Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2023/01912

 

 

 

 

 

 

 

 

 

2023        06         23                                            182/ШШ2023/01912

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, шүүгч Ж.Байгалмаа, О.Цэнд-Аюуш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ө.Ж-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: П.Б, Б.Ц нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 3,110,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ө.Ж,

Хариуцагч П.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

Зохигчдын гаргасан хүсэлтийн дагуу иргэдийн төлөөлөгч Д.Б, хариуцагч Б.Ц нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2021.02.02-ны орой хариуцагч П.Б, Б.Ц нартай муудалцсаны улмаас хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, дух, зүүн чамархай, 2 нүдний зовхи, хамрын нуруунд зулгаралт үүссэн, би 2021.03.01, 2021.07.01-ний өдрүүдэд ЭМЖЖ эмнэлэгт үзүүлсэн, тус эмнэлэгт хагалгаа хийлгэх шаардлагатай, хагалгааны зардал нь 3,110,000 төгрөг болно гэсэн, миний бие мөнгөгүйн улмаас өнөөдрийг хүртэл хамрын хагалгаанд орж чадаагүй байна. Тухайн үед хариуцагч нар нь намайг зодсон үйлдэлдээ гэм буруутай болох нь тогтоогдож, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.20-ны өдрийн 824 дүгээр шийтгэх тогтоолоор торгох ялаар шийтгүүлсэн. Одоо миний биеийн байдал улам муудаж, амьсгалж чадахгүй болж, тархи толгой өвддөг болсон. Улмаар би дахин ЭМЖЖ эмнэлэгт үзүүлэхэд яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн бөгөөд төлбөр нь 3,899,400 төгрөг болж нэмэгдсэн байна лээ. Иймд хариуцагч нараас 3,110,000 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 02 сард бидний хооронд маргаан үүссэн, энэ талаар бид маргахгүй. Тухайн үед 243,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн. Энэ хүн заавал хувийн эмнэлгээр эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Улсын эмнэлэгт үзүүлэх боломжтой. Би энэ хүнийг дагуулаад улсын эмнэлгээр явж, шинжилгээ өгүүлээд, гарсан зардлыг нь төлөх боломжтой гэж үзэж байна. Одоо нэхэмжилж байгаа мөнгийг зөвшөөрөхгүй, хэтэрхий өндөр байна гэв.

 

3.Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.20-ны өдрийн 824 дүгээр шийтгэл тогтоол, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2021.08.06-ны өдрийн 37 дугаар улсын яллагчийн эсэргүүцэл /хуулбар/, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.12.23-ны өдрийн 16 дугаар магадлал, ЭМЖЖ эмнэлгийн 2021.03.01-ний өдрийн шинжилгээний хуудас, үзлэгийн баримтууд, эмчийн гар бичвэр, иргэний үнэмлэхний хуулбар, ЭМЖЖ эмнэлгийн 2023.06.19-ний өдрийн үзлэгийн баримтууд, шинжилгээний хариу, хамрын мэс заслын үнэлгээний баримт, Рапид мед эмнэлгийн 2023.06.19-ний өдрийн е-баримт гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна. 

 

4.Тус шүүхийн 2023.06.02-ны өдрийн 164 дүгээр шүүхийн тогтоолоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар ЭМЖЖ эмнэлгийн 2023.06.19-ний өдрийн албан бичиг, хавсралт болох хамрын мэс заслын үнэлгээний баримт, Ө.Жгийн үзлэгийн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

 

5.Хариуцагч нар шүүхэд ямар нэгэн баримтыг ирүүлээгүй болно.

 

   ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Нэхэмжлэгч Ө.Ж нь хариуцагч хариуцагч П.Б, Б.Ц нарт холбогдуулж гэм хорын хохиролд 3,110,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгч талаас гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч нар намайг зодож, хамар гэмтээсэн гэм буруутай үйлдэлдээ эрүүгийн журмаар ял шийтгүүлсэн, үүний улмаас миний бие муудаж, толгой тархи өвддөг болсон бөгөөд хамрын мэс засал яаралтай хийлгэх шаардлагатай болсон, иймд гарах зардлыг хариуцагч нараас урьдчилан төлүүлэхээр шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ бид гэм буруутай үйлдлийнхээ талаар маргахгүй, харин нэхэмжлэгч нь улсын эмнэлэгт үзүүлэх боломжтой байхад заавал хувийн эмнэлэгт үзүүлж, их төлбөр шаардаж байгаа нь үндэслэлгүй, би энэ хүнийг дагуулж яваад улсын эмнэлэгт үзүүлээд гарсан зардлыг төлөх боломжтой гэж мэтгэлцсэн.

 

3.Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.20-ны өдрийн 824 дүгээр шийтгэх тогтоолоор “...2021.02.02-ны өдрийн 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Асайт худалдааны төвд шүүгдэгч Б.Ц, Ө.Ж нар хоорондоо барилцаж авсан байх үед нь П.Б ирж Ө.Жгийн араас нь татаж унаган хүүгээсээ салган улмаар хамтдаа хохирогчийг өшиглөж зодон биед нь ясны хугарал, тархи доргилт, дух, зүүн чамархай, баруун доод зовхи, зүүн дээд зовхины дотор булан, хамрын нуруунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон...” гэж дүгнэн,

П.Б, Б.Ц нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар П.Б, Б.Ц нараас 250,360 төгрөгийг гаргуулж Ө.Жд олгож шийдвэрлэсэн байх бөгөөд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.12.23-ны өдрийн 16 дугаар магадлалаар тус шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

 

Иймд дээрх шийтгэх тогтоол, магадлалд дүгнэгдсэн хариуцагч П.Б, Б.Ц нарын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Ө.Жгийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан үйл баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4‑т зааснаар шүүх дахин нотлох шаардлагагүй болно.

 

4.Хариуцагч П.Б, Б.Ц нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд тухайн үедээ нэхэмжлэгч Ө.Жд шийтгэх тогтоолд зааснаар 250,360 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй. Тиймээс хариуцагч нарын гэм буруутай үйлдлийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй, харин тэдний гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Ө.Жд учирсан хохирол нь үндэслэлтэй эсэх, эдгээрийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзсэн. 

 

Гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байхаас гадна гэм буруу нь тогтоогдсон байхыг шаарддаг бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч Ө.Жд буруутай этгээдээс Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 505 дугаар зүйлийн 505.1-д заасан хохирол нэхэмжлэх эрх үүснэ.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно”, 228.4-т “хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

5.Тодруулбал, хариуцагч П.Б, Б.Ц нарын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Ө.Жгийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт зэрэг үүсч, түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан, тэрээр 2021.02.03, 2021.03.01, 2021.07.02, 2023.06.19-ний өдрүүдэд чих хамар хоолойн төрөлжсөн, мэргэжлийн улсын үйлчилгээтэй эмнэлэг болох ЭМЖЖ ХХК-д үзүүлж, шинжилгээ өгч, зохих эмчилгээг хийлгэсэн байх ба, хамрын таславчийн муруйлт засах мэс засал хийлгэх, мэс заслын эмчид үзүүлэх шаардлагатай, уг мэс засал нь 3,899,400 төгрөгөөр хийгддэг болох нь баримтаар тогтоогдсон.

 

Иймд нэхэмжлэгч Ө.Ж нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар хамрын таславчийн муруйлт засах мэс засал хийлгэхэд шаардлагатай зардлыг хариуцагч П.Б, Б.Ц нараар урьдчилан төлүүлэхээр шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нар нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нэхэмжлэгчийн эрүүл мэндийг өмнөх байдалд нь сэргээх үүрэгтэй, тэрээр сэргээх боломжгүй бол нэхэмжлэгчийн шаардсан 3,110,000 төгрөгийг төлөх үүрэгтэй, тэдний гэм буруутай үйлдэл, нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

6.Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “Эрүүл мэнд” гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг хэлэх бөгөөд хариуцагч П.Б, Б.Ц нар нь нэхэмжлэгч Ө.Жг зодож, хамарт нь буюу биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Ө.Ж бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байх, эрүүл амьдрах боломж түр хугацаанд алдагджээ.

 

Нөгөө талаар, хариуцагч П.Б, Б.Ц нар нь нэхэмжлэгч Ө.Жг зодож, түүний хамрыг гэмтээж, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэл гаргаагүй байсан бол нэхэмжлэгч Ө.Ж нь эрүүл саруул байж, ажил хөдөлмөрөө эрхлэн, хэвийн амьдарч байх байсан ба, хамрын муруйлт засах мэс засалд орох зайлшгүй шаардлага үүсэхгүй байсан гэж үзэхээс гадна эрүүл мэндийн байгууллагыг сонгон үйлчлүүлэх нь нэхэмжлэгчийн эрхэд хамаарах учиртай.

 

Тиймээс хариуцагч нарын гаргасан “...заавал хувийн эмнэлгээр үзүүлж, өндөр төлбөр шаардаж байгааг зөвшөөрөхгүй, улсын эмнэлгээр дагуулж яваад үзүүлэх, гарсан зардлыг төлөх боломжтой...” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

 

7.Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж зохицуулсан.

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.20-ны өдрийн 824 тоот шийтгэх тогтоолд дүгнэснээр хохирогч буюу нэхэмжлэгч Ө.Ж нь бусдыг үл хүндэтгэн доромжилсон, дээрэнгүй харьцсан, түрэмгий, тэвчээргүй зан, зүй бус үйлдэл гаргасан нь гэмт хэрэг үйлдэхэд шууд нөлөөлжээ. Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар гэмт хэрэг гарахад хохирогч буюу нэхэмжлэгч Ө.Жгийн гэм буруутай үйлдэл нөлөөлсөн байх тул шүүх хохирлын хэмжээг багасгаж, нэхэмжилсэн 3,110,000 төгрөгийн 20% буюу 622,000 төгрөгийг нэхэмжлэгч Ө.Ж өөрөө, 80% буюу 2,488,000 төгрөгийг хариуцагч П.Б, Б.Ц нар хариуцах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иймд хариуцагч П.Б, Б.Ц нараас 2,488,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Жд олгож, нэхэмжлэлээс үлдэх 622,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

8.Нэхэмжлэгч Ө.Ж нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал тэрээр 2023.02.06-ны өдөр 64,710 төгрөг төлсөн байх тул уг 64,710 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Ө.Жд олгож, хариуцагч П.Б, Б.Ц нараас 54,758 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.2.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч П.Б, Б.Ц нараас 2,488,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Жд олгож, нэхэмжлэлээс үлдэх 622,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.Ж нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, тэмдэгтийн хураамжид төлсөн 64,710 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Ө.Жд олгож, хариуцагч П.Б, Б.Ц нараас 54,758 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.    

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

                   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ЭНХТУЯА

 

       ШҮҮГЧИД                                                       Ж.БАЙГАЛМАА

 

                                                                                О.ЦЭНД-АЮУШ