Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2023/01970

 

 

 

 

 

 

 

 

 2023        06         27                                             182/ШШ2023/01970

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЭТ ХК-нд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 7,935,000 төгрөг тус тус гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М,

Хариуцагчийн төлөөлөгч О.Б, Х.Э

Гэрч Ц.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А,

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр нэхэмжлэгч Х.Бы эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Б нь ЭТ ХК-нд 2018.05.10-ны өдөр Захиргааны хэлтэст хэлтсийн даргын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2021.07.09-ний өдрөөс Захиргаа, удирдлагын газрын ***** албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болно. Ажиллах хугацаандаа сахилгын зөрчилгүй, сахилгын шийтгэл авч байгаагүй. ЭТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.11.07-ны өдрийн Б/1320 тоот тушаалаар Х.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Монгол улсын Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор ЭТ ХК-д Онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилсон. ЭТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.11.07-ны өдрийн Б/1320 тоот тушаалын үндэслэх хэсэгт “...Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991.01.04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, ЭТ ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “Онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх арга хэмжээний хүрээнд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан Захиргаа, удирдлагын газрын ***** Хашбатын Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022.11.07-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосугай" гэжээ.

Дээрх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан аль үндэслэл хамаарах нь тодорхойгүй, Засгийн газарт эрх олгох тухай хуулийг Хөдөлмөрийн тухай хуулийн эрэмбээс дээгүүрт тавьж, хууль зөрчин ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Х.Б нь эрхэлсэн ажил үүрэгтээ хайнга, хариуцлагагүй хандсан удаагүй, үүнийг тогтоосон баримтгүй. Мөн компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоох, шинэчлэх арга хэмжээ нь гүйцэтгэх захирал болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн бүрэн эрхийн асуудал бөгөөд Х.Бы ажил үүрэгт хамааралгүй асуудал юм. Х.Быг хийж гүйцэтгэсэн ажил үүрэгтэй нь холбогдуулан ажлаас чөлөөлсөн, үүнийг ажлаас чөлөөлөх шаардлагатай тохиолдол гэж үзэхгүй. Хэрэв ямар нэгэн зөрчил гаргасан гэж үзсэн бол Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар Х.Баас өөрөөс нь тайлбар авах, зөрчлийн талаар танилцуулах байсан. Энэ ажиллагаа огт хийгдээгүй, Х.Быг ажлаас үндэслэлгүй халсан. Х.Б нь улаан хоолойны шархлаа өвчнөөр хүнд өвчилж 2022.11.19-ний өдрөөс 2022.12.02-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлж, шаардлагатай үзлэг оношилгоо, хэвтрийн дэглэм барьсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч 2022.12.14-ний өдрийн 3/3136 дугаар албан бичгээр Гурван талт хорооны бүрэлдэхүүн томилогдоогүй талаар хариу ирүүлсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хугацаа алдаж хандсан нь эрүүл мэндийн шалтгаантай байсан учир баримтыг үндэслэн хугацааг сэргээж өгнө үү. Мөн Х.Быг урьд эрхэлж Захиргаа, удирдлагын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа буюу 160 хоногийн цалин нийт 111.976.540 төгрөгийг гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийж өгнө үү.

ЭТ ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч нь 2022.12.21-ний өдөр нийт ажилтнуудад хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх хэсэгт заасны дагуу компанийн дундаж цалин 2,712,745 төгрөгөөр тооцож, ажилтнуудад 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшууллыг олгожээ. Хэрэв Х.Б ажлаас үндэслэлгүй халагдаагүй байсан бол уг урамшууллыг мөн авах байсан юм. Иймд компанийн дундаж цалингаар 6 сарын цалин хөлстэй тэнцэх буюу 16,276,472 төгрөгийн үр дүнгийн урамшууллыг гаргуулж өгнө үү. Мөн 13 дахь сарын цалин хөлс урамшууллыг гүйцэтгэх захирлын 2019.05.03-ны өдрийн А/241 дугаар тушаалаар батлагдсан “Цалин хөлс олгох журам"-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу 1 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцож олгосон байна. Иймд 13 дахь сарын цалин хөлс болох 7,935,000 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Быг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн 2022.11.07-ны өдрийн Б/1320 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан. Тус тушаалын хууль зүйн үндэслэлийг Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолын 3.1 дэх хэсэгт үндэслэж гаргасан. 385 дугаар тогтоолоор 2022.10.26-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож онцгой харилцаа үүссэн. БНМАУ‑ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлд улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгожээ. Энэ эрхийн хүрээнд Засгийн газрын 385 дугаар тогтоол гарсан бөгөөд бүрэн эрхт төлөөлөгч шаардлагатай бол ажилтныг томилж, чөлөөлөх эрхтэй, үүнд Хөдөлмөрийн тухай хууль хамаарахгүй юм.

Нэхэмжлэгч Х.Быг үүрэгт ажлаас чөлөөлөх тушаал дээр эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэж бичсэн. Х.Б нь Захиргаа, удирдлагын газрын даргын ажлаас гадна нууцын ажилтныг хавсран гүйцэтгэж байсан бөгөөд 40%-ийн нэмэгдэл цалин авч байсан. Ажил үүргээ хүлээлцэхдээ нууцын дүрэм, журмыг баримтлаагүй. Манай байгууллага үүнийг шалгуулахаар эрх бүхий байгууллагад хандсан ба, хариуцлага тооцох зөрчил гарсан байна гэсэн хариу өгсөн. Өөрөөр хэлбэл Х.Б нь ажлын байрны тодорхойлолт, нууцын ажилтны чиг үүргийг хангалттай хэрэгжүүлж чадаагүй гэсэн үг. Бүрэн эрхт төлөөлөгч 2022.10.26-ны өдөр компанид томилогдон ирэхэд 220 орчим ажилтны ажлын байрны тодорхойлолт батлагдаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй зөрчил байсан. Нэхэмжлэгч Х.Б нь Захиргаа, удирдлагын газрын даргын хувьд захиргааны хэлтэс, хүний нөөцийн, мэдээлэл технологийн гэсэн хэлтсүүдийг шууд удирдах чиг үүрэгтэй ажилладаг байсан бөгөөд компанийн ERP системийг нэвтрүүлэх ажлын хэсгийн багийг ахалж ажиллаж байсан. Энэ ажлаа хангалтгүй биелүүлсэн, компанид 2,2 тэрбумын үр ашиггүй зардлыг бий болгосон, 660,000 орчим долларын төлбөрийн нэхэмжлэл ирсэн. Тиймээс ажлын байрны тодорхойлолтын мэдээллийн технологийн чиглэлээр 3 дугаар зорилтын хүрээнд чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн явдал гэж үзсэн бөгөөд компанид үүссэн нөхцөл байдлыг судалж, шийдвэрлэх ажлын хэсэг байгуулагдаж, холбогдох дүгнэлтийг гаргасан. Тийм учраас Х.Быг ажлаас нь чөлөөлсөн. Иймд тушаал хууль зүйн үндэслэлтэй, ажлаас халах шаардлагатай нөхцөл бий болсон гэж үзсэн байгаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлд ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнийг “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал, урамшууллаас бүрдэнэ” гэж заасан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.4.5-д "Шагнал, урамшуулал гэж ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэл эсхүл тухайн байгууллагын үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр, онцгой чухал ажил гүйцэтгэсэн байдлыг үнэлэн олгож байгаа мөнгөн урамшууллыг хэлнэ. Шагнал урамшуулалд ажлын үр дүн, гүйцэтгэлийн урамшуулал, онцгой чухал ажил гүйцэтгэсний төлөө олгосон нэг удаагийн мөнгөн урамшуулал болон хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоон олгож байгаа мөнгөн урамшуулал тус тус хамаарна” гэж тодорхойлжээ. Хариуцагчаас гаргуулахаар шаардаж буй үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын шагналт цалин нь шагнал, урамшуулал гэсэн ойлголтод хамаарна. “ЭТ” ХК-ийн хувьд ажилтанд олгох шагнал, урамшуулалтай холбоотой харилцааг ЭТТ-2018/140 тоот хамтын гэрээ, Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/394 тоот тушаалаар батлагдсан “Компанийн ажилтанд цалин хөлс тооцож олгох журам”-аар тус тус зохицуулдаг бөгөөд шагнал, урамшуулал олгох шийдвэр гарах үед компанид ажиллаж буй үндсэн ажилтан шагнал, урамшуулалд хамрагдах боломжтой болохыг дээрх эрх зүйн баримт бичгүүдээр зохицуулсан болно.

Түүнчлэн, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн А/752, А/753 тоот тушаалаар үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын шагналт цалин олгохоор шийдвэрлэх үед нэхэмжлэгч Х.Б нь Захиргаа, удирдлагын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байсан тул түүнд олгохгүй гэж шийдвэрлэсэн. Үр дүнгийн урамшууллын хувьд хийсэн ажлаа тайлагнаж, үнэлүүлж байж авдаг. Х.Б ажил хийгээгүй, ямар нэгэн байдлаар ажлаа тайлагнаагүй, үнэлүүлээгүй учир үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалин хөлс авах хууль зүйн үндэслэлгүй юм.

Нөгөө талаар нэхэмжлэгч Х.Б нь хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан байна. Нэхэмжлэгч тал хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтэй байх боловч үндэслэл болгож байгаа эмнэлгийн актаар түүний гомдол гаргах хугацааг сэргээх хууль зүйн үндэслэлгүй байна. Тэрээр 2022.11.25‑ны өдрөөс эхлэн 6 өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Энэ 6 хоногийн хугацаанаас бусад өдөр нь Х.Б зохих газарт гомдлоо гаргаж болох байсан, гаргаагүй. Өөрөөр хэлбэл, тухайн үед манай байгууллага дээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс ажиллаж байсан боловч Х.Б нь комисст хандахгүйгээр шууд 2022.12.14-ний өдөр дүүргийн гурван талт хороонд хандсан байдаг. Өөрөөр хэлбэл дүүргийн гурван талт хороо, эсхүл хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын аль нэгэнд хандсан тохиолдолд заавал шат дараалалтай хандах ёстой болдог. Х.Бы хувьд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 30 хоногийн дотор эрх бүхий этгээдэд хандаагүй, хугацаа хэтрүүлж хандсан байна. Иймд Х.Бы гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалинд нийт 24,211,472 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас иргэний үнэмлэх, 2022.11.07‑ны өдрийн Б/1320 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2021.07.09‑ний өдрийн Б/367 тоот ажилд томилох тухай тушаал, 2022.03.16‑ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолт, 2022.12.15‑ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022.12.14‑ний өдрийн албан бичиг, Грандмед эмнэлгийн 2022.11.19‑ний өдрийн урьдчилан сэргийлэх үзлэгийн хуудас, эрүүл мэндийн үзлэгийн тодорхойлолт, 2022.11.25‑ны өдрийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, эмнэлэгт хэвтсэн тухай тодорхойлолт, 2023.06.06‑ны өдрийн цалингийн тооцоолол гэсэн баримтуудыг,

 

4.Хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол улсын Засгийн газрын 2022.10.26‑ны өдрийн 385 дугаар ЭТ ХК‑ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол, гүйцэтгэх захирлын 2022.03.24‑ний өдрийн А/154 тоот хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай тушаал, 2022.03.30‑ны өдрийн 08/559 тоот маргаан таслах комиссын нэрс ирүүлэх тухай албан бичиг, 2022.11.07‑ны өдрийн Б/1320 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2022.03.16‑ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.01.24‑ний өдрийн А/22 тоот ажлын хэсэг байгуулах тухай тушаал, 2023.02.14‑ний өдрийн ажлын хэсгийн дүгнэлт, гүйцэтгэх захирлын 2018.07.26‑ны өдрийн Б/323 тоот нууцын ажилтнаар томилох тухай тушаал, 2022.12.14‑ний өдрийн 01/2564 тоот хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, 2022.12.09‑ний өдрийн төрийн нууцад хамаарах гэрээг төрийн хамгаалалтаас гаргаж “ил болсон” тэмдэг дарсан тухай, Тагнуулын ерөнхий газрын 2022.12.26‑ны өдрийн ТЕГ01/1517 тоот зөвлөмж хүргүүлэх тухай албан бичиг, 2023.02.06‑ны өдрийн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дүгнэлт, гүйцэтгэх захирлын 2022.10.25‑ны өдрийн А/677 тоот компанийн бүтцийн нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлах тухай тушаал, гүйцэтгэх захирлын 2022.05.23‑ны өдрийн А/275 тоот ERP нэгдсэн цогц программ хангамж хариуцан ажиллах хяналтын баг байгуулах тухай тушаал, хавсралт, гүйцэтгэх захирлын 2022.07.07‑ны өдрийн А/405 тоот ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай тушаал, хавсралт, гүйцэтгэх захирлын 2021.09.13‑ны өдрийн А/346 тоот ажлын хэсэг байгуулах тухай тушаал, хавсралтууд, төв оффисын ажилтнуудын 2022 оны 11 сарын цагийн бүртгэлийн тайлан, 2023.06.08‑ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.

 

5.Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр 2022 оны байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хавсралтууд, 2018  оны компанийн дүрэм, 2020 оны хамтын гэрээ, ТУЗ‑ийн 2021.06.29‑ний өдрийн 28 тоот компанийн орон тооны хязгаар, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай тогтоол, хавсралт, Бүрэн эрхт төлөөлөгчийн 2022.11.02‑ны өдрийн А/68 тоот хариуцлагыг сайжруулж ажиллах тухай тушаал, 2022.12.09‑ний өдрийн А/737 тоот  төв оффисын ажлын байрны нэр, орон тооны жагсаалтад өөрчлөлт оруулах тухай тушаал, хавсралтууд, гүйцэтгэх захирлын 2022.12.20‑ны өдрийн А/752 тоот ажилтнуудад жилийн үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал, мөн өдрийн А/753 тоот ажилтнуудад шагналт цалин олгох тухай тушаал, гүйцэтэх захирлын 2022.07.01‑ний өдрийн А/394 тоот компанийн ажилтанд цалин хөлс тооцож олгох журам шинэчлэн батлах тухай тушаал, хавсралтууд, 2018.12.19‑ний өдрийн А/462 тоот журам батлах тухай тушаал, хавсралтууд, гүйцэтгэх захирлын 2019.04.05‑ны өдрийн А/198 тоот журамд өөрчлөлт оруулах тухай тушаал, хавсралтууд, гүйцэтгэх захирлын 2020.12.30‑ны өдрийн А/354 тоот журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаал, гүйцэтгэх захирлын 2018.10.26‑ны өдрийн А/388 тоот үнэлгээний хороо байгуулах тухай тушаал, 2021.11.19‑ний өдрийн А/476 тоот компанийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам батлах тухай тушаал, хавсралтууд гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч ЭТ ХК‑нд холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 7,935,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ажлаас халсан хариуцагчийн тушаал хууль зүйн үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй, ямар зөрчил гаргасан, түүнийгээ яаж тогтоосон нь тодорхойгүй, нэхэмжлэгчид гаргасан зөрчлийн талаар танилцуулж, тайлбар аваагүй, Засгийн газарт эрх олгох тухай хууль, Засгийн газрын 385 дугаар тогтоолыг удирдлага болгон ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй, үүний улмаас нэхэмжлэгч нь цалин хөлсгүй болж, үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын шагналт цалингаа авч чадахгүй хохирч байгаа учир шаардах эрхтэй гэж тайлбарлав.

          Хариуцагч тал нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ 1991 оны Засгийн газарт эрх олгох тухай хуульд зааснаар чухал шаардлагатай үйлдвэрийн газар, байгууллагад онцгой дэглэм тогтоож арга хэмжээ авах эрхийг Засгийн газарт олгосны дагуу Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоол гарч компанид онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилж, байгууллагын зохион байгуулалт бүтцийг оновчтой шинэчлэн тогтоох, шаардлагатай тохиолдолд ажилтныг томилох, чөлөөлөх эрхийг олгосон, уг эрхийн хүрээнд нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн бөгөөд түүнийг эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзсэн, өөрөөр хэлбэл ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолтыг баталгаажуулаагүй, нууцын ажилтны ажил үүргийг давхар гүйцэтгэж байхдаа журам зөрчсөн, ERP программыг хэрэгжүүлэх явцад байгууллагад хохирол учруулсан зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдсон, тийм учраас ажлаас чөлөөлөх шаардлагатай нөхцөл үүссэн, тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж мэтгэлцсэн.

 

3.Нэхэмжлэгч Х.Б нь 2018 оны 05 сард Захиргааны хэлтэст хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2018.07.26-ны өдрийн Б/323 тоот тушаалаар компанийн нууцын ажилтнаар томилогдон хэлтсийн дарга, нууцын ажилтныг хавсран гүйцэтгэсэн, улмаар гүйцэтгэх захирлын 2021.07.09-ний өдрийн Б/367 тоот тушаалаар Захиргаа, удирдлагын газрын *****ар томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллахаас гадна, нууцын ажилтныг хавсран гүйцэтгэж байгаад Засгын газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022.11.07-ны өдрийн Б/1320 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байх ба, хариуцагч ЭТ ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4, 83.6-д зааснаар уг тушаалын нэг хувийг нэхэмжлэгч Х.Бд 2022.11.07-ны өдөр танилцуулж, түүнтэй нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, цалин хөлсний тооцоог хийсэн, энэ талаар зохигчид маргаагүй болно.

 

Хариуцагч ЭТ ХК-ийн гүйцэтгэх захирал буюу Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч 2022.11.07-ны өдрийн Б/1320 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалдаа Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991.01.04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, ЭТ ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон,

“Засгийн газраас ЭТ ХК-нд онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх арга хэмжээний хүрээнд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан Захиргаа, удирдлагын газрын ***** Хашбатын Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Х.Бтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2022.11.07-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосугай...” гэх үндэслэлийг заажээ.

 

4.БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991.01.04-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд “Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай” гэж,

2 дугаар зүйлд “Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь Монгол улсын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, Монгол улсын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээ дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино: 1/.Үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох...” гэж заасан.

 

Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу Монгол улсын Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар “ЭТ ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай”  тогтоол гарч, уг тогтоолын 1, 2, 3 дугаар зүйлд зааснаар төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан ЭТ ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож,

онцгой дэглэм тогтоосон хугацаанд Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль болон уг тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон байх ба,

тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад даалгасан, уг онцгой дэглэмийн хугацааг Улсын их хурлын 2023.04.21-ний өдрийн 28 тоот тогтоолоор дахин 6 сарын хугацаагаар сунгасан байна.

 

5.Ийнхүү Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хууль болон Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолыг үндэслэн 2022.11.02-ны өдрийн А/683 тоот “хариуцлагыг сайжруулж ажиллах тухай” тушаал гаргаж, тушаалын 1-д зааснаар компанийн үндсэн үйл ажиллагаа болох нүүрсний хайгуул, олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааны хэвийн тасралтгүй байдлыг хангахад онцгой анхаарч, үйл ажиллагааны бүхий л үе шатанд сахилга хариуцлагыг сайжруулж ажиллахыг компанийн нэгжийн удирдлага болон нийт ажилтнуудад үүрэг болгож,

5-д зааснаар Засгийн газраас онцгой дэглэм тогтоосонтой холбоотой Салбарын удирдлагууд, үйлдвэрлэл, нүүрс, ачилт, экспортын хэвийн үйл ажиллагаатай холбоотойгоор ажил үүргийн байнгын бэлэн байдалд ажиллах, сахилга хариуцлага алдсан тохиолдолд хариуцлагыг тухай бүр тооцох санал танилцуулахыг Захираа, удирдлагын газар /Х.Б/-д даалгаж,

холбогдох бусад арга хэмжээ авахыг эрх бүхий этгээдэд тус тус үүрэг болгохоос гадна 2022.10.25-ны өдрийн А/677 тоот тушаалаар Компанийн бүтцийн нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг шинэчлэн баталсан байх бөгөөд тушаалын хоёрдугаар хавсралтаар Захиргаа, удирдлагын газрын үндсэн үйл ажиллагааны чиг үүргийг шинэчлэн баталжээ.

 

Улмаар Засгийн газрын онцгой Бүрэн эрхт төлөөлөгч нь 2022.12.09-ны өдрийн А/737 тоот тушаалаар төв оффисын ажлын байрны нэр, орон тооны жагсаалтад өөрчлөлт оруулж, уг тушаалын хавсралтаар татан буулгасан алба, нэгжийн нэрс, орон тооны жагсаалтыг, Алба, нэгж, төв татан буугдсантай холбоотойгоор газар, хэлтэст шилжүүлэх ажлын байрны нэр, орон тооны жагсаалтыг тус тус баталсан байх ба, нэхэмжлэгч Х.Бы ажиллаж байсан Захиргаа, удирдлагын газар нь энэхүү тушаал, тушаалын хавсралтаар батлагдсан татан буугдсан алба, нэгж, шилжүүлэх ажлын байранд хамаараагүй, өөрөөр хэлбэл Захиргаа, удирдлагын газар нь компанийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд ороогүй, нэхэмжлэгч Х.Бы ажлын байр буюу Захиргаа, удирдлагын газар хэвээр байна.

 

6.Тодруулбал, ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэл болсон 1991 оны БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт нь онцгой дэглэмийн хугацаанд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх ажлыг хэрэгжүүлэх, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн  үед үүссэн шаардлагатай тохиолдолд нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүй байх агуулгыг илэрхийлж байна. Харин нэхэмжлэгч Х.Быг “...эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан...” гэх зөрчлийн шинжтэй үйлдлийг ажлаас халах шаардлагатай тохиолдолд хамааруулахгүй бөгөөд түүнийг ажлаас чөлөөлөх шаардлагатай ямар тохиолдол үүссэн нь тодорхойгүй, хариуцлага сайжруулах тухай 2022 оны А/683 тоот тушаалын 5-д заасан нэхэмжлэгч Х.Бд даалгасан ажлыг хэрхэн гүйцэтгэсэн гэж үзсэн нь ойлгомжгүй, энэ талаарх баримтгүй.

 

Иймд хариуцагч ЭТ ХК-ийн гаргасан “...байгууллагад онцгой дэглэм тогтоож арга хэмжээ авах эрхийг Засгийн газарт олгосны дагуу Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоол гарч компанид онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилж, байгууллагын зохион байгуулалт бүтцийг оновчтой шинэчлэн тогтоох, шаардлагатай тохиолдолд ажилтныг томилох, чөлөөлөх эрхийг олгосон бөгөөд уг эрхийн хүрээнд нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн...” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй болно.

 

7.Тиймээс шүүх хариуцагч ЭТ ХК нь нэхэмжлэгч Х.Быг онцгой дэглэмийн хугацаанд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх ажлыг хэрэгжүүлэх үед үүссэн шаардлагатай тохиолдлоор бус, харин ажилдаа хариуцлагагүй хандсан зөрчлийн шинжтэй үйлдлийн улмаас түүнийг ажлаас нь чөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

 

Энэ тохиолдолд хариуцагч ЭТ ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-ээс 80.1.6-д заасан аль нэг үндэслэлийг ажлаас чөлөөлсөн тушаалд заавал баримтлах, түүнчлэн нэхэмжлэгч Х.Быг ажлаас чөлөөлөх үед “эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан” гэх зөрчил нь чухам ямар зөрчил болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйл, байгууллагын дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.3, 8.10-т зааснаар ажилтанд мэдэгдэж, түүнээс тайлбар авах, холбогдох нэгжийн удирдлагын саналыг тусгаж баталгаажуулан, баримтаар тогтоосны үндсэн дээр нэхэмжлэгч Х.Быг ажлаас чөлөөлсөн бол Б/1320 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх байжээ.

 

8.Харин хариуцагч тал “эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан” гэж үзсэн үндэслэлээ шүүх хуралдааны явцад “...ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолтыг баталгаажуулаагүй, нууцын ажилтны ажил үүргийг давхар гүйцэтгэж байхдаа журам зөрчсөн, ERP программыг хэрэгжүүлэх явцад байгууллагад хохирол учруулсан...” гэж нөхөн тайлбарлаж байна.

 

8.1.Хариуцагч талын үндэслэл болгосон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.01.24-ний өдрийн А/22 тоот тушаал, түүний хавсралтаар онцгой дэглэм тогтоохоос өмнөх хугацаанд шинээр ажилд томилогдсон, туршилтын хугацаа дууссан зэрэг ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, түүний салшгүй хэсэг болох ажлын байрны тодорхойлолтыг баталгаажуулах ажил хийгдээгүй шалтгаан, мөн хууль, тогтоомжийн хүрээнд ямар арга хэмжээ авч ажиллахыг судлан, танилцуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ.

 

Дээрх тушаалын дагуу байгуулагдсан ажлын хэсгийн 2023.02.14-ний өдрийн дүгнэлтээр Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор 2022.03.16-нд Хөдөлмөрийн гэрээний загварыг батлуулан, салбарт 2022.04.26-ны өдөр хүргүүлж, ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулж эхэлсэн, Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн дарга Б.Ариунзаяагаас 2022.05.19-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулах ажлыг түр зогсоох тухай чиглэлийг Салбарын хүний нөөц, архивын албаны дарга Н.Цэнгэлд өгсөн гэх мэтээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажлын байрны тодорхойлолтыг баталгаажуулах ажил удаашралтай байсан, ...төв оффисын 6, салбарын 210 ажилтны Хөдөлмөрийн гэрээ нөхөж байгуулах..., эдгээр шалтгаан нөхцөл нь Захиргаа, хүний нөөцийн удирдлагуудын ажлын зохион байгуулалт хангалтгүй, ажлын байрны тодорхойлолт, чиг үүргээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй Захиргаа, удирдлагын газрын ***** Х.Б... гэх мэт хүмүүсээс хамаарсан байна гэж дүгнээд зохих шийдлийг тодорхойлсон, энэ талаар гэрч Ц.Сарантуяа мөн шүүх хуралдаанд мэдүүлсэн.        

 

8.2.Хариуцагч ЭТ ХК нь 2022.12.14-ний өдрийн 01/2564 тоот “...тус компанийн нууц хариуцсан ажилтны үүргийг Захиргаа, удирдлагын газрын ***** Х.Б гүйцэтгэдэг байсан бөгөөд төрийн нууцын зэрэглэлтэй баримт бичгийн бүрдэл, хадгалалт, хамгаалалтыг хариуцаж байсан. Төрийн нууцад хамаарах гэрээнүүдийг ил болгох явцад илэрсэн зөрчил нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй байх тул зохих журмын дагуу шалгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий албан бичгийг Тагнуулын ерөнхий газарт хүргүүлсэн байх ба,

Тагнуулын ерөнхий газрын 2022.12.26-ны өдрийн ТЕГ01/1517 тоот албан бичгээр “Засгийн газрын 2022 оны 449 дүгээр тогтоолоор ил болгохоор шийдвэрлэсэн ЭТ ХК-ийн хэрэгжүүлж байгаа төрийн нууцад хамаарах гэрээг ил болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх явцад илэрсэн зөрчлүүд нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 18 дугаар зүйл, Засгийн газрын 2017 оны 246 дугаар тогтоолоор баталсан “Монгол улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3, 3.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна, иймд дээрх зөрчлийг гаргасан албан тушаалтанд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан сахилгын хариуцлага хүлээлгэх зохицуулалттай болохыг мэдэгдэж байна” гэсэн хариуг өгчээ.

 

8.3.Хариуцагч ЭТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.10.26-ны өдөр А/388 тоот тушаалаар компанид ERP програм хангамж нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороо байгуулсан, улмаар гүйцэтгэх захирлын 2021.09.13-ны өдрийн А/346 тоот тушаалаар компанийн ERP системийг бүрэн хэрэгжүүлэх зорилгоор системүүд зохион байгуулах, нэвтрүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг, процесс нэвтрүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг тус тус байгуулсан, 2022.05.23-ны өдрийн А/275 тоот тушаалаар компанид нэгдсэн цогц програм хангамж болох ERP систем нэвтэрсэнтэй холбогдуулан дэд систем бүрийг хариуцан ажиллах, нэвтрүүлэлтийн сургалтад хамрагдах, арга зүйн зөвлөгөө өгөх, хяналт тавих багийн бүрэлдэхүүнийг баталж, хяналтын багийн тайланг 1 сар тутамд гүйцэтгэх захиралд танилцуулахыг Захиргаа, удирдлагын газар /Х.Б/-т үүрэг болгосон байх ба, энэхүү ажлын хэсгийг гүйцэтгэх захирлын 2022.07.07-ны өдрийн А/405 тоот тушаалаар шинэчлэн байгуулсан байна.

Түүнчлэн хариуцагч ЭТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.11.19-ний өдөр А/476 тоот тушаалаар батлагдсан дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмын дагуу Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газар нь 2023.02.06-ны өдөр Захиргаа, удирдлагын газарт буюу ЭТТ-2020/422 дугаартай Компанийн нэгдсэн цогц программ хангамж нийлүүлэх гэрээний талаар дотоод хяналт, шалгалт явуулжээ.

 

Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 28/17 тоот дүгнэлтээр “...ERP программ хангамж хөгжүүлж нэвтрүүлэх ажлын гүйцэтгэлийг дүгнэх үе шатуудад акт үйлдэхдээ бичиг баримтын боловсруулалт дутуу, ажлын төлөвлөгөө, техникийн тодорхойлолтод тусгагдсан шаардлагуудыг ажлын хэсгийн гишүүд нэг бүрчлэн тест хийж баталгаажуулаагүй байхад гүйцэтгэлийг тооцон төлбөр төлж байсан, ...хөгжүүлж байгаа ERP системийг ашиглахад хялбар бус, баримт материалын бүрдүүлэлт хангалтгүй байснаас хэрэглэгчдийн итгэл буурах, захиалагч, нийлүүлэгчдийн хоорондох ажлын уялдаа муу зэрэг шалтгааны улмаас систем нэвтрүүлэх ажил удааширч төлөвлөгөөт хугацаандаа багтаж дуусаагүй, гэрээний хугацаа дууссан байна...” гэх мэтээр нийт 9 зүйлийн талаар дүгнэж, ...төсөл амжилтгүй болж үр ашиггүй зардал гарсан байх тул хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулах, хохирлыг барагдуулах арга хэмжээ авахыг Захиргаа, удирдлагын газарт зөвлөсөн байна.

 

8.4.Дээр дурдсан үйл баримтууд нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгч Х.Быг ажлаас чөлөөлснөөс хойш болсон байх бөгөөд хариуцагч талын үндэслэл болгосон баримтуудаар нэхэмжлэгч Х.Б нь “...ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолтыг баталгаажуулаагүй, нууцын ажилтны ажил үүргийг давхар гүйцэтгэж байхдаа журам зөрчсөн, ERP программыг хэрэгжүүлэх явцад байгууллагад хохирол учруулсан...” гэх зөрчил гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Өөрөөр хэлбэл 2023 оны ажлын хэсгийн дүгнэлтээр компанийн ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолтыг баталгаажуулаагүй явдал нь зөвхөн Х.Бд бус эрх бүхий бусад албан тушаалтнуудтай хамааралтай цогц ажиллагаа байхаас гадна, Тагнуулын ерөнхий газрын албан бичгээр зөрчил гаргасан албан тушаалтанд хуульд заасан сахилгын хариуцлага хүлээлгэхийг мэдэгдсэн байх боловч уг зөрчил нь ямар зөрчил болох, үүнд Х.Б хамааралтай эсэх нь тодорхойгүй, Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дүгнэлтийн дагуу хариуцагч ЭТ ХК нь амжилтгүй болсон ERP програмын төслөөс шалтгаалж үр ашиггүй зардал гаргасан, учруулсан хохирлын талаар хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтгүй байна.

 

Иймд хариуцагч ЭТ ХК-ийн 2022.11.07-ны өдрийн Б/1320 тоот нэхэмжлэгч Х.Быг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч Х.Быг ажлаас чөлөөлсөн үндэслэл ойлгомжгүй, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй, тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй, ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэл нь нэхэмжлэгч Х.Быг ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохирсонгүй.

 

9.Хариуцагч “ЭТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.07.01-ний өдрийн А/394 тоот тушаалаар батлагдсан “ЭТ” ХК-ийн ажилтанд цалин хөлс тооцож олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.10-т “Төв оффисын ажилтны мэдлэг, мэргэшил, туршлага, ажлын үр дүн, гүйцэтгэл зэргийг үндэслэн улирлын шагналт цалинг холбогдох журмын дагуу  дараа улирлын эхний сард Гүйцэтгэх захирлын тушаалаар олгоно”, 3.15-д “Компанийн тухайн жилийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан Гүйцэтгэх захирлын тушаалаар ажилтнуудад 13 дахь сарын шагналт цалин, үр дүнгийн урамшуулал олгож болно”,

Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн 2020 оны ЭТТ-2018/140-2 тоот хамтын гэрээний 3 дугаар зүйлийн үр дүнгийн урамшуулал, шагнал гэсэн хэсгийн 3.3.1-д “жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг нийт ажилтанд тухайн жилд ажилласан хугацааг харгалзан 4-6 сарын компанийн дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож дараа жилийн 1 дүгээр улиралд олгоно” гэж тус тус заасан.

 

Дээрх журам, хамтын гэрээний дагуу хариуцагч ЭТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.12.20-ны өдрийн А/753 тоот “Ажилтнуудад шагналт цалин олгох тухай” тушаалаар тус компанийн ажилтнуудад 13 дахь сарын шагналт цалинг,  А/752 тоот “Ажилтнуудад жилийн үр дүнгийн урамшуулал олгох тухай” тушаалаар нийт ажилтанд үндсэн цалингийн дунджаар тооцож жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг тус тус олгожээ.

 

10.Хариуцагч ЭТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.12.19-ний өдрийн А/462 тоот тушаалаар баталсан “ЭТ” ХК-ийн ажилтны ажил дүгнэх, шагнал урамшуулал олгох журам”-ын 3 дугаар зүйлийн шалгуур үзүүлэлт гэсэн хэсгийн 3.1.1-ээс 3.1.6-д заасан ажлын төлөвлөгөөний биелэлт, компанийн удирдах ажилтан болон нэгжийн удирдлага, шуурхай зөвөлгөөнөөс өгсөн үүрэг, даалгаврын биелэлт, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хэрэгжилт, идэвх санаачилга, шинэ  санал санаачилга, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн бүтээмж, сахилга хариуцлага гэсэн шалгуур үзүүлэлтүүдээр дүгнэж, 3.2-т зааснаар гүйцэтгэх захирлын тушаалаар 4.1.1, 4.1.2- т заасан улирлын шагналт цалин, жилийн үр дүнгийн урамшуулал олгохоор зохицуулжээ.

 

Харин нэхэмжлэгч Х.Б ажлаас үндэслэлгүй халагдаагүй байсан бол ажил үүргээ хэвийн гүйцэтгэж, ажилтны ажил дүгнэх, шагнал урамшуулал олгох журмын 5.2-т заасны дагуу өөрийн хийж гүйцэтгэсэн ажлыг эрх бүхий этгээдээр зохих журмын дагуу үнэлүүлж, дүгнүүлэх, шагналт цалин, жилийн үр дүнгийн урамшуулал авах эрхтэй байсан боловч түүний ажлын үзүүлэлтүүдийг дүгнэсэн үнэлгээний хуудас, шагнал, урамшуулал олгох тухай нэгжийн удирдлагын санал, хурлын тэмдэглэл, тухайн нэгжийн нэгдсэн тайлан зэрэг баримтууд байхгүй, түүнийг ажлаас нь чөлөөлсөн учир хийж гүйцэтгэсэн ажлыг огт дүгнээгүй, нэхэмжлэгч Х.Бы хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсны дараа гүйцэтгэх захирлын 2022.12.20-ны өдрийн А/752 тоот, А/753 тоот тушаалаар тус компанийн нийт ажилтнуудад 13 дахь сарын шагналт цалин, жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг олгосон байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Х.Бы ажлыг журмын дагуу үнэлж дүгнээгүй, 13 дахь сарын шагналт цалин, жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг олгохоор шийдвэрлэсэн эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байхад хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1, Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1.3, дурдсан журмын заалтуудын дагуу нэхэмжлэгч Х.Бд шагналт цалин, үр дүнгийн урамшуулал олгох үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

11.Дээрх бүгдээс үзвэл, хариуцагч ЭТ ХК-ийн нэхэмжлэгч Х.Быг ажлаас чөлөөлсөн 2022.11.07-ны өдрийн Б/1320 тоот тушаал хууль зүйн үндэслэлгүй болох нь нэгэнт тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч Х.Быг урьд эрхэлж байсан Захиргаа, удирдлагын газрын даргын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгох хууль зүйн үндэслэл бүрдсэн байх боловч нэхэмжлэгч Х.Б нь маргааныг эрх бүхий байгууллагаар урьдчилан шийдвэрлүүлэх, шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй”, 154.2.1-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцласан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор”, 

154.8-т “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй”,

158 дугаар зүйлийн 158.2-т “дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ”, 158.2.2-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцласан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан” гэж тус тус заасан.

 

12.Хариуцагч ЭТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.03.24-ний өдрийн А/154 тоот тушаалаар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан байх бөгөөд нэхэмжлэгч Х.Б нь 2022.11.07-ны өдөр ажлаас чөлөөлсөн Б/1320 тоот тушаалтай танилцсан даруйд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-д зааснаар 30 хоногийн дотор буюу 2022.12.07-ны өдрийн дотор хариуцагч ЭТ ХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т зааснаар хариуцагч ЭТ ХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоор маргаанаа шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд шууд шүүхэд хандах байтал хандаагүй.

 

Харин нэхэмжлэгч Х.Б нь 2022.12.14-ний өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газарт хандсан, тус байгууллагын 2022.12.14-ний өдрийн 3/3136 тоот албан бичгээр тухайн байгууллагад гурван талт хороо байгуулагдаагүй тухай хариуг нэхэмжлэгч Х.Бд өгсөн байх ба, нэхэмжлэгч Х.Б нь 2022.12.16-ны өдөр нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байна.

 

13.Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д “Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол маргалдагч талын хүсэлтээр уг хугацааг сэргээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн үндэслэл болгосон Грандмед эмнэлгийн 2022.11.19-ний өдрийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн хуудас, мөн өдрийн эрүүл мэндийн үзлэгийн тодорхойлолт, 2022.11.25-ны өдрийн Амбулаториор эмчлүүлэгсдийн карт гэсэн баримтуудаар Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хөөн хэлэлцэх 30 хоногийн хугацааг сэргээх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Учир нь нэхэмжлэгч Х.Б нь 2022.11.19-ний өдөр Гранд мед эмнэлэгт үзүүлж, 2022.11.25-ны өдрөөс 6 хоног буюу 2022.12.01-ний өдрийг хүртэл тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байх бөгөөд тэрээр 2022.11.07-ны өдрөөс 2022.11.25-ны өдрийг хүртэл, эмнэлгээс гарсан 2022.12.01-ний өдрөөс 2022.12.07-ны өдрийг хүртэл маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэх талаар эрх бүхий этгээдэд хандах бодит боломжтой байсан, түүний Грандмед эмнэлэгт 6 хоног хэвтэн эмчлүүлсэн явдал нь маргаанаа Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад урьдчилан шийдвэрлүүлэхэд саад болоогүй гэж үзэхээр байна.

 

Иймд ЭТ ХК-нд холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 7,935,000 төгрөг тус тус гаргуулах тухай Х.Бы нэхэмжлэлийг Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

14.Нэхэмжлэгч Х.Б нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал 2023.03.28-ны өдөр нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын тэмдэгтийн хураамжид 279,008 төгрөг төлсөн байх тул энэхүү 279,008 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Х.Бд олгох нь зүйтэй гэж үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 157 дугаар зүйлийн 157.1-д зааснаар ЭТ ХК-нд холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 7,935,000 төгрөг тус тус гаргуулах тухай Х.Бы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Б нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Бы тэмдэгтийн хураамжид төлсөн 279,008 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Х.Бд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Т.ЭНХТУЯА