Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2016/00648

 

Г.Галпүрэвийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/00556 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 555 дугаар магадлалтай,

Г.Галпүрэвийн нэхэмжлэлтэй

С.Эрдэнэчимэгт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 11 440 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнханд, хариуцагч С.Эрдэнэчимэг, хариуцагчийн өмгөөлөгч С.Сансартуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр С.Эрдэнэчимэгт 4 500 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Гэрээнд тохирсноор cap бүр зээлийн гэрээний үндсэн төлбөрөөс боломжоороо төлж, хүүний мөнгөнд 225 000 төгрөг төлж, гэрээний үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр гэрээнд тохиролцсон. Гэрээний хугацаа дуусаад 114 хоног өнгөрч байхад алданги 2 565 000 төгрөг болж байгаа ч 4 500 000 төгрөгийн 50 хувиас хэтрэх ёсгүй тул алданги 2 250 000 төгрөгийг нэхэмжилнэ. Гэрээний хугацаа дууссан байхад С.Эрдэнэчимэг нь нэг ч удаа үндсэн зээл төлөөгүй. С.Эрдэнэчимэг нь 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш цувруулан дансаар 485 000 төгрөг, бэлнээр 225 000 төгрөг, нийт 710 000 төгрөгийг, эхлээд хүүг барагдуулна гэж харилцан тохиролцсоноороо хүүнд төлсөн. Гэрээ байгуулснаас хойш нийт 24 сарын хугацааны хүү 5 400 000 төгрөг болж байна. Уг мөнгөнөөс хүүнд өгсөн 710 000 төгрөгийг хасаж тооцвол хүүнд 4 690 000 төгрөг болох ч үүнээс хойш мөнгө төлөөгүй. Иймд үндсэн зээл 4 500 000 төгрөг, 2 жилийн хугацааны хүү 4 690 000 төгрөг, алданги 2 250 000 төгрөг, нийт 11 440 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2011 оны 09 дүгээр сараас 2012 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд 4 000 000 төгрөг, 500 000 төгрөгийг С.Эрдэнэчимэгийн дүү авсан. 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өдрийн зээлийн гэрээгээр мөнгө эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгөөгүй тул уг гэрээний дагуу шаардах эрхгүй. 2011 оны 09 дүгээр сараас хойш 2013 оны 08 дугаар cap хүртэл нийт 9 365 000 төгрөг төлсөн. Цувуулж авсан 4 000 000 төгрөгийг хэд дахин нугалж төлсөн. Иймд нэхэмжилж байгаа 11 440 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/00556 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.3, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан С.Эрдэнэчимэгээс 11 440 000 төгрөгийг гаргуулан Г.Галпүрэвт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197 990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Эрдэнэчимэгээс 197 990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Галпүрэвт олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 555 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/00556 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...236 дугаар зүйлийн 236.1, 236.1.3-д...” гэснийг хасаж, “…232.6..” гэснийг “…232.4…” гэж, “...11 440 000 төгрөгийг гаргуулж Г.Галпүрэвт олгосугай...” гэснийг “...10 340 000 төгрөгийг гаргуулан Г.Галпүрэвт олгож, 1 100 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...хариуцагч С.Эрдэнэчимэгээс 197 990 төгрөгийг гаргуулан...” гэснийг “...хариуцагч С.Эрдэнэчимэгээс 180 390 төгрөгийг гаргуулан...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахад С.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197 990 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт “Харин талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон үндэслэлээр үүрэг дуусгавар болох талаар зохицуулсан Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.3-д заасныг шүүх хэрэглэсэн нь буруу, оновчтой биш байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт зөвтгөж өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.” гэж дүгнэж өөрчлөлт оруулсан нь шүүх талууд өмнөх үүргийг сольсон гэж үзэхгүй байна гэж ойлгогдохоор байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу 4 500 000 төгрөгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцогдохоор байхад, шүүх гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь буруу. Миний хувьд 4 500 000 төгрөгийг нэр дор авч байгаагүй гэдгээ тайлбарласаар байхад миний тайлбарыг “4 500 000 төгрөг авсан нь үнэн болно” гэж бичиглэлд гарын үсэг зурагдаагүй гэдгийг шинжээчийн дүгнэлт нотолдог. Шүүх 4 500 000 төгрөг биш 4 000 000 төгрөг авсан байна гэж дүгнэсэн нь чухам аль баримтыг үндэслээд байгаа нь ойлгомжгүй байна. Дээр дурдсаны дагуу шүүх хариуцагчийг 4 000 000 төгрөг авсан дүгнэсэн нь хэдийгээр баримтгүй боловч бодит үнэнтэй нийцэж айгаа ч яг ийм үнийн дүнтэй гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно. 4 000 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байхгүй байхад чухам аль зээлийн гэрэг үндэслэн 2 жилийн хүү, алданги тооцож хариуцагчаас гаргуулах гээд байгаа нь ойлгомжгүй байна. Шүүх зээлийн гэрээний нөхцөл, хугацааг харгалзан энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцнэ гэж заасан ч үнэн зөв, ач холбогдолтой, эргэлзээгүй гэх баримт хэрэгт байхгүй. Хэрэв шүүх 4 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутад 0.5 хувийн хүүтэй зээлсэн гэрээ байгаа гэж үзсэн бол түүний алданги нь 2 250 000 төгрөг биш Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 2 000 000 төгрөгөөс хэтрэхгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.   

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.Галпүрэв нь хариуцагч С.Эрдэнэчимэгт холбогдуулан үндсэн зээл 4 500 000 төгрөг, зээлийн хүү 4 690 000 төгрөг, алданги 2 250 000 төгрөг нийт 11 440 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээнд үндэслэжээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээнд 4 500 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлдүүлэх, үүргээ хугацаандаа биелүүлэхгүй тохиолдолд алданги тооцох нөхцөлийг тохиролцсон байна.

Хариуцагч  уг гэрээний дагуу 4 500 000 төгрөг аваагүй, 2011 оны 11 дүгээр сараас 2012 оны 06 дугаар сар хүртэл Г.Галпүрэвээс 4 000 000 төгрөг авч, 9 365 000 төгрөг болгож төлсөн, нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү бодож 2 өөр үнийн дүн бүхий зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулсан гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгчийн зүгээс 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ, уг гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн гэж хариуцагчийн гарын үсэг бүхий баримтыг шүүхэд гаргаж өгсөн, “...4 500 000 төгрөг авсан, хүү төлөх тооцоо...” гэх баримтанд зээлдэгч С.Эрдэнэчимэг гарын үсэг зураагүй гэсэн тул түүний хүсэлтээр шүүх шинжээч томилсон, шинжээчийн дүгнэлтээр “уг баримт дээрх гарын үсэг С.Эрдэнэчимэгийн гарын үсэгтэй тохирохгүй байна” гэснээс үзэхэд гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-77-78/

Түүнээс гадна 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 3 000 000 төгрөг зээлсэн  зээлийн гэрээ байгаа нь нэг өдөр хоёр өөр үнийн дүн бүхий гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн гэх байдал тогтоогдоогүй тул дээрх хоёр гэрээний дагуу хариуцагч С.Эрдэнэчимэгт зээлийг буцааж төлөх үүрэг үүсээгүй, улмаар хүү, алданги гаргуулах үндэслэлгүй байна.

Зээлийн гэрээг амаар байгуулж болох бөгөөд зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг ижил төрлийн мөнгөөр буцааж өгөх үүрэгтэйг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заажээ.

Харин хариуцагч нь 4 000 000 төгрөгийг 2011-2012 онд нэхэмжлэгчээс зээлсэн, 500 000 төгрөгийг дүү нь авсан боловч түүний өмнөөс төлөхөөр тохирсон талаар тайлбар гаргасан байх ба уг зээлээс 710 000 төгрөгийг буцааж төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон тул үлдэх 3 790 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч С.Эрдэнэчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн 555 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/00556 дугаар шийдвэрын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч С.Эрдэнэчимэгээс 3 790 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Галпүрэвт олгож, нэхэмжлэлээс 7 650 000  төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтад “...С.Эрдэнэчимэгээс 197 990...” гэснийг “...С.Эрдэнэчимэгээс 75 590...” гэж өөрчлөлт оруулж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч С.Эрдэнэчимэгийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 180 390 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

                                                                    

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            П.ЗОЛЗАЯА