Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 107

 

Н.Г-гийн нэхэмжлэлтэй, Цаг уур, орчны

шинжилгээний газрын даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:      Д.Мөнхтуяа

Шүүгчид:                    Г.Банзрагч

                                   Б.Мөнхтуяа

                                   П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:           Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” А/81 дүгээр тушаалын Н.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсантай адил албан тушаал болох Цаг уур, орчны шинжилгээний газрын Удирдлага, төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгах, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/61 дүгээр тушаалыг хүчингүй болгож, хууль бусаар албан тушаал бууруулсан цалингийн зөрүү болон ажлаас халагдсанаас хойшхи ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0788 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2018/0030 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Н.Г, түүний өмгөөлөгч Л.Д нар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж-гийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0788 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” А/81 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын Н.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн тушаалын 2 дугаар хавсралтын Н.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Цаг уур, орчны шинжилгээний газрын Удирдлага, төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгаж, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/61 дүгээр тушаалыг хүчингүй болгож, 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг заасныг тус тус баримтлан хууль бусаар албан тушаал бууруулсан цалингийн зөрүү 1 006 826 төгрөг, ажлаас халагдсанаас хойшхи ажилгүй байсан хугацааны цалинд 5 297 021 төгрөгийг хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргуулж, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0030 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0788 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх “Цаг уур, орчны шинжилгээний газрын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан тус газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/81 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар албан хаагчдыг албан тушаалд томилоход нэхэмжлэгчийг албан тушаал бууруулж тус газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд томилсон байна” гэжээ. Байгаль орчин, аялал жуучлалын сайдын “Агентлагийн үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” 2016 оны А/32 дугаар тушаалаар Цаг уур, орчны шинжилгээний газрын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнөөр тус газрын даргын 2016 оны А/81 дүгээр тушаал гарч нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан “Захиргаа хамтын ажиллагааны хэлтэс болон Санхүү аж ахуйн хэлтэс нь “Удирдлага, төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтэс” болж өөрчлөн байгуулагдсан. Дээрх тогтоолыг үндэслэн тус газрын бүтэц, орон тоо шинээр батлагдаж, 2 хэлтсийг нэгтгэж, 1 хэлтэс болсноор нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлын байр үгүй болж, албан тушаал хасагдсан. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” гэж заасан. Шүүх “...тухайн чиг үүргийг хэрэгжүүлж буй албан тушаалын ажлын байр хариуцагч байгууллагын зохион байгуулалтын бүтцээс хасагдаагүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар албан тушаалын орон тоо хасагдсан гэж үзэхгүй харин зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн байна” гэх дүгнэлт, мөн “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдсан үлдсэн бол түүнийг өөрийнх нь өмнө эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг шилжсэн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар зохицуулсан ...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд шүүх хуулийг үгийн шууд утгаар тайлбарлан хэрэглээгүй алдаа гэж үзэж байна. Сайдын 2014 оны 1/5972 тоот дүгнэлт, зөвлөмж, 2016 оны А/32 дугаар тушаал болон Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны А/81 дугаар тушаалаар зохион байгуулалтын бүтэц, орон тооны өөрчлөлт хийж Удирдлага, төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтсийн даргын чиг үүргийг газрын дэд дарга эрхлэн хэрэгжүүлэхээр зохион байгуулж, дэд даргын албан тушаалын нэрийг “газрын дэд дарга бөгөөд хэлтсийн дарга” гэж өөрчлөн, батлагдсан төсөв, бүтцийн хүрээнд ажлын чиг үүргийн давхардлыг арилгаж, хэлтэс, албан хаагчдын чиг үүргийг нэмэгдүүлсэн нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4, 8.3.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.9-д заасантай нийцэж, хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

4. Нэхэмжлэгч Н.Г нь анх шүүхэд нэхэмжлэл гаргах үедээ Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан ба энэхүү албан тушаалд томилсон газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/81 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргээгдэхдээ өмнөх байдал хэвээр хадгалагдаж сэргэх учиртай. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх “Удирдлага, төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгаж” шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.6-д заасан шаардлагатай нийцээгүй байна.

5. Нэхэмжлэгч Н.Г нь 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/81 дүгээр тушаалаар “Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн”-ээр томилогдож, 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/61 дүгээр “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаал гарах өдөр хүртэлх хугацаанд дараах хууль, дүрэм, журам зөрчсөн нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож, тогтоогдсон ба шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 43.2-т заасны дагуу үнэлж чадаагүйгээс “магадлал” нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. ...Шүүх “Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд томилсон шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаж байх хугацаанд сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Нэхэмжлэгч нь ажил үүргээ хийдүүлэх, таслах, үр дүнгийн гэрээ байгуулахаас татгалзаж, хөдөлмөрийн гэрээгүйгээр ажил үүрэг гүйцэтгэж, ажил олгогчид сөрөг үр дагавар үүсгэн, Төрийн албаны захирах, захирагдах ёс зарчмыг алдагдуулсан үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.4, 13.1.5-д заасныг зөрчсөн тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь хууль зүйн үндэслэлтэй хууль зөрчөөгүй болно. Харин нэхэмжлэгч шүүхэд маргаж байх цаг хугацаатай түүний гаргасан дээрх удаа дараагийн зөрчлүүд давхцаж байгаа нь түүнд сахилгын шийтгэл ногдуулахгүй байх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Энэхүү асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан хугацаанд шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

7. Цаг уур, орчны шинжилгээний газрын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан тус газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/81 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, хоёрдугаар хавсралтаар өөрчлөгдсөн бүтцийн дагуух албан тушаалд албан хаагчдыг томилсон, уг тушаалын үйлчлэлд нэхэмжлэгч Н.Г хамаарч, Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, Урьдчилан мэдээлэх хэлтэст ахлах мэргэжилтнээр томилогдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн даргын 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/61 дүгээр тушаал гарч “...2017 оны 1 дүгээр улиралд 11,5 хоног ажил тасалсан, үр дүнгийн гэрээ байгуулаагүй, 3 сарын дадлагажих хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй, шалгалт өгөхөөс татгалзсан, мэргэжлийн ажил, үүргээ хэрэгжүүлэхээс татгалзсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй” гэх үндэслэлээр Н.Г-д төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтуудад холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсгийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

9. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/32 дугаар тушаалаар батлагдсан Цаг уур, орчны шинжилгээний газрын зохион байгуулалтын бүтцэд Удирдлага, төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтэс ажиллахаар болсон, уг хэлтсийг өмнө нь тусдаа байсан Захиргаа, хамтын ажиллагааны хэлтэс болон Санхүү, аж ахуйн хэлтсийг /нэгж/ нэгтгэн зохион байгуулах замаар шинээр бий болгосон, хэлтсийн даргын орон тоо батлагдсан, маргаан бүхий 2016 оны А/81 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар Б.Б-г “газрын дэд дарга бөгөөд хэлтсийн дарга”-аар томилсон үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна. Үүнээс үзвэл, өмнөх бүтэц дэх 2 хэлтэс нэгтгэгдсэнээр хэлтсийн даргын орон тоо нэгээр цөөрчээ.

10. Гэтэл, хариуцагчаас байгууллагын хуучин бүтэц дэх 2 хэлтсийн даргын орон тоо хасагдсан гэж үзэн, нэхэмжлэгч Н.Г-гийн албан тушаалыг бууруулж, өөр албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага...”-ын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн..., хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасанд нийцэхгүй болсон, анхан болон давж заалдах шатны шүүх уг зүйл, заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэсэн нь зөв байна.

11. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн, нэхэмжлэгчийн эрхэлж байсан Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын хэрэгжүүлж байсан чиг үүрэг, шинэ бүтцээр бий болсон Удирдлага, төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтсийн даргын чиг үүрэгт шилжсэн талаарх дүгнэлт нь уг албан тушаалын ажлын байрны тодорхойлолт, Цаг уур, орчны шинжилгээний газрын үйл ажиллагааны стратеги зэрэг хэрэгт авагдсан баримтуудад тулгуурласан, шүүхүүд эдгээр баримтуудыг үнэлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасан журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

12. Түүнчлэн, нэхэмжлэгчийн маргаж буй албан тушаалын чиг үүрэгт түүний өмнө хэрэгжүүлж байсан чиг үүргээс гадна Санхүү, аж ахуйн хэлтсийн даргын чиг үүрэг шинээр нэмэгдсэн бөгөөд тус албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод “...бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжилтэй байх, эдийн засаг, төрийн захиргааны чиглэлээр мэргэшсэн байх” ерөнхий шаардлага тавьсан хэдий ч хариуцагч нь уг албан тушаалын томилгоог хийхдээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “шалгаруулж авах” шаардлагыг биелүүлэлгүйгээр гаднаас томилсон учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...Н.Г ажлын байрны ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

13. Шүүхүүд, хариуцагчийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/61 дүгээр тушаалын эрх зүйн үндэслэлийн талаар зөв дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. Уг тушаалд дурдсан үйл явдлууд, тухайлбал “тушаал буурч томилогдсон ажлын байранд үр дүнгийн гэрээ байгуулах, уг албан тушаалд /ажлын байр/ дадлагажуулах хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй, шалгалт өгөхөөс татгалзсан” гэх асуудлаар нэхэмжлэгчийг буруутгахдаа, нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан баталгаагаар хангагдаагүй талаар маргаж, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр шүүхэд хандаж, маргаантай байх үед нь төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж түүний эрх зүйн байдлыг дордуулсан байна.

14. Нөгөө талаар нэхэмжлэгч нь томилогдсон “ахлах мэргэжилтэн”-ий ажил үүргийг огт гүйцэтгээгүй гэж хариуцагч маргасан боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй, 2017 оны 1 дүгээр сард 3.5 хоног, 2 дугаар сард 3.5 хоног, 3 дугаар сард 4.5 хоног, нийт 11.5 хоногийн ажил тасалсан нь “цагийн хоцрогдол”-ыг нийлүүлж тооцсон талаарх баримт хэрэгт авагдсан, нэхэмжлэгчид тухайн саруудын бүтэн “ажилласан хоног”-ийн цалинг бүрэн өгч байсан зэргээс үзвэл, Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.3, 5.1.3.5-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног ба түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан зөрчил, үүнд ногдуулахаар заасан “ажлаас халах” сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл бүрэн тогтоогдохгүй байна.

15. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0788 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2018/0030 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.МӨНХТУЯА

 ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ