Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ........., улсын яллагч ........, шүүгдэгч ....... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ......... холбогдох ........... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ............ оны 03 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн .......... суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, . мэргэжилтэй, хувиараа ............ ажилладаг, ам бүл-6, ээж, хүүхдүүд, дүү нарын хамт  амьдардаг Завхан аймгийн ........ сумын ........... багийн .......... оршин суух хаягтай, 

Завхан аймаг ................ анхан шатны шүүхийн .......... оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ........... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар ......... бусдын эд хөрөнгө завших, үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасаг ял хэрэглэлгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 960,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн.

 ........... овогт ................. /РД:............../

Шүүгдэгч ............. нь үргэлжилсэн үйлдлээр иргэн ............. нэр дээр бүртгэлтэй “............” ББСБ-ын зээлийн аплекейшныг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр, шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар  буюу 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр .......... тоот урт хугацаат 2,760,000 төгрөг, 2024 оны 12-р сарын 17-ны өдөр ............ тоот богино хугацаат 390,000 төгрөгийн цахим зээлийн гэрээ байгуулан зээл авсны улмаас хохирогч ..............3,150,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ............... холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч ......... шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч ........... нь ..........ын нэр дээр бүртгэлтэй ............ ББСБ-ын зээлийн аплекейшныг ашиглан 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,760,000 төгрөгийн, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 390,000 төгрөгийн  зээлийг 2 удаагийн үйлдлээр өөрийн дансанд шилжүүлэн авсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:

Энэ талаар мэдүүлсэн хохирогч .......н “...миний нэр дээр надад мэдэгдэлгүйгээр иргэн ...... нь ............ бус санхүүгийн байгууллага дахь миний нэр дээр бүртгэлтэй хаягаар нэвтрэн орж, зөвшөөрөлгүйгээр 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр богино хугацаат зээл хэсгээс 390,000 төгрөгийн, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр урт хугацаат зээл хэсгээс 2,760,000 төгрөгийн зээл нийт 2 удаагийн үйлдлээр 3,150,000 төгрөгийн зээл авчихсан байсан. ...би шууд ..........бус санхүүгийн байгууллагын лавлах утас руу нь залгасан чинь лавлахаас нь асуутал таны бүртгэлээр танаас гадна өөр хүн нэвтэрч ордог уу гэж асуухаар нь би өөрийн тухайн бүртгэлээр нэвтэрдэг нагац дүү болох ............ гэдэг эмэгтэй байгаа гэтэл тухайн хүний нэртэй данс руу зээл олгогдсоны дараа зарлагын гүйлгээ гарчихсан байна гэж хэлсэн. ............. руу залгаад асуусан чинь надад ямар нэгэн зүйл хэлээгүй гар утсаа салгасан ба дахин гар утсаа авч холбоо бариагүй юм. ...Би анх тухайн банк бус санхүүгийн байгууллагад бүртгүүлж зээл авч байхдаа нагац дүү ......... заалгаж түүгээр нууц үг зэргээ хийлгэж нээлгэж авч байсан бөгөөд анх ............ нээж өгснөөс хойш нууц үг, нэвтрэх нэрээ өөрчлөөгүй байсан юм...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч ..............ын “...2025 оны 06 дугаар сард манай дүү ............ над руу гар утсаар залгаад танай охин .........надад мэдэгдэлгүйгээр миний зээлийн аплекейшн ашиглаад зээл авчихсан байна. Тэрийг нь төлүүлмээр байна гээд хэлсэн. Тэгэхээр нь би тэр мөнгийг нь авчихсан нь үнэн юм бол төлж өгөх гэж хэлчхээд охин ......... үнэхээр түүний нэр дээр зээл өөрт мэдэгдэхгүй авчихсан юм уу гэж асуусан чинь би өөрийнхөө зээлийг хаачхаад эргүүлээд аваад өгчихье гэж бодоод өрөө дарчихсан чинь миний зээл гарахгүй болчхоод эргүүлж төлж чадаагүй гэж хэлсэн. Ингээд би хэсэг хугацааны дараа буюу 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр .........эзэмшлийн ............... дугаарын данс руу 1,000,000 төгрөгийг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөгийг тус тус хийж өгсөн байгаа юм. ...Би охин ...........чи яагаад ингээд зээл авчихсан юм бэ гэсэн чинь би өөрийнхөө зээлийг хаачхаад эргүүлээд зээл аваад ......... ахын өрийг дарчихъя гэж бодсон чинь миний зээл гарахаа больчихсон юм. Би зээл авчхаад эргүүлээд дарчих юм чинь .......... ахад хэлэхгүй байя гэж бодсон гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,

.........” ББСБ-ын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ........... дугаартай “............../ нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр .............тоот урт хугацаат 2,760,000, мөн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ........... тоот богино хугацаат 390,000 төгрөгийн цахим зээлийн гэрээ байгуулан зээл авсан ба ............ тоот урт хугацаат зээлийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр, ........... тоот богино хугацаат зээлийг 2025 оны 06-р сарын 27-ны өдөр хаасан нь үнэн болно...” гэсэн албан бичиг болон хохирогч ..........аас гаргаж өгсөн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч ............йн үйлдлийн улмаас хохирогч ..........т нийт 3,150,000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, яллагдагчаас авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

 Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо.

 “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар хохирогч ........... нэр дээр бүртгэлтэй “.........” ББСБ-ын зээлийн аплекейшныг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр, шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар  буюу 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ........... тоот урт хугацаат 2,760,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр .......... тоот богино хугацаат 390,000 төгрөгийн цахим зээлийн гэрээ байгуулан 3,150,000 төгрөгийн зээл авч өөрийн эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгосон байна.

Хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Шүүгдэгч ........... нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч ......... нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр түүний зээлийн аплекейшнаар зээлийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсэж үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, бусдын зээлийн аплекейшн ашиглан 2 удаагийн зээл авч өөрийн дансандаа шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг тус тус хангаж байна.

Шүүдэгчийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан тул үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч ............. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Шүүгдэгч ............... холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ өөрөө сайн дураар гаргаж илэрхийлсэн бөгөөд түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч .............. нь хохирогч .............т гэмт хэргийн улмаас  3,150,000 төгрөгийн учруулсан бөгөөд хохирогчид 2,500,000 төгрөгийг төлсөн  болох нь хохирогчийн “......... надад 2,500,000 төгрөгийг төлсөн...” гэсэн хүсэлтээр тогтоогдсон байх тул шүүгдэгч ....... 650,000 төгрөгийг гаргуулж хохирогч ................ олгох нь зүйтэй.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Прокуророос шүүгдэгч ........... холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч .......... нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэдгээ шүүх хуралдааны үед ч илэрхийлж байна.

Шүүгдэгч ......... прокурорын сонсгосон ял нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч ........... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорилгод нийцүүлэн шүүгдэгч .......... эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ” авах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн дээрх хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг ....................т даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч ............. нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ............. овогт .............. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ............ хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ............ нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .............. дээрх тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .............тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг ................ даалгасугай.

6. Шүүгдэгч ............ 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч .......... нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.ДЭЛГЭРМАА