байгаа юм. Тэгээд орж ирээд тэр хоёр талх, боов амсчихаад, буцаад гарч яваад 30 минутын дараа буцаж орж ирэхдээ нэг шил Хараа 0.5 литрийн архитай орж ирсэн. Тэр хоёр архиа хувааж уучихаад, нэг орон дээр унтаж байсан. 15 цагийн үед гаднаас Амгаланбаатарын эхнэр гэх Мядагбадам орж ирсэн. Алтан-Өлзий, Амгаланбаатар хоёр хамт унтаад байж байхаар Мядагбадам шууд хөнжлийг нь татаж, сэрээгээд Мядагбадам нь Амгаланбаатарт “чи энд заваараад байж байх юм” гэж хэлсэн. “Энэ юун эмэгтэй юм бэ” гэж надаас асуухаар нь би “танихгүй эмэгтэй байна” гэж хэлсэн чинь Мядагбадам тэр Алтан-Өлзийтэй маргалдаад хоорондоо үсдэлцээд гичий минь гээд хоёр биенийгээ хэл амаар доромжлоод байхаар нь би хажуу талын өрөөний түрээслэгч эмэгтэйн охин гэх 18 настай Өнөрхүслэн бид хоёр салгасан. Мядагбадам эгч Амгаланбаатар ахыг орондоо хэвтэж байхаар нь очоод баруун талын хацар луу нэг алгадсан чинь Амгаланбаатар ах босож ирээд Мядагбадамын нүүр лүү нь алгадаад модон жижиг сандал аваад цохих гэхээр нь Өнөрхүслэн бид хоёр очиж сандлыг нь авсан. Тэгээд Алтан-Өлзийг Өнөрхүслэн бид хоёр гаргаж явуулсан чинь удалгүй Алтан-Өлзий өөрөө орж ирээд дахиад Мядагбадамтай маргалдаад хоорондоо зодолдоод Алтан-Өлзий Мядалбадамын нүүрийг маажаад үснээс нь зулгаагаад байхаар нь дахиж бид хоёр очиж салгаад арай гэж нэг юм болиулсан. Алтан-Өлзий тэр хоёр хоорондоо зодолдоод Мядагбадам эгч нүүрээ маажуулсан нүүрнээс нь цус гарч байсан. Алтан-Өлзийн биед бол ямар ч гэмтэл учраагүй, үснээс нь зулгаасан өөр нүүрэнд нь гэмтэл байхгүй байсан. Алтан-Өлзий л уг гэмтлүүдийг учруулсан Амгаланбаатар бол нэг удаа нүүр лүү нь гараараа алгадсан. Алтан-Өлзий тэр хоёр 3-4 цаг хоорондоо зодолдсон. Тиймээ ил харагдах гэмтэл байхгүй байсан харин үснээс нь их үс унаж байсан. Үгүй тэр хоёрт ямар нэг гэмтэл байхгүй байсан гэжээ. (хэргийн 22, 23 дугаар хуудас)

 

Хэрэг бүртгэлтэд гэрч-О.Өнөрхүслэн мэдүүлэхдээ:

     ...Тухайн өдөр 17 цагийн үед байхаа Амгаланбаатар ах тэр найз эмэгтэйн хамт орон дээр хамт унтаж байсан. Тэр үед гаднаас Амгаланбаатарын эхнэр Мядагбадам орж ирэхээр нь би нойлын өрөө рүү орсон чинь бөөн хэрүүл шуугиан болоод байхаар нь би гараад хартал Мядагбадам тэр эмэгтэйтэй маргалдаад хоёр биенийхээ үснээс зулгаагаад байж байхаар нь би төрсөн Буяндэлгэрийн хоёр хүүхдийг нь аваад цаад өрөөнд оруулаад хаалгыг нь хаачихаад тэр хэдийг болиулах санаатай очсон. Мядагбадам эгч Амгаланбаатар ахыг орон дээр хэвтэж байхад нь “босооч” гэж орилоод цүнхээрээ цохисон чинь Амгаланбаатар ах босож ирээд Мядагбадам эгчийн зүүн хацар луу нь нэг удаа алгадахаар нь Болортуяа эгч бид хоёр Амгаланбаатар ахыг болиулаад сандал дээр суулгасан. Мядагбадам эгч нөгөө эгч хоёрыг Болортуяа эгч бид хоёр гар гэсэн чинь гараагүй ба тэгээд үүдэнд зодолдоод тэр эгч Мядагбадам эгчийн нүүрийг нь маажаад хаясан. Мядагбадам эгч тэр эгчийн цүнхийг нь ураад дотор нь байсан эд зүйлүүдийг гаргаж, шидээд байсан.  Амгаланбаатар ах жоохон согтуу байсан харин нөгөө эмэгтэй болон Мядагбадам эгч нар эрүүл байсан гэжээ. (хэргийн 24 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2158 тоот дүгнэлтэд:

1. Х.Мядагбадамын биед баруун хацар, хамрын нуруу, зүүн хацар, зүүн сарвуунд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 26 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

            Д.Алтан-Өлзий ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 56 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Д.Алтан-Өлзийг 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны 0 тоотод хохирогч Х.Мядагбадамын нөхөр С.Амгаланбаатартай хамт унтаж байхад хохирогч түүнтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн “чи хэн бэ, яагаад нөхөртэй маань унтаж байна” гэж маргалдан, хэрэлдэж, улмаар харилцан бие биенийхээ үснээс зулгаах явцад Д.Алтан-Өлзий нь түүнийг зодож, бие махбодид нь баруун хацар, хамрын нуруу, зүүн хацар, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн хохирогч Х.Мядагбадам, гэрч Д.Болортуяа, О.Өнөрхүслэн нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2158 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Алтан-Өлзийн гэмт  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчилж, яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Алтан-Өлзийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял оногдуулах үндэстэй байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

 

Хохирогч Х.Мядагбадам нь шүүгдэгч миний нүүрийг самардаж, урснаас нүүрэнд үүссэн сорвийг 2 800 000 төгрөгөөр эмчлүүлсэн гэж “Mountain beauty center“ салоны тодорхойлолтыг шүүхэд ирүүлжээ.

Х.Мядагбадам тус гоо сайхны газарт Хаан болон Хас банкаар 1920 000 төгрөг шилжүүлж, эмчлүүлсэн нь банкны дансны хуулга, хохирогчийн мэдүүлгээр  нотлогдож байх тул Д.Алтан-Өлзийгөөс 1 920 000 төгрөг гаргуулж, үлдэх 880 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүхийн хэрэг хэлэлцэх ажиллагаа нь шүүгдэгчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдсан, Д.Алтан-Өлзий нь хохирогч намайг зодсон гэж мэдүүлж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй болохыг тус тус дурдлаа.