Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/789

 

      2021           9           2                                             2021/ДШМ/789                                

 

 

     Э.Сд холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Бат-Эрдэнэ,

хохирогч Д.Б, түүний өмгөөлөгч Ө.Учрал,

шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч Д.Батсүх, Д.Батбаяр,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/664 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Сд холбогдох эрүүгийн 1806041161779 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

             Шүүгдэгч Э.С нь 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Бтой таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Сы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Сыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сыг 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.С нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч Э.Б нь цаашид гарах эмчилгээ болон гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн бодит байдлыг зөв тогтоож чадаагүй гэж үзэж буй үндэслэлийн талаар, прокурорын зүгээс Э.Сыг “... 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Бтой таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан ...” гэх үйлдэлд буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ялласан бөгөөд анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд түүнийг гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулсан. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар “... 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Бтой таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хохирогч гэх Э.Бын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан ...” гэх гэмт үйл явдалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн бодитойгоор хянаж, эргэлзээгүй тогтоож чадаагүй гэж үзэх дор дурдсан үндэслэлүүд байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан “санаа үйлдэл” байхаар хуульчлагдсан.

Э.С нь “... Э.Б бидний хооронд үүссэн маргааны явцад хохирогчийг огт цохиогүй, харин Э.Б нь өөрийн дүү С.Бтай нийлж намайг зодож, миний биед хөнгөн гэмтэл учруулсан ...” гэж мэдүүлдэг бөгөөд түүний энэ мэдүүлэг нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Э.Быг цохиогүй болох нь:

Хохирогч Э.Бын “... тэгээд байж байгаад урт үстэй залуу намайг нүд рүү цохиод намайг тал тоосго мэт юмаар цохисон ...” гэх /1хх 44/, гэрч С.Бы “... эхлээд машины жолооч бууж ирээд чирч буулгаад цээж рүү нь гараараа цохисон. Тэгсэн араас нь нэг нүдний шилтэй өндөр ах гарч ирээд зүүн нүд рүү нь гараараа нэг удаа цохисон. Өөр хүн нүд рүү нь цохисныг бол хараагүй, ... жолооч залуу танай ах Бын биед халдсан уу гэсэн асуултад, машинаас бууж ирээд цээж рүү нь гараараа 2-3 удаа цохисон. Өөрөөр халдаагүй ...” гэх /1хх 54/, гэрч Г.Бийн “... приусны хоёр хүн намайг хэл амаар өдөөд чи хүүхэн шиг пизда зодолдож чадахгүй гээд байхаар нь би та нартай зодолдох шаардлага байхгүй би хаана зодолдохдоо мэднэ гэж хэлсэн ...” гэх /1хх 59/, гэрч Г.Тийн “... цагдаа ирэнгүүт гэнэт шууд бид нарыг зодсон гэж цагдаад худал хэлсэн. Миний мэдэхийн намайг очихоос өмнө тэр хүний нүд рүү цохисон бол зүүж явсан шил нь ямар нэгэн байдлаар гэмтэх байсан байх гэж бодож байна. Гэвч тэр хүний зүүж явсан шил нь зүгээр, бас очиж салгахад тэр ах шилтэйгээ байсан. Цагдаа ирэхэд нүдний шилээ авсан. Шилээ авахад миний нүд рүү чулуугаар цохисон гэж худал хэлсэн. Нүд нь жаасан улайсан байсан. Гэхдээ тэр улаан цохиулсны дараах улаан биш байсан. Өөр улаан байсан. Хэрэв нүдийг нь улайтал цохисон бол хавдсан байх ёстой. Бас шил нь эвдэрсэн байх ёстой гэж бодож байна. ...” гэх /1хх 62/, гэрч Б.Дгийн “... энэ маргааны гол эзэн бол тэр настайвтар хүн байсан. Залуучуудыг өдөөн хатгаж янз янзаар хэлж байсан. Тэр хүн үг хэл айхтар байсан. би уг нь анх настайвтар ахмад хүн болохоор тэр хүний талд зогсоод залуучуудыг боль гэж хэлээд зогсож байхад харин ч эсрэгээрээ настайвтар хүн уриалаад бусдыг маргалдуулаад байсан. Настайвтар хүнийг хэн нэгэн цохиогүй. Цагдаа ирсний дараа намайг цохисон гэж яриад байсан. Миний хувийн дүгнэлтээр ёс зүй муутай, худлаа ярьдаг, маш муу хүн шиг санагдсан ...” гэх /1хх 64/ мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг тодорхойлох бас нэгэн үндсэн шинж бол “хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” байх явдал юм. Хохирогч гэж үзээд байгаа Э.Бын эрүүл мэндийн талаар үйл явдал болсноос хойш 4 хоногийн дараа анхны шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг шинжээч эмч Б.Ундармаа гаргасан бөгөөд энэ шинжилгээний явцад хийсэн үзлэгээр “зүүн нүдний салст бага зэрэг улайсан” гэх шинж илэрч, “... Э.Бын баруун нүдний алимны салстын улайлт” гэмтэл тогтоогдож, энэ гэмтэл нь “эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Хоёр дахь удаагийн шинжээчийн дүгнэлтийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан бөгөөд шинжилгээг “... 180604116 тоот эрүүгийн хэргийн материалтай танилцан ...” буюу тухайн үед хэрэгт авагдсан материалын хүрээнд хийсэн гэж тодорхойлсон. Тухайн дүгнэлтийн “180604116 тоот эрүүгийн хэргийн материалаас” гэсэн хэсгийн 2-т “... 2018 оны 5 дугаар сарын 8-ны, 2018 оны 6 дугаар сарын 5-ны, 2018 оны 6 дугаар сарын 6-ны, 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрүүдийн Нүдний эмчийн үзлэгийн картны хуулбарт: Онош: Зүүн нүдний алимны доргилт, гэмтлийн дараах салстын үрэвсэл ...” гэж бичээд “... Комисс шинжээчид бид дээрх материалыг үндэслээд дараах дүгнэлтийг санал нэгтэй гаргав ...” гээд “... Э.Бын биед тухайн үед зүүн нүдний алимны доргилт, гэмтлийн гаралтай зүүн нүдний салстын үрэвсэл гэмтэл учирчээ. Э.Бын биед тухайн үед зүүн нүдний алимны доргилт, гэмтлийн гаралтай зүүн нүдний салстын үрэвсэл гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлт гарснаас хойш хоёр жилийн дараа буюу 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 856 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд болон Э.Бын биед тухайн үед үзлэг хийх байдлаар гаргасан. Энэ дүгнэлтийг гаргахад оролцсон шинжээч П.Бүрэнжаргал, П.Баясгалан нүдний мэргэжлийн эмчийн хувиар Э.Бын биед үзлэг хийсэн байдаг бөгөөд тэд “... линз гэмтлийн гаралтай цайсан, зүүн нүдний ёроолын мэдрэлийн диск цайсан. Онош: Зүүн нүдний гэмтлийн гаралтай даралт ихдэлт, хараа бууралт 0,04 ...” гэсэн дүгнэлт хийсэн нь шинжээчид “... Э.Бод зүүн нүдний урьд солонго бүрхүүлийн гэмтлийн гаралтай үрэвслийн улмаас нүдний даралт ихдэн, харааны мэдрэл хатингаршин хараагүйдэл болжээ. Зүүн нүдний хараагүйдэл нь энгийн хөдөлмөрийн чадварыг 35 хувиар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт гаргах үндэслэл болсон байдаг. Энэхүү шинжээчийн дүгнэлтээр Э.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх болсон гол үндэслэл нь “хараагүйдлийн улмаас хөдөлмөрийн чадвар 35 хувиар алдагдсан” асуудал бөгөөд энэ нь Э.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт буруутгах үндэслэл болж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчдийн зүгээс дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг эргэлзээтэй гэж үзэж мэтгэлцсэн дараах үндэслэлүүдийг анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан, тал бүрээс нь бодитойгоор хянаж үзээгүй. Анхны буюу 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 5981 дугаартай шинжээчийн дүгнэлтийн тухайд үйл явдал болсон даруйд Э.Бын биед үзлэг хийсний үндсэн дээр гарсан дүгнэлт бөгөөд тус үзлэгээр илэрсэн гэмтлүүд нь илүү бодитой, үнэн зөв тодорхойлогдсон гэж үзэх үндэслэлтэй.

Э.Б нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... араас ирээд намайг цохисон. Би нүдний шилээ аваад босоод ирэхэд дахиад намайг цохисон. ... Анх миний нүд хавдаад улайсан байдалтай байсан. ... миний нүд рүү цохисноос болоод нүдний ар талын судас тасарсан түүнээс үүдээд миний нүд хараагүй болсон ... Э.С хоёр удаа нүд рүү цохисон. ... Хөхөрч хавдаад цус хуралттай байсан. ... Тухайн үед цохихоор нь би манараад доош суугаад шилээ аваад босоод ирэхэд дахиад цохисон. ...” гэх зэргээр мэдүүлсэн. Түүний энэхүү мэдүүлэгт дурдсан шиг үйл явдал болж, үүний улмаас “нүд нь хавдсан”, “нүдний ар талын судас нь тасарсан” гэмтэл учирсан бол энэ нь анхны шинжээчийн үзлэгээр илрэх бүрэн боломжтой байсан. Хэрэв түүний мэдүүлгийг бодитой, үнэн зөв гэж үзэх тохиолдолд энэ нөхцөл байдлыг анхны үзлэг хийж, дүгнэлт гаргасан шинжээч Б.Ундармаагаас дахин тодруулах зайлшгүй шаардлагатай юм. Шүүгдэгчийн өмгөөлөгчдийн зүгээс Б.Ундармааг оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн боловч “... Б.Ундармаа нь тэтгэвэртээ гарсан ...” гэх шалтгаанаар түүнийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан. Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч Э.Б “... Ундармаа шинжээчийн дүгнэлт дээр хавдалт, цус хуралт гэж байхгүй байсан ...” гэсэн миний асуултад “... Тэгээд дахиад намайг шүүх эмнэлэг дээр очоод ямар эмчид үзүүлсэн юм уулз гэж хэлсэн. Тэгэхэд эмч нь чиний дүгнэлтийг хаясан байна мөрдөгчөөсөө дахиад очоод тоот авч ирээд үзүүл гэж хэлсэн. ...” гэж, “... шинжээч эмч Ундармаа таныг үзэхэд баруун нүдний алимны салст улайлт гэмтэл тогтоогдлоо өөр зүйл байхгүй гэж дүгнэсэн байна ...” гэсэн хуралдаан даргалагчийн асуултад “... Эхний удаад будилуулаад дараагийн удаа алдаатай бичсэн байсан би тэрэн дээр нь гомдол гаргасан” гэж шинжээч Б.Ундармааг буруутгасан тайлбарыг хийсэн. Түүний энэ мэдүүлэг үнэн зөв эсэхийг тогтоохын тулд шинжээч Б.Ундармаагаас мэдүүлэг авах нь шаардлагыг бий болгосон.

Бүрэлдэхүүнтэй шинжээчдийн гаргасан 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 744 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хавтаст хэргийн материалын хүрээнд гаргасан талаар тухайн дүгнэлтэд тодорхой дурдсан бөгөөд тухайн дүгнэлтийг гаргасан шинжээч нар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрсөн. ... энэ хэсэгт дурдсан “... өдрүүдийн Нүдний эмчийн үзлэгийн картны хуулбарт: ...” гэсэн нь тодорхойгүй, ямар эмнэлгийн, хэн гэх эмч үзлэг хийсэн, ямар карт байсныг тодорхой бичээгүй нь тухайн дүгнэлтийг эргэлзээтэй болгосон. Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн судлан үзэхэд энэ дүгнэлтийг гаргах үед Э.Бын өвчнийг тодорхойлсон ямар нэгэн эмчийн үзлэгийн карт хэрэгт байгаагүй. Өөрөөр хэлбэл, Э.Бын өвчний талаарх эмчийн үзлэгийн картыг нотлох баримтаар гарган өгсөн, эд мөрийн баримтаар тооцсон талаар ямар нэгэн баримт мэдээлэл хэрэгт байхгүй байсан. Дүгнэлтэд дурдсан Э.Быг үзсэн гэх эмчийн үзлэгийн картад дурдсан “... зүүн нүдний алимны доргилт, гэмтлийн дараах салстын үрэвсэл ...” гэсэн онош нь шинжээчид Э.Бын нүдэнд үүссэн өвчин нь “гэмтлээс үүдэлтэй” гэж үзэх үндэслэл болсон байна. Улсын яллагч болон анхан шатны шүүхийн зүгээс хэрэгт байхгүй баримтад үндэслэж гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Э.Сыг гэм буруутай гэж яллаж, ял шийтгэсэн нь бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтоох зарчимд нийцээгүй.

Үйл явдал болсноос хойш хоёр жил хоёр сарын дараа гарсан 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 856 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “... Э.Бод зүүн нүдний урьд солонго бүрхүүлийн гэмтлийн гаралтай үрэвслийн улмаас нүдний даралт ихдэн, харааны мэдрэл хатингаршин хараагүйдэл болжээ. ...” гэж дүгнэхдээ урд гаргасан шинжээчийн дүгнэлт болон тухайн үед хэрэгт авагдсан нотлох баримтууд, Э.Бын өгсөн өгүүлэмж, тайлбарт үндэслэсэн байна. Дүгнэлтээс үзэхэд, “үрэвслээс үүдэлтэй даралт ихдэх, харааны мэдрэлийн хатингаршил үүсэх” нь нүдний хараа буурах, улмаар хараагүй болгоход хүргэдэг байна. Энэ дүгнэлтийг гаргах үед Э.Бын өвчнийг тодорхойлсон ямар нэгэн эмчийн үзлэгийн карт хэрэгт байгаагүй. ... Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед болон дүгнэлт гарснаас хойш хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар шинжээч нарт ямар ч мэдээлэл байгаагүй нь тухайн дүгнэлтийг гаргах үед хэргийн бодит нөхцөл байдалд нийцсэн дүгнэлт гаргах боломжгүй байжээ гэдэг нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шинжээч нарын мэдүүлгээр тогтоогдсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд мөрдөгч, прокурорын тухайд “... хэргийн бодит байдлыг тогтоохын тулд нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр тогтоох, хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоохоор ...”, шүүхийн тухайд “... хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохоор” тус тус хуульчилсан. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр явагдсан яллах, өмгөөлөх талын мэтгэлцээний явцад Э.Сы Э.Бын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх хэргийн бодит байдлыг “... хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр тогтоогоогүй, хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг аваагүй, шүүгдэгчийг яллах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй ...” талаар өмгөөлөгчид хангалттай нотлох баримт үндэслэлийг гаргаж мэтгэлцсэн.

Анхан шатны шүүх мэтгэлцээний явцад шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтууд болон шинээр хэрэгт нэмж цугларсан баримтуудын талаар өмгөөлөгч бидний гаргасан үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлэн хянаж, шалгаагүй гэж үзэх дараах үндэслэлүүд байна.

... хохирогч гэх Э.Б, түүнтэй хамт явсан гэрч С.Б нарын мэдүүлгийг Э.С нь “... Э.Бын нүдэн тус газарт цохисон ...” гэх санаатай үйлдлийг нотлох баримт гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Э.С нь “... Э.Бын нүдэн тус газарт цохисон” гэх санаатай үйлдлийг нотолсон гэж үзэж болох өөр ямар нэгэн нотлох баримтыг шүүх нэрлэн заагаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг өгч байгаа этгээд мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт Боггүй. Хохирогч Э.Б, гэрч С.Б нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг өөрсдөө харсан гэж заадаг боловч тэд Э.Быг цохисон цохисон гэх хүний талаар өөр, өөрөөр мэдүүлдэг. Тухайлбал,

Хохирогч Э.Б үйл явдал болсон даруйд буюу 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 18 цаг 45 минутад өгсөн мэдүүлэгтээ “... тэгээд байж байгаад урт үстэй залуу намайг нүд рүү цохиод, намайг тал тоосго мэт юмаар цохисон ...” гэж /1хх 44/, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “... миний зүүн нүд рүү С болон хамт явсан хүн нь цохисон ...”  гэж /1хх 45/ мэдүүлсэн бол 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс хойш өгсөн мэдүүлгүүддээ “... С миний нүд рүү хоёр удаа цохисон ...” гэж өмнөх мэдүүлгээсээ өөрөөр мэдүүлэх болсон.

Гэрч С.Бы үйл явдал болсон даруйд буюу 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 19 цаг 49 минутад өгсөн мэдүүлэгтээ “... Э.Бын нүдэн тус газарт хэн нэгэн цохисон ...” /1хх 44/ талаар огт мэдүүлээгүй атлаа 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “... эхлээд машины жолооч бууж ирээд чирч буулгаад цээж рүү гараараа цохисон. Тэгсэн араас нь нэг нүдний шилтэй өндөр ах гарч ирээд зүүн нүд рүү нь гараараа нэг удаа цохисон. Өөр хүн нүд рүү нь цохисныг бол хараагүй ...”, “... жолооч залуу танай ах Бын биед халдсан уу” гэсэн мөрдөгчийн асуултад “... машинаас бууж ирээд цээж рүү нь 2-3 удаа цохисон. Өөрөөр халдаагүй ...” /1хх 54/ гэж мэдүүлсэн бол үүнээс хойш нэг жил орчмын дараа буюу 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “... Э.С Э.Бын зүүн нүд рүү нэг удаа цохисон ...” /1хх 56/ гэж өмнөх мэдүүлгээсээ өөрөөр мэдүүлсэн.

Э.Б болон С.Б нар удаа дараа өөр, өөр мэдүүлэг өгсний зэрэгцээ тэд мэдүүлэгтээ болсон үйл явдлын талаар зөрүүтэй мэдүүлсэн нь тэдний мэдүүлэг эргэлзээтэй, худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэл болж байгаа юм. ... Анхан шатны шүүх Э.Б, С.Б нарын дээрх зөрүүтэй мэдүүлгүүдийг анхаарч үзээгүйн зэрэгцээ эдгээр илтэд зөрүүтэй мэдүүлгүүдээс ямар үндэслэлээр зөвхөн “Э.С нь Э.Быг цохисон” гэх мэдүүлгийг гэм буруутайд тооцох нотлох баримт болгосон үндэслэлийг шийтгэх тогтоолд заагаагүй байна.

Бусад гэрчүүд болох Г.Б, Б.Т, Б.Д нарын мэдүүлэг, “Орбита”, “Гэрэл” зэрэг нүдний эмнэлгийн эмчлүүлэгчийн карт, Э.Бын эрүүл мэндийн дэвтэр зэрэг нотлох баримтууд нь Э.Сыг яллах биш эсрэгээрээ түүнийг цагаатгах нотлох баримтууд байхад шүүх тэдгээр баримтуудыг түүний гэм бурууг нотолсон баримт гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх, шалгах шаардлагад нийцээгүй байна.

... Э.Сы гэм буруутайг тогтоосон гэж анхан шатны шүүхийн үзсэн нотлох баримтуудаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 856 дугаартай дүгнэлтийг бодит байдалд нийцсэн гэж үзэхэд эргэлзэх олон нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгийн явцад үүссэн. Уг дүгнэлт нь Э.Сд холбогдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн тухайд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тодорхойлох баримт бөгөөд энэ нотлох баримтаар Э.С нь хохирогчийг цохисон гэдгийг нотлох баримт болохгүй. Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд “үрэвслээс үүдэлтэй нүдний даралт ихдэх, харааны мэдрэлийн хатингаршил үүсэх” нь нүдний хараа муудах улмаар хараагүй болгоход хүргэдэг байна. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед гарган өгсөн болон дүгнэлт гарснаас хойш хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар 856 дугаартай дүгнэлтийг гаргасан шинжээч нарт ямар ч мэдээлэл байгаагүй, энэ нь тухайн дүгнэлтийг гаргахад тэдгээр баримтыг харгалзан үзээгүй болохыг харуулж байгаа юм. Хэрэгт сүүлд нотлох баримтаар авагдсан Э.Бын нэр дээрх “Орбита”, “Гэрэл” зэрэг нүдний эмнэлгийн эмчлүүлэгчийн карт, мөн түүний эрүүл мэндийн дэвтэр зэрэгт байгаа мэдээллээр тэрээр 2016 оноос “Фуксын синдром” буюу увейт гэх нэршилтэй нүдний үрэвсэлт өвчнөөр өвдөн эмчлүүлж байсан болох нь тогтоогдсон. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад энэ асуудлын талаар шинжээч нараас тодруулахад шинжээч эмч Б.Ариунзул, Ч.ГанБ нар “... Э.Бын 2014, 2016, 2018 оны 3 сард үзүүлж байсан гэ баримт болон хэргийн материал шинжээч нар дээр бүрэн ирээгүй, ирсэн материалд үндэслэж дүгнэлтээ гаргасан, гэрч хохирогч нарын мэдүүлэгтэй танилцаагүй, хэрвээ ирсэн бол ирсэн бүх баримтыг дүгнэлтдээ оруулдаг ...” гэсэн агуулга бүхий мэдүүлгийг өгсөн. “Фуксын синдром“ гэх нүдний өвчний үед нүдний даралт ихдэх, үүний улмаас нүдний болор цайрах эмгэг шинж илэрч энэ нь нүдний хараа алдах, бүрэн хараагүй болгоход хүргэдэг. Энэ өвчний шинж тэмдгийн талаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад тодруулах гэсэн боловч дүгнэлт гаргахад оролцсон нүдний мэргэжлийн эмч нар байгаагүйгээс илүү тодорхой мэдээлэл авч чадаагүй. Ийнхүү тухайн гэмт хэргийн гол шинжийг тодорхойлох нотлох баримт болох шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй, дүгнэлт гаргах үед хэрэгт авагдсан нотлох баримтууд нь дүгнэлтүүдийг бодитой гаргах хэмжээнд байгаагүй болох нь тогтоогдсон байхад шүүх энэхүү эргэлзээтэй баримтыг үндэслэн Э.Сыг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх заалтын “... нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой ... эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх ...-ын шийдвэрийн үндэслэл болгохгүй ...” гэснийг зөрчсөн.

Шүүгдэгч Э.Сы өмгөөлөгч бидний зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хэргийн нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй, үүнийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаалгах дүгнэлт гаргасан бөгөөд бидний энэхүү дүгнэлтэд анхан шатны шүүх үндэслэл бүхий няцаалт хийгээгүй.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 856 дугаартай дүгнэлтийг гаргах үед эдгээр баримт хэрэгт байгаагүйгээс шинжээч нар дүгнэлтээ гаргахдаа эдгээр баримтуудад дурдсан мэдээлэл, онош, эмчилгээг харьцуулан үзэх боломжгүй байсан гэдгээ шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрсөн.

Хохирогч Э.Б 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс өмнө хараагүйдэлд хүргэдэг өвчний оноштойгоор эмчлэгдэж байсан болох нь иргэний эрүүл мэндийн дэвтэрт 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл /1хх 147-161/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Э.Бын мэдүүлэг, Цагдаагийн ерөнхий газрын цахим мэдээллийн сангийн лавлагааны “Оргодол эрэн сурвалжлах мэдээлэл”-д “... 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ... Ц.Мянганбаяр бусдад зодуулсан гэх хэргийг Эрдэнэчулууны Б үйлдсэн...” гээд анхаарах зүйлсэд “... зүүн нүдний хараа муу, байнгын нүдний шил зүүдэг ...” гэж тодорхойлсон” зэрэг баримтуудаар нотлогдсон.

Хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад үүссэн дээр дурдсан нөхцөл байдлуудаар Э.С нь хохирогч Э.Бын эрүүл мэндэд хүн хохирол учруулсан санаатай үйлдэл хийсэн буюу хохирогчийг цохисон эсэх, хохирогч хараагүй болсон нь “гэмтлээс” эсхүл “Фуксын синдром” гэх өвчнөөс үүдэлтэй эсэхийг бүрэн шалгаж тогтоох шаардлагатай болох нь тогтоогдсон. Хэргийн бодит байдлыг тогтооход  гэрч Г.Б, Б.Тт, Б.Д, С.Б нараас дахин мэдүүлэг авч, тэдний мэдүүлгийн зөрүүг арилгах, хохирогч Э.Б нь 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс өмнө нүдний өвчнөөр өвдөж, эмчилгээ хийлгэж байсан талаарх хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон нөхцөл байдлыг шалгаж тогтоох, тэрээр хараагүй болсон нь түүний нүдний өвчний хүндрэлээс болсон эсэх асуудлаар дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагаа явуулах нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.  

 

Шүүгдэгч Э.Сы өмгөөлөгч Д.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй нөхцөл байдлууд байдаг тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.

 

Хохирогч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс Э.Сд торгох ял оногдуулсанд гомдолтой байна. Учир нь, миний нэг нүд насан туршдаа харахгүй болсон бөгөөд энэ нь нөгөө нүдэндээ нөлөөлөх аюултай тул гомдолтой байна. Шинжээч эмч Ундармаа зүүн нүдийг баруун нүд гэж бичиж алдаа гаргасан байсан. Эмч Баясгалан, Бүрэнжаргал нарыг намайг урьд нь таньдаг байсан учир ийм дүгнэлт гаргуулсан гэж өмгөөлөгч Д.Батсүх тайлбарлаж байгаа боловч Шүүх эмнэлгээр шинжээчийн дүгнэлт гаргуулахаар тэр эмч дээр оч гэсний дагуу би анх удаа очиж үзүүлсэн. Гэтэл үүнийг буруугаар гуйвуулж урьд нь үзүүлдэг байсан эмч дээрээ очиж дүгнэлт гаргуулсан гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тэдгээр эмч нартай би ямар ч холбоогүй. Зүүн нүдний даралт ихсэх өвчин гэдэг нь ерөнхий нэршил болохоос нүдний нарийвчилсан гэмтлийг тогтоосон дүгнэлт биш. Учир нь, цохиулснаас болж үрэвсэл үүссэн. Улмаар үүнийгээ эмчлэх явцад өвчин даамжирсаар нүдний даралттай болсон. “Фуксын синдром” буюу увейт гэх нэршилтэй нүдний үрэвсэлт өвчин нь нүдний болор цайж хараагүйддэг өвчин. Гэтэл миний энэ өвчин гэмтлийн гаралтай тул нэг нүд хараагүй болсон хийгээд нөгөө нүдэндээ нөлөөлөх магадлалтай. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс намайг урьд гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлуулсан талаар ярьж байна. Гэтэл миний найз автомашиныг минь жолоодон явахдаа асуудал үүсгэсэн байсан. Цагдаагийн байгууллагаас намайг дуудахад би хөдөө байсан тул очих боломжгүй байсан. Гэтэл намайг 1 хоногийн дараа эрэн сурвалжилсан байсан. Иймд би Э.Сыг торгох ял шийтгүүлсэнд гомдолтой байна.” гэв.

 

Хохирогч Э.Бын өмгөөлөгч Ө.Учрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Д.Батсүх давж заалдах гомдолдоо бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан санаатай үйлдэл байхгүй гэж байна. Шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Гэм буруутайд тооцох нотлох баримтуудыг тогтоож шийтгэх тогтоолд тусгасан гэж үзэж байна. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч гомдолдоо шүүгдэгчид ашигтай мэдүүлгүүдийг түүвэрлэж бичсэн байна. Гэмтлийн зэргийн хувьд шинжээч эмч Ундармаагийн эхний гаргасан дүгнэлт алдаатай, буруу байсан гээд хохирогч дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Улмаар шинжээчийн дүгнэлтийн алдаа нь засагдсан. “Фуксын синдром” нь өвчин бөгөөд хоёр нүдэнд нөлөөлдөг, даралт ихсэхээс шалтгаалж нүд цайрч, хараагүйтдэг. Харин Э.Бын нүдэнд үүссэн хараагүйтэл нь нэг нүдэнд үүссэн гэмтлийн гаралтай гэдгийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч нар мэдүүлсэн. Шинжээчийн дүгнэлт гаргасан Бүрэнжаргал, Баясгалан нарт урьд нь үзүүлж байсан гэж өмгөөлөгч Д.Батсүх тайлбарлаж байгаа боловч эдгээр эмч нарт урьд үзүүлж байгаагүй. Эмчид үзүүлэхэд дэвтэрт нь тэмдэглэгээ бичсэн нь тамга, тэмдэгтэйгээ байдаг тул өмгөөлөгчийн ийн ярьж байгаа нь үндэслэлгүй. Миний үйлчлүүлэгчийн зүгээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохироогүй гэж байгаатай санал нэг байна. Шийтгэх тогтоолд нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Прокурор Д.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг хангалттай тогтоогдоогүй гэж байна. Гэвч хохирогч Э.Б болон гэрч С.Б нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар Э.С нь Э.Бын зүүн нүдэнд гараараа цохисны улмаас нүд нь хараагүй болсон гэх санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлын талаар хохирогчийн өмгөөлөгч тодорхой дурдсан. Анхан шатны шүүх хуралдаанд 5 шинжээч оролцож мэдүүлэг тайлбараа өгсөн. “Фуксын синдром” гэх өвчний талааар шинжээч эмч нар хийгээд хохирогчийн өмгөөлөгч тайлбарладаг. Солонгон бүрхүүл, болор цайрч хүндэрсний улмаас хараагүйдэлд хүрдэг. Тогтолцооны шинжтэй өвчин гэж шинжээч мэдүүлдэг. Хохирогч Э.Бын нүдэнд учирсан нүдний гэмтэл нь Э.Сд зодуулсны улмаас үрэвсэл үүсч, хараагүйдсэн гэж тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий Бог учиртай.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн эсэхийг нягтлан үзэж, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь “Шүүхийн тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй” гэж үзэх үндэслэл болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Сыг 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Бтой таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд, шүүгдэгч Э.Сыг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ буюу нотолбол зохих байдлыг эргэлзээгүй нотолж чадаагүй байна.

 

Тухайлбал, хэрэг учрал болох үед хохирогчийг хэн цохисон, тухайн үед цохиулсны улмаас хохирогчийн нүд хараагүй болсон уу, эсхүл өвчний улмаас хараагүй болсон уу гэдэг нь тодорхой бус байхад анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 1436 дугаартай магадлалаар “... Анхан шатны шүүх хуралдаанд оролцогчдын хүсэлтээр уг хэргийн гэрчүүдийг оролцуулж, тэдгээрийн зөрүүтэй мэдүүлгийг нэг мөр болгох, шинжээчийн дүгнэлтүүдийг хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, уг хэрэгт яллагдагч гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой. ...” талаар дүгнэж хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байхад гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулж, тэдгээрийн зөрүүтэй мэдүүлгүүдийг нэг мөр болголгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүгдэгч Э.Сы гэм бурууд дүгнэлт хийхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан …” нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх үндэслэлд хамаарна.

 

Хохирогч Э.Бын 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр өгсөн“... тэгээд байж байгаад урт үстэй залуу намайг нүд рүү цохиод, намайг тал тоосго мэт юмаар цохисон ...” гэж, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн “... миний зүүн нүд рүү С болон хамт явсан хүн нь цохисон ...”  гэж, 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр өгсөн “... С миний нүд рүү хоёр удаа цохисон ...” гэсэн, гэрч С.Бы 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ хохирогч Э.Бын нүдэн тус газарт хэн нэгэн цохисон талаар огт мэдүүлээгүй атлаа 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн “... эхлээд машины жолооч бууж ирээд чирч буулгаад цээж рүү гараараа цохисон. Тэгсэн араас нь нэг нүдний шилтэй өндөр ах гарч ирээд зүүн нүд рүү нь гараараа нэг удаа цохисон. Өөр хүн нүд рүү нь цохисныг бол хараагүй ...”, “... жолооч залуу танай ах Бын биед халдсан уу” гэсэн мөрдөгчийн асуултад “... машинаас бууж ирээд цээж рүү нь 2-3 удаа цохисон. Өөрөөр халдаагүй ...” гэж, 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр өгсөн “... Э.С Э.Бын зүүн нүд рүү нэг удаа цохисон ...” гэсэн зөрүүтэй мэдүүлгүүд хэрэгт авагдсан байна.

 

Түүнчлэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 856 дугаартай дүгнэлтийг хэрэгт авагдсан 2018 оны 5 дугаар сарын 8-ны, 2018 оны 6 дугаар сарын 5-ны, 2018 оны 6 дугаар сарын 6-ны, 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрүүдийн нүдний эмчийн үзлэгийн картуудын хуулбарт үндэслэж гаргасан байна. Харин хэрэгт авагдсан “Гэрэл” нүдний эмнэлгийн үзлэгийн картаар “... Э.Б нь 2014 оны 8 дугаар сард, 2016 онд, 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрүүдэд “Фуксийн синдром” оноштойгоор, зүүн нүд улайна гэсэн зовиуртайгаар үзүүлж байсан /1хх 134-138/, Цагдаагийн ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас “... зүүн нүдний хараа муу, байнгын хар нүдний шил зүүдэг ...” гэж тодорхойлсон /1хх 212/ зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд, хохирогч Э.Бын биед учирсан гэмтэл нь бусдад цохиулснаас учирсан эсэх, эсхүл өвчний гаралтай үүссэн эсэхийг бүрэн шалгаж тогтоох шаардлагатай байна.

 

Дээрх байдлаас үзвэл, хохирогч Э.Быг бусдад цохиулсны улмаас зүүн нүд нь хараагүй болсон гэж шууд дүгнэх боломжгүй бөгөөд уг осол болохоос өмнө хохирогчийн биеийн байдал ямар байсан, түүний зүүн нүдэнд учирсан байсан “Фуксын синдром” өвчин дээрх байдалд хэрхэн нөлөөлсөн талаар хөдөлбөргүйгээр тогтоож, дахин шинжээч томилон дүгнэлт гаргуулах шаардлагатай байна. Мөн гэмт хэрэг гарсан байдлын талаар гэрч С.Б, Г.Б, Б.Тт нарыг дахин асууж, гэрч Б.Ттийн эхнэр Э.Сувд-Эрдэнийг, хэрэг учрал болох үед дуудлагаар очсон цагдаа нарыг, мөн шинжээч нарыг асууж зөрүүтэй мэдүүлгийг нэг мөр болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэгдүгээр бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг тодорхойлохдоо энэ хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж тус тус заасан.

 

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн хохирогчийн гэмтлийн шалтгааныг мөрдөн шалгах ажиллагаагаар сайтар шалгаж, тодруулсны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Сд холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан Э.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/664 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Сд холбогдох хэргийг мөн дүүргийн шүүхээр дамжуулан, Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Э.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ