Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2023/0334

 

    2023        04          05                                      128/ШШ2023/0334

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “И*******р” ХХК /РД:5*******/,

Хариуцагч: Х, Ха Б.О*******, хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ш.А, Б.А нарын хоорондын татварын маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагч татварын улсын байцаагч Б.А, Ш.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Хан-уул дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “И*******р” ХХК нь Х, тус хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн дарга Б.О*******, хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ш.А, Б.А нарт холбогдуулан “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ш.А, Б.А, хяналт шалгалтын тасгийн дарга Б.О******* нарын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №НА-23220000031 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах, “И*******р” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хассан шийдвэр гаргахыг Х******* шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаар, 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШЗ2022/9019 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн байна.

3. Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, хяналт шалгалт хийх 2322200159 тоот томилолтын дагуу нэхэмжлэгч “И*******р” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд /татвар төлөгчийн хүсэлтээр/ 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд /нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасагдах/ шалгалтыг хийж, 

Хариуцагч Ха Б.О*******, татварын улсын байцаагч Ш.А, Б.А нар нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” НА-23220000031 дугаар нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн.

            4. Нэхэмжлэгч “И*******р” ХХК нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч маргаан бүхий актаар тогтоосон төлбөрийн хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 33 дугаар тогтоолыг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 22/112 дугаар албан бичгээр гардан авч, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхэд анх нэхэмжлэл гаргажээ.

5. Нэхэмжлэгч “И*******р” ХХК-ийн төлөөлөгч Ц.А******* шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Манай компани нь үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамнаас олгогдсон “эрчим хүчний эх үүсвэрийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах”, цахилгаан дамжуулах шугам, дэд станцын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах 2017 оны 3Т-008/17 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хүрээнд сонгон шалгаруулалтад орж, захиалагчийн өгсөн ажлын онцгой даалгаврын үндсэн дээр эрчим хүчний чиглэлээр шинээр баригдах цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хийж гүйцэтгэдэг, дагнасан, мэргэшсэн, эрдэм шинжилгээний байгууллага. Дээрх үйл ажиллагааны хүрээнд манай компани нь Татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон холбогдох журам, тушаал шийдвэрээр нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх хууль зүйн бүрэн үндэслэлтэй тул Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст хандаж холбогдох “И*******р” ХХК-ийг “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасуулах тухай” 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0605/2020 дугаар албан бичгийн хүргүүлсэн.

Гэтэл Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, манай байгууллагаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан боловч, хариу өгөхгүй 10 сарын хугацаа өнгөрсөн, өөрийн байгууллагын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх асуудлыг шийдвэрлэхгүй, хуулийг хэрэглэхгүй, хуулийг дур мэдэн тайлбарлаж, хуулийг зөв хэрэглэхгүй, дээд шатны байгууллагын хууль зүйн үндэслэлтэй шийдвэрийг үл хүндэтгэж, хууль бус шийдвэр гаргасан. н.Б******* гэх хаяг уруу шуудангаар хүргүүлсэн гэдэг боловч энэ нь тухайн компанийг төлөөлөх эрх бүхий этгээд биш, хүлээн аваагүй. Мөн Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байгаа тул дээд шатны байгууллагад хандана уу гэдэг байдлаар амаар хариу өгсөн. Тиймээс нэхэмжлэгч тухайн хүсэлтээ Нийслэлийн Татварын газарт өгсөн. Нийслэлийн Татварын газарт 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гомдол гаргасанд 03 дугаар сарын 25-ны өдрийн хариу албан бичигт “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.12-т заасан эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын бүтээгдэхүүн явуулдаг юм байна. Энэ ангилалд танай компани хамаарах тул албан татвараас чөлөөлөгдөх хууль зүйн зохицуулалттай байна” гэсэн. Энэ албан бичгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст хүргүүлэхэд Татварын ерөнхий газарт ханд гэсэн хариуг өгсөн. Татварын ерөнхий газарт хандахад Хуулийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга н.Мөнхтамир гэх хүн компанийн гүйцэтгэх захирал болон намайг дуудан, уулзаж, энэ чиглэлээр үйл ажиллаагаа явуулдаг, чөлөөлөгдсөн газар байгаа эсэхийг тодруулсан. Баянзүрх дүүрэгт 1, Чингэлтэй дүүрэгт 2 байна гэсэн. Энэ талаар ярилцсан хэдий ч бичгээр хариу өгөхдөө чөлөөлөх боломжгүй байна гэсэн. Үүнийг хүлээж аваад манай компани Татварын маргаан таслах зөвлөлд хуулийн дагуу хандсан. Татварын маргаан таслах зөвлөл гомдлыг хүлээж аваад хүлээж авах боломжгүй гэдэг хариу өгсөн. Тиймээс манай компани зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.12-т эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бол энэ хуулийн 13.1.12-т хамаарах бараа бүтээгдэхүүнийг Засгийн газар батална гэж байгаа. Албан татвар ногдуулах тухай хуулийн 8.3-т зааснаар 8.2-т заасан эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Үндэсний статистикийн хорооны дарга хамтран батална гэж байгаа. Энэхүү компани нь 2011 оноос үйл ажиллагаа явуулаад Үндэсний статистикийн хорооны харьяа байгууллага болох Хан-Уул дүүргийн Статистикийн хороонд жил болгон тайлангаа өгдөг байсан тул жил болгон тухайн албан татвараас чөлөөлөгдөөд явж байсан. Гэтэл 2018 онд шалгалт хийгээд татвар ногдуулж эхэлсэн. Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс танайх төлөх ёстой гэдэг. Хүлээн зөвшөөрөхгүй бол дээд шатны байгууллагад ханд гэдэг. Дээд шатны байгууллагад хандахад нэг нь хүлээн зөвшөөрөөд, нөгөө нь хүлээн зөвшөөрдөггүй.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Үндэсний статистикийн хорооны дарга эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг компанид хамаарна, 2013 оноос хойш бүртгэлтэй бөгөөд тайлангаа өгөөд явж байгаа гэдэг тодорхойлолтыг ирүүлсэн байгаа. Тухайн баримтыг Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст хавсаргаж өгсөн. Мөн эрдэм шинжилгээ, судалгаа шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг гэдгийг нотлохын тулд Монгол Улсын академич нарын зөвлөлдөх хуралдаанаар буюу тухайн салбарыг хариуцсан нэр бүхий академичийн дүгнэлтийг гаргуулсан. Танай байгууллага эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийдэг юм байна гэдэг дүгнэлт ирүүлсэн.

Манай компани нь ТЭЦ-3 станцын зөвлөх үйлчилгээг хариуцан ажилладаг. Үүнд үндэслээд Засгийн газар, Сангийн сайдын хамтарсан тушаалын татвараас чөлөөлөгдөх компаниудын жагсаалтад манай компанийн нэр орсон байдаг. Гэтэл Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс үүнийг хууль зүйн үндэслэлгүй гээд өөрсдийн үзэмжээр хуулийг тайлбарлан компанийг хохироож байгаад гомдолтой байна. Бидний зүгээс энэ хуулийг тайлбарлаж компанийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах эрх бүхий этгээд нь шүүх гэж ойлгож байна. Тэгэхгүй бол байгууллагуудын дарга нарын үзэмжээр энэ асуудал шийдвэрлэгдээд дунд нь үйл ажиллагаа эрхэлж буй компаниуд хохирч байна.

6. Иймд Ха Б.О*******, татварын улсын байцаагч Ш.А, Б.А нарын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн НА-23220000031 дугаартай Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах, “И*******р” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хассан шийдвэр гаргахыг Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, компанийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

7. Хариуцагч татварын улсын байцаагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “И*******р” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасуулах тухай” 1/2021 тоот албан хүсэлтийн дагуу татварын хяналт шалгалтад хамруулах эсэх талаар Татварын ерөнхий газрын эрсдэлийн удирдлагын газарт татварын эрсдэлийн төвшнийг тооцуулахаар хүргүүлсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.11 болон Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/20 дугаар тушаалын 4 дүгээр хавсралт “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасах журмын Зургаа. Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасах, 6.2. “Харьяа татварын алба нь албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасахад дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. 6.2.1. “Эрсдэлийн удирдлагын асуудал эрхэлсэн нэгж нь энэ журмын 6.1-д заасан шаардлагад нийцсэн татвар төлөгчийн эрсдэлийн төвшинг тооцон, эрсдэл өндөртэй татвар төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийлгэхээр Хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжид шилжүүлж, эрсдэлгүй эсхүл эрсдэл багатай татвар суутган төлөгчийг тухайн татвар төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын бүртгэлийн ажил хариуцсан нэгжид шилжүүлнэ” гэж заасныг үндэслэн Татварын ерөнхий газрын эрсдэлийн удирдлагын газраас “эрсдэлийн төвшин өндөр” гэж үзэн татварын хяналт шалгалтад хамруулахаар хяналт шалгалтын төлөвлөгөөнд оруулсны дагуу томилолт үүсгэсэн.

“И*******р” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 01 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2322200159 тоот томилолтын дагуу тухайн байгууллагын санхүү, татварын тайлан, санхүүгийн анхан шатны баримт, банкин дах харилцах дансны хуулга, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалд үндэслэн Татварын ерөнхий хууль болон татварын бусад хуулиуд, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн хэрэгжилтэд татварын хяналт шалгалтыг явуулж 2022 оны 05 сарын 20-ны өдөр НА-23220000031 дугаартай нөхөн ногдуулалтын акт тогтоосон болно.

7.1. Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан зөрчлийн талаар: “И*******р” ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа нь Эрчим хүчний яамны 2017 оны 3Т-008/17 дугаар бүхий Т3-8.2/0.1-100 мвт болон түүнээс дээш хүчин чадалтай эрчим хүчний эх үүсвэрийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах/, Т3-8.3 /0.4-110 кв-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах/ ажлыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийгддэг байна. Өөрөөр хэлбэл, 1. Зураг төсөл боловсруулах, 2. Зөвлөгөө өгөх, 3. Техник эдийн засгийн үнэлгээ /ТЭЗҮ/ хийх гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гэвч татвар төлөгчийн тухайд дээрх үйл ажиллагаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.12. “эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн” гэсэн заалтад хамаарч нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөнө, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэн шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргасан байна. Хариуцагчийн зүгээс нэмэгдсэн өртгийн албан татвараас дараах үндэслэлээр чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж байна.

7.2. Хуулийн үзэл баримтлалын талаас. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.12. “эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн” гэж хуулийн үзэл баримтлалын хувьд эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр тусгайлсан үйл ажиллагаа эрхэлдэг, судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээр зах зээл дээр шинээр бүтээгдэхүүн туршиж нэвтрүүлэх үйл ажиллагаа хамаарна. Гэтэл “И*******р” ХХК нь 2010 оноос эхлэн “Бизнесийн зөвлөгөө өгөх” чиглэлээр улсын бүртгэлийн гэрчилгээ авч, нэг төрлийн ажлыг байнгын давтамжтай гүйцэтгэж ирсэн нь дээрх хуулийн үзэл баримтлалд агуулгын хувьд нийцэхгүй байна.

7.3. Үйл ажиллагааны чиглэл: “Эрчим хүчний яамнаас олгосон Т3-8.2:0.01-100 мвт болон түүнээс дээш хүчин чадалтай эрчим хүчний эх үүсвэрийн техник эдийн засгийн үндэслэл, төсөл боловсруулах, ТЗ-8.3.1:0.04-15 кв-ын цахилгаан дамжуулах шугам станцын барилга байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг боловсруулах ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу эрхэлж буй үйл ажиллагаа учир Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.12. “шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн” гэдэгт хамаарахгүй болно.

7.4. Хууль эрх зүйн үндэслэл, эдийн засгийн бүх төрлийн салбарын ангилал: Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2. “Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан орлогод албан татвар ногдуулах, энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу уг албан татвараас чөлөөлөхдөө Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллыг баримтална”, 8.3. “Энэ хуулийн 8.2-т заасан Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллыг санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Үндэсний статистикийн хорооны дарга хамтран батална” гэж заасан. Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны дарга нарын хамтарсан 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 319 /A/160 тоот тушаалын хавсралт “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллын тодорхойлолт” хэсгийн “М”-ийн 72-т “Шинжлэх ухааны эрдэм шинжилгээ,  туршилт, судалгааны үйл ажиллагаа”. Энэ дэд салбарт шинжлэх ухааны судалгаа боловсруулалтын гурван төрлийн үйл ажиллагаа орно”, 1. суурь судалгаа: урьдчилсан үзэл бодол, эрмэлзэлгүй, тодорхой хэрэглээгүй, юмс үзэгдлийн хууль үндсэн зүй тогтлыг илрүүлэн шинжилж шинэ мэдлэгийг бий болгоход чиглэгдсэн онолын болон туршилтын судалгаа, 2. хавсарга судалгаа: суурь судалгааны үр дүнд бий болсон шинэ мэдлэгийг тодорхой эрмэлзэл, зорилгоор бодит хэрэглээ болгоход чиглэгдсэн судалгаа, 3. туршилт боловсруулалт: судалгаа болон сорилт туршилтын үндсэн дээр бий болсон мэдлэгийг ашиглан шинэ бүтээгдэхүүн, төхөөрөмж хийх, шинээр технологи нэвтрүүлэх, шинэ систем, үйлчилгээ бий болгох эсвэл урьд өмнө хийгдсэнийг үлэмж сайжруулахад чиглэсэн судалгаа гэж тодорхойлсон байна. Дээрх “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллын тодорхойлолт”-оос үзэхэд эрдэм шинжилгээ, судалгааны туршилтын үйл ажиллагаа гэдэг нь урьдчилсан үзэл бодол, эрмэлзэлгүй тодорхой хэрэглээгүй зүйлийг шинээр судалж илрүүлэн шинэ мэдлэг, шинэ хэрэглээг бий болгох, шинэ бүтээгдэхүүн, төхөөрөмж хийх, шинээр технологи нэвтрүүлэх, шинэ систем үйлчилгээг бий болгоход чиглэсэн байх тухай тодорхой, ойлгомжтой зааж өгсөн байна.

8. Иймд “И*******р” ХХК-ийн эрчим хүчний салбарын үйл ажиллагааны төлөвлөгөө норм, зураг төсөл боловсруулах, техник эдийн засгийн үнэлгээ /ТЭЗҮ/ хийх үйл ажиллагаа нь олон жил дараалан нэг төрлийн ажлыг байнгын давтамжтай хийж гүйцэтгэж ирсэн, шинэ бүтээгдэхүүн, шинэ мэдлэг, шинэ технологи нэвтрүүлэх зорилго агуулаагүй байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.12. “эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн” гэдэгт хамаарч нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлгүй байна” гэжээ.

9. Хариуцагч татварын улсын байцаагч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн нэхэмжлэгчээс гаргасан хүсэлт, албан бичгийн хариуг ирүүлээгүй гэсэн байна. Бид өөрсдийн системээс ирсэн бичгийн бүртгэлийн картыг татан авч шүүхэд ирүүлсэн. Тухайн бүртгэл хяналтын карт дээр Тасгийн даргад танилцуулан хуульчид шилжүүллээ гээд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2/842 дугаартай албан бичгээр нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх боломжгүй гэсэн хариуг н.Б******* гэдэг хүний албан бичигтэйгээр албан бичиг хөтлөлтийн системд үлдээд хуулийн хугацаандаа зөрчил гаргалгүй хаагдсан байгаа.

Нэхэмжлэгчээс манай байгууллага үүсгэн байгуулагдсан цагаасаа зураг, эрчим хүчний эх үүсвэрт заасан зураг төсөл боловсруулах, цахилгаан дамжуулах, дэд станц, техник эдийн засгийн үндэслэлд зураг төсөл боловсруулах зэрэг ЗТ-00817 дугаартай тусгай зөвшөөрлөөр сонгон шалгаруулалтын хүрээнд орж ажил гүйцэтгэдэг ажил эрхэлдэг гэдэг зүйлийг өөрсдөө бичсэн байдаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.12-т эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн чөлөөлөгдөхөөр заасан байгаа. Туршилтын бүтээгдэхүүн гэдэг нь эцсийн бүтээгдэхүүн болоогүй туршилтаар орж байгаа бүтээгдэхүүн гэж ойлгож байгаа.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ манайх хяналт шалгалтаар оръё гэдэг хүсэлт өгөөгүй, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасуулах тухай хүсэлт өгсөн гэж байна. Нэмэгдсэн өртгийн татвар төлөгчийн бүртгэлээс хасагдахдаа заавал хяналт шалгалтад хамрагдаж байж хасагдах тухай Сангийн сайдын журамласан, Засгийн газрын гишүүний гаргасан журам байдаг. Үүний дагуу Татварын ерөнхий газарт эрсдэл тооцогдоод, манай дээр хяналт шалгалт хийх томилолт үүсэж орж ирдэг. Тухайн хүсэлт гаргаж байгаа компанийн хувьд хүсэлт нь үнэн зөв байгаад, эрсдэл бага байгаа тохиолдолд шууд хасагдах боломжтой байдаг. Энэ тохиолдолд эрсдэлтэй байсан тул томилолт үүсээд хяналт шалгалт хийгдсэн. Хяналт шалгалт хийх процессын дагуу татварын улсын байцаагч Ш.А, Б.А нар татварын хяналт шалгалтыг хийх томилолт үүссэн. Үүний дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Хяналт шалгалтын үйл ажиллагаа нь татвар төлөгчид үүссэн байдлыг танилцуулахаас гадна бусад бүх шатны үйл ажиллагаа журмын дагуу явагдсан. Бид тухайн компанийн захирал н.А******* гэх хүнтэй уулзан хуулиа тайлбарласан. Танайх анхнаасаа туршилтын бүтээгдэхүүн гэдэг ангилалд хараахгүй юм байна гэдэг байдлаар хандсан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс манайх өөрсдийн эрх ашгаа хамгаалж дээд шатны байгууллагад хандана гэсэн. Манайхаас биш тухайн татвар төлөгч Татварын хэлтсийн газрын хуулийн газар, Нийслэлийн татварын газарт хандах энэ процессыг өөрсдөө явуулсан. Танайх хандахаар бол татварын хуулийн хэрэгжилтийг татварын байгууллагын хүрээнд дагаж мөрдөх, удирдлага арга зүйгээр хангах Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газраас чиглэл өгөх ёстой гэдэг зөвлөгөөг өгсөн. Тухайн байгууллага Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийн газарт бус Нийслэлийн татварын газарт хандсан. Нийслэлийн татварын газар хяналт шалгалтын үйл ажиллагаа болон Нийслэлийн татварын газрын татварын албаны хэмжээнд удирдлага арга зүйгээр хангах ёстой. Та бүхэн Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газарт ханд гэхэд тухайн татвар төлөгч Татварын ерөнхий газрын хуулийн хэрэгжилтийн хангах газарт хандсан. 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Хуулийн хэрэгжилтийг хангах газраас ирүүлсэн албан бичигт "И*******р" ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.12-т заасан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн гэдэгт хамаарахгүй гэсэн байдаг” гэв.

10. Хариуцагч татварын улсын байцаагч Ш.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь Сангийн сайдын тушаалаар нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн гэж байна. Тухайн Сангийн сайдын тушаал нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гарсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 буюу олон улсын байгууллагын хандив, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар, Монгол Улсад олгож буй хүмүүнлэгийн тусламж, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлийн худалдан авалт, бараа үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх гэдгийг үндэслэн тухайн аж ахуйн нэгжийн Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх төсөлд зориулан авсан 1,6 тэрбум төгрөгийн төсөлд Сангийн сайдаас нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх учраас хамруулсан байгаа. Бусад үйл ажиллагаа нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөөгүй” гэв.

11. Хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийг дараах үндэслэлээр чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.12-т заасны дагуу эрдэм шинжилгээний судалгааны туршилтын ажлыг татвараас чөлөөлөгдөнө гэж заасан. Нэхэмжлэгч тал хуулийн үзэл баримтлалын хувьд судалгаа, шинжилгээний чиглэлээр тусгайлсан үйл ажиллагаа эрхэлдэг, судалгаа шинжилгээний чиглэлээр зах зээлд шинээр бүтээгдэхүүн нийлүүлдэг үйл ажиллагаа хамаардаггүй. Тиймээс тухайн 13.1.12-т заасан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүний үйл ажиллагаа эрхэлдэг гэж үзэх боломжгүй. Тиймээс нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх боломжгүй.

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлогод худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцон төсөвт төлөх татварыг ногдуулсан зөрчилгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан албан татварт хасалт хийх тухай бий. Хуулийн тусгайлсан зах зээл дээр хамаардаггүй 13.1.12-т заасан үйл ажиллагааг эрхэлдэг гэж үзэхгүй. Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар импортоор оруулж ирсэн, худалдан авсан ажил, бараа үйлчилгээг албан татвар ногдуулах орлогод хамаарахгүй. Зөвхөн албан татвар ногдох үйлчилгээнд ногдох албан татварыг хасаж тооцно гэсэн зөрчилд торгууль ногдуулсан. Дээрх зөрчил байгаа тул татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актын 3 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна. 13.1.12-т заасан үйлчилгээнд тухайн байгууллагын үйлчилгээ орохгүй байгаа учраас нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөс хасалт хийх боломжгүй. Манайх нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш учраас нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасаж өгнө үү гэж байгаа боловч анхнаасаа 13.1.12-т заасан үйл ажиллагаанд тухайн байгууллагын үйл ажиллагаа хамаарахгүй учир хасах боломжгүй. Эрдэм шинжилгээ, судалгааны туршилтын бүтээгдэхүүнд 3 зүйл ордог талаар тайлбарласан. Тухайн 3 төрлийн судалгаанд нэхэмжлэгч нарын үйл ажиллагаа хамаарахгүй байгаа тул хасах боломжгүй. Хэрэв тухайн үйл ажиллагаанд хамаарч байгаа тохиолдолд манай байгууллага нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасах хүсэлтийг үндэслээд хасалт хийх байсан. Үйл ажиллагаа нь орохгүй байгаа учраас манайх хасах боломжгүй” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:  

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч И*******р” ХХК нь бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр үүсгэн байгуулагдсан, Эрчим хүчний яамнаас 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатай олгосон  ТЗ-8.2, ТЗ-8.3 заалтын дагуух ЗТ-008/20 дугаар тусгай зөвшөөрөлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэстэй харилцдаг, улсын бүртгэлийн 9******* дүгээр гэрчилгээтэй, регистрийн 5******* дугаартай, нэг гишүүнтэй, 1,000,000.0 төгрөгийн дүрмийн сантай, 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн байна.

3. Хариуцагч татварын улсын байцаагчид нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2322200159 дугаар татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу “И*******р” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан шалгалтыг явуулахдаа татварын удирдлагын нэгдсэн системд тус компанитай холбоотой татвар төлөгчийн бүртгэлийн мэдээлэл, хөндлөнгийн мэдээллийн сангаас 2018-2021 оны үйл ажиллагаатай холбоотой нэмэгдсэн өртгийн албан татварын 231 ширхэг /давхардсан тоогоор/ 5 падааны мэдээллийг нэхэмжлэгч хуулийн этгээдийн санхүүгийн тайлан тэнцэл, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан мэдээ, холбогдох бусад баримт материалтай тулган шалгаад,

3.1. 2018 онд 17,931,525.02 төгрөг, 2019 онд 44,931,727.26 төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд тайлагнаагүй, татвар ногдуулж төлөөгүй,

3.2. 2020 онд 40,919,237.13 төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд тайлагнаагүй, татвар ногдуулж төлөөгүй,

3.3. 2021 онд 22,771,364.62 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх борлуулалтын орлого олохтой холбоотой худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцон төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан.

4. Гэх татварын зөрчлүүд гаргасныг тогтоож, татварын хяналт шалгалтаар нийт 126,553,854.03 төгрөгийн зөрчлийг илрүүлж, 12,655,385.4 төгрөгийн нөхөн татвар, 4,205,808 төгрөгийн торгууль, 2,169,968.78 төгрөгийн алданги нийт 19,031,162.18 төгрөгийн төлбөр төлүүлэхээр нөхөн ногдуулалтын акт тогтоосныг нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч, “...цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хийж гүйцэтгэдэг, дагнасан, мэргэшсэн эрдэм шинжилгээний байгууллага тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.12-т зааснаар албан татвараас чөлөөлөгдөх, мөн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасагдах ёстой” хэмээн маргаж байна.

5. Ингэхдээ, Нийслэлийн Татварын газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Хариу өгөх тухай” 03/252 дугаар албан бичгээр: “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.12-т “...эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн...”-ийг НӨАТ-аас чөлөөлөх..., танай ирүүлсэн баримтуудаас харахад хуулийн дээрх шаардлагыг хангасан байх тул албан татвараас чөлөөлөгдөх хуулийн зохицуулалттай” гэж “И*******р” ХХК-д хүргүүлснийг /1-р хх-ийн 16/,

Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 24 дүгээр албан бичгээр: “И*******р” ХХК нь статистикийн албан ёсны эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлдэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн улирлын мэдээнд /ЭШС-1/ 2013 оноос хойш хамрагдаж, батлагдсан хугацаанд мэдээгээ мэдээлдэг нь үнэн болно” гэж Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст хүргүүлснийг /1-р хх-ийн 17/,

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Тодорхойлолт хүргүүлэх тухай” албан бичгээр: “Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 3.1.3. ..., Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын 13.4-д ... заасан байдаг. Тийм учраас танай компанийн боловсруулж хийсэн “Амгалан дулааны станцыг барих” ТЭЗҮ нь төслийн хэрэгцээ шаардлага, салбарын бодлого, төлөвлөлт, зах зээлийн судалгаа, прогноз, хүчин чадлын сонголт, горимын тооцоо, эрчим хүчний үйлдвэрлэлт, эдийн засаг, хөрөнгө оруулалтын шинжилгээ, тооцоо, судалгаа, технологийн зураг схем, тоног төхөөрөмж, барилга байгууламж, зам талбай, ногоон байгууламжийн төлөвлөлт, станцын ерөнхий төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэл, туршлага дээр боловсруулсан төслийн баримт бичиг болсон учир бидний зүгээс эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн гэж үзэх үндэслэлтэй” гэж “И*******р” ХХК-ийн захирал Ц.А*******т хүргүүлснийг тус тус дурдаж, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлээ тайлбарлаж байна.

6. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар: 2018 онд 82,272,732.00 төгрөгийн татвар ногдох орлоготой, 107,007,735.00 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай. 2019 онд 111,332,363.64 төгрөгийн татвар ногдох орлоготой, 31.917,089.54 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай, 79,415,274.10 төгрөгийн татвар ногдуулах орлоготой, 7,941,527.41 төгрөгийн татвар ногдуулсан. 2020 онд 153,006,873.51 төгрөгийн татвар ногдох орлоготой, 66,937,218.28 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай, 86,069,655.23 төгрөгийн татвар ногдуулах орлоготой, 860,696.55 төгрөгийн татвар ногдуулсан. 2021 онд 858,390,581.82 төгрөгийн татвар ногдох орлоготой, 351,699,057.63 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай, 506,691,524.19 төгрөгийн татвар ногдуулах орлоготой, 50,669,152.42 төгрөгийн татвар ногдуулсан.

Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлангаар: 2018 онд 14,341,206.98 төгрөгийн татвар ногдох орлогод ногдох нэмэгдсэн өртгийн албан татвараас 10,844.54 төгрөгийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж 1,433,036.24 төгрөгийг төсөвт төлөхөөр, 2019 онд 66,400,636.38 төгрөгийн татвар ногдох орлогод ногдох нэмэгдсэн өртгийн албан татвараас 638,454.54 төгрөгийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж 6,576,218.18 төгрөгийг төсөвт төлөхөөр, 2020 онд 112,087,636.38 төгрөгийн татвар ногдох орлогод ногдох нэмэгдсэн өртгийн албан татвараас 2,887,802.78 төгрөгийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж 10,919,983.36 төгрөгийг төсөвт төлөхөөр, 2021 онд 909,634,581.82 төгрөгийн татвар ногдох орлогод ногдох нэмэгдсэн өртгийн албан татвараас 71,160,514.43 төгрөгийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж 54,553,966.74 төгрөгийг төсөвт төлөхөөр тус тус тайлагнасан нь хэрэгт авагдсан санхүү байдлын тайлан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тогтоогдож, маргаан бүхий нөхөн ногдуулалтын актад тусгагдсан байна.

7. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”, 8 дугаар зүйлийн 8.1.1. “бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд”, 8.2. “Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан орлогод албан татвар ногдуулах, энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу уг албан татвараас чөлөөлөхдөө “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ыг баримтална”, 8.3. “Энэ хуулийн 8.2-т заасан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Үндэсний статистикийн хорооны дарга хамтран батална” гэж зааснаар Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын хамтарсан 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбар ангиллыг шинэчлэн батлах тухай” 319,А/160 дугаар тушаал батлагдан одоо хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байх ба уг тушаалын нэгдүгээр хавсралтад Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллыг жагсаахдаа нийтдээ 21 салбарын, 88 дэд салбарын, 238 бүлгийн, 420 ангийн, 96 дэд ангийг жагсаан тодорхойлсон байна. Үүнд: “Салбар М–Мэргэжлийн, шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагаа, Салбар М, Дэд салбар 72–Шинжлэх ухааны эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны үйл ажиллагаа” гэж орсон бол,

Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал, дэлгэрэнгүй байдлаар: “Салбар М, Дэд салбар 70, Бүлэг 702, анги 7020. “Менежментийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа”, Салбар М, Дэд салбар 71, Бүлэг 712, анги 7120. “Техникийн туршилт, шинжилгээний ажил”, Салбар М, Дэд салбар 72, Бүлэг 721, анги 7210.3. “Техник, технологийн эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажил” гэж батлагджээ.

8. Дээрх хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралтаар Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллын тодорхойлолтыг баталсан ба Салбар М, Дэд салбар 72, Шинжлэх ухааны эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны үйл ажиллагаанд: “энэ дэд салбарт шинжлэх ухааны судалгаа боловсруулалтын гурван төрлийн үйл ажиллагаа орно. 1/суурь судалгаа: урьдчилсан үзэл бодол, эрмэлзэлгүй, тодорхой хэрэглээгүй, юмс үзэгдлийн хууль, үндсэн зүй тогтлыг илрүүлэн шинжилж шинэ мэдлэгийг бий болгоход чиглэгдсэн онолын болон туршилтын судалгаа, 2/ хавсарга судалгаа: суурь судалгааны үр дүнд бий болсон шинэ мэдлэгийг тодорхой эрмэлзэл, зорилгоор бодит хэрэглээ болгоход чиглэгдсэн судалгаа, 3/ туршилт боловсруулалт: судалгаа болон сорилт туршилтын үндсэн дээр бий болсон мэдлэгийг ашиглан шинэ бүтээгдэхүүн, төхөөрөмж хийх, шинээр технологи нэвтрүүлэх, шинэ систем, үйлчилгээ бий болгох эсвэл урьд өмнө хийгдсэнийг үлэмж сайжруулахад чиглэгдсэн судалгаа” орохоор зохицуулжээ.

9. Эндээс үзэхэд Эрчим хүчний сайдын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Түр журам батлах тухай” 299 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгох журам”-д заахдаа: Хуулийн этгээдэд олгох тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага: Б.Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын хүрээнд үйл ажиллагааны төрлийн код ТЗ-8.2. “0.1+100 МВт болон түүнээс дээш хүчин чадалтай эрчим хүчний эх үүсвэрийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах”, үйл ажиллагааны төрлийн код ТЗ-8.3. “0.4-110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах” гэж зааснаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн эрхийн дагуу гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ, явуулсан үйл ажиллагаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. “Дараах барааг албан татвараас чөлөөлнө”, 13.1.12.“эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн” гэж заасанд хамаарахгүй байна.

10. Тодруулбал, татвар төлөгчтэй татварын хяналт шалгалтын явцад буюу 2022 оны 02 дугаар сарын 09, 23-ны өдрүүдэд хийсэн ярилцлагын тэмдэглэл /ХШ03 маягтын дагуу/-д компанийн үйл ажиллагааны талаар хариулахдаа “цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл төсөл боловсруулдаг, салбарын бодлогыг зөвлөх үйлчилгээг гүйцэтгэдэг, гадаадын байгууллагын зөвлөх үйлчилгээг орчуулж боловсруулж батлуулдаг, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ, эрчим хүчний салбарын бүх төрлийн судалгаа хийдэг, тухайн ажил үйлчилгээг хийж гүйцэтгэхийн тулд зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл авдаг, манай ажил бүхэлдээ тооцоо шинжилгээний ажил, эрдэм шинжилгээний судалгааны ажил” хийдэг гэжээ.

Харин  хариуцагч татварын улсын байцаагчдын зүгээс тухайн компани /татвар төлөгч/-ийг “эрчим хүчний салбарын үйл ажиллагааны төлөвлөгөө, норм, зураг төсөл боловсруулах, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах үйл ажиллагааг олон жилийн давтамжтай хийж гүйцэтгэж ирсэн, энэ нь шинэ бүтээгдэхүүн, шинэ мэдлэг, шинэ технологи нэвтрүүлэх зорилго агуулахгүй тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.12. “эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн” гэдэгт хамаарч нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй” гэж тайлбарласан нь үндэслэлтэй байна.

11. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2. “Энэ хуулийн 13.1.6, 13.1.9, 13.1.12, 13.1.18, 13.1.19, 13.1.20, 13.1.22, 13.1.28-д хамаарах барааны жагсаалтыг Засгийн газар батална” гэж зааснаар нэхэмжлэлийн агуулгад /13.1.12-д/ хамаарах “бараа”-ны жагсаалтыг Засгийн газраас баталсан тохиолдол байхгүй ба, Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4. “татвар төлөгчийг татвараас чөлөөлөх” харилцаа нь мөн хуулийн 10.2. “Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх асуудлыг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулах ...” буюу хууль болон захиргааны хэм хэмжээний актаар хэлбэржин гарсан тохиолдолд тухайн чөлөөлөлтийг эдлэх зохицуулалтай байгаа нь маргаан бүхий энэ тохиолдолд чөлөөлөгдөх үндэслэл гараагүй болохыг харуулах ажээ.

12. Иймд нэхэмжлэгч хуулийн этгээд нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.“Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”, 11 дүгээр зүйлийн 11.1. “Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна”

16 дугаар зүйлийн 16.1. “албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар ... харьяалах татварын албанд тушаана” гэж заасныг зөрчсөн болох нь маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар тогтоогдсон гэж үзэж, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, тэрээр Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.“татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлөх” үүргээ биелүүлээгүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй юм.

            13. Хариуцагч нар нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д зааснаар “Татварын алба эрсдэлд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгах”-даа мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.“татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана” гэж заасны дагуу татварын хяналт шалгалт явуулж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.“татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, ... 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ” гэж зааснаар нөхөн ногдуулалтын акт үйлдэж, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.“татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно”, 82.1.1.“төлбөл зохих татварын дүнг 50 хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг зохицуулсан мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1. “...төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно” гэж заасны дагуу арга хэмжээ авч, татварын үйл ажиллагаанд баримтлах зарчмуудыг хангуулж, бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, маргаан бүхий актын Тэмдэглэх хэсгийн нэгд хамаарах зөрчилд хариуцлага оногдуулахдаа Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл. “...буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн заалтыг дагаж мөрдөнө” гэж заасныг зөв хэрэгжүүлж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4 дэх заалтын дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлагыг ногдуулсан нь зөв байна.

            14. Нэхэмжлэгч “И*******р” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0605/2020 дугаар албан бичгээр “...манай компанийн үндсэн үйл ажиллагааны орлого Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.12-д “Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилт бүтээгдэхүүн”-ийг НӨАТ-аас чөлөөлөгдөнө гэсэн заалтад хамаарах болохыг тодорхойлж, НӨАТ төлөгчийн бүртгэлээс хасах шийдвэрийг нэн даруй гаргаж өгнө үү” хэмээн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасуулах тухай хүсэлтийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 0104/2022 дугаар албан бичгээр: “...НӨАТ төлөгчийн гэрчилгээг хүчингүй болгох хүсэлтээ Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст гаргахад дээд байгууллагын чиглэл шаардлагатай гэж зөвлөсний дагуу танайд хүсэлтээ хүргүүлж” хэмээн Татварын ерөнхий газарт гаргаж,

14.1. Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “И*******” ХХК нь статистикийн албан ёсны эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлдэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн улирлын мэдээнд /ЭШС-1/ 2013 оноос хойш хамрагдаж, батлагдсан хугацаанд мэдээлдэг” гэх агуулгатай 24 тоот албан бичиг,

14.2. Үндэсний статистикийн хорооны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “И*******р” ХХК нь Сангийн сайдын 2011 оны 103 дугаар тушаалаар батлагдсан эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллын “Байгалийн ухааны эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажил” буюу 7210 дэд бүлэгт ангилагдан үйл ажиллагаа явуулж, статистикийн мэдээ тайланд хамрагдаж байгааг тодорхойлсон” 08/910 дугаар албан бичиг,

14.3. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Танай компанийн хийж боловсруулсан судалгааны болон ТЭЗ-ийн нээлттэй байдаг тул манай бакалаврын болон магистрын зэрэг хамгаалах оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны эх материал болж ашиглагдаж байгаа” талаарх 71 дүгээр албан бичиг,

14.4. Улсын Их Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 15/459 дүгээр албан бичгээр авсан 2006 оны 12 сарын 28-ны өдөр баталсан Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал,

14.5. Нийслэлийн Татварын газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Хариу өгөх тухай” 03/252 дугаар албан бичиг,

14.6. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Тодорхойлолт хүргүүлэх тухай” албан бичиг зэргийг хавсралтаар хамтад нь гарган хүргүүлсэн.

15. Нэхэмжлэгчийн зүгээс эдгээр баримтууд нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасах хүсэлтийг хангах үндэслэл болох бөгөөд нэхэмжлэгчийг нэмэгдсэн өртгийн татвар төлөгчөөс хасах тухай шийдвэр гаргахыг хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст даалгуулахыг шүүхээс хүсэж байна.

16. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн “хууль, журамд заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасуулах тухай хүсэлт гаргасан болохоос биш татварын хяналт шалгалт хийлгүүлэх тухай хүсэлт гаргаагүй, дээд шатны байгууллага болох Нийслэлийн Татварын газрын гаргасан хууль зүйн үндэслэлтэй хууль ёсны шийдвэрийг харгалзан үзэхгүйгээр дур мэдэн өөрсдөө тайлбарлаж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, зохиомол татварын өр төлбөрт оруулсан” зэргээр нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласныг хүлээн авах боломжгүй юм.

17. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.11. “Энэ хуулийн 4.1.13, 4.1.14, 4.1.15, 6.2-т заасан падаан, баримт, гэрчилгээний загвар, албан татвар суутган төлөгч болон албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасахтай холбоотой журмыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална” гэж зааснаар Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн “Падаан, баримт, гэрчилгээний загвар, албан татвар суутган төлөгч болон татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасах журам батлах тухай” А/02 дугаартай тушаал батлагдсан байна.

18. Дээрх тушаалын 4 дүгээр хавсралтаар “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасах журам”-ыг баталсан, уг журмын Зургаа дахь хэсгээр “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасах” харилцааг зохицуулсан, мөн хэсгийн 6.1. “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8-д заасны дагуу суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших дараалсан 12 сарын албан татварын тайлангаар албан татвар ногдох орлогогүй, эсхүл орлогын хэмжээ нь албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн босгын хэмжээнд хүрээгүй, үйл ажиллагаа явуулаагүй нь нотлогдсон албан татвар суутган төлөгчийг харьяалагдах татварын албаны даргын тушаалаар төрлийн бүртгэлээс хасна”, 6.2. “Харьяа татварын алба нь албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасахад дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ”, 6.2.1.“Эрсдэлийн удирдлагын асуудал эрхэлсэн нэгж нь энэ журмын 6.1-д заасан шаардлагад нийцсэн татвар төлөгчийн эрсдэлийн төвшинг тооцон, эрсдэл өндөртэй татвар төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийлгэхээр Хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжид шилжүүлж, эрсдэлгүй эсхүл эрсдэл багатай татвар суутган төлөгчийг тухайн татвар төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын бүртгэлийн ажил хариуцсан нэгжид шилжүүлнэ”, 6.2.4. “Татварын хяналт шалгалтаар дараалсан 12 сарын борлуулалтын орлого 50 сая болон түүнээс дээш төгрөг болох нь тогтоогдсон бол татварын төрлийн бүртгэлээс хасахгүй” зэргээр заажээ.

19. Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 0104/2022 дугаар албан бичгийн хариуг Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 06/888 дугаар албан бичгээр хүргүүлсэн, татвар төлөгч /нэхэмжлэгч/-өөс нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасуулах тухай хүсэлтийг гаргах явцад “эрсдэл”-ийн үнэлгээнд үндэслэж, эрсдэлтэй татвар төлөгч хэмээн үзэж, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийлгэхээр харьяалах дүүргийн татварын хэлтэст шилжүүлж, томилолт олгосон, улмаар төлөвлөгөөт бус бус иж бүрэн хяналт шалгалтыг хариуцагч татварын улсын байцаагч нар хийснийг буруутгах үндэслэлгүй, дээрх журамд нийцсэн байна.

20. Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн тухайлсан зохицуулалтад хамаарахгүй байгаа талаар дүгнэсэн энэ хэсгийн 9-10-д зааснаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын, нэмэгдсэн өртгийн албан татварын, санхүү байдлын тайлангаар буюу энэ хэсгийн 6-д зааснаар дээрх журмын 6.2.4-д заасан шаардлагыг хангахгүй болох нь тогтоогдож байна.

21. Иймд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасагдах үндэслэлгүй, “даалгах” шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

22. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ямар үед нь судалгаа шинжилгээний ажил хийж байна гэж үзэж чөлөөлөөд, ямар тохиолдолд нь чөлөөлдөггүй юм бэ, ижил нөхцөлд ижил хандаагүй” гэх агуулгатай тайлбар үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл 1-д хамаарах ажил үйлчилгээ нь Сангийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 188 дугаар тушаалаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс чөлөөлөгдөж, энэ талаар маргаан бүхий нөхөн ногдуулалтын актад тусгагдсан, уг чөлөөлөлт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3. “гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа” гэж заасны гэр хорооллыг хөгжүүлэхэд зориулан авсан 1,6 тэрбум төгрөгийн төсөлд үзүүлсэн чөлөөлөлт байжээ. Энэ байдал нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн бүхий л хийж гүйцэтгэсэн ажил нь татварын чөлөөлөлтөд хамаарах ёстой гэсэн ойлголт биш болно.

23. Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын зөрчлийн гурав дахь хэсэгт хамаарах 2021 онд 22,771,364.62 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх борлуулалтын орлого олохтой холбоотой худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцон төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчлийн тухайд нэхэмжлэгч нь үндэслэлээ гаргаж маргаагүй, хэргийн оролцогч нарын маргаагүй асуудлаар заавал дүгнэлт хийх шаардлагагүй. Гэвч нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар маргаж буй тохиолдолд хариуцагч татварын улсын байцаагч нарын дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9. “Албан татвар суутган төлөгч үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил үйлчилгээний зарим хэсгийг албан татвар ногдох, үлдсэн хэсгийг албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход, эсхүл албан татвар ногдох орлого олоход хамааралгүй үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулсан тохиолдолд зөвхөн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ногдох албан татварыг хасаж тооцно” гэж заасныг нарийвчлан зохицуулсан Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-ын 2.2. “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 14.9-д заасан хасалтыг дараах байдлаар тооцно”, 2.2.1. “...дансны бичилтийг үндэслэн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд зарцуулсан хэсэгт ногдох хэсгийг хасах”, 2.2.3. “энэ журмын 2.2.1-д заасны дагуу хасалт хийх боломжгүй бол хасагдах албан татварын хэмжээг тодорхойлохдоо тухайн тайлангийн хугацааны албан татвар ногдох борлуулалтын орлогын дүнг мөн хугацааны борлуулалтын орлогын дүнд хувааж, нийт борлуулалтад эзлэх албан татвар ногдох борлуулалтын хувийг тодорхойлон, уг хувиар тайлангийн хугацааны худалдан авалтад төлсөн албан татварын нийт дүнг үржүүлэн, хасагдах албан татварын дүнг гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдийн тайлангаарх 2021 оны нийт борлуулалт 909,634,581.82 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын орлого 616,700,181.82 төгрөг, чөлөөлөгдөх борлуулалт 292,934,400.00 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох худалдан авалт нь 71,160,514.43 төгрөг байгааг тогтоож, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх борлуулалтын хувийг 2021 онд 32 хувиар тооцоолон гаргаж, чөлөөлөгдөх борлуулалтад ногдох худалдан авалтыг хувь тэнцүүлэн хассан үндэслэлтэй, ийнхүү чөлөөлөгдөх борлуулалтад ногдох хасагдахгүй нэмэгдсэн өртгийн албан татварын дүн 22,771,364.62 төгрөг байгааг тооцсон хариуцагч нарын тооцоолол зөв, уг дүнгээр нэхэмжлэгчийн хасаж тооцсон зөрчилд 2,277,136.46 төгрөгийн нөхөн татвар,683,140.94 төгрөгийн торгууль, 94,318.99 төгрөгийн алданги тооцож төлбөр ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

24. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилсан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу зааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 28 дугаар зүйлийн 28.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1, Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 14 дүгээр зүйлийн 14.9, 16 дугаар зүйлийн 16.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4-д заасныг тус тус баримтлан И*******р” ХХК-аас Хан-уул дүүргийн Татварын хэлтэс, тус хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн дарга Б.О*******, хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ш.А, Б.А нарт холбогдуулан гаргасан “...татварын улсын байцаагч нарын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №НА-23220000031 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах, “И*******р” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хассан шийдвэр гаргахыг Х*******” нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              У.БАДАМСҮРЭН