Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2023/0281

 

                                                                                                                                                                 

 

   

 

 

    2023         03          24                                     128/ШШ2023/0281

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х*******ын А******* /РД:*******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б,

Хариуцагч: М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.У, Г.Б*******,  

Хариуцагч: Хан-уул дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Н нарын хоорондын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг баталгаажуулсан улсын байцаагчийн үйлдэлтэй холбоотой  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У, Г.Б*******, хариуцагч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” төслийн барилгын талбайд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ажилтан Х.А******* үйлдвэрлэлийн осолд өртсөнийг “Э” ХХК-ийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр үйлдсэн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт”-ыг Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Н тус байгууллагын үйлдвэрлэлийн осолд тооцсон дүгнэлтийг хянан баталгаажуулсан.

Уг актыг хүчингүй болгуулахаар Мт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргасныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03/3421 дугаар албан бичгээр татгалзсан хариу өгчээ.

2. Нэхэмжлэгч Х.А*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бгаас дээрх актыг эс зөвшөөрч гаргасан “1. 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг хүчингүй болгуулах, 2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 4 удаагийн захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж байгаа тул осолдогч Х.А*******т холбогдох Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт гаргахыг Мт даалгах”  шаардлага бүхий нэхэмжлэлээр Мт холбогдуулан 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Н татаж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн “Э” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг хянан баталгаажуулсан хариуцагч Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч /Г.Н/-ийн үйлдлийг хүчингүй болгуулах,

-Нэг дэх шаардлагаас үүдэн гарах магадлалтай үр дагаврыг арилгах үүднээс Х.А*******т холбогдох “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг “Э” ХХК-аас шинээр дахин гаргуулах, түүнийг хянан баталгаажуулах үйлдлийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны холбогдох байгууллага, албан тушаалтанд даалгах” гэж тодруулжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Х.А******* нь Баян-Өлгий аймагт ажилгүйдлийн улмаас Улаанбаатар хотод ирээд ерөнхий гүйцэтгэгч буюу захиалагч “Д” ХХК болон туслан гүйцэтгэгч “Э” ХХК-ийн барьж байгаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт оршин байрладаг “Т” цогцолборын барилгын хэв хашмалын угсралтын ажлын өндөрт ажиллаж байсан ажилтан Х.А*******ийн биедээ зүүж байсан хамгаалалтын бүсний толгойн хэсгийн богино дэгээний тээглүүр цоожлогчийн үзүүрийн хэсэг хугарснаас холбогч карбоны ам тэнийн сунаж бүс задгайрсны улмаас буюу чанарын шаардлага хангахгүй хамгаалах хэрэгсэл өгч ажиллуулснаас болж 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тус барилгын 7.2 метрийн өндрөөс унаж бэртсэн тухай гарсан 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5. “Ажил олгогч энэ зүйлийн 29.1, 29.2-т заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл үйлдвэрлэлийн осол гарсан, хурц хордлогод өртсөн дүгнэлтийг иргэн, ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо улсын байцаагч болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу  шийдвэрлүүлнэ”, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 7.1. “ Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаарх акт, дүгнэлтийг ажил олгогч болон осолдогч (осолдогч нас барсан тохиолдолд түүний гэр бүл) зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлоо Мт, эсхүл шүүхэд хандан гаргаж, холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ”  гэж тус тус заасны дагуу энэхүү гомдлоо гаргасан. Учир нь өмнө нь м Шадар сайдад бүгд 6 удаа гомдол гаргасан боловч хөндөгдсөн асуудлаас зайлсхийж, ямар ч ажиллагаа явуулаагүй, эс үйлдэхүй хийж өөрөөр хэлбэл шийдвэрлэж чадахгүй, хууль бус гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа өмнө нь анх гаргасан 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн актыг тайлбарлах, зааварлах хариу өгч эцэс сүүлд нь шүүхэд хандахыг зөвлөсөн.

Иймд тус актын хуулбарыг эрэл сурал болж араас нь нэхэн явж 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр буюу акт гарсан 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс хойш бүтэн 5 сарын хугацаа өнгөрсний дараа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Ц.Бгаас гардан авсан ба тус актыг осолдогчид тухайн цаг үед нь өгөөгүй, ажил олгогчийн энэ үйлдэл нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 3.8, 3.9, 3.10, 3.13 дэх заалтуудыг зөрчсөний улмаас осолдогч даатгалын болон хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр, тэтгэмж авч чадахгүйд хүрсэн.

Нэхэмжлэгч Х.А******* нь осолд өртөхөд 2 нурууны яс хугаралтай, зүүн хөлийн шагайн шилбэ бяцарсан бэртэлтэй, тархи нь хүнд зэргээр хөдөлсөн, арьсны язралтад 6 оёдол тавиулсан зэрэг эрүүл мэндэд хүнд гэмтэл, бэртэл учирсан гэж үзэж байгаа ба 2 удаа хагалгаанд орсон хэдий ч актын 10-д үйлдвэрлэлийн осол “Хүндэвтэр” гэж тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Акт тогтоосон комиссын дарга Е.Г, гишүүн Т.Б нар ослын үеийн нөхцөл байдлыг яг тэр мөчид газар дээр нь харсан, осолдогчтой хамт нэг баг болж хэв хашмалын угсралтын ажлын мужаанаар ажиллаж байсан мэтээр өөрсдөө гэрчээр давхар оролцож Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоол, Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/36 дугаар тушаалаар баталсан “Аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссын ажиллах заавар”-ын 4.3. “Осол, хурц хордлого гарахад хамт байсан болон гэрч хүмүүсийг судлан тогтооно. Гэрчүүдтэй уулзаж, тайлбар ярилцлага хийж, тэмдэглэл хөтөлнө” гэсэн комиссын ажиллах чиг үүрэг, процессын ажиллагаа болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байх тул тус комиссын гаргасан акт гарсан цагаас эхэлж хүчингүйд тооцох журамтай гэж үзэж байна. Актын 13-д мужааны ажилтан нь өндрийн хамгаалалтын бүс хэрэглээгүй ажил гүйцэтгэсэн, 14-д мужааны дэгээг дэгээдээгүй, өндрийн хамгаалалтын бүс дэгээдэж ажиллаагүй гэж тус тус дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь актын хуулбарыг араас нь эрэл сурал болж, 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр буюу акт гарсан өдрөөс хойш 5 сарын хугацаа өнгөрсний дараа бусдаас олж авсан ба ажил олгогч акт гарсан тухайн үед осолдогчид 1 хувийг олгоогүйн улмаас актыг үндэслэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2015 оны А/38 дугаар тушаалаар хамтран баталсан “Эмнэлгийн хуудас олгох заавар”-ын 2.1-А-д эмнэлгийн хуудсыг эмнэлгээс гарсан өдөрт нь буюу эмчлүүлж дууссанаас хойш 5 хоногийн дотор бичиж олгох журмыг зөрчсөн гэж эмнэлгээс эмнэлгийн хуудас олгоогүй учраас осолдогч даатгалын болон хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр тэтгэмж авч чадахгүй хохирсон.

Иймд “Э” ХХК-ийн гаргасан 2020 оны 05 дугаар сарын 08-ны “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг хянан баталгаажуулсан хариуцагч Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч /Г.Н/-ийн үйлдлийг хүчингүй болгуулах, үүнээс үүдэн гарах магадлалтай үр дагаврыг арилгах үүднээс Х.А*******т холбогдох “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг “Э” ХХК-аас шинээр дахин гаргуулах, түүнийг хянан баталгаажуулах үйлдлийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны холбогдох байгууллага, албан тушаалтанд даалгах” шаардлага гаргаж байгаа” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

5.1. “...Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 3.6. “Энэ дүрмийн 3.1, 3.2-т заасан комисс нь осолдогчийг нийгмийн даатгалд хамрагдсан эсэхийг үл харгалзан мөн дүрмийн 1 дүгээр хавсралтаар баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт” (цаашид "акт" гэх)-ын дагуу судлан бүртгэнэ”, 3.9. Ажил олгогч үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан  бүртгэж дууссанаас хойш ажлын 3 өдөрт багтаан холбогдох актыг хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид хүргүүлнэ. 3.10. Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн хяналтын, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч ажлын 5 хоногт багтаан тус тус хянан баталгаажуулна” гэж заасны дагуу “Э” ХХК-ийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс уг ослыг судлан акт тогтоосон байна. 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр үйлдсэн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4.1 дэх заалтыг үндэслэн Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Н тус байгууллагын комисс уг ослыг үйлдвэрлэлийн осол гэж дүгнэсэнтэй санал нийлж, актыг хянан баталгаажуулжээ. Иймд “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 3.6, 3.9, 3.10 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Харин тус дүрмийн 3.13. “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судалж бүртгэсэн акт, дүгнэлтийг 4 хувь үйлдэж, харьяа нийгмийн даатгалын хэлтэс, орон нутгийн хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид хүргүүлэх бөгөөд осолдогч буюу түүний гэр бүлд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судалж бүртгэсэн актыг өгнө” гэж заасны дагуу осолдогчид үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судалж бүртгэсэн актыг өгөх нь байгууллагын үүрэг болно.

5.2. “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 5.2.1. “үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас учирсан гэмтлийн зэрэг, эмнэлгийн болон мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлт, лабораторийн шинжилгээ, туршилтын дүн” гэж заасан байх тул Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 5550 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний дүгнэлтэд Х.А*******ийн биед учирсан гэмтлийг хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтийг үндэслэн актад гэмтлийн зэргийг тогтоосон байна.

5.3. “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 3.1.-д заасны дагуу “Э” ХХК-ийн захирал байгууллагын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссыг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 20/7 дугаар тушаалаар 3 хүний бүрэлдэхүүнтэй томилсон ба 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 20/29 дүгээр тушаалаар /ХАБ-ын ажилтан 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ажлаас халагдах хүсэлт гаргасан байсан тул/ бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан байна. Уг комиссын бүрэлдэхүүнд хүний нөөцийн ажилтан буюу нярав, талбайн инженер, оосорлогч зэрэг ажил олгогчийн болон ажилтны төлөөлөл орсон байна. Осол гарах үед осол гарсан 107 дугаар блок дээр материал хүлээж авч байсан комиссын дарга Е.Г, нум оосорлох ажил гүйцэтгэж байсан гишүүн Т.Б нар ослын нөхцөл байдлын талаар гэрчээр тайлбар, мэдүүлэг өгсөн нь “Аж ахуйн нэгж байгууллагын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссын ажиллах заавар”-ын 4.3. “Осол,  хурц хордлого гарахад хамт байсан болон гэрч хүмүүсийг судлан тогтооно. Гэрчүүдтэй уулзаж тайлбар, ярилцлага хийж, тэмдэглэл хөтөлнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

5.4. “Э” ХХК-ийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ажилтан Х.А******* үйлдвэрлэлийн осолд өртсөнийг судлан “ажилтан хэв хашмал угсарч байх үедээ мужааны бүсний дэгээг дэгээдэж, өндрийн хамгаалалтын бүс зүүсэн боловч дэгээг нь дэгээдэж ажиллаагүй нь үйлдвэрлэлийн осол гарахад нөлөөлсөн хүчин зүйл болжээ гэж дүгнэсэн байна. Үүнийг тухайн үед ослын газар ажилласан Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Н байгууллагын “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт”-ыг хянаад санал нийлсэн түл баталгаажуулсан байна. Мөн ослын мөрөөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн ирж ажилласан ба хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулан хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан.

5.5. Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдын 2015 оны А/30 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Иргэн /даатгуулагчид/-д эмнэлгийн хуудас олгох журам”-ын 2.1-д Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 17, 19, 191 , 192, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 13, 14, 15 дугаар зүйлд тус тус заасныг үндэслэн хөдөлмөрийн чадвар түр алдсан болон жирэмсэн, амаржсан даатгуулагчид эмнэлгийн хуудас олгоно, мөн журмын 2.4.1. “Ердийн өвчин болон ахуйн осол, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилж стационар, амбулаториор эмчлүүлсэн, ...даатгуулагчид тусламж үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн байгууллага”, журмын 2.8.1. “Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг эмнэлгээс гарсан өдөрт нь; эсвэл эмчлүүлж дууссанаас хойш ажлын 5, гадаад оронд эмчлүүлсэн бол эх орондоо ирснээс хойш 30 хоногийн дотор олгоно гэж тус тус заасан байна. Иймд эмнэлгийн хуудас олгоогүй учраас осолдогч даатгалын болон хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр тэтгэмж авч чадахгүй байгаа асуудлыг эмчлүүлж байсан эмнэлгийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх ёстой.

Харин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас бий болсон хөдөлмөрийн чадвар алдалт, хувь хэмжээ, хугацааг Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс шийдвэрлэнэ” гэж заасны дагуу осолдогч өөрийн оршин суух бүртгэлтэй мэргэжлийн эмнэлгийн байгууллагад хандаж хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоолгох нь хэрэгтэй.

Үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй бөгөөд үүний тулд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2. “Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, түүний хугацааг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтооно”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 5. “Хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааг мэргэжлийн эмнэлгийн байгууллагын эмчилгээний чанарын хяналтын комисс, уг комисс байхгүй бол ерөнхий эмч, эрхлэгч, их эмч тогтооно” гэж заасны дагуу харьяа мэргэжлийн эмнэлгийн байгууллагад хандан хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаагаа мөн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээ эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор тогтоолгох шаардлагатай. Осолдогч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээ тогтоолгосон нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан нөхөн төлбөрийг тооцож ажил олгогчоос гаргуулан авах боломжтой болохыг тайлбарласан.

Иймд Х.А*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

6. Хариуцагч Г.Н шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн үйлдвэрлэлийг ослын актыг “Э” ХХК-аас манай байгууллагад ирүүлсний дагуу үйлдвэрлэлийн ослын актыг судлан бүртгэж, хянан баталгаажуулсан болно. Уг актыг ослын актыг судлан бүртгэхдээ Засгийн газрын 269 дүгээр тогтоолын дагуу тухайн актыг судлан бүртгэсэн. Цагдаагийн байгууллага буюу Шүүх шинжилгээний хүрээлэнгээс гаргасан гэмтлийн зэргийн дүгнэлтийг үндэслэн хүндэвтэр гэсэн ослын актыг баталгаажуулсан.

Осолдогч тухайн үедээ гардуулаагүй гэж байна. Тухайн үед “Э” ХХК-ийн ажил олгогч нь хөдөлмөр аюулгүй байдлын ажилтантай ирж байсан. Үйлдвэрлэлийн ослын актыг явуулахдаа нэхэмжлэгчийг дуудсан боловч ирээгүй. Тэр үед ажил олгогчтой ийм байдлаар тохиролцсон гэсэн нэхэмжлэгчийн гарын үсэгтэй, мөн өгсөн материал харуулаад нэхэмжлэгчтэй чанга яригч дээр нь тавиад утсаар яриад хөндлөнгийн гэрчээр “Э” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан яриад над дээр авчирч өгнө үү гээд өөрөө хүлээн зөвшөөрөөд үйлдвэрлэлийн ослыг актыг бүгдийн гардуулж өгсөн. Үйлдвэрлэлийн ослын актыг 4 хувь үйлддэг. Нэг нь манай байгууллагад үлдээд, үлдсэн гурвыг нь ажил олгогчид өгөөд явуулсан” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна” гэж заасны дагуу “Э” ХХК-ийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс судлан бүртгээд Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Н хянан баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгчтэй холбоотой үйлдвэрлэлийн ослын актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн асуудлаар Мт 4 удаа хандсан байдаг. Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч н.Б томилогдоод гомдол гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу тухайн “Э” ХХК дээр хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулаад улсын байцаагч Г.Нийн гаргасан хянан баталгаажуулалтын үйлдвэрлэлийн ослын актыг үндэслэлтэй байна, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд заасны дагуу улсын байцаагч ажлаа хийсэн байна гэсэн хариуг иргэн Х.Бд өгсөн. Үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан гэдэг үндэслэлээр “Э” ХХК-д торгуулийн арга хэмжээ авсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярихдаа тухайн хэрэгт хамааралтай гэрчийг байцуулахгүйгээр мэдээлэл аваагүй актыг баталгаажуулсан учир буруу гэж байна. Ажил олгогч үйлдвэрлэлийн ослын тухайд байнгын комисстой мөн ямар албан тушаалтан оруулах ёстой талаар тэр хүний эрхийн үүргийн асуудал юм. Ажил олгогчоос томилогдсон комиссын гишүүд тухайн хэрэгт хамааралтай тайлбар мэдүүлэг авах үүрэгтэй байдаг. Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгээд хүндэвтэр гэж Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Шинжээчийн дүгнэлт албан ёсны дүгнэлт учраас улсын байцаагч санал нийлж актыг хянан баталгаажуулсан гэж үзэж байгаа.

Мөн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоолгох асуудал нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын гаргах шийдвэрээр гарах бөгөөд үйлдвэрлэлийн ослоос шалтгаалсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиар зохицуулагдана” гэв.  

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зарим тодруулга хийх нэхэмжлэлийн шаардлагын 2 дугаарт нэг дэх шаардлагаас үүдэн гарах үр дагаврыг арилгах үүднээс нэхэмжлэгчид холбогдох үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг “Э” ХХК-аас шинээр дахин гаргуулж түүний хянан баталгаажуулах асуудлыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага явуулна гээд холбогдох албан тушаалтанд даалгах юм гэсэн. Хөдөлмөр нийгэм хамгааллын яам нь төрийн захиргааны төв байгууллага. Яамны эрх зүйн байдлын тухай хуулиар чиг үүрэг явуулдаг. Яамны чиг үүрэгт улсын байцаагчийн акт гаргах чиг үүрэг байхгүй. Хоёрдугаарт, Мэргэжлийн хяналтын газар татан буугдаад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны салбарын хяналтын газрын улсын байцаагч нарт шилжиж ирсэн. Энэ болсон үйл явдал тухайн үед Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч ажиллаж байсан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11 дэх заалтад улсын байцаагч гаргасан дүгнэлт актынхаа үнэн зөвийг хариуцах заалттай учраас Хөдөлмөр нийгэм хамгааллын яамнаас акт гаргах боломж байхгүй учир хариуцагч биш гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 4 удаагийн захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж байгаа тул осолдогч Х.А*******т холбогдох Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт гаргахыг Мт даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан, ийнхүү татгалзах эрхийг нэхэмжлэгчээс итгэмжлэгдсэн төлөөлөгчид итгэмжлэлээр олгосон, нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан нь хэн нэгэн гуравдагч этгээдийн эрхийг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг тэмдэглэж байна.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Тодорхойлох нь хэсгийн 2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн хэсгийн 3-д зааснаар тодруулан өөрчилж, мөн хэсгийн 4-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан маргаснаас гадна үйлдвэрлэлийн ослын актыг зөвшөөрч баталгаажуулан гарын үсэг зурсан хариуцагч хөдөлмөрийн улсын байцаагч Г.Нийн үйлдлийг хүчингүй болгуулахыг хүсэж, үүний үр дагаврыг шийдвэрлүүлж, нэхэмжлэгчийн ажиллаж байсан хуулийн этгээдээр  “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт”-ыг дахин шинээр гаргуулахыг хариуцагч нарт даалгуулахыг шүүхээс хүсэж байгаа.

4. Нэхэмжлэгч нь “Э” ХХК-ийн захирлын 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тушаалаар “Мужаан”-ы ажилд 1,500,000 төгрөгийн цалин хөлстэйгөөр мөн өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж эхэлсэн байх ба уг компанийн гүйцэтгэж байсан Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Т” төслийн талбайд ажиллаж байх үедээ буюу 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 19 цаг 30 минутад үйлдвэрлэлийн осолд орсон.

5. “Э” ХХК-ийн захирлын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 20/7 дугаар тушаалаар тухайн байгууллагын “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс”-ыг хүний нөөцийн ажилтан буюу нярав, талбайн инженер, оосорлогч зэрэг ажил олгогчийн болон ажилтны төлөөлөл зэргийг оролцуулан 3 хүний бүрэлдэхүүнтэй томилсон ба 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 20/29 дүгээр тушаалаар бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулсан байна.

6. Уг комисс нэхэмжлэгчийн осолдсон ослыг судлан бүртгэхдээ Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 5.1.-д заасны дагуу дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Үүнд: осолдогчийн үйлдвэрлэлийн ослын акт, үйлдвэрлэлийн осол гарсан ажлын байрны гэрэл зураг үйлдвэрлэлийн осолтой холбоотой асуудлаар холбогдох хүмүүсээс авсан тэмдэглэл, осолдогчийг ажилд томилсон тухай шийдвэр, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, аюулгүй ажиллагааны зааварчилга өгч байсан бүртгэл, сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримтын хуулбар, осолдогчид олгосон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн баримт, байгууллагын аюулгүй ажиллагааны дүрэм, заавар, тушаалын хуулбар, тухайн ажлын байранд хийсэн эрсдэлийн үнэлгээ, үйлдвэрлэлийн ослын яаралтай мэдэгдэх хуудас зэргийг бүрдүүлжээ. Улмаар 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ажилтан Х.А******* үйлдвэрлэлийн осолд өртсөнийг судлан “ажилтан хэв хашмал угсарч байх үедээ мужааны бүсний дэгээг дэгээдэж, өндрийн хамгаалалтын бүс зүүсэн боловч дэгээг нь дэгээдэж  ажиллаагүй нь үйлдвэрлэлийн осол гарахад нөлөөлсөн хүчин зүйл болжээ” гэж дүгнэсэн байна.

7. Тодруулбал, “Э” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр үйлдсэн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад:

Улаанбаатар Баянзүрх дүүрэг, 26-р хороо П******* ре*******. Нийслэл хүрээ өргөн чөлөө 822-1102 тоот хаягт байрлах, хувийн өмчийн хэлбэртэй, “Э” ХХК.

Монгол Улсын иргэн Х******* овогтой А*******, 1991 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, ******* регистртэй, дунд боловсролтой. Баян-Өлгий аймаг, *******, ******* тоот.

2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ажилд орсон.

Аюулгүй ажиллагааны заавар болон анхан шатны зааварчилгаа, шинэ ажилчны сургалт зэрэгт хамрагдан эрсдэлтэй ажил гүйцэтгэх зааварчилгаа авсан.

2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хамгийн сүүлд эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан 2020 оны 04 дүгээр сарбн 30-ны өдрийн 19 цаг 30 минут.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан цех, тасаг, хэсэг, ажлын байрны нэр: Мужааны ажилтан.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын байдал: Хүндэвтэр.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн хүний тоо: Нэг ажилтан /бүлэг осол биш/.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын гэмтлийн төрөл, ангилал: Толгой хагарсан, зүүн хөл болон хурууны үе хэсгийн яс хугарсан.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарахад хүргэсэн шалтгаан, хүчин зүйл: Мужааны ажилтан нь өндрийн хамгаалалтын бүс хэрэглээгүй ажил гүйцэтгэж байх үед.

Комиссын дүгнэлт: 107-р блок, зүүн хойд багана дээр хэв, хашмал угсарч байх үед мужааны дэгээ дэгээдэж, өндрийн хамгаалалтын бүсийг дэгээдэж хамгаалаагүй ажиллаж 7,2 метр дээрээс унасан. Тухайн үед талбай дээр ажиллаж байсан хөдөлмөрийн хамгааллын ажилтан дэгээг дэгээдэж ажиллах шаардлага тавьсан байна.

Комиссын шийдвэр: Ажилтан нь ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ унаж гэмтсэн. Үйлдвэрлэлийн осолд тооцов.

Гэж хөдөлмөр эрхлэгч /нэхэмжлэгч/ иргэн үйлдвэрлэлийн осолд өртсөний улмаас гэмтсэн гэж үзэж, түүний ажиллаж байсан хуулийн этгээдийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр үйлдсэн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт”-ыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна”, 29.3. “энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана”, 29.4. “энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 29.4.1.“ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах” гэж заасны дагуу хариуцагч Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч зөвшөөрч хянан баталгаажуулсан нь тогтоогдож байна.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “чанарын шаардлага хангахгүй хамгаалах хэрэгсэлтэй ажиллуулсан”, “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 3.8, 3.9, 3.10, 3.13-д заасан заалтууд зөрчигдсөний улмаас осолдогч тэтгэвэр, тэтгэмж авахгүйд хүрсэн” гэх тайлбаруудыг хүлээн авах боломжгүй.

Учир нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. “Засгийн газар нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.1.8. “үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг батлах”, Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно”, 2.1.1. “ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ унаж гэмтсэн нөхцөл байдлыг мөн дүрмийн 3.1-д заасны дагуу байгуулагдсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс судалж, бүртгэснийг мөн дүрмийн 7.3. “Хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч энэхүү дүрмийн 3.1, 3.2-т заасан комиссоос гаргасан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд дүгнэлтээ тусад нь гаргана” гэж заасны дагуу хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл байхгүй гэж үзэж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4. “энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 29.4.1.“ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах” гэж заасны дагуу Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Н үйлдвэрлэлийн осолд тооцсон дүгнэлтийг зөвшөөрч хянан баталгаажуулсан нь хуульд нийцсэн байна.

9. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.А*******ийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 5550 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “1. Х.А*******ийн биед бүсэлхийн 2 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун талын ламина, 2 талын хөндлөн сэртэнгийн хугарал, бүсэлхийн 1 дүгээр нугалмын 2 талын ламина, арын сэртэн дайрсан хугарал, зүүн шаант ясны хугарал, зүүн шагайн ясны холбооснуудын тасрал, тархи д*******т, зулайн хуйханд шарх, баруун шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу өндрөөс унах үед үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ.

10. Энэ тохиолдолд үйлдвэрлэлийн осол гарсныг зөвшөөрч баталгаажуулсан хариуцагч нь тухайн осолдогчийн гэмтлийн зэргийг тогтоох боломж, үүрэггүй ба мөн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисст гэмтлийн зэргийг нь дахин тогтоолгохоор даалгах үүрэггүй байна.

11. Иймд шүүх, нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12. Нэхэмжлэгч нь ажил олгогч “Э” ХХК-ийн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисстой болон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээрээ Хөдөлмөрийн тухай /1999 оны /хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан нөхөн төлбөрөө тооцож ажил олгогчоос гаргуулан авахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг тэмдэглэж байна.

13. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаар дурдсан авч, нэхэмжлэлийг нь анх бүртгэхдээ “нэхэмжлэл хүлээн авах үед 0 төгрөг төлсөн, программын сонголтоор хүсэлтээр чөлөөлсөн” гэсэн байгаа нь уг нэхэмжлэлийг шийдвэрлэх үед улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр хэрхсэн нь тодорхой бус байх тул энэ талаар тогтоох хэсэгт дурдав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “1. 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг хүчингүй болгуулах, 2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 4 удаагийн захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж байгаа тул осолдогч Х.А*******т холбогдох Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт гаргахыг Мт даалгах”  нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.8, 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4, 29.4.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.А*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бгаас Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Н, Мт холбогдуулан гаргасан “Э” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг хянан баталгаажуулсан хариуцагч Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч /Г.Н/-ийн үйлдлийг хүчингүй болгуулах, нэг дэх шаардлагаас үүдэн гарах магадлалтай үр дагаврыг арилгах үүднээс Х.А*******т холбогдох “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг “Э” ХХК-аас шинээр дахин гаргуулах, түүнийг хянан баталгаажуулах үйлдлийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны холбогдох байгууллага, албан тушаалтанд даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн асуудлаар шийдвэрлэсэн асуудал байхгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     У.БАДАМСҮРЭН