| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 101/2015/07056/И |
| Дугаар | 210/МА2019/01350 |
| Огноо | 2019-07-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2019/01350
Б.Мийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/01201 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.Мийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Тд холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 142 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Адалбек, хариуцагч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Тгийн хүсэлтээр 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 200 000 000 төгрөгийг 1 жил 6 сарын хугацаатай жилийн 21.6, сарын 1.8 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувиар алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Улмаар гэрээний хугацаа дуусаж мөнгөө шаардахад Д.Т нь өнөө маргаашгүй өгнө гэж худал хэлдэг.
Зээлийн гэрээний барьцаанд Д.Т өөрийн байрныхаа 1, 2, 3 дугаар давхаруудыг барьцаалсан.
Гэрээг хуулийн этгээдийн нэрээр байгуулсан мөн гарын үсэг биш гэдэг боловч хоорондоо тохиролцсон. 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хооронд гэрээгээ байгуулсан, эхлээд хүүг төлөөд явна гэсэн бөгөөд 40 000 000 төгрөгөөр таван удаа өгөөд зээлээ төлж дуусгана гэж амаар тохиролцсон.
Нэхэмжлэгч 50 000 000 төгрөгийг авсан, 2 000 000 төгрөгийг эхнэр нь авсан, мөн өөрийн ажилтнаар дамжуулан 5 000 000 төгрөгийг авсан нийт 58 000 000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Би хариуцагчийг хоёр янзаар гарын үсэг зурдаг юм байна гэж бодсон. Хариуцагч талаас санхүүгийн тайланг нь гаргуулсан, тайланд 200 000 000 төгрөгийн орлого орсон бичилт харагдахгүй байна. Хэрэв хөрөнгө оруулалт авсан бол компанийн дансанд орох ёстой бөгөөд санхүүгийн бүртгэлд орлого, зарлага нь тусгагдсан байх ёстой. Тиймээс нэхэмжлэгч хариуцагчид 200 000 000 төгрөгийг зээлсэн, түүнээсээ 58 000 000 төгрөгийг нь буцаан авсан учраас 142 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М нь манай компанид хувь нийлүүлэн хамтран ажиллах санал тавьсан тул 2011 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Улмаар 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Д.Т 100 хувийн эзэмшлийн “Их эрин илч” ХХК-ийн 50 хувь эзэмших эрхийг Б.Мийн нэрэн дээр зохих журмын дагуу шилжүүлэн компанийн дүрэмд өөрчлөлт оруулж талууд гарын үсэг зурж баталгаажуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2011 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Их эрин илч” ХХК-ийн ерөнхий захирал Д.Т, хөрөнгө оруулагч Б.М, нарийн бичиг Б.Ундрах, орчуулагч Г.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэйгээр хурал хийж тэмдэглэл хөтөлсөн.
Энэ хурлаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг арилгах зорилгоор БНСАУ-тай хамтран явуулж буй халдаг шал тавих төслийг хэрэгжүүлэхэд зориулан шаардагдах мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тогтлоо. Зээлийн үндсэн хэмжээ 300.000 ам доллар болно гэж шийдвэр гаргасан.
Ийнхүү халдаг шал тавих төслийн хүрээнд “Их эрин элч” ХХК бага хэмжээний үйлдвэр барихаар ажиллаж байсан бөгөөд Б.М нь 300.000 ам долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон боловч хийгээгүй. Төсөл хэрэгжих нь хөрөнгө оруулалт ороогүй шалтгаанаар манайх үйлдвэрээ барьж байгуулах боломжгүй болж төсөл амжилтгүй болсон. Б.Моос мөнгө зээлээгүй, зээлийн гэрээ байгуулаагүй. 2007 онд Солонгос улс руу ОУ-ын эрчим хүчний форумд оролцоод халдаг шалны системийн талаар мэдээлэл авсан. Тэгээд Солонгосын компанитай нь гэрээ байгуулсан. Тэгээд төхөөрөмжийг нь оруулж ирээд айлуудад тавьсан. Цаашдаа утаа арилгахад 84 000 000 ам.долларын гэрээ хийсэн. 2011 оны 07 дугаар сарын 31-ний өдөр компанийнхаа 50 хувийг шилжүүлж өгсөн.
Хөрөнгө оруулалт нь хойшлоод байж байсан чинь Б.М мөнгө байна уу, мөнгө хэрэг болчихлоо гэхээр нь хамт Чоно финанс дээр очоод байраа барьцаалаад мөнгө зээлэхэд танай байр 70 000 000 төгрөг л зээлэх боломжтой байна гэхэд нь 70 000 000 төгрөг зээлээд, 58 000 000 төгрөгийг нь Б.Мид өгсөн.
Бас 5 000 000 төгрөг явуулаач, би Германд явж байна мөнгө хэрэгтэй байна гэхээр нь шилжүүлсэн. Тэгээд Б.М “Их эрин элч” ХХК-ийн 50 хувийг буцааж өгье гээд надад бэлэглэлээр буцааж өгсөн. Тэгээд надад би таны компанийн 50 хувийг буцаагаад өгсөн юм чинь хөрөнгө оруулсан мөнгөө авмаар байна гэж хэлсэн. ББСБ-аас 70 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй аваад, тэр нь явсаар байгаад 100 000 000 гаруй төгрөг болсон.
Дараа нь 7 хувийн хүүтэй 120 000 000 төгрөг зээлээд энэ нь бас хүү нь нэмэгдээд, дахиж 250 000 000 төгрөг аваад, ингээд тэр зээл нь явсаар байгаад 372 000 000 төгрөгийн зээл болоод байгаа. 150 000 000 төгрөгийг хөрөнгө оруулалтаар авсан, зээлж аваагүй. Би итгээд компанийнхаа 50 хувийг шилжүүлсэн. Энэ харилцаа нь анхнаасаа зээлийн гэрээний харилцаа байгаагүй, хамтран ажиллах гэрээтэй холбогдон гарсан харилцаа байсан.Д.Т 150 000 000 төгрөгтэй холбоотой гэж үзвэл нийт 77 617 000 төгрөгийг Б.Мид бодитоор өгсөн. Үүнээс гадна 1500, 2000 долларыг ямар нэгэн хар буруу санаагүйгээр өгч байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Тгээс 72 383 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 172 617 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 657 950 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Д.Тгээс улсын тэмдэгтийн хураамжийн 519 865 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн зүгээс хэрэгт маш олон хуудас баримтыг нотлох баримтын шаардлага ханган өгсөн боловч нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн гэрээний харилцаа байсан гэж алдаатай дүгнэлт гаргасан. Талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр 2011 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн хамтран ажиллах гэрээнд дээрх төслүүдийн 50 хувийг 200 000 000 төгрөгөөр үнэлж талууд гэрээ хийн гарын үсэг зурсан өдөр урьдчилгаа 50 хувь болох 100 000 000 төгрөгийг, үлдэгдэл 50 хувъ буюу 100 000 000 төгрөгийг “Их Эрин Илч"ХХК-ны бичиг баримтад нэмэлт өөрчлөлт оруулан улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн баталгаажуулсан өдөр шилжүүлнэ гэж тохиролцон 2011 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн монгол улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Их Эрин илч” ХХК-ийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай баримт үйлдсэн.
2011 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн бэлэглэлийн гэрээ, 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн эзэмших эрх шилжүүлэх гэрээ, "Их эрин илч” ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээ баримтуудаар хамтран ажиллах гэрээний хэрэгжилт хэрхэн явагдаж байсан байдал харагддаг.
2011 оны 10 сарын 16-ны өдрийн 33187 дугаартай хурлын тэмдэглэл, 2011 оны 10 сарын 30-ны өдрийн 10/01 дугаартай хурлын протокол талуудын хооронд “Их эрин Илч” ХХК-д хэрхэн хөрөнгө оруулалт хийх, компанийн зээлийг хэрхэн барагдуулах асуудлыг баримтжуулсан байдаг.
Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ баримтыг хүчингүйд нотлох баримтаас хасуулах санал гаргасаныг нэхэмжлэгийн төлөөлөгч хүлээн зөвшөөрч нотлох баримтаас хасуулсан байтал уг баримтыг үндэслэн талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа явагдсан гэж үзэж байгаа нь алдаатай.
Гэрч н.Замбалгаравын мэдүүлэгээр нэхэмжлэгч хариуцагч нар хамтран ажиллаж байнга уулздаг байсныг болон их хэмжээний үнэ бүхий 3 хэсэг, нэг бүр нь 1 метр 70 см-н өндөртэй, Солонгос улсаас захиалан авч ирж “Их Эрин Илч” ХХК-ийн хэрэглэж байсан шал угсрах, халаалтын төхөөрөмж суулгах монголд худалдаалагддаггүй тоног төхөөрөмжүүдийг 2012 оны сүүлээр нэхэмжлэгчийн Кинова ХХК-ны байранд хүргэж өгсөнийг хүлээн авсан талаар гэрчилсэн үйл баримтыг дүгнээгүй. Дээрх тоног төхөөрөмжүүдийг нэхэмжлэгч авснаар “Их Эрин Илч” ХХК үйл ажиллагаагаа явуулах боломжгүйд хүрч ажлаа зогсоож ажилчид ч мөн гарсан байдал нотлогддог.
Энэхүү тоног төхөөрөмжийг одоо ч нэхэмжлэгч ашиглаж заримыг нь байхгүй болгосон талаар шүүх хурал дээр ярьдаг бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гэрч нар тоног төхөөрөмжийг хүлээн авсан талаар маргаагүй.
Хэрэгт хариуцагчаас өгсөн хилээр оруулж ирсэн тоног төхөөрөмжийн талаарх баримтууд, 2010 оны 4-р улирлын баталгаажсан тайлан баримтын нэмж төлөгдсөн капитал 235сая, бэлтгэн нийлүүлэгч нарт төлсөн мөнгө 381 608 239,49 төгрөг гэх баримтаар үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг хариуцагч монголд оруулж ирэн утаагүй эрчим хүчний хэмнэлттэй халаалтыг гэрт суурилуулж ажиллаж байсан мөн 150 000 000 төгрөгийн банкны зээлтэй байсан байдал нотлогддог. Энэхүү зээлийн нэхэмжлэгч төлж өгөхөө илэрхийлсэн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурал дээр ярьсан баримтуудаар талуудын хооронд зээлийн гэрээ огт байгуулагдаагүй хамтран ажиллаж компаний өрийг дарах зорилгоор мөн хөрөнгө оруулалт болгохоор 150 000 000 төгрөгийг 2011 оны 10 сарын 28-д хариуцагчид нэхэмжлэгч өгсөн байдаг.
Капитал банкны хуулгаар 2011 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Их эрин илч” ХХК-аас зээлийн төлөлт хийсэн байдлаар мөн зорилго нь хэрэгжсэн байдал харагддаг. Дээрх баримтуудад бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүйгээс нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд хамтран ажиллах харилцаа үүсч уг харилцааны явцад “Их Эрин Илч” ХХК-ийн өрийг нэхэмжлэгч төлөлцсөн байхад шүүх бодит байдлаас хөндий дүгнэн талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа явагдсан гэж дүгнэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангасан нь шүүхийн шийдвэр эргэлзээгүй үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчигдөхөд хүргэсэн байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар харьцуулан үнэлсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч Б.М хариуцагч Д.Тд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 142 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. /1хх-1/
Нэхэмжлэгч нь 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Д.Тд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 300 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг , Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2015/08354 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 140 000 000 төгрөг болгон багасгаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашбай нь 140 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлөхөөр талууд эвлэрсэн, эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба улмаар шүүхийн гүйцэтгэх хуудас 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр бичигдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан гүйцэтгэх ажиллагааг хийж эхэлжээ./1хх-93-95, 98-100, 142/
Чингэлтй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2018/00934 дугаартай шийдвэрээр Д.Тгээс С.Нагашыбайд олгосон итгэмжлэлийг баталсан нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн./1хх-108-109/
Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШЗ2018/09213 дугаартай захирамжаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2015/08354 дүгээр зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, улмаар Б.М нь хариуцагч Д.Тд холбогдуулан 300 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. /хх-129-130, 132-143/
Хариуцагч Д.Т нь нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй, “Их эрин элч” ХХК-ийн 50 хувийг Д.Мид шилжүүлж, хамтран ажиллах гэрээ байгуулсан, халдаг шал тавих төслийн хүрээнд тус компанид 300 000 ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсны дагуу 150 000 000 төгрөг өгсөн нь үнэн, тиймээс зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, төлөх үндэсгүй гэж татгалзсан.
Хариуцагч Д.Т нь 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 150 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Моос авсан үйл баримт нь хэрэгт авагдсан “Суваргын дэл ББСБ” ХХК-ийн гадаад валют худалдаж авах, худалдах баримт болон зохигч талуудын тайлбар, мэтгэлцээнээр тогтоогдсон. /2-р хх-ийн 132/
Хариуцагч энэ мөнгөн хөрөнгө нь зээл биш, хамтран ажиллах гэрээгээр Б.М хөрөнгө оруулалт хийсэн, төсөл хэрэгжээгүй учир алдагдлыг хамтран хариуцах ёстой гэж тайлбарласан ч 2011 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хамтран ажиллах гэрээнд хөрөнгө оруулалтыг Б.М хариуцах тодорхой заалтгүй, энэ талаар мөн шүүх зөв дүгнэжээ. /1хх-37-38/
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2 дахь хэсэгт зааснаар талуудын байгуулсан гэрээний хураамж, хувь, хүлээх үүрэг, гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцоогүй, энэ талаар тохиролцсон эсэх байдал тодорхойгүй байна.
Мөн анхан шатны шүүхээс гэрч Л.Азжаргалын мэдүүлгийг зохигчийн тайлбартай харьцуулан дүгнэжээ.
Нэхэмжлэгч нь 150 00 000 төгрөгийг Д.Тгийн өмчлөлд шилжүүлсэн тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 150 000 000 төгрөгөөс буцаан төлсөн мөнгөн хөрөнгийг хасч тооцон төлөгдөөгүй үлдсэн 72 383 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хамтран ажиллах гэрээний дагуу хийгдсэн хөрөнгө оруулалт гэх татгалзал, ашиг алдагдлын хэмжээгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, нэхэмжлэгч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/01201 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Тгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 519 865 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ
Ш.ОЮУНХАНД