| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2023/00216/И |
| Дугаар | 183/ШШ2023/02193 |
| Огноо | 2023-06-30 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 183/ШШ2023/02193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х дүүрэг, 4 дүгээр байр, 117 тоотод оршин суух, Б овогт Н. П /РД:*********/,
Нэхэмжлэгч: Х дүүрэг, 4 дүгээр байр, 117 тоотод оршин суух, А овогт Л.Б /РД:*********/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Д, өөрийн байранд байрлах, Н гүйцэтгэх газар /РД:*******/,
Хариуцагч: С дүүрэг, 2 дугаар байр, А. Б ХХК /РД:*******/ нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.П
Хариуцагч Н.Ш газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э /цахимаар/,
Хариуцагч А Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
Нэхэмжлэгч Л.Б шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүхэд ямар нэгэн хүсэлт, санал ирүүлээгүй тул тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н.П Л.Б нар нь хариуцагч Н. А.Б-ХХК нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Нэхэмжлэгч Н.П Л.Б нар бид Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 183/321/013 дугаар захирамжийн дагуу явагдаж буй төлбөр авагч ББСБ-д төлбөр гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчөөр оролцож байна. Уг ажиллагааны явцад Л.Б-ийн нэр дээр бүртгэлтэй үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202314 дугаарт бүртгэлтэй Ч дүүргийн ******* ******* тоот хаягт байрлалтай 89 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай ул хөдлөх эд хөрөнгө болон тус хаягт байрлах нэгж талбарын 15604 дугаарт бүртгэлтэй 700 мкв талбайтай газрын хамт газрын Х дүүргийн шийдвэр гүйцэтгэх тасгийн 238-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч П.Э битүүмжилж, улмаар хураан авч албадан дуудлага худалдаанд боруулах үнэ тогтоохоор шинжээч томилсон. гүйцэтгэх газрын Хэлтсийн дарга бөгөөд Х Дүүргийн гүйцэтгэгч ахмад Ц.Г 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн у-238/2848 тоот албан бичгээр "Үнэлгээний мэдэгдэл"-ийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдсэн ба дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг 73.499.105 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг мэдэгдсэн. Шинжээчээр томилогдсон А.Б-ХХК нь барьцаа хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж бидний хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэж үзэж байна. Учир нь төлбөр авагч ББСБ ХХК болон төлбөр төлөгч Л.Б, Н.П нар бид дээрх барьцаа хөрөнгийг анх барьцаалахдаа 600 000 000 төгрөгөөр тооцож барьцаалсан. Өөрөөр хэлбэл талууд үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээг анх барьцааны гэрээ байгуулахдаа тохиролцсон. Мен төлбөр төлөгч бид үнийн саналаа 600 000 000 төгрөгөөр тооцож өгсөн. Тус байшин газар нь зах зээлийн үнэлгээ нь 600 000 000 төгрөг байгаа бөгөөд адил хөрөнгүүдийг худалдах талаар зар мэдээллүүдэдээс үзэхэд бидний хөрөнгийг хэт доогуур үнэлсэн байна. Түүнчлэн барилгын бүтээц, хийц, чанарын хувьд цутгамал бетон суурьтай, блокон дүүргэлттэй, хөесен дулаалгатай, цутгамал бетон баганатай, төмөр дээвэр, модон хучилттай, паркетан шал, вакум цонхтой чанарын хувьд сайн чанарын барилга болно. Дээрхээс үзвэл Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8-р зүйлийн 8.1 дэх хэсэг "Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын (аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, мөн хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно" гэж заасантай нийцэхгүй байна. Иймд гүйцэтгэх газрын захиалгаар хийгдсэн А.Б ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-22/505 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн.
1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Манай лагерийн газар, зуны болон өвлийн орон сууцыг хэт багаар үнэлсэн, зах зээлийн үнээс бага үнэлсэн. Яагаад бага үнэлсэн гэж бодож байгаа вэ гэхээр манайхаас бага м.кв-тай газар хоосон газар хамгийн багадаа 45 000 000 төгрөгөөр зах зээлийн зарагдсан. Үнэгүй.мн тухайн үеийн ханш нь тийм байсан. Гэтэл манайх том 89 м.кв-тай, өвлийн орон сууц, карказан арамтай, цэвдэгтэй газар нэг метр 50 билүү, метр хорийн гүн суурьтай бид нар өөрсдөө зориулж барьсан байшин юм. Тийм учраас газар хөдлөлтөд тэсвэртэй, намган дээр хүчитгэн барьсан байшин юм. Үүнийг бол маш багаар үнэлсэн газар хөдлөлтийн бүсийг давахын тулд бетон суурийг маш сайн хийж өгсөн байшин байгаа юм. Тиймээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
2.Хариуцагч гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2229421 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул төлбөр төлөгчийн Л.Б-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын Ү-222314 дугаарт бүртгэлтэй Ч дүүргийн /1580/, ******* тоот хаягт байрлах 89 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах эзэмшлийн улсын бүртгэлийн 000362 дугаар, шинэ нэгж талбарын 1501604 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбай газрын хамт 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 22421/05 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 22421/08 дугаар тогтоолоор хурааж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас үнийн санал авхад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-тзаасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12/433 дугаар тогтоолоор шинжээч томилсон. Шинжээч 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 73.499.105 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайланг ирүүлсэн. Төлбөр төлөгчид хөрөнгийг 73.499.105 төгрөгөөр үнэлсэн тухай 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 4-238/24848 тоот албан бичгээр үнэлгээний тайлангийн хамт гардуулан өгсөн.Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Х дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ1/023 дугаар захирамжаар Н.П Л.Б нараас 596 806 000 төгрөгийг гаргуулж, ББСБ ХХК-д олгохоор захирамжилсан. Үүний дагуу дээрх шийдвэрийг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 22421 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч, үүргээ биелүүлээгүй, тул төлбөр төлөгчийн Л.Б-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 22221/08 дугаар тогтоолоор хурааж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хуульд зааснаар үнэлгээ хийлгэсэн. Энэ хугацаанд ч нэхэмжлэгч нараас төлбөрөө төлөөгүй, мөн үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн, зах зээлийн ханшаар үнэтэй байдаг талаар баримтыг ирүүлээгүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Хариуцагч А.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай А.Б ХХК нь гүйцэтгэх газрын 238 дугаартай ахлах дэслэгч П.Э 2022 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн 12/433 дугаартай шинжээч томилох тухай тогтоолын дагуу төлбөр төлөгч Л.Б-ийн өмчлөлийн Ч дүүргийн , /15080/ 4 хэсэг гудамж, ******* тоот хаягт байрлах 89 м.кв талбайтай хувийн орон сууц, тус хаягт байрлах эзэмшлийн улсын бүртгэлийн 000362 дугаар, нэгж талбарын 1501604 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбай газрын хамт үнэлсэн байгаа. Тухайн үнэлгээний ажлыг хийхдээ олон улсын үнэлгээний стандарт болон олон улсын хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг баримтлан хийсэн. Тухайн үнэлгээг хийхдээ стандартад заасны дагуу өртгийн болон зах зээлийн үнэлгээгээр үнэлсэн. Яагаад орлогын хандлагыг хэрэглээгүй вэ гэхлээр, тухайн барилга нь түрээсийн болон өөр бусад ашиглалтын орлогуудын бидэнд ирүүлээгүй учраас тухайн аргыг ашиглах боломжгүй болсон. Ингээд өртгийн болон зах зээлийг хандлагыг хэрэглээд тухайн хөрөнгийг үнэлсэн байгаа, ингэж үнэлэхдээ хөрөнгийн үнэлгээний тайлангийн 7 болон 8 дугаар хуудсанд илүү дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Нэхэмжлэгч хэлж байна одоогоор тухайн газрын ойролцоох газар 45 000 000 төгрөг гэж байна, тэгэхлээр манай компани хөрөнгийг үнэлэхдээ 2022 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар буюу үнэлгээний өдөр маань 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэж тогтоогдсон байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь одоо байгаа үнээр буюу 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар ойлгож байна. Тэгэхлээр хамгийн түрүүнд үнэлгээний өдрийг харах нь зүйтэй, бид үнэлгээг хийхдээ өртгийн хандлагаар барилгыг үнэлэхдээ Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 203 дугаар тогтоолоор буюу барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээгээр үнэлсэн. Баталж өгсөн журам учраас бид ямар нэгэн байдлаар тухайн тоог солих, өөрчлөх боломжгүй, тийм эрх байхгүй тухайн барилгын ижил төстэй буюу хийцийг дурдаж өгсөн байгаа, тухайн хийц нэр нь нэхэмжлэгчийн өгсөн нэрээс зөрүүгүй байгаа. Тухайн барилга маань жижиг барилгад орж байгаа, ийм учраас манайх үнэлэхдээ жижиг барилга гэдгээр дүйцүүлж аваад жижиг барилга гэж үнэлсэн. Зөвхөн дотроо цахилгааны шугамд холбогдсон боловч, инженерийн шугамд холбогдоогүй, гадна шугамд холбогдоогүй, ийм учраас жижиг барилга гэж үзээд өртгийн хандлагаар үнэлсэн. Тухайн барилга дахин шинээр бий болвол хэдэн төгрөгөөр барих боломжтой гэдгийг бодож үзсэн байгаа.Үүний дараагаар газрын эрхийг тусгай тогтоож өгсөн үнэ болон норматив хандлага, зах зээлийн хандлагын аргаар тухайн газрыг ямар үнэлгээтэй байх боломжтой вэ гэдэг судалгаагаар хийсэн. Энэ талаарх үнэлгээг 9 дүгээр хуудсанд илүү ойлгомжтой, харуулсан байгаа. Ойролцоогоор 700 м.кв-тай газар нь 18 000 000 төгрөг, дотроо нойлтой, хувийн цооногтой газар нь 25 000 000 төгрөг, зүгээр хоосон газар 2 айлын газар нь 20 000 000 төгрөгөөр зарагдах үнэтэй байгаа юм. Энэ үнийн мэдээллийг судлаад барилгыг үнэлсэн. Эдгээр үнэлгээнүүдийг нийлүүлэхээр 73 499 105 төгрөгөөр тооцоологдсон. Тухайн тооцоо зөв буруу эсэхийг 2 дахь аргаар шалгаж үздэг. Яг зах зээлийн ханшаар үнэлсэн. Тухайн ойр орчмын газар байшингийн үнийн дундаж нь 73 147 056 төгрөгөөр тооцоологдсон. Эдгээр хэрэглэсэн аргууд нь тооцооллын хувьд хоорондоо зөрүүгүй гарч ирсэн. Тэгэхлээр бид нарын тооцоолсон арга нь алдаагүй буюу, бодитой тооцоологдсон байна гэж үзэн 73 499 105 төгрөгөөр үнэлж гаргасан. Бид зарын мэдээллийг шалгахдаа яг бэлэн мөнгөнд хэдэн төгрөгөөр авах вэ гэдэг талаар судалдаг, зах зээлийн үнэ цэнэ гэдэг нь Олон улсын стандартад нийцэх, мөн зохих маркетинг сурталчилгаа хийгдсэний дараа талууд зохих мэдлэгтэй болох талаар албан шахалт шаардлагагүйгээр, бүрэн гүйцэт төлбөрийг баримтвал зохих гэсэн үнэлгээг хэлдэг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал нь бид нарыг зарын үнэ ашигласан байна гэж байгаа. Тэгэхлээр зарын үнийг ашиглаж, яг бэлэн мөнгөнд ямар үнэ цэнээр худалдах боломжтой вэ гэдгийг бид нар стандартын дагуу тооцоолсон юм. Нэхэмжлэгчийн дурьдаад байгаа онцлог, нөхцлүүдийг бүгдийг нь харж тооцоод үнэлгээгээ гаргасан байгаа гэв.
4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 4/23/2488 тоот Үнэлгээний мэдэгдэл, Ү-220314 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 22421/08 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол, ТХҮ-42/525 тоот А.Б ХХК-ийн Үнэлгээний тайлан /хэргийн 3-29-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагч гүйцэтгэх газраас хариу тайлбар, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ГХ2022/00 тоот Гүйцэтгэх хуудас, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШЗ2022/01 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2021/02 дугаар Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №22291 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2221/05 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 22421/08 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтооол, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Н.П Л.Б нарын Н.т гаргасан хүсэлт, ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22/465 тоот албан бичиг, гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12/433 тоот Шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид эрх, үүрэг танилцуулсан баримт, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт, Шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, ТХҮ-422/55 тоот А.Б ХХК-ийн Үнэлгээний тайлан, гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 4/238/248 тоот Үнэлгээний мэдэгдэл /хэргийн 43-93-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас А.Б ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.У олгосон итгэмжлэл /хэргийн 117-118-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2.Нэхэмжлэгч нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, үл хөдлөх эд хөрөнгө нь барилгын бүтээц, хийц, чанарын хувьд цутгамал бетон баганатай, төмөр дээвэр, модон хучилттай, паркетан шал, вакум цонхтой, суурийн хувьд нэмэлт хүчитгэл хийсэн байхад үүнийг тооцоогүй тул үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардлага, үндэслэлээ тодорхойлсон.
3.Хариуцагч гүйцэтгэлийн газар нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, талууд үнийн талаар харилцан тохиролцоогүй тул үнэлгээ хийсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй гэж нэхэмжлэлийг үгүйсгэсэн.
4.Хариуцагч А.Б ХХК нь үнэлгээг олон улсын үнэлгээний стандарт болон олон улсын хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг баримтлан хийсэн, үнэлгээг хийхдээ стандартад заасны дагуу өртгийн болон зах зээлийн үнэлгээгээр аль алинаар тооцоолсон, үл хөдлөх эд хөрөнгийн бүхий л шинж чанарыг харгалзан үнэлгээг гаргасан гэж тайлбарласан.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1.Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ББСБ ХХК-ийн өргөдөлтэй, Н.П Л.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 748 173 362 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай маргаанд талуудын байгуулсан 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 53 дугаар эвлэрлийн гэрээг хүлээн авч, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасныг баримтлан өргөдөл гаргагч ББСБ ХХК, тайлбар гаргагч Н.П Л.Б нар харилцан тохиролцож, 748 173 362 төгрөгийг зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү болох 151 367 362 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 596 806 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг тайлбар гаргагч Н.П Л.Б нар төлөхийг хүлээн зөвшөөрч, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор өргөдөл гаргагч ББСБ ХХК-нд төлж барагдуулах, хэрвээ тохирсон хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд Л.Б-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн 0007583 дугаартай, Ч дүүргийн 4 хэсэг гудамж, ******* тоот хаягт байршилтай, 89 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2202314 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Л.Б-ийн эзэмшлийн Улаанбаатар хот Ч дүүрэг, байршилтай улсын бүртгэлийн 000362 дугаартай, нэгж талбарын 18*****1 дугаар бүхий 700 м.кв газрыг эзэмших эрхтэй газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталгаажуулжээ.
5.2 гүйцэтгэх газар нь Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2021/03 дугаар захирамж, 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн “ тухай” 183/ШЗ2022/018 дугаар шүүгчийн захирамж, 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ГХ2022/0 дугаар гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн №2221 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.
5.3.Талууд иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, төлбөр төлөх талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ч дүүргийн , 4 хэсэг гудамж, ******* тоот хаягт байршилтай, 89 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-220214 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Л.Б-ийн эзэмшлийн Улаанбаатар хот Ч дүүрэг, байршилтай улсын бүртгэлийн 00062 дугаартай, нэгж талбарын 18******* дугаар бүхий 700 м.кв газрыг эзэмших эрхтэй газрыг битүүмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолоор уг үл хөдлөх эд хөрөнгийг хураан авчээ.
6.Талууд иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, эд хөрөнгийг битүүмжлэн хураан авсан талаар маргаагүй, төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж маргаж байна.
7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө”, 55 дугаар зүйлийн 55.2.2-д “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заажээ.
7.1.Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Н.П Л.Б нарт битүүмжлэгдсэн хураагдсан тогтоолыг танилцуулсан, Н.П Л.Б нар нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн байдлаар хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 500 000 000 төгрөгөөр, 700 м.кв /га/ газрыг эзэмших эрхтэй газрыг 100 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг ирүүлсэн бөгөөд төлбөр авагчтай үнийн талаар харилцан тохиролцоогүй тул Л.Б-ийн өмчлөлийн Ү-220314 дугаартай Ч дүүргийн 4 хэсэг гудамж, ******* тоот хаягт байршилтай, 89 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Л.Б-ийн эзэмшлийн Улаанбаатар хот Ч дүүрэг, *******, улсын бүртгэлийн 000362 дугаартай, нэгж талбарын 18******* дугаар бүхий 700 м.кв газрыг үнэлгээ хийлгэхээр А.Б ХХК-ийн шинжээч Г.Ж, Б.У нарыг шинжээчээр томилсон болох нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шинжээч томилох тухай №12/433 дугаар тогтоолоор тогтоогдож байна.
7.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөнө” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар болон нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үнэлгээний мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээний тухай шинжээчийн дүгнэлтээр хөрөнгийг 73 499 105 төгрөгөөр үнэлсэн талаар нэхэмжлэгч нарт 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр танилцуулж, нэхэмжлэгч нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэснийг зөрчөөгүй байна.
7.3.Хэрэгт авагдсан шинжээчээр томилогдсон хариуцагч А.Б ХХК-ийн шинжээчийн үнэлгээний тайланд “...Улаанбаатар хот, Ч дүүрэг дүгээр хороо, ******* тоот хувийн сууц, газар үнэлгээгээр тогтоогдсон дүн 73 499 105 төгрөг” гэжээ.
7.4.Нэхэмжлэгч нар нь үнэлгээг хийхдээ зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, тухайн байрлалд байгаа хоосон газар л 45 000 000 төгрөгийн үнэлгээтэй байгаа, гэтэл хувийн сууцтай нь хамт 73 499 105 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй, үл хөдлөх эд хөрөнгө нь барилгын бүтээц, хийц, чанарын хувьд цутгамал бетон баганатай, төмөр дээвэр, модон хучилттай, паркетан шал, вакум цонхтой, суурийн хувьд нэмэлт хүчитгэл хийсэн байхад үнэлгээнд тооцоогүй гэсэн боловч хэрэгт авагдсан 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А.Б ХХК-ийн үнэлгээний тайланд “...хөрөнгийн үнэлгээнд Үнэлгээний олон улсын стандартын дагуу зах зээлийн болон өртгийн хандлагыг хэрэглэн үнэлсэн зах зээлийн үнэ цэнийг нийт 73 499 105 төгрөг” гэж тодорхойлсон байх бөгөөд үнэлгээний зүйлийн шинж чанар, тодорхойлолтод барилгын ерөнхий мэдээлэл, инженерийн байгууламж, барилгын бүтээц хийцийн тодорхойлолтыг дурдсан, мөн барилгын хийцийн үндсэн үзүүлэлтүүдэд “...цахилгаан халаалттай, цахилгаан төвлөрсөн шугам холбосон, суурь цутгамал бетон, блок дүүргэлт, хөөсөн дулаалгатай, багана цутгамал бетон, хучилт мод, шал паркет, хаалга төмөр, мод, цонх хуванцар вакум, бүгд чанар сайн” гэж тусгасан байна.
7.5.Мөн нэхэмжлэгч уг үл хөдлөх хөрөнгө болох Ч дүүргийн 4 хэсэг гудамж, ******* тоот хаягт байршилтай, 89 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ч дүүрэг, толгойд байршилтай 700 м.кв газар нь зах зээлийн ханшаар хэдэн төгрөг болох, уг хувийн сууц болон газартай ижил төстэй хувийн сууц болон газар нь хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байгаа талаарх мэдээллийг болон үл хөдлөх эд хөрөнгийг 73 499 105 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур болох талаар баримтаар нотлоогүй, мөн дээрх байрлалд байгаа хоосон хашаа 45 000 000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг үндэслэлгүй, хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэв.
8.Иймд нэхэмжлэгч Н.П Л.Б нарын хариуцагчН., А.Б ХХК нарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
9.Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гаргасныг хүлээн авч, түүний Үндсэн хуульд заасан хууль зүйн туслалцаа авах эрхийг хангасан бөгөөд түүний өмгөөлөгч Э.Т 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Хөгжлийн банкны шүүх хуралдаанд оролцож байгаа гэсэн хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн болно.
Гэвч нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч нь хурлын товоо мэдэж байсан, шүүхэд хуралтай талаараа хүсэлтээ хүргүүлнэ гэсэн боловч түүний өмгөөлөгч нь шүүхэд ямар нэгэн хүсэлт санал ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.5-д зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүхээс товлосон хугацаанд шүүх хуралдаанд оролцох” үүргээ биелүүлээгүй байна гэж үзсэн болно.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Н.П Л.Б нарын хариуцагч Н., А.Б ХХК нарт холбогдуулан гаргасан Ч дүүргийн 4 хэсэг гудамж, ******* тоот хаягт байршилтай, 89 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ч дүүрэг, *******, байршилтай улсын бүртгэлийн 000462 дугаартай, нэгж талбарын 186*******51 дугаар бүхий 700 м.кв газрын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Н.П Л.Б нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН